| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2303 00587 0496 |
| Дугаар | 2024/ДШМ/442 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/442
Э.Ст холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батбаатар,
шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын өмгөөлөгч Б.Наранбулаг,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Сийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Ст холбогдох 2303 00587 0496 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Э-н С, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ... настай, э...., бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
Э.С нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төв шуудангийн урд замд 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 45 минутын үед “Хiamen” загварын 21-40 УЕВ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зорчигч Х.Д автобус тоормосолж зогсох үед автобусан дотор унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Э.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Э-н Сийг Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “...Хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал...”-ын 4 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-с нийт 12.320.800 /арван хоёр сая гурван зуун хорин мянга найман зуу/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Т овогт Х-гийн Д /РД:.../-д олгож, хохирогчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан үеийн хугацааны цалин хөлс болох 36.000.000 төгрөгийн, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн 8.910.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч Х.Д нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч Э.Сээс 368.000 /гурван зуун жаран найман мянга/-н төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож,
шүүгдэгч Э.С нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Сийн өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.С болон түүний өмгөөлөгч нарийн зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн тал дээр маргаагүй ба зөвхөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурийг илэрхийлж оролцсон.
Шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр болсон хэрэг явдлын талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байх бөгөөд уг мэдүүлэгт “...миний урд нэг цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл явж байсан бөгөөд гэрэл дохио солигдоод шар гэрэл асах үед урд явж байсан машин явган хүний гарцны цагаан хэсэг дээр гэнэт зогссон” хэмээн тормоз гишгэх болсон шалтгааны талаар өгүүлсэн байдаг. /1хх 34/
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 45 минутын үед хэрэг учрал болсон гэх Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төв шуудангийн урд замын камерын бичлэгийг хуулбарлан гаргуулахаар замын хөдөлгөөний удирдлагын хэлтэст 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 11-3а/3038 тоот албан бичгээр хүссэн байх бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 11-2а/1088 тоот албан бичгээр “Замын хөдөлгөөний удирдлагын серверт эвдрэл гарсан тул дүрс бичлэг байхгүй” гэсэн хариу албан бичиг ирүүлсэн. /1хх 69-70/ Мөн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн дарга Ч.Ц-оос ирүүлсэн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5/521 дугаартай албан бичигт “автобусны гадна камер гэмтэлтэй тул тухайн цаг үеийн бичлэг байхгүй болно” гэж дурдагдсан. /1хх 73/
Дээрх үйл баримтуудыг үндэслэн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт буюу гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг тус тус бодитоор тогтоох талаар улсын яллагчаас чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн гэх үндэслэлээр шүүх хуралдааны явцад байр сууриа илэрхийлсэн.
Өөрөөр хэлбэл камерын бичлэгийг дан ганц Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төв шуудангийн урд замд гарсан зам тээврийн ослыг Замын хөдөлгөөний удирдлагын газрын серверт үүссэн гэмтэл болон зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-аас ирүүлсэн гадна камер ажиллагаагүй гэх баримтад тулгуурлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Энэ талаар шийтгэх тогтоолын 7 дугаар талд “...шүүгдэгч Э.Сийн жолоодож явсан 21-40 УЕВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдуур гэнэт өөр тээврийн хэрэгсэл орсон гэх үйл баримт тогтоогдоогүйн дээр мөрдөгчийн зүгээс шүүгдэгчийн гаргасан мэдүүлэгт үндэслэн холбогдох ажиллагааг явуулсан ч хэргийн үйл баримтад нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй байна” гэж дүгнэсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм”-ийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсгийн 12.6.д “жолооч зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормозлохыг хориглоно” гэж заасан. Мөн дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасан.
Шүүгдэгч Э.Сийн хувьд бага насны 3 хүүхэдтэй өрх толгойлсон эх. /1хх 189/ Дунд хүүхэд нь асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.
Зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-аас хохирогчид учирсан хохирлыг барагдуулахаа илэрхийлсэн зэрэг нөхцөл байдал байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг үндэслэн Э.Ст оногдуулсан 2.000.000 төгрөгийн торгуулийн ялыг хөнгөрүүлэн 450 нэгжээр тогтоож өгөхийг хүсэж байна.
2. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад “Апекс групп” ХХК-ийн захирлын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны 09/115 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай”, мөн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны 09/121 дугаартай “Ажлын тодорхойлолт” тус тус гарган өгсөн байдаг.
Хохирогч Х.Д нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг 2022 оны 1 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сарын байдлаар цахим лавлагааны ТҮЦ машинаас гарган авч шүүхэд хүргүүлсэн байх ба сайн дурын даатгалд хамрагддаг болох нь харагдаж байна. /1хх 116, 124-125/ Өөрөөр хэлбэл хохирогч Х.Д нь “Апекс групп” ХХК-д салбарын эрхлэгчийн албан тушаал эрхэлдэг болох нь тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад “Апекс групп” ХХК-иас шүүгдэгч Э.Ст холбогдох эрүүгийн хавтаст хэрэгт ирүүлсэн дээрх албан бичгүүдийг шүүхээс нотлох баримтаар үнэлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэнд мөн гомдолтой байна. Иймд ажилгүй байх хугацааны цалин хөлс болох 36.000.000 төгрөгийн, нийгмийн даатгалын шимтгэлд төлбөл зохих гэх 8.910.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хохирол гаргуулах асуудлаар хохирогч Х.Дгийн байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл гэм хорын хохирол гаргуулах санаа зорилго байхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсэн байдаг. Шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 660.000 төгрөгөөр тогтоосон. Гэтэл анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор шүүх хуралдааныг товлон хуралдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550.000 төгрөгөөр тооцох боломжтой байтал 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр шүүх хуралдааныг товлосон нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байх тул хохирлын хэмжээг бууруулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Э.С тус шүүх хуралдаанд “...Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын өмгөөлөгч Б.Наранбулаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр осол гарахад хохирогчийн зүгээс автобус хурдтай явж байгаад гэнэт тоормослоход бүх зорчигчид налж унасан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Мөн хохирогчийн нуруу нь хугараад нуруу өвдөөд байна гэхэд Э.С уурлаж, хараагаад загнасан бөгөөд эмнэлгийн тусламж үзүүлээгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Төв шуудангийн урд замаас 3, 4 дүгээр хороолол хүртэл нуруу нь хугарсан хүнийг холхиулаад явсан нь тогтоогдсон байгаа. Тэгээд хохирогч дүүгээ дуудаад 3, 4 дүгээр хорооллын эцсээс Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан. Энэ хугацаанд хохирогчийн нуруу хугарсан учраас яс нь хавирч явсаар байгаад үүрчихсэн байсан бөгөөд очоод нуруугаа хадуулсан. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс та тухайн үед харааж байхын оронд түргэн тусламж дуудчихгүй яасан юм бэ, хамгийн гол нь нэг ч удаа уучлалт гуйж ярьсангүй гээд хүн чанарын асуудал ярьсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд маш их гомдолтой орж ирсэн боловч таны хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчийн эсрэг нэг ч гомдолтой зүйл яриагүй хойш суусан. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгч нь сэтгэцэд учирсан хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн гэж дурдаж байна. Хохирогчийн хувьд өнөөдрийг хүртэл нуруу нь хадаастай, өвчиндөө шаналаад хэвтэж байгаа. Мөн “Апекс групп” ХХК-д ажилладаг гэсэн тодорхойлолтоо өгсөн боловч хөдөлмөрийн гэрээгээ гаргаж өгөөгүй байсан. Тэгээд анхан шатны шүүх нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, сэтгэцэд учирсан хохирлын төлбөрийг иргэний хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгчээс нэхэмжлээгүй, эрх зүйн байдлыг нь дордуулсан зүйл байхгүй.” гэв.
Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж 2.000.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулсан байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс камерын бичлэг байгаагүй, урдуур нь гэнэт машин гарч ирээд зогсоох арга хэмжээ авахад зорчигч унасан гэж ярьж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгчийн зүгээс гэнэт урдуур машин орж ирээд би тоормос гишгээд зогссон гэж мэдүүлдэг боловч үнэхээр машин орж ирсэн эсэхийг тогтоох боломжгүй байсан. Тэгэхээр гэм буруугаа хүлээж байгаа болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал, хохирол төлбөр төлсөн байдлыг нь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс 2.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь үндэслэлтэй байна. Тухайн гэмт хэрэг 2023 оны 8 дугаар сард гарсан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 660.000 төгрөг болсон. Иймд сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах төлбөрийн тухайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660.000 төгрөгөөр биш, 550.000 төгрөгөөр тооцож гаргуулах нь үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргаж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Э.Ст холбогдох хэргийг ач холбогдолтой, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжлэн, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлыг эрх зүйн ухамсарыг удирдлага болгон үнэлж, хэргийг үндэслэлтэй шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.С нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Төв шуудангийн урд замд 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 45 минутын үед “Хiamen” загварын 21-40 УЕВ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тоормослох үед зорчигч Х.Д автобусан дотор унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Х.Дгийн “...Би 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 11 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг 120-ын автобусны буудлаас улаан өнгийн 58 дугаартай автобусанд суугаад хойшоо алхаад бариулаас бариад зогссон. Тэгээд хөдлөөд Номын сангийн буудал өнгөрөөд явж байхад уг автобус гэнэт тоормозлоод би шалан дээр унасан. Жолооч нь урдаас зааландаа ирээд намайг загинаад хэл амаар доромжилсон. Тэгээд автобус хөдлөөд хүнээ буулгаж суулгаж явсаар байгаад Баянгол дүүргийн нутаг хорооллын эцсийн автобусны буудал дээр очсон. Тэр хүртэл жолооч эмэгтэй намайг загинаад зөндөө хэл амаар доромжилсон. Тухайн үед 103 ирж намайг үзээд түргэний машинаар гэмтэл орж үзүүлэхэд нуруу хугарсан байна гэж хэлсэн. ...” /1хх 12-13/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын “...Манай эхнэр осолд орсноос хойш гэртээ хэвтрийн байдалтай байгаа, гадуур явж чадахгүй учир би өмнөөс нь хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. ...Осол гарсан өдрөөс хойш хагалгаанд 5.416.000 төгрөг, мөн манай эхнэр “Апекс групп”-д салбарын эрхлэгчийн ажил хийдэг байсан бөгөөд ажилгүй байх хугацааны нийт цалин 36.000.000 төгрөг нэхэмжилнэ. Нэг сард 3.000.000 төгрөгийн цалин авдаг ба 1 жил ажилдаа явж чадахгүй болсон. 9 сар хэвтрийн дэглэм барь гэсэн одоогоор нуруундаа хадаастай байгаа. 1 жилийн дараа хадаасаа авахуулах ёстой. Манай эхнэр нийгмийн даатгалыг хувиараа нэмж төлдөг учир нийгмийн даатгалын хохиролд нэг жил ажилгүй байх хугацааны 8.910.000 төгрөгийг нэхэмжилнэ. ...” /1хх 106/,
иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Х.Д нь Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн үйлчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 368.000 төгрөг гарсныг жолооч Э.Сээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү. ...” /1хх 32/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10903 дугаартай “...Х.Дгийн биед сээрний 12-р нугалмын далд хугарал, бүсэлхий нуруу хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” /1хх 37-39/ гэх дүгнэлт,
Тээврийн цагдаагийн албаны 1127 дугаар мөрдөгчийн “...Хiamen маркийн 21-40 УЕВ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зорчигч Х.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна. ...” /1хх 56-57/ гэх магадлагаа болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад бичмэл нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Сийг “Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлсэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Э.С нь нийтийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас тоормослох үед зорчигч Х.Д автобусан дотор унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Сийн үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан мөн шүүхийн хэлэлцүүлэгт “гэрлэн дохио асаад урд машин байгаагүй тул амжина гээд явж байтал урдуур гэнэт 2 дугаар эгнээнээс жижиг тэрэг орж ирэхэд мөргөхгүйн тулд тоормос гишгэсэн” гэсэн тайлбар зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэв.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Ст холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн байх бөгөөд хурлыг хэзээ товлон зарлах нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 12 дугаар тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоосон ба анхан шатны шүүх хурал болох үед дээрх хүчин төгөлдөр хуулийг үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг 9.900.000 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг холбогдох нотлох баримтад тулгуурлан тодорхойлж, шууд учирсан хохирлыг иргэний хариуцагчаас гаргуулж тооцсон нь үндэслэлтэй бөгөөд хохирогчийн нэхэмжлэлээс ажилгүй байсан үеийн хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг дурдаж өгсөн нь зөв болжээ.
Иймд, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Сийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/35 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Сийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ