Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2016/01346

 

“Дашваанжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, Танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/04640 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1681 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Батзоригт холбогдох

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэгийн гомдлыг үндэслэн, 

Танхимын тэргүүн Х.Сонинбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг, өмгөөлөгч, Т.Сайнбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, нарийн бичгийн дарга Т.Жавхлантөгс нар оролцов.

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Батзориг нь манай компанид 2006-2012 оны хооронд хий цэнэглэх станцын дарга, ерөнхий инженер, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженерээр тус тус ажиллаж байсан. Компанийн зүгээс ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхийн тулд автомашин авахад нь дэмжлэг үзүүлж, мөн компанийн өмчлөлийн байранд үнэ төлбөргүй амьдруулсан. С.Батзориг нь ажиллах хугацаандаа удаа дараа өр төлбөр гаргаж ажилдаа хайнга хандсанаас компанид их хэмжээний хохирол учруулж байсан бөгөөд ажилд ирэхгүй хаяж явсан тул 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халсан. Ажлаас халснаас хойш компанийн байрыг чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч одоог хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Иймд С.Батзоригийн амьдарч буй “Дашваанжил” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 49 дүгээр байрны 13 тоот байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Батзориг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбарт: Миний бие 2005 онд ШУТИС-ийн геологийн сургуулийн Нефть хийн хангамжийн ангийг бакалаврын зэрэгтэйгээр төгсөж мөн оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тус байгууллагад ШШХЦС-ийн мастерын албан тушаалтайгаар ажил амьдралын гараагаа эхэлсэн. 2005 оны 8 дугаар сарын 01-ний өдөр тус компанийн Ерөнхий инженер, станцын даргын албан тушаал дээр томилогдон 2010 он хүртэл ажилласан. 2010-2011 онд Ерөнхий инженерийн албан тушаал, 2011-2012 онд Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны инженер, 2012 онд Технологи инженер гэх албан тушаалд томилогдон ажиллаж байсан. 2013 онд Дарханд болсон шүүх хуралд тус компанийн захирал Н.Баатаржавын шахалтаар хуурамч нотлох бичиг бүрдүүлж өгснөөр 2 жилийн тэнсэн хорих ял авсан. 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүний нөөцийн менежерт 30-ны өдөр ээлжийн амралтаа авах хүсэлтэй байгаагаа бичгээр гарган өгсөн. Дээрх жилүүдэд ажиллаж байх хугацаанд ээлжийн амралтыг нэг ч удаа авч байгаагүй. 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ээлжийн амралтаа авах хүсэлтэй байгаагаа захирлуудад хэлэхэд амралт өгөхгүй, ажлаасаа гар гэсэн тул ажлаас гарсан. Би 8,6 жил ажиллах хугацаандаа хөдөлмөрийн хуульд заасан ажлын цагийг байнга хэтрүүлэн ажиллаж байсан бөгөөд цагийн ажлын хөлсийг бодож өгдөггүй байсан. Миний бие ШШХЦС-ын технологийн горим, аваар осол, компанийн борлуулалтыг тасалдуулахгүйн тулд ажлын цаг наргүй хагас бүтэн сайнгүй хоёргүй сэтгэлээр ажиллаж байхад 2009 онд хийн түлш дутагдсан гэж Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэсэгт мэдэгдэл гарган С.Батзориг миний биеийг шалгуулахад хийн түлш вагонтцистернээс дутуу ирсэн талаарх холбогдох нотлох баримтыг цагдаагийн хэсэгт өгч тухайн хэрэг хаагдаж байсан. Анх ажилд орж байхад 5 жил ажиллавал 1 өрөө байрны 70 хувийг компаниас гаргаж өгнө гэж аман гэрээ хийж байсан. 2009 оны намар Дарханд томилолтоор ажиллаад ирэхэд 10 дугаар хороололд одоогийн амьдарч байгаа байрыг авч өгсөн. Ажиллаж байх хугацаандаа захирлуудад тохиролцсоны дагуу байрыг минь нэр дээр минь шилжүүлэн өгөөч гэж удаа дараа аман болон бичгээр хүсэлт тавьж байсан. Иймд тус компанийн удирдлагуудтай хэлэлцээр хийн, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 49-1-ийн 13 тоот байрыг миний нэр дээр шилжүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/04640 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 49 дүгээр байрны 13 тоот, улсын бүртгэлийн Ү-2205020040 дугаартай 38.96 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг хариуцагч УГ83071511 регистртэй, Чонос овогт Сажийгийн Батзоригийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1681 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/04640 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул С.Батзоригтод холбогдох Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 49 дүгээр байр, 43 тоотод байрлах 38.96 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай “Дашваанжил” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч С.Батзоригийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол хугацаагүй байгуулсан гэрээг цуцалсан тохиолдолд нөгөө талдаа 3 сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэл өгсөн байх шаардлагатай гэж бичсэнчлэн хариуцагчид 3 жилийн өмнөөс байрыг чөлөөлж өгөхийг мэдэгдсээр ирсэн. Шүүх “...талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан гэж үзлээ.” “Талуудын хооронд гэрээг хуульд заасан эсхүл гэрээнд заасан журмын дагуу цуцлагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй байхад шүүх хариуцагчийг эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.” гэжээ. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээг зохицуулсан энэ хуулийн 289.1.3, 289.1.6, 289.2.6, 293, 295.3, 296, 297, 298 дугаар зүйлүүд нэгэн адил хамаарна гэж заасан. Энэ заалтуудад гэрээг цуцлах мэдэгдлийг заавал бичгээр өгнө гэсэн заалт байхгүй, мөн хариуцагч шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ эдлээгүй, шүүхийг үл хүндэтгэснээс болж шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлтэй болно. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах шатны журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай” гэжээ. Шүүх хурал 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг үйлдэж, энэ хугацаа өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна гэж зааснаар нэхэмжлэгч 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн шийдвэрийг гардан авсан. Шүүхийн шийдвэр гардаж авах хугацаа 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дууссан бөгөөд Иргэний хуулийн 119.5 дахь хэсэгт зааснаар 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хариуцагчийн оршин суугаа хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иймд Иргэний хуулийн 119.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 119.5-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцно...” гэж зааснаар 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гардан авсанд тооцохоор байна. Гэвч хариуцагч нь анхан шатны шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарч, гүйцэтгэх хуудас бичигдсэний дараа 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр давж заалдах гомдол ирүүлсэн нь, Нийслэлийн давж заалдах шатны шүүх давж заалдах гомдлыг хүлээн авч хянасан нь хууль зөрчиж давж заалдах шатны шүүх хуралдааныг хийсэн болно. Хариуцагч нь хэрэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг 2016.08.22-ны өдөр 11:54 минутад хүлээлгэн өгсөн гэх Монгол шуудангийн баримт хавсаргасан байна. Хариуцагч нь хуульд заасан хугацаанд давж заалдах гомдлоо гаргах хангалттай хугацаа байсаар байтал шүүхийг үл хүндэтгэсэн байдал удаа дараа гаргасан. Иймд давж заалдах шатны шүүх хуралдааныг давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрсөн гомдол хянан хэлэлцсэн нь хууль зөрчиж хийсэн шүүх хуралдаан тул давж заалдах шатны шүүхийн 1681 дугаартай магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Хариуцагч С.Батзориг нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр “Дашваанжил” ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж байсан ба 2012 оны 12 сард ажил олгогч түүний хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халж, 2016 оны 5 дугаар сард орон сууцыг чөлөөлөх шаардлага гаргажээ.

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээгээр ажилтантай өөрийн мэдлийн орон сууцыг тодорхой бус хугацаагаар хөлслүүлэх гэрээг байгуулсан тохиолдолд тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бол ажил олгогч орон сууц хөлслөх гэрээг цуцлах эрхтэй болохыг Иргэний хуулийн 310 дүгээр зүйлд заажээ.

Харин ажил олгогч ажилтантай орон сууц хөлслөх гэрээг тодорхой хугацаатай байгуулсан боловч, энэ хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд орон сууц хөлслөх гэрээг цуцлахад Иргэний хуулийн 294.2, 294.3-т заасан журам үйлчилдэг байна.

Талууд орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулаагүй, хугацааг тодорхой тохироогүй байх тул хариуцагчийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсноор “Дашваанжил” ХХК-нь орон сууцаа түүний эзэмшлээс шаардах эрхтэй болжээ. Өөрөөр хэлбэл С.Батзоригийг ажлаас халагдсан өдрөөс эхлэн нэхэмжлэгч орон сууцыг чөлөөлөх шаардлагыг гаргах эрхтэй байгаа ч энэ эрхээ хариуцагчийг ажлаас халагдсанаас хойш 2 жилийн дараа хэрэгжүүлснийг буруутгах үндэслэлгүй ба шаардлага гаргасан үеэс эхлэн С.Батзоригийн эзэмшлийг хууль бус гэж үзнэ.

Өмчлөгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардсан байхад давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 289, 293, 294, 295, 297, 298 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний холбогдох зохицуулалтуудыг маргааны харилцаанд хамааруулан буруу хэрэглэснээс магадлал хуулийн үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Иймд орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгов.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1681 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2016/04640 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР