Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
Хэргийн индекс | 167/2019/0118/Э |
Дугаар | 560 |
Огноо | 2019-10-30 |
Зүйл хэсэг | 13.6.1., |
Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 560
А.Д-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч А.Д-, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар магадлалтай, А.Д-т холбогдох 1919002050128 дугаартай эрүүгийн шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** ял шийтгүүлж байгаагүй, О овогт А-н Д.
А.Д- нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ч.Э-гийн зөвшөөрөлгүйгээр түүний амьдардаг Сайншанд сумын 5 дугаар баг Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Д-ийг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаярын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
2018-2019 оны хичээлийн жилд Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын тушаалын дагуу Зүүнбаянгийн ЕБС-ийн 12 дугаар ангид нийгмийн ухааны хичээл сонгон судлах хичээлд багтаагүй, хүүхдийн тоо цөөн гэдэг шалтгаанаар орохоо больсон болно. Гэтэл тус ангийн 10 сурагч, тэдний эцэг эх надад хүсэлт гаргасан учир миний бие ажлын бус цагаар ямар нэгэн үнэ төлбөргүй тэдгээр хүүхдүүдэд давтлага өгөн элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж эхэлсэн. Ингээд хичээл дуусахаас сарын өмнө захирал Ч.Э-гийн ажлын өрөөнд орж үлдэж байгаа 1 сарын хугацаанд шалгалтанд бэлдэх өрөө гаргаж өгөхийг хүсэн 2 удаа ороход захирал асан Ч.Э- татгалзаж улмаар маргалдсан. Учир нь захирал Ч.Э- нь өрөө гаргаж өгөх боломжтой, сул 2-3 өрөө ашиглагдахгүй байгааг мэдэж байснаас гадна, өөрөө сургуулийн дотуур байрны өрөөг хувийн зорилгоор ашиглаж амьдран суудаг мөртлөө амьдралын чухал асуудлаа шийдэх гэж байгаа хүүхдүүдэд давтлага хийх өрөө гаргаж өгөхгүй байгаа нь миний дургүйцлийг хүргэсэн болно.
Тэгээд ...хүүхдийн төлөө би таны амьдардаг, хувьдаа ашиглах ёсгүй дотуур байрны өрөөнд орж давтлага хийнэ шүү гэж хэлсэн. Ингэж хэлэх болсон шалтгаан нь ЕБС-ийн багш, удирдах ажилтны ёс зүйн дүрэмд байгууллагын өмчийг хувьд ашиглаж болохгүй гэснийг мэдэж байсан явдал болно. ... давтлага хийх өрөөнд орох зөвшөөрөл өгөх байх гэж найдсан. Тийм учраас түүний өрөө рүү нь дотуур байранд байдаг хүүхдүүдийн дэргэд орсноос гадна, багш Баасандоржид хэлсэн болно. Өрөөнд орчихоод захирал Э- руу утсаар залгаж хэлсэн. Мөн өрөө рүү 1, 2 алхаж орсноос өөр ямар нэгэн дураар авирлах үйлдэл гаргаагүй болно.
Гэтэл хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн төлөө хийсэн энэ үйлдлийг маань захирал Э- хэлсээр байтал үл ойшоон эсрэгээр хувь хүний эрхэд халдсан хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргаж намайг шүүхээр шийтгүүлэн насан туршид минь хар толбо үлдээж, цаашид амьдрал ахуйгаа дээшлүүлэхээр гадаад улсад ажиллах, хөдөлмөрлөх эрхийг минь хаагдуулсанд маш их гомдолтой байна.
Захирал Ч.Э-гийн амьдардаг сургуулийн дотуур байрны өрөөнд дөнгөж ороод гарсан. Өрөөндөө давтлагаа сайн хийгээд шалгалтаа амжилттай өгч өндөр оноо аван хүссэн сургуульдаа орж, хүссэн мэргэжлээ эзэмшээд сайн сайхан амьдрахад нь өөрийн чаддаг мэддэг бүхнээр туслахыг хүссэн багш миний чин сэтгэл юм. Энэ өрөө бол сургуулийн өмч тэрнээс би хэн нэгэн хүний хувийн гэр рүү ороогүй, энэ үйлдлийн улмаас өөрийгөө гэмт хэрэгтэн болж шүүхээр ял шийтгүүлж, ялтан болно чинээ бодсонгүй.
Хэдийгээр би өөрийнхөө алдаа гаргасныг ойлгож байгаа ч анхан болон давж заалдах шатны шүүхээс намайг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байдалд халдаж дураар авирласан гэж үзэж ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба шүүхээс ял оногдуулахдаа шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нөхцөл боломжийг хэрэглээгүйд гомдолтой байна.
Би энэ үйлдлийг гаргахдаа оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй чөлөөтэй байдалд халдаж дураар авирлая гэсэн санаа зорилго огт агуулаагүй, сурагчдын эрх ашгийг хамгаалъя гэсэн санаа зорилготой л байсан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй, үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж заасан байх тул А.Д- намайг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.
Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн холбогдсон хэрэг тус гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангахгүй байна. Шүүгдэгч нь дураар авирласан гэдэг нь тогтоогддоггүй. Тухайн гэмт хэргийг хүсч үйлдээгүй, сэдэлт зорилго нь тогтоогдохгүй байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу уг үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Д.Дамдинсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч хохирогчийн өрөөнд түүний зөвшөөрөлгүйгээр нэвтэрч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтийг хүрээнд анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулж, давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн нь үндэслэлтэй. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд давтлага хийх өрөө гаргаж өгсөнгүй гэх үндэслэлээр захирлын өрөөнд орж түүний зөвшөөрөлгүйгээр бичлэг хийж, бага ангийн сурагчдыг дуудаж асуулга хийсэн нь дураараа аашилсан үйлдэл мөн. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж шүүгдэгчийн өмгөөлөгч гомдол гаргадаг боловч энэ үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч А.Д-ийн гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
А.Д- нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ч.Э-гийн зөвшөөрөлгүйгээр түүний амьдардаг Сайншанд сумын 5 дугаар баг Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд нэвтэрч, халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх А.Д-т холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрч, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүд тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Д-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр, түүнийг эзгүй үед түүний амьдарч буй байранд нэвтрэн орсон шүүгдэгчийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож шийдвэрлэснийг буруутган дүгнэх, өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн А.Д- намайг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 62 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Д-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН