| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00363/И |
| Дугаар | 305/ШШ2025/00410 |
| Огноо | 2025-06-20 |
| Маргааны төрөл | Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд буруу бичигдсэнийг тогтоох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 305/ШШ2025/00410
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** баг 1-33 тоотод оршин суух, Т-ийн А-ийн нэхэмжлэлтэй,
Овгийн зөрүү арилгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Төрсний бүртгэлийн лавлагаанд эцгийн нэр А гэж зөрүүтэй бүртгэснийг Т гэж өөрчилж зөрүү арилгуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Т.А төрүүлсэн эх А.А миний бие нь нөхөр болох Ц.Т 2003 онд хүүгээ төрүүлж эцэг Т-аар овоглон бүртгүүлсэн боловч улсын бүртгэлийн газрын алдаанаас болж хүүгийн минь овог Ц.А гэж зөрүүтэй гарч ирснээс үүдэн хүүхэд минь гадаад улсад суралцах боломжоо алдаж бид маш их хохирч байгаа тул энэ зөрүүтэй бүртгэснийг Т-ийн А-ийн төрсний бүртгэлд эцэг Ц-ын А гэж бүртгэгдсэн нь Ц-ын Т мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/338 дугаартай албан бичиг,
-Т-ийн А-ийн төрсний бүртгэлийн лавлагаа.
4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 15/399 дугаартай албан бичиг, Ц.Т-ийн ХААТР-1, 15, 21, 18 маягтууд, төрсний бүртгэлийн анкет.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Т.А нь Төрсний бүртгэлийн лавлагаанд эцгийн нэр А гэж зөрүүтэй бүртгэснийг Т гэж өөрчилж зөрүү арилгуулах тухай хүсэлт гаргажээ.
2.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар “нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах... эрхтэй” бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Т-ийн А-ийн төрсний бүртгэлд эцэг Ц-ын А гэж бүртгэгдсэн нь Ц-ын Т мөн болохыг тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан өөрчилжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно” гэж,
135.2.3-д “төрөлт, үрчлэлт, гэрлэлт, гэрлэлт цуцлалт, нас баралтыг бүртгүүлсэн байдал” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Т-ийн А-ийн төрсний бүртгэлд эцгийн мэдээлэл зөрүүтэй бүртгэгдсэн байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхээр байна.
3. Т-ийн А-ийн төрсний бүртгэлд эцэг Ц-ын А гэж бүртгэгдсэн нь Ц-ын Т мөн болох нь:
-Төрсний бүртгэлийн лавлагаанд овог ***, эцгийн нэр Т, өөрийн нэр А, эцэг Ц-ийн А, эх А-ийн А гэж бүртгэгдсэн,
-Төрөгсдийг бүртгэх анкетад Говь-Алтай аймгийн *** сумын ***, овог Ц, нэр А, төрсөн он сар, өдөр 1976.01.20 гэж,
-БНМАУ-ын хүн амын регистрийн картад, овог Ц, нэр А, төрсөн он, сар, өдөр 1976-01-15 гэж,
Гэрлэснийг бүртгэх анкет ХААТР-15-д нөхрийн регистрийн дугаар, *** овгийн Ц-ийн Т, эхнэрийн регистрийн дугаар, *** овгийн А-ийн А гэж,
Паспорт авах өргөдөл ХААТР-21А-д регистрийн дугаартай Ц овогтой Т гэж,
Иргэний үнэмлэх авах өргөдөлд, Ц-ийн Т гэж,
Нас барсныг бүртгэх анкетад Ц овогтой Т, гэж зэргээр тогтоогдож байна.
Учир нь Т-ийн А-ийн төрсний бүртгэлд эцэг Ц-ийн А гэж бүртгэгдсэн нь Ц-ийн Т-ийн регистрийн дугаартай тохирч байна.
4. Иймд *** овгийн Т-ийн төрсний бүртгэлд эцэг Ц-ийн А гэж бүртгэгдсэн нь Ц-гийн Т мөн болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3 дахь хэсэгт зааснаар *** овгийн Т-ийн А-ийн төрсний бүртгэлд эцэг Ц- ийн А гэж бүртгэгдсэн нь Ц-ийн Т мөн болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ