Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01602

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2021/01602

 

 

К.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08ы өдрийн 102/ШШ2021/02204 дугаар шийдвэртэй, К.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ад холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, Г.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч К.Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Б.Амарзаяа, А.Батцэрэн нар нь тус банктай 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 77 000 000 төгрөгийг орон сууцны зээлийн зориулалтаар жилийн 24 хувийн хүүтэй 180 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлдэгч Б.Амарзаяа нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээгээр өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205001883 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 57 дугаар байр 109 тоот хаягт байршилтай 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Нэхэмжлэгч нь барьцааны эрхийг хуульд зааснаар улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн захирамжаар Орон сууцны зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүрэгт хариуцагч Б.Амарзаяагаас нийт 84 582 222 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад иргэн Б.Амарзаяагийн дээрх орон сууцны өмчлөх эрх, нэхэмжлэгчийн барьцааны эрхийг тус тус хүчингүй болгуулахаар хариуцагч Д.А шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Д.Агийн нэхэмжлэлийг Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор иргэн Б.Амарзаяа болон Д.А нарын хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Д.Аг тогтоож, К.Б ХХК-ний иргэн Б.Амарзаяатай байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй буюу хүчин төгөлдөр гэж тус тус эцэслэн шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Б.Амарзаяа зээлээс нэг ч төгрөг банкинд төлөөгүй. Иймд хариуцагч Д.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205001883 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 57 дугаар байр 109 тоот хаягт байршилтай 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэл гаргах явцад хариуцагч Д.А тухайн орон сууцны өмчлөгч биш байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий байр Д.Агийн өмчлөлд шилжсэн. Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан борлуулахаар зохицуулсан. Нэхэмжлэгчээс маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулах тухай ямар нэгэн шаардлага, мэдэгдлийг гаргаж байгаагүй. Хариуцагч Д.А К.Б ХХК-тай Иргэний хуульд заасан гэрээний болон гэрээний бус хууль эрх зүйн харилцааг үүсгэж байсан тохиолдол байхгүй. Барьцааны гэрээний үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь К.Б, Б.Амарзаяа, Н.Батцэрэн нар. К.Б ХХК нь Орон сууцны зээлийн гэрээний эрх зүйн маргаанаа шийдвэрлүүлсэн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг Б.Амарзаяагаас гаргуулахаар шаардаж Б.Амарзаяад холбогдох зээлийн гэрээний үүрэг шүүхээр шийдэгдсэн. Барьцааны гэрээний шаардлагыг зээлийн гэрээний шаардлагаас салгаж бие даан хэрэгжүүлэх боломжгүй, салбар гэрээний төрөл болдог. Тодруулбал барьцааны гэрээ үндсэн эрхээсээ тусдаа үүсч оршин тогтнох боломжгүй, салгаж үл болох эрх. Д.Агийн өмчлөлийн орон сууцаар К.Б, Б.Амарзаяа, Н.Батцэрэн нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Д.Ад холбогдох Баянгол дүүрэг 19 дүгээр хороо 57 дугаар байр 109 тоот хаягт байршилтай 40 мкв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч К.Б ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Улсын Дээд Шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 001 /ХТ2018/01302 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгө буюу орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Д.Аг тогтоож, нэхэмжлэгчийн иргэн Б.Амарзаяатай байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот Орон сууцны зээлийн барьцааны гэрээ-г дуусгавар болгох үндэслэлгүй буюу хүчин төгөлдөр гэж тус тус эцэслэн шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Д.А нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөр дээрээ гаргуулж авсан болно. Шүүхийн шийдвэрт Д.А нь зээл болон барьцааны гэрээний зээлдэгч буюу гэрээний нэг тал биш, К.Бтай гэрээний харилцаанд ороогүй гэж үзсэн. үндсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр тул барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг үүрэг гүйцэтгүүлэгч буюу К.Б ХХК гаргах эрхтэй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэлээ тодорхойлсон. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт нийцсэн барьцааны гэрээ байгаа, түүнчлэн Улсын дээд шүүх нэхэмжлэгчийн барьцааны эрх хүчин төгөлдөр, барьцааны зүйлээс шаардлагыг хангуулах эрх үүссэн гэж шийдвэрлэсэн байтал анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг хязгаарласан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт тус маргаан бүхий орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч К.Б ХХК нь хариуцагч Д.Ад холбогдуулан түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205001883 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 57 дугаар байрны 109 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016оны 5 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийн гүйцэтгэлийг хангуулж өгөхийг шаардсанд хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 33-37/

Хэргийн үйл баримтаас үзэхэд Б.Амарзаяа, А.Батцэрэн нар нь К.Б ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 3004-2015/29 тоот орон сууцны зээлийн гэрээ байгуулан 77 000 000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай зээлээр авсан, уг зээлийн гэрээний үүрэгт Б.Амарзаяагаас 84 582 222 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх 13-15/

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Б.Амарзаяагийн орон сууцны өмчлөх эрх, К.Б ХХК-ийн барьцааны эрхийг тус тус хүчингүй болгуулахаар Д.А шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсэн. Хариуцагч Д.Агийн нэхэмжлэлийг Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн тогтоолоор Б.Амарзаяа болон Д.А нарын хооронд байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дах хэсэгт заасны дагуу дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар К.Б ХХК-ийн барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Д.Аг тогтоож, К.Б ХХК-ийн Б.Амарзаяатай байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот орон сууцны зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй буюу хүчин төгөлдөр гэж тус тус дүгнэж эцэслэн шийдвэрлэжээ. /хх 18-23/

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд Б.Амарзаяа зээлээс нэг ч төгрөг банкинд төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаасан баримтыг гаргаагүй байна. /хх24-26/

Б.Амарзаяа, А.Батцэрэн нарын К.Б ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 3004-2015/29 тоот орон сууцны зээлийн гэрээний барьцааны зүйлийн өмчлөгч нь шүүхийн шийдвэрээр Д.А болж 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн./хх79-80/

Талууд сүүлд өмчлөгч болсон Д.Агийн өмчлөлийн зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205001883 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 57 дугаар байрны 109 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийн гүйцэтгэлийг буюу Б.Амарзаяагийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь үндэслэлтэй эсэхэд маргаж байна.

Нэхэмжлэгч нь уг хөрөнгө анхнаасаа Б.Амарзаяагийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, барьцааны эрхийг хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байснаас гадна Улсын Дээд шүүхийн шийдвэрээр К.Б ХХК-ийн Б.Амарзаяатай байгуулсан 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот орон сууцны зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй буюу хүчин төгөлдөр гэж эцэслэн шийдвэрлэсэн гэж тайлбарлажээ. /хх106/

Хариуцагч өөрийгөө барьцааны гэрээний тал биш, барьцааны шаардлагыг зээлийн гэрээний шаардлагаас салгаж бие даан хэрэгжүүлэх боломжгүй, салгаж үл болох эрх. Нэхэмжлэгчээс маргаан бүхий орон сууцыг худалдан борлуулах тухай ямар нэгэн шаардлага, мэдэгдлийг гаргаж байгаагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Д.А нь зээл болон барьцааны гэрээний зээлдэгч буюу гэрээний нэг тал биш, К.Бтай гэрээний харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэснийг залруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Талуудын хооронд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй гэж дүгнэхийн тулд өмнө нь шийдвэрлэгдсэн болоод сүүлд шийдвэрлэгдэж буй хэргийн талууд адил, маргааны зүйл адил, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх гэсэн 3 нөхцөл бүрдсэн байх ёстой юм.

Улсын Дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 001/ХТ 2018/01302 тоот тогтоолоос үзэхэд Д.Агийн нэхэмжлэлтэй Б.Амарзаяа, А.Батцэрэн, К.Б ХХК нарт холбогдох 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот орон сууцны зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах, орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл хэлэлцэгджээ. Энэ хэрэгт гаргаж буй К.Б ХХК-ийн нэхэмжлэл нь 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот орон сууцны зээлийн барьцааны гэрээний дагуу Б.Амарзаяа нарын үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага байна. Хэргүүдийн талууд нь адил, барьцааны гэрээ нь нэг байх бөгөөд Улсын Дээд шүүхээс барьцаа хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч Д.Аг тогтоож, К.Б ХХК-ийн Б.Амарзаяатай байгуулсан 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 3004-2015/29 тоот орон сууцны зээлийн барьцааны гэрээг дуусгавар болгох үндэслэлгүй буюу хүчин төгөлдөр. Өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны эрхийг дуусгавар болгох үндэслэл болохгүй, орон сууцыг барцьаанаас чөлөөлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой уг баримтыг дахин нотлох шаардлагагүй юм. /хх18-23/

Нэхэмжлэгч нь Д.Аг барьцааны зүйлийн өмчлөгчийн хувьд хариуцагчаар татсан нь үндэслэлтэй. Учир нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болдог. Иргэний хуулийн 160 дугаар зүйлд зааснаар барьцааны эрх дуусгавар болоогүй буюу барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй тул өмнө гарсан шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэвэл зохих үүргийн биелэлтийг хангуулахаар барьцааны гэрээний шаардлагыг тусад нь гаргасан нь үндэслэлтэй.

Иргэний хуулийн барьцааны эрхийг зохицуулсан олон заалтад өмчлөгчийн эрх, үүрэг хөндөгдөж байх бөгөөд тэрээр өөрийн өмчөөр хариуцлага хүлээх этгээд тул барьцааны зүйлийн өмчлөгч Д.Аг хариуцагчаар татсаныг зөв гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэсэн заалтын дагуу үүрэг гүйцэтгэгч Д.Амарзаяад шаардлага гаргасан боловч үүргээ гүйцэтгээгүй, шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг ч биелүүлэхгүй байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нь зөв.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08ы өдрийн 102/ШШ2021/02204 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Д.Агийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205001883 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 4 дүгээр хороолол 57 дугаар байрны 109 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан худалдаж, үнийн дүнгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн захирамжийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж,

2. дах заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Д.Агаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К.Б ХХК-нд олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД