| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/01590/И |
| Дугаар | 192/ШШ2025/01173 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/01173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.М /РД:*********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Ц /РД:********/,
Хариуцагч: Д.Т /РД:*******/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний доголдолд 13 229 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 30-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.М******* нь хариуцагч Э.Ц*******, Д.Т******* нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний доголдолд 9 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүхэд гаргасан ихэсгэсэн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М*******гийн зүгээс 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр мэргэжлийн автомашины засвар, оношлогоо, үнэлгээ хийдэг Доктор автомашины засварын төвөөр өөрийн худалдан авсан автомашин болох ******* дугаартай автотээврийг оношлогоо хийлгэхэд 4 229 500 төгрөг болсон бөгөөд тус доголдлын үнийн хэмжээгээр нэхэмжлэлийн үнийн дүнг нэмэгдүүлж нийт 13 229 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Ц*******тэй автомашин худалдан, худалдан авна гээд тохиролцоод 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр автомашиныг худалдан авахаар болж авсан байдаг. Гэтэл машинаа угаалгаад үзэхэд доголдол илэрсэн. Сар шинийн баярын өмнө будагт орсон гэдгийг нь мэдсэн. Тэгээд Д.Т*******тэй яриад 3 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Тэгээд нэхэмжлэгч нь машиныг засварт оруулаад 12 000 000 төгрөг гарсан. Иймд 13 229 500 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Үүнээс 9 000 000 төгрөг нь гадна талын агрегат засварын төлбөр, 4 229 500 төгрөг нь сэнсний мотор солих ажиллагааны төлбөр юм. Иймд хариуцагч нараас нийт 13 229 500 төгрөгийг гаргуулъя гэв.
2.Хариуцагч Д.Т******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр М******* утсаар ярьж миний зар тавьсан ЛексусLX570-ыг сонирхож байна зээлийг нь шийдээд өгөх үү гэж залгасан буюу миний бие эхлээд машинаа үзчих тэгээд наймаагаа ярья гэж хэлсэн. Миний бие эд хөрөнгийн бодит байдлыг зориуд нуун далдлах үйлдэл хийгээгүй буюу 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний 4.2-д худалдан авагч нь тухайн тээврийн хэрэгслийг шалгаж авах үүрэг хүлээсэн буюу 2023 оны 2 дугаар сарын 15-ны шөнө болон 2023 оны 2 дугаар сарын 16-ны өглөө 11 цагт хоёр удаа шалгаж, унаж үзсэн. Тухайн үед эд хөрөнгийн доголдолгүй гэдгийг нь шалгуулж, өөрөө хүлээн зөвшөөрч авсан, шинэ машин биш учир өөрөө машинд хийж барих жаахан юм байгаа гэдгээ илэрхийлсэн, түүнийгээ би хүлээн зөвшөөрч би тэр засварлах мөнгийг нь хасч өгье гээд яг ийм онтой машинтай үнэ 146 саяаас 150 саяын хооронд байгаа ойр зуурын засвар орох үнийг хасаад 129 саяд өгье гээд худалдан авагч Д.М******* за тохиролцоё гээд машины эд ангиудыг бүрэн шалгаж үзээд гэрээ байгуулсан. Уг машиныг хүлээн авснаас гурван хоногийн дараа Д.М******* нь гаднах хэрэглээний сэвэнд 3 сая төгрөг нэмээд өгчих, цагаан сар болох гээд хэрэглээний сэв даруулах гэхээр нь хүлээлгэн өгсөн үеийн зургийг дарж баталгаажуулсан буюу тухайн үед хүлээлгэж өгөхдөө 10 жил унасан машин жаахан хийх юмнууд байгаа түүнийг үнийг хасаад өгсөн талаар хэлж бид 2 ярилцсаны үндсэн дээр миний бие 3 сая төгрөгийг шилжүүлсэн. Тухайн автомашиныг И******* ХХК нь эвдрэл гэмтэлтэй эсэхийг шалгаж түүнийг үндэслэн тухайн автомашины 80 хувийн үнийн дүн дээр автомашиныг барьцаалсан зээл олгосон. Автомашиныг 1 сарын хугацаанд М******* унасан, унаж байх хугацаанд ямар гэмтэл учруулсныг мэдэх боломжгүй буюу нэгбүрчлэн харж, үзэж хүлээн авчихаад үндэслэлгүй мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн.
2.1.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтын шаардлага хангаагүйн зэрэгцээ бодитоор зардал гаргаагүй хувь компанийн бичиж өгсөн нэхэмжлэх хуудсыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нь өөрийн биеэр хариуцагчаас тээврийн хэрэгсэл хүлээн авсан бөгөөд хариуцагчаас цоо шинэ тээврийн хэрэгсэл худалдаж аваагүй бөгөөд харилцан үнэ тохиролцож тээврийн хэрэгсэл худалдан авсан. Тухайн үед тээврийн хэрэгслийг худалдан авахад үзэж харж шалгаж авсан боловч шүүхэд доголдолтой машин өгсөн мэтээр нэхэмжлэл гаргаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, нэхэмжлэгч шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй байгаа. Доголдлыг мэдэх боломжгүй байсан юм бол тухайн үед гарсан зардлыг гаргуулахаар нэхэмжилсэн, шинжээчийн дүгнэлт гарсан. Нийт 5 000 000 төгрөгний доголдол гарсан гэсэн. Шинжээчийн дүгнэлтээр юу гэсэн гэхээр будагт орох, хянах солих, хаалга янзлах гэсэн байдаг юм. 5 030 000 төгрөгөөр хийгдэх ёстой гэсэн байгаа. Хариуцагч нар нь уг 5 000 000 төгрөгийг хариуцахгүй гэж байгаа юм. Учир нь энэ шаардлагад дурдагдаад байгаа доголдол нь нэхэмжлэгчийн анх мэдэх ёстой доголдол байсан, Т******* будганд орно гэдгийг хэлж байсан, нэхэмжлэгч нь өөрөө ирж хүлээж аваад явсан. Мэдэх боломжтой байсан, өөрөө худалдан авсан. Автомашиныг 128 000 000 төгрөгөөр зарсан, 3 000 000 төгрөгийг Д.Т******* яагаад өгсөн гэхээр будганд орно гэдгийг мэдэж байсан болохоор өгсөн юм. Машиныг өөрөө үзээд авсан, төөрөгдүүлэх, нуун дарагдуулсан зүйл хийгээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Зээлийн гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээ, гэрэл зураг, мессежээр харилцсан зурвас, нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, оношилгооны хуудас /хэргийн 3-24,39-43-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч Д.М*******гөөс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар /хэргийн 34-35 -р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч Э.Ц*******эс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, дансны хуулга, нэхэмжлэх, оношилгооны хуудас /хэргийн 45, 56-64, 127-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр ******* мейлд үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт /хэргийн 66-71, 89-112, 122-125-р хуудас/ гсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.М*******гийн нэхэмжлэлээс 2 040 000 төгрөгийг хангаж, үлдэх 11 189 500 төгрөгийг болон хариуцагч Д.Т*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Ц*******, Д.Т******* нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний доголдолд 13 229 500 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагч нь унасан машиныг доголдлыг нь нууж, эд хөрөнгийн талаар үнэн бодитой мэдээллийг өгөхгүй төөрөгдүүлэн анхнаасаа унаж, осол аваарт орж байсан бүтэн будганд орсон машиныг худалдсан тул засварын зардал буюу гадна талын агрегат засварын төлбөрт 9 000 000 төгрөг, сэнсний мотор солих ажиллагааны төлбөрт 4 229 500 төгрөгийг гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч Д.М******* нь гэрээний зүйл болох машиныг өөрөө үзэж, унаж шалгаж хүлээн авсан, худалдаж байгаа эд хөрөнгийн талаарх мэдээллийг өгсөн, нэхэмжлэгч нь шинэ машин худалдаагүй бөгөөд будганд орно гэдгийг нэхэмжлэгчид хэлж 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн, доголдлыг нуун дарагдуулаагүй, нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч, үзэж харж хүлээн авсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, Д.Т*******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй, итгэмжлэлийн дагуу гэрээг байгуулсан гэж үгүйсгэсэн.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Д.М******* нь хариуцагч Д.Т*******тэй 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, LEXUS LX570 маркийн суудлын хар өнгөтэй улсын дугаартай автомашиныг 129 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь автомашины үнийг төлж, хариуцагч нь автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгчээ.
4.2.Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн №03 дугаартай гэрчилгээнд дугаартай LEXUS LX570 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Э.Ц******* бүртгэлтэй байх бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн бүртгэлийн №0022 дугаартай итгэмжлэлээр Э.Ц*******эс Д.Т*******т тээврийн хэрэгслийг худалдах гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах үйлдэлд төлөөлөх бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгосон байна.
4.3.2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Д.М******* нь И ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, автомашин худалдан авах зориулалтаар 103 200 000 төгрөгийг 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс 2028 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртлэх хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй зээлж, мөн өдөр Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, LEXUS LX570 маркийн УБП улсын дугаартай хар өнгийн автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцжээ.
5.Талууд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, автомашиныг шилжүүлэн өгсөн талаар маргаагүй, гэрээний зүйл болох автомашин доголдолтой байсан эсэх, доголдлыг нуун дарагдуулж худалдсан талаар маргаж байна.
7.Зохигч талуудын хооронд буюу нэхэмжлэгч Д.М******* хариуцагч Э.Ц******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг хэлцэл нь хүчин т******* хэлцэл байна гэж үзэв.
7.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
7.2.Нэхэмжлэгч нь хариуцагчаар Э.Ц*******, Д.Т******* нарыг тодорхойлсон боловч хэрэгт авагдсан 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хариуцагч Д.Т******* нь хариуцагч Э.Цийг төлөөлөн нэхэмжлэгчтэй байгуулсан бөгөөд гэрээний зүйл болох LEXUS LX570 маркийн суудлын хар өнгөтэй улсын дугаартай автомашин нь хариуцагч Э.Цийн өмчлөлд байсан, уг гэрээг байгуулах итгэмжлэлийг хариуцагч Э.Ц******* нь хариуцагч Д.Т*******т олгожээ.
7.3.Мөн Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно гэж, 63 дугаар зүйлийн 63.2-д төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан тул хариуцагчаар Д.Т*******ийг тодорхойлсон нь үндэслэлгүй, гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн доголдлыг хариуцагч Э.Ц*******эс шаардах эрхтэй байна.
8.Нэхэмжлэгч нь хариуцагчийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-д заасан худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй, автомашиныг унасан талаар нуун дарагдуулсан, бүтэн будганд орсон талаар мэдээлэл өгөөгүй тул мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж зааснаар доголдлыг арилгах зардалд 13 229 500 төгрөгийг гаргуулна гэсэн.
8.1.Хариуцагч нь нэхэмжлэгч Д.М******* нь өөрөө машиныг унаж үзээд хүлээн авсан, будганд орох талаар мэдээллийг өгч засварын зардалд 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тул шаардлага гаргах эрхээ алдсан гэж маргасан.
8.2.Нэхэмжлэгч нь хариуцагчид автомашиныг будганд оруулах талаар болон гаднах сэвийг засуулах талаар мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хариуцагч Д.Т*******тэй гар утсаар ярилцсан мессеж, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь автомашиныг будганд оруулах, сэв засуулахыг буюу доголдлыг хүлээн зөвшөөрч 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар маргаагүй тул хариуцагчийг эд хөрөнгийн догдолдлыг нуун дарагдуулж, төөрөгдүүлэн худалдсан гэх үндэслэлгүй байна.
8.3.Мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь автомашиныг гаднах сэвтэй, будах байсан учраас зах зээлийн ханшнаас хэт доогуур худалдсан гэж тайлбарласан боловч тайлбараа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
8.4.Иймд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч автомашины доголдлыг арилгахтай холбоотой зардлыг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
8.5.Нэхэмжлэгч нь автомашины доголдлыг арилгахтай холбоотой буюу засварын зардалд нийт 13 229 500 төгрөгийг нэхэмжилж, энэ нь хэрэгт авагдсан 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ******* ХХК-ийн 12 000 000 төгрөгний нэхэмжлэх, 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Г ХХК-ийн 4 229 500 төгрөгийн нэхэмжлэх, баримт, 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн Доктор үйлчилгээний тайлан, 200/570 Авто сервисын 2023 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн Оношлогооны хуудсаар нотлогдоно гэж тайлбарласан.
8.6.Хариуцагч нь будах зардал 12 000 000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлгүй, будганд болон сэв засуулахад 3 000 000 төгрөгийг тооцож өгсөн, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй гэж мэтгэлцсэн.
8.7.Талууд автомашины доголдол болон засварын зардлын талаар маргасан тул шүүх талуудын хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээ төв ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №136 тоот шинжээчийн дүгнэлтэд автомашины байдалтай танилцах үед зүүн урд талын хаалга гажсан, урд гуперийн будаг халцарсан, дээврийн замаска цуурсан, баруун хойд хаалга гажсан, их биеийн бусад деталиудын будаг халцарч зурагдсанаар доод замаска ил гарсан, будаг арзайсан багаажны хаалга гажсан баруун толины дохионы гэрлийн бүрхүүл хагарсан, багаажны хаалганы гэрлийн ирмэг хугарсан байдалтай байв. Уг тээврийн хэрэгсэл бүтэн будганд орсон байна. 1711 УБИ улсын дугаартай ЛексусЛХ570 маркийн суудлын зориулалттай машины доголдлын үнэлгээ 5 040 000 төгрөг болохыг тодорхойлов гэжээ.
8.8.Иймд шинжээчийн дүгнэлтэд дурдсан автомашины доголдол болох машины гупр, хаалга гажсан, будганы засвар үнэ нийт 5 040 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх тул 5 040 000 төгрөгнөөс хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг хасч, үлдэх 2 040 000 төгрөгийг хариуцагч Э.Ц*******эс гаргуулан нэхэмжлэгч Д.М*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11 189 500 төгрөгийг болон хариуцагч Д.Т*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241 572 төгрөгийг /158 950+82 622=241 572/ улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц*******эс 47 590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.М*******д олгох нь хуульд нийцнэ.
9.1.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ, 53.1.1-д шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс гэж заасан бөгөөд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас шүүхэд шинжээчийн ажлын зардалд 800 000 төгрөгний нэхэмжлэлийг ирүүлсэн байх бөгөөд уг зардлыг зохигч хэн аль нь төлөөгүй гэж тайлбарласан тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж зааснаар нэхэмжлэгч Д.М*******гөөс 400 000 төгрөг, хариуцагч Э.Ц*******эс 400 000 төгрөгийг тус тус гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банк дахь 100000142787 тоот дансанд шилжүүлэхийг даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Э.Ц*******эс 2 040 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.М*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 11 189 500 төгрөгийг болон хариуцагч Д.Т*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 572 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц*******эс 47 590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.М*******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Д.М*******гөөс 400 000 төгрөг, хариуцагч Э.Ц*******эс 400 000 төгрөгийг тус тус гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банк дахь 100000142787 тоот дансанд шилжүүлэхийг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН