2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/01529

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ц,

Хариуцагч: Б.А нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Б.Ц*******гээс 3 594 000 төгрөг, Б.А*******аас 11 830 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О*******,

Хариуцагч Б.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х*******,

Хариуцагч Б.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Б******* нь хариуцагч Б.Ц*******, Б.А******* нарт холбогдуулан хариуцагч Б.Ц*******гээс 3 594 000 төгрөг, хариуцагч Б.А*******аас 11 830 000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие өөрийн сайн найз болох Б.Ц*******гийн гуйлтаар 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 11 830 000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд энэ мөнгийг Б.Ц******* нь надаас зээлдэхдээ би Б.А******* гэх хүнд өртэй байгаа Б.А*******ын данс руу хийгээд өгөөч гэхээр нь хамт явж байсан Б.А******* гэх эмэгтэйн Хаан банк дахь 5007******* тоот данс руу нь өөрийн Хаан банк дахь 5057******* тоот данснаас дээрх 11 830 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Энэ мөнгийг тухайн өдөр буюу 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөртөө буцаагаад өгнө гэсэн боловч энэ өдөртөө өгөөгүй. Тэгээд өгөхгүй болохоор нь байнга мөнгөө нэхдэг байсан. Б.Ц*******, Б.А******* нарын надаас авсан 11 830 000 төгрөгөөсөө 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Б.Ц******* 4 500 000 төгрөгийг өгснөөс өөр мөнгө өгөөгүй, 7 330 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа ба надаас дээрх 11 830 000 төгрөгийг Б.А*******ын дансаар авахад Б.Ц*******, Б.А******* нар хамт явсан болно. Иймд Б.Ц*******, Б.А******* нарыг хамтран хариуцагчаар татаж байна. Мөн Б.Ц******* 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр надаас дахин 6 000 000 төгрөгийг хүний зээл чөлөөлчихөөд өгье гэхээр нь би бас итгээд л өөрийн Хаан банкны 5057******* тоот данснаас түүний 5006******* тоот данс руу нь 6 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн ба энэхүү 6 000 000 төгрөгөөс нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Б.Ц******* нь өмнөх мөнгөө өгөөгүй байхад дахин мөнгө зээлдүүлж байгаа нь өмнөх мөнгөтэй маань хамт өгчих байх, одоо зээлдүүлсэн мөнгийг өсгөөд надаас зээлдсэн бүх мөнгөтэй төлчих байх гэж итгэн нөгөө талаар найздаа туслах сэтгэлдээ хөтлөгдөн зээлдүүлж байсан. Б.Ц******* бид нар 2019 оноос л эхлэн найзалж Б.Ц******* манай ажлаар байнга ирдэг болж бие биедээ итгэлтэй найзууд боллоо гэж бодож ирсэн. Б.Ц******* надаас мөнгө зээлдэхдээ би хил дээр бараа оруулж ирэх гээд жаахан мөнгөний хэрэг болоод байна, гуанз түрээслэх гэж байгаа, хүүхэд өвдөөд байна гэх мэтээр ярьж зээлддэг байсан. Зээлдүүлсэн мөнгөө Б.Ц*******гээс нэхэхээр өгнө л гэдэг боловч өгөхгүй өдий хүрч байгаа юм. Бүр сүүлдээ өгдөг газар байвал өг өг гэдэг болсон. Б.Ц*******д би дансаар өгснөөс гадна бэлэн мөнгө өгч байсан ба бэлэн өгсөн мөнгөнүүдээ тооцоогүй. Ц*******д мөнгө зээлдүүлэхдээ түүнд итгээд зээлийн гэрээ гэж бичгээр ч байгуулдаггүй байсан болно. Б.Ц*******д өөрийнх нь гуйлтаар зээлдүүлсэн 6 000 000 төгрөг, мөн Б.Ц*******, Б.А******* нарт өгсөн 11 830 000 төгрөгөөс Б.Ц*******гийн буцааж өгсөн 4 500 000 төгрөгийг хасч үлдсэн 7 330 000 төгрөгийг Б.Ц*******, Б.А******* нараас нэхэмжилж байна. Иймд Б.Ц*******гээс 6 000 000 төгрөг, Б.А*******, Б.Ц******* нараас 7 330 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2 530 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Хариуцагч Б.Ц*******д холбогдуулан нэхэмжлэгч Ц.Б******* би өмнө нь шүүхэд хандан 13 330 000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба одоо 2 530 000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 15 860 000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

1.3.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна, миний бие нэхэмжлэл гаргахдаа Б.Ц*******д өгсөн болон буцааж авсан мөнгөний тооцоогоо алдаатай тодорхой бус гаргасан байх тул Хаан банкнаас авсан өөрийн дансны хуулгатай тулгаж дахин үнэн зөв болгон тодруулга хийж байна. Үүнд Ц.Б******* нь Хаан банкны 5057******* дүгээр данснаас Б.Ц*******гийн 5006******* дугаар дансанд зээлүүлж өгсөн болон Б.Ц*******гээс Ц.Б*******т 5057******* тоот дансанд буцааж шилжүүлж өгсөн мөнгөний баримтуудыг тооцоод нийт Б.Ц*******д өгсөн мөнгө 2020 онд 2 225 000, 2021 онд 480 000, 2022 онд 13 521 000 эдгээр нь нийт 16 251 000 төгрөг болж байна. Энэ дээрээс нэмж 2020 оны 7 дугаар сарын 20-нд Б.Ц*******гийн өмнөөс А*******д 11 830 000 төгрөг өгсөн байна. Харин Б.Ц******* нь буцааж Ц.Б*******т дараах мөнгийг өгсөн байна. Үүнд 2020 онд 1 192 000, 2021 онд 6 520 000, 2022 онд 4 945 000 төгрөг, нийт 12 657 000 төгрөг өгсөн байна. Эндээс тооцож үзвэл 16 251 000 төгрөгнөөс хасах нь 12 657 000 төгрөг ба үлдэгдэл 3 594 000 байна. Одоо Б.Ц*******гээс үлдэгдэл 3 594 000 төгрөг нэхэмжилнэ, харин А*******аас 11 830 000 төгрөгөө нэхэмжилнэ гэв.

1.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О******* шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ц*******тэй танил найз нөхөд байсан, тэгээд 2020 оны эхнээс буюу 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлээд мөнгө зээлсэн, буцааж авсан үйл ажиллагаа үргэлжилж байгаад хамгийн сүүлд 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 200 000 төгрөг, 120 000 төгрөг өгснөөр дууссан. Эдгээр мөнгийг бол бүгдийг нь буцаан төлөх нөхцөлтэйгээр цэвэр итгэлцэл дээр зээлсэн. Б.Ц*******д дансны баримтыг шүүгээд нийт 16 251 000 төгрөгийг зээлсэн байгаа. Энэ зээлсэн мөнгөнөөс хариуцагч Б.Ц******* нь 12 657 000 төгрөгийг буцаан төлсөн, энэ талаар маргахгүй бөгөөд төлсөн мөнгийг нь хасахаар үлдэх 3 594 000 төгрөгийг өгөөгүй тул зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн. Гэтэл хариуцагчийн шүүхэд ирүүлсэн дансны гүйлгээний баримтаас тулгаад харахад 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буцаан 320 000 төгрөгийг зээлийн үүрэгт төлсөн гэсэн байна. Тиймээс хариуцагчийн төлсөн мөнгийг зөвшөөрч байна. Зөрүү болох 348 000 төгрөгийг одоо Б.Ц*******гээс гаргуулна. Харин хариуцагч Б.А*******аас 11 830 000 төгрөгийг нэхэмжилж байсан боловч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслээд 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр уг мөнгийг Б.Ц*******гийн өмнөөс А*******д шилжүүлсэн, өөрөөр хэлбэл Б.Ц*******гийн зээлийн төлбөрийг хийж өгөөч гээд хийлгэсэн байгаа. Үүнийгээ ч хариуцагч нь тайлбартаа хэлж байх тул Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар Б.Ц*******гээс уг 11 830 000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэв.

                                   

2.Хариуцагч Б.Ц******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ц.Б*******ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхийн шатанд холбогдох бичиг баримтыг банкны дансны хуулга гаргаж өгнө гэжээ.

2.1.Хариуцагч Б.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч Ц.Б*******ээс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн мөнгө зээлсэн нь бол үнэн, гэхдээ 2020, 2021, 2022 онд нийт 16 599 000 төгрөгийг төлсөн, тиймээс одоо төлөх мөнгө үлдээгүй. Харин 11 830 000 төгрөгийг бол төлөхгүй, зөвшөөрөхгүй гэв.

 

3.Хариуцагч Б.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Анх 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б.А*******, Б.Ц******* нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ хийгдсэн, Б.Ц*******, Ц.Б******* 2 найз байсан, нэг өдөр Ц.Б******* нь Б.А******* дээр Б.Ц*******г дагуулаад ирсэн. Тэгээд Б.Ц*******д 9 000 000 төгрөг зээлсэн, барьцааны гэрээ байгуулсан байдаг. 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Ц.Б*******, Б.Ц******* 2 хамт явж байгаад Б.А*******аас зээл хүссэн байдаг. Би өмнөх зээлээ төл гэсэн. Гэтэл Ц.Б******* нь Б.А*******ын дансанд Б.Ц*******гийн өмнөөс нь /Б.Ц*******гээс зээл төлөв гээд 11 830 000 төгрөгийг шилжүүлсэн/ байдаг. Өөрөөр хэлбэл Б.Ц******* нь Б.А*******аас зээлсэн 9 000 000 төгрөгөө үндсэн зээл, хүү, алдангийн хамт нийт 11 830 000 төгрөгт тооцож шилжүүлж зээлээ хаасан. Тиймээс Б.А*******, Б.Ц******* нарын хооронд 9 000 000 төгрөгний зээл олгосон харилцаа бий болсон болохоос Б.А******* би Б.Ц*******тэй хамт Ц.Б*******ээс хамтран уг мөнгийг зээлсэн асуудал байхгүй. Үүнийг нэхэмжлэгч, хариуцагч Б.Ц******* хэн аль нь мэдэж байгаа. Гэтэл Б.А*******д холбогдуулаад нэхэмжлэл гаргасан байгааг ойлгохүй байна. Б.Ц******* зөвшөөрөхгүй гэсэн учраас Б.А*******аас шаардсан гэсэн боловч Ц.Б******* нь Б.А*******аас огт мөнгө нэхэж байгаагүй, Б.Ц*******гээс л шаардаж байсан байх. 2020 оны 7 сарын 21-ний өдрөөс хойш тооцохоор Б.А*******аас шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 496 дугаар зүйлд зааснаар өөрөө сайн дураараа өр төлсөн юм бол тухайн өрийг нь төлсөн хүнээсээ нэхэх эрхтэй. Иймд 11 830 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн албан бичиг, дансны хуулга, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, дансны хуулга, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, дансны хуулга, хариу тайлбар, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, дансны хуулга /хэргийн 2-9, 49, 51-75, 83-119, 128-133, 145-148, 151-173-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Б.Ц*******гээс иргэний үнэмлэхний лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хэргийн 22, 43, 150-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Б.А*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, дансны хуулга, хариу тайлбар /хэргийн 25-36, 125-р хуудас/ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.


Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Хаан банк ХК-иас Б.Ц*******гийн 5006******* тоот дансны хуулга /хэргийн 80-р хуудас/ гэсэн баримтыг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ц.Б*******ийн хариуцагч Б.Ц*******, Б.А******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс хариуцагч Б.Ц*******гээс 11 457 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.А*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ц*******, Б.А******* нарт холбогдуулан хариуцагч Б.Ц*******гээс 3 594 000 төгрөг, хариуцагч Б.А*******аас 11 830 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хариуцагч Б.Ц*******тэй найз нөхдийн харилцаатай тул түүнд итгэж 2020 оноос 2022 оны хооронд нийт 16 251 000 төгрөгийг зээлсэн, уг мөнгөнөөс Б.Ц******* нь эргүүлж 12 657 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 3 594 000 төгрөгийг Б.Ц*******гээс, 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 11 830 000 төгрөгийг Б.Ц*******гийн өрийг төлөхөөр Б.А*******д шилжүүлсэн тул 11 830 000 төгрөгийг Б.Ааас тус тус гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон боловч шүүх хуралдаанд хариуцагч Б.Ц*******гээс зээлийн гэрээний үүрэгт үлдэх 348 000 төгрөг, хариуцагч Б.А*******ын зээл хаасан төлбөрт буюу өрийг төлөхөөр шилжүүлсэн 11 830 000 төгрөгийг тус тус гаргуулахаар тодруулсан.

3.Хариуцагч Б.Ц******* нь нэхэмжлэгчээс 2020 оноос 2022 оны хооронд нийт 16 251 000 төгрөгийг зээлсэн талаараа хүлээн зөвшөөрч, уг мөнгөнөөс дансны гүйлгээний баримтаар нийт 16 599 000 төгрөгийг буцаан төлсөн тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон, 11 830 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, энэ талаар мэдэхгүй гэж тайлбарласан.

4.Хариуцагч Б.А******* нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй, хариуцагч Б.Ц*******тэй зээлийн гэрээ байгуулж 9 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд уг зээлийг үндсэн зээл, хүү, алдангийн хамтаар тооцож нийт 11 830 000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчээс шилжүүлж Б.Ц******* нь зээлээ хаасан тул нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэггүй гэж маргасан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.1.Нэхэмжлэгч Ц.Б******* нь хариуцагч Б.Ц*******д 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийг хүртлэх хугацаанд нийт 16 226 000 төгрөгийг буюу 2020 онд 2 225 000 төгрөг, 2021 онд 480 000 төгрөг, 2022 онд 7 521 000 төгрөг, мөн 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 6 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн болон хариуцагч Б.Ц*******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тус тус тогтоогдож байна.

5.2.Мөн нэхэмжлэгч Ц.Б******* нь 2020 оны 7 сарын 20-ны өдөр 11 830 000 төгрөгийг Ц*******гээс А*******д зээл хаав гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагч Б.А*******ын 5007******* тоот дансанд шилжүүлжээ.

6.Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч нь хариуцагч Б.А*******д 11 830 000 төгрөгийг зээлсэн эсэх, хариуцагч Б.Ц*******гийн өрийг түүний өмнөөс нь төлсөн эсэх талаар маргаж байна, хариуцагч Б.Ц*******тэй зээлийн гэрээ байгуулсан, мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, буцаан төлж байсан талаар маргаагүй.

 

7.Нэхэмжлэгч Ц.Б******* нь хариуцагч Б.Ц*******д 16 226 000 төгрөгийг буцаан өгөх нөхцөлтэйгээр зээлсэн, хариуцагч Б.Ц******* нь уг мөнгийг хүлээн авсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

7.1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

7.2.Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х******* нарын тайлбар, хэрэгт авагдсан талуудын дансны депозит дансны хуулгаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ц*******д 16 226 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд уг мөнгийг хариуцагч нь хүлээн авч, 16 599 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт буцаан өгсөн гэж тайлбарласан нь хариуцагч Б.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн дансны гүйлгээний баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

7.3.Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ц*******гээс зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй, хариуцагч нь нэхэмжлэгчээс 16 226 000 төгрөгийг зээлж, 16 599 000 төгрөгийг буцаан төлсөн байх тул үүрэг дуусгавар болсон, илүү 373 000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна.

 

8.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.А*******аас 11 830 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа уг 11 830 000 төгрөгийг 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч Б.А*******ын дансанд шилжүүлсэн боловч түүний тайлбар, шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар хариуцагч Б.Ц*******гийн өрийг төлсөн байх тул уг 11 830 000 төгрөгийг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцагч Б.Ц*******гээс гаргуулна гэж тайлбарласан.

8.1.Хариуцагч Б.Ц******* нь 11 830 000 төгрөгний талаар мэдэхгүй, уг мөнгийг нэхэмжлэгчээс зээлээгүй, ямар нэгэн өр төлбөрийг төлүүлсэн зүйл байхгүй, энэ талаар шаардлага гаргаагүй тул тайлбар өгөхгүй гэсэн боловч нэхэмжлэгч Ц.Б******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар Б.Ц*******, Б.А******* нарыг тодорхойлсон бөгөөд хариуцагч Б.А******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа талаарх тайлбарыг шүүхэд гаргасан, нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхойлсон Б.Ц*******, Б.А******* нарын Б.Ц*******гээс 11 830 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна.

8.2.Учир нь хариуцагч Б.Ц******* нь 11 830 000 төгрөгийг Б.А*******аас биш надаас гаргуулахаар шаардаж байгаатай холбоотой тайлбар гаргах боломжгүй, энэ талаар мэдэхгүй, мэтгэлцэх боломжгүй байна гэсэн боловч хариуцагч Б.А******* нь нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаарх тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

8.3.Хэрэгт хариуцагч Б.А*******аас 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээг ирүүлсэн бөгөөд уг гэрээг Б.А******* нь Б.Ц*******тэй байгуулж, 9 000 000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэй, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаатай олгохоор харилцан тохиролцож, зээлийн барьцаанд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө барьцааны гэрээ байгуулж, Б.Ц*******гийн өмчлөлийн 2 тоот хаягт байрлах 654 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан, мөн Хаан банкны шилжүүлгийн мэдүүлгээр Б.А*******аас 9 000 000 төгрөгийг Б.Ц*******д шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

8.4.Энэ үйл баримтын талаар хариуцагч Б.Ц*******, Б.А******* нар хүлээн зөвшөөрч маргаагүй тул хариуцагч Б.Ц*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 11 830 000 төгрөгийн талаар мэдэхгүй, тайлбар өгөхгүй гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

8.5.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Б******* нь хариуцагч Б.Ц*******гийн дээрх хариуцагч Б.А*******тай байгуулсан 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нийт 11 830 000 төгрөгийг 2020 оны 7 сарын 20-ны өдөр Ц*******гээс А*******д зээл хаав гэсэн гүйлгээний утгатайгаар хариуцагч Б.А*******д шилжүүлснээр хариуцагч Б.Ц******* нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдсөн байх тул уг 11 830 000 төгрөгийг хариуцагч Б.Ц*******гээс шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

8.6.Иймд хариуцагч Б.Ц*******гээс 11 830 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б*******т олгох үндэслэлтэй байх тул Б.Ц*******гийн нэхэмжлэгч Ц.Б*******т зээлийн гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 373 000 төгрөгийг хасч, үлдэх 11 457 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид болгож, нэхэмжлэгчийн хариуцагч Б.А*******д холбогдуулан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 660 /72 000+132 230+55 430=259 660/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц*******гээс 198 262 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б*******т олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон   

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар хариуцагч Б.Ц*******гээс 11 457 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б*******т олгож, хариуцагч Б.А*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Ц.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц*******гээс 198 262 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б*******т олгосугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

                                 

  

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН