| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/01816/И |
| Дугаар | 192/ШШ2025/04883 |
| Огноо | 2025-06-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 192/ШШ2025/04883
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч******* ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т******* ХХК /РД:******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гүйцэтгэх гэрээний үүрэгт 647 565 630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны ******* сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны ******* сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэнээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, П.Е*******, Шинжээч Л.О******* /цахимаар/,
Гэрч Б.Э*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ч******* ХХК нь хариуцагч Т******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 647 565 630 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Т******* ХХК болон Ч******* ХХК-ийн хооронд 2018 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн №18/74 дугаар гадна дулааны 2Ф400мм голчтой шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ ёсоор гүйцэтгэгч буюу Ч******* ХХК нь Хан-уул дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэр Аын аманд баригдах Нийслэл-нутгийн захиргааны төв цогцолбор төслийн гадна дулааны ДХ12-аас ДХ4-р худаг хүртэлх 625 метр 2x400 мм голчтой дулааны шугам угсралт, цэвэр усны шугам угсралт ажлыг хийж гүйцэтгэхээр, захиалагч буюу Т******* ХХК нь ажлын хөлсийг гэрээгээр тохиролцсон хэлбэр хугацаанд төлөх, гэрээний нийт үнийг 205 415 630 төгрөг, энэхүү хөлсөнд НӨАТ багтсан байхаар, гэрээний 3.3-д ажлын үе шатны гүйцэтгэлд үндэслэн төлбөрийг шилжүүлэх бөгөөд урьдчилгаа 75 000 000 төгрөг, үлдэгдэл төлбөрийг ажлын гүйцэтгэлд үндэслэн актаар баталгаажсаны дараа буюу ажил бүрэн дуусч хүлээлгэн өгсний дараа гүйцэтгэгчийн нэхэмжлэхийг үндэслэн ажлын 3 хоногт багтаан төлөхөөр тохиролцсон. Захиалагч нь урьдчилгаа болон ажлын гүйцэтгэлд үндэслэн актаар баталгаажсан төлбөрөөс 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 60 000 000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр 60 000 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 40 000 000 төгрөг нийт 160 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 45 415 630 төгрөгийг өдий болтол төлөөгүй. 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №19/82 дугаар Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор барилгын төслийн Б блокын гадна дулааны шугам болон цэвэр усны шугамын оруулгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хавсралт 8-д төлбөрийн хуваариар ажлын хөлсийг үнийн саналд зааснаар 43 000 000 төгрөг байхаар тохирч бэлэн мөнгөөр хийх төлбөр 95 хувь буюу гэрээний үнийн дүнгийн 40 850 000 төгрөгийг гэрээт ажил дуусгавар болсноор, барьцаа төлбөр 5 хувь буюу 2 150 000 төгрөгийг 2,5 хувийг улсын комисст хүлээлгэн өгснөөр 1 075 000 төгрөг, 2,5 хувь буюу 1 075 000 төгрөгийг баталгаат хугацааны 3 жилийн дотор төлөхөөр тохиролцсон. Энэхүү гэрээний дагуу захиалагч 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 4 000 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 36 850 000 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд улсын комисст хүлээлгэн өгч баталгаат хугацааны 3 жилд төлөх ёстой барьцааны төлбөр болох гэрээний үнийн дүнгийн 5 хувь буюу 2 150 000 төгрөгийг төлөөгүй байдаг. 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн № 19/68 дугаар гадна дулааны 2Ф400мм голчтой шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээгээр Хан-уул дүүргийн ны нутаг дэвсгэр Аын аманд баригдах Нийслэл-нутгийн захиргааны төв цогцолбор төслийн гадна дулааны ДХ1-аас ДХ-р худаг хүртэлх 600 метр 2x400 мм голчтой дулааны шугам угсралтын ажлыг батлагдсан зургийн дагуу хийж гүйцэтгэхээр, гэрээний нийт үнийг 1 100 000 000 төгрөг бөгөөд энэхүү төлбөрт НӨАТ багтсан байхаар, Ажил гүйцэтгэх хугацааг гэрээний 2.2-д зааснаар 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байхаар тус тус тохиролцсон. Гэрээний 3.2-д захиалагч төлбөрийг урьдчилгаа 50 хувь бэлэн мөнгөөр, үлдэгдэл 45 хувийг бартераар, 5 хувийг барьцаа төлбөр байхаар болж барьцаа төлбөр болох 5 хувь буюу 55 000 000 төгрөгийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа 2,5 хувь, улсын комиссын акт гарснаас 3 жилийн дотор үлдсэн 2,5 хувийг төлөхөөр тохиролцож 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр урьдчилгаа 500 000 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 600 000 000 төгрөгийг мөн адил төлөөгүй. Гүйцэтгэгч буюу нэхэмжлэгчийн зүгээс дээрх 18/74, 19/82, 19/68 дугаар гэрээний төлбөрийн үлдэгдлийг төлөхийг захиалагч буюу хариуцагч байгууллагаас шаардахад санхүүжилт орж ирээгүй байна, орж ирэхээр өгнө, эсхүл гэрээний хөлсөнд ажил олж өгий гэх мэтээр өдий хүрсэн. Ажлын хөлсийг төлөхийг амаар хэлээд нэмэр болоогүй тул албан бичгээр төлөхийг шаардсан боловч бидэнд бичгээр огт хариу мэдэгдээгүй. Захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын хувьд 2 удаа тооцооны үлдэгдлийн баталгааг хийж эхний баталгаагаар 2018 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс 2019 оны 0******* сарын 16-ны өдөр хүртэлх ажлын хөлсний үлдэгдэл 28 915 630 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх ажлын хөлсний үлдэгдэл 564 134 812.5 төгрөг байхаар харилцан баталсан. Зарим төлбөр дээр тооцооны үлдэгдлийн баталгаа хийгээгүй. Дээрх гэрээнүүдийн дагуу манай компанийн зүгээс ажлаа хийж гүйцэтгэн захиалагч байгууллагад бүрэн хүлээлгэн өгсөн бөгөөд энэхүү гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрийг шүүхээр нэхэмжлэхээс өөр аргагүйд хүрсэн. Энэхүү гэрээнүүд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлогдох гэрээ бөгөөд мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар гэрээнд заасан хугацаанд эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүргээ Т******* ХХК биелүүлээгүй. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн № 18/74 дугаар гадна дулааны 2Ф400мм голчтой шугамын угсралтын ажлын хөлсний үлдэгдэл 45 415 630 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №19/82 дугаар Нийслэлийн нутгийн захиргааны төв" цогцолбор барилгын төслийн Б блокын гадна дулааны шугам болон цэвэр усны шугамын оруулгын ажлын хөлсний үлдэгдэл 2 150 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн №19/68 дугаар гадна дулааны 2Ф400мм голчтой шугамын угсралтын ажпын хөлсний үлдэгдэл 600 000 000 төгрөг нийт 647 565 630 төгрөгийг Т******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Д*******, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Манайх хариуцагчтай 3 ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэсэн. Гэвч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй, ажлын хөлсийг төлөөгүй учраас шүүхэд хандсан. Иймд 2018.09.11-ний өдрийн 18/74 тоот гэрээгээр гадна дулааны шугам угсралтын ажлыг хийсэн үлдэх хөлс 45 415 630 төгрөгийг, 2019.08.02-ны өдрийн 19/82 тоот гэрээгээр гадна дулааны шугам болон цэвэр усны шугамын оруулгын ажлыг хийж гүйцэтгэсэн 2 150 000 төгрөгийг, 2019.07.14-ний өдрийн 19/68 дугаартай дулааны шугамын гэрээний үлдэгдэл хөлс 600 000 000 төгрөгийг, нийт 647 565 630 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд дулааны труба өгөх, авах асуудал огт яригдаагүй, хашаанаас труба гарга гэсэн буцаагаад гаргасан трубагаа өгчихсөн, манайх ямар нэгэн байдлаар аваад хэрэглэсэн зүйл огт байхгүй, гэрээний үнийн дүнд тооцно гэсэн тохиролцоо байхгүй, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн баримт ч үйлдээгүй. Бүгдийг нь буцаагаад авсан байж одоо ингэж үлдэгдэл байсан гэж нэхэмжилж байгаад гайхаж байна, өмнө нь энэ талаар дурдаж, албан бичиг ч илгээж байгаагүй. З дахь гэрээний хувьд бид үлдэх хөлсийг бартераар тохирсон гэдэг нь үнэн, гэхдээ 3 жилийн хугацаанд бид бартерт өгөх зүйлийг нь хангалттай хүлээсэн, гэтэл өгөх гэсэн зүйлийн үнийн дүн дээр тохиролцоогүй, дахин санал гаргаагүй, тиймээс хүлээж байгаад л шүүхэд хандсан. Улсын ажил хийлгэсэн байж цаанаасаа бэлэн мөнгөөр хөлсөө авчихаад ажил хийлгэсэн компанийнхаа хөлсийг төлөхгүй байгаа нь зүйд нийцэхгүй гэж үзэж байна гэв.
1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар бол талууд маргаагүй, мөн хийсэн ажлын талаар маргаагүй гэж үзэж байна, учир ажил хийгдсэн, хийгдсэн ажлыг чанарын шаардлага хангасан гээд улс хүлээгээд авчихсан. Тиймээс гэрээгээр тохиролцсон хийсэн ажлын хөлсийг өгөх нь зүйтэй, хуульд нийцнэ гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс 3 гэрээний хөлс нэхэмжилсэн, эхний 2018.9.11-ний 18/74 тоот гэрээний хувьд 45 415 630 төгрөгт дулааны труба тооцож өгнө, авна гэсэн ямар ч тохиролцоо хийгдээгүй, энэ талаар баримт ч байхгүй. Хоёрдахь 2019.08.02-ны өдрийн 19/82 тоот гэрээний хувьд 2 150 000 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй учир тайлбар байхгүй, гуравдахь гэрээ 2019.07.04-ний өдрийн 19/68 тоот гэрээний хувьд үнийн дүнг гэрээгээр харилцан тохиролцсон учраас маргах зүйл байхгүй гэж үзэж байна, мөн 500 000 000 төгрөгийг бэлнээр төлсөн, үлдэх хөлсийг бартераар гэж тохирсон боловч бартераар тодорхой хөрөнгө нэр заан заагаагүй, өөрсдөө ч бартерт өнөөг хүртэл хөрөнгө өгөөгүй, санал болгосон талаарх баримтгүй, тиймээс мөнгөөр тооцон нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй. Мөн хамгийн гол нотлох гэрч ирээгүй гээд байна, уг гэрчийг өөрсдөө авчирах боломжтой байсан, энэ талаар шүүх хязгаарласан зүйл байхгүй, мөн зөвхөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно гэж үзэх нь учир дутагдалтай, гэрчийн мэдүүлгийг нотлох баримт бас байх ёстой. Тиймээс нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор барилга буюу Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын нэгдсэн оффисын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилладаг. Тус компани нь уг төслийн хүрээнд Ч******* ХХК-тай хамтран ажилласан бөгөөд цогцолбор барилгын гадна дулааны шугамын ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан. Дулааны шугамын ажил нь зөвхөн ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хооронд ажил хүлээлцсэнээр дуусгавар болдог ажил биш бөгөөд захиалагч болон мэргэжлийн холбогдох байгууллагуудад зохих ёсоор хүлээлгэн өгөх ёстой билээ. Уг ажлын гүйцэтгэлтэй холбоотойгоор захиалагч байгууллага болон мэргэжлийн холбогдох байгууллага, мэргэжилтэнгүүд зохих шаардлагыг тус компанид тавьж байгаа бөгөөд холбогдох гомдлын шаардлагыг барагдуулах, алдаа дутагдал, гологдол дутуу ажлыг гүйцээх зэрэг үүргийг тусгай зөвшөөрөл бүхий гүйцэтгэгч байгууллага нь зөвхөн гэрээгээр бус, Барилгын тухай хуулийн 1******* зүйлд заасны дагуу хүлээдэг. Нэгэнт туслан гүйцэтгэгч Ч******* ХХК-ийн ажлын гүйцэтгэлд алдаа дутагдал, дутуу ажил байгаа тул холбогдох төлбөр, тооцоог дуусгавар болгох боломжгүй болно. Уг хэргийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүнг үнэлэх, тооцох асуудал хөндөгдөх бөгөөд гэрээт ажлыг тус бүрт нь үнэлэх, дүгнэх, тооцох асуудал яригдах учиртай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд гэрээт ажлын үр дүнг шүүхээр дүгнүүлж, дуусгавар болгох шаардлагатай гэж үзэж байна гэжээ.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч нь 3 гэрээний үлдэгдэл хөлсийг шаардсан. Нэгт, 2018.09.11-ний өдрийн гэрээний үүргийг тухайн үед нэхэмжлэгч компанид дулааны шугамыг өгөх байдлаар гэрээний үүргийг гүйцэтгэсэн гэж үзэж байгаа, 2020.07.10-ны өдөр Ч******* ХХК-иас хүмүүс ирээд дулааны хоолойг ачиж явсан. Үүнийг ачихад нягтлан нь байсан, үүний дараа нь тодорхой хэмжээний дулааны хоолойг авчирч өгөөд 45 415 630 төгрөгийн дулааны хоолой өгсөн. Хоёрт, 2019.08.02-ны өдөр гэрээний хувьд баталгааны асуудал байгаа, үүнийг тайлбаргүй зөвшөөрч байна. Гуравт, 2019.07.14-ний өдрийн гэрээнд бол маргаж байгаа, шинжээчийн дүгнэлт нь 1 тэрбум гэсэн боловч шинжээч бол 800 сая төгрөгний ажил гэсэн байдаг, бүхий л зүйл ороод 800 сая төгрөгний ажил гэсэн, анх төсөвчин гэж байгаагүй, анх нэхэмжлэгчээс санал болгосон багцаалдсан үнэ юм. Нийт ажлын хөлсөө тогтоон хянасан дүн биш учраас бид маргасан, харин ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргаан байхгүй, гэхдээ хийж гүйцэтгэхэд гарсан зардлын талаар бол маргаж байна. Гэрээний 50 хувийг бэлнээр хийнэ гэсэн 500 000 000 төгрөгийг өгсөн, үүнийг нэхэмжлэгч мөн хүлээн зөвшөөрч байгаа, харин үлдэх төлбөрийг бартераар хийнэ гэж байсан, энэ үүрэг нь зөрчигдсөн эсэх талаар маргаж байгаа, 2-3 үл хөдлөх эд хөрөнгийг бид санал болгосон, нэхэмжлэгч нь бүгдийг нь татгалзсан гэдэг. Бид үлдэх төлбөрийг гэрээнд зааснаар бартераар төлөхөөс бэлэн мөнгөөр төлөхгүй гэв.
2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Е******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны гэрээ 45 000 000 төгрөгийг татгалзаж байгаа үндэслэл бол нотлохоор тухайн үед байлцсан хүнийг асуулгая гэсэн байгаа. Гэтэл н.А гэрчээр оролцуулахаас татгалзсан байгаа. Өмнө нь захирамж хүчин төгөлдөр байхад оролцуулахгүй гэсэн нь үндэслэлгүй. Гэрчийн биеийн байдалтай холбоотой асуудлаар оролцуулахгүй гэсэн нь зөвшөөрөхгүй байгаа, оролцуулах хэрэгцээ шаардлага бол байсан гэж үзэж байна. 45 000 000 төгрөгтэй холбоотой зайлшгүй байсан. Хоёрдахь, баталгаат хугацааны 2сая төгрөгт бол маргаан байхгүй, хүлээн зөвшөөрөөд явж байгаа. Гуравдах гэрээний хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан гэрээ гэсэн, манайх бас үүнийг зөвшөөрч байгаа, маргахгүй, харин үр дүнгийн асуудал яригдана, үр дүнд тохирсон хөлс хөлөх үүргийг хүлээх ёстой. Үүнд маргаж байгаа нь гэрээний үнийн дүнгээр тохиролцсон боловч шинжээч дүгнэлт гаргаж тодорхойлсон. Мөн гэрээний дагуу мөнгө гаргуулна гэсэн, 2019.07.04-ний өдрийн гэрээнд үлдэх төлбөрийг бэлэн мөнгөөр төлнө гэсэн тохиролцоо бол байхгүй, тодорхой хэмжээний хөрөнгө шилжүүлнэ гэсэн байхад гэрээгээр тохиролцоогүй мөнгө шаардаад байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл буюу гэрээндээ төлбөрийг бартераар төлөхөөр тохиролцсон нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан нөхцөл байдал тогтоогдож байна. Дээрх хэргийн баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хуралдааныг хойшлуулж, гэрчээр Л.Аийг дуудаж мэдүүлэг авах, мөн дулааны хоолой буюу трубаг нэхэмжлэгч хашаанаас зайлуулахаар авсан эсэх, төлбөрт тооцсон эсэх нь эргэлзээтэй байгааг нэхэмжлэгчээс тодруулах, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19/82 тоот гэрээний хавсралтуудыг маргаагүй эсэхээс үл хамаарч гаргуулах, Ч******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг гаргуулах, шинжээчийн зардлыг төлсөн эсэх нь тодорхойгүй байгаа тул энэ талаарх баримтыг талуудаас гаргуулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
3.Нэхэмжлэгчээс 2018.09.11-ний өдрийн №18/74 тоот Гадна дулааны 2Ф400мм голчтой шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, Б блокын гадна дулааны шугам болон цэвэр усны шугамын оруулгын ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний төлбөрийн хуваарь, 2019.07.04-ний өдрийн №19/68 тоот Гадна дулааны 2ф400м голчтой шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, тооцооны үлдэгдлийн баталгаа, 19/68 тоот гэрээний ажлын тоо хэмжээ, гүйцэтгэлийн акт, Ч******* ХХК-ийн 2021.01.19-ний өдрийн 21/01 тоот албан бичиг, Т******* ХХК-ийн 2021.03.25-ны өдрийн Д-21/53 тоот шаардлага, гүйлгээний баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.04.01-ний өдрийн тооцооны баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт, 2020.08.28-ны өдрийн БУ16-435/19 тоот Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудал хариуцагч, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ, суурийн нүх үхсэн актууд, шугам хоолойн угаалга хийсэн тухай акт, компенсаторын таталтыг хийсэн тухай акт, Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, Гадна, дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2019.07.04-ний өдрийн 19/68 тоот Гадна дулааны 2ф400мм голчтой шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2020.08.31-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Т******* ХХК-ийн 2020.06.26-ны өдрийн Д-20/176 тоот албан бичиг, суурийн нүх ухсан акт, компенсаторын таталтыг хийсэн тухай акт, Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, Гадна, дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2018 он Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Хан-Уул дүүргийн хотын захиргааны шинэ цогцолборын хөрөнгө оруулалтын тооцоо, ажлын гүйцэтгэл, Нийслэлийн нутгийн захиргааны төв Гадна дулааны шугамын угсралтын ажлын төсөв, 2018.09.07-ны өдрийн №18/73 тоот Гадна дулааны шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, дансны хуулга, Эс ди эл ХХК-ийн албан бичиг, орлогын баримт, 2018.09.17-ны өдрийн №18/35 тоот Дулааны хоолой худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтуудыг /хэргийн 1 хавтас 5-37, 39-40, 140, 2 хавтас 96, 112-136-р хуудас /,
хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Төсвийн товч тайлбар, техникийн ерөнхий шаардлага, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг /хэргийн 48-49, 55, 84-113, 2 хавтас 100, 3 хавтас 126-127, 139-149, 157-р хуудас/ шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Хот байгуулалт хөгжлийн газраас 2018 оны Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Хан-Уул дүүргийн хотын захиргааны шинэ цогцолборын хөрөнгө оруулалтын тооцоо, 2019.10.18-ны өдрийн №03/01-01 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх хугацааг сунгах гэрээ, 2018.09.26-ны өдрийн №03/04 тоот Барилгын угсралтын ажлыг санхүүжүүлэх гэрээ, 2022.02.24-ний өдрийн №04/19 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ, Барилга угсралт засварын ажлын гүйцэтгэл, ажлын үе шатны хуваарь, төсөвт өртгийн тооцоо, Барилга угсралтын засварын ажлын гүйцэтгэл, төсөвт өртгийн тооцоо, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл, суурийн нүх ухсан акт, Гадна, дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, 2022.02.07-ны өдрийн БА-031/2022 тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, төсөвт өртгийн тооцоо, Барилгын хөгжлийн төвөөс 2020.08.20-ны өдрийн 1545/2020 тоот Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгдсэн дүгнэлт, Хот байгуулалт хөгжлийн газрын 2020.08.19-ний өдрийн 02/3260 тоот албан бичиг, 2020.04.30-ны өдрийн Магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн хавсралт1, хавсралт2, хавсралтууд, Хот байгуулалт хөгжлийн газрын 2020.06.18-ны өдрийн 07/2452 тоот албан бичиг, хавсралтууд, Хөрөнгө оруулалтын газрын 2024.11.22-ны өдрийн 01/4580 тоот албан бичиг, Техникийн зөвлөгөөний хурлын тэмдэглэл гэсэн баримтуудыг, гэрчээр Б.Э*******, шинжээчээр Л.О******* нарыг асуусан байна. /хэргийн 1 хавтас 185-242, 2 хавтас 1-91, 99, 147, 152-153, 156-250, 3 хавтас 1-16, 26-119, 120-124-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ч******* ХХК-ийн нэхэмжлэлээс 434 894 375 төгрөгийг хангаж, үлдэх 212 671 255 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Т ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр №18/74 дугаартай гэрээ байгуулж, дулааны шугам угсралт, цэвэр усны шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн боловч гэрээгээр тохиролцсон 205 415 630 төгрөгнөөс 160 000 000 төгрөгийг төлж үлдэх 45 415 630 төгрөгийг төлөөгүй, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр №19/82 дугаартай гэрээ байгуулж, Б блокын гадна дулааны шугам болон цэвэр усны шугамын оруулгын ажлыг гүйцэтгэсэн боловч барьцаа төлбөр болох 2 150 000 төгрөгийг шилжүүлээгүй, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №19/68 дугаартай гэрээ байгуулж, дулааны шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн, гэрээгээр нийт үнийг 1 100 000 000 төгрөгөөр тохиролцсон боловч 500 000 000 төгрөгийг төлж, үлдэх 600 000 000 төгрөгт бартераар хөрөнгө шилжүүлэхээр тохиролцсон боловч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нийт ажлын хөлс 647 566 630 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Ч******* ХХК-тай байгуулсан 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №19/82 дугаартай гэрээний барьцаа төлбөр болох 2 150 000 төгрөгийг шилжүүлэхийг зөвшөөрч, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр №18/74 дугаартай гэрээний үүргийг бүрэн биелүүлсэн, үлдэгдэл хөлс 45 415 630 төгрөгт дулааны труба нийлүүлсэн, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №19/68 дугаартай гэрээний нийт үнийг 1 100 000 000 төгрөгөөр тохиролцсон нь үндэслэлгүй, бодит байдалд нийцээгүй, гэрээнд үлдэх 600 000 000 төгрөгт бартераар хөрөнгө шилжүүлэхээр харилцан тохиролцсон тул мөнгөөр шаардсан нь үндэслэлгүй, бартерт хөрөнгө санал болгосон боловч өөрсдөө зөвшөөрөөгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Ч******* ХХК, хариуцагч Т ХХК нар нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр №18/74 дугаартай Гадна дулааны 2ф400мм голчтой шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэр Аын аманд баригдах Нийслэл нутгийн захиргааны төв цогцолбор төслийн гадна дулааны шугам угсралт, цэвэр усны шугам угсралт ажил буюу гадна дулааны ДХ12-аас ДХ4-р худаг хүртлэх 625 метр 2х400мм голчтой дулааны шугамын угсралтын ажлыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэхээр, гэрээний нийт үнэ 205 415 630 төгрөг байхаар, хариуцагч нь ажлын үе шатны гүйцэтгэлд үндэслэн төлбөрийг шилжүүлэх бөгөөд урьдчилгаа 75 000 000 төгрөгийг гэрээ баталгаажсаны дараа гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг ажлын гүйцэтгэлд үндэслэн актаар баталгаажсаны дараа буюу ажил бүрэн дуусч хүлээлгэн өгсний дараа ажлын 3 хоногт багтаан төлөхөөр тохиролцжээ.
4.2.Зохигч талууд 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр №19/82 дугаартай Б блокны гадна дулааны шугам болон цэвэр усны шугамын оруулгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэр Аын аманд баригдах Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор төслийн барилгын Б блокын Гадна дулааны шугам болон цэвэр усны шугамын оруулгын ажлыг хийж гүйцэтгэх, нийт материал, ажлын хөлсний зардал 43 000 000 төгрөг байхаар, бэлэн мөнгөөр хийх төлбөр 40 850 000 төгрөг, барьцааны төлбөр 2 150 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна.
4.4.Хэрэгт авагдсан Тооцооны үлдэглийн баталгаанд ...Ч******* ХХК, Т ХХК нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 13-ныг дуустал хугацаанд нэг бүрчлэн нийлж үзэхэд Т ХХК нь 564 134 812 төгрөгийн өртэй гарсныг батлав, мөн Тооцооны үлдэгдлийн баталгаанд ...2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 0******* сарын 16-ны өдрийг дуустал нийлж үзэхэд Т ХХК 28 915 630 төгрөгний өртэй гарсныг харилцан батлалцав гэжээ.
5.Талуудын маргааны зүйл нь ажлын хөлс төлөх эсэх талаар байна, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн талаар маргаагүй байна.
6.Зохигч талууд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр №18/74 дугаартай Гадна дулааны 2Ф400мм голчтой шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр №19/82 дугаартай Б блокын гадна дулааны шугам болон цэвэр усны шугамын оруулгын ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр №19/68 дугаартай Гадна дулааны 2Ф400 мм голчтой шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан талаараа хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
6.1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-д ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заажээ.
6.2.Нэхэмжлэгч нь гэрээнүүдэд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн, тооцоо нийлсэн акт үйлдсэн байхад хариуцагч нь гэрээнд заасан ажлын хөлсийг бүрэн төлөөгүй тул ажлын хөлсний үлдэгдэл нийт 647 565 630 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлаад энэ нь хэрэгт авагдсан талуудын 19/68 тоот гэрээний ажлын тоо, хэмжээ, гүйцэтгэлийн акт, албан бичгүүд, тооцооны үлдэглийн баталгаа, Ч******* ХХК-ийн депозит дансны хуулга, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, гэрэл зургуудаар тус тус нотлогдоно гэсэн.
6.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, хийсэн ажилд нь алдаа дутагдал, дутуу ажил байсан гэж, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн хүчин төгөлдөр эсэх байдалд нь дүгнэлт өгөх шаардлагатай, үндсэн захиалагчаас зөвшөөрөл авсан эсэх нь эргэлзээтэй тул гэрээ хууль зөрчсөн, 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №18/74 тоот гэрээний үлдэгдэл хөлсөнд дулааны труба шилжүүлэн өгсөн, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 19/68 тоот гэрээний төлбөрийг бартераар тохиролцсон тул мөнгө гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж мэтгэлцээд харин 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19/82 тоот гэрээний 2 150 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарласан.
7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан бөгөөд хууль зөрчсөн хэлцэл гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Мөн тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй гэжээ.
7.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа үндсэн захиалагчаас зөвшөөрөл аваагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийг зөрчсөн гэж тайлбарласан боловч хариуцагч /гүйцэтгэгч/ Т ХХК нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр захиалагч Нийслэлийн Засаг даргын тамгын газартай барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн ны нутаг дэвсгэр, Аын аманд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний ажлын алба, харьяа байгууллагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, захирагчийн ажлын алба болон түүний харьяа байгууллагуудын барилгыг барих ажил, дээрх барилга байгууламж гүйцэтгэхтэй холбоотой шугам, сүлжээний ажил, орчины тохижилтын ажил гүйцэтгэхээр, нийт гэрээний үнэ урьдчилсан төсвөөр 91 000 000 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон болох нь гэрээ, хөрөнгө оруулалтын тооцоо, ажлын үе шатны ажлын хуваарь зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.
7.5.Дээрх хариуцагчийн Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 3.11-д гүйцэтгэгч нь энэ гэрээнд заасан үүргээ биелүүлэх зорилгоор Нийслэлээс зөвшөөрөл авахгүйгээр туслан гүйцэтгэгч авах, туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, хамтран ажиллана гэж заасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зөвшөөрөл аваагүй, хууль зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй, зохигч талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнүүд нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасныг зөрчөөгүй, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
8.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийг ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, хийсэн ажилд нь алдаа дутагдал, дутуу ажил байсан гэсэн тайлбар гаргасан, шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Э*******аас би Т ХХК-нд төслийн менежер ажиллаж байсан, бид Ч*******тай холбоотой ажлуудыг хүлээн авч байсан, тухайн үед бас доголдол гарч байсан, засаж сайжруулах талаар хүсэлт ирж байсан. Үүнийг манай компани өөрийн хөрөнгөөр зардал гаргаад засч байсан гэж мэдүүлсэн боловч хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг нь баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан 19/68 тоот гэрээний ажлын тоо, хэмжээ, гүйцэтгэлийн акт, албан бичгүүд, тооцооны үлдэгдлийн баталгаа, Ч******* ХХК-ийн депозит дансны хуулга, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, бүтээцийн ажил гүйцэтгэсэн актаар тогтоогдож байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг буюу хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.
8.1.Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан 19/68 тоот гэрээний ажлын тоо хэмжээ, гүйцэтгэлийн актаар Гадна дулааны ф400х2 голчтой шугам угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 19/68 дугаартай, 2019-07-04, ажлын гүйцэтгэлийн хувь 100 хувь, Дүгнэлт: ХХК нь гэрээний цар хүрээний ажлыг БНбД болон Техникийн шаардлагад нийцүүлэн хийж гүйцэтгэсэн байна гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч Ч******* ХХК-иас хариуцагч Т ХХК-нд 2021.01.19-нд 21/01 тоот, 2021.03.25нд Д-21/53 тоот албан бичгээр ажлаа дуусгасан, тооцоо нийлэх, ажлуудад зөрчил дутагдал гараагүй талаар мэдэгджээ.
8.2.Мөн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд ...Нийслэлийн Хан-Уул дүүргийн ны нутаг дэвсгэрт баригдсан дунд төвөгшилтэй ангиллын 2ф400мм голчтой 1200м хүчин чадал бүхий Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор барилгын гадна дулаан хангамжийн шугамын зориулалттай барилга байгууламжид барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс үзлэг шалгалт хийж, Дунд зэргийн төвөгшилтэй ангиллын Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор барилгын гадна дулаан хангамжийн шугамын ажлыг ашиглалтад оруулах дүгнэлт гаргасан болох нь тогтоогдож байгаа болно.
9.Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №18/74 дугаар Гадна дулааны 2Ф400 мм голчтой шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэлд 45 415 630 төгрөгийг гаргуулахаар шаардсан, энэ нь гэрээний төлбөрийн хуваариар тогтоогдож байх бөгөөд үлдэх хөлсний талаар хариуцагч маргаагүй боловч уг 45 415 630 төгрөгт дулааны труба шилжүүлсэн болох нь орлогын баримт, Э ХХК-тай байгуулсан дулаан хоолой худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдоно, энэ талаар гэрч Л.А мэдүүлэх байсан гэж мэтгэлцсэн.
9.1.Хариуцагчаас уг дулааны хоолой буюу трубаны үнэ гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан боловч хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдэл 45 415 630 төгрөгийг төлөхгүй гэж татгалзлаа энэ үндэслэлээр тайлбарлаж, хэрэгт хариуцагчаас Эрин инвестмент ХХК-тай байгуулсан 2018.09.17-ны өдрийн 18/35 дугаартай Дулааны хоолой худалдах, худалдан авах гэрээг ирүүлсэн бөгөөд уг гэрээгээр Т ХХК нь 426 радиустай 1480 метр хоолойг 328 746 480 төгрөгөөр, 325 радиустай 334 метр хоолойг 66 207 150 төгрөгөөр, 219 радиустай 822 метр хоолойг 114 533 370 төгрөгөөр, нийт 509 487 000 төгрөгөөр худалдан авч, нэхэмжлэгчид 2019 оны 07 дугаар сарын орлогын баримтаар 219 радиустой хоолой 322м, 325 радиутай хоолой 334м, 426 радиустай хоолой 174 м хүлээлгэн өгч, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн орлогын баримтаар нэхэмжлэгч нь 219 радустай хоолойноос 258,4м, 325 радиутай хоолойноос 165,2 м, 426 радиутай хоолойноос 124,7 м буцааж өгч, 219 радиустай хоолойноос 63,6м, 325 радиутай хоолойноос 168,8м, 426 радиустай хоолойноос 49,3м буюу нийт 53 272 898 төгрөгний дулааны хоолой буюу трубаг буцаан өгөөгүй гэж тэмдэглэгдсэн гэсэн.
9.2.Гэвч хэрэгт авагдсан хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 2019 оны 7 сарын орлогын баримт нь хуулбар хувь буюу нотлох баримтын шаардлага хангаагүй, 2020 оны 02 дугаар сарын 06-ны орлогын баримтаар хэнд хүлээлгэн өгсөн, хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, гарын үсэг зураагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дулааны хоолойг ажлын хөлсөнд тооцохоор харилцан тохиролцоогүй гэж маргаж байх тул уг дулааны хоолой буюу трубаг ажлын хөлсөнд тооцох эсэх талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар баримтаар тогтоогдоогүй гэж үзэв.
9.3.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гэрч Л.Аээр нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын 49 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий турбаг хариуцагчийн хашаанаас ачиж явсан болохыг гэрчлүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч гэрч нь хөлний хагалгаанд орсон шүүхэд ирэх боломжгүй, байгаа газарт нь очиж мэдүүлэг авах талаар мэдэгдэхэд өвчний учир боломжгүй гэсэн талаар зохигч талуудад мэдэгдсэн, гэрчийн мэдүүлэг нь тухайн хэргийг шийдвэрлэхэд нотолгооны хэрэгсэл болох бөгөөд маргаан бүхий үйл баримтыг гэрчийн мэдүүлгээс өөрөөр нотлох баримтыг хариуцагч нь шүүхэд ирүүлээгүй, санал болгоогүй болно.
9.4.Иймд хариуцагч нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №18/74 дугаар Гадна дулааны 2Ф400 мм голчтой шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт дулааны хоолой буюу трубаг шилжүүлсэн гэсэн боловч уг трубаг гэрээний төлбөрт тооцож шилжүүлсэн талаарх баримтгүй, гэрч Л.Аийн мэдүүлгээр нотлогдоно, талууд акт үйлдсэн гэх боловч уг акт болон харилцан тохиролцсон гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №18/74 дугаар гэрээний ажлын хөлсний үлдэгдэл 45 415 630 төгрөгийг хариуцагч Т ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.
9.5.Нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №19/68 дугаартай Гадна дулааны 2ф400мм голчтой шугамын угсралтын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 600 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд гэрээний 3.1-д гэрээний нийт үнэ 1 100 000 000 төгрөг байна, 3.2-д гэрээний 3.1-д заасан төлбөрт тохижилт, нөхөн сэргээлтийн ажлаас бусад гэрээт ажил гүйцэтгэхтэй холбоотой бүхий л зардал, ажил гүйцэтгэх хугацааны ажиллах хүчний зардал /цалин хөлс, ажиллах хүчний байрлах орон байр, хоол г.м/ материалын зардал, тоног төхөөрөмж, шатахуун зэрэг зардлууд орсон бөгөөд энэ нь төлбөр гэрээний хугацаа дуусгавар болох хүртэл хугацаанд өөрчлөгдөхгүй болно. Захиалагч төлбөрийг Гүйцэтгэгчид Хавсралт№7-д заасан хуваарийн дагуу төлнө. Үүнд: урьдчилгаа 50 хувь бэлэн мөнгө, үлдэгдэл 45 хувь бартер, 5 хувь барьцаа төлбөр байна гэж заажээ.
9.6.Хариуцагч нь гэрээний үнийн дүнг 1 100 000 000 төгрөгөөр тогтоосон боловч гэрээний үнэд тохирсон ажлын гүйцэтгэл хийгдээгүй, гэрээндээ төсвийг Estimator Pro программаар тооцож гаргана гэснийг зөрчсөн, ажлыг гүйцэтгэхэд гаргасан зардал, хийж гүйцэтгэсэн ажилд нь тохирсон хөлсийг төлнө, мөн гэрээнд ажлын хөлсийг бартераар тооцоно гэж харилцан тохиролцсон байхад мөнгөөр шаардсан нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
9.7.Зохигч талууд гэрээний үнийн дүн болон хийж гүйцэтгэсэн ажлын талаар маргаж, шинжээч томилох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 30-ний өдрийн №269 тоот Гадна шугам сүлжээний өртөгийн хэмжээг тодорхойлсон тайланд ...Хан-Уул дүүрэг, т байрлах Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын гадна дулааны шугаманд Ч******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг тоо хэмжээ, үнийн дүнг 2019 оны байдлаар Estimator Pro программаар тооцож гаргахад 887 328 745 төгрөг болов, Хан-Уул дүүрэг т байрлах Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолборын гадна дулааны шугаманд хийж гүйцэтгэсэн ажлын Ч******* ХХК-ийн санхүүжигдэх нийт дүнийн дүнг 2019 оны байдлаар 808 746 861 төгрөг боллоо гэжээ.
9.8.Шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-д зааснаар шинжээч Л.О******* оролцож, өөрийн гаргасан дүгнэлтийг тайлбарласан бөгөөд ...дүгнэлт эргэлзээтэй гараагүй, үнийн дүнг нь тодруулахад зарим зардлуудыг хасчихсан байгаа, уг зардлууд нь хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэлд орохгүй гэж үзээд 808 746 861 төгрөг гэсэн, гэхдээ төсвийг тооцож гаргахад 887 328 745 төгрөг болсон нь үнэн гэсэн.
9.9.Иймд 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 19/68 дугаар гэрээний хувьд гэрээний нийт үнийг 1 100 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон боловч талууд хийгдсэн ажлын төсвийн талаар маргаж, шүүхээс шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлт, түүний тайлбараар хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үнийг 887 328 745 төгрөгөөр тооцсон, уг төсөвт ямар зардлуудыг хамааруулах талаар гэрээний 3.2-д харилцан тохиролцсон байх тул гэрээгээр хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, үнийн дүнг 887 328 745 төгрөгөөр тооцох нь зүйтэй байна гэж үзэв.
9.10.Хариуцагчаас гэрээндээ төлбөрийг бартераар төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгчид 1 орон сууц, 2 зогсоол санал болгож байсан гэх боловч энэ талаарх тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...шүүхэд хандсаны дараа 2025 онд орох барилгаас өгье, грашийг 80 000 000 төгрөгөөр өгье гэсэн нь зах зээлийн ханшнаас өндөр байсан тул зөвшөөрөөгүй гэж тайлбарласан, хариуцагч нь гэрээний үүргийг биелүүлж бартерт хөрөнгө шилжүүлсэн, шилжүүлэхээр санал болгосон талаараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч нь ажлын үлдэх хөлсийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж үзэж, хариуцагчаас 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 19/68 дугаар гэрээний үүрэгт шинжээчийн дүгнэлтэд дурдсан 887 328 745 төгрөгнөөс хариуцагчийн бэлэн мөнгөөр төлсөн 500 000 000 төгрөгийг нь хасч, үлдэх 387 328 745 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.
9.11.Нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19/82 тоот гэрээний барьцаа төлбөр болох 2 150 000 төгрөгийн гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч нь дээрх барьцаа болох 2 150 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй тул хариуцагчаас 2 150 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
9.12.Иймд хариуцагч Т ХХК-иас 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №18/74 дугаартай гэрээний үүрэгт буюу ажлын хөлсний үлдэгдэл 45 415 630 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн №19/82 дугаартай гэрэний барьцаа төлбөрт 2 150 000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №19/68 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт буюу ажлын хөлсний үлдэгдэл 387 328 745 төгрөг, нийт 434 894 375 /45 415 630+2 150 000+387 328 745=434 894 375/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 212 671 255 /647 565 630-434 894 375=212 671 255/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гаргаж, талууд гэрээндээ төлбөрийг бартераар төлөхөөр тохиролцсон нь мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан нөхцөл байдал тогтоогдож байна гэсэн боловч нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй гэж шүүхэд хандсан, талууд гэрээндээ маргаан гарвал шүүхээр шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцсон байх тул хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэж заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэхгүй.
10.1.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар гэрчээр Л.Аийг дуудаж мэдүүлэг авах, мөн дулааны хоолой буюу трубаг нэхэмжлэгч хашаанаас зайлуулахаар авсан эсэх, төлбөрт тооцсон эсэх нь эргэлзээтэй байгааг тодруулах, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19/82 тоот гэрээний хавсралтуудыг маргаагүй эсэхээс үл хамаарч гаргуулах, Ч******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг болон шинжээчийн зардлыг төлсөн эсэх талаар баримтыг тус тус нотлох баримтаар хүсэлтийг гаргасан боловч уг хүсэлтэд дурдсан баримтууд нь талуудын мэтгэлцээний явцад буюу зохигч талуудын мэтгэлцээний явцад өмнө нь санал болгох боломжгүй буюу шинээр шаардсан баримт гэж үзэх үндэслэлгүй, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 19/82 тоот гэрээний барьцаа төлбөрийг төлөх талаар маргаагүй, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл нь хэрэгт авагдсан /1хавтас, 142-р хуудас/, шинжээч нь нэхэмжлэхээ шүүхэд ирүүлсэн /1 хавтас, 184 хуудас/ байх тул хүсэлтийг хүлээн авч, баримт гаргуулахаар хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй гэж үзсэн болно.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 395 778 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 332 422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас шинжээчийн ажлын хөлс 2 000 000 төгрөгийг нэхэмжилсэн баримтыг шүүхэд ирүүлсэн, талуудаас хэн аль нь уг төлбөрийг төлсөн талаарх баримтыг ирүүлээгүй тул нэхэмжлэгчээс 500 000 төгрөг, хариуцагчаас 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д зааснаар хариуцагч Т******* ХХК-иас нийт 434 894 375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ЧХХК-нд олгож, нэхэмжлэлээс 212 671 255 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 395 778 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-иас 2 332 422 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч******* ХХК-нд олгож, шинжээчийн зардалд нэхэмжлэгч Ч******* ХХК-иас 500 000 төгрөг, хариуцагч Т ХХК-иас 1 500 000 төгрөгийг тус тус гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН