2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/05478

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М******* ХХК /РД:*****/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч:  Д******* ХХК /РД:*****/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дний үнэ болон алдангид нийт 348 993 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д*******,

Хариуцагчийн төлөөлөгч О.Ж*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хөлөгөн шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Д******* ХХК-д холбогдуулан дний үнэ 296 000 000 төгрөг, алданги 52 993 000 төгрөг, нийт 348 993 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.М******* ХХК нь Д******* ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/0326 дугаар "Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ", №МД/2 дугаар "Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай нэмэлт гэрээ" -г байгуулж, тус гэрээгээр М******* ХХК нь литр тутамдаа 1480 төгрөгийн үнэтэй, 2 400 000 литр, нийт 3 552 000 000 төгрөгийн үнэтэй дийг нийлүүлэх, Д******* ХХК нь дний үнийг төлөх үүргийг харилцан хүлээсэн. Мөн, талууд нэмэлтээр 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/3 дугаар "Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж, энэ гэрээгээр 1 200 000 литр, нийт 1 776 000 000 төгрөгийн үнэтэй дийг М******* ХХК нийлүүлэх, Д******* ХХК нь гэрээний зүйлийн үнийг 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төлөхөөр тохиролцсон. Улмаар, талууд 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/03 дугаар "Харилцан нууц хадгалах гэрээ", №17/3 дугаар Хамтран ажиллах гэрээ", МД/0326 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуцийн гэрээ"-г тус тус байгуулж, Фидуцийн гэрээний дагуу САТ ******* УБ, САТ ******* УБ улсын дугаартай техникийн өмчлөх эрхийг "М*******" ХХК-д шилжүүлж өгөхөөр болсон. Ингээд, М******* ХХК ******* УБ улсын дугаартай техникийн өмчлөх эрхийг бичиг баримтын хүрээнд шилжүүлэн авч, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр техникийн гэрчилгээг авсан боловч өнөөдрийг хүртэл тус техникийг бодит байдлаар хүлээн аваагүй, хаана байгааг нь мэдэхгүй байсаар байна. Дний тухайд, Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойших хугацаанд М******* ХХК нь нийт 200,000 литр, нийт 296 000 000 төгрөгний үнэ бүхий түлшийг Д******* ХХК-д шилжүүлэн өгсөн ба түлш тасалдсаны улмаас үлдэх түлшийг шилжүүлэх боломжгүй болсон. Дээрх нөхцөл байдлыг талуудын хэн аль нь хүлээн зөвшөөрч, 296 000 000 төгрөгний үнэ бүхий түлшний үнийг төлөөд гэрээг дуусгавар болгохоор болсон боловч хариуцагчаас өнөөдрийг хүртэл тус төлбөрийг төлөлгүй нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосоор байна. Хариуцагчийн зүгээс, нэхэмжлэгчид хандан нийт 200,000 литр түлшний нийт төлбөр болох 296 000 000 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор бүрэн барагдуулахаа илэрхийлж хүсэлт ирүүлж байсан боловч үр дүнд хүрээгүй болно. 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/0326 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний 6.2 дахь хэсэгт Захиалагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.01 хувийн алдангийг нийлүүлэгч талд төлнө" гэж заасны дагуу төлбөр төлөгдөх ёстой байсан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацааны алдангийг тооцвол 52 993 000 төгрөг болохоор байна. Нэхэмжлэгчийн зүгээс, төлбөрөө авсан тохиолдолд Фидуцийн гэрээний зүйл болох САТ ******* УБ улсын дугаартай техникийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй байгаа болно. Иймд, Д******* ХХК-аас дний үнэ 296 000 000 төгрөг, алданги 52 993 000 төгрөг, нийт 348 993 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү, гэрээ байгуулсан, түлш нийлүүлсэн боловч хариуцагч нь үүргээ биелүүлээгүй төлбөрөө төлөөгүй. Төлнө гэж өөрөө хүсэлт ирүүлж байсан боловч төлөхгүй байсан учраас цагдаад гомдол гаргасан, гомдлыг шалгаад иргэний журмаар яв гэсэн учраас иргэний шүүхэд хандсан. Иймд аваад хэрэглэсэн зүйлийнхээ төлбөрийг төлөх нь зүйд нийцэх учраас нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч О.Ж******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай ДХХК нь Б******* ХХК, N ХХК нарт д нэг жилийн туршид нийлүүлэхээр их хэмжээний үнийн дүнтэй гэрээ байгуулсан. Тус гэрээнүүдтэй холбоотойгоор 2017 оны 03-р сарын 10-ны өдөр П******* ХХК-тай гэрээ байгуулж тухайн түлшний хэрэгцээгээ хангуулахаар болсон.

Гэтэл энэ үеэр нэхэмжлэгч компани болох М******* ХХК нь манай байгууллагатай холбогдож манай компанид маш их хэмжээний түлш байгаа дээрх хоёр компанид жилийн хугацаанд хангалттай нийлүүлж чадна гэж итгүүлэн П******* ХХК-тай байгуулсан гэрээнээс минь татгалзуулаад манай компанитай гэрээ хийчих гэж худлаа ярьж ямар ч түлшний нөөцгүй, ямар ч түлшгүй байж гэрээ байгуулсан буюу манай компанийг анх төөрөгдөлд оруулах замаар 2017 оны 03-р сарын 25-ны өдөр гэрээ хийсэн байдаг.

Нэхэмжлэгч байгууллагатай байгуулсан 2017 оны 03 сарын 25-ны өдрийн №МД/2 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай нэмэлт гэрээгээр нэхэмжлэгч компани нь 2,400,000 литр зуны дийг 2017 оны 03 сарын 27-ны өдөр гэхэд манай компанид нийлүүлэхээр манай компани нь нэг литр түлшний үнийг 1,480 төгрөгт тооцон худалдаж авахаар тохиролцсон.

Уг гэрээний дагуу 200,000 литр түлшийг манай компанид нэхэмжлэгч компани нийлүүлсэн нь үнэн боловч үлдэгдэл 2,200,000 литр түлшийг гэрээгээр тохирсон хугацаанд огт нийлүүлээгүй болно. Тус гэрээний үүргээ биелүүлээгүйгээс болж манай компани ажиллууд доголдож, дээр дурдсан Б ХХК, N ХХК-д нийлүүлэх түлшгүй болж их хэмжээний хохирол харилцагч компаниудад учруулсан.

М ХХК-с нийлүүлсэн 200,000 литр түлшнээс Б ХХК-д 92,670 литр түлшийг 1,610/нэг литр/-төгрөгөөр тооц нийт 154,898,100 төгрөгөөр нийлүүлсэн. Энэ мөнгийг одоо болтол Б******* ХХК-с аваагүй бөгөөд учир нь энэ компанид манай байгууллага түлшээ нийлүүлээгүйгээс бүх машин механизм нь зогсож ажлаа хийж чадахгүй болж учирсан хохиролд нийт 300 гаруй сая төгрөг гарсан бөгөөд энэ мөнгийг одоо болтол манай байгууллагаас нэхэмжилж байгаа болно.

Харин нэхэмжлэгч компаниас нийлүүлсэн түлшний үлдэгдэл болох 107,330 литр түлшийг N ХХК-д буюу Өмнөговь аймгийн цагаан хаданд аваачиж нийлүүлсэн бөгөөд гэрээний үүргээ гүйцэт биелүүлж чадаагүйн улмаас мөн л мөнгөө тухайн компаниас авч чадаагүй.

Дээрх хоёр харилцагч компанид нийлүүлэх түлшийг тээюрлэлтийн компани болох Т ХХК-р тээвэрлүүлсэн бөгөөд Б ХХК-руу тээвэрлүүлсэн тээврийн хөлс нь 3.734.400 төгрөг, N ХХК-руу түлш тээвэрлүүлсэн тээврийн хөлс нь 12.240.000 төгрөг болсон буюу тээврийн зардал нь нийт 15,974,400 төгрөг болсон. Энэхүү зардалыг мөн төлж чадаагүй.

Үнэн хэрэгтээ дээрх манай компаний өр төлбөр мөн харилцагч компаниудын хохиролд М******* ХХК нь буруутай юм. Учир нь тухайн компани нь бодит байдал дээр гэрээгээр тохирсон хэмжээний ямар ч түлш байхгүй байж байгаа гэж худал хэлж манай компани П ХХК-тай байгуулсан гэрээг цуцлуулж байгаад манай компанитай гэрээ байгуулснаас болж дээрх 3 компанид маш их хэмжээний хохирол учруулах үндэс тавигдсан буюу гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг буруутай тал нь хариуцах ёстой учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан мөнгийг төлөх үүрэггүй юм.

Хоёр. Хавтас хэрэгт авагдсан төлбөр төлнө гэх баримт бичгийн тухайд хариуцагч компаний гүйцэтгэх захирал О.Ж******* намайг дуудаж 5-6 залуучуудтай сууж байгаад намайг дарамталж, хууль хүчний байгууллагаар явсан ч танил тал ихтэй мөн хувиараа явсан ч чамайг хэн ч биш болгоно асуудалгүй амьдрахыг хүсэж байгаа бол энэ цаасан дээр бичээд өгчих гэж айлган сүрдүүлж мөн нууцийн гэрээтэй учир энэ талаар чи хэнд ч хэлж болохгүй гэх зэргээр төөрөгдөлд оруулан гар бичмэлийг бичүүлсэн. Энэ талаар О.Ж******* би хууль хяналтын байгууллагад мэдүүлэг, тайлбар өгөхдөө хэлсэн байдаг. Энэ баримт нь манай компани сайн дураар хүсэл зоригоо илэрхийлж бичсэн зүйл биш болно. /Тус баримтыг хэрэг хянан шийлвэрлэх явцад нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгнө/.

Гурав. Манай компаний зүгээс нэхэмжлэгч компани нь гэрээгээр тохирсон түлшээ хугацаанд нийлүүлэхгүй, энэ талаар огт арга хэмжээ авахгүй байсанд хариуцагч компанитай удаа дараа холбогдож нийлүүлэх ёстой түлшээ нэхэмжилж, харилцагч компаниудад учирсан хохиролыг шийдвэрлүүлэхээр хөөцөлдсөнд ямар нэгэн хариу өгөхгүй алга болсон.

Үүний дараагаар 2018 онд манай компаний гүйцэтгэх захирал О.Ж******* нь Говь-Алтай аймагт ажлаар явж байхад замын цагдаа зогсоогоод таныг эрэн сурвалжилсан байна замын хөдөлгөөнийг үргэлжлүүлэх боломжгүй гээд Улаанбаатар хотруу буцаасан байдаг.

Тухайн үед О.Ж******* нь аль газраас ямар үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа талаар лавлахад СХДЦХ-1 эрэн сурвалжилсан байна гэсэн. Ингээд тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагат очин яагаад эрүүгийн журмаар шалгаж байгаа талаар лавлан компанитай холбогдолтой бүх үйл баримтаа ярьсан. Гэтэл цагдаа нь гүйцэтгэх захирлаас тайлбар аваад хүчин төгөлдөр иргэний үнэмлэхээ үзүүлж байхад албаар гэрийн хаягыг буруу бичиж авсанг сүүлд мэдсэн.

Ингээд ажлаа хийгээд явж байтал гүйцэтгэх захирал О.Ж*******ыг ахин эрэн сурвалжилсан. Дахин очоод мэдүүлэг тайлбар өгөөд яагаад мэдүүлэг тайлбар өгөөд байхад та нар эрэн сурвалжлаад байгаан асуухад хаягыг албаар буруу бичээд эрэн сурвалжилаад байгаа болж таарсан.

Дээрх асуудлаар эрэн сурвалжилж мэдүүлэг тайлбарыг манай компаний гүйцэтгэх захирал О.Ж*******аас авахдаа дандаа долоо хоногийн 5 дахь өдөр болгон дууддаг байсан бөгөөд ямарч хамааралгүй СХДЦХ-1 дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байсан.

Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь үндэслэлгүй бөгөөд гэрээний үүргээ өөрсдөө биелүүлээгүй зөрчсөн үүнээс болж 3-4 компанид хохирол учруулсан энэ асуудал нь одоо болтол шийдэгдээгүй хэвээр байгаа бөгөөд холбогдох бүх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх болно. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч бас гэрээний үүргээ биелүүлээгүй, түлшээ хугацаандаа нийлүүлээгүй, хугацаандаа нийлүүлээгүйгээс нь болж бид бас хохирсон учраас зөвшөөрөхгүй. Төлбөрийг төлнө гэж хүсэлт бичсэн нь үнэн, гэхдээ хүсэлтийг дарамталж байгаад л бичүүлж авсан, би цагдаа дээр ч зөвшөөрч байгаагүй, иргэний маргаан гэж хэлээд байхад өөрсдөө цагдаагаар явсан юм.

 

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Г.Т******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй үндэслэл нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байгаа. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар нэхэмжлэгчийн шаардах эрх 2021 оны 6 дугаар сарын 19-ний өдөр цагдаад гомдол гаргаснаар дууссан байх тул 3 жилийн хугацаа өнгөрсөн. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй. М******* ХХК нь 2017 оны 5 сараас шаардах эрх нь үүссэн байгаа, 5 сард төлнө гээд хариуцагч бичээд өгсөн нь үнэн. Гэтэл 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр цагдаад гомдол гаргадаг. Төлбөрөө төлөхгүй эрхээ зөрчсөн гэдгийг бол мэдсэн байдаг. Хариуцагч нь зөвшөөрөхгүй, иргэний маргаан гэдгийг хэлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдан, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдэгтэй маргахгүй байж цагдаад гомдол гаргаад байгаа нь үндэслэлгүй. Хөөн хэлэлцэх хугацаа түр зогсоох үндэслэл бол харагдахгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж үзэж байна, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, 2017.03.25-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай нэмэлт гэрээ, 2017.03.25-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай нэмэлт гэрээ, 2017.03.25-ны өдрийн Харилцан нууц хадгалах гэрээ, 2017.03.25-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2017.03.25-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуцийн гэрээ/, О.Ж*******ын гаргасан хүсэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Улсын ерөнхий прокурорын газрын 2022.02.08-ны өдрийн 4/404 тоот Гомдлын хариу өгөх тухай албан бичиг, 2022.01.06-ны өдрийн 1/160 тоот Гомдлын хариу, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021.02.16-ны өдрийн 178 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, О.Ж*******ын Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт гаргасан хариу тайлбар, Соронзон үелзүүрт томографийн оношлогооны хуудас, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.18-ны өдрийн 61 дүгээр Шийтгэх тогтоол, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн албан бичиг, Мөрдөгчийн санал, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2017.09.27-ны өдрийн 65 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал гаргаж ирүүлсэн хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлт явуулахаар буцаах тухай тогтоол, М******* ХХК-ийн гаргасан хүсэлт, торгуулийн хуудас, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа, 2018.11.22-ны өдрийн Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх мөрдөгчийн санал, 2018.11.23-ны өдрийн 241 дүгээр Хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоол, 2018.11.27-ны өдрийн 81 дүгээр Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, эрэн сурвалжлах зарлал, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019.06.28-ны өдрийн 313 дугаар Нэмэлт хэрэг бүртгэлт явуулах тухай тогтоол, 2019.06.19-ний өдрийн Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, 2020.10.06-ны өдрийн Гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Э ХХК-иас 2024.06.04-ний өдрийн №АБ/24-065 тоот албан бичиг, 2017.05.05-ны өдрийн Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, Б ХХК-иас 2017.03.20-ны өдрийн №БМ/01 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, хавсралт, Э ХХК-иас 2025.02.19-ний өдрийн №АБ/25-035 тоот албан бичиг, төлбөрийн даалгавар, 2017.05.05-ны өдрийн Нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэх гэсэн баримтуудыг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М******* ХХК-ийн нэхэмжлэлээс 296 000 000 төгрөгийг хангаж, үлдэх 52 993 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Д******* ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, нэмэлт гэрээ байгуулж, нийт 200 000 литр 296 000 000 төгрөгний үнэ бүхий түлшийг шилжүүлэн өгсөн боловч төлбөрийг харилцан тохиролцсон хугацаандаа төлөөгүй, мөн харилцан нууц хадгалах гэрээ, хамтран ажиллах гэрээ, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ байгуулж, САТ *******УБ, САТ *******УБ улсын дугаартай техникийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон боловч бодит байдлаар хүлээлгэн өгөөгүй тул дний төлбөрт 296 000 000 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс алданги 52 993 000 төгрөг, нийт 348 993 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч М******* ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, түлшний нөөцгүй, хангалттай түлшгүй байсан атлаа төөрөгдөлд оруулан гэрээ хийж, нийт 2 400 000 литр д нийлүүлэх байснаас 200 000 литрыг нийлүүлсэн, манай компанийг өр төлбөрт оруулсан, мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Д******* ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/0326 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь Монгол улсын стандарт, чанарын шаардлага хангасан, техникийн нөхцөлд тохирсон дийг гэрээнд заасан нөхцлөөр гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх, хариуцагч нь гэрээний зүйлийг тохиролцсон хугацаандаа хүлээн авч, үнийг төлөхөөр тохиролцож, 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №МД/2 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай нэмэлт гэрээгээр нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээнд заасан чанар стандартын шаардлага хангасан нийт 2 400 000 литр зуны дийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор нийлүүлэх, хариуцагч нь дний үнэ нэг литр тутамд 1 480 төгрөгөөр тооцож, 2 400 000 литр дний үнэ 3 552 000 000 төгрөгийг бэлнээр төлөхөөр харилцан тохиролцжээ.

5.1.Мөн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн талуудын хооронд байгуулсан №МД/3 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээнд заасан чанар стандартын шаардлага хангасан, нийт 1 200 000 литр зуны дийг нэхэмжлэгч нь хариуцагчид Улаанбаатар дахь өөрийн агуулахаас 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нийлүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид түлшний үнэ 1 776 000 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлөхөөр тохиролцсон байна.

5.2.Зохигч талууд 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/03 дугаартай Харилцан нууц хадгалах гэрээ байгуулж, гэрээний Хавсрал-1-д заасан бүх мэдээллийг, бизнесийн болон бусад нууцад хамаарах мэдээ, мэдээллийг хадгалах, хамгаалах, нөгөө талын албан ёсны зөвшөөрөлгүйгээр бусдад задруулахгүй, ашиглуулахгүй байх үүргийг харилцан хугацаагүй хүлээнэ гэжээ.

5.3.Талууд 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №17/3 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж, нийлүүлэгч буюу нэхэмжлэгч нь захиалагч буюу хариуцагчид д нийлүүлэх, хариуцагч нь түлш нийлүүлэх гэрээний төлбөрийг хугацаандаа төлөхөөр 1 жилийн хугацаатай хамтран ажиллахаар, энэхүү гэрээний салшгүй хэсэг болох Нууц үл задруулах гэрээг байгуулахаар тохиролцжээ.

5.4.Мөн 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зохигч талууд №МД/0326 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуцийн гэрээ/ байгуулж, дээрх гэрээнүүдийн төлбөрийг эргүүлэн төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар САТ *******УБ, САТ *******УБ дугаартай бульдозерийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээнүүд, №МД/0325 дугаартай гэрээний Хавсралт-1, тээврийн хэрэгслийн №03983170, №01495559 дугаартай гэрчилгээнүүд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

6.Талууд гэрээний үүргийг биелүүлээгүй, хугацаандаа д нийлүүлээгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх талаар маргаж байна, худалдах, худалдан авах гэрээ, нэмэлт гэрээ, зээлээр худалдах, худалдан авах гэрээ, хамтран ажиллах болон нууц хадгалах гэрээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг тус тус байгуулсан, 200 000 литр д нийлүүлсэн, хүлээн авсан талаараа маргаагүй.

 

7.Зохигч талууд 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр №МД/0326 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, №МД/2 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах тухай нэмэлт гэрээ, №МД/3 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, нийт 2 400 000 литр зуны дийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор нийлүүлэх, хариуцагч нь дний үнэд 3 552 000 000 төгрөгийг бэлнээр төлөх, мөн талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээнд заасан нийт 1 200 000 литр зуны дийг нэхэмжлэгч нь хариуцагчид 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нийлүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгчид түлшний үнэ 1 776 000 000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төлөхөөр тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

 

7.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид нийт 200 000 литр дийг нийлүүлсэн тул түүний үнэ болох 296 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

7.2.Хариуцагч нь нэхэмжлэгчээс 200 000 литр д хүлээн авсан талаараа маргаагүй боловч нэхэмжлэгчийг гэрээнд заасан хугацаандаа түлшээ нийлүүлээгүй, үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс компанид хохирол учирсан, төлбөр төлнө гэсэн хүсэлтийг дарамталж байгаад бичүүлсэн гэж, хариуцагчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн шаардах эрх нь 2017 оны 06 дугаар сарын 09-нд цагдаад гомдол гаргаснаар үүссэн байх бөгөөд хуульд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхийн 3 жилийн хугацаа нь өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй гэж мэтгэлцсэн.

 

8.Хариуцагч нь нэхэмжлэгчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, хугацаандаа дээ нийлүүлээгүйгээс компанид хохирол учирсан гэж Д******* ХХК-ийн Э ХХК-тай нефтийн бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн Д******* ХХК-ийн Б ХХК-тай байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, хавсралтуудыг ирүүлсэн боловч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн талаарх баримтгүй, компанид болон харилцагч компаниудад нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас буюу гэрээгээ хугацаандаа биелүүлээгүйгээс хэдий хэмжээний хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

8.1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заасан бөгөөд 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 76.2-д хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.

8.2.Хариуцагчийн өмгөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх нь нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 09-нд цагдаад гомдол гаргаснаар үүссэн гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн шаардах эрх нь эрүүгийн журмаар гомдол гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол гарч, иргэний журмаар шийдвэрлүүлэхээр заасан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж маргасан.

8.3.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил байх бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээний хариуцагчийн үүргээ гүйцэтгэх буюу төлбөр төлөх хугацаа нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр, мөн хариуцагчаас нэхэмжлэгчид гаргасан хүсэлтэд төлбөр төлөх хугацаа нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны дотор гэсэн байх тул Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хугацааг ямар нэгэн үүрэг гүйцэтгэхийн тулд тогтоосон бөгөөд хэлцэлд өөрөөр заагаагүй бол хугацааны эцсийн өдрийн хорин дөрвөн цагийн дотор уг үүргийг гүйцэтгэсэн байна гэж, мөн 73.3-т Долоо хоног, хоногоор тогтоосон хугацаа уг хугацаа дуусах өдрийн мөн цагт дуусна гэж тус тус заасныг үндэслэн мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар тооцож үзэхэд нэхэмжлэгчийн шаардах эрх нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр үүсэж, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр дуусахаар байна.

8.4.Гэхдээ хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь эрхээ зөрчигдсөн гэж 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан байх бөгөөд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №178 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолоор Д******* ХХК-ийн захирал О.Ж******* нь М******* ХХК-с дний төлбөр өгөлгүй залилсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, харин Иргэний хуульд заасан гэрээний хугацаа, үүргийн гүйцэтгэл, төлбөртэй холбоотой маргаан буюу иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай асуудал байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэлээ гэж нэхэмжлэгчид гэрээтэй холбоотой хэрэг маргааныг шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсэн болох нь тогтоогдож байна.

8.5.Хариуцагч нь эрүүгийн журмаар шалгасан нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхгүй гэж маргасан боловч Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад эрүүгийн гэмт хэргийн талаар гомдол гаргаж, түүнийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсаныг хөөн хэлэлцэх хугацаа тасалдах үндэслэлд хамаарахгүй гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

8.6.Мөн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгч М******* ХХК-нд 200 000 литр дний үнэ 296 000 000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны дотор бүрэн барагдуулахаар хүлээн зөвшөөрч хүсэлт гаргаж байсан байх бөгөөд уг хүсэлтийг өөрийн хүсэлтээр бичээгүй, дарамт шахалтад орж бичсэн гэх боловч энэ талаар баримтаар нотлоогүй болно.

  8.7.Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж зааснаар хариуцагч Д ХХК-иас нийлүүлсэн 200 000 литр дний үнэ болох 296 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* ХХК-нд олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

8.8.Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн №МД/0326 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 6.2-д захиалагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.01 хувийн алдангийг нийлүүлэгч талд төлнө" гэж харилцан тохиролцсон тул 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацааны алдангид 52 993 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулсан, хариуцагч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй байхад нэхэмжлэгч нь фидуцийн гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй байх тул алданги шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэж, алдангид тооцож нэхэмжилсэн 52 993 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

9.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ буюу фидуцийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь 235 дугаар зүйлийн 235.5-д зааснаар гэрээг байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байх боловч нэхэмжлэгч нь фидуцийн зүйлийг хариуцагч нь бодитоор хүлээлгэн өгөөгүй гэж тайлбарласан, хариуцагч нь фидуцийн зүйлийг хүлээлгэн өгөх боломжгүй, хүлээлгэн өгөөгүй талаараа хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч нь дний үнийг төлсөн тохиолдолд фидуцийн гэрээний зүйл болох техникийн өмчлөх эрхийг хариуцагчид буцаан шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн болно.

 

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 904 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 637 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д******* ХХК-иас дний үнэ 296 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-нд олгож, нэхэмжлэлээс 52 993 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 904 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д******* ХХК-иас 1 637 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН