| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2024/07822/И |
| Дугаар | 192/ШШ2025/05255 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмжийн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/05255
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.Ж РД:********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М******* ХХК /РД:******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүйдлийн тэтгэмж болох 14 064 540 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэнээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ш.Ж*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* нь шүүх хуралдааны танхимыг орхин гарсан тул хэргийг түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ш.Ж******* нь хариуцагч М******* ХХК-д холбогдуулан ажилгүйдлийн тэтгэмж болох 14 064 540 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Ш.Ж******* миний бие М******* ХХК-ийн Оюутолгой ХХК-ийн Оюутолгой сайт дээр кран өргөх тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцсан төсөл дээр 2020 оны 8 дугаар сараас 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл төслийн хугацаа дуустал ажилласан. Төслийн хугацаа дууссан тул 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг 10 дугаар сарын 18-ны өдөр бичгээр авсан. Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 20241029-75079 дугаартай хүсэлтийг цахимаар илгээсэн. Нийгмийн даатгалын хэлтсийн хариуцсан байцаагчтай биеэр уулзаж зөвлөгөө авсан. Гэтэл М******* ХХК нь сүүлийн 7 сар /2024.03 дугаар сараас 9 сар хүртэл/ нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа учир компани дээр очиж уулзах талаар хэлсэн. М******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.А*******, ерөнхий нягтлан бодогч В.Т*******тай вайбер болон биечлэн уулзаж нийгмийн даатгалын төлөлт болон нийгмийн даатгалын хэлтэстэй төлөлт хийх гэрээ байгуулах талаар асуухад тодорхой хариу, мэдээлэл өгөөгүй байсаар 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 20241029-75079 дугаартай миний хүсэлт цуцалсан төлөвтэй болсон байсан, хүсэлт буцаасан шалтгааныг тодруулахад М******* ХХК-ийг нийгмийн даатгалын өртэй гэсэн. Иймд миний бие нийгмийн даатгалын сангаас авах байсан ажилгүйдлийн тэтгэмж болох 14 064 540 төгрөгийг авах боломжгүй болсон тул хуульд зааснаар М******* ХХК-аар нөхөн гаргуулж өгнө үү.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Миний бие ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Нийгмийн даатгалын газарт өргөдлөө өгсөн боловч надад ажилгүйдлийн тэтгэмж өгөөгүй, шалтгаан нь танай ажиллаж байсан компани нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэсэн байгаа. Тэгээд миний бие байгууллагадаа хандаж хүсэлт гаргасан, ерөнхий нягтлан н.Алтанхараацай гэдэг хүнтэй очиж уулзсан. Гэтэл өртэй байгаа нь үнэн гэсэн, гэрээ байгуулан төлөхөөр ажиллаж байна гэсэн болно. Энэ хугацаанд хүсэлт хүлээн авах 30 хоногийн хугацаа дууссан учраас миний хүсэлтийг хүлээн аваагүй, ажлаас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр чөлөөлөгдсөн, хүсэлтээ 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүсэлтээ явуулсан юм. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүсэлтээ явуулсан юм. Гэтэл хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлөөгүй байснаас миний тэтгэмж авах эрх зөрчигдсөн, тиймээс хуульд зааснаар компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан гэв.
2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024.10.015-ны өдрийн Б/229 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, М******* ХХК-ийн 2024.04.09-ний өдрийн АБ-24/041 тоот албан бичиг, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/24929 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, фэйсбүүт чатаар харилцсан зурвас гэсэн баримтуудыг,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газраас Алаг адуу овогт Ш*******ийн Ж******* /РД:*******/-д өгсөн захиргааны акт буюу албан бичгийн хуулбар, М******* ХХК-иас ажлаас чөлөөлөгдөөд харьяа дүүргийнхээ нийгмийн даатгалын газарт хандсан баримтуудыг, portal.ndaatgal.mn сайтад үзлэг хийж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч М******* ХХК-д холбогдуулан ажлаас чөлөөлөгдөж, хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмжээ авахаар хүсэлт гаргасан боловч хариуцагч нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс хуульд заасны дагуу ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй тул 14 064 540 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ш.Ж*******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Ш.Ж******* нь хариуцагч М******* ХХК-д 2020 оны 8 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллаж байсан болох нь М******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/229 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
4.2.Хэрэгт авагдсан М******* ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Б/229 дүгээр Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалаар ...Тус компанийн засвар, үйлчилгээний хэлтэс, кран, өргөх тоног төхөөрөмжийн засварын албанд ахлах мэргэжилтэн албан тушаалтай Ш******* овогтой Ж*******тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөр цуцалж үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй... гэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсан болон талууд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн үйл баримтын талаар маргаагүй.
5.Талууд ажиллаж байсан, ажлаас чөлөөлөгдсөн үйл баримтын талаар маргаагүй, хуульд зааснаар ажилгүйдлийн тэтгэмжийг аваагүй нь хариуцагчийн буруугаас шалтгаалсан эсэх талаар маргаж байна.
6.Нэхэмжлэгч нь холбогдох байгууллагад ажилгүйдлийн тэтгэмжийг авахаар хүсэлт гаргасан боловч хариуцагч М******* ХХК нь 2024 оны 03 дугаар сараас 2024 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул ажилгүйдлийн тэтгэмж авч чадаагүй, энэ нь хэрэгт авагдсан болон шүүхээс үзлэг хийсэн баримтаар нотлогдоно гэж тайлбарласан.
6.1.Хариуцагч М******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г******* нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна.
6.2.Мөн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлээгүй, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн үүргээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелүүлээгүй болно.
7.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс ажилгүй болохын өмнөх сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан байгууллагад бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн ердийн насанд хүрээгүй даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй гэж заасан.
7.1.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүхээс үзлэг хийсэн https://portal.ndaatgal.mn гэх даатгалын системд үзлэг хийсэн баримтаар нэхэмжлэгч Ш.Ж******* нь хуульд заасан шаардлагыг хангасан, ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүссэн байх боловч ажил олгогч М******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө хуульд заасан хугацаандаа төлөөгүйгээс дээрх ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүй болох нь тогтоогдож байна.
7.2.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй, дутуу, эсхүл хугацаа хожимдож төлөгдсөн, шимтгэл төлөлтийн тайланг ирүүлээгүй, тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр авах баримт бичгийг даатгуулагчид болон нийгмийн даатгалын байгууллагад хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүйн улмаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөрийг авч чадаагүй, эсхүл хугацаандаа бүрэн аваагүй бол учирсан хохирол, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд гарсан зардлыг ажил олгогчоор төлүүлнэ. гэж зааснаар дээрх тэтгэмжийг буруутай этгээд болох хариуцагч М******* ХХК-аас шаардах эрхтэй байна гэж үзэв.
7.3.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т Даатгуулагчид олгох ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлсөн хугацааг харгалзан ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас дараах хувь хэмжээгээр тооцож олгоно гэж, 10.2-т Энэ хуулийн 9.3-т заасан даатгуулагчийн ажилгүйдлийн тэтгэмжийг түүний шимтгэл төлж ажилласан сүүлийн 9 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас энэ хуулийн 10.1-д заасан хувь хэмжээгээр тооцно гэж, 11.1-т Ажилгүйдлийн тэтгэмжийг даатгуулагчийг ажлаас чөлөөлсөн өдрийн дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрөөр тооцож олгоно гэж заажээ.
7.4.Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч Ш.Ж******* нь ажилгүйдлийн тэтгэмжид 14 064 540 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн баримтыг үндэслэн тооцож /58 293 693:9х/50хувь/=3 886 246:21=185 059, 185 059х76=14 064 540/ ирүүлсэн байх тул нэхэмжлэгч Ш.Ж*******гийн ажилгүйдлийн тэтгэмжид 14 064 540 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
8.Иймд хариуцагч М******* ХХК-иас ажилгүйдлийн тэтгэмж болох 14 064 540 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ж*******д олгохоор шийдвэрлэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ж*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 273 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М******* ХХК-иас 228 273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ж*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.6-д зааснаар хариуцагч М******* ХХК-иас ажилгүйдлийн тэтгэмж болох 14 064 540 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Ж*******д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Ж*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 228 273 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М******* ХХК-иас 228 273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Ж*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН