| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 184/2024/05923/И |
| Дугаар | 192/ШШ2025/05256 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/05256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Мөнхийн гэрэл өнхрүүш бейкери ХХК /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.С /РД:********/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 28 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Мөнхийн гэрэл өнхрүүш бейкери ХХК нь хариуцагч Б.*******эд холбогдуулан 28 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.М******* ХХК нь өөрийн гэсэн санхүүгийн программтай болох зорилгоор иргэн Б.*******тэй 2022 оны 04 сард 25 000 000 төгрөгөөр тохиролцон хамтран ажиллахаар болсон юм. Тохиролцооны дагуу урьдчилгаа төлбөр болох 8 000 000 төгрөгийг төлөөд ажлаа эхлүүлэхэд нь шаардлагатай холбогдох өгөгдлүүд болон хуучин /D manager/ программынхаа өгөгдлийн сан болон тайлангуудаа /2022 оны 04 сарын/ хүртэл өгсөн. Бид *******ийн Хаан банкны 5890******* тоот дансанд нь 4 удаагийн шилжүүлгээр 23 000 000 төгрөг дээр нь серверийн мөнгө болох 5 000 000 төгрөг бүгд 28 000 000 төгрөгийг шилжүүлсэн болно. Энэхүү ажлын 2022 оны 04 сараас 2024 оны 06 сар хүртэлх 2 жил 2 сарын хугацаанд болсон процессыг доор сийрүүлье. Ажил эхэлснээс хойш 02 сарын дараа буюу 2022 оны 06 сарын сүүлээр программыг ажилчдын компьютерт суулган сургалтуудаа эхлүүлэн тестелж эхэлсэн боловч олигтой үр дүнд хүрээгүй засаж залруулах зүйл гарсан, дээр нь бид 2022 оны 02-р улирлын санхүүгийн тайлан гаргах шаардлагатай болсон тул сургалтыг 1 сараар хойшлуулсан. Тэгээд тайлангаа дуусгаад одоо эхлүүлье гэтэл тэд хөдөө яваад ажил төрөл амжихгүй байна гэсэн шалтгаанаар 2023 оны 10 сар хүртэл ирээгүй болно. 10 сард уулзалдан сургалтаа чанартай цаг зав гарган хийж буй ажлаа түр зогсоон хийе гэж тохиролцон сургалтаа эхлүүлсэн боловч сургалт хариуцсан туслах нь 2 хоног ирээд манай ажилтны асууж тодруулсан буцаасан зүйлд хариулт өгч чадахгүй сууж байгаад ирэлгүй 2 сар гаран сураггүй /холбоо барих боломжгүй алга болсон. 2023 он гараад арай гэж Б.*******тэй холбоо барин туслах чинь яагаад сураггүй алга болсон бэ? гэж асуухад туслах нь гадаадад Ирланд улсад/ сургалтад явсан би сургалт хийж чадахгүй туслахтайгаа холбогдон online-р сургалт явуулъя гэж хэлээд дахиад ирэлгүй 2 сар болсон. Тэгээд 2023 оны 2 сарын сүүлээр нягтлангууддаа өдөрт 2 цагийн online сургалтад хамруулан эхний үлдэгдлүүдээ программд оруулан эхэлсэн бөгөөд цаашаа асууж тодруулах зүйл гарахад холбогдох боломжгүй offline /цагийн зөрүү хичээл ном ихтэй байна / болон үргэлжлүүлэх боломжгүй цаг хугацаа маш их алдсан болно. Online-p сургалт явуулна гэдэг бүтэхгүй юм байна гээд энэхүү программыг нэвтрүүлсэн өөр компаний ажилтанг ажил дээр ирэн сургалт хийсэн боловч программд нэмэлтээр хийж хөгжүүлэх олон зүйл хийх шаардлагатай тэгэхгүй бол энэ программ ажиллахгүй юм байна гэж хэлээд явсан болно. Тэгж хэлээд 13 сар болж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл ирж программаа хамгаалж чадаагүй болно. Тэгээд арай гэж Б.*******тэй холбоо барин яасан бэ гэхээр сургалт хариуцах хүн олдохгүй байна хайж байна гээд өнөөдрийг хүртэл тус программыг нэвтрүүлж чадаагүй. Энэхүү программ нь манай шаардлагыг хангаж чадахгүй дутагдалтай зүйлүүдийг доор дурдвал Үүнд: Засвар орох боломжгүй, эргэх холбоо байхгүй, нэг шивсэн бол тэр чигээрээ засварлах боломжгүй. Түүхий эд материал (ТЭМ) бүтээгдэхүүн, орц солих боломжгүй тогтсон нэг орцоор байх ёстой гэсэн. Энэ нь ТЭМ-н олдоц байхгүй үед орлуулах бүтээгдэхүүн оруулах боломжгүй гэсэн үг. Хөгжүүлэлт сайжруулалт хийх ямар ч боломжгүй /Тийм ажилтан байхгүй/ Анхнаасаа ******* болон туслахын мэдлэг мэргэжил хүрэхгүй нь ойлгомжтой болсон/. ТЭМ-ын болон бэлэн бүтээгдэхүүний няравын шаардлагагүйгээр нягтлан бодогч нар түүхий эд болон бараагаа өөрсдөө оруулахаар тохируулсан нь манай хүссэн программ биш болох нь мэдэгдэж эхэлсэн. Борлуулагч нарын борлуулалтыг нягтлан бодогч нар татдаг болсон нь өмнөх программаас дордсон зүйл болсон бөгөөд тэдний ажлыг хүндрүүлсэн зүйл болсон. Борлуулагч нарын очсон дэлгүүр, зураг, байршлыг хянадаг GPS-программ ажиллах ямар ч боломжгүй гэсэн. Гааль татварын байгууллагатай шууд холбогдох боломжтой, боломжгүй нь тодорхойгүй тестэлж үзээгүй тул эргэлзээтэй зэрэг өмнөх программаас дутагдалтай байгаа болно. Иймд дээрх зүйлүүдийг засч сайжруул гэж буцаахад 2 жил 2 сар болж байгаа юм чинь программын бусад хэсгүүд болох өглөг, авлага, үндсэн хөрөнгө, нэгдсэн тайлан, санхүүгийн байдал, орлого, үр дүн, борлуулалт, татварын тайлангууд дээр ямар алдаа гарч юуг сайжруулах залруулахад ямархуу хугацаа орох, мэдлэг мэргэжил нь хүрэх эсэхэд бид эргэлзэж байна. Бид *******ийг мэргэжил мэдлэг хүрэхгүй ажил мэргэжлийн /5-6 хүнтэй/ нэгдсэн баггүй байж танай программыг бид хийж чадна хэлэн манай ажлын шаардлагыг хангахгүй программ хийж манай компанийг 28 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Б.*******ээр хохирлыг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч М******* ХХК нь ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулсан. Программ хийлгэхээр болсон, ингээд нийт ажлын хөлсөнд 28 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Ажил эхэлснээс хойш тестэлсэн. 2023 оны 10 сар хүртэл ирээгүй, тэгээд уулзаад программын сургалтыг хийлгэе гэсэн. /Программ хийлгэнэ, сургалт хийлгэнэ гэсэн/ Туслах болох Ц.Б******* нь ирээд сургалт хийнэ гэсэн боловч бас л алга болсон. Асуухад Ирланд улсад явсан гэж хэлсэн. Программ нь чанарын шаардлага хангаагүй, тестэлж үзээгүй, үр дүнг хүлээлгэн өгөөгүй, ажлын доголдлыг засаж өгөөгүй, цаашид засаж өгөхгүй нь тодорхойгүй учраас гэрээнээс татгалзаж, төлсөн 28 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна, шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа хохироосон 28 000 000 төгрөг гаргуулах гэж бичсэн байгаа, өөрсдөө бодит байдлаа бичээд гаргасан нэхэмжлэлийн шаардлага юм, ажлын хөлс гэж 28 000 000 төгрөгөө өгчихлөө, ажлаа хийхгүй хохироод байна, хийхгүй юм бол буцаагаад өгөөч гэсэн байгаа. Тиймээс гэрээнээс татгалзаад өгсөн мөнгөө буцаан нэхэж байгаа гэж үзэж болно. Шаардлага өөрчлөгдсөн зүйл байхгүй. Энэ хугацаанд хариуцагчийн зүгээс ойлгосон гэж үзэж байгаа. Хариуцагчаас ажлаа хийгээд өгчихсөн гэж байна, гэтэл энэ талаарх баримтгүй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д зааснаар ажил хийсэн бол үр дүн байх ёстой. Ажлын үр дүнг хүлээлгэн өгөх нь гүйцэтгэгчийн үүрэг. Өөрөө үүнийг нотлоогүй. Энэ талаар баримт байхгүй. Хийсэн ажил нь алдаа дутагдалтай байсан гэдэг нь 14 талд байгаа тайлбартаа өөрөө зөвшөөрснөөр нотлогдоно. Гэтэл Ц.Б******* нь хэлцэлд ороогүй. Манайх Б.*******тэй л гэрээ байгуулсан. Туслан гүйцэтгэгч өөрөө авсан бол үр дүнг нь хариуцагч өөрөө хүлээнэ. Хэрэв хариуцагч өөрт нь хохирол учирсан гэж үзвэл Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.10-д зааснаар н.Б*******ээсээ жич нэхэмжлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2022 оны 3 сард Мөнхийн гэрэл өнхрүүш ХХК-ний ерөнхий захирал Б.Г*******, түүний хүү Ч, ерөнхий ня-бо А******* нартай иргэн Б.*******, иргэн Ц.Б******* нар уулзан тохиролцон тохиролцоогоор ОDOO ERP программыг ААН-н өгөгдлүүдийг оруулан модулууд өөрчлөх ажлуудыг хийхээр тохиролцсон. Иргэн Б.******* нь шинэ сервер худалдан авч серверт байх бүх зүйлийг шинээр суулган бүх тохиргоо, сүлжээний ерөнхий зураглал тохиргоо, хамгаалалт, леценз зэргийг шийдвэрлэж 2022 оны 12 сар гэхэд программ ажиллуулах талбар буюу серверийг бүрэн хийж дуусган компанид хүлээлгэн өгсөн. Иргэн Ц.Б******* тухайн компанийн төлөөний хүмүүстэй удаа дараа уулзалт хийн бараа бүтээгдэхүүний нэршил, түүний эд материалийн жагсаалт, эхний болон эцсийн үлдэгдэл зэргийг оруулж олон улсад ашиглагддаг ОDOO ERP программын модулиудыг хөгжүүлэлтийг хийж туршилт, сургалт мэдээллийг тодорхой хэмжээнд хийсэн учраас тохиролцсон ажлууд бүрэн хийгдсэн гэж үзэж байгаа тул тухайн компанийн 28 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна, мөн нэхэмжилсэн тэмдэгтийн хураамжийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа, хариуцагч нь эхлээд нэхэмжлэлдээ хохирол учруулсан гэж гаргасан, одоо шүүх хуралдаан дээр гэрээнээс татгалзаж, төлсөн мөнгөө буцаан нэхэмжлээд байна. Аль алийг нь зөвшөөрөхгүй. Эхлээд хариуцагч нь М ХХК-ийн н.Г*******, түүний хүү, нягтлан бодогчтой нартай нь уулзаж, Ц.Б*******тэй хамтран программын ажил хийхээр тохиролцсон байдаг. Хариуцагч нь шинэ сервис аваад ком суулгана, дараа нь сургалтыг Ц.Б******* зохион байгуулахаар харилцан тохиролцсон гэдэг. Б.******* нь 1р шатны ажил буюу шинэ сервер худалдаж аваад 2022 оны 12 сард программ ажиллахад бэлэн болгоод хүлээлгэн өгсөн /хүлээж авахдаа алдаа дутагдалтай гэж хэлж байгаагүй/ Ингээд Б.*******ийн үүрэг дуусгавар болсон, тухайн хийсэн програмаа яаж ажиллуулах талаар Ц.Б******* гэдэг хүн нь уулзаад туршилт, сургалтуудыг хийсэн байдаг. 2022 оны 12 сард хийсэн ажлуудыг хүлээн аваад үүнээс хойш гомдлын шаардлага огт гаргаагүй. Тэгээд 2024 оны 6 сард гэнэт л нэхэмжлэл гаргасан байдаг. Хохиролд тооцоод байгаа бол ямар хохиролд тооцоод байгаа нь үндэслэлгүй байна. Энэ талаарх баримтгүй байна. Нөгөө талаас хийх ажлаа бүрэн хийсэн, хүлээн авснаас хойш шаардлага гаргаж байгаагүй тул гэрээнээс татгалзана гэж байхгүй, нэхэмжлэл үндэслэлгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээ, дансны хуулга, шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэсэн баримтуудыг /хх-ийн 4-5, 6-8-р хуудас/,
хариуцагчаас хариу тайлбар, дансны хуулга, фэйсбүүк чатаар харилцсан зурвас, гэрэл зураг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, дансны хуулга гэсэн баримтуудыг /хх-ийн 14, 15-28, 29-30, 32-33, 34-44, 46-58-р хуудас/ гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлээс 14 000 000 төгрөгийг хангаж, үлдэх 14 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******тэй санхүүгийн программ хийлгэхээр харилцан тохиролцож ажлын хөлсөнд 23 000 000 төгрөг, серверийн мөнгө 5 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч программыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөөгүй, компьютерт суулган сургалт эхлүүлэхээр тестэлж эхлэхэд үр дүнд хүрээгүй, хөгжүүлэлт хийгээгүй, сургалтаа зохион байгуулаагүй, өнөөдрийг хүртэл ажлын доголдлыг засаж өгөөгүй, цаашид засаж өгөхгүй нь тодорхойгүй учраас гэрээнээс татгалзаж, төлсөн 28 000 000 төгрөгийг буцаан гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч М ХХК-тай харилцан тохиролцож, Ц.Б*******тэй хамтран санхүүгийн программ хийхээр, хариуцагч нь шинэ сервер авч компьютерт суулгах, Ц.Б******* нь сургалт зохион байгуулахаар тохиролцож, хариуцагч нь шинэ сервер худалдаж аваад 2022 оны 12 сард программ ажиллахад бэлэн болгоод нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, үүрэг дуусгавар болсон, хийсэн программыг хэрхэн ажиллуулах талаар Ц.Б******* туршилт, сургалтуудыг хийсэн, ажил хүлээн авснаас хойш гомдлын шаардлага гаргаагүй атлаа гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрөө буцаан нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Б.*******тэй 2022 оны 04 сард санхүүгийн программыг 28 000 000 төгрөгөөр хийлгэхээр харилцан тохиролцож, түүний эзэмшлийн Хаан банкны 5890******* дугаарын дансанд 2022 оны 04 дүгээр сарын 03-нд 8 000 000 төгрөгийг программ хийх урьдчилгаа төлбөрт, 2022 оны 05 дугаар сарын 14-нд 8 000 000 төгрөгийг программ хийх урьдчилгаа төлбөр сэдэд, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 5 000 000 төгрөгийг серверийн төлбөр өнхрүүш *******, 2022 оны 10 дугаар сарын 10-нд 5 000 000 төгрөгийг программ хийсэн ажлын төлбөрт сэдэдит, 2023 оны 02 дугаар сарын 19-нд 2 000 000 төгрөгийг программ хангамжийн үлдэгдэл төлбөр сэдэт гэсэн гүйлгээний утгайтайгаар тус тус шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын Хаан банкны депозит дансны хуулгаар тус тус тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.
4.2.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй санхүүгийн программ хийхээр харилцан тохиролцсон талаар маргаагүй боловч уг ажлыг Ц.Б*******тэй хамтран гүйцэтгэхээр харилцан тохиролцсон, хариуцагч нь шинэ сервер аваад нэхэмжлэгчийн компьютерт суулгах, дараа нь программтай холбоотой сургалтыг нь Ц.Б******* зохион байгуулахаар харилцан тохиролцсон буюу хариуцагчид холбогдох үүрэг нь дуусгавар болсон, тухайн программыг хэрхэн ажиллуулах талаарх сургалтыг Ц.Б******* хийх байсан байхад хариуцагч Б.******* холбогдуулан нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй гэж маргаж, ажлын хөлсийг Ц.Б*******эд мөн шилжүүлж байсныг Хаан банкны депозит дансны хуулгаар нотлоно гэсэн.
4.3.Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн түүний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2022 оны 04 дүгээр сарын 03-нд ажлын хөлс 1 000 000 төгрөгийг, 2022 оны 05 дугаар сарын 14-нд 5 000 000 төгрөгийг цалин гэсэн гүйлгээний утгатайгээр Ц.Б******* шилжүүлж байсан болох нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчээс программын ажил гүйцэтгэхтэй холбоотой ажлын хөлсийг хариуцагч Б.******* шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын депозит дансны хуулгаар тогтоогдож байна.
4.4.Хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгч М******* ХХК-ийн захирал болон түүний хүү Г.Ч, ерөнхий ня-бо н.А*******, хариуцагч Б.*******, Ц.Б******* нар харилцан тохиролцсон, энэ нь хэрэгт авагдсан Ц.Б*******тэй чаталсан чатаар нотлогдоно гэх боловч ажлын хөлсийг шилжүүлсэн баримтаар нэхэмжлэгч М******* ХХК, хариуцагч Б.******* нарын хооронд ажлын хөлс буюу гэрээний төлбөр шилжсэн, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Ц.Б*******тэй харилцсан гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож санхүүгийн программ зохион бүтээлгэх, сургалт явуулахаар харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна гэж үзэв.
4.4.Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1-д ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно, 347.2-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж тус тус заажээ.
4.5.Иймд нэхэмжлэгч М******* ХХК болон хариуцагч Б.******* нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн буюу гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.
5.Талууд ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх, хүлээлгэн өгсөн ажил доголдолтой байсан талаар маргаж байна, гэрээ байгуулсан, ажлын хөлс болон серверийн мөнгө нийт 28 000 000 төгрөг шилжүүлсэн талаар маргаагүй.
6.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ заажээ.
6.1.Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан программ хийх ажлаа гүйцэтгээгүй, хийсэн ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй тул ажлын хөлс, серверийн төлбөрт төлсөн 28 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан.
6.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь санхүүгийн программын ажлыг бүрэн дуусган хүлээлгэн өгсөн, шинэ сервир авч суурилуулсан гэж маргаж хүлээлгэн өгсөн учраас л сургалт явуулахаар тохиролцож байсан гэж мэтгэлцсэн.
6.3.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-д ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-д ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан.
6.4.Хариуцагч нь санхүүгийн программыг бэлэн болгож, хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан программын гарын авлагаар /хэргийн 50 дугаар хуудас/ нотлогдоно гэсэн боловч хариуцагчийн шүүхэд татгалзлаа нотлохоор ирүүлсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн уг баримтыг нотлох баримтын шаардлага хангах талаар мөн хуулийн 48 дугаар зүйлд зааснаар үзлэг хийлгэх хүсэлтийг гаргаагүй болно.
6.5.Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг ажил гүйцэтгэгч буюу хариуцагч нь хүлээх бөгөөд энэ үүргээ бүрэн биелүүлсэн талаараа хариуцагч нь нотлоогүй тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, 355.2-д ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар ажлын хөлсөнд шилжүүлсэн 23 000 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна гэж үзэв.
6.6.Гэвч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээгээр харилцан тохиролцсон санхүүгийн программын ажлын 1 дүгээр шатны ажил болох сервер шинээр худалдан авч суурилуулсан талаар маргаагүй, зохигч талуудын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар серверийн төлбөр шилжүүлж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд программыг ажлын компьютерт суулган тестэлсэн боловч ажиллаагүй гэж нэхэмжлэгч нь тайлбарласан тул хариуцагчаас санхүүгийн программын ажлын хөлс, серверийн төлбөрт шилжүүлсэн 28 000 000 төгрөгийн 50 хувь болох 14 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 14 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан баримтад, Ц.Б*******тэй харилцсан чатад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагыг ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаараа хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа дурдсан, мөн хариуцагчаас 2024 оны 09 дүгээр сарын 25-нд М.Ц*******т итгэмжлэл олгосон байхад дээрх хүсэлтийг хуралдаанд гаргасан нь талуудын мэтгэлцээний явцад буюу шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт гаргуулахаар гаргасан хүсэлт гэх үндэслэлгүй, уг баримтыг өөрөө шүүхэд гаргаж өгөх эрх нь нээлттэй байсан байх тул хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 355 дугаар зүйлийн 355.2-д зааснаар хариуцагч Б.*******ээс 14 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 227 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН