| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00386/И |
| Дугаар | 305/ШШ2025/00467 |
| Огноо | 2025-07-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 305/ШШ2025/00467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумд оршин суух, Б-ийн Д-ийн нэхэмжлэлтэй,
мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** багт багт аав, ээжийн хамт мал маллаж байсан болохыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Б овогтой Д миний бие 1974 оны 07 дугаар сарын 12-нд *** сумд төрсөн. Би 1982 онд *** сумд 1-р ангид орж суралцан 1990 оны 06 дугаар сард 08-р анги төгссөн. *** сумын Эрх чөлөө нэгдэлд Илгээлтийн эзэн малчнаар орж аав, ээжийн хамт мал маллаж байсан. Эрх чөлөө нэгдэл нь хувьчлагдаж хувиараа аав, ээжтэйгээ мал маллаж эхэлсэн. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл 1990-1999 оны малын А данс олдохгүй байгаа учир *** сумын Архивт хадгалагдаж байсан баримтууд устсан байхгүй гээд олдохгүй байгаа. Цуг мал маллаж байсан хүмүүсийн гэрчилж бичиж өгсөн баримтуудыг үндэслэн аав, ээжийн хамт мал маллаж байсан 1990 оны 07 дугаар сараас 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл мал маллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн *** сумын Эрх чөлөө хувьцаат компанийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай “Эрх чөлөө хувьцаат компани бүрэн хувьчлагдсантай холбогдон тус компанид ажиллагсадыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Ж-ын Б нь Д-ийн эцэг гэх төрөл садангийн лавлагаа,
-Үндэсний архивын сан хөмрөгийн 1989 оны хүн ам тооллогын лавлагаа,
-Говь-Алтай аймгийн *** сумын *** багийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дугаартай тодорхойлолт,
-Ч-ын С, Б-ийн Д нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 395 дугаартай тодорхойлолт,
-1992, 1993, 1994 онуудын малын А дансны Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-Цогцолборын 1990 оны 2, 3 сарын хорогдсон малын акт тодорхойлолтын жагсаалт,
-*** хэсгээс 1991 оны 08 дугаар сарын 25-аас 9 сарын 25-н хүртэл хорогдсон малын актын жагсаалт,
-*** хэсгээс 1992 оны 09 сарын 25-аас 10 дугаар сарын 25-н хүртэл хорогдсон малын актын жагсаалт,
-*** сумын *** хэсгийн хониноос 5-р сард өвчнөөр үхсэний жагсаалт 1993 он,
-1994 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Малд угаалга, туулгалт боловсруулалт уталт хийсэн акт,
-1995 онд *** багийн малчдад Бруцелёзын вакцин тарьсан жагсаалт,
- 1996 оны *** сумын *** хэсгийн малд дотрын халдварт хордлого вакцин хийсэн цуваа,
-1997 оны Зоо мал эмнэлгийн анхны мэдэгдэхүүн эзэмшсэн хүмүүсийн судалгаа,
-1998 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Малд тарилга хийсэн акт,
-1999 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн *** сумын иргэдийн бог малд ДХХ энтеробатериоз өвчнүүдээс сэргийлэх вакцин тарьж цагаан хорхойн туулгалт хийсэн жагсаалт,
-1999 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн малд тарилга хийсэн акт,
-2000 оны *** хэсгийн малд МКО-гийн туулгалт хийсэн жагсаалт.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б-ийн Д нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** багт багт аав, ээжийн хамт мал маллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.
4. Б.Д нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын Эрх чөлөө хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан, 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын *** багт аав, ээжийн хамт мал маллаж байсан болох нь:
-Говь-Алтай аймгийн *** сумын Эрх чөлөө хувьцаат компанийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай “Эрх чөлөө хувьцаат компани бүрэн хувьчлагдсантай холбогдон тус компанид ажиллагсадыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хавсралтад *** 43 дугаарт Ж.Б 44 дүгээр Д, 45 дугаарт Б.Д гэж бичигдсэн Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,
-1992 оны мал тооллогын А дансанд Ж.Б, малчин өрх 1, ам бүл 5, мал дээр ажиллагсдын тоо 4, 16-аас дээш насны 5, 16-35 хүртэлх насны 3, тэтгэврийн (35-61 хүртэлх насны) 2 гэж бүртгэгдсэн,
-1993 оны мал тооллогын А дансанд ам бүл 5, мал дээр ажиллагсадын тоо 4, 16-аас дээш насны 4, 16-35 хүртэлх насны 2, 16-35 хүртэлх насны 3, тэтгэврийн (35-61 хүртэлх насны) 2 гэж бүртгэгдсэн,
-1994 онуудын малын А дансанд ам бүл 5, малчин өрх 1 гэж бүртгэгдсэн,
-Цогцолборын 1990 оны 2, 3 сарын хорогдсон малын акт тодорхойлолтын жагсаалтад суурийн ахлагчийн овог нэр хэсэгт Б, өвчний бүгд 57 гэж, *** хэсгээс 1991 оны 08 дугаар сарын 25-аас 9 сарын 25-н хүртэл хорогдсон малын актын жагсаалтад өрхийн нэрс хэсэгт Б, бүгд 2 гэж,
-*** хэсгээс 1992 оны 09 сарын 25-аас 10 дугаар сарын 25-н хүртэл хорогдсон малын актын жагсаалтын өрхийн нэрс хэсэгт Б бүгд 2 гэж,
-1993 оны *** сумын *** хэсгийн хониноос 5-р сард өвчнөөр үхсэний жагсаалтад Ж.Б, бүгд 2 гэж,
-1994 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Малд угаалга, туулгалт боловсруулалт уталт хийсэн актад Б бүгд мал 320 гэж,
-1995 онд *** багийн малчдад Бруцелёзын вакцин тарьсан жагсаалтад Борбанди гэж,
- 1996 оны *** сумын *** хэсгийн малд дотрын халдварт хордлого вакцин хийсэн цувааны малчдын нэрс хэсэгт Ж.Б ДХХ вакцин 1-р ээлж 285, 2-р ээлж 285 гэж,
-1997 оны Зоо мал эмнэлгийн анхны мэдэгдэхүүн эзэмшсэн хүмүүсийн судалгааны нэрс хэсэгт Борбанди гэж,
-1998 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Малд тарилга хийсэн актад Б суурь, бүгд 350 мал гэж,
-1999 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн *** сумын иргэдийн бог малд ДХХ энтеробатериоз өвчнүүдээс сэргийлэх вакцин тарьж цагаан хорхойн туулгалт хийсэн жагсаалтын малчдын овог нэрс хэсэгт Б, тарилга хийлгэсэн малын тоо 50 гэж,
-2000 оны *** хэсгийн малд МКО-гийн туулгалт хийсэн жагсаалтын малчдын нэрс хэсэгт Борбанди гэж тус тус бичигдсэн,
Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03-08/3424 дугаартай 1989 оны хүн ам тооллогын лавлагаагаар Ж-ын Б, тэргүүлэгч өөрөө, 65 настай, эрэгтэй, О-ын Д, эхнэр, 56 настай, эмэгтэй, Б-ийн Д, охин 14 настай, эмэгтэй, Б-ийн Э, хүү 17 настай, эрэгтэй, Б-ийн Б, охин, 8 настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Э овгийн Ч-ын С, З овгийн Б-ийн Д нарын 2002 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бүртгүүлсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 395 дугаартай “тус аймгийн төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа *** сумын 1995-2000 оны малын А данс шилжиж ирээгүй тул Ж.Б-д холбогдох лавлагаа олгох боломжгүй болно” гэх тодорхойлолт,
Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн CVL258200001000864 дугаартай Ж-ын Б нь Б-ийн Д-ийн эцэг гэх төрөл садангийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Ж.Б-ийн ам бүл 1989 оны хүн ам орон сууцны тооллогод 5 бүртгэгдсэн бөгөөд Ж.Б-ийн 1992 оны малын А дансанд ам бүл 5, 1993 оны малын А дансанд ам бүл 5, 1994 оны малын А дансанд ам бүл 5 гэж бүртгэгдсэн байдал, Б-ийн Д нь 2000 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “…8 дугаар анги төгсөөд *** сумын Эрх чөлөө нэгдэлд илгээлтийн эзэн малчнаар орж аав, ээжийн хамт мал маллаж байгаад эрх чөлөө нэгдэл хувьчлагдаж хувиараа аав, ээжтэйгээ мал маллаж байсан…” гэх тайлбар, Говь-Алтай аймгийн *** сумын Эрх чөлөө хувьцаат компанийн захирлын 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 08 дугаартай “Эрх чөлөө хувьцаат компани бүрэн хувьчлагдсантай холбогдон тус компанид ажиллагсадыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хавсралтад аав Б, эх Д нарын хамт ажлаас чөлөөлөгдсөн байдал зэргээр Б.Д-г 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын Эрх чөлөө хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан гэж, 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын *** багт аав, ээжийн хамт мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.
5. Иймд З овгийн Б-ийн Д-г 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын Эрх чөлөө хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг, 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын *** багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тус тус тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар З овгийн Б-ийн Д-г 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын Эрх чөлөө хувьцаат компанид малчнаар ажиллаж байсан байдлыг, 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн *** сумын *** багт аав, ээжийн хамт мал маллаж байсныг тус тус тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ