| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Хулан |
| Хэргийн индекс | 183/2022/04357/И |
| Дугаар | 192/ШШ2025/01290 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/01290
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Г-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р******* ХХК /РД:*****/-д холбогдох,
2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8001/203 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ, уг гэрээний хавсралт 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 90 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р******* ХХК /РД:*****/-ийн,
Нэхэмжлэгч: Б.Г /РД:**********/-д холбогдох
Түрээсийн төлбөр 42 750 000 төгрөг, алданги 7 990 000 төгрөг, нийт 50 740 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Х.Д /РД:********/-ын,
Нэхэмжлэгч: Б.Г /РД:********/-д холбогдох,
203 тоот хаягт байршилтай, 102.79 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Г*******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртлэх хугацааны үндэслэлгүй хөрөнгөжсөн нийт 55 400 000 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Ш.А*******,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Г******* нь хариуцагч Р******* ХХК-д холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 8001/203 дугаартай гэрээнээс татгалзаж, 90 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Баяраа овогтой Г******* нь 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Р******* ХХК-тай 203 тоот 102.79м2, 349 486 000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулж урьдчилгаанд гэрээнд заасан нийт үнийг дүнгийн 6.1 хувь буюу 20 000 000 төгрөгийг төлж 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр уг орон сууцанд нүүн орсон. Анх орон сууцыг зээлээр худалдан авах гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 23-ны байгуулахдаа урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөрийг сар бүр орлогоос хамаарч боломжоор төлж байхаар тохиролцсон. Миний би 2018 оны 1 сараас эхлэн 1 сард дунджаар 11-15 сая төгрөгийг төлж нийт өнөөдрийг хүртэл 90 сая төгрөг төлсөн байна. Иймд орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж зээлийн төлбөрт төлсөн 90 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн.
1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Шүүхэд анх нэхэмжлэл гаргах үед 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний эх хувь нь нэхэмжлэгчид байгаагүй бөгөөд уг гэрээг хариуцагчаас шүүхэд гаргаж өгснөөр гэрээтэй танилцлаа. Уг гэрээ нь орон сууц худалдах худалдан авах гэрээ байх тул уг үндсэн дээр болон орон сууц худалдах худалдан авах гэрээнээс татгалзах байдлаар шаардлагаа тодруулж байна. Мөн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр зээлийн төлбөрт төлсөн гэж андуурч бичсэн байх тул үүнийг гэрээний төлбөрт төлсөн болгож тодруулж байна. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8001/203 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ, уг гэрээний хавсралт 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 90 000 000 төгрөгийг Р******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь шаардлагаа тодруулаад орон сууц захиалгаар барих гэрээ, уг гэрээний хавралт гэрээнээс татгалзаад 90 000 000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан, гаргасан шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагч Р******* ХХК-тай орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний зүйл болох орон сууцыг 300 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг төлж, орон сууцандаа 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нүүн орсон байдаг. Тэгээд орон сууцны төлбөрөө төлж эхэлсэн. 2018 оны 01 сараас 2018 оны 9 сар хүртлэх хугацаанд 90 000 000 төгрөг төлсөн байдаг. Уг 90 000 000 төгрөгт, урьдчилгаанд төлсөн 20 000 000 төгрөг орсон. Гэтэл орон сууцанд ороод амьдарч байх хугацаанд байр хүйтэн байсан, энэ талаар хэлэхэд арга хэмжээ аваагүй тул гэрээ цуцална гээд хэлсэн байдаг. Мөн хариуцагч нь нэхэмжлэгч Б.Г*******ад 2022 оны 9 сард орон сууцаа чөлөөлж өгөөч гэж мэдэгдсэн. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлөгдсөн 90 000 000 төгрөгийг буцаан гаргуулна гэв.
1.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ байгуулагдсан. Мөн хэн аль нь гэрээнээс татгалзсан гэдэг дээр маргахгүй байгаа. 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 30-ний өдрөөр тасалбар болгон гэрээг цуцална гэсэн, гэрээг цуцалсан талаар бол маргахгүй. Тиймээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс татгалзсан болон цуцалсан тохиолдолд мөнгийг буцаан гаргуулах ёстой. Гэтэл гэрээний төлбөрт төлөгдсөн мөнгийг хариуцагч өгөөгүй, тиймээс уг орон сууцанд нэхэмжлэгч амьдарч байгаа. Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд зааснаар Б.Г*******ад эзэмшил үүссэн. Гэрээнээс татгалзаж байгаа бол мөнгөө авна гэсэн боловч өгдөггүй, энэ хүн өгсөн мөнгөөр өөр байр түрээсэлнэ, урьдчилгаа өгнө гэсэн боловч мөнгөө өгөөгүй учраас байранд амьдарч байгаа нь хууль зөрчөөгүй. Энэ нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д буцаан өгөхөөс татгалзах эрхтэй гэдэг заалтаар хамгаалагдана. Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-р шаардлага гаргаж байна, мөнгөө өгсөн бол байрнаас гарахад татгалзахгүй. Түрээсийн төлбөрийг зөвшөөрөхгүй, түрээс төлөх талаар харилцан тохиролцоогүй. Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн гэрээний 2.3-т ийм заалт байхгүй. Харин хариуцагчийн гэрээнд байгаа нь эргэлзээтэй, хариуцагч нэхэмжлэгчид гэрээ өгсний дараа гэрээг өөрчилсөн гэдэг нь харагдаж байгаа. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6-д алдангийг төлнө гэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д 10 хувийн алданги гэж байхгүй. Гэрээний дагуу төлсөн төлбөрийг ашиглалтын төлбөр байсан гэж байна. Ашиглалтын төлбөрт биш байрны төлбөрт төлсөн, ашиглалтын төлбөрт тооцсон талаар баримт байхгүй тул төлөгдсөн бүх төлбөр орон сууцны төлбөрт тооцогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Г******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Г******* нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Р******* ХХК-тай орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, улсын комисс хүлээн авсан 203 тоот 102,79 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 349 486 000 төгрөгөөр худалдаж авсан. Гэрээний 2.1-д орон сууцын төлбөрийг төлж барагдуулахаар заасан боловч хугацаа хэтрүүлсэн тул төлбөр төлөхийг удаа дараа шаардсаны дүнд өнгөрсөн 5 жилийн хугацаанд 69 299 998 төгрөг нийт 89 299 998 төгрөгийг төлсөн нь төлвөл зохих дүнгийн 25,55 хувь юм. Тэрээр гэрээ байгуулсан өдөр орон сууцанд нүүж орсноос хойш өнөөдрийг хүртэл 4 жил 10 сар буюу нийт 58 сар амьдарч байна. Б.Г*******ийн төлбөр тооцоотой холбоотой өглөг, авлагын асуудал байгаа тул 90 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
2.1.Хариуцагч Р******* ХХК-ийн төлөөлөгч В.Г******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Р******* ХХК нь Б***гийн Г*******тай 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр №8001/203 Орон сууц захиалгаар барих гэрээг байгуулсан. Гэрээгээр Б.Г******* нь 203 тоот 102.79 мкв, 3 өрөө орон сууцыг 349,486,000 төгрөгөөр худалдан авсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 243-т заасан Худалдах худалдан авах гэрээний төрөлд хамаарна. Б.Г******* нь гэрээ байгуулахаас 2 өдрийн өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны үндсэн төлбөрөөс 20,000,000 төгрөг бэлнээр төлсөн. Гэрээний 2.1-т Үлдэгдэл 329,486,000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 45,000,000 төгрөг, 4 дүгээр сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг, 6 дугаар сарын 25-ны өдөр 40,000,000 төгрөг, 8 дугаар сарын 25-нд 204,486,000 төгрөг төлж барагдуулна. гэж тохиролцсон. Б.Г*******ын 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Р******* ХХК-д хандсан хүсэлтийн дагуу дээрх төлбөрийн хуваарийг гэрээнд тусгасан. Б.Г******* дээрх хуваарийг зөрчиж, төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг саатуулж байсан тул удаа дараа шаардсаны дүнд 69,299,998 төгрөгийг хугацаа хэтрүүлж төлснөөр нийт 9,299,998 төгрөг төлж, үлдэгдэл 260,186,002 төгрөг байна. Б.Г******* нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Р******* ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Г*******т төлбөрийг хэлсэн хугацаандаа төлж барагдуулж чадахгүй байгаад уучлал хүсье, цаашид хэлсэн хугацаандаа найдвартай төлөх тул та бүхэн эерэгээр шийдэж өгнө үү. Төлбөр төлөх хуваарь 2019 оны 4 сард 50 000 000 төгрөг, 2019 оны 5 дугаар сард 50 000 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сард 170 000 000 төгрөг тус тус танай компанийн дансанд шилжүүлж төлбөрийг дуусгавар болгоно. Р ХХК-д хандаж төлбөр төлөх боломжгүй болсон. Иймд цаашид амьдарч байсан хугацааны түрээсийн төлбөрт шилжүүлж төлсөн төлбөрөөс хасч, тооцооны зөрүү тооцоог хийж өгч туслана уу, миний бие 2022 оны 3 сарын 25-ны өдрөөр энэ төлбөр тооцооны асуудлыг нэг талд багтааж дуусгавар болгоно. гэж байсан боловч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Гэрээний 2.3-т Захиалагч тал гэрээний 2.1-т заасан үнийн дүнгийн төлбөр тооцоог 100 хувь дуусгасны дараа түлхүүрээ хүлээн авах ба үүнээс өмнө орон сууцыг өөрийн өмчлөлд авахаасаа өмнө бусдад шилжүүлэх, зарах, бэлэглэх, барьцаалах, түрээслэхийг хориглоно. 3.5-д Захиалагч тал төлбөрөө гэрээний 2.1-д заасан төлөх хугацаанаас хуанлийн тооллоор 14 хоногоор хойшлуулсан тохиолдолд Гүйцэтгэгч тал 3 удаа утсаар сануулах юм уу бичгээр мэдэгдсэний эцэст төлбөр төлөх хугацаанаас 21 хоногийн дараа гэрээг дангаар цуцлах эрхтэй. гэж заасны дагуу Р******* ХХК-иас 2018 оны 9 сарын 15-ны өдөр 18/110 тоот Албан мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр 2018 оны 9 сарын 30-ны өдрөөр тасалбар болгож гэрээг цуцалсан тухай мэдэгдсэн. Б.Г******* энэхүү мэдэгдлийг хүлээн авсан нь тэрээр гаргасан нэхэмжлэлдээ хавсаргаснаар тодорхой харагдаж байна. Гэрээний 3.7-д Захиалагч тал гэрээний 2.1 -т заасан төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлвөл зохих төлбөрийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгч талд төлнө. Иргэний хуулийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заасны дагуу Б.Г******* нь 2017 оны 12 сарын 18-ны өдөр 8001 байрны 203 тоотод нүүж орсноос хойш 2022 оны 10 сарын 28 хүртэл 58 сар амьдарч байна. Нэг өдөрт ногдох алданги 260,186,002x0.05=130,093 төгрөг, 720 хоног Х130,093 төгрөг=93,666,960 төгрөг төлөх үүрэгтэй. Р******* ХХК нь Ры хэд хэдэн орон сууцыг бусдад түрээслэдэг бөгөөд Б.Г******* нь орон сууцыг суллаагүйгээс бусдад түрээслэх боломжийг алдсан тул түүний амьдарсан 58 сарын хугацаанд олох ёстой байсан орлого 68,400,000 төгрөгийг төлөх үүрэгтэй. Энэхүү орлогыг дараах байдлаар тооцсон. Үүнд: 2017.12.18-2018.12.18-ны өдөр 12 сарын түрээс 750 000 төгрөг, 9 000 000 төгрөг, 2018.12.18-2019.12.18-ны өдөр 12 сарын түрээс 750 000 төгрөг, 9 000 000 төгрөг, 2019.12.18-2020.12.18-ны өдөр 12 сарын түрээс 1 200 000 төгрөг, 14 400 000 төгрөг, 2020.12.18-2021.12.18-ны өдөр 12 сарын түрээс 1 500 000 төгрөг, 18 000 000 төгрөг, 2021.12.18-2022.10.18-ны өдөр 10 сарын түрээс 1 800 000 төгрөг, 18 000 000 төгрөг, нийт 58 сарын 68 400 000 төгрөг. Иймд Б.Г*******иас Орон сууц захиалах гэрээний 3.7, Иргэний хуулийн 232.6-д зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацаа хэтрүүлсэн 720 хоногт ногдох алданги 93 666 960 төгрөг, Иргэний хуулийн 229.1-д Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэгч Б.Г*******ын буруугаас гэрээ цуцалснаас учирсан хохирол буюу олох ёстой байсан орлого 68 400 000 төгрөг, нийт 162 066 960 төгрөгийг Р******* ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.
2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртлэх түрээсийн төлбөрт 2.3-д 750 000 төгрөгөөр тооцож 57 сар =42 750 000 төгрөг, үндсэн гэрээний 3.6-д заасанаар 10 хувийн торгууль 7 990 000 төгрөг, нийт 50 740 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдаа байгаа орон сууцны төлбөрт 90 000 000 төгрөгийг төлсөн гэдэг нь нотлогддоггүй. 2018 онд 9 дүгээр сард гэрээ цуцлах мэдэгдлийг өгсөн нь үнэн. 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гэрээний 2.1-р төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Гэрээ цуцлах мэдэгдлийг өгсөн боловч энэ байранд өнөөдрийг хүртэл амьдарсаар байгаа. Өөрөө 2022 онд түрээсийн төлбөрөө өгөөд төлбөр тооцоог шийдвэрлэнэ гэсэн боловч өгөөгүй. Төлсөн төлбөрөөс нь нийт 78 000 000 төгрөг нь байрны төлбөрт орсон, бусад нь орон сууцны ашиглалтын зардалд төлөгдсөн байдаг. Иймд сөрөг шаардлагыг хасахад үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй байна гэв.
2.3.Хариуцагчийн өмгөөлөгч Ш.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч одоог хүртэл 5 жил уг байранд оршин сууж байгаа. Төлбөрийг төлнө гээд гэрээнд заасан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь өөрөө гэрээний хугацаа сунгах хүсэлтүүдийг өгч байсан. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч үүргээ гүйцэтгээгүй гээд цуцалсан. Байраа чөлөөлж өгөхийг шаардсан. Мөнгөө өгчихвөл гарна гээд байгаа боловч гэрээний 2.3-д түрээсийн төлбөрт шилжүүлээд сар бүр 750 000 төгрөг авахаар байгуулсан. Өөрөөр төлбөрөө төлнө гээд удаа дараа хүсэлт өгөөд байсан. 90 000 000 төгрөгийг төлөөгүй, ашиглалтын зардалд төлсөн төлбөрийг байрны төлбөрт төлсөн гэдэг. Энэ нь баримтаар тогтоогдоно, тиймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Дын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Х.Д би Р******* ХХК-иас 203 тоотод байрлах 102.79 мкв талбайтай орон сууцыг шилжүүлэн авч Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн нэр дээр гаргуулсан буюу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.1-т Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ 5.3-т Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно гэж тус тус заасны дагуу тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон. 2021 оны хавар орон сууцыг худалдан авах үед тус орон сууцанд Б.Г******* гэгч хүн амьдарч байсан бөгөөд энэ талаар Р******* ХХК-иас тодруулахад манайх гэрээгээ цуцалсан, удахгүй нүүгээд гарчихна гэж байсан. Би хөдөө орон нутагт ажилтай байсан тул зун 7 дугаар сард ирэхэд гарчих юм байна гэж ойлгоод явсан. Гэвч 2021 оны 7 дугаар сард намайг ирэхэд Б.Г******* нь орон сууцыг чөлөөлөөгүй, амьдарч байсан тул нүүж гарахыг удаа дараа шаардсан ч тэрээр Р ХХК-тай маргаантай гэх шалтгаанаар тус орон сууцанд амьдарч, миний удаа дараагийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Миний бие энэ асуудалд маш хүлээцтэй хандаж ирсэн бөгөөд одоог хүртэл өөрөө манай гэр бүл түрээсийн байранд амьдран сууж, өөрийн өмчлөлийн, худалдан байрандаа амьдарч чадахгүй, хүүхдүүд, гэр бүлээрээ цаг хугацаа, мөнгө төгрөг сэтгэл зүйн хохирол хүлээсээр байгаа болно. Иймд Иргэний хуулийн 106.1-т өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2-т ...өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж үзэж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг таслан зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасны дагуу 203 тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлж, өмчлөгч Х.Дд хүлээлгэн өгөхийг Б.Г*******ад даалгаж өгнө үү гэсэн бие даасан шаардлага, нэхэмжлэлийг гуравдагч этгээдийн хувиар гаргаж байна гэжээ.
3.1.Бие даасан шаардлага гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З******* шүүхэд гаргасан ихэсгэсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г*******аас 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүртлэх хугацааны орон сууц ашигласны төлбөрт нийт 27 000 000 төгрөг гаргуулах тухай гэж ихэсгэж байна. Дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Х.Д нь 2021.04.14нд бүртгэгдсэнээр өмчлөгчийн эрхийг саадгүй хэрэгжүүлэх боломжтой болсон боловч өнөөдрийг хүртлэх хугацаанд Б.Г******* нь орон сууцыг чөлөөлж өгөхгүйгээр амьдарсаар байгаа юм. Хариуцагч Б.Г******* бусдын өмчлөлийн эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж, өмчлөгчийн үр шимийг хүртэх боломжийг хязгаарлан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Иймд хариуцагч нь дээрх орон сууцанд 2021.04.14-ний өдрөөс 2024.03.29-ний өдөр хүртэл эзэмшиж, ашигласан 36 сарын хугацааг нэг сарын түрээсийн төлбөр 750 000 төгрөгөөр тооцож нийт 27 000 000 төгрөгийн хохирол үүссэн гэж үзэж байх тул орон сууц ашигласны төлбөрт нийт 27 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Бие даасан шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлж байна. Б.Г*******аас 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацааны хөрөнгөжсөн нийт 55 400 000 төгрөг гаргуулахаар өөрчилж, нэмэгдүүлж байна. Б.Г******* нь дээрх орон сууцанд 2021.04.14-ний өдрөөс 2024.06.10-ны өдөр хүртлэх хугацааны буюу 39 сар амьдарч байгаа бөгөөд хэрэв уг орон сууцыг бусдад түрээслэсэн бол өмчлөгчийн хувьд олох ёстой орлого, үр шимийг хүртэх боломжтой болох байсан. Иймд гуравдагч этгээдийн зүгээс орон сууцны түрээсийн үнэлгээг гаргуулсан уг үнэлгээнд үндэслэн дараах хэмжээний орлого олох ёстой байсан орлого, үр шимийг шаардаж байна. Үүнд Б.Г*******ын гэрээнээс татгалзсан хугацаа буюу 2022.09.27-2023.05 сар хүртэл 8 сар х 2 800 000 буюу 22 400 000 төгрөг, 2023.06-2025.06 сар хүртэл 11 сар х 3 000 000 буюу 33 000 000 төгрөг, нийт 55 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээ цуцалсан талаар маргахгүй байна гэж ойлголоо. Р******* ХХК мөнгө өгөхгүй байгаа учраас чөлөөлж өгөхгүй гэж байна. 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Х.Дын өмчлөлд орон сууцыг шилжүүлсэн. Гэтэл Р******* ХХК-тай харилцаагаа дуусгавар болгосон атлаа бусдын өмчлөлийн орон сууцанд амьдарсаар байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар шударга эзэмшигч байж мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д заасан эрхийг хэрэгжүүлнэ. Гэтэл гэрээний харилцаа дуусгавар болгосон байгаа атлаа нөгөө талдаа болон хууль ёсны өмчлөгчид нь орон сууцыг буцаан өгөхгүй гэсэн нь үндэслэлгүй. Гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэгчид ямар нэгэн үүрэг хүлээгээгүй, тиймээс мөнгөө авч байж гарна гэдэг нь үндэслэлгүй, өмчлөгч нэхэмжлэгчээс болж өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүй хохирсоор байна гэв.
4.Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, Р******* ХХК-ийн 2018.09.15-ны өдрийн 18/110 тоот албан бичиг, 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 8001/203 тоот гэрээний хавсралт гэрээ, Б.Г*******ын гаргасан хүсэлт, дансны хуулга, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, 8001/203 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, хариу тайлбар, хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-ийн 3-68, 91, 110, 189-190, 196, 2хх-ийн 22, 46, 70-71, 77-78-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хуулийн этгээдийн гэрчилгээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, Х.Дын өмчлөх эрхийн гэрчилгээ, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Орон сууц түрээслэх гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Орон сууц түрээслэх гэрээ, төлбөрийн гүйцэтгэл, Б.Г*******ын гаргасан хүсэлт, төлбөрийн гүйцэтгэл, 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 8001/203 тоот гэрээний хавсралт гэрээ, дансны хуулга, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /1хх-ийн 75-76, 79, 81, 92-104, 120-177, 223, 2хх-ийн 79--р хуудас/ гэсэн баримтуудыг,
бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, өмчлөх эрхийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, бие даасан шаардлагаа нэмэгдүүлэх тухай, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, бие даасан шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх тухай, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 85-90, 213, 249-251, 2хх-ийн 1, 6-9, 23-37-р хуудас/ гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр Р******* ХХК-иас 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 8001/23 тоот гэрээний хавсралт /1хх-ийн 220-222-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Г*******ын нэхэмжлэлээс 58 999 998 төгрөгийг хангаж, үлдэх 31 000 002 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Р******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 29 250 000 төгрөгийг гаргуулж, үлдэх 21 490 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх шаардлагыг хангаж, олох байсан орлого болох 55 400 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч Р******* ХХК-нд холбогдуулан тус компанитай байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8001/203 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ, уг гэрээний хавсралт 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт буюу орон сууцны үнэд төлсөн 90 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Г*******тай орон сууц захиалгаар барих гэрээ, уг гэрээний хавсралт гэрээг тус тус байгуулж, орон сууцыг хүлээлгэн өгсөн боловч нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцны үнийг төлөөгүй, төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцлах талаар мэдэгдэж, орон сууцыг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн байхад нэхэмжлэгч нь одоог хүртэл орон сууцанд амьдарч байгаа тул орон сууцны үнэд төлсөн мөнгийг буцаан өгөх боломжгүй, орон сууцны үнэд нийт 90 000 000 төгрөгийг төлөөгүй, орон сууцны ашиглалтын зардалд төлөгдсөн төлбөрийг орон сууцны төлбөрт тооцох нь үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч Р******* ХХК нь нэхэмжлэгчтэй орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж орон сууцыг хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгчээс орон сууцны үнэд урьдчилгаа 20 000 000 төгрөгийг, орон сууцанд амьдарч байх хугацаандаа 58 999 998 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй тул түрээсийн төлбөрийг гэрээнд заасан сарын 750 000 төгрөгөөр тооцож 42 750 000 төгрөг, торгууль 7 990 000 төгрөг, нийт 50 740 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
5.Нэхэмжлэгч Б.Г******* нь хариуцагчтай орон сууц захиалгаар барих гэрээ, хавсралт гэрээг байгуулж орон сууцыг хүлээн авч орон сууцны үнэд нийт 90 000 000 төгрөгийг төлсөн, гэрээнд түрээсийн төлбөр тооцох, сарын 750 000 төгрөгөөр тооцох талаар харилцан тохиролцоогүй, гэрээг цуцласан боловч орон сууцны үнэд төлсөн 90 000 000 төгрөгийг буцаан өгөхгүй байгаа тул орон сууцанд амьдарч байгаа, түрээсийн төлбөр, торгууль төлөх үндэслэлгүй гэж маргасан.
6.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь 203 тоотод байрлах 102.79 мкв талбайтай орон сууцыг Р******* ХХК-иас шилжүүлэн авч, 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн, орон сууцны хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэгч Б.Г*******аас орон сууцыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардаж, нэхэмжлэгч нь орон сууцыг хариуцагчаас орон сууцны үнэд төлсөн төлбөрөө буцаан аваагүй гэх шалтгаанаар чөлөөлж өгөхгүй байгаа нь үндэслэлгүй, өмчлөгчийн эрхийг зөрчиж байгаа тул олох байсан орлого буюу түрээсийн төлбөрт нийт 55 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
7.Нэхэмжлэгч нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Д нь хариуцагчтай хамаарал бүхий этгээд, орон сууцны үнийг төлж худалдан авсан эсэх нь эргэлзээтэй, хариуцагч Р******* ХХК нь гэрээнээс татгалзсан боловч орон сууцны үнэд төлсөн мөнгийг буцаан өгөхгүй байгаа тул орон сууцыг эзэмшилдээ байлгаж байгаа нь хууль зөрчөөгүй, Шударга эзэмшигч учраас хуульд зааснаар өөрийн шаардлага хангагдах хүртэл орон сууцыг буцааж өгөхөөс татгалзах эрхтэй бөгөөд олох байсан орлого шаардсан нь үндэслэлгүй, бие даасан шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.2.Мөн талууд 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 8001/203 тоот гэрээний хавсралт гэрээг байгуулж, уг гэрээгээр 203 тоот 102.79м2 талбай бүхий 349 486 000 төгрөгийн орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн ашиглалтад шилжүүлэн өгсөн ба нэхэмжлэгч нь гэрээ хийгдсэн өдрийн байдлаар төлбөрөөс 20 000 000 төгрөгийг төлсөн, 308 928 000 төгрөгийг төлөөгүй, үлдэгдэл төлбөр болох 308 928 000 төгрөгийн төлбөрийг үндсэн гэрээнд заасан графикийн дагуу бэлнээр төлж барагдуулахаар заажээ.
8.3.Р******* ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18/110 дугаартай албан мэдэгдэл хүргүүлэх тухай баримтад ...график төлбөр хугацаандаа төлөгдөж байгаагүй болон байрны график төлбөрийн хугацаа бүрэн тул 2018 оны 09 сарын 30-ний өдөр гэрээг цуцлаж байраа хүлээн авах шийдвэр гарсныг албан ёсоор мэдэгдье гэжээ.
8.4.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0008 дугаартай гэрчилгээнд Х.Д нь 203 тоот хаягт байршилтай, 102,79 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр бүртгэгдсэн байна.
9.Талуудын маргааны зүйл нь гэрээ цуцласан боловч орон сууцны үнэд төлөгдсөн мөнгийг буцаан гаргуулах, орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа эсэх талаар байна, нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрээний хавсралтыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан, уг гэрээг хэн аль нь цуцлах талаар мэдэгдэж байсан талаар маргаагүй байна.
10.Нэхэмжлэгч Б.Г*******, хариуцагч Р******* ХХК нарын хооронд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 8001/203 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ, уг гэрээний хавсралт гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ байгуулсан талаараа хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.
10.1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
10.2.Нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцыг хүлээн авч, эзэмшиж ашиглаж байгаа боловч орон сууц нь чанарын хувьд доголдолтой, хүйтэн цаашид хүн амьдрахад хүндрэлтэй байгаа талаар мэдэгдсэн боловч доголдлыг арилгаагүй тул гэрээг цуцлах талаар мэдэгдсэн, гэрээнээс татгалзаж орон сууцны үнэд төлсөн 90 000 000 төгрөгийг буцаан гаргуулна гэсэн.
10.3.Хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээний үүргээ биелүүлж гэрээнд заасан орон сууцыг шилжүүлэн өгсөн боловч гэрээнд заасан төлбөрөө хугацаандаа төлөөгүй тул гэрээг цуцлаж, орон сууцыг өөр этгээдийн өмчлөлд шилжүүлсэн, орон сууц нь чанарын хувьд доголдолтой байсан талаар нэхэмжлэгч нь мэдэгдээгүй, энэ үндэслэлээр гэрээг цуцлаагүй гэж тайлбарласан.
10.4.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан.
10.5.Хэрэгт авагдсан баримтаар гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагч Р******* ХХК-иас нэхэмжлэгч Б.Г*******ад 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 18/110 тоот албан бичгээр хүргүүлсэн, нэхэмжлэгч нь уг мэдэгдлийг хүлээн авсан талаараа маргаагүй, мөн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэгч нь төлбөрийг төлөх хуваарийн дагуу төлөхөөр хүсэлт гаргасан боловч хугацаандаа төлөөгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцласан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8001/203 тоот Орон сууц захиалгаар барих гэрээ, 8001/203 тоот гэрээний хавсралт гэрээнээс татгалзахаар шаардлага гаргасан нь үндэслэлгүй, гэрээ цуцласан үүргийн харилцаа дуусгавар болсон талаар хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
11.Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон тул орон сууцны үнэд төлсөн 90 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардлагаа тодорхойлж, орон сууцны үнэд нийт 90 000 000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байрны урьдчилгаа 20 000 000 төгрөгийг төлсөн мөнгөний орлогын баримт, нэхэмжлэгчийн депозит дансны харилцагчийн монгол хуулга, Голомт банкны дансны хуулга, Г.Г*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Г.Г*******, нэхэмжлэгч Б.Г******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа гэсэн баримтуудаар тогтоогдоно гэж тайлбарласан.
11.1.Хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцны үнэд 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр урьдчилгаа 20 000 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй, харин орон сууцны үнэд нийт 90 000 000 төгрөг төлөгдөөгүй, хариуцагч Р******* ХХК болон Р ХХК-ийн дансанд нийт 78 999 998 төгрөгийг төлсөн, гэрээний оролцогч биш Р ХХК-ийн дансанд төлсөн 11 620 085 төгрөг нь орон сууцны төлбөрт тооцогдохгүй, амьдарч байгаа байрныхаа ашиглалтын зардалд төлсөн, мөн талуудын хооронд байгуулагдсан 8001/203 тоот гэрээний хавсралт гэрээний 3.3-д төлбөрөө төлөөгүйн улмаас орон сууцыг буцаах болсон тохиолдолд байрны урьдчилгаанд төлсөн мөнгийг буцааж авахгүй байхаар харилцан тохиролцсон тул 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй гэж маргасан.
11.2.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байрны урьдчилгаа 20 000 000 төгрөгийг төлсөн мөнгөний орлогын баримт, нэхэмжлэгчийн депозит дансны харилцагчийн монгол хуулга, Голомт банкны дансны хуулга, Г.Г*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн Хаан банкны Р ХХК-ийн депозитын хуулга, талуудын тайлбараар нэхэмжлэгч нь 5 удаагийн гүйлгээгээр 28 000 000 төгрөг, 14 удаагийн гүйлгээгээр 50 999 998 төгрөг, 36 удаагийн гүйлгээгээр 11 620 085 төгрөг, нийт 90 620 083 төгрөгийг хариуцагч Р******* ХХК болон Р ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч хүлээн зөвшөөрсөн маргаагүй.
11.3.Хэрэгт авагдсан дансны гүйлгээний баримтуудаар нэхэмжлэгч нь нийт 90 620 083 төгрөгийг нийт 3 дансанд 55 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болох нь тогтоогдож байгаа боловч Р ХХК-ийн 5134 тоот дансанд шилжүүлсэн 11 620 085 төгрөгийг хариуцагч Р ХХК-тай байгуулсан орон сууцны үнэд төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, гэрээний нэг тал болох хариуцагчийн дансанд шилжүүлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй, хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцны ашиглалтын зардлыг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй боловч орорн сууцны төлбөрийг гэрээний тал болох хариуцагчид төлөөгүй байх тул 11 620 085 төгрөгийг нэхэмжлэгчийн төлсөн төлбөрөөс хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.
11.4.Мөн зохигч талуудын хооронд байгуулагдсан 8001/203 тоот гэрээний хавсралт гэрээний 3.3-д Б тал нь байрны үндсэн гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлөөгүйн улмаас 203 тоот 102,79 м.кв талбай бүхий орон сууцыг А талд буцаах болсон тохиолдолд тус байрны урьдчилгаа болгон төлсөн төлбөрийг буцааж авахгүй байх үүргийг үл маргах журмаар хүлээнэ гэж харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны урьдчилгаанд төлсөн 20 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхгүй байна.
11.5.Иймд хариуцагч Р******* ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 8001/203 дугаартай Орон сууц захиалгаар барих гэрээ, 8001/203 тоот уг гэрээний хавсралт гэрээнээс тус тус татгалзаж, гэрээг цуцлаж, орон сууцыг гуравдагч этгээд Х.Дын өмчлөлд шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн орон сууцын үнэд төлсөн мөнгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн орон сууцны үнэд төлсөн 78 999 998 төгрөгнөөс /28 000 000+50 999 998/ байрны урьдчилгаанд төлсөн 20 000 000 төгрөгийг хасч, үлдэх 58 999 998 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. /28 000 000+50 999 998+11 620 085=90 620 083 төгрөг, 90 620 083 11 620 085-20 000 000=58 999 998 төгрөг/
12.Хариуцагч нь нэхэмжлэгч Б.Г******* нь гэрээний үүргээ зөрчиж, төлбөрийг хугацаандаа төлөөгүйгээс Орон сууц захиалгаар барих гэрээг цуцласан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар нэхэмжлэгчээс 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртлэх түрээсийн төлбөрт 42 750 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний 3.6-д зааснаар 10 хувийн торгууль 7 990 000 төгрөг, нийт 50 740 000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
12.1.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, орон сууц хүйтэн хүн амьдрах боломжгүй байсан учраас гэрээг цуцласан, мөн талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгаар барих гэрээ болон уг гэрээний хавсралт гэрээнд түрээсийн төлбөр төлөх талаар харилцан тохиролцоогүй, гэрээг хариуцагч нь хуурамчаар бүрдүүлсэн, гэрээг цуцласан байхад торгууль нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
12.2.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч нь шаардлага гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь орон сууц доголдолтой хүйтэн хүн амьдрах боломжгүй байснаас гэрээнээс татгалзсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.
12.3.Хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохиролд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртлэх түрээсийн төлбөр сарын 750 000 төгрөгөөр тооцож 57 сар буюу 42 750 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, түрээсийн төлбөр төлөх талаар хавсралт гэрээний 2.3-д харилцан тохиролцсон, мөн нэхэмжлэгчээс орон сууцны төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол түрээсийн төлбөр төлөх талаар хүсэл зоригоо илэрхийлж байсан, түрээсийн төлбөр нь бусад тохиолдолд өндөр тооцогддог болох нь бусад этгээдтэй байгуулсан түрээсийн гэрээнүүдээр нотлогдоно гэсэн.
12.4.Нэхэмжлэгч нь шүүхэд 8001/203 тоот гэрээний хавсралт гэрээг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд уг гэрээний 2.3-д Б тал нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, төлбөр төлөх графикийг хэтрүүлсэн, А тал нь Б талыг цаашид төлбөр төлөх чадваргүй хэмээн үзсэн тохиолдолд А тал нь Б талын ашиглалт, өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авч борлуулан өөрийн хохирлыг барагдуулах эрхтэй гэж заасан, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн 8001/203 тоот гэрээний хавралт гэрээний 2.3-д Б тал нь энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, төлбөр төлөх графикийг хэтрүүлсэн, А тал нь Б талыг цаашид төлбөр төлөх чадваргүй хэмээн үзсэн тохиолдолд А тал нь Б талын ашиглалт, өмчлөлд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан борлуулан өөрийн хохирлыг барагдуулах эрхтэй бөгөөд байранд байсан хугацааны сарын 750 000 төгрөгөөр тооцож түрээсийн төлбөрийг авах эрхтэй гэж зөрүүтэй бичигдсэн байх тул шүүхээс гэрээний эх хувийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, хэрэгт талуудын хооронд байгуулагдсан гэрээний эх хувийг ирүүлсэн бөгөөд уг гэрээний 2.3 заалт нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн гэрээтэй адил утгатай байна.
12.5.Мөн нэхэмжлэгч нь ...цаашид амьдарч байсан хугацааг түрээсийн хэлбэрт шилжүүлэн орон сууцны төлбөрөөс хасч тооцож зөрүү тооцоог гаргаж өгч туслана уу гэсэн хүсэлтийг хариуцагчид гаргаж байсан талаараа хүлээн зөвшөөрч маргаагүй тул хариуцагч нь гэрээний нэг тал үүргээ зөрчиж, гэрээнээс татгалзсантай холбогдон түрээсийн төлбөрийг учирсан хохиролд тооцон шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
12.6.Иймд нэхэмжлэгч орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 26-нд хүлээн авч эзэмшиж, ашиглаж байгаа талаараа хүлээн зөвшөөрсөн тул түүний орон сууцанд амьдарч байсан хугацааны буюу байрыг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн 2021 оны 4 сарын 14-ний өдрийг хүртэл 3 жил 3 сар буюу 39 сарыг сарын түрээсийн төлбөрийг 750 000 төгрөгөөр тооцож, нийт 29 250 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгохоор шийдвэрлэв.
12.7.Хариуцагч нь түрээсийн төлбөрийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртлэх хугацаанд тооцсон боловч орон сууцны өмчлөх эрх 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Х.Дд шилжсэн байхад түрээсийн төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, энэ хугацааны төлбөрийг шаардах эрхгүй байна гэж үзэв.
12.8.Мөн хариуцагч нэхэмжлэгчээс гэрээний 3.6-д заасан 10 хувийн торгууль гаргуулахаар шаардсан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Орон сууц захиалгаар барих гэрээний 3.6-д захиалагч тал гүйцэтгэгч талтай холбогдолгүй асуудлаар шалтаглан гэрээг дангаар цуцлан орон сууцыг буцаах тохиолдолд Захиалагчийн төлсөн нийт гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх алдангийг Гүйцэтгэгчид төлөх ба Гүйцэтгэгч тал Захиалагч талын төлсөн нийт гэрээний үнийн дүнгийн 10 хувийг суутган авч үлдсэнийг буцаан олгоно. /Буцаан олгохдоо Захиалагчийн нэрийн дансанд шилжүүлнэ/ гэж заажээ.
12.9.Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.6-д 10 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон боловч гэрээ цуцласнаар гэрээний үүрэг дуусгавар болох бөгөөд гэрээнд захиалагч тал буюу нэхэмжлэгч гэрээг дангаар цуцлах тохиолдолд 10 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр харилцан тохиролцсон байхад гүйцэтгэгч буюу хариуцагч нь гэрээг цуцласан гэж тайлбарласан атлаа 10 хувийн торгуульд 7 990 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.
12.10.Иймд нэхэмжлэгч Б.Г*******аас түрээсийн төлбөрт 29 250 000 төгрөгийг гаргуулан хариуцагч Р******* ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 21 490 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
13.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрийн өмчлөлийн орон сууцыг нэхэмжлэгч Б.Г*******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлөхийг шаардаж, нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсан байхад орон сууцыг хууль ёсны өмчлөгчид нь хүлээлгэн өгөхгүй өмчлөх эрхийг зөрчиж байх тул орон сууцыг чөлөөлүүлж, энэ хугацаанд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглах боломжгүй хохирч байгаа тул хохиролд 2022 оны 9 сарын 27-ноос 2023 оны 5 сар хүртэл 8 сарын түрээсийн төлбөрийг 2 800 000 төгрөгөөр тооцож 22 400 000 төгрөг, 2023 оны 6 сараас 2025 оны 6 сар хүртэлх 11 сарын түрээсийн төлбөрийг 3 000 000 төгрөгөөр тооцож 33 000 000 төгрөг, нийт 55 400 000 төгрөгийг гаргуулахаар бие даасан шаардлага гаргасан.
13.1.Нэхэмжлэгч нь орон сууцыг хууль ёсоор эзэмшилдээ байлгаж байгаа бөгөөд хууль бусаар эзэмшиж, ашиглаагүй, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д зааснаар орон сууцны үнэд төлсөн мөнгийг хариуцагч Р******* ХХК нь буцаан өгөөгүй тул орон сууцыг чөлөөлж өгөх үүрэггүй, шударга эзэмшигч тул хохирол төлөхгүй гэж маргасан.
13.2.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Д нь 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 203 тоотын 102,79 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Ү-22060 дугаарт бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №0008 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
13.3.Нэхэмжлэгч нь орон сууцны шударга эзэмшигч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-д зааснаар нэхэмжлэгчтэй хамаарал бүхий этгээд, уг орон сууцыг худалдан авсан эсэх нь эргэлзээтэй гэсэн боловч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Д нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авч, улсын бүртгэлд бүртгүүлснээр тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдож байх ба хариуцагчийн ашиг сонирхлын үүднээс орон сууцыг өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээд гэж үзэх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийн хариуцагчтай байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээ, уг гэрээний хавсралт гэрээг цуцласан гэж хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч гэж үзэхгүй гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй.
13.4.Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.6-д шударга эзэмшигч, өөрийн шаардлага хангагдах хүртэл эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцааж өгөхөөс татгалзах эрхтэй гэж зааснаар орон сууцыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд буцаан өгөх үүрэггүй гэх тайлбар үндэслэлгүй, харин мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй тул 203 тоотын 102,79 м.кв талбайтай орон сууцыг хууль ёсны өмчлөгч болох гуравдагч этгээд Х.Дд шилжүүлэн өгөх үүрэгтэй болно.
13.5.Мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь нэхэмжлэгч Б.Г*******ыг өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийг зөрчиж хохирол учруулсан гэж түрээсийн төлбөрт нийт 55 400 000 төгрөгийг нэхэмжилж, шаардлагаа нотлохоор орон сууцны түрээсийн үнийн талаарх шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь уг шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг зөрчсөн үйл баримтад нэхэмжлэгч нь буруугүй тул хохирол төлөхгүй гэж мэтгэлцсэн.
13.6.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нь бие даасан шаардлагаа нотлохоор Итгэлт эстимэйт ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн бөгөөд ...үнэлж буй хөрөнгийн өртгийн тодорхойлолтоор 2021 онд түрээсийн үнэ 4 сараас 12 сар хүртэл сарын 2 500 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөг, 2022 онд 2 500 000- 2 800 000 төгрөг нийт 32 700 000 төгрөг, 2023 онд 2 800 000- 3 000 000 төгрөг нийт 35 000 000 төгрөг, 2024 оны 01 сараас 4 сар хүртэл 3 000 000 төгрөг нийт 12 000 000 төгрөг гэсэн боловч ...үнэлж буй хөрөнгийн төлөв байдалд хөрөнгийн байршлыг 705 тоот гэсэн байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмчлөлийн эд хөрөнгийн түрээсийн үнэ эсэх нь эргэлзээтэй гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлийн тайлбар үндэслэлтэй байна гэж үзэв.
13.7.Иймд нэхэмжлэгч Б.Г*******ын хууль бус эзэмшлээс 203 тоот хаягт байршилтай, 102.79 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж, бие даасан шаардлагаас 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртлэх хугацааны олох байсан орлого болох нийт 55 400 000 төгрөгийг гаргуулахыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678 150 /70 200+607 950=678 150/ төгрөг, хариуцагч Р******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 970 000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан Х.Дын бие даасан шаардлагад төлсөн 663 100 /70 200+292 950+299 950=663 100/ төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р******* ХХК-иас 452 949 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г*******ад, нэхэмжлэгч Б.Г*******аас 304 200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Р******* ХХК-нд, нэхэмжлэгч Б.Г*******аас 70 200 төгрөгийг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Дд олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч Р******* ХХК-иас 58 999 998 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Г*******ад олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 31 000 002 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Г*******аас 29 250 000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Р******* ХХК-нд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 490 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д зааснаар 203 тоот 102, 79 м.кв талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Б.Г*******ийн хууль бус өмчлөлөөс албадан чөлөөлж, бие даасан шаардлагаас үлдэх 55 400 000 төгрөг гаргуулахыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 678 150 төгрөг, хариуцагч Р******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 970 000 төгрөг, бие даасан шаардлага гаргасан Х.Дын бие даасан шаардлагад төлсөн 663 100 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р******* ХХК-иас 452 949 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Г*******ад, нэхэмжлэгч Б.Г*******аас 304 200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Р******* ХХК-нд, нэхэмжлэгч Б.Г*******аас 70 200 төгрөгийг гаргуулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Дд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН