| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базарсадын Нацагдорж |
| Хэргийн индекс | 175/2018/0087/Э |
| Дугаар | 93 |
| Огноо | 2018-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 93
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нацагдорж даргалж, тус шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд:
Прокурор А.Энхтуяа
Хохирогч О.Мөнгөнцацрал
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй шүүхэд шилжүүлсэн Хойд овогт Сүхбаатарын Одбаярт холбогдох 1831000000072 дугаартай Эрүүгийн хэргийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Сүхбаатар сумын 4 дүгээр цэцэрлэгийн харъяа хөгжилтэй 7 одой цэцэрлэгт жижүүр ажилтай, урьд ял шийтгэлгүй, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, Салхит, 2-р хэсэг гудамж, 026 тоотод оршин суух хаягтай, Ургийн овог Хойд, эцгийн нэр Сүхбаатар, өөрийн нэр Одбаяр, регистрийн дугаар МЮ84112915;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Одбаяр нь 2018 оны 03 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 2 дугаар хэсэг 026 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Мөнгөнцацралыг суран бүсээр ороолгон зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч С.Одбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Мэдүүлэг өгөхгүй гэв.
2.Хохирогч О.Мөнгөнцацралын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн... 11 сарын сүүлээр нөхрийгөө өөр хүнтэй болсныг мэдсэн гэв.
3.Хохирогч О.Мөнгөнцацралын 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Одбаяр бид хоёрын амьдрал 2018 оны 01 сараас таарамжгүй болж эхэлсэн...манай нөхөр ажлын газрынхаа тогооч Сарантуяа гэх эмэгтэйтэй гэр бүлээс гадуурх харилцаатай....2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр намайг Одбаяр чи миний амьдралаас яв би 3 хүүхэдтэйгээ амьдарч чадна чамаас салчихвал сайхан амьдрах гээд байна гээд хөөсөн...2018.03.25-ны өдөр Одбаяртай хамт гэртээ очсон чинь Сарантуяа манай 3 хүүхэдтэй хамт байсан...тэгээд би Сарантуяаг чи нэг хоол хийчихээч би хүүхдүүдээ усанд оруулъя гэсэн...Сарантуяагаас чи үнэхээр миний 3 хүүхдийг өөрийн хүүхэд шиг харж хандж явж чадах уу гэсэн чинь дуугарахгүй байсан...би биеэ барьж чадалгүй Сарантуяагийн үснээс нь зулгаагаад татсан чинь Одбаяр миний үснээс зулгааж арагш нь шалан дээр унагааж үснээс зуурч байгаад миний толгойны баруун талаар шал хэд хэд мөргүүлсэн тэгэхэд нь би одоо болиоч ээ гэж гуйсан...Одбаяр Сарантуяагийн араас гараад явсан...би утсаа аваад 103-руу мэдэгдсэн...Одбаярын эгч Отгонгэрэл рүү нь утасдаад орхисон...тэгэхэд Одбаяр буцаж орж ирээд чи яадаг гэнээ гээд аймар уурлаад өмдний тэлээгээ тайлж намайг гуядсан...чи надаас амь гуйх ёстой гээд улам шавхуурдаад байсан...би тэсэхээ байгаад амь өршөө гэж хэлсэн...Отгонгэрэл эгч ирээд Одбаярыг дарж унагаад намайг хурдхан эмнэлэг яв гэсэн...Ганболд эмч намайг үзээд шууд цагдаа дуудсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас/,
4. Гэрч Г.Отгонгэрэлийн 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Орой 21 цагийн үед Мөнгөнцацрал над руу утасдаад та манайд хүрээд ирээч нөгөө Сараа нь ирчихсэн байна, Сараагаас болж намайг зодчихлоо гэхээр нь би яваад очъё байлгаж байгаарай гэсэн...би Одбаярт уурлаад чи яагаад эхнэрээ зодож байгаа юм гээд цохиж давшлахад гадаа түргэний машин сигналдахаар нь Мөнгөнцацралыг хурдан яв эмнэлэгт үзүүл гээд гаргасан......гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/
5. Гэрч Б.Сарантуяагийн 2018 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2018.03.24-ний өдөр Одбаяр утасдаад гэртээ хүрээд ир гээд би тэднийд хоносон маргааш нь миний хүүхдүүдийг хайраар битгий дутаагаарай чи чадах уу үгүй юу гээд Мөнгөнцацрал асуугаад байсан би дуугүй байсан чинь миний үснээс зулгаасан тэгэхэд Одбаяр дундуур ороод салгасан...тэр үед би өөрийн авчирсан хувцас хунараа аваад гарсан.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/
6.Гэрч С.Мандахбаярын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2018 оны 3 сарын 21-ний орчим байхаа нэг орой намайг ажлаа тараад гэртээ ирэхэд Мөнгөнцацарал эгч манай гэрт ирчихсэн байж байсан. Тэгээд эгч нь ойрд Одбаяртай хэрүүл маргаантай таарамж муутай байгаа, Одбаяр нэг хүүхэнтэй гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд байна. Тэгээд хүүхдүүдээ надад үлдээгээд тэр хүүххэн рүүгээ явах гээд байх шиг байна эгч нь гараад ирчихсэн юм гэж хэлж байсан. Тэгээд 2 хоноод явсан. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/
7.Гэрч О.Мөнхцацралын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн....2018 оны 2 сарын 1-ний өдөр би дүүгийндээ Зүүнбүрэнгээс эмнэлэгт шинжилгээ өгөх гээд ирээд 2-3 хоноход С.Одбаяр гэртээ ирж хонохгүй байсан. Тэгэхээр нь би асуудалтай болчихсон байгаа юм байна гэж бодоод дүүгээсээ нөхөр чинь яагаад гэртээ ирэхгүй байгаа юм бэ гэж асуухад манай дүү ажилтай байгаа гэж хэлсэн. Мөн ажлынхаа нэг хүүхэнтэй холбоотой болсон байж магадгүй гэж ярьж байсан. Тэгээд нэг өдөр подвол руугаа юм угаана гэж яваад ирэхдээ нүднийхээ дээд талд хөхөрчихсөн ирсэн. Нүд чинь яасан бэ гэхэд бага хүүгээ юмаар хатгачихсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би итгэсэн. Тэгээд хоол ундаа идчихээд унтах гэж байхад нөхөр нь согтуу ирээд хүүхдүүдтэйгээ тоглоод ноцолдож байгаад унтсан. Унтаж байхад нь манай дүү гар утаснаас нь хүүхэнтэй харилцсан мессежийг нь олж уншаад хэрүүл маргаан болсон. Тэгэхэд С.Одбаяр согтуу манай дүүг зодох гэж дайраад байсан.Тэгээд би Одбаярын бага дүү Уланаа бид нар салгасан. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/
8.Гэрч Б.Энхтуяагийн 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн... 2017 оны 12 сарын 08-ны өдөр орой 21 цагт ажил тараад манай ажлын Сарантуяа, Оюун-Эрдэнэ, Батцэцэг, Хонгорзул бид нар ажлын ойролцоо Дельфин караоке орж дуулсан. Бид нар дуулж суугаад 00 цагийн үед Дельфинээс гараад салцгаасан. Бид нар өөр өөрсдөө харьцгаасан. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/
10.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн Шинжээчийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №134 тоот актын дүгнэлт хэсэгт:
1.О.Мөнгөнцацралын биед тархи доргилт, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, нуруунд зулгаралт зүүн нүдний доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтмол алдалтанд нөлөөлөхгүй.гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/
11.Шүүгдэгч С.Одбаярын 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн.....гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийни үзүүлэн /хавтаст хэргийн 21-26 дугаар хуудас/
Согтуурсан мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол /хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/
12.Аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтаст хэргийн 6-11 дүгээр хуудас/
Хохирогчийн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн өвчний түүх /хавтатс хэргийн 39-49 дүгээр хуудас/
13.Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн байдал /хавтаст хэргийн 52-54 дүгээр хуудас/,
14.Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,
15.Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах ялын тухай прокурорын санал танилцуулсан тухай /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, ял, эрүүгийн хариуцлагын
талаар шүүхээс өгөх дүгнэлт:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Хойд овогтой Сүхбаатарын Одбаярыг 2018 оны 03 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг 2 дугаар хэсэг 026 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Мөнгөнцацралыг суран бүсээр ороолгон зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөлтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлттэй, харъяаллаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснийг хүлээн авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт хуульд нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.Одбаяр нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамртан амьдрагч О.Мөнгөнцацралыг суран тэлээгээр ороолгож, толгойг нь шаланд мөргүүлэн зодож биед нь зүүн нүдний доод зовхи бага зэрэг овойж хавдсан, зүүн хацар шанаа овойж хавдсан, хүзүүний зүүн хэсэгт 2х1 см, хөх ягаан өнгийн цус хуралттай, зүүн суганы ар хэсэгт 5х2 см, баруун даланд 20х19 см, зүүн далны доод хэсэгт 4х2 см, 3х3 см нурууны зүүн доод хэсэгт 10х3 см, нурууны баруун доод хэсэгт 8х4 см, 6х2 см зулгаралттай, зүүн бугалгын дунд гадна хэсэгт 8х2 см хөх ягаан өнгийн цус хуралттай гэмтлүүд тус тус учирсныг гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан тухай шинжээчийн дүгнэлт, хохирогчийн болон гэрчүүдийн мэдүүлэг зэргээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргаангүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо арилгасан байдлуудыг үндэслэн прокурор 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял хүлээлгэх санал тавьсныг шүүгдэгч, хохирогч нар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан шүүгдэгч хохирогч нарын тавьсан санал хүсэлт, саналыг хүлээн авч Прокурорт танилцуулсан мөрдөгчийн тогтоол, хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломж бүрдсэн байна гэж Шүүх дүгнэв. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5, 4.6-д заасан хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагуудыг бүрэн хангасан байгаа нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болов.
Иймээс шүүгдэгч С.Одбаярыг Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөлтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Одбаярын гадуур гэр бүлийн харьцаа тогтоосон байдал нөлөөлснийг тэмдэглэвэл зохино.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинж чанар, хэр хэмжээ, хуульд заасан хөнгөрүүлж, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн зорилгод нийцүүлэн, хуулийн тухайн зүйл хэсэгт оногдуулахаар заасан ялаас 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг өмдний тэлээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгчийн санал, цалин хөлс, бусад орлого олох боломжийг нь харгалзаад торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 17.5 дугаар зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хойд овогтой Сүхбаатарын Одбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатарын Одбаярыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурьдсугай.
5.Ялтан гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан суран тэлээг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
7.Ялтанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр байлгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАЦАГДОРЖ