Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 754

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.У*******

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15 тоот тогтоолыг хүчингүй болгох, нэр дэвших эрхийг сэргээн тогтоолгохыг даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга н.М******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.У******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ:  “...Миний бие 2016 оны орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшихээр сонгуулийн хуулийн дагуу холбогдох бүх баримт бичгүүдийг бүрдүүлж Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд цаг хугацаанд нь өгсөн билээ. Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооноос дэмжигчдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, хөрөнгө орлогын мэдүүлэг дутуу бөглөсөн, дэмжигч сонгогчдын гарын үсгийн жагсаалтад регистрийн дугаар бичигдээгүй, дэмжигч сонгогчдын гарын үсгийн жагсаалтад регистрийн дугаар давхардсан нь Сонгуулийн хуулийн 158 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн үндэслэлээр бүртгэж аваагүй. Миний бие бие даан нэр дэвшихийн тулд Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны иргэдээс нийт 400 иргэний дэмжсэн гарын үсэг цуглуулсан билээ. Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооноос зөрчилтэй хэмээн тооцсон тогтоолоор миний бие өөрийн биеэр үгүйсгэж хүлээн зөвшөөрөх боломжгүй. Энэ нь Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн ямар нэгэн шалтаг, өө хайж намуудад үйлчилж байгаа нь илт харагдаж байна. 

Иргэн би Монгол улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэхийг хүсэж байна. Дэмжигч сонгогчдоос цуглуулсан 400 дэмжигчийн гарын үсэгнээс хасаад хасаад бие даан нэр дэвшигчдийн цуглуулбал зохих 201 хүнээс илт давуу гарч байгаа тул нэр дэвших эрхийг хангасан гэж үзэж байна. Иймд Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15 тоот тогтоолыг хүчингүйд тооцож, нэр дэвших эрхийг минь сэргээн тогтоож өгөхийг хүсье.

 Сонгуулийн хуулийн 129.3 дахь заалт нь Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчид нэг янзаар үйлчлээд орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчдэд арай өөр ялгавартай үйлчлэх ёсгүй хэмээн үзэж байна. Монгол Улсын Сонгуулийн хуулийн зарим заалтууд түүний үзэл санаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн үндсэн зарчмыг бүдүүлгээр зөрчсөн, энэ нь цаашлаад төрийн захиргааны байгууллагууд, холбогдох эрх бүхий хүмүүс хуулийг өөр өөрийнхөөрөө тайлбарлах, намуудад тал засах, хүний эрх эрх чөлөөнд ноцтой хохирол учруулж болзошгүйд хүргэж байна. Шударга ёсыг тогтоох, Монгол улсын хууль, түүний дотроос Сонгуулийн хууль, Улсын их хурлын сонгуульд нэр дэвшигч гэж ялгаварлан гадуурхалгүй иргэн бүрт тэгш үйлчлэх учиртай гэдгийг нотолж зөрчигдсөн эрхийг минь сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-д зааснаар хариу тайлбар гаргаж байна. Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 09 сарын 07-ны өдөр “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” тухай 15 дугаар тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг гаргахдаа Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7, 157 дугаар зүйлийн 157.5, 158 дугаар зүйлийн 158.1.4а заалтыг баримтлан дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзаж шийдвэрлээд гаргасан тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж үзэж байна. 

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 16 дугаар тойрогт бие даан нэр дэвшигч А.У******* нь сонгогчийн гарын үсэг цуглуулахдаа Б.Б*******ийн гарын үсгийг хуурамчаар зуруулж Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4а дахь заалтыг зөрчсөн, Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.5-д заасан Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт нь авилгын эсрэг хууль тогтоомжийн дагуу батлагдсан хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт байна” гэж заасны дагуу тухайн маягтыг мөн хуулийн 157 дугаар зүйлийн 3-д дараах бичиг баримтыг 157.3.3-д нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг /сүүлийн бүтэн нэг жилийн/-ийг биечлэн ирүүлнэ гэсэн заалтын дагуу ирүүлээгүй. Дэмжигч, сонгогчийн гарын үсгийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.4-д заасан Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийн бүртгүүлэх маягт, бичиг баримтын загварыг батална” гэж заасны дагуу Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 8 дугаар сарын 9-ний 264 тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан дэмжигч сонгогчийн бүртгэлийн маягтаар гарын үсэг цуглуулахдаа гарын үсэггүй, регистрийн дугааргүй зэрэг нь мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-д “...гарын үсгийг батлагдсан маягтын дагуу зуруулах, 158 дугаар зүйлийн 158.1.3-д зааснаар нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах ... бичиг баримт дутуу бол татгалзах үндэслэл болохоор хуульчилсан байна. 

Гэтэл нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийн дээрх зүйл заалтуудыг зөрчсөн тул нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан болно. 

Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь заалт Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчид нэг янзаар үйлчлээд орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчид арай өөр ялгавартай үйлчлэх ёсгүй гэжээ. Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь заалт нь: “...бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд  маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо энэ хуулийн 127.2-д заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэжээ. Энэхүү заалт нь Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчид хамааралтайгаар хуульчилсан ба нэхэмжлэгчийн хувьд сонгогч дэмжигчийн бичиг баримттай холбоотой зөрчил, сонгогчийн гарын үсгийн тоо нь 156 дугаар зүйлийн 156.2.4-д заасан хэмжээнд хүрсэн эсэхээс үл хамаарсан нэр дэвшигчийн сонгуулийн тухай хуулийн нийтлэг журам, хуульд тавигдсан шаардлагыг зөрчсөн байгааг шүүх анзаарч үзнэ үү.

 Нэхэмжлэгч А.У******* нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.3, 158 дугаар зүйлйн 158.1.3 дахь заалтуудыг зөрчсөн нь 129 дүгээр зүйлийн 128.3-д заасан дэмжигч сонгогчоос хамааралтай гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.4-д заасан “дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй байх ёстойгоос 400 хүний гарын үсгийг батлагдсан маягтын дагуу цуглуулаагүй. Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.3.3-д  зааснаар хөрөнгө орлогын мэдүүлэг сонгуулийн хороонд ирүүлээгүй тул 158.1.3-д зааснаар татгалзах тогтоол гаргасан нь үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тус шүүхэд хандаж “Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15 тоот тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвших эрхийг сэргээн тогтоолгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1.4а, 157 дугаар зүйлийн 157.5 дахь хэсгийг тус тус үндэслэн А.У*******г гарын үсгийг хуурамчаар үйлдсэн, хөрөнгө орлогын мэдүүлгийг батлагдсан маягтын дагуу ирүүлээгүй, зарим дэмжигч сонгогчдын гарын үсэг, регистрийн дугаар дутуу, регистрийн дугаар давхардсан зэрэг зөрчилтэй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна.

Нэхэмжлэгч маргаан бүхий захиргааны акт болох Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар тогтоолыг   хууль бус гэж үзэж буй үндэслэлээ “...400 дэмжигчийн гарын үсэгнээс хасаад хасаад бие даан нэр дэвшигчдийн цуглуулбал зохих 201 хүнээс илт давуу гарч байгаа...журмын дагуу гарын үсэг цуглуулсан” гэж, хариуцагчаас “хуурамчаар гарын үсэг зуруулсан, регистрийн дугаар дутуу буюу бичигдээгүй зөрчил гаргасан” гэж тус тус тодорхойлон маргав.

Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар хуралдаанаар бие даан нэр дэвшигчдийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцсэн тэмдэглэлээс үзэхэд А.У*******г хөрөнгө орлогын мэдүүлэг дутуу бөглөсөн, регистрийн дугаар бичээгүй 2, давхардсан 2 хүн байгааг тэмдэглэж улмаар гарын үсгийн баталгаажилтыг нягтлан шалгасны үндсэн дээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар тогтоол гарчээ.

Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогттоолын 9 дүгээр хавсралтаар баталсан бие даан нэр дэвшүүлэгч А.У*******г дэмжигч сонгогчийн бүртгэлд 400 сонгогч гарын үсэг зурсан байх бөгөөд дэмжигч сонгогчдын гарын үсэгний зөрчил дутагдлын түүвэрт дурдсан 114 зөрчлийг хасч тооцвол 286 сонгогчийн гарын үсэг буюу Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.4-т 201-ээс доошгүй  сонгогчоор гарын үсэг зуруулсан болох нь тогтоогдож байна.

Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.5-д “Нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт нь авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу батлагдсан хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт байна” гэж заажээ

Маргаан бүхий актад А.У*******г хөрөнгө орлогын мэдүүлгийг батлагдсан маягтын дагуу ирүүлээгүй гэж дурдсан боловч Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.5-д заасны дагуу батлагдсан маягтын дагуу хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөсөн  зарим хуудсыг орхигдуулсан байх боловч энэ хөрөнгө орлогын мэдүүлгийг батлагдсан маягтын дагуу ирүүлээгүй гэж дүгнэхэд учир дутагдалтай юм.  

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д “энэ хуульд заасан шаардлагыг хангасан иргэн нь орон нутгийн хурлын нэг тойрогт нэрээ дэвшүүлнэ”, 156.2-т “бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна”, 156.2.4-т “дүүргийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 201-ээс доошгүй” гэж тус тус заасны дагуу  Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан, “дүүргийн Сонгуулийн хороо №30” тэмдэг бүхий “Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 16 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлэгч А.У*******гийн дэмжигч сонгогчийн бүртгэл” маягтаар зөрчилгүй 286 сонгогчийн дэмжиж буй гарын үсгийг зуруулсан байх тул хуулийн дээрх шаардлагыг хангасан байна. 

Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4.а-д заасан гарын үсэг хуурамчаар зуруулсан зөрчил байх бөгөөд Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар тогтоолд зөвхөн уг заалтыг болон Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.5 дахь заалтыг үндэслэсэн, харин регистрийн дугаар, эцэг эхийн нэр, он сар өдөр бичигдээгүй гэх зөрчлийн хувьд мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-ийн аль заалтад хамаарч байгааг уг тогтоолд дурьдаагүй, ямар үндэслэлээр зөрчил гэж үзэж бүртгэхээс татгалзаж буйгаа хариуцагч тал тайлбарлаж маргаагүй тул регистрийн дугаар, эцэг эхийн нэр, он сар өдөр бичигдээгүй гэх үндэслэлээр нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсаныг зөвтгөх боломжгүй байна. 

  Иймд Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 15 дугаар тогтоол нь нэхэмжлэгч А.У*******г Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 16 дугаар тойрогт бие даан нэр дэвших эрхийг хөндсөн  болох нь тогтоогдож байх тул А.У*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 15 дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч А.У*******г Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн 16 дугаар тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгосугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ДУЛАМСҮРЭН