Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ/2025/0725

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК /РД:6043275/,

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э*******,

Гуравдагч этгээд: Оросын Холбооны Улсын иргэн К.Д.Р*******,         

Маргааны төрөл: Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э******* зөрчилд шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудастай маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ө*******,  гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т*******, хариуцагч Ц.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Гомдлын шаардлага:

1.1.Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э******* 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0135026 дугаар Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.                                        

Хоёр.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:  

2.1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч улсын байцаагч Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/2100 тоот, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3/2997 тоот, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/3402 тоот албан бичгээр өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 15.5-д заасныг зөрчсөн үндэслэлээр шийтгэлийн хуудас оногдуулсан. Нэгдүгээрт зөрчил тогтоогдоогүй. Тодруулбал,  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасан. Шийтгэх хуудас нь хууль зүйн үндэслэлтэй байх нөхцөлийг заадаг. Зөрчил гэдэг нь Зөрчлийн тухай хуульд “хууль захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тодорхойлсны дагуу аливаа нэг эрх зүйн материаллаг хэм хэмжээг зөрчсөн үйлдэл байх ёстой. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс тус хорооны албан шаардлагыг биелүүлээгүй гэж дүгнэж байгаа боловч Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс зөвхөн ямар зөрчил гаргасан гэж үзэж байгаа, ямар хууль, хэм хэмжээний актыг биелүүлэх үүрэгтэй, тэр үүргээ яагаад биелүүлээгүй гэдэг талаар хариуцагч тодорхойлоогүй. Тус хорооны албан бичигт дурдсан үйлдлийг гүйцэтгэх, биелүүлэх боломжгүй бодит нөхцөл байдлын талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс Санхүүгийн зохицуулах хороонд албан бичгээр мэдэгдсэн. Тухайн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлэх, гүйцэтгэх талаар тодорхой зааварчилгаа өгөөгүй бөгөөд эдгээрийг зөрчлийн актад тодорхой дурдаагүй. Гуравдагч этгээдүүдэд хууль ёсны, хүчин төгөлдөр хэлцлийн дагуу биржийн арилжаагаар шилжсэн, өмчлөх эрхийг эргүүлэн сэргээх боломжгүй нөхцөл байдал үүссэн талаар Санхүүгийн зохицуулах хороонд удаа дараа мэдэгдсээр байхад шийтгэлийн хуудас ногдуулсан.

Маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хууль зүйн хэлбэрийн болон агуулгын шаардлагыг хангаагүй. Санхүүгийн зохицуулах хорооны үүрэг даалгавар дотоодод чиглэсэн биш гуравдагч этгээдэд чиглэж байгаа. Өөрөөр хэлбэл маргаан бүхий акт нь тогтоол хэлбэртэй байх зохицуулалтыг заасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр үүнийг тодруулах  хүсэлтийг шүүхэд гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос хариу ирүүлэхдээ “энэ талаар ямар нэгэн тогтоол гарсан зүйл байхгүй” гэх агуулгатай хариу ирүүлсэн. Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 8.2-д заасан шаардлагыг биелүүлээгүй учир хэлбэрийн шаардлага хангаагүй. Үүрэг даалгавар, албан бичгийг ялгаж үзэхийг хүсэж байгаа шалтгаан нь дотогшоо чиглэсэн захиргааны акт бөгөөд гуравдагч этгээдэд чиглэсэн бол түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх ёстой. Үүрэг даалгаврыг заавал биелүүлэх гэдэг императив шинжээр хангаж байх ёстой учир заавал тогтоол хэлбэрээр гарах ёстой.

Маргаан бүхий албан бичгүүдээр К.Д.Р*******гийн дансанд 669 ширхэг хувьцааг буцаан байршуулах үүрэг даалгавар өгсөн. Уг үйл баримтын хувьд 142,900 ширхэг хувьцаа гэж байгаа боловч 669 ширхэг хувьцааны тухайд л яригдана. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар 669 ширхэг хувьцаан дээр л зөрчлийн акт тавигдсан гэдэг санааг илэрхийлж байна. Үлдсэн маргаж байгаа актад дурдсан хувьцаанууд өнөөдрийн түвшинд хариуцагч дэмжихгүй байна гэж ойлгож байна.  Дүүргийн иргэний хэргийн анхан шатын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20266 дугаартай захирамжийн биелэлтийг хангуулах, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 550 дугаар захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэнтэй холбогдуулан 669 ширхэг хувьцааг буцаан байршуулах шаардлага тавьсан. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооноос уг 2 зөрчилтэй холбоотойгоор шалгалт хийгээгүй. Акт гарахын өмнө энэ 2 үйлдлийг зөрчсөн байна гэдэг талаар дүгнэлт гаргах ёстой байтал гаргаагүй. Үүрэг даалгавар биелүүлээгүй гэдэг агуулгаар л зөрчлийн акт тавигдсан. Тэрнээс биш дээрх 3 албан бичигт дурдаж байгаа шиг зөрчил гарсан эсэхэд дүгнэлт хийгээгүй. Иймд эрх зүйн зохицуулалтын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит байдал, нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй. Шүүхээс үүрэг, даалгаврыг гомдол гаргагч биелүүлэх боломжтой гэдгийг харж, дүгнэх шаардлагатай. Учир нь хуульд заагаагүй, олгогдоогүй бүрэн эрхийн асуудлаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв шийдвэр гаргах, үйлдэл хийх боломжгүй буюу хууль зөрчиж үйлдэл хийх боломжгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос дур мэдэн хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэхийг шаардсан шаардлага нь Зөрчлийн тухай хуульд заасан даалгаврын агуулгыг хангахгүй. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос үүрэг даалгавар өгөхдөө ямар хугацаанд, хэрхэн биелүүлэх нөхцөлийг зааж өгсөн эсэх, үүрэг даалгаврыг биелүүлэх эрх зүйн зохицуулалт байгаа эсэх асуудал бас яригдана. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааснаар үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийг хөтлөх, үнэт цаасыг хадгалах, түүнтэй холбоотой бүртгэлийг хөтлөх, үнэт цаасны нэгдсэн дугаарыг үнэт цаасны олон улсын нэгдсэн кодын дагуу олгох эрх хэмжээтэй. Гуравдагч этгээдүүд хэлцлийн үндсэн дээр шилжсэн үнэт цаасыг буцаан байршуулах, татан төвлөрүүлэх гэх мэт үйлдэл хийх эрхгүй. Энэ талаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.16-д “үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд нь өөрийн үнэт цаасны бүртгэлд байгаа үнэт цаасыг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр дур мэдэн захиран зарцуулахыг хориглоно” гэж заасан. Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хорооны өгсөн актын хүрээнд нэгэнт гуравдагч этгээдэд шилжсэн, өмчлөх эрхтэй холбоотой асуудал үүссэн байгаа үнэт цаасуудыг шууд буцааж шилжүүлэх боломж байхгүй. Шилжүүлэх боломжгүй, ямар нэгэн чиглэл байгаа эсэхийг тус хорооноос асуухад хариу өгдөггүй. Захиргааны актыг яаж биелүүлэх талаар заавар зөвлөгөө байдаггүй. Нийтийн эрх зүй дэх үндсэн зарчим болох зөвшөөрөгдсөнөөс бусад нь хориглогдоно гэх зарчмын хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд зааж байгаа хориглосон заалтын хүрээнд л үйл ажиллагаа явуулна.

Захиргааны хэргийн шүүхээс 142,900 ширхэг хувьцааг хэний эзэмшилд байгаа талаар тодруулж асууж лавлагаа авсан. Үнэт цаасны төвлөрсөн хадгалагчийн төвөөс удаа дараа 2010-2025 онуудын хооронд маш олон иргэнд  шилжсэн талаар мэдээлсэн. Заримыг нь тогтоож, заримыг нь тогтоох боломжгүй. Тогтоох ажиллагааг шүүхийн  ажиллагааны явцад хийсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос анх захиргааны акт гаргахдаа энэ талаар судалж, дүгнэх ёстой байсан гэж үзэж байна. Хувьцаануудыг хэний өмчлөлд байгааг, буцаан шилжүүлэх боломжтой эсэхийг Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмын дагуу өөрсдөө шалгаж тогтоох ёстой байсан. Энэхүү маргаантай холбогдуулан захиргааны хэргийн шүүхээс шийдвэр, магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолууд гарсан байдаг. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт “хөрөнгө оруулагч нар өмчлөх эрх, хохирлын талаар маргавал ердийн шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн. Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 486 дугаартай магадлалыг хянавал хэсэгт “нэгэнт арилжаалагдсан хувьцааг эзэмших, өмчлөхтэй холбоотой болон иргэд хоорондын хэлцэл хүчинтэй эсэх тухай маргаан иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх маргаан” гэдгийг мөн дүгнэсэн байдаг. Тэгэхээр захиргааны шүүхээр анх энэ хэлцлийг хүчингүй болгохтой холбоотой маргаан явахдаа зөвхөн акттай холбоотой маргаан явснаас биш актын улмаас учирсан хохирол, үр дагавартай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй орхиж, иргэний журмаар асуудлаа шийдвэрлүүлээрэй гэдэг асуудлыг дурдсан. Гэтэл хэзээ хойно буюу 2025 онд Санхүүгийн зохицуулах хорооноос шүүхийн шийдвэрийг биелүүл гэдэг шаардлага тавьж байна. Тус шийдвэрийн хариуцагч нь Санхүүгийн зохицуулах хороо өөрөө байсан. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв огт хариуцагчаар орж байгаагүй. Тэгэхээр нэхэмжлэгч нь үүрэг хүлээх этгээд биш. Гуравдагч этгээдээс өөрийн 1,023,100 ширхэг хувьцааг эргүүлж авах, түүнтэй холбоотой ногдол ашгаа авахаар иргэний журмаар маргасан. Маргааны туршид хувьцааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв хууль бусаар шилжүүлсэн учир үүнийгээ авъя гэж маргадаг. Харин Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн зүгээс 2013 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 1,023,100 ширхэг хувьцааг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу шилжүүл гэдэг үүрэг даалгавар өгсөн, энэ хүрээнд холбогдох этгээд рүү шилжүүлсэн талаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 518 дугаартай шийдвэртэй холбогдуулан 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 1383 дугаартай магадлал тодорхой дүгнэсэн, үүнд гуравдагч этгээд гомдол гаргаагүй.

Зөрчлийн акт гарахдаа үндэслэл бүхий гарцаагүй байх зарчимд нийцээгүй.  Санхүүгийн зохицуулах хорооноос хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж гэж тавьж байгаа шаардлагууд нь Зөрчлийн тухай хуульд заасан даалгаврын агуулгыг агуулахгүй. Үүрэг даалгаврын шинж нь хуульд заасан шинжийг хангахгүй байна. Учир нь Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь хэлцлийг бүртгэх үндсэн чиг үүрэгтэй байгууллага болохоос биш даалгаврын дагуу бүртгэгдсэн хөрөнгийг нөгөө этгээд рүү шилжүүлэх боломжгүй. Үнэт цаасны  хадгаламжийн төвийн зүгээс албан ёсны шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхийн бүртгэл хийнэ. Ингээгүй тохиолдолд Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд  заасан шударга өмчлөгчийн асуудал хөндөгдөнө. Гуравдагч этгээд К.Д.Р*******гийн хувьцааг нь шилжүүллээ гэж бодоход одоо бүртгэгдсэн байгаа этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөж, маргаан үүснэ. Иймд уг асуудал шийдвэрлэгдээгүй байхад нэхэмжлэгч тал шууд хувьцааг шилжүүлэх ажиллагаа хийж чадахгүй.

Иргэний хуулийн 107 дугаар зүлийн 107.2-т “нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн, зөрчигдсөн эрхийг үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага сэргээнэ” гэж заасан. Үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо ба нэхэмжлэгч хуулийн этгээд биш юм. Сэргээхтэй холбоотойгоор журам батлах чиг үүрэг Санхүүгийн зохицуулах хороонд олгогдсон боловч өнөөдрийг хүртэлх энэ процессыг яаж хийх талаар нэг ч журам батлаагүй. Тиймээс Үнэт цаасны төлөвлөрсөн хадгаламжийн төв үүрэг даалгаврыг яаж биелүүлэх нь тодорхойгүй байна. Иймд гомдлыг шаардлагыг хангаж,  Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э******* 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0135026 дугаар Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.  

2.2.Хариуцагчаас шүүх хуралдаанд болон шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Засгийн газрын 2003 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн “Хөрөнгийн биржийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай” 72 дугаар тогтоолоор Хөрөнгийн биржийг төрийн өмчит үнэт цаасны арилжаа болон хуульд заасан бусад үйл ажиллагаа эрхлэх Хөрөнгийн бирж компани, мөн харилцагчдын мөнгөн хөрөнгийн гүйлгээ, үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэг бүхий “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” компани болгон бүтцэд өөрчлөлт оруулж байсан. Мөн Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах тухай” 147 дугаар тогтоолоор үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх болон үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэг бүхий бие даасан, тус тусдаа хоёр хуулийн этгээд болгон өөрчлөн зохион байгуулагдсан. Хорооны 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 72 дугаар тогтоолоор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-нд үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаарх үнэт цаасны зах зээл дээр үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэл, төвлөрсөн хадгаламж, арилжааны төлбөр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой ерөнхий багц мэдээлэл дараах байдалтай байна. Санхүүгийн зохицуулах хороонд 2007, 2008 онд хандан өмчлөлд нь байсан “Таван толгой” ХК-ийн хувьцааг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр хууль бусаар арилжаалсан асуудлыг шалгаж өгнө үү гэсэн өргөдөл гаргасны дагуу тус Хорооноос тухайн асуудлаар хяналт шалгалт хийж, өргөдөл гаргагч эдгээр иргэдийн өмчлөлийн хувьцааг брокер, дилерийн “Ажнай инвест" ХХК, “Мөнхөд” ХХК, “Марал инвест” ХХК, “Монсек” ХХК, “Масдак” ХХК-иуд зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар 1997-2007 оны хооронд арилжаалсан байсныг тогтоосон. Иймээс тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 онд баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27.3.2-т “харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг зөвхөн тэдний захиалга, зөвшөөрлөөр арилжаанд оруулах”, 34.1-т “хороо санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараахь эрх хэмжээтэй байна:” гээд 34.1.11-т “хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс зөрчилтэй гэж үзсэн буюу арилжаанд оролцогч аль нэг талын хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл тухайн үнэт цаасны түр зогсоон шалгах,  зөрчилтэй нь нотлогдвол түүний арилжааны хэлцлийг хүчингүй болгох”, Иргэний хулийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.8-т “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл”, 107.2-т “нэрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн зөрчигдсөн эрхийг үнэт цаасны зах зээлийг зохицуулах, хянах эрх бүхий байгууллага сэргээнэ” гэж заасны дагуу иргэдийн зөвшөөрөлгүй, хууль бусаар арилжаалсан хувьцаатай холбогдуулан 2007 оны 183 дугаар тогтоолоор “Тавантолгой” ХК-ийн нийт 5 удаагийн хэлцлийг, мөн 2008 оны 263 дугаар тогтоолоор 72 хэлцлийг, нийт 77 хэлцлийг хүчингүй болгож, иргэдийн үнэт цаасаар гэрчлэгдэн өмчлөх эрхийг сэргээж, хувьцааг буцаан байршуулах шийдвэрийг гаргасан. Хорооны дээрх 2008 оны 263 дугаар тогтоолоор гарсан шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч “Ээрмэл” ХК, Д.Бат-Эрдэнэ, С.Өлзийхишиг, К.Д.Р******* нар нь уг тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайлбал, Санхүүгийн зохицуулах хороо 2008 оны 263 дугаар тогтоолоор иргэдийн өмчлөлд байсан хувьцааг зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар арилжаалсан хэлцлүүдийг  хүчингүй болгож, К.Д.Р*******н эзэмшиж байсан “Тавантолгой” ХК-ийн нийт 1.429 ширхэг хувьцааг 5 иргэний дансанд буцаан бүртгэхийг үүрэг болгож байсан.                                                                                    Тус тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг К.Д.Р******* 2009 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд, мөн тус захиргааны актын холбогдох хэсгийг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 449 дүгээр захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Улмаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шуүүх хуралдааны магадлалаар нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн боловч Улсын дээд шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 28 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул шүүх дүгнэлт хийх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.                     Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 55 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол гаргаж, мөн тогтоолтой холбогдуулан тус шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/599 дүгээр албан бичгээр “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай”  2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 172 дугаар, 2009 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 449 дүгээр шүүгчийн захирамжуудын үйлчлэл дуусгавар болсныг тус Хороо болон хэргийн бусад оролцогч нарт мэдэгдсэн.       Хорооны улсын байцаагчийн 2010 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 65 дугаар албан шаардлагаар 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 тоот улсын байцаагчийн албан шаардлагаар тусгаарласан нэр бүхий иргэдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд байршиж буй “Тавантолгой” ХК-ийн хувьцааны өмчлөх эрх нь сэргэж, иргэн О.Будсүрэн 200 ширхэг, М.Хажидмаа 200 ширхэг хувьцаагаа “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн биржийн нээлттэй арилжаагаар худалдсан байсан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 550 дугаар захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсний дагуу “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аас иргэн Г.Балчинхандын 110, иргэн Б.Наранцэцэгийн 250 ширхэг хувьцааг тусгаарлаж, К.Д.Р*******н 7-610445 тоот данснаас иргэн Б.А******* 14-401011 тоот данс руу шилжсэн 669 ширхэг хувьцааг тусгаарлаагүйн улмаас 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар нээлтэй арилжаалснаар тус 669 ширхэг хувьцааг К.Д.Р*******н дансанд буцаан байршуулах боломжгүй болсон.          Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шүүхийн шийдвэрээр Хорооны 2008 оны 263 дугаар “Арилжааны хэлцэл хүчингүй болгох тухай” тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул дээр дурдсан 669 ширхэг хувьцааг К.Д.Р*******н дансанд буцаан байршуулах, түүнчлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20266 дугаар захирамжийн биелэлтийг ханган ажиллахыг тус тус үүрэг болгож, тус Хорооноос 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/2100 тоот албан бичгээр үүрэг даалгавар хүргүүлж, мөн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3/2997 тоот, 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/3402 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэхтэй холбогдох үүрэг даалгавар хүргүүлсэн хэдий ч “Үнэт цаасны хадгаламжийн төв” ХХК нь хэрэгжүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 15.5 дахь заалтад заасны дагуу шийтгэл оногдуулсан. Иймд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.      

2.3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгсдэн төлөөлөгч Т.Б*******ээс шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа шаардлагадаа: “ОХУ-ын иргэн К.Д.Р******* нь 2005 онд “Тавантолгой” ХК-ийн 12.000 /11.200.000/ ширхэг хувьцааг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Арилжааны хэлцлийг хүчингүй болгох тухай” 263 дугаар тогтоолоор ОХУ-ын иргэн К.Д.Р*******н “Тавантолгой” ХК-ийн 12.000 /1.200.000/ширхэг хувьцаанаас 1.429 /142.900/ ширхэг хувьцааг нэр бүхий 5 иргэнд буцаан байршуулах захиргааны шийдвэр гарсан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 486 дугаар магадлал,  Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Арилжааны хэлцлийг хүчингүй болгох тухай” 263 дугаар тогтоолын К.Д.Р*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” 479 дүгээр захирамж, мөн өдрийн 13 дугаартай “Гүйцэтгэх хуудас”  бичигдэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа.                                                                   

Бодит байдал дээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 550 тоот шүүгчийн захирамжаар Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолын биелэлтийг шүүхийн шийдвэр эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлэн тусгаарласан байхад хуучин нэрээр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК К.Д.Р*******н “Тавантолгой” ХК-ийн 1,069 /106.900/ ширхэг хувьцааг шүүгчийн тусгаарлах захирамжийг зөрчиж сонирхогч этгээдийн дансанд хууль бусаар шилжүүлсэн. Хуучнаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн  шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20266 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр К.Д.Р*******н “Тавантолгой” ХК-ийн 1.023.100 ширхэг хувьцаатай холбоотой шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэхийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д даалгаж, захирамжийн хувийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4848 дугаар албан бичгээр дамжуулан “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь хүлээн авсан. Мөн “Тээвэр хөгжлийн банк”-ны 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 01/2-209 тоот “...Хөрөнгө оруулагч К.Д.Р*******н хувьцаа барьцаанд хэвээр байгаа, зээлийн төлбөр бүрэн төлөгдөөгүй байгаа тул эдгээр хувьцааг хэн нэг гуравдагч этгээдэд шилжүүлэх ажиллагааг хийх ёсгүй, хэрэв хэн нэгэн этгээдэд шилжуулж бүртгэсэн тохиолдолд хуулийн байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэх болно...” гэх утга бүхий албан бичгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, Нийслэлийн шүүхийн шийдвэр газарт тус тус хүргүүлсэн байдаг. Гэтэл “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20266 тоот захирамж хүчин төгөлдөр үйлчлэлтэй байхад К.Д.Р*******н “Тавантолгой” ХК-ийн 1.023.100 ширхэг хувьцааг мөн л хууль зөрчин шилжүүлсэн. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0135026 тоот зөрчил шийтгэл ногдуулах шийдвэрийг дэмжиж, уг зөрчлийн үр дагаврыг арилгуулж өгнө үү” гэжээ.

2.4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгсдэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Б*******аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2005 онд Оросын Холбооны Улсын иргэн К.Д.Р******* нь 12 мянган ширхэг хувьцаа худалдаж авсан. Үүнээс 1,429 буюу 142,900 ширхэг хувьцааг Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 263 дугаар тогтоолоор К.Д.Р*******гийд холбогдох 5 иргэний ширхэг хувьцааг  тусгаарлаж, буцаан байршуулсан. Буцаан байршуулсан учир нь манайд энэхүү хувьцаа 3-4 удаа дамжиж ирсэн. Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны 263 дугаар тогтоол гарснаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд үүрэг, даалгавар өгч 5 иргэнд буцаан байршуулалт хийсэн. Уг шийдвэртэй холбогдуулан иргэн н.Бат-Эрдэнэ, н.Өлзийхишиг, К.Д.Р*******гийн нар шүүхэд нэхэмжлэл гарган маргасан. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны  426 дугаар шийдвэрээр 2008 оны 263 дугаар тогтоолын К.Д.Р*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэснээр бид нар хувьцаагаа буцаан байршуулах эрх нээгдсэн. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв нь 2010 оны 05 дугаар сарын 17-ны 2/567 гэсэн албан бичгээр К.Д.Р*******д холбогдох тусгаарлалтыг хийсэн. Гэтэл н.А******* 66,900 ширхэг хувьцааг нэхэмжлэгч тусгаарлаагүйн улмаас уг хувьцааг буцаан байршлуулах боломжгүй болсон. Хэрхэн шийдвэрлэгдсээн нь мэдэгдэхгүйгээр хэн нэгэн этгээдэд хувьцаа шилжсэн. Санхүүгийн зохицуулах хороонд 2023 онд бид гомдол гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Сангийн яам гэсэн 3 байгууллагад 2023 оны 04 дүгээр сараас хойш гомдол гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хаагдсан шийдвэр гүйцэтгэл бодит байдалд биелэгдээгүй гэх үндэслэлээр сэргээж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлүүлсэн. Хамгийн сүүлд 2025 оны 03 дугаар сард бид элчин сайдын яамнаас иргэнийхээ эрх ашгийг хамгаална гэснээр Санхүүгийн зохицуулах хорооны даргын бүрэлдэхүүнтэй уулзалт хийж зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд торгуулийн арга хэмжээ авсан. Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн түр орлон гүйцэтгэгч Ц.Э******* зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж 66,900 ширхэг хувьцааг тусгаарлаагүйг тогтоосон бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай даалгаврыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д өгсөн. Мөн Дүүргийн иргэний хэргийн 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20266 дугаар захирамжаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг хангах зорилгоор 1,023,100 ширхэг хувьцааг тусгаарлаж, хэн нэгэнд шилжүүлэхгүй байхыг үүрэг болгосон байхад “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь уг шүүгчийн захирамжийг зөрчиж хувьцааг шилжүүлсэн. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны тайлбарыг дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх гомдол, түүний үндэслэл, гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, гомдлын шаардлагад дурдсан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э******* 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0135026 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

2.1.Санхүүгийн зохицуулах хороо нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 63 дугаар зүйлийн 63.1.8-д заасан “зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар үүрэг, даалгавар өгөх, хариуцлага ногдуулах” эрх хэмжээний хүрээнд мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан үндэслэлээр зохицуулалттай этгээд буюу гомдол гаргагч “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв” ХХК-д даалгавар өгөх бүрэн эрхтэй байна.

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Санхүүгийн зохицуулах хороо ... нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн”, 6 дугаар зүйлийн 6.1.4-т “зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээдийн үйл ажиллагааг шалгах”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хороо энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, Хорооны шийдвэрийг зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд хэрхэн биелүүлж байгаа байдалд хяналт тавьж, шалгалт хийнэ”, 24.4-т “Зөвшөөрөл эзэмшигч, бүртгэлтэй этгээд энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зөрчсөн гэж Хороо үзвэл хэдийд ч шалгалт хийж болно” гэж заасан ерөнхий зохицуулалтын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулалттай этгээдэд үүрэг даалгавар өгөх эрхтэй бөгөөд заавал хорооноос тогтоол гарсан байх шаардлага тавигдахгүй гэж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй, учир нь маргаанд хэрэглэгдэх нарийвчилсан зохицуулалттай хууль нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ байх бөгөөд уг хуульд заасан зохицуулалттай этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар үүрэг, даалгавар өгөх бүрэн эрхийн хүрээнд гарах шийдвэр нь Хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох хуралдаанаас гарсан тогтоол хэлбэртэй шийдвэр байна. Иймд гомдол гаргагчийн маргаан бүхий албан бичгээр ирүүлсэн үүрэг даалгавар нь хэлбэрийн шаардлага хангаагүй гэх тайлбар үндэслэлтэй.

2.3.Засгийн газрын 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Хөрөнгийн биржийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх тухай” 72 дугаар тогтоолоор Хөрөнгийн биржийг төрийн өмчит үнэт цаасны арилжаа болон хуульд заасан бусад үйл ажиллагаа эрхлэх “Хөрөнгийн бирж” компани, мөн харилцагчдын мөнгөн хөрөнгийн гүйлгээ, үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэг бүхий “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” компани болгон бүтцэд зохих өөрчлөлт оруулж, өөрчлөн зохион байгуулсан байна.

2.4.Мөн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах тухай” 147 дугаар тогтоолоор үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх болон үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэг бүхий бие даасан, тус тусдаа хоёр хуулийн этгээд болгон өөрчлөн зохион байгуулжээ.

3.1.“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/2100 тоот албан бичгээр “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 550 дугаар захирамжаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсний дагуу “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аас ... К.Д.Р*******н 7-610445 тоот данснаас иргэн Б.А******* 14-401011 тоот данс руу шилжсэн 669 ширхэг хувьцааг тусгаарлаагүйн улмаас 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар нээлттэй арилжаалснаар тус 669 ширхэг хувьцааг К.Д.Р*******н дансанд буцаан байршуулах боломжгүй болсон байна.  Мөн танай байгууллага нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20266 дугаар захирамжаар К.Д.Р*******н нэр дээр бүртгэлтэй “Тавантолгой” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцаатай холбоотой хөдөлгөөнийг зогсоож, энэхүү хэргийг шийдвэрлэх хүртэл бусдад шилжүүлэн бүртгэхгүй байхыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д даалгасугай гэсэн захирамжийг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Иймд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шүүхийн шийдвэрээр Хорооны 2008 оны 263 дугаар “Арилжааны хэлцлийг хүчингүй болгох тухай” тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул дээр дурдсан 669 ширхэг хувьцааг К.Д.Р*******н дансанд буцаан байршуулах, түүнчлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20266 дугаар захирамжийн биелэлтийг хангаж ажиллах...”-ыг тус тус үүрэг болгожээ.

3.2.Улмаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/1053 тоот албан бичгээр “...Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шүүхийн шийдвэр нь нэр бүхий 3 иргэнээс Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байх бөгөөд тус захирамжид манай байгууллагад аливаа үүрэг хүлээлгээгүй байгаа бөгөөд тухай үед Санхүүгийн зохицуулах хорооноос тус захирамжийг хэрэгжүүлэх тухай мэдэгдэл ирүүлээгүй байгаа болно. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20266 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж тусгаарласан бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/35957 тоотын дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дүгээр захирамжийн дагуу тусгаарлалтаас чөлөөлж, тус захирамжаар шилжүүлсэн байгаа болно. Түүнчлэн Оросын Холбооны Улсын иргэн К.Д.Р*******н гомдлоор “Тавантолгой” ХК-ийн иргэн Б.А******* 669 ширхэг, “Таван толгой транс” ХХК-ийн 1,023,100 ширхэг хувьцааны хэлцэл буцаах өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд Эрх бүхий байгууллагын тогтоол шийдвэр, эсхүл шүүхийн шийдвэрээр шилжүүлэхээс бусад тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй” гэх хариуг хүргүүлсэн байх бөгөөд үүний хариуд Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3/2997 тоот албан бичгээр “...тус Хорооны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/2100 албан бичгийн дагуу шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга хэмжээг авч ажиллах” талаар мэдэгджээ.

3.3.Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/3402 тоот албан бичгээр “...шүүхээс Хорооны 263 дугаар тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэнтэй холбогдуулан дээрх 1,069 ширхэг хувьцааг К.Д.Р*******н дансанд буцаан байршуулж ажиллахыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д дахин үүрэг болгож, хэрэгжилтийг нотлох баримтын хамт 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлэх”-ийг мэдэгдсэн байна.

3.4.Хариуцагчаас Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 1/2100, 3/2997, 1/3402 тоот албан бичгүүдээр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д тодорхой үүрэг даалгавар хүргүүлснийг хэрэгжүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 15.5-д “өөрийгөө зохицуулах байгууллага нь эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй” гэж заасныг зөрчсөн үндэслэлээр 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0135026 дугаар шийтгэлийн хуудсаар 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, мөн өдрийн эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавраар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д Хорооноос хүргүүлсэн үүрэг даалгаврыг хэрэгжүүлж, К.Д.Р*******д учруулсан 669 ширхэг хувьцааны хохирлыг барагдуулахыг даалгасан байна. /1-р хавтаст хэргийн 163-164 дэх тал/

3.5.Дээрх Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/2100 тоот албан бичгийн агуулгаас үзвэл 1-д “Тавантолгой” ХК-ийн 669 ширхэг хувьцааг К.Д.Р*******н дансанд буцаан байршуулах, 2-т Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20266 дугаар захирамжийн биелэлтийг хангаж ажиллах үүрэг даалгаврыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д өгчээ.

3.6.Нэхэмжлэгчээс “маргаан бүхий албан бичгээр ирүүлсэн үүрэг даалгаврууд нь хуульд заасан хэлбэрийн болон агуулгын шаардлага хангаагүй, шүүхийн шийдвэр, захирамжуудыг биелүүлээгүй гэх зөрчилтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт шалгалт хийгээгүй, хувьцаануудыг хэний өмчлөлд байгаа болохыг, түүнчлэн буцаан шилжүүлэх боломжтой эсэхийг Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмын дагуу өөрсдөө шалган тогтоох байтал шалгаж тогтоогоогүй, тус хорооны албан бичгийн үндэслэн үнэт цаасыг өмчлөгчийнхөн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн захиран зарцуулах боломжгүй, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК өөрт олгогдоогүй бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах боломжгүй, өөрөөр хэлбэл хэлцлийг бүртгэх чиг үүрэгтэй байгууллага болохоос даалгварын дагуу бүртгэгдсэн хөрөнгийг нөгөө этгээд рүү шилжүүлэх боломжгүй, албан ёсны шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхийн бүртгэл хийдэг, К.Д.Р*******н хувьцааг буцаан шилжүүлэх тохиолдолд одоо бүртгэгдсэн байгаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж маргаан үүсэх тул шууд шилжүүлэг хийх боломжгүй” гэх агуулгаар, хариуцагчаас “Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд үүрэг даалгавар өгсөн, заавал тогтоол хэлбэрээр гаргасан байх шаардлага тавигдахгүй, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь тухайн үед 669 ширхэг хувьцааг буцаан байршуулаагүй буруутай болох нь тогтоогдсон тул буруутай үйлдлээ залруулах байдлаар үүрэг даалгавар өгсөн, хэрэв хувьцааг буцаан байршуулах боломжгүй тохиолдолд хохирол барагдуулах ажлыг компанийн төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, энэ талаар нээлттэйгээр шийдвэр гаргаж хэрэгжүүлэхээр үүрэг даалгавар өгсөн нь үндэслэлтэй” гэх агуулгаар, гуравдагч этгээдээс “шүүгчийн захирамжаар хувьцааг бусдад шилжүүлэхийг хориглож тусгаарласан байхад “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв” ХХК тусгаарлаагүйн улмаас бусдад шилжиж хохирол учирсан, Санхүүгийн зохицуулах хорооны тайлбар, хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа үндэслэлтэй” гэх агуулгаар тайлбарлан маргаж байна.

4.“Тавантолгой” ХК-ийн 669 ширхэг хувьцааг буцаан шилжүүлэх асуудлын тухайд,

4.1.Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолоор нэр бүхий 23 иргэний өмчлөлд байсан хувьцааг тэдний зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар арилжаалсан нийт 72 хэлцлийг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор ОХУ-ын иргэн К.Р*******н эзэмшиж байсан 1,429 ширхэг хувьцааг 5 иргэний дансанд буцаан бүртгэхийг үүрэг болгожээ. /1-р хавтаст хэргийн 89-90 дэх тал/

4.2.Тус тогтоолын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг К.Д.Р******* нэр бүхий 2 иргэний хамт Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 550 дугаар захирамжаар Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолын К.Д.Р******* болон нэр бүхий 2 иргэнд холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. /2-р хавтаст хэргийн 31-32 дахь тал/

4.3.Үүний дараа уг захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцож байсан Т.Баярсайханаас 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөр огноолсон “...Энэ захирамжийг гарсан даруй Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн боловч танай компанид хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Иймд яаралтай нэхэмжлэгчидтэй холбоотой хувьцааны тусгаарлалт хийж өгнө үү” гэх “Захирамж хүргүүлэх тухай” хүсэлтийг “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д гаргасныг мөн өдөр хүлээн авч бүртгэсэн болох нь бүртгэл хяналтын картаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 100-102 дахь тал/

4.4.Улмаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 550 дугаар захирамжид заасны дагуу нэхэмжлэгч нэр бүхий иргэдийн хувьцааг тусгаарлах ажиллагааг “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн ажилтан Б.Батсүрэн 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хийсэн болох нь Үнэт цаас тусгаарлах тайлан болон “хуулгын дагуу тусгаарлав” гэх тэмдэглэгээ бүхий баримтаар тогтоогддог./1-р хавтаст хэргийн 53, 101 дэх тал/

4.5.“Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иас 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “Танай 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 550 тоот шүүгчийн захирамжийг хүлээн авч СЗХ-ны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолын дагуу нэхэмжлэгч нарын данснаас шилжүүлсэн хувьцааг дор дурдсан данснуудад тусгаарласан болно. Үүнд: ...Хувьцаа эзэмшигч Константин Р*******н 7-610445 тоот данснаас шилжүүлэн авсан иргэн Г.Балчинхандын данс дахь “Тавантолгой” ХК-ийн 110 ширхэг, Б.Наранцэцэгийн данс дахь “Тавантолгой” ХК-ийн 250 ширхэг хувьцааг тус тус тусгаарласан болно. Иргэн М.Хажидмаа нь шилжүүлэн авсан “Тавантолгой” ХК-ийн 200 ширхэг, О.Будсүрэн нь “Тавантолгой” ХК-ийн 200 ширхэг хувьцаагаа 2010 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тус тус худалдсан байна...” гэх 1/567 тоот албан бичгийг захиргааны хэргийн шүүхэд, хувийг өмгөөлөгч Т.Баярсайхан, Санхүүгийн зохицуулах хороонд тус тус хүргүүлжээ. /1-р хавтаст хэргийн 103-104 дэх тал/

4.6.Үүнээс үзвэл гуравдагч этгээд К.Д.Р*******н 7-610445 тоот данснаас иргэн Б.А******* 14-401011 тоот данс руу шилжсэн 669 ширхэг хувьцаа /маргаанд хамаарах/-тай холбоотой тусгаарлах ажиллагааг “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК хийгээгүй байх бөгөөд тус 669 ширхэг хувьцаа 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 28 удаагийн хэлцлээр “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар нээлттэй арилжаалагдсан болох нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 01/1003 тоот албан бичгээр нотлогддог. /4-р хавтаст хэргийн 44-45 дахь тал/

4.7.Улмаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэрээр Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 263 дугаар “Арилжааны хэлцэл хүчингүй болгох тухай” тогтоолын нэхэмжлэгч нарт /гуравдагч этгээд К.Д.Р*******д/ холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 486 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /1-р хавтаст хэргийн 197-224 дэх тал/

4.8.2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нараас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 479 дүгээр захирамжаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2013 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаартай Гүйцэтгэх хуудас бичиж олгожээ. /2-р хавтаст хэргийн 27-29 дэх тал/

4.9.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр ахлах гүйцэтгэгчийн 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, 2013 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 127 дугаар тойргын шийдвэр гүйцэтгэгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байна. /2-р хавтаст хэргийн 170 дахь тал/

4.10.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 2/2456 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд дээрх шүүхийн шийдвэрийг 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дотор биелүүлж, хариу ирүүлэхийг мэдэгдсэний дагуу Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албанаас 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/1266 тоот албан бичгээр “...Нэгэнт тус Хорооны 2008 оны 263 дугаар тогтоолын дээрх нэр бүхий иргэдэд холбогдох хэсгийг захиргааны хэргийн шүүх өөрөө хүчингүй болгож шийдвэрлэсэн, мөн Хороонд даалгасан аливаа шийдвэр гараагүй тул шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж үзэж байна” гэх хариуг хүргүүлсэн байх бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 127 дугаар тойргын шийдвэр гүйцэтгэгчийн 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаар шийдвэр, 13 дугаар гүйцэтгэх баримт бичигтэй К.Д.Р******* нарын нэр бүхий 3 иргэний, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /2-р хавтаст хэргийн 171, 172, 176 дахь тал/

4.11.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4/19 дүгээр тогтоолоор 127 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох тухай тогтоолыг хүчингүй болгож, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг 127 дугаар тойргын шийдвэр гүйцэтгэгчид үүрэг болгожээ. /2-р хавстаст хэргийн 30 дахь тал/

4.12.Үүний дараа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4-121/15513 албан бичгээр дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн бөгөөд тус Хорооны 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1/3359 тоот албан бичгээр “...Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 426 дугаар шийдвэр нь Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2011 оны 24 дүгээр тогтоол гарснаар хуулийн хүчин төгөлдөр болж, Хорооны 2008 оны 263 дугаар тогтоолын нэхэмжлэгчид хамаарах хэсэг тухайн мөчид хүчингүй буюу үйлчлэлгүй болсон тул шүүхийн шийдвэр шууд биечлэгдсэн гэж үзэж байна. Иймд шууд биелэгдсэн шүүхийн шийдвэр, нэгэнт дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин биелүүлэх, шүүхийн шийдвэрт тусгаагүй бусад холбогдох асуудлыг тус Хороо шийдвэрлэх боломжгүй...” гэх хариуг хүргүүлсэн байна. /2-р хавтаст хэргийн 174-175 дахь тал/

4.13.Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2-127/20692 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай мэдэгдэж, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 1/3092 тоот албан бичгээр “... Хорооноос шүүхийн шийдвэртэй холбогдуулан шаардлагатай бүхий л арга хэмжээг тухай бүр хэрэгжүүлэн ажиллаж байгаа” талаар хариуг,

2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02-127/24150 тоот албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “шүүхийн шийдвэр биелүүлэхэд хүндрэл учирсантай холбогдуулан Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 426 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2011 оны 24 дүгээр тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болсонд тооцож, хувьцаа гуравдагч этгээдэд шилжсэн үр дагавраас үл хамаарч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох эсэх” талаар тодруулга хүсч, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 01/8455 тоот албан бичгээр “...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх чиг үүрэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хамаарч байх бөгөөд шүүхээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой чиглэл, арга замын талаар тайлбар өгөх боломжгүй...” гэх хариуг тус тус авсан байна. /2 дугаар хавтаст хэргийн 222, 230-231, 3-х хавтаст хэргийн 8-9 дэх тал/

4.14.Мөн гуравдагч этгээд К.Д.Р*******н итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б*******ээс Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 426 дугаар шийдвэрийг биелүүлэхгүй байгаа, улмаар хохирол учирсан талаар 2023 оны  05 дугаар сарын 01-ний өдөр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д, 2024 оны 02 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 08, 12 дугаар сарын 17-ны өдөр Сангийн сайдад тус тус хандан бичгээр гомдол гаргаж байсан бөгөөд Сангийн сайдын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/1922, 12 дугаар сарын 11-ний өдрийн 03/10192, 12 дугаар срын 25-ны өдрийн 03/10644 тоот албан бичгээр гомдлыг Санхүүгийн зохицуулах хороо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлж, энэ талаар хариу хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

4.15.Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах тухай” 147 дугаар тогтоолоор үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх болон үнэт цаасны төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэг бүхий бие даасан, тус тусдаа хоёр хуулийн этгээд болгон өөрчлөн зохион байгуулах хүртэл /2003-2015 оны хооронд/ тус компани нь харилцагчдын мөнгөн хөрөнгийн гүйлгээ, үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагааг зохицуулах чиг үүрэг буюу Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталсан/-ийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх болон уг эрх бусдад шилжсэнийг бүртгэх, үнэт цаас хадгалах үйлчилгээ”-г үзүүлж байсан гэж үзэхээр байна.

4.16.Сангийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаар тушаалын хавсралтаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн дүрмийг баталсан ба тус дүрмийн 2.2.1, 2.2.2-т зааснаар уг компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д заасан “үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлийн”, 24.1.9-д заасан “үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн” үйл ажиллагааг эрхлэх эрхтэй “зохицуулалттай хуулийн этгээд” байна.

4.17.Дээрх хууль зүйн зохицуулалтуудын агуулгаас үзвэл “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн эрхэлж байсан 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан “үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрх болон уг эрх бусдад шилжсэнийг бүртгэх, үнэт цаас хадгалах үйлчилгээ”-г Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1.9-д заасан “үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаа” хэлбэрээр “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК явуулж байгаа гэж дүгнэж болохоор байна.

4.18.Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч хадгалагдаж буй хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс учирсан хохирлыг хадгаламжийн байгууллага хариуцах зохицуулалтыг 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт, үнэт цаасны өмчлөх эрхийн бүртгэлд алдаатай мэдээлэл оруулсны улмаас учирсан хохирлыг буруутай этгээд хариуцах зохицуулалтыг Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт тус тус хуульчилж, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн үйл ажиллагаатай холбоотой учирсан хохирлыг буруутай этгээд хариуцахаар тусгайлан зохицуулжээ.

4.19.Гэвч энэ маргааны тухайд Санхүүгийн зохицуулах хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолын К.Д.Р******* нарын нэр бүхий 3 иргэнд холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 550 дугаар захирамжид заасны дагуу “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нэхэмжлэгч нэр бүхий 3 иргэний хувьцааг тусгаарлах ажиллагааг бүрэн хийж гүйцэтгээгүйн хэний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болохыг хариуцагч улсын байцаагч нягтлан шалгаж бүрэн тогтоогоогүй байна гэж шүүх дүгнэлээ.

4.20.Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “К.Д.Р******* нарын нэр бүхий 3 иргэний нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох уг захиргааны хэрэгт “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК хариуцагч биш бөгөөд хорооноос Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 550 дугаар захирамжийг албан ёсоор мэдэгдээгүй, баталгаажсан эх хувиар манайд ирүүлээгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “2010 оны 550 дугаар захирамжийг хүргүүлсэн эсэх талаар тайлбар байхгүй” гэх байдлаар тус тус тайлбар гардаг.

4.21.Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл Санхүүгийн зохицуулах хороо нь уг захиргааны хэрэгт хариуцагчаар оролцож буй хэргийн оролцогч болохын хувьд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /2002 оны 12 дугаар сарын 12-ны өдөр баталсан/-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.1-д заасан “үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих” эрх хэмжээний хүрээнд тус Хорооны 2008 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 263 дугаар тогтоолын К.Д.Р******* болон нэр бүхий 2 иргэнд холбогдох хэсгийн биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн дээрх шүүгчийн захирамжийн биелэлтийг хангах, “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д энэ талаарх мэдээлэл хүргүүлэх үүргийг хүлээнэ. Энэ утгаараа захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг мэдсэн даруй Санхүүгийн зохицуулах хорооноос холбогдох журмын дагуу нэхэмжлэгч хуулийн этгээдэд албан ёсоор мэдэгдэх ажиллагаа хийсэн эсэхийг нягтлан шалгах нь  зүйтэй байна.

4.22.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийн дагуу 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-аас нэр бүхий 3 иргэний хувьцааг тусгаарлах ажиллагааг бүрэн хийгээгүйн хэний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан болохыг тухайн үед тусгаарлах ажиллагааг гүйцэтгэсэн гэх ажилтан Б.Батсүрэн, компанийн гүйцэтгэх захирал Т.Гандулам нараас тайлбар авч тодруулах ажиллагаа хийх шаардлагатай.

4.23.Учир нь хариуцагчаас “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК 669 ширхэг хувьцааг тусгаарлаагүй буруутай болох нь тогтоогдсон” гэж тайлбарлах боловч зөрчлийн хэрэгт авагдсан Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тэмдэглэлд “...Б.Б СЗХ-06 дугаартай бүртгэлийн ажиллагаа явуулж байгаатай холбоотойгоор гэрчээр мэдүүлэг авах тухай 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цаг 33 минутад 99079725 дугаарын утсаар холбогдоход “...гадаадад амарч байна. Ирэх 7 хоногийн сүүлээр Монголд очоод мэдүүлэг өгөх боломжтой”... талаар мэдээлсэн...” гэхээс өөрөөр тэмдэглэл байхгүй, тухайн этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг аваагүй байх тул шүүгчийн захирамжийн дагуу 669 ширхэг хувьцааг тусгаарлаагүй зөрчлийн шалтгаант нөхцөл байдлыг бүрэн шалган тогтоосон гэж дүгнэх боломжгүй байна.

4.24.Нөгөөтэйгүүр Санхүүгийн зохицуулах хороо 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/2100 тоот албан бичигтээ “К.Д.Р*******н 7-610445 тоот данснаас иргэн Б.А******* 14-401011 тоот данс руу шилжсэн 669 ширхэг хувьцааг тусгаарлаагүйн улмаас 2010 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2010 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар нээлттэй арилжаалснаар тус 669 ширхэг хувьцааг К.Д.Р*******н дансанд буцаан байршуулах боломжгүй болсон” гэж, 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3/2997 тоот албан бичигтээ “...уг маргаантай холбогдох шүүхийн шийдвэрийг биелүүлэх, захиргааны актын үйлчлэлд хамаарах үр дагаврыг аригах буюу 669 ширхэг хувьцааг К.Д.Р*******н дансанд буцаан байршуулах боломжгүй болсон...” гэж тус тус дүгнэсэн атлаа “дээр дурдсан 669 ширхэг хувьцааг К.Д.Р*******н дансанд буцаан байршуулах”-ыг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д үүрэг болгосон нь ойлгомжгүй байна.

4.25.Өөрөөр хэлбэл, Санхүүгийн зохицуулах хороо гомдол гаргагч “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг “Б.А******* 14-401011 тоот данс руу шилжсэн 669 ширхэг хувьцааг К.Д.Р*******н дансанд буцаан байршуулах боломжгүй” гэх нөхцөл байдлыг дээрх албан бичгүүддээ хүлээн зөвшөөрсөн хэрнээ “буцаан байршуулахыг үүрэг болгосон”, улмаар хариуцагч улсын байцаагчаас уг даалгаврыг  биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 11.10 дугаар зүйлийн 15.5-д заасан “... эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй” гэж зөрчил үйлдсэн гэж дүгнэж, шийтгэл оногдуулж, “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” албан даалгавраар К.Д.Р*******д учруулсан 669 ширхэг хувьцааны хохирлыг барагдуулахыг  үүрэг болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломжийг зөв хэрэглэсэн шийдвэр үзэх үндэслэлгүй байна.

4.26.Зүй нь мөн хуулийн 42.2-т заасны дагуу захиргааны байгууллага хуульд өөрөөр заагаагүй бол эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэх учиртай.

4.27.Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Хороо дараах тохиолдолд өөрийгөө зохицуулах байгууллага, зохицуулалттай этгээд болон үнэт цаас гаргагчид даалгавар өгөх эрхтэй” гээд, 66.1.1-д “харилцагч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах шаардлага бий болсон” гэж, 85 дугаар зүйлийн 85.1-д “Хорооны улсын байцаагч дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 85.1.1-д “үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж болон түүнд үндэслэсэн нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон журмын биелэлтэд хяналт тавих, шаардлагатай асуудлыг Хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулах”, 85.1.2-т “хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох үнэт цаас гаргагч, зохицуулалттай этгээд болон тэдгээрийн холбогдох этгээдээс үнэ төлбөргүй гаргуулан авах, тайлбар авах”, 85.1.4-т “хяналт шалгалтын дүнг үндэслэн акт тогтоох, түүний гүйцэтгэлийг хангуулах, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хугацаатай үүрэг, албан шаардлага өгч, биелэлтийг хангуулах”, 85.1.13-т “хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах” гэж, 85.2-т “Хорооны улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 85.1-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 85.2.2-т “үнэт цаас гаргагч, зохицуулалттай этгээд болон тэдгээрийн холбогдох этгээдийн хөрөнгө оруулагч, харилцагчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх”, 85.2.5-д “төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг батлах” гэж тус тус хуульчилжээ.

4.28.Үүнээс үзвэл хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос дээр дурдсан шүүгчийн захирамж биелэгдээгүй нөхцөл байдлыг тогтоох зорилгоор төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамж батлан шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох үнэт цаас гаргагч, зохицуулалттай этгээд болон тэдгээрийн холбогдох этгээдээс гаргуулан авч, хяналт шалгалтын ажиллагааг явуулж нөхцөл байдлыг бүрэн тогтоосны үндсэн дээр буруутай этгээдийг тогтоож хариуцлага ногдуулах, улмаар гуравдагч этгээд К.Д.Р*******д учирсан хохирлын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэхээр хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, тодруулбал, хорооноос зохицуулалттай этгээдэд харилцагч, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор хохирлыг хэрхэн барагдуулах талаарх үүрэг даалгаврыг өгөх боломжтой байна.

4.29.Иймд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 669 ширхэг хувьцааг тусгаарлаагүйтэй холбоотой дээр дурдсан нөхцөл байдлуудыг тогтоож, хуульд заасан сонгох боломжийг зөв хэрэгжүүлэх замаар хариуцагчаас дахин шинэ акт гаргах боломжтой, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж заасны дагуу маргаан бүхий Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт, шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э******* 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0135026 дугаар Зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийтгэлийн хуудсыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

4.30.Хэрэв хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

 

5.Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20266 дугаар захирамжийн биелэлтийг хангаж ажиллах үүрэг даалгаврын тухайд,

5.1.К.Д.Р******* нь “Тавантолгой” ХК, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон Д.Бат-Эрдэнэд холбогдуулан 1,023,100 ширхэг хувьцааны ногдол ашиг болох 790,588,600 төгрөгийг “Тавантолгой” ХК-иас гаргуулах, өөрийн нэр дээр нээсэн харилцах дансанд шилжүүлэн, өөрт олгуулж байхыг хариуцагч “Тавантолгой” ХК, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д даалгуулах нэхэмжлэлийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд гаргасныг 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байна.

5.2.Улмаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 20266 дугаартай захирамжаар К.Д.Р*******н нэр дээр бүртгэлтэй “Тавантолгой” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцаатай холбоотой хөдөлгөөнийг зогсоож, энэхүү хэргийг шийдвэрлэх хүртэл бусдад шилжүүлэн бүртгэхгүй байхыг “Үнэт цаансы төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д даалгажээ. /1-р хавтаст хэргийн 113-114 дэх тал/

5.3.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/25528 тоот албан бичгээр шүүгчийн захирамжийг биелүүлж К.Д.Р*******н нэр дээр бүртгэлтэй “Тавантолгой” ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцаатай холбоотой хөдөлгөөнийг зогсоож, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг “Үнэт цаансы төлбөр тооцооны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д мэдэгдсэн байна.

5.4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа нэмэгдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч К.Д.Р*******н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа хамгийн сүүлийн байдлаар “Тавантолгой” ХК, “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон Д.Бат-Эрдэнэд холбогдуулан “2009 оны ногдол ашиг 562,705,000 төгрөг, 210 оны ногдол ашиг 1,330,030,000 төгрөг, 2011 оны ногдол ашиг 1,399,600,800 төгрөг, 2012 оны ногдол ашиг 154,488,100 төгрөг, 2012 оны ногдол ашигт ногдох алданги 77,244050 төгрөг, нийт 3,524,068,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч К.Д.Р*******н өмчлөлд байсан “Таванбогд” ХК-ийн 1,023,000 ширхэг хувьцааг бусдад шилжүүлсэн үйлдэл хууль бус болохыг тогтоож, эдгээр хувьцааг К.Д.Р*******н нэр дээрх хадгаламжийн дансанд буцааж шилжүүлэхийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д даалгах тухай” тодорхойлон маргажээ.

5.5.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2018/00518 дугаартай шийдвэрээр “...Хэдийгээр Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 252 тоот шүүхийн шийдвэр болон Улсын дээд шүүхийн 405 тоот тогтоолоор 2010 оны Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн боловч Тээвэр хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 33-7-1 тоот тогтоолоор 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг дэмжин зөвшөөрч, гэрээ анханаасаа хүчин төгөлдөр байсныг хүлээн зөвшөөрсөн болохыг хууль зөрчөөгүй гэж Улсын дээд шүүхийн 2016 оны 432 тоот тогтоолд дурдсан, Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 2044 тоот шүүгчийн захирамжаар 2010 оны Худалдах, худалдан авах гэрээг Тээвэр хөгжлийн банк дэмжин зөвшөөрч эвлэрснийг баталснаар талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ шүүхийн дээрх шийдвэрүүдийн дагуу одоо хүчин төгөлдөр болсон байна. Өөрөөр хэлбэл гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр байснаар нэхэмжлэгч Р******* К.Д нь 1,023,100 ширхэг хувьцааны өмчлөгч биш болж, гэрээ байгуулагдаж, хүчин төгөлдөр болсон 2010 оноос хойш хувьцаатай холбоотой аливаа эрхийг эдлэхгүй болсон...” гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /3-р хавтаст хэргийн 218-231 дэх тал/

5.6.Энэхүү шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1383 дугаар магадлалаар “...нэхэмжлэгч нь дурдсан зээлийн төлбөрийг төлөхийн тулд 2010 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр дээрх Таван толгой ХК-ийн 1,023,100 ширхэг хувьцаагаа Тавантолгой транс ХХК-д худалдсан гэж тайлбарласан ба уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан, уг татгалзлыг баталсан Улсын дээд шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 542 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тул ... нэхэмжлэгч уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй гэж үзнэ, ... Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, түүнийг үндэслэн гарсан шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг биелүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны удаа дараагийн шаардлагаар Р******* К.Д-ийн нэр дээр бүртгэлтэй байсан 1,023,100 ширхэг хувьцааг Тавантолгой транс ХХК-д шилжүүлсэн ҮЦТТТХТөвийн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт нийцсэн байна...” гэж дүгнэж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисон бөгөөд энэхүү шийдвэрт К.Д.Р******* гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

5.7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

5.8.Иргэний хэргийн шүүхүүдийн дүгнэсэнчлэн К.Д.Р*******н нэр дээр бүртгэлтэй байсан 1,023,100 ширхэг хувьцааг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, түүнийг үндэслэн гарсан шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг биелүүлсэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны удаа дараагийн шаардлагаар Тавантолгой транс ХХК-д шилжүүлсэн “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн үйлдлийг хуульд нийцсэн гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул Дүүргийн иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 20266 дугаартай захирамжийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК биелүүлэх боломжгүй, энэ талаар Санхүүгийн зохицуулах хорооноос үүрэг даалгавар өгсөн нь үндэслэлгүй байна.

5.9.Иймд хариуцагч улсын байцаагчаас дахин шинэ акт гаргахдаа дээр дурдсан нөхцөл байдлыг анхаарч үзэх нь зүйтэй болохыг тэмдэглэв.

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд,

6.1.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШЗ2025/4296 дугаар захирамжаар маргаан бүхий 142,900 ширхэг хувьцаа хэний эзэмшилд байгаа талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн, үүний дагуу тус шүүхээс  2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 01/6043, 8 дугаар сарын 22-ны өдрийн 01/6478, 01/6479, 9 дүгээр сарын 12-ны өдрийн 01/7022, 01/7025 тоот албан бичгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-д хүргүүлж, нотлох баримт цуглуулах ажиллагааг хийсэн тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан “шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулах тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Зөрчлийн тухай хуулийн 11.10 дүгээр зүйлийн 15.5 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн гомдлын шаардлагад дурдсан Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын ахлах референтийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Э******* 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0135026 дугаартай шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаж буй 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 0135026 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болохыг тогтоосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан гомдол гаргагчид олгосугай.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        А.ГАНЗОРИГ