Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 305/ШШ2025/00516

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: ******* оршин суух, *******-д холбогдох,

696,118.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч ******* нь ******* ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2024.06.10-ны өдөр ******* тоот гэрээний дагуу Galaxy A55 128 GB маркийн гар утас /цаг, чихэвч/-ийг нийт 1,598,000 төгрөгийн зээлээр 12 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

******* тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 593,683.84 төгрөг, үндсэн хүү 86,603.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,831.28 төгрөг, шимтгэл 7,000 төгрөг, нийт 696,118.14 төгрөгийг хариуцагч *******-ээс гаргуулах гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч ******* нь *******-аас нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох 696,118.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Учир нь нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-гийн шүүхэд ирүүлсэн “...Хариуцагч ******* нь *******-аас нэхэмжилсэн дүнг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна...” гэх хүсэлтээр нотлогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” бөгөөд ******* ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай итгэмжлэлээр “...итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ...******* ХХК-ийг төлөөлж төлбөр барагдуулах хэлцэл байгуулах, шүүхэд нэхэмжлэл гаргах, ...нэхэмжлэлээс татгалзах... эрхийг эдэлнэ” гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******-д нэхэмжлэлээсээ татгалзах эрхийг олгосон байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заажээ.

Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг тавин хувиар хөнгөлнө” гэж тус тус хуульчилжээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,257 төгрөгийн тал хувь 10,628.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,628.5 төгрөгийг улсын орлогоос, 10,628.5 төгрөгийг хариуцагч *******-ээс тус тус гаргуулж ******* ХХК олгож шийдвэрлэх нь зүйтэй байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, *******-д холбогдох 696,118.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21,257 төгрөгийн тал хувь 10,628.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 10,628.5 төгрөгийг улсын орлогоос, 10,628.5 төгрөгийг хариуцагч *******-ээс тус тус гаргуулж ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ