2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 192/ШШ2025/01527

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Р-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Б*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов. Хариуцагч Б.Р*******д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч Б.Р*******д холбогдуулан орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр иргэн М.С*******гаас орон сууцыг авч төлбөрийг төлж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Миний бие орон сууцаа захиран зарцуулж эзэмших гэтэл дотор нь Б.Р******* амьдарч саад учруулж байна. Иймд хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Би орон сууцыг худалдан авч үнийг бүрэн төлсөн, тухайн орон сууцыг худалдан авахад түрээслэж байгаа хүн нь удахгүй гарчихна гэж хэлсэн. Гэтэл одоог хүртэл гарахгүй, орон сууцыг минь чөлөөлж өгөх талаар хэлэхэд би асуудлаа удахгүй шийдвэрлэчихнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэсэн зүйлгүй өмчлөх эрхийг зөрчиж байгаа учраас шүүхэд хандсан юм гэв.

1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчаас өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр гаргасан. Нэхэмжлэгч С.Б******* нь худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан, уг гэрээний эх хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгчихсөн байдаг. Уг орон сууцыг 30 000 000 төгрөгөөр тооцож гэрээгээ хийсэн байдаг. Гэхдээ 130 000 000 төгрөгөөр худалдан авсан үнийг төлсөн, орон сууцыг худалдан авахад байр М.С*******гийн өмчлөлд байсан. Тухайн үед орон сууцыг үзээд авахад ямар ч хүн байгаагүй, М.С******* нэхэмжлэгчид байраа үзүүлээд харилцан тохиролцоод гэрээ байгуулсан. Өмчлөх эрхийг шилжүүлсэн. Тэгээд өмчлөх эрхээ шилжүүлээд бүх юм дуусаад байрандаа орно гэхэд түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй 1 хүн байгаа, удахгүй гарчихна гэсэн. Түүнийг хугацаа нь дуусахаар гарах байх гэсэн. Нэхэмжлэгч нь хүлээцтэй хандаж, гэрчилгээгээ хариуцагч Б.Р*******д үзүүлсэн. Гэтэл тэр хүн би гарахгүй ажлын хөлсөнд байраа авна гэж байсан, удахгүй энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдэг боловч энэ асуудлаа шийдвэрлэхийг нь нэхэмжлэгч 2021 оноос 2023 онд хүлээсэн гэвч гарахгүй болохоор шүүхэд хандсан байгаа. Мөн шүүхэд хандаад нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш ч тоохгүй, тайлбар ч өгөхгүй байна. Хэрэв ямар нэгэн асуудал байгаа бол хариуцагч нь тухайн хүнтэйгээ шийдвэрлэх нь зүйтэй байх, улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу өмчлөх эрхийн гэрчилгээтэй нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөд байгааг анхаараарай гэв.

 

2.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, С.Б*******ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 2-4, 25-26-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч С.Б******* нь 37б тоот хаягт байршилтай, 60,75 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч тул орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа хариуцагч Б.Р*******г орон сууцнаас албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхээ тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгч С.Б*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гардан авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй болно.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч С.Б******* нь  37б тоот хаягт байршилтай, 60,75 м.кв талбайтай Ү-2206******* дугаарт бүртгэлтэй, орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №007*******дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

4.2.Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх хөрөнгийн лавлагаанд ...эд хөрөнгийн мэдээлэл:Улаанбаатар  37б тоот, өмчлөгчийн мэдээлэл:С.Б*******, худалдах худалдан авах гэрээ 2019/01/09 М.С*******, худалдсан, худалдах худалдан авах гэрээ 2019/05/28 С.Б******* өмчилсөн гэжээ.

5.Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд С.Б  37б тоот хаягт байршилтай, 60,75 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Ү-2206******* дугаарт бүртгэж, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрчилгээ олгов гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй байна гэж үзэв.

 

5.1.Нэхэмжлэгч С.Б******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-д өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоолгохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-д энэ хуулийн 106.1, 106.2-д зааснаар шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж зааснаар өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж, орон сууцыг хариуцагч Б.Ренчингийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардсан.

5.2.Хариуцагч Б.Р******* нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д заасан хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72.3-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцохоор байна гэж үзэв.

5.3.Учир нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нь нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч байхыг өмчлөх эрхээ алдаагүй байхыг шаардах бөгөөд хариуцагчийн эзэмшил нь хууль бус байхыг урьдчилсан нөхцөл болгодог.

5.4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.

 

5.5.Хариуцагч нь орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа, эзэмших эрхтэй болох талаараа болон улсын бүртгэл буруу ташаа болох талаар тайлбарыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийг шүүхээс 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гардан авч, эрх үүрэгтэй танилцсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарч, шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг 00 минутад товлон зарлахад хариуцагч нь хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан тул хүсэлтийг хүлээн авч, хэргийн оролцогчдын тэгш байдал, мэтгэлцэх зарчмыг хангахаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

5.6.Гэвч 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг нээж ирцийг шалгахад хүсэлт, санал ирүүлээгүй, шүүх хуралдааныг хууль зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй оролцох эрхийг нь хангаж хойшлуулсан боловч өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ, хүсэлтийг ирүүлээгүй болно.

5.7.Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх эрхээ хэрэгжүүлээгүй, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн үүргээ биелүүлээгүй.

 

6.Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууцны өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч нь саад учруулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч Б.Р******* 37б тоот хаягт байршилтай, 60,75 м.кв талбайтай орон сууцнаас албадан чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Р*******г  37б тоот хаягт байршилтай, 60,75 м.кв талбайтай орон сууцнаас албадан чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН