Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/375

 

 

С.А, Л.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

яллагдагч С.А,

яллагдагч Л.Э, түүний өмгөөлөгч Л.Энхбаясгалан,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/3398 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр С.А, Л.Э нарт холбогдох 2202 00508 0375 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ш овгийн Л-ийн Э, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл ..., ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......./;

2. Г овгийн С-ийн А, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхоны ... дүгээр байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:...../;

С.А, Л.Э нар нь бүлэглэн Б дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Их ам” гэх нэртэй газарт 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн хариуцагч “БХ” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор тус шүүхийн Т.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 10.000 ам.долларын буюу 32.199.800 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Л.Э, С.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Улсын ерөнхий прокурорын туслах прокурорын 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4/58 дугаар тогтоолыг үзвэл яллагдагч С.А, Л.Э нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангах, уг эрхээр нь хангасны дараа яллагдагч нар нь өмгөөлөгч авсан, эсхүл аваагүй эсэхээс үл хамааран яллагдагч нарыг мөрдөгч, прокурорын гаргасан шийдвэрт хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрх, боломжоор хангах шаардлагатай гэсэн үндэслэлээр прокурорын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 172 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгосон байна.

Яллагдагч, өмгөөлөгч нар нь 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 172 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгосноос хойшхи мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч нарын өмгөөлүүлэх, тодорхой хүсэлт гаргах, тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн мөрдөгч, прокурорын шийдвэрт гомдол гаргах боломж, эрхээр хангаагүй гэж маргаж байх тул яллах дүгнэлтийг хүчингүй болгосон прокурорын тогтоолын биелэлт хангагдаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Түүнчлэн, 1 дүгээр хавтаст хэргийн 7, 33-37, 111-113, 136-137, 3 дугаар хавтаст хэргийн 172, 201-202, 223, 4 дүгээр хавтаст хэргийн 13-67, 86 дугаар талд авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй нь шүүх тухайн нотлох баримтуудыг шинжлэн судлах, нотлох баримтаар үнэлэх эрх хэмжээг хязгаарлаж байх тул тэдгээрийг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулах нь зүйтэй.

Шүүх нэгэнт дээрх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан тул прокурор яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг зэрэг техникийн шинжтэй алдааг засварлах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж заасанд холбогдуулан гэрч Т.Б нь тухайн мөнгийг мөнгө байна гэж харж авсан эсэх, тухайн мөнгө нь дугтуй, торонд байсан эсэх зэрэг үйл баримтыг тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулан тогтоох нь мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтооход нотолгооны ач холбогдолтой гэж үзэх үндэслэл байх тул уг ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийж гүйцэтгэх шаардлагатай.

Харин яллагдагч нар болон өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан бусад хүсэлтүүд нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй байх тул тэдгээрийг шүүх хангахаас татгалзсаныг дурдаж байна.

Иймд Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш овогт Л-ийн Э, Г овогт С-ийн А нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202 00508 0375 дугаартай хэргийг Нийслэлийн прокурорт буцааж, хэргийг прокурорт Отол яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 3 ширхэг Сиди болон 100 ширхэг 100-тын америк долларын дэвсгэрт буюу 10.000 долларыг тус тус хэргийн хамт буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор А.Дүүрэнбилэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1. Шүүхийн шүүгчийн захирамжид “яллагдагч, өмгөөлөгч нар 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 172 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгосноос хойш мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч нарын өмгөөлүүлэх, тодорхой хүсэлт гаргах, тухайн хүсэлтийг шийдвэрлэсэн мөрдөгч, прокурорын шийдвэрт гомдол гаргах боломж эрхээр хангаагүй гэж маргаж байх тул яллах дүгнэлтийг хүчингүй болгосон прокурорын тогтоолын биелэлт хангагдаагүй гэж үзэх үндэслэл болж байна.” гэжээ.

Эрүүгийн 2202005080375 дугаартай хэрэгт прокуророос С.А, Л.Э нарт холбогдуулан 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 172 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн. Гэвч хэргийг оролцогчдын гомдлоор Улсын ерөнхий прокурорын газраас хянаад 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4/58 дугаартай тогтоолоор дээрх яллах дүгнэлтийг хүчингүй болгосон.

Яллах дүгнэлтийг хүчингүй болгосон дээд шатны прокурорын тогтоолд “С.А, Л.Э нарыг хэргийн талаар гомдол гаргах эрхийг хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангаж, хэргийг шийдвэрлэхийн тулд яллах дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй” гэж дурдсан бөгөөд уг тогтоолд заасан ажиллагааг хийж гүйцэтгэсэн нотлох баримтууд 4 дүгээр хавтаст хэргийн 74-81 дүгээр талд авагдсан байхад шүүхээс эл эрхийг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Харин С.А хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан нөхцөл бий болоогүй, түүнчлэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хэргийн оролцогч өмгөөлөх авах гэсэн үндэслэлээр удаа дараа хойшлуулсны эцэст өмгөөлөгч авсан зэрэг нөхцөл байдал бий болсон байхад шүүхээс дээрх дүгнэлтийг хийж байгаа нь ойлгомжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

2. Шүүхийн шүүгчийн захирамжид “...1 дүгээр хавтаст хэргийн 7, 33-37, 111-113, 136-137, 3 дугаар хавтаст хэргийн 172, 201-202, 223, 4 дүгээр хавтаст хэргийн 13-67, 86 дугаар талд авагдсан баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нотлох баримтын шаардлага хангаагүй нь шүүх тухайн нотлох баримтуудыг шинжлэн судлах, нотлох баримтаар үнэлэх эрх хэмжээг хязгаарлаж байх тул тэдгээрийг хууль заасан нотлох баримтын шаардлага хангуулах нь зүйтэй.” гэжээ.

Шүүгчийн захирамжид дурдсан 1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар талд Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бгийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хөтөлсөн нөлөөллийн мэдүүлэг авагдсан. Уг нөлөөллийн мэдүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 01/1225 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн.

Мөн хавтасны 33-37, 111-113 дугаар талд авагдсан баримтууд нь Б.Мандахбаярын нэхэмжлэлтэй хариуцагч “БХ” ХХК-д холбогдох иргэний хэргээс хуулбарлан авсан нотлох баримтууд бөгөөд уг нотлох баримтыг мөрдөгч 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг хийх замаар Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргуулан авсан, уг нотлох баримтуудад тус шүүхийн архивын тэмдэг дарагдсан.

Мөн хавтаст хэргийн 136 дугаар талд С.Э, М.А, Д.Н нарын Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа авагдсан бөгөөд уг нотлох баримт нь Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2-4В/4340 дугаартай албан бичигт хавсарган ирүүлсэн.

Мөн хавтаст хэргийн 137 дугаар талд шүүгч Т.Бгаас гаргасан хүсэлт бөгөөд уг хүсэлттэй холбогдуулан мөрдөгчөөс 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр С.Ат, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Л.Э нарт “Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ” авсан.

Гуравдугаар хавтаст хэргийн 172 дугаар талд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс тус газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст хандсан албан бичиг авагдсан бөгөөд түүний хариу нь мөн хавтасны 175-202 дугаар талд авагдсан.

Мөн хавтаст хэргийн 201-202 дугаар талд авагдсан баримт нь Л.Эаас гаргасан хүсэлтдээ хавсаргасан баримт.

Мөн хавтаст хэргийн 223 дугаар талд авагдсан баримт нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 10/10418 дугаартай албан бичгээр ирүүлсэн нотлох баримт.

Дөрөвдүгээр хавтаст хэргийн 13-67 дугаар талд авагдсан нотлох баримт нь Голомт банкны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 14/ХХ/03-3194 дугаартай албан бичгээр ирүүлсэн нотлох баримт.

Мөн хавтаст хэргийн 86 дугаар талд авагдсан нотлох баримт нь Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 05/45 дугаартай албан бичгээр ирүүлсэн нотлох баримтууд юм.

Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүхээс ямар шалтгааны улмаас дээрх нотлох баримтуудыг хуульд заасан шаардлага хангуулах гэж үзсэн нь ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.

3. Мөн шүүх “гэрч Т.Б нь тухайн мөнгийг мөнгө байна гэж харж авсан эсэх, тухайн мөнгө нь дугтуй, торонд байсан эсэх зэрэг үйл баримтыг тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулан тогтоох” гэжээ.

Хавтаст хэрэгт 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл “...Т.Бд өгсөн гэх шар өнгийн гялгар ууттай, цагаан дугтуй бүхий эд зүйлд үзлэг хийж хойшлуулшгүйгээр хураан авах ажиллагааг явуулав. Хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан шар өнгийн гялгар уутыг задлахад 22/11 см хэмжээтэй цагаан өнгийн дугтуйтай зүйл байх бөгөөд уг дугтуйг хөндлөнгийн гэрч нарыг байлцуулан задлан үзэхэд боолттой америк доллар байх бөгөөд уг америк долларыг 2 Pockets 2 CIS Curreny SORTER Model-AL -950 маркийн гадаад валют танигч, тоологч, дугаарлагч машинаар уншуулахад 100 ширхэг америк доллар байх бөгөөд 1-КК19334240В, 100-АВ7779813Т гэсэн дугаартай байлаа. Дээрх 100 ширхэг 100-тийн америк доллар буюу 10.000 америк долларыг серийн дугаарласан байдлаар хураан авахаар тогтов.” /1хх 9-11/,

эд мөрийн баримтаар тооцох тогтоол “...1-КК19334240В, 100-АВ7779813Т гэсэн дугаартай байлаа. Дээрх 100 ширхэг 100-тийн америк доллар буюу 10.000 америк долларыг эд мөрийн баримтаар тооцсон.” /1хх 14/,

гэрч Т.Бгийн “...Тэгээд бид гурав машинд суугаад явахад Э гэх залуу уул уурхайн чиглэлийн ажил яриад байсан. Тэр үед С.А машинаа бариад урд талд, харин Э бид хоёр арын суудал дээр сууж явсан бөгөөд Э надад хандаж “та эхний удаад хэрэглэж бай” гээд цагаан цаасан дугтуйтай зүйл өгөөд “энэ эхнийх шүү, цаашид нэмж өгнө” гээд 10 хуруугаа гозолзуулаад ингэж нэмж өгнө гэж хэлээд байсан. Би түүнийг ойлгоогүй юм. Би тэр үед “би энэ зүйлийг чинь авахгүй, та нар битгий хүн ингэж шахаанд оруулаад бай” гэж хэлсэн. Тэгэхэд “ерөөсөө асуудалгүй, хэрвээ асуудал гарах юм бол бид нар хариуцна” гэж хэлсэн. Тэгээд замдаа Э машинаас буусан бөгөөд би С.Ат хандаж “намайг ийм эвгүй байдалд оруулаад хэрэггүй шүү” гэхэд тэрээр “та наадхаа солиулахдаа анхаарна шүү” гэж хэлээд байсан. Тэгээд намайг ажлын хажуу талд буулгах гэхээр нь би “энэ мөнгийг чинь авахгүй” гэхэд “та тэгвэл гэрийнхээ гадаа буучих” гэсэн. Тэгээд би гэрийнхээ ойролцоо ирээд мөнгийг С.Ат өгөөд буух гэхэд авахгүй байсаар байгаад намайг буулгаад цаашаа хөдлөөд яваад өгсөн юм. Тэгээд би мөнгийг аваад гэртээ орж хоноод өнөө өглөө 6 цагийн орчимд нөхөртөө болсон асуудлыг хэлээд нөхрийнхөө хамт Шүүхийн Ерөнхий Зөвлөл дээр ирээд шүүхийн аюулгүй байдлын хэлтсийн дарга н.Б-ийн хамтаар танай газарт ирсэн юм.” гэсэн мэдүүлэг /2хх 204-205/ болон бусад нотлох баримтууд авагдсан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна.” гэв.

Яллагдагч Л.Эын өмгөөлөгч Л.Энхбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хуулийн аль зүйл, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг тодорхой бичээгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байна. 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 172 дугаар прокурорын тогтоолд яллагдагч нар өмгөөлүүлэх, тодорхой хүсэлт гаргах, тухайн хүсэлтүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрт гомдол гаргах эрхийг хэрэгжүүлээгүй байна гэдэг үндэслэлийг шүүгчийн захирамжид дурдсан. Хавтаст хэргийн 74-78 дугаар талд авагдсанаар зөвхөн гомдлыг шийдвэрлэсэн бөгөөд хүсэлтийг огт шийдвэрлээгүй байдаг. Хүсэлт шийдвэрлээгүй орхигдуулснаас болоод яллагдагч нарын эрх ашиг зөрчигдөж байна гэж шүүх үзээгүй бөгөөд дээд шатны шүүх 172 дугаар тогтоолоор хүчингүй болгож, хэргийг буцаасан. 8 дугаар сарын 04-ний өдөр буюу тогтоол гарах хүртэлх хугацаанд ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. Уг тогтоолд яллагдагч нарыг Дорноговь аймгийн Иххэт сум, Баянхонгор аймгийн Иххэт суманд төрсөн гэдэг. Монгол Улсад Иххэт гэдэг сум 2 байдаг юм уу, 1 байдаг юм уу. Иймд хэргийн бодитой байх зарчим зөрчигдөж байх бөгөөд шүүгч яллагдагч нарыг хаана төрснийг илтгэхэд ойлгомжгүй нөхцөл байдал үүсэж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад зааснаар техникийн шинжтэй үг үсгийн алдаа гарсан бол шүүхийн шатанд буцаах боломжгүй нөхцөл байдал тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхээр заасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан нотлох баримтыг бүрдүүлэх, тэмдэглэл хийх заалтыг ноцтой зөрчсөн. 1 дүгээр хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бгийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлд өгсөн нөлөөллийн мэдүүлгийг мөрдөгч хуульд зааснаар тэмдэглэл үйлдэн баталгаажуулж, нотлох баримтыг бэхжүүлэх ёстой байсан. Гэтэл энэ ажиллагааг огт хийгээгүй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 9 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн канондсон баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Т.Б нь 9 дүгээр сарын 09-ний өдөр өөрөө Оиж мэдүүлэг өгч, 9 дүгээр сарын 12-ны өдөр нөлөөллийн мэдүүлэг авсан хэрнээ яагаад 9 дүгээр сарын 23-ны өдөр канондсон баримт өгснийг мөрдөгч шалгаж тогтоох ёстой байсан. 9 дүгээр сарын 09-ний өдөр Т.Б мөнгийг авч Осон гэх баримт байдаггүй. Бтай хамт мэдүүлэг өгөхөөр Осон бол яагаад Бг гэрчээр асуугаагүй вэ. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт бүрдүүлэх ажиллагааг хийхгүй байгаад гомдолтой байна. Т.Бгийн мэдүүлэгт 6 удаа мөнгө гэсэн нэр томьёо хэрэглэгдсэн байдаг. Мөнгө гэдэг нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт юм. Т.Б “наад мөнгөө яах гээд надад өгөөд байгаа юм бэ, би авахгүй гэж хэлсэн. Тухайн мөнгийг би гэртээ хонуулаад маргааш нь Шүүхийн ерөнхий зөвлөлд аваачиж өгсөн” гэж мэдүүлсэн байдаг. Мөнгө гэдгийг мэдэж байсан бол үүрэг хүлээсэн, тангараг өргөсөн шүүгч хүн яагаад тэр мөнгийг авсан бэ. Эд хөрөнгө хураан авсан тогтоолд дугтуйг задлахад ямар хэлбэрээр битүүмжилсэн байсан, мөнгө гэдгийг мэдэх боломжгүй байсан эсэхийг үзлэг хийсэн тогтоолд бичээгүй байдаг. Хэлбэр дүрс, бүх зүйлийг өөрчлөн 16 цагийн хугацаанд хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхэндээ байлгачхаад авчирч өгсөн байхад яагаад мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогоогүй вэ. Хэргийн газарт байсан 3 хүн зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Мөнгийг тор, дугтуйнд хийлгүй ил өгсөн байхад тор, дугтуй хаанаас гараад ирсэн юм бэ гэж маргаж байхад яагаад мөрдөгч, прокурорыг шалгаагүй вэ. Хэрвээ мөнгийг дугтуйнд хийсэн бол хахууль өгөх гэмт хэрэг болно. Хөдөө газарт дугтуй байх уу. Эдгээр нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоох шаардлагатай байна. Энэ талаар Улсын Дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тайлбарт “Мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан байдаг. Прокурор эсэргүүцэлдээ Т.Бгийн мэдүүлэг болон бусад нотлох баримтаар нотлогдож байна гэж бичсэн боловч энэ хэрэгт өөр бусад нотлох баримт байдаггүй. Өмгөөлөгч авах, өмгөөлүүлэх эрхийн тухайд 172 дугаар тогтоолд заасан үндэслэлийг л дурдаж байгаа болохоос шүүхийн шатанд өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн асуудал байхгүй. Би зөвхөн яллагдагч Л.Эын өмгөөлөгчөөр оролцож байгааг прокурор ялгаж ойлгох хэрэгтэй. Мөн эд хөрөнгө хураах тогтоолыг зөрүүтэй бичсэн нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийхгүй байгаад гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэг нь өгсөн, авсантайгаа яригддаг. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэж үзэж байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч С.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын 172 тоот тогтоолыг Улсын ерөнхий прокурорын газраас хүчингүй болгож, Нийслэлийн прокурорын газар луу шилжүүлсэн байдаг. Уг тогтоолын тухайд процессын үргэлжилсэн шалгалтын ажиллагаа хийгдээгүй бөгөөд хэлбэрийн хувьд тогтоолын дугаар, огноо өөрчлөгдсөн. Шүүгчийн захирамжид дурдсан нотлох баримтыг бэхжүүлэх асуудлын хувьд, албан бичгээр төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад хандаж байгаа нь албаны харилцаа юм. Албан бичигт дагалдаж байгаа нотлох баримтууд нь шууд нотлох баримт, эх нотлох баримт, дамжмал нотлох баримт аль нь болох талаар зааж, хуудас бүрд нотолгооны тамга, тэмдэг дарж, эх сурвалжийг заадаг. Анхан шатны шүүхээс яллах талын нотлох баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Прокуророос дугтуй, шар тор байсан эсэх нь ач холбогдолгүй, 10.000 долларыг Л.Эаас Т.Бд дамжуулан өгсөн үйлдлийг хахууль өгөх гэмт хэрэг гэж үзсэн. Мөнгө өгсөн асуудал нь хахууль өгөх гэмт хэрэг үү, иргэд хоорондын зээлийн харилцаа юу гэдэг нь мэргэжлийн өндөр түвшинд ялгах асуудал биш юм. Иймд шүүгчийн захирамжид заасан доллар өгсөн, авсан асуудлыг нарийвчлан шалгах шаардлагатай гэж заасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Т.Б мэдүүлэгтээ 6 удаа мөнгө гэж дурдсан байдаг бөгөөд тэрээр мөнгө байсныг мэдэж байсан. Шүүгч нар албаны ажил хийж байхдаа хувийн амьдралаа орхигдуулдаг. Би тухайн үед чөлөөтэй иргэн болсон байсан бөгөөд газрын асуудлаар Т.Б надад санал тавьж байсан. Т.Б, Л.Э нар бие биеэ танина. Би Л.Этай бага наснаасаа найзалсан. Тэгээд би Т.Бд “Ийм ийм асуудал байна. Та хоёр нэг уулзаадах аа” гэж хэлсэн. Хашаа барих гэж байгаа газар дагуулж Ооод мөнгө авсан, өгсөн асуудал болсон тул Т.Б мөнгө байсан гэдгийг мэдэж байсан. Хахууль өгөх гэмт хэрэг гэж үзсэн бол Авлигын эсрэг хуульд нэн даруй мэдэгдэнэ гэж заасан байдаг. Шүүгч Т.Б нь ажлын цагаар, албан үүрэгтэй нь холбогдуулж авлига өгсөн бол нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Нэн даруй гэдгийг хэл зүйн болон бусад тайлбарт зааснаар яг одоо, тэр даруй гэж ойлгоно. Гэтэл яагаад 16 цагийн дараа аваачиж өгсөн бэ. “БХ” ХХК-ийн хувьд, эхлээд “БХ” ХХК гэж яриагүй, “давахаас ирсэн хэрэг” гэж ярьж байсан. Би төрийн алба, шүүхийн байгууллагад 20 гаруй жил ажилласан. Мөрдөн шалгах ажиллагаа нь мөрдөгч гэхээсээ илүү прокурорын дүгнэлт байдаг гэдгийг ойлгож авлаа.” гэв.

Яллагдагч Л.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэргийг хахууль өгөх гэмт хэрэг биш гэж үзэж байна. Л.А бид хоёр оюутан байхаасаа эхэлж найзалсан. Т.Б шүүгчтэй дээр үед 2, 3 удаа уулзаж байсан. Хэнтий аймгийн 90 жилийн ойд явж байсан бөгөөд тэнд Т.Б шүүгч байсан, О шүүгч тухайн үед ерөнхий шүүгч байсан. Тухайн үед Т.Б шүүгчийг шударга ёсны төлөө явж байгаа хүн гэж бодож танилцаж байсан бөгөөд нөхөртэй нь ч танилцаж байсан. Түүнээс хойш Т.Бгийн нөхөр нь хэрэгт орж, 2 жилийн хугацаанд хоригдсон, олон хүүхэдтэй, байрны зээлтэй зэрэг нэлээд хүнд нөхцөл байдалд байсан. Зуслангийн байшин барих гэж байгаа Б дүүргийн Их ам гэх газрыг үзэх гэж Осон байдаг. Миний бүх компани, эд хөрөнгө, хүүхдийн хадгаламж, данс, гадаадад сурдаг хүүхэд рүүгээ хэдэн төгрөг шилжүүлдэг зэрэг бүх асуудлыг шалгасан. Хавтаст хэрэгт Т.Б болон түүний нөхрийн мэдүүлэг, бид хоёрын мэдүүлэг гэсэн хэдхэн зүйл л авагдсан байдаг бөгөөд дийлэнх нотлох баримтууд нь миний болон миний гэр бүлтэй холбоотой нотлох баримтууд байдаг. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Мөрдөгч ажлаа хийдэггүй. Амаар хүсэлт гаргахад утас хурааж аваад, урд камер тавьчихдаг тул юм ярьж чаддаггүй. Прокурорт 3 удаа “энэ хэрэг хахууль өгөх гэмт хэрэг биш юм, Т.Б надаас мөнгө зээлсэн” гэдгийг хэлж, энэ талаар шалгуулах хүсэлт гаргасан байдаг. Т.Б шар торыг С.А, дугтуйг намайг өгсөн гэдэг боловч тийм шар тор, дугтуй анхнаасаа огт байгаагүй. Миний хүүхэд Щвейцарь улс руу сургуульд сурахаар явах гэж байсан тул надад бэлэн мөнгө байсан. Тухайн мөнгө нь миний өмчлөлийн мөнгө болохыг “Найман шарга” төвөөс авсан тодорхойлолтоор тогтоосон. Би өөрийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй тул Т.Бд хэрэгтэй үед нь зээлүүлсэн. 9 дүгээр сарын 08-ны өдөр буюу ажлын өдөр Их ам гэх газар луу явсан бөгөөд Т.Б мөнгийг аваад биеийн тамирын өмднийхөө халаасанд хийсэн. Бид тэврэлдээд, С.А Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд орж ажиллах гэж байгаа, ерөнхий шүүгч болоорой гэж амжилт хүсээд явсан. Прокурор яллах болон цагаатгах нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй. Гэтэл энэ хэрэгт цагаатгах нотлох баримтыг цуглуулаагүй. Т.Бгийн нөхөр хэн гэдгийг ч шалгуулах хүсэлтэй байна. Тэр хүн нь эрүүгийн төлөөлөгч хийдэг бөгөөд хувиараа мөрдөх товчоо шиг ажил хийдэг хүн байдаг. Т.Бг шударга шүүгч байсан эсэхэд эргэлзэж байна. С.А бид хоёрыг 10.000 доллар өгсөн гэж мэдэгдсэн, ёс зүйтэй шүүгч юм бол одоо Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч болох хэрэггүй. С.Аээс Т.Б нь Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид өрсөлдсөн талаар тогтоолыг авхуулах хүсэлтийг удаа дараа гаргасан байдаг. Тухайн ерөнхий шүүгчид өрсөлдөх үед С.А ерөнхий шүүгч байсан. Т.Бг надтай хамт шалгуулах ёстой гэж үзэж байна. Тухайн 10.000 долларыг регистрийн дугаараар нь олон удаа тоолж, бичсэн. Т.Б регистрийн дугаарыг сольсон эсэхийг мэдэх боломжгүй болсон харилцаа юм. Дугтуйн дээр миний болон С.Аийн гарын хурууны хээ байсан юм уу. Намайг хахууль өгсөн гэж үзэж байгаа бол бүх асуудлыг надад хамаатуулах хэрэгтэй. Шар торын асуудлыг С.Ат хамаатуулах шаардлагагүй. С.А ажил, амьдралаараа их хохирсон. С.Аийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд оруулахгүй гэсэн нь ийм байдалд хүргэсэн гэж үзэж байна. Хахууль өгөх гэмт хэрэг нь материаллаг болон материаллаг бус ямар нэг ашгийг өөртөө болон бусдад олгож, хийж гүйцэтгэх үүргээс нь татгалзуулах, эсвэл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийлгэсэн, түүний тулд хахууль өгч, авахаар тохиролцсон харилцаа байх ёстой. Би Т.Бг гуйж хэрэг шийдүүлэх гэсэн үйл баримт байхгүй. Би “БХ” ХХК болон өмгөөлөгч нарыг мэдэхгүй. Т.Бгаас нөхөр нь тухайн компанитай харилцаа холбоотой байсан эсэхийг өөрөөс нь шалгаж тодруулах ёстой. С.А бид хоёрыг мөрдөгч үүдэндээ удаан суулгаж, гаргасан хүсэлт бүрийг мөрдөгч, прокурор, дээд шатны прокурор шийдвэрлэдэггүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар С.А, Л.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Нийслэлийн прокурорын газраас С.А, Л.Э нарыг бүлэглэн Б дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Их ам” гэх нэртэй газарт 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй иргэний хэргийн хариуцагч “БХ” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор тус шүүхийн шүүгч Т.Бд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай холбогдуулан 10.000 ам.долларын буюу 32.199.800 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...С.А, Л.Э нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангах, уг эрхээр нь хангасны дараа яллагдагч нар нь өмгөөлөгч авсан, эсхүл аваагүй эсэхээс үл хамааран яллагдагч нарыг мөрдөгч, прокурорын гаргасан шийдвэрт хуульд заасан журмын дагуу гомдол гаргах эрх, боломжоор хангах шаардлагатай. Түүнчлэн хэрэгт авагдсан зарим нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн Т.Б нь тухайн мөнгийг мөнгө байна гэж харж авсан эсэх, тухайн мөнгө нь дугтуй, торонд байсан эсэх зэргийг тогтоох шаадлагатай” гэсэн үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, эрүүгийн хэргийн хүрээнд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэн энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийн агуулгыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Б “...Тэгээд 16 цагийн орчимд С.А манай ажлын хажуу талд ирчихлээ гэхлээр нь би гараад уулзахад тэрээр Ланд круйзер прадо-120 маркийн хар өнгийн машинтай ирсэн юм. Тэгээд кабинд нь ороод уулзахад С.А за тань дээр нэг хэрэг хуваарилагдсан байгаа тэр хэргийг дагаад нэлээд олон асуудал ирнэ, тийм учраас болгоомжтой байгаарай гэсэн. Дараа нь за хоёулаа гачууртын ийшээ явна гээд Б дүүргийн гачууртын тийшээ явсан. Тэгээд яваад гачууртын Их ам гэх уул руу өгсөөд зогсоход хажуу талд 11-66 гэсэн дугаартай хар өнгийн олон хүний суудлын зориулалттай машин ирж зогссон. Замд явж байхад С.А та бараг таних байхдаа өмгөөлөгч Э гэсэн, би тухайн үед ямар хүн байдаг бил ээ гэж бодож байсан. Тэгээд тэр залуу машинд орж ирэхэд зүс таних залуу байсан. Э нь өөрийгөө хэлэхдээ би өмгөөлөгчөөр ажиллаж байсан, одоо уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа талаараа ярьсан. Тэгээд машинаас бууя гээд С.А хэлсэн, тэгээд бид гурав машинаас буугаад ойр зуурын юм ярьж байтал Э гэх залуу над руу хандаж сая тань дээр дээд шатны шүүхээс хүчингүй болж хуваарилагдаж ирсэн хэрэг байгаа түүнийг шийдэх хэрэгтэй байна, та хуулийнхаа гаргалгааг гаргаад шийд гэж хэлсэн. Би тэр үед нь ямар хэрэг болоод тэгээд байгаан би хэргээ уншиж хараагүй байна гэж хэлсэн. Тэгэхэд С.А Эад хандаж наад хүн чинь хэргээ хараагүй гээд байгаа юм биш үү гэж Эад хандаж хэлсэн. Тэгэхэд тэр Э гэх залуу надад наад хэрэг чинь Салхитын мөнгөний ордны хэргээс ч том хэрэг гэж гадуур яриа байгаа, тэрнээс айх юм байхгүй шүү гэж хэлсэн. Тэгээд машинд бид гурав суухад С.А надад хандаж хүний амьдралд их зүйл тохиолддог юм, ядаж хүн жорлон ажиллуулах ёстой юм билээ гэсэн зүйл хэлж байсан. Тэгээд бид гурав машинд суугаад явахад Э гэх залуу уул уурхайн чиглэлийн ажил яриад байсан. Тэр үед С.А машинаа бариад урд талд, харин Э бид хоёрын арын суудал дээр сууж явсан бөгөөд Э надад хандаж та эхний удаад хэрэглэж бай гээд цагаан цаасан дугтуйтай зүйл өгөөд энэ эхнийх шүү, цаашид нэмж өгнө гээд 10 хуруугаа гозолзуулаад ингэж нэмж өгнө гэж хэлээд байсан, би түүнийг ойлгоогүй юм. Би тэр үед би энэ зүйлийг чинь авахгүй, та нар битгий хүн ингэж шахаанд оруулаад бай гэж хэлсэн. Тэгэхэд ерөөсөө асуудалгүй, хэврээ асуудал гарах юм бол бид нар хариуцна гэж хэлсэн. Тэгээд замдаа Э машинаас буусан бөгөөд би С.Ат хандаж намайг ийм эвгүй байдалд оруулаад хэрэггүй шүү гэхэд тэрээр та наадхаа солиулахдаа анхаарна шүү гэж хэлээд байсан. Тэгээд намайг ажлын хажуу талд буулгах гэхээр нь би энэ мөнгийг чинь авахгүй гэхэд та тэгвэл гэрийнхээ гадаа буучих гэсэн. Тэгээд би гэрийнхээ ойролцоо ирээд мөнгийг С.Ат өгөөд буух гэхэд авахгүй байсаар байгаад намайг буулгаад цаашаа хөдлөөд яваад өгсөн юм. Тэгээд би мөнгийг аваад гэртээ орж хоноод өнөө өглөө 6 цагийн орчимд нөхөртөө болсон асуудлыг хэлээд нөхрийнхөө хамт Шүүхийн ерөнхий зөвлөл дээр ирээд шүүхийн аюулгүй байдлын хэлтсийн дарга Бгийн хамтаар танай газарт ирсэн юм. ...цагаан өнгийн дугтуйтай зүйл байсан, би доторхыг нь харж үзээгүй, шууд танай байгууллагад авч ирж өгч байна. Уг дугтуй дотор ямар эд зүйл байгааг нь мэдэхгүй байна. С.Аийн машин дотор байсан шар өнгийн гялгар торонд уг дугтуйтай эд зүйлийг хийсэн байгаа. ...” /2хх 204-205/,

яллагдагч С.А гэрчээр “...Би Т.Бтай уулзаад Д.Э гэдэг залуу чамтай уулзая гээд байгаа юм гээд тэр хоёрыг уулзуулсан юм. Д.Э өөрөө өчигдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Налайх дүүрэгт явж байсан учраас түүнийг Улаанбаатар хот руу ирэх замд Гачууртын эцэст Д.Э, Т.Б хоёрыг би уулзуулсан юм. Д.Э, Т.Б нар хоорондоо уулзахдаа бие биенээ таньж байсан бөгөөд бид гурав миний машинтай Гачууртын эцэст Ооод машинаас буусан. Тэгээд тэр хоёр машины хажууд ярилцаж үлдэж, харин би зайтай алхаж явж байгаад 15-20 минутын дараа эргэж тэр хоёр дээр ирээд хамт машиндаа суугаад Улаанбаатар хот руу буцсан. Харин Д.Э машиндаа суугаад явсан. ...” /2хх 211/,

гэрч Д.Э “...08-ны өдөр би мэдээгүй, өглөө унтаж байхад үүрээр намайг сэрээгээд нэг асуудал байна, ярилцъя гэсэн. Надад хэлэхдээ “надтай хамт ажиллаж байсан ерөнхий шүүгч дуудаж уулзаад Гачууртаас цаашаа авч яваад дугтуйтай юм өгсөн, солиулж болно гэж хэлсэн, валют юм шиг байна лээ” гэсэн. Би “юу яриад байгаа юм бэ, чи орой орж ирэхдээ хэлэхгүй яасан юм бэ” гэхэд “би орой орж ирэхдээ чамайг санаа зовох байх гэж бодоод өглөө хэлье гээд одоо хэлж байна аа.” гэсэн. ...” /4хх 72-73/ гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд Т.Б нь тухайн авлигын мөнгийг авсан даруйдаа холбогдох байгууллагад даруй мэдэгдэлгүй яагаад гэртээ авч орж хоноод маргааш нь буюу 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Шүүхийн Ерөнхий зөвлөлд мэдэгдсэн эсэх, мөн өөрийн нөхөртөө энэ талаар хэлэх ямар шаардлага байсан эсэх зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлуудыг зайлшгүй шалгаж тодруулан, түүний энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан “Нийтийн албан тушаалтан хахууль авах” гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал” болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж үзлээ.

Иймд, яллагдагч С.А, Л.Э нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/3398 дугаар захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Б дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЗ/3398 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Дүүрэнбилэгийн бичсэн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ