2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 192/ШШ2025/01419

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ё.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Б-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: хүүхдийн хэрэглээний зардлын 50 хувь болох 34 501 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б*******,

Хариуцагч Д.Б*******,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ё.Ц******* нь хариуцагч Д.Б*******д холбогдуулан хүүхдийн хэрэглээний зардлын 50 хувь болох 34 501 500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Нэхэмжлэгч Ё.Ц******* нь Д.Б*******тай 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2018 оны 7 дугаар сарын 30-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Тэдний дундаас 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр охин Б.Н******* мэндэлжээ. Гэвч тэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01078 дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, охин Б.Н******* ээжийнхээ асрамжид үлдсэн байна. Нэхэмжлэгч Ё.Ц******* нь Швед улсад байхдаа хариуцагчийн тэвчишгүй ааш, араншингийн дор эдийн засаг, сэтгэл санаа болон бие махбодын хүчирхийлэлд байсан төдийгүй хамгийн сүүлд 2021 оны 01 дүгээр сард нэхэмжлэгчийг зодож, бие махбодын хүчирхийлэл үйлдсэн тул эгчээсээ онгоцны билетийн мөнгө гуйн авч 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Швед улсаас явсан. Охиноо Солонгос улсад эмчлүүлдэг тул охин Б.Н*******ы хамт 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш Солонгос улсад амьдарч байгаа. Охин Б.Н******* зүрхний ховдлын цоорхой буюу тосгуур хоорондын таславчийн цоорхой оноштойгоор Солонгос улсад байнга эмчилгээ хийлгэдэг тул Ё.Ц******* нь зайлшгүй шаардлагаар охины хамт Солонгос улсад ажиллаж, амьдарч байна. Солонгос улсад охиноо эмчлүүлэхийн зэрэгцээ цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол олгох, орон байраар хангах гэх мэт олон зардал гардаг хэдий ч эцэг Д.Б******* нь охиныхоо эмчилгээ, цэцэрлэг, орон байрны асуудалд туслалцаа үзүүлж, хүүхдийн хэрэгцээний зардлаас хуваалцахгүй өнөөдрийг хүрчээ. Хариуцагчаас хүүхдийн цэцэрлэг болон орон байрны төлбөрийг тооцоход нийт 30 784 680 вон буюу Монгол банкнаас зарласан валютын ханшид хөрвүүлэхэд 77 577 394 төгрөг болох юм. Иймд хариуцагч Д.Б*******аас хүүхдийн хэрэглээний зардлын 50 хувь болох 39 250 467 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

1.2.Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, багасгаж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчаас цэцэрлэгийн сургалтын төлбөрт 15 284 680 вон нэхэмжилсэн боловч цэцэрлэгийн төлбөр төлсөн баримт, дансны хуулгыг нэмж нэхэмжилжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2 730 000 вон, нийт 3 724 680 вон буюу 9 497 934 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Нэхэмжлэгч тал хариуцагчаас хүүхдийн цэцэрлэг болон орон байрны төлбөрийг тооцоход нийт 27 060 000 вон буюу Монгол банкнаас зарласан валютын ханшид хөрвүүлэхэд 69 003 000 төгрөг болох юм. Иймд хариуцагч Д.Б*******аас хүүхдийн хэрэглээний зардлын 50 хувь болох 34 501 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

1.3.Шүүхэд гаргасан хүүхдийн хэрэглээний зардлын 50 хувь болох 34 501 500 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна. Зохигчид гэр бүл болоод гэрлэлтээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээд охин Б.Н******* төрсөн. Гэвч талууд таагүй харилцааны улмаас гэрлэлтээ цуцлуулж, охин эхийн асрамжид үлдсэн. Хүүхдийн тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын хөрөнгийн маргаангүй гэсэн. Охины хамт 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш Солонгос улсад амьдарч байгаа, охин зүрхний ховдлын цоорой өвчний улмаас эмчилгээ хийлгэж, зайлшгүй шаардлагын улмаас тэнд амьдарч байгаа. Иймд бүх зардлыг нэхэмжлэгч өөрөө төлж явсан. Цэцэрлэгийн төлбөр 11 560 000 вон, байрны түрээс 15 500 000 вон гарсан. Үүний 50 хувийг гаргуулахаар шаардсан бөгөөд энэ нь 34 501 500 төгрөг болно. Хүүхэд өвчний улмаас орчин нөхцөл сайтай газарт амьдарч байгаа бөгөөд хүүхдийг өсгөхөд гарсан зардлыг аав нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцах үүрэгтэй тул хүүхдийн хэрэглээний зардалд зарцуулагдсан мөнгөний 50 хувийг л нэхэмжлэгч шаардаж байгаа гэв.

 

2.Хариуцагч Д.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Б******* нь 2018 онд Ё.Ц*******тай гэр бүл болж дундаасаа Б.Н******* охинтой болсон бөгөө Ё.Ц*******аас гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэр гарсан. Нэхэмжлэгч Ё.Ц******* нь Швед улсад байхдаа надтай хувийн таарамжгүй харьцааны улмаас хамт амьдрах боломжгүй байсан ба Ё.Ц*******, охин Н******* нар нь 2024 оны зун Монгол улсад ирээд охин Б.Н*******тай намайг уулзуулахад Солонгос улсын хүүхдийн цэцэрлэг, байрны түрээсийн талаар огт хэлээгүй. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдлэж, адил үүргийг хүлээнэ гэж заасан байна. Иймд миний бие нь Ё.Ц*******ын нэхэмжилсэн 39 250 497 төгрөгийг эсэргүүцэж байгаа бөгөөд охин Б.Н*******г өөрөө өсгөж, өөрийн асрамжид авахад татгалзах зүйлгүй, сар бүр тэтгэлгээ хугацаандаа төлөөд явж байгаа болно гэв.

 

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд гэрлэлтээ цуцлуулж, охиноо эхийн асрамжид үлдээж, Д.Б******* нь сар болгон тэтгэлгээ хугацаандаа төлдөг. Мөн дундын хөрөнгийн маргаан үүсгээгүй орон сууцыг эхнэр, охин хоёртоо үлдээсэн. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр Солонгос улсад амьдрахаар явсан, зайлшгүй эмчилгээ хийлгэхээр яваагүй. Хүүхэд зүрхний цоорхой өвчтэй нь үнэн, энэ талаар маргахгүй боловч энэ төрлийн эмчилгээг Монгол улсад хийдэг, заавал Солонгост эмчилгээ хийлгэх шаардлагагүй, хуурамч баримт бүрдүүлэн өгсөн гэж үзэж байна. Энэ нь эмнэлгийн хаяг, охины төрсөн огноо зэрэг баримтууд зөрүүтэй бичигдсэн байгаа. Тиймээс баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж л маргаад байгаа юм гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Б.Н*******гийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, гадаад үнэмлэхний хуулбар, байнгын оршин суугчийн үнэмлэх, Б.Н*******гийн эрүүл өсч бойжиж буй ӨЭМТ-ийн тодорхойлолт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/01078 дугаар шийдвэр, №130******* дугаар Тусгай дугаарын гэрчилгээ, сургалтын төлбөрийн баримт, гүйлгээний баримт, №176******* дугаар Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, сургалтын төлбөрийн баримт, гүйлгээний баримт, зарлагын гүйлгээний баримт, сургалтын төлбөр төлсөн баримт, Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, гүйлгээний баримт, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хх-ийн 3-43, 98-р хуудас/ гэсэн баримтуудыг,

 

хариуцагчаас хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, эмнэлгийн баримт, солонгос хэл дээрх баримтууд /хх-ийн 51, 105, 107-123-р хуудас/ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр эмнэлгийн онош гэсэн баримт, амбулатороор эмчлүүлсэн тодорхойлолт, эмчийн магадлагаа, Б.Н*******гийн Солонгос хэл дээрх баримтууд /хх-ийн 59-89-р хуудас/ шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ё.Ц*******ын нэхэмжлэлээс 3 480 750 төгрөгийг хангаж, үлдэх 31 020 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Ё.Ц******* нь охин Б.Н*******ыг төрөлхийн зүрхний ховдлын цоорхой буюу тосгуур хоорондын таславчийн цоорхой оноштой тул Солонгос улсад эмчилгээ хийлгэж, өөрөө өсгөн хүмүүжүүлж байгаа бөгөөд хүүхдийн цэцэрлэг, охинтой хамт амьдарч байгаа байрны түрээсийн төлбөрт төлсөн 27 060 000 воны зардлын 50 хувийг буюу 34 501 500 төгрөгийг эцэг нь хариуцах үүрэгтэй гэж шаардлагаа тодорхойлсон.

 

3.Хариуцагч Д.Б******* нь охин Б.Н*******ыг төрөлхийн зүрхний ховдлын цоорхой буюу тосгуур хоорондын таславчийн цоорхой оноштой гэдгийг хүлээн зөвшөөрч маргаагүй боловч заавал Солонгос улсад амьдрах, эмчлүүлэх шаардлагагүй, уг өвчнийг Монгол улсад эмчлэх боломжтой тул Солонгос улсад гарсан зардлыг хариуцахгүй, гэрлэлт цуцлахад охиноо ээжтэй нь амьдрахад зориулж орон сууцыг хүлээлгэн өгсөн, хүүхдийн тэтгэлгийг хугацаандаа төлдөг, төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Ё.Ц*******, Д.Б******* нар нь 2017 танилцаж, 2018 онд гэр бүл болж тэдний дундаас 2018 оны 9 дүгээр сарын 10-ны охин Б.Н******* төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хэргийн 13-р хуудас/

 

4.2.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2023/01078 дугаар шийдвэрээр ...Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ё.Ц, Д.Б нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Б*******ы Н*******г эх Ё.Ц*******ын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.Н*******г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Б*******аар тэжээн тэтгүүлж, зохигчид эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдаж... шийдвэрлэжээ.

 

5.Талууд тэжээн тэтгэхтэй холбоотой гарсан зардлыг хариуцах эсэх талаар маргаж байна, хүүхдийн асрамж болон өвчний оношийн талаар маргаагүй.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2.1-д хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 26.4-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан боловч энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ гэж заажээ.

6.1.Нэхэмжлэгч нь охин Б.Н******* зүрхний ховдлын цоорхой буюу тосгуур хоорондын таславчийн цоорхой оноштой, охинтойгоо Солонгос улсад амьдарч байгаа бөгөөд Солонгос улсад эмчилгээ хийлгэж, эрүүл чийглэг орчинд амьдрах нь хүүхдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэж тайлбарлаад охины цэцэрлэг болон өдөр өнжүүлэхийн төлбөр 11 560 000 вон, охинтойгоо хамт амьдардаг байрны түрээсийн төлбөрт 15 500 000 вон, нийт 27 060 000 воны зардал гарсан тул хүүхдийн хэрэглээний зардлын буюу 27 060 000 воны 50 хувь болох 34 501 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

6.2.Хариуцагч нь хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хугацаанд төлдөг, охин заавал Солонгос улсад амьдрах, эмчилгээ хийлгэх шаардлагатай эсэх нь баримтаар нотлогдохгүй, Монгол улсад ч энэ өвчнийг эмчлэх боломжтой, шүүхэд ирүүлсэн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

6.3.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь гарсан зардлыг хариуцуулахаар шаардах эрхтэй, хариуцагчийн хуульд заасан тэтгэлгийг хугацаандаа төлдөг, хүүхдийн өвчнийг Монголд ч гэсэн эмчлэх боломжтой гэсэн нь нэмэлт тэтгэлгээс буюу тэжээн тэтгэхтэй холбоотой зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

6.4.Учир нь талууд хүүхдийн өвчний оношийн талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдруулахаар Солонгос улсад амьдарч байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй юм.

 

7.Нэхэмжлэгч нь хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт нийт 11 560 000 воны зардал гарсан болох нь Мирэ цэцэрлэгт 2023 оны 03 сарын 05-наас 2024 оны 01 сарын 25-ны өдөр хүртлэх 3 246 000 вон, Жомпобэдю цэцэрлэгт 2023 оны 03 сарын 27-ноос 2024 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл 1 116 000 вон, Гүнбит цэцэрлэгт 2021 оны 05 сарын 04-нөөс 2022 оны 11 сарын 02-ны өдрийг хүртэл 7 198 000 вон төлсөн талаарх сургалтын төлбөрийн баримт, гүйлгээний баримт, цэцэрлэгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зарлагын гүйлгээний баримт, сургалтын төлбөр төлсөн баримтуудаар, охинтой амьдрах байр түрээслэсэн зардалд 2021 оны 06 сарын 21-ний өдрөөс 2024 оны 01 сарын 22-ны өдрийг хүртлэх хугацаанд 15 500 000 воны зардал гарсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, гүйлгээний баримтаар тус тус тогтоогдоно гэсэн.

7.1.Хариуцагч, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүүхдийн цэцэрлэгчийн төлбөр төлсөн баримт, гүйлгээний баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэнээс хаашаа төлбөр төлөгдөөд байгаа нь тодорхойгүй, хүүхдийн цэцэрлэг гэсэн боловч Жомпобэдю нь улсын бүртгэлийн гэрчилгээ гэсэн баримтад бөөний жижиглэн худалдаа гэсэн үйл ажиллагаа явуулдаг гэж тэмдэглэгдсэн тул хуурамч баримт бүрдүүлэн өгсөн, мөн эмнэлгийн хаяг, охины төрсөн огноо зэрэг баримтууд зөрүүтэй бичигдсэн байгаа тул нотлох баримтын шаардлага хангахгүй гэж мэтгэлцсэн.

 

7.2.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн цэцэрлэгийн төлбөрийн баримтуудаар Мирэ цэцэрлэгт 2023 оны 03 сарын 05-наас 2024 оны 01 сарын 25-ны өдөр хүртлэх 3 246 000 вон, Жомпобэдю цэцэрлэгт 2023 оны 03 сарын 27-ноос 2024 оны 01 сарын 25-ны өдөр хүртэл 1 116 000 вон, Гүнбит цэцэрлэгт 2021 оны 05 сарын 04-нөөс 2022 оны 11 сарын 02-ны өдрийг хүртэл 7 198 000 вон төлсөн гэсэн боловч Мирэ цэцэрлэг, Жомпобэдю цэцэрлэгийн огноо давхардсан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Жомпобэдю нь цэцэрлэг биш, хүүхдийн цэцэрлэгээс аваад өгдөг өдөр өнжүүлэх гэж тайлбарласан боловч улсын бүртгэлийн гэрчилгээнд үйл ажиллагааны төрлийг бөөний жижиглэнгийн худалдаа, сурах бичиг, ном сургалтын материал гэсэн байх бөгөөд Жомпобэдю цэцэрлэг, Гүмбит цэцэрлэгийн сургалтын төлбөр төлсөн баримт, гүйлгээний баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь байна гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна.

 

7.3.Иймд Мирэ цэцэрлэгийн тусгай дугаарын бүртгэлийн №130******* дугаартай гэрчилгээнд Мирэ цэцэрлэг гэж бүртгэгдсэн, сургалтын төлбөрийн баримтад ...2024 он 01 сар 31 өдөр Б******* Н******* нийт 2 730 000 воннын сургалтын төлбөр төлөгдсөн гэсэн байх ба уг баримт нь эх хувиараа буюу монгол хэл дээр орчуулагдсан байх тул Мирэ цэцэрлэгийн төлбөр болох 2 730 000 воннын 50 хувийг нэмэлт зардалд тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

8.Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны 31 сарын түрээсийн төлбөрийг сард 500 000 воноор тооцож, нийт 15 500 000 вон гаргуулахаар шаардаж, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ, гүйлгээний баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч, түүний өмгөөлөгч нь уг зардал нь нэмэлт тэтгэлэгт тооцогдохгүй, гэрлэлт цуцлуулахад охины амьдрах орчин нөхцлийг нь хангаж, орон сууцыг нэхэмжлэгчид шилжүүлэн үлдээсэн, нотлох баримт нь шаардлага хангахгүй, орчуулсан баримтын эх хувь нь хэрэгт авагдаагүй гэж маргасан.

 

8.1.Нэхэмжлэгч нь шаардлагаа нотлохоор шүүхэд гадаад иргэний үнэмлэх, байнгын оршин суугчийн үнэмлэх, үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг шүүхэд ирүүлсэн боловч түрээсийн төлбөр төлсөн гэх гүйлгээний баримтын эх хувийг ирүүлээгүй байх тул уг баримтыг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй гэх хариуцагч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, нэхэмжлэгч нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул түрээсийн төлбөр нь Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасан онцгой нөхцөл байдал тохиолдсон зардалд хамаарахгүй гэж үзэв.

 

9.Иймд хариуцагч Д.Б*******аас хүүхдийн цэцэрлэгийн төлбөр буюу Мирэ цэцэрлэгийн төлбөрт төлөгдсөн 2 730 000 вон буюу 6 961 500 төгрөгний сургалтын төлбөрийн 50 хувь болох 3 480 750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ё.Ц*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 31 020 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. /2 730 000 х 2,55 төгрөг=6 961 500 төгрөг, 6 961 500:2=3 480 750 төгрөг/

 

9.1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1 воныг 2.55 төгрөгөөр тооцож, Монголбанкнаас зарласан валютын ханшийг ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж зааснаар нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон болно.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 642 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хариуцагч Д.Б*******аас хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 50 хувь болох 3 480 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Ц*******т олгож, нэхэмжлэлээс үлдэх 31 020 750 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ё.Ц*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354 203 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б*******аас 70 642 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ё.Ц*******т олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд түүнийг зохигч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН