2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 192/ШШ2025/05479

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Д /РД:**********/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Э /РД:*********/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай,

 

Хариуцагч: Н.Э /РД:*********/-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч:  А.Д /РД:**********/-т холбогдох,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэнээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ш*******, Л.Н*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И******* өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэсэн тул талуудын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Д******* нь хариуцагч Н.Э*******д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие А.Д******* 2020 онд анх Н. Э*******той танилцаж 2023 оныг хүртэл найз нөхдийн харилцаа холбоотой явсан. Би 2023 оны 6 сард 2 тоот хоёр өрөө орон сууцыг худалдаж авсан. Энэ орон сууцыг худалдаж авсны дараа Н.Э******* нь энэ байранд хааяа ирдэг байсан ба хэсэг хугацааны дараа бид зан харилцаа таарамжгүйгээс уулзахаа больсон. Гэвч тухайн үед Н.Э******* нь би энэ орон сууцанд чинь түр амьдарч байгаад суллаад өгье гээд гуйхаар нь би зөвшөөрч нээх их удалгүй байрыг маань чөлөөлж өгөөрэй гээд түлхүүрээ өгсөн. Үүнээс хойш уулзалгүй нэлээд хэдэн сар өнгөрсний дараа Н.Э*******гоос орон сууцыг маань чөлөөлж өгөөрэй гэж хэд хэдэн удаа шаардсан боловч за удахгүй нүүгээд, чөлөөлж өгнө гэж хэлсэн боловч сүүлдээ утсаа авахаа байсан. Н.Э******* нь миний өмчлөлийн орон сууцанд түр амьдарч байгаад байрыг чинь чөлөөлж өгнө гэж хэлчихээд одоог хүртэл миний өмчлөлийн орон сууцанд амьдарч миний өмч хөрөнгөө өмчлөх, эзэмших, захиран зарцуулах эрхийг зөрчөөд байгаа тул дараах шаардлагыг гаргаж байна. Миний өмчлөлийн 2 тоот Ү-2206******* тоот улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг Н.Э*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н*******, Ч.Ш******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбар сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэгч нь 2 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардаж байгаа. Маргаан бүхий орон сууцыг н.Э******* гэдэг хүнээс эрх шилжүүлэх гэрээгээр худалдан авсан байдаг. н.Э******* нь захиалгын гэрээ хийсэн байгаа. Үнийг нь 107 000 000 төгрөгөөр н.Э*******аас авсан байгаа, 107 000 000 төгрөгийг нь 2019.03.26-нд шилжүүлсэн байгаа. Иймд А.Д******* нь хууль ёсны өмчлөгч болсон. Тэгээд энэ байрыг ипопекийн зээл авна гээд тохиролцоод Н.Э*******гийн нэр дээр шилжүүлэхээр болсон, ингээд 2022.10.03-ны өдөр нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ Н.Э*******гийн нэр дээр гарсан. Зээлээ хөөцөлдөөд Н.Э*******гоос А.Д*******тай ипотекийн гэрээ байгуулсан. 214 055 000 төгрөгний гэрээ байгуулсан. Энэ мөнгөний урьдчилгааг А.Д******* нь 70 000 000 төгрөгийг авсан. н.Оээс 70 сая төгрөг шилжсэн баримт бол байдаг. Ингээд 60 000 000 төгрөгийг эгч н.Эаас зээлж авсан. Бэлэн мөнгөний баримт байгаа, уг мөнгийг Н.Э*******гийн дансанд шилжүүлсэн. н.Доос авсан ипотекийн урьдчилгаа төлбөр төлөхөөр шилжүүлсэн. Тэгээд ипотекийн зээл гарч Э*******гийн дансанд орсон. Тэгээд А.Д*******ын нэр дээр гарсан. н.Д А.Д******* нар 2023.06.06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Төлбөрийг нь ипотекийн зээл 214 000 000 төгрөг нь Н.Э*******гийн дансанд орсон учраас н.Дийн төлбөрийг нь төлсөн гээд байгаа юм. Энэ нь Н.Э*******гийн дансны хуулгаар тогтоогдоно. Энэ байр нь А.Д*******ынх өмчлөлийнх гэдэг нь өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдоно, хэрвээ өмчлөл хууль бусаар шилжсэн, өөрийн өмчлөлийн байрыг хууль бусаар шилжүүлж авсан гэж үзсэн бол энэ талаар улсын бүртгэлд хүсэлт, гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Гэтэл өөрөө огт маргаагүй, нэхэмжлэгчийг шүүхэд хандахаар л сөрөг шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч гэдэг нь эрхийн улсын бүртгэлээр баталгаажсан. Иймд хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

1.3.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий 22 тоот орон сууцны талаар талууд маргаж байна. Тиймээс хөрөнгийн үнийг хэн төлсөн эсэх, улсын бүртгэл хэрхэн хийгдсэн, талуудын хоорондох хэлцэл юу байсан гэдэг нь дүгнэгдэх ёстой. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж байгаа үндэслэл маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч нь А.Д******* юм. Өмнөх 33-13 тоот орон сууцнаас бүх юм өрнөсөн байдаг. Тодруулахад 2018.06.28-нд 33-10 тоот гэдэг үл хөдлөх хөрөнгийг Орон сууц захиалгын гэрээг нэг талаас Э ХХК нөгөө талаас н.Э******* нар тохиролцож байгуулсан. Н.Э*******ы захиалсан үл хөдлөх эд хөрөнгийг А.Д*******тай эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн. 2019 онд хийсэн 107 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. 107 000 000 төгрөг болохоор А.Д******* өөрийн данснаас н.Э*******д төлсөн. Тэгээд А.Д*******ын нэр дээр гэрчилгээ гараагүй байхад А.Д******* Н.Э******* 2 ярилцаад А.Д*******ын нэр дээр ипотек зээл гарахгүй гээд эхлээд Н.Э******* дараа нь А.Д*******т шилжүүлэхээр болсон. Э ХХК-иас Н.Э*******гийн нэр дээр гарсан. Нэр шилжүүлэхийн тулд Н.Э*******гийн нэр дээр шилжүүлэхээр болсон, гэрчилгээ гарсан. 214 000 000 төгрөгийг ипотекээр авахын тулд урьдчилгаа хэрэгтэй болсон. Нэхэмжлэгч нь н.Дтой худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Мөнгөний эх үүсвэр бол 33-13 тоотыг худалдаад ипотекээр орж ирсэн 214 000 000 төгрөгнөөс гарсан. Тиймээс хариуцагчийн орон сууцны төлбөрийг өөрийн байраа зараад төлсөн гээд байгаа нь үндэслэлгүй юм гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

2.1.Иргэн Н.Э******* нь анх 2023 оны 06 дугаар сард Р ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн байршуулсан 2 өрөө орон сууцыг худалдах тухай зарыг хараад үл хөдлөх хөрөнгө зуучлагчтай холбогдсон. Улмаар үл хөдлөх хөрөнгө зуучлагчийн хамт үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Дтой уулзаж ярилцсаны эцэст 2 тоот хаягт байрлах 56,63 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 160 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 160 000 000 төгрөгийг төлж барагдуулахдаа Н.Э******* нь өөрийн эзэмшлийн данснаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Дийн Хаан банкны 5129 тоот дансанд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 126 355 000 төгрөгийг байрны төлбөр гэх утгатайгаар, мөн түүний Хаан банкны 5129 тоот дансанд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 30 444 533,91 төгрөг хаус зээл хаав гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн. Харин үлдсэн төлбөрийг иргэний үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татвар 3 200 000 төгрөгийг М.Дийн өмнөөс тушааснаар 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар үл хөдлөх хөрөнгийн үнийг Н.Э******* бүрэн төлж барагдуулсан болно. Харин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Н.Э******* өөрийн нэр дээр бус найз А.Д*******ын нэр дээр шилжүүлж өгөхийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Доос гуйсан. Учир нь Н.Э******* тухайн үед ипотекийн 6 хувийн зээлд хамрагдах хүсэлтэй байсан бөгөөд уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр бүртгүүлсэн тохиолдолд боломжгүй болох байсан учир нэхэмжлэгч А.Д*******ын нэр дээр бүртгүүлсэн. Ипотекийн зээлд хамрагдсаны дараагаар нэхэмжлэгч А.Д*******аас буцаан өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр түүнтэй тохиролцсон. Нэхэмжлэгч нь тухайн үед өөрт нь таньдаг хүн байгаа чамайг 6 хувийн зээлд хамруулаад өгнө гэж хэлээд тэр хүнтэй холбож өгөхөөр болж, улмаар гэдэг хүнтэй Н.Э*******г холбон өгч материал бүрдүүлэн өгөхөөр болсон. д ипотекийн зээлд хамтрагдахын тулд 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн, боловч 5 сар өнгөрөхөд зээлд хамрагдаагүй. Тиймээс Н.Э******* нь 2023 оны 11 сард зээлд хамрагдахаа болж 8 000 000 төгрөгийг буцаан авахаар хэлж 3 000 000 төгрөгийг нь авсан, 5 000 000 төгрөгийг нь өгөөгүй. Нэгэнт зээлд хамрагдахгүй болсон тул үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн нэр дээр буцаан шилжүүлэх талаар А.Д*******т хэлсэн боловч одоог хүртэл шилжүүлж өгөөгүй байгаа болно. Н.Э******* нь маргаан бүхий 2 өрөө 56,63 м.кв орон сууцны үнэ 160 000 000 төгрөгийг М.Доос худалдаж авсан, үнийг 100 хувь өөрөө төлсөн, байраа хүлээн авч завсар хийлгэн, тавилга захиалгаар хийлгэн өөрөө байраа тохижуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

2.2.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь Н.Э******* нь 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр М.Доос 2 тоот хаягт байрлах 56.63 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 160 000 000 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед Н.Э******* нь ипотекийн 6 хувийн зээлд хамрагдах хүсэлтэй байсан бөгөөд өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бүртгүүлэх боломжгүй байсан тул найз болох нэхэмжлэгч Д*******ын нэр дээр бүртгүүлсэн. Ипотекийн зээлд хамрагдсаны дараагаар А.Д*******аас Н.Э******* өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тухайн үед харилцан тохиролцсон. Уг ипотекийн зээлтэй холбогдуулан А.Д******* нь Н.Э*******г өөрийн танил эдийн засагч гэх хүнтэй танилцуулсан. Н.Э******* нь тай холбогдож ипотекийн 6 хувийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч 8 000 000 төгрөг шаардлагатай гэж хэлэн Н.Э*******гоос 8 000 000 төгрөг хүлээн авсан байдаг. Гэвч уг явдлаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул Н.Э******* ипотекийн зээлд хамрагдахаа больж А.Д*******аас үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлэхээр түүнтэй холбогдсон боловч шилжүүлж өгөөгүй. Н.Э******* нь 2 тоот хаягт байрлах 56.63 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийг төлж барагдуулахдаа өөрийн эзэмшлийн данснаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч М.Дийн Хаан банкны 5129 тоот дансанд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 126 355 000 төгрөгийг Байрны төлбөр" гэх утгатайгаар, мөн түүний Хаан банкны 5129 тоот дансанд 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 30 444 533.91 төгрөг "Ха/хус зээл хаав" гэх утгатайгаар, үлдсэн 3 200 000 төгрөгийг иргэний үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татварт тушааж үл хөдлөх хөрөнгийн үнийг бүрэн төлж барагдуулсан болно. Н.Э******* нь байраа хүлээн авсны дараагаар засвар хийлгэж, мөн тавилга захиалгаар хийлгэж, байрны СӨХ-ны төлбөрийг тогтмол төлсөөр ирсэн. Гэтэл нэхэмжлэгч А.Д******* нь үл хөдлөх хөрөнгийг худалдаж аваагүй хууль ёсоор өмчлөгч биш атлаа Н.Э*******гийн үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөхийг түүнд даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй байгаа юм. А.Д******* нь М.Доос маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан аваагүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн үнийг бүхэлд нь Н.Э******* төлж барагдуулан худалдан авсан. Иймд 2 тоот хаягт байрлах, 56.63 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2.3.Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. 214 000 000 төгрөгнөөс 80 000 000 төгрөгийг Н.Э******* авсан. Үлдсэн мөнгийг А.Д*******т өгсөн. 114 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэ 80 000 000 төгрөг төгрөг бол Н.Э*******гийн дансаар харахад 2019.03.26-ны өдөр дансанд хийсэн. Уг байр нь Н.Э*******гоос А.Д******* худалдан авсан гэх байрыг Н.Э******* 40 000 000 төгрөг, А.Д******* 77 000 000 төгрөг гаргасан байдаг. 107 000 000 төгрөгөөр авсан юм. Энэ 2 107 000 төгрөгөөр авахдаа буулгаад авсан байдаг, тэгээд зарна ашгаа хуваана гэсэн байдаг. 214 000 000 төгрөгөөр зарсны дараа Н.Э******* 80 000 000 төгрөг, А.Д******* болохоор арай илүү авсан байдаг. Хэрэгт авагдсан баримтаар 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Э******* байсан байдаг энэ байрыг 2023 онд худалдсан гээд байдаг. Н.Э******* 2023.05.29-ний өдөр өөрийн банкны дансаар энэ байрны мөнгийг авсан байдаг. Гэтэл 2023.06.06-ны өдөр 30 444 553 төгрөгийг н.Дийн эзэмшлийн Хаан банкны дансанд байрны урьдчилгаа хийсэн, энэ өдрөө 126 355 000 төгрөгийг н.Дийн дансанд хийсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг төлсөн байдаг. Ингээд Н.Э******* нь 160 000 000 төгрөгийг өөрөө н.Дид төлсөн. Н.Э******* өөрөө худалдан авсан гэдгээ бол нотолдог. Тиймээс хууль бусаар орон сууцыг эзэмшээгүй. Яагаад А.Д*******т шилжүүлсэн гэхээр хоорондоо бичсэн чат нь байгаа. Талуудын хооронд болон н.Амраатай бичсэн чат дээр үзлэг хийсэн байгаа. А.Д******* Н.Э*******д наад байр дээрээ ипотек авчих гэсэн учраас л нэр дээр нь шилжүүлсэн. Тиймээс уг байр нь хариуцагчийн байр бөгөөд өөрийнх нь байрыг хууль бус эзэмшлээс шаардсан нь үндэслэлгүй. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, Ү-2206******* дугаартай А.Д*******ын өмчлөх эрхийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Ү-2206******* дугаартай А.Д*******ын өмчлөх эрхийн гэрчилгээ, 2018.06.28-ны өдрийн №338/10 тоот Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ, 2019.03.26-ны өдрийн Захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, 2023.03.31-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Ү-2206 дугаартай Н.Э*******гийн өмчлөх эрхийн гэрчилгээ, 2023.06.08-ны өдрийн Зээлийн гэрээ, 2023.04.03-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, 2023.06.06-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, бэлэн мөнгөний баримт, дансны хуулга гэсэн баримтуудыг / 1 хавтас 2-5, 79-80,149, 157, 158-170, 179-181, 2 хавтас 86-99-р хуудас/,

хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дансны хуулга, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Н.Э*******гийн үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, дансны хуулга гэсэн баримтуудыг /1 хавтас 9, 14-15, 16-18, 19-21, 22, 24-36, 42-78, 84-86, 88-91, 95, 199-218, 220, 2 хавтас 1-11, 49-84 хуудас/ гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Н.Э*******гийн T фэйсбүүк хаягаас А.Д*******ын А гэх фэйсбүүк хаягтай харилцсан зурваст үзлэг хийсэн тэмдэглэл, фэйсбүүк чат болон вайбер чатанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчээр Ж.г асуусан тэмдэглэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийн лавлагаа, Хаан банк ХК-иас 5006 тоот дансны хуулга, 13 тоот хаягт байршилтай, 69.05 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг улсын бүртгэлд бүртгүүлсэн хувийн хэрэг, албан бичгийг, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ү-2206 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийг бүхэлд нь бүрдүүлсэн байна. /1хавтас 106-126, 133-137, 192-193, 195-196, 2 хавтас 16-47-р хуудас/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Д*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Н.Э*******гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Э*******д холбогдуулан өөрийн өмчлөлийн 2 тоот 2 өрөө орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж, маргаан бүхий орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдоно гэсэн.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч А.Д*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, маргаан бүхий буюу 2 тоот 2 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй, өөрийн амьдарч байсан орон сууцыг худалдан борлуулж, уг орон сууцны үнийг 100 хувь төлсөн, ипотекийн зээл авахын тулд түр өмчлөлд нь шилжүүлсэн байсан, одоо өөрөө эзэмшиж, ашиглаж амьдарч байгаа гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч нь маргаан бүхий 2 тоот, 2 өрөө орон сууцыг М.Доос худалдан авч, орон сууцны үнэ 160 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, орон сууцны өмчлөх эрхийг ипотекийн 6 хувийн зээл авахын тулд нэхэмжлэгчийн нэр дээр түр шилжүүлсэн байсан боловч зээл гараагүй учраас орон сууцаа буцаан авахаар шаардахад өгөөгүй тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

5.Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны үнэ 160 000 000 төгрөгийг хариуцагч нь данснаасаа шилжүүлсэн боловч уг 160 000 000 төгрөг нь нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан ипотекийн зээл авсан мөнгөнөөс төлөгдсөн, орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч М.Дтой байгуулж, өмчлөх эрх шилжсэн тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1.Нэхэмжлэгч А.Д******* нь 2 тоот Ү-2206******* дугаарт бүртгэлтэй, 56,63 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0011 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

6.2.Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд А.Д /нэг иргэний өмч/ Нийслэлийн 2 тоот хаягт байршилтай, 56,63 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт бүртгэж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээ олгов гэжээ.

 

7.Талуудын маргааны зүйл өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй эсэх талаар болон маргаан бүхий орон сууцыг хариуцагч нь өмчлөх эрхтэй эсэх талаар байна.

 

8.Нэхэмжлэгч А.Д******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-д өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-д энэ хуулийн 106.1, 106.2-д зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж зааснаар өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж, орон сууцыг хариуцагч Н.Э*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардсан.

8.1.Хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, уг орон сууцны үнийг бүрэн төлсөн, үнийг нь төлсөн орон сууцандаа өөрөө амьдарч эзэмшиж, ашиглаж байгаа болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, гэрч Ж.гийн мэдүүлэг, орон сууцны ашиглалтын төлбөр, СӨХ-ны төлбөр төлөгдсөн баримтуудаар нотлогдоно гэж мэтгэлцсэн.

8.2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшилд хамаарах бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэдгийг, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх эрхээ алдаагүй гэдгийг баримтаар нотлох ёстой.

 

8.3.Хариуцагч нь маргаан бүхий орон сууцны үнийг төлсөн болох нь түүний дансны хуулгаар тогтоогдоно гэж тайлбарласан бөгөөд хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч Н.Э*******гоос М.Дид 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 126 355 000 төгрөгийг байрны төлбөр, 30 444 533 төгрөгийг ха/хус зээл хаав гэсэн гүйлгээний утгатайгаар, мөн өдөр 3 300 000 төгрөгийг татвар гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд орон сууцны үнийг хариуцагчаас М.Дид шилжүүлсэн үйл баримтын талаар нэхэмжлэгч нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй.

 

8.4.Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчийн орон сууцны үнэд шилжүүлсэн дээрх мөнгө нь түүний ипотекийн зээлийн мөнгөн хөрөнгөөс шилжүүлсэн тул үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээг байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөл шилжсэн гэж, хариуцагч нь уг мөнгийг өөрийн орон байрыг худалдан борлуулсан мөнгөнөөс шилжүүлсэн, ипотекийн зээл авахын тулд үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр түр шилжүүлсэн, одоо үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаж амьдарч байгаа гэж маргасан.

 

8.5.Хэрэгт авагдсан баримтууд, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025.06.13-ны өдрийн 10-6/841 албан тоотоор ирүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбарт ...2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээг ЭХХК, Д.Э******* нар байгуулж, 13 тоот орон сууцыг нийт 141 552 000 төгрөгөөр барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцжээ.

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээг Д.Э******* нь нэхэмжлэгч А.Д*******тай байгуулж, 13 тоот 69,05 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 107 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, уг байрны үнэ 107 000 000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр байрны төлбөрт А.Д*******аас шилжүүлсэн байна.

2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээг ЭХХК нь хариуцагч Н.Э*******той байгуулж, 13 тоот 69,05 мкв 3 өрөө орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэх, байрны үнэд 141 552 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ЭХХК-иас ХУД-ийн бүртгэлийн хэлтэст орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 1 регистрын дугаартай Н овогтой Э*******гийн нэр дээр гаргаж өгнө үү гэжээ.

2022 оны 10 сарын 03-ны өдөр Н.Э нь 13 тоот хаягт байршилтай 69,05 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.

2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг худалдагч Н.Э*******, худалдан авагч А.Д******* нар байгуулж, 13 тоот 69,05 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 214 055 000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаа төлбөр 64 055 000 төгрөгийг худалдан авагч тал өөрийн дансанд байршуулна, үлдэгдэл төлбөр болох 150 000 000 төгрөгийг банкны зээлээр санхүүжүүлэх ба нийт төлбөрийг 04-30-ний өдрийн дотор төлбөрийг худалдагч талд бүрэн төлнө гэжээ.

Төрийн банкны 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 21/186 тоот албан бичгээр иргэн А.Д*******т 149 800 000 төгрөгийг орон сууц худалдан авах зорилгоор зээл олгохоор шийдвэрлэсэн тул худалдан авч буй ***** орон сууцны гэрчилгээг А.Д*******ын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн байна.

2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд А.Д*******ын өмчлөлд 13 тоот 69.05 м.кв орон сууц шилжиж түүнд гэрчилгээ олгожээ.

Хариуцагч Н.Э*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 214 000 000 төгрөг байрны төлбөр У-9919 хаанаас:340000 Э******* Н гүйлгээний утгатайгаар орлого орсон болох нь тогтоогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй.

8.6.Нэхэмжлэгч нь дээрх ипотекийн зээлийн мөнгөн хөрөнгөөс хариуцагч нь орон сууцны мөнгийг шилжүүлсэн, зээл авахын тулд төлбөрийн 30 хувийг нь байршуулахын тулд 2023.04.03-нд Бэлэглэлийн гэрээг А.Отэй байгуулж, 70 000 000 төгрөгийг шилжүүлсэн, хариуцагч нь 214 000 000 төгрөгнөөс 100 000 000 төгрөгийг нь буцаан шилжүүлсэн, 30 000 000 төгрөгийг нь зээл хаасан, үлдэх 80 000 000 төгрөгнөөс байрны төлбөрт шилжүүлсэн, мөн хариуцагчид орон сууцны урьдчилгаанд өгөхөөр 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б.Этай зээлийн гэрээ байгуулж, 60 000 000 төгрөгийг зээлж, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Н.Э*******д 60 000 000 төгрөгийн шилжүүлсэн болох нь орлогын мэдүүлгээр тогтоогдоно гэж тайлбарласан.

8.7.Хариуцагч нь түүний дансанд шилжиж орсон 214 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн, өөрийн өмчлөлийн байрыг 260 000 000 төгрөгөөр худалдсан мөнгөөрөө орон сууцыг худалдан авсан болох нь түүний дансны дэлгэрэнгүй хуулгаар буюу 2023 оны 05 дугаар сарын 29-нд 260 000 000 төгрөг орлого байрны мөнгө Э******* гэсэн гүйлгээний утгатайгаар орсноор нотлогдоно гэсэн.

 

8.8.Гэвч 2023 оны 06 дугаар сарын 06ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг М.Д нь хариуцагч А.Д*******тай байгуулж, 22 тоот 56,63 м.кв 2 өрөө орон сууцыг 160 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, гэрээнд хэн аль нь гарын үсгээ зурсан байна.

8.9.Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025.05.23-ны өдрийн 5/7185 тоот албан бичгээр ирүүлсэн баримтаар ...маргаан бүхий орон сууц нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт иргэн М.Дийн өмчлөлд бүртгэгдэж, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр иргэн А.Д*******ын өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна гэжээ.

 

8.10.Хариуцагч Н.Э******* нь ипотекийн 6 хувийн зээлд хамрагдах хүсэлтэй байсан тул өөрийн нэр дээр бүртгүүлэх боломжгүй, нэхэмжлэгч А.Д*******ын нэр дээр түр хугацаанд бүртгүүлсэн, ипотекийн зээлд хамрагдсаны дараа өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэдгийг нотлохоор н., А.Д******* нартай харилцсан чат буюу харилцан ярианд үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан бөгөөд хэрэгт авагдсан Үзлэгийн тэмдэглэлд ... 2023.06.05-ны өдөр Э*******: чиний нэр дээр авчих уу, Д*******: байр уу хайраа тэгвэл тэгээ хайраа гэсэн байх бөгөөд буцаан шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

8.11.Гэрч Ж. нь ...Э******* гэдэг хүн 2023 оны 5 дугаар сард холбогдоод 6 сарын 04-ний өдөр худалдаж авахаар болсон, А.Д******* гэдэг хүнийг танихгүй, байр худалдаж авахаар холбогдоогүй, гэрээ байгуулахад нэг танихгүй залуу байсан, төлбөр мөнгөний тооцоог Э******* хийсэн гэж мэдүүлсэн.

 

8.12.Хэрэгт авагдсан дансны хуулга, гэрч Ж.гийн мэдүүлгээр маргаан бүхий орон сууцны үнэд 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 126 355 000 төгрөг, 30 444 533 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь нотлогдож байх боловч дээрх орон сууц нь нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэлтэй болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М.Дтой байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой үүргийн хэлцэлийг буюу худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч нь М.Дтой байгуулсан, тэдний хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна.

8.13.Мөн үүргийн хэлцэл буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг үндэслэн өмчийн хэлцэл хийгдэж нэхэмжлэгч нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэх болзолтойгоор өмчлөлийг түр шилжүүлсэн буюу ипотекийн зээл гарах хүртлэх хугацаанд түр өөр дээрээ байлгахаар тохиролцсон байсан гэх тайлбараа хариуцагч нь баримтаар нотлоогүй.

8.14.Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаар улсын бүртгэл үнэн зөв байна гэх тайлбар үндэслэлтэй, хариуцагч нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.2-д хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно гэж заасан эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэв.

9.Хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлсөн гэж маргаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдагчид буюу М.Дид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө өөрөөр хүлээн авч, амьдарч байгаа, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж зааснаар орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

9.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

9.2.Гэвч хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг нэхэмлэгч нь М.Дтой байгуулж, 2 тоот 56,63 м.кв 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон, талуудын хооронд байгуулсан гэрээ нь хууль зөрчөөгүй, зохигч талуудын хоорондох харилцан ярианы үзлэгийн тэмдэглэлд орон сууцыг өөрсдийн хүсэл зоригийн дагуу өмчлөх эрхээ шилжүүлсэн байна гэж дүгнэсэн болно.

9.3.Мөн хариуцагчийн өмгөөлөгч хариуцагчийн данснаас үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 160 000 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байгаа, энэ үйл баримтын талаар нэхэмжлэгч нь маргаагүй тул Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжинэ гэсэн боловч маргаан бүхий орон сууц хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар хэлцлийн үндсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн, эрх шилжсэн хэлцэл нь хүчин төгөлдөр байх тул үнийг төлснөөр өмчлөл шилжинэ гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

 

9.4.Маргаан бүхий орон сууцны ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөрийг төлдөг болох нь 2023-2024 оны Баатар дулаан хан ОСНААК-ын харилцагчийн гүйлгээ, Н.Э*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /хэргийн 24-36 хуудас/ тогтоогдож байгаа боловч хариуцагч нь уг орон сууцыг өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа гэж тайлбарласан бөгөөд өөрийн эзэмшиж, ашиглаж байгаа орон сууцны ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөрийг төлсөн нь уг орон сууцыг өмчлөх эрхтэй гэдгийг нотлохгүй.

 

9.5.Дээрх баримтууд, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь хууль бусаар эзэмшээгүй, үнийг нь төлсөн орон сууцаа эзэмшиж, ашиглаж байгаа гэсэн боловч эзэмшиж, ашиглаж байгаа гэдэг нь өмчлөгчөөр тогтоох үндэслэл болохгүй болно.

10.Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Н.Э*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Э*******гийн нэхэмжлэгч А.Д*******т холбогдуулан гаргасан 2 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар 2 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Н.Э*******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Н.Э*******гийн нэхэмжлэгч А.Д*******т холбогдуулан гаргасан 2 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Д*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Н.Э*******гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Д*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН