| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 2333000000136 |
| Дугаар | 2024/ДШМ/31 |
| Огноо | 2024-04-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Бадам |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 2024/ДШМ/31
Д.Бүрэнмөнхөд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,
Прокурор Н.Бадам /цахим/
Хохирогч О.Батгэрэл
Шүүгдэгч Д.Бүрэнмөнх /цахим/
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шийдвэрлэн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.Бүрэнмөнхөд холбогдох эрүүгийн 2333000000136 дугаартай, *********** индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Чонос овогт Даваахүүгийн Бүрэнмөнх, Монгол улсын иргэн, ****** оны **** дугаар сарын **** өдөр Сэлэнгэ аймаг Баруунбүрэн суманд төрсөн, *****настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Баруунбүрэн сум ******* баг “Огтор-Бэлчир” гэдэг газарт оршин суух, /РД:*********/
Шүүгдэгч Д.Бүрэнмөнх нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг “Огтор бэлчир” гэх газарт байрлах иргэн О.Батгэрэлийн хадаж бухалдсан өвснөөс 5 портер өвс хулгайлж иргэн О.Батгэрэлд 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас: Д.Бүрэнмөнхийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:
Чонос овогт Даваахүүгийн Бүрэнмөнхийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар Д.Бүрэнмөнхийг (01) нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бүрэнмөнхөд оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 25-33 СЭҮ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлогод оруулж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бүрэнмөнхөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдан,
Прокурорын тогтоолоор 25-33 СЭҮ улсын дугаартай “Хьюндай Портер” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн болохыг дурдан,
Хохирогч О.Батгэрэл нь нотлох баримтаа бүрдүүлэн бусад хохирлын зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдан, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Сэжигтэн яллагдагч, шүүгдэгч, ялтан хохирогчид... эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулна”, 5.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “ Сэжигтэн, яллагдагч шүүгдэгч тогтоосон хугацаанд өмгөөлөгч сонгож аваагүй бол тухайн ажиллагаанд томилогдсон өмгөөлөгчийг оролцуулна” , 35.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх хангагдсан эсэхийг тодруулна” гэсэн заалтуудыг зөрчиж Монгол улсын үндсэн хууль, Хүний эрхийн конвенциэр хамгаалагдсан эрхийг хангалгүй ял шийтгэл оногдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.
Өмгөөлөгч миний бие нь шүүхээс ял шийтгэл оногдуулсны дараа шүүгдэгч Д.Бүрэнмөнхтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянадаг тул мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй дараах зөрчлүүд байгааг анхаарч өгнө үү.
Шүүгдэгч Д.Бүрэнмөнхийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1 дүгээр багийн “ Огтор бэлчир” гэх газарт байлах иргэн О.Батгэрэлийн хадаж бухалдсан өвснөөс 5 портер өвс хулгайлж иргэн О.Батгэрэлд 600.0 төгрөгний хохирол учруулсан гэх үндэслэлээр прокурор яллах дүгнэлт үйлдэж шүүх ял шийтгэл оногдуулсан байх боловч Д.Бүрэнмөнх нь машин механизм ашиглаж бусдын эд зүйлийг хулгайлсан болох нь хэрэгт байх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдоогүй байна. Тухайлбал: Хулгайлсан гэх өвс нь хохирогч О.Батгэрэлийн өмчлөлийн өвс биш болох нь хэргийн 39 дүгээр хуудсанд байх хохирогч О.Батгэрэлийн “Газрын татвараа төлөхөөр 2023 оны 09 дүгээр сард Цагаантолгойгоос ирсэн газрын даамалтай уулзахад намайг очоод байж бай, газрын кадастр хийж өгье гэсэн боловч бороо ороод чадаагүй юм” гэсэн мэдүүлэг.
Баруунбүрэн сумын татварын байцаагч Т.Болорын “ Намар хадлангийн газрын хуваарилалтыг багийн засаг дарга болон газрын даамал хийдэг би зөвхөн хадлангийн газрын төлбөрийн нэхэмжлэлийг үүсгэж өгдөг юм. О.Батгэрэл нь хаана, ямар газар гэдэг нь тодорхойгүй төлсөн байгаа. Уг нь багийн засаг даргад өргөдөл бичээд газрын зураг болон нэр хэмжээг тодорхойлсон байдаг” гэсэн мэдүүлэг. /хх-48/
Баруунбүрэн сумын Иргэдийн хурлын дарга Б.Бүрэнжаргалын “ О.Батгэрэл, Д.Бүрэнжаргал нар нь урьд жилүүдэд ер нь гэрээ байгуулаагүй, газрын хураамжаа төлдөггүй, газрын албанд мэдэгддэггүй байсан. О.Батгэрэл нь 2 дугаар багийн Тэмээгийн ар гэх газарт хадлангийн талбайтай, тэрнийхээ л хураамжийг төлдөг байсан. 2023 онд манай суманд газрын албанд болон багийн засаг даргын тушаалд хүн томилогдоогүй байсан” гэсэн мэдүүлгүүдээр Д.Бүрэнмөнх нь О.Батгэрэлийн өмчлөлийн өвсийг хулгайлж авсан болох нь үгүйсгэгдэж байна.
Мөн хохирлын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг ч үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь 6 портер гэх өвсийг хүндийн жин, талбай гэх мэт ямар хэмжүүрээр үнэлсэн нь тодорхойгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтийг яллагдагч Д.Бүрэнмөнхөд танилцуулаагүй, гомдол хүсэлт гаргах эрхээр нь хангаагүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Бүрэнмөнх уншиж бичихдээ муу, ойлгох чадвар сул гэдгээ мэдүүлсээр байхад өмгөөлөгчгүй байцаалт авч гарын үсгийг өөр хүнээр дууриалгаж зуруулсан нь үнэхээр гайхаш төрүүлж байна. Хэргийн 60 дугаар хуудсанд байх Д.Бүрэнмөнхийн гарын үсэг нь энгийн нүдээр харахад л түүний гарын үсэг биш болох нь мэдэгдэж байна.
Д.Бүрэнмөнхийн хувийн байдлыг тогтоох ажиллагаа огт хийгээгүй байх бөгөөд Д.Бүрэнмөнх нь 0-12 насны 4 хүүхэдтэй эхнэр Ж.Баттөр нь 2024 оны 01 дүгээр сарын 14-нд хүүхэд төрүүлсэн, бага насны нялх хүүхдүүдтэй, малыг нь маллаж, ус түлээг нь дөхүүлж, хүүхдүүдийг нь сургуульд хүргэж өгөх хүнгүй хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдсөн, өндөр эрсдэлтэй байгаа нь Баруунбүрэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, эхнэр Ж.Баттөр нь хүндрэлтэй төрж биеийн байдал нь муу байгаа нь Баруунбүрэн сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолтуудаар нотлогдож байна. Иймд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бүрэнмөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч прокурор яллагдагч шүүгдэгчийг яллах цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоогоогүй, Д.Бүрэнмөнх нь бусдын өмчлөл, эзэмшлийн эд зүйлийг машин, механизм ашиглан хулгайлсан нь нотлогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар 2 дахь хэсгийг журамлан 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Д.Бүрэнмөнхөд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:
Даваахүү овогтой Бүрэнмөнх миний бие нь иргэн Батгэрэлийн өвсийг хулгайлсан гэх хэрэгт холбогдож хоригдсон. Гэтэл хууль ёсны өмгөөлөгчөөр шалгуулан шүүлгэсэн чинь хуурамч бичиг баримтаар манай хадлангийн газрыг өөрөө хулгайгаар хадаж бухалдсан нь нотлогдоод байгаа тул энэ хорих газраас суллаж өгнө үү. Ар гэрийн байдал эхнэр 4 хүүхэдтэй мал ахуйгаа харахад хэцүү хүнд байна. 1 нь 3 дугаар анги, 1 нь 5 дугаар анги, 1 нь 1 нас 3 сартай, 1 нь 1 сар хэд хоногтой нярай. Хичээлийн 2 хүүхэд айлд суугаад хэцүү байна гэсэн уул нь ээж нь аваад төв ордог би өөрөө малаа хараад үлддэг юм. Тэр хадлангийн газрыг манайхыг хаддаг болохыг хажуу хоршоо айлууд бүгд мэднэ. Ийм хөдлөшгүй 2 нотлох баримт байна. Д.Бүрэнмөнх миний бие нь энд хоригдоод одоо 01 сар болж байна. Ар гэр маш хүнд байна. энэ хэргийн шийдвэр бүрэн гүйцэт гартал гадуур байлгаж өгнө үү. Би дуудсан цаг хугацаанд ирж байх болно гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Энэ асуудал хулгай мөн эсэхийг Газрын тухай хуулиар зохицуулна. Зохицуулах хүн нь газрын албаны түшмэл Засаг дарга нь байх ёстой. Гэтэл энэ үед нь хэн ч хадах эрхээ аваагүй байсан. Тийм учраас Д.Бүрэнмөнхийн үйлдлийг хулгай гэж дүгнэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байгаа тул хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. Дараа нь иргэний журмаар гэм хорын асуудлыг нэхэмжлэх эрх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нөхцөл байдлыг харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү. ...О.Батгэрэл гэх хүн худлаа яриад байна. Урд нь өвснөөс болж маргалдаж байгаагүй. Хажуу талын айлууд намайг хадаж байсныг мэдэж байгаа. О.Батгэрэл гэх хүн Тэмээтийн ар гэх газарт хадлангийн талбайтай байж өмнө жилээс хойш булаацалдаж байна. Урд нь булаацалдаж, хэрүүл маргаан болж байгаагүй. Би 2-3 өдөр хулгай хийж явмааргүй юм. Хулгайч нь би болчихоод байна. Өөрөө хулгайгаар хадаж бухалдчихсан гэв.
Хохирогч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Огтор бэлчирийн улаан толгойн газрыг 2013 оноос эхэлж хүмүүс хадаж эхлэхээр нь би газрын талбайгүй болоод өөрөө хадаж байсан. 2020 оноос хойш газрын албандаа очиж үзүүлэхээр бичиг өгдөг. Хадаж болно гэсэн зөвшөөрөлтэй. Анхандаа 2000 төгрөгөөр өгдөг байсан. Уг бичигнүүдээ алга болгочихоод 2021 оноос хойшхи бичигнүүд надад байгаа. Нэг хадахдаа 10 га газар хаддаг. 10 га газар гэж бодож өгдөг. ...Намайг яагаад хулгайч гэж хэлээд байгааг ойлгохгүй байна. Бид нарыг эхэлж ирээд өргөдлөө өгөөд бичгээ авсны дараа хадлангаа хий гэж хэлдэг. Би 2013 оноос хойш байнга бичгээ аваад өвсөө хадсаар л байсан. Би худлаа ярихгүй гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Д.Бүрэнмөнхөд холбогдох хэрэгт хяналт тавьж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс шийдвэр гарч шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. ... Анхан шатны шүүхээс ялыг харьцангуй хөнгөрүүлж шийтгэл оногдуулсан байдаг. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Д.Бүрэнмөнхөд холбогдох эрүүгийн 2333000000136 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
Шүүгдэгч Д.Бүрэнмөнх нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг “Огтор бэлчир” гэх газарт байрлах иргэн О.Батгэрэлийн хадаж бухалдсан өвснөөс 5 портер өвс хулгайлж иргэн О.Батгэрэлд 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
2.Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаж үзээд шүүгдэгч Д.Бүрэнмөнхийн үйлдийг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаагүй, сэм далд аргаар үйлдэгдээгүй, хохирогч О.Батгэрэлийн хадаж бухалдсан өвсийг өдрийн цагаар ил аргаар өөрийн өмчлөлийн машинд эхний өдөр 3 машин өвсийг, маргааш нь 2 машин өвсийг ачиж тээвэрлэн өвөлжөөндөө аваачиж хураасан болох нь хохирогч О.Батгэрэлийн “...Би Д.Бүрэнмөнх гэдэг залууг сэжиглэж байна” гэх /хх-ийн 33 тал/, гэрч Г.Нямдоржийн “...2023 оны 09 дүгээр сарын 20-ны үед байхаа хажуу айлын хөрш Д.Бүрэнмөнх ирээд өвс ачилцаад өгөөч гэж хэлж байсан тэгээд би Д.Бүрэнмөнх, мөн түүний ээж, Ч.Отгонбаатар нартай хамт эхний өдөр 3 портер өвс ачиж өгөөд тухайн өдрийн ажил дуусаад би гэрлүүгээ явсан...” гэх /хх-ийн 42 тал/, гэрч Ч.Отгонбаатарын “...Д.Бүрэнмөнх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр байхаа сайн санахгүй байна. Намайг хадлан хийхэд ачилцаад өгөөрэй гэж гуйсан тэгээд би 2 өдөр ачиж өгсөн. Эхний өдөр 3 портер өвс ачиж өгөөд, маргааш нь би 2 портер өвс ачиж өгсөн тэгээд дууссан..” гэх /хх-ийн 44 тал/, Д.Бүрэнмөнхийн уг хэрэгт гэрчээр өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр би хадлангаа хийх гээд хадлан хийдэг талбай дээрээ яваад очиход миний хадлан хийдэг газрыг хүн хадаад бухалдсан байхаар нь би нийт 5 портер өвс ачаад авсан” гэх /хх-ийн 40 тал/ зэрэг мэдүүлгүүдээр мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлогдсон.
О.Батгэрэлийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “...Д.Бүрэнмөнх нь тухайн хадлангийн талбайг өөрийн эзэмшлийн гэтэл та миний газраас өвс хадсан тул би авна гээд ачаад явсан. Энэ хүний үйлдлээс болж өвс олигтой бэлдэж чадаагүйгээс мал үхэж хохирсон...” гэсэн тайлбар, шүүгдэгч Д.Бүрэнмөнх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Даваахүү овогтой Бүрэнмөнх миний бие нь иргэн Батгэрэлийн өвсийг хулгайлсан гэх хэрэгт холбогдож хоригдсон. Гэтэл хууль ёсны өмгөөлөгчөөр шалгуулан шүүлгэсэн чинь хуурамч бичиг баримтаар манай хадлангийн газрыг өөрөө хулгайгаар хадаж бухалдсан нь нотлогдоод байгаа тул энэ хорих газраас суллаж өгнө үү...” гэсэн гомдол зэрэг баримтаар хохирогч болон шүүгдэгч нар нь Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ивэн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт оршин сууж мал ахуйгаа маллан айл саахалт амьдардаг ба намрын улиралд Огтор бэлчир гэх газраас хадлан хадаж өвөлжилтийн бэлтгэлээ хангадаг, түүнээс улбаалан хадлангийн газраа булаацалдах, манайх танайх хадна гэх зэргээр маргаантай байдгаас үүдэн хохирогч О.Батгэрэлийн хадаж бэлтгэсэн өвсийг зориуд ил аргаар өөрийн өмчлөлийн машинаар ачин авч явсан үйлдэл нь илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэж авсан үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар зүйлчилж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
3.Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч хангах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бүрэнмөнхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан буюу машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дээрх хуулийн зүйл заалтанд заасан хорих ялын доод хэмжээнээс доош татаж 01 жилийн хорих ял оногдуулсныг, зүйлчлэлийг хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан дээрэмдэх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 06 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар ялтан Д.Бүрэнмөнхийн энэ гэмт хэргийн улмаас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 37 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, шүүгдэгч Д.Бүрэнмөнхийн зорчих эрхийг хязгаарлах ялын биечлэн эдлэх хэмжээг 04 сар 23 хоногоор тогтоов.
Ялтан Д.Бүрэнмөнхөд шүүхээс хорихоос өөр төрлийн ял оногдуулж байгаа тул магадлал хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шийтгэх тогтоолын 1, 2 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
“1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2-д заасныг журамлан шүүгдэгч Чонос овогт Даваахүүгийн Бүрэнмөнхөд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж түүнийг “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,
2 дахь заалтыг:
“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Бүрэнмөнхөд 06 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлаж, хяналт тавьж ажиллахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж,
3 дахь заалтыг:
“3.Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар ялтан Д.Бүрэнмөнх зорчих эрхийг хязгаарласан ялыг зөрчсөн нөхцөлд хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн солихыг анхааруулсугай” гэж өөрчлөлт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар ялтан Д.Бүрэнмөнхийн энэ гэмт хэргийн улмаас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 37 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хорих ялын нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын биечлэн эдлэх хугацааг 04 сар 23 хоногоор тогтоосугай.
4.Ялтан Д.Бүрэнмөнхөд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ