Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01667

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01667

 

Д.Ёгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 01ий өдрийн 102/ШШ2021/02105 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Ёгийн хариуцагч Д.М, Ц.С, М.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 705 461 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Ё шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ё нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Д.Мд 11 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сар бүр 10 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Д.Мийн өмчлөлийн 000113339 гэрчилгээний дугаартай газрыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээг байгуулсан өдрөө Ц.Сын Хаан банкны 50242120591 дугаартай дансанд 2 000 000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 6-12-ны хооронд 1 655 100 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр М.Эийн Хаан банкны 5059160346 дугаартай дансанд 2 211 300 төгрөг, мөн өдөр бэлнээр 1 800 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5 133 600 төгрөг, нийт 11 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш Д.Мөөс зээлээ төлөх талаар удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Д.Мд 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр олгосон 2 000 000 төгрөгийн хүү 200 000 төгрөг, зээлийн хүү нь сарын 10 хувь буюу 1 өдрийн 0,33 хувь байх тул 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр олгосон 1 655 100 төгрөгийн хүү 5 461 төгрөг, нийт хүү 205 461 төгрөг, алдангийг 11 000 000 төгрөгөөс өдрийн 0,5 хувиар тооцоход нэг өдөрт 55,000 төгрөг болж байгааг Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу 5 500 000 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Иймд зээл 11 000 000 төгрөг, хүү 205 461 төгрөг, алданги 5 500 000 төгрөг, нийт 16 705 461 төгрөгийг Д.Мөөс шаардсан. Д.Мтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу түүний охин М.Э, хүргэн Ж.Сүхбаатар нар хүлээн авсан тул Д.М, М.Э, Ж.Сүхбаатар нараас 16 705 461 төгрөгийг шаардаж байна гэжээ.

Хариуцагч Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: Д.М нь анх хүүхдүүддээ машин авч өгөхөөр 2020 оны 8 дугаар сард Баянгол дүүрэгт байх барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг газраас зээл авахаар хандсан. Тус газар нь хүсэлтийг зөвшөөрч 11 000 000 төгрөгийн зээл олгохоор болсон. Гэвч зээлийн гэрээ байгуулах болтол уг барьцаалан зээлдүүлэх газар биш, иргэн Д.Ётай 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 11 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, мөн барьцааны гэрээ байгуулж гарын үсэг зуруулж гэрчилгээг хуулбарлаж авсан. Сүүлд харахад уг гэрээ нь автомашины барьцааны гэрээ байсан. Барьцаалан зээлдүүлэх газар нь үл хөдлөх буюу газар барьцаалах эрхгүй. Гэрээ хийх үед 11 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлж, 10 хувийн хүү төлөхөөр тохиролцсон боловч зээлдүүлэгч гэрээний үүргээ зөрчиж зээлийн мөнгийг гэрээнд заасан хугацаанд нь миний дансанд шилжүүлэлгүй хугацаа хэтрүүлж, сарын турш цувуулж өгсний улмаас 11 000 000 төгрөгөөр авах ёстой байсан машин нь зарагдаж үнэ нь өссөн,машинаа авч чадаагүй. Зээлдүүлэгч тал ч гэрээнд заасан 11 000 000 төгрөгөөс хэдэн төгрөгийг миний дансанд хийсэн эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.С, М.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: Анх манай аав Д.М бидэнд машин авч өгөхөөр 2020 оны 8 дугаар сард Баянгол дүүрэгт байх барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг газраас зээл авахаар хандсан. Тус барьцаалан зээлдүүлэх газар 11 000 000 төгрөгийн зээл олгохоор болсон. Улмаар манай аав Д.Мтэй Д.Ё нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Гэвч зээлийн гэрээ хийсэн манай аав Д.Мд 11 000 000 төгрөгийг огт өгөөгүй, энэ талаар манай аав мэдээгүй байгаа юм. Зээлийн гэрээ байгуулснаас хойш мөнгөө өгөхийг бид удаа дараа шаардаж байсан боловч зээлийн мөнгийг цаг хугацаанд нь өгөөгүй. Зээлийн мөнгө гэж хэдэн төгрөг өгсөн талаар Д.Ё нь бидэнд огт мэдэгдээгүй, энэ талаар харилцан данс тооцоо нийлсэн зүйл огт байхгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Ёгаас мөнгө огт аваагүй тул Д.Мд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ц.Сын хувьд 2 000 000 төгрөг авсан, үүнийг буцаан төлөхийг хүлээн зөвшөөрнө. М.Эийн хувьд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй боловч 1 800 ам.доллар, 2020 оны 9 дүгээр сарын 24-нд 2 211 331 төгрөг, 9 дүгээр сарын 09-ний өдөр 200 000 төгрөгийг Нар ломбарднаас авсан, үүнийгээ төлөхийг зөвшөөрнө гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Саас 2 000 000 /хоёр сая/ төгрөг, хариуцагч М.Эээс 7 544 900 /долоон сая таван зуун дөчин дөрвөн мянга есөн зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Ёд олгож, нэхэмжлэлээс илүү шаардсан 7 160 561 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл, мөн хариуцагч Д.Мд холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 677 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Саас 46 950 төгрөг, хариуцагч М.Эээс 135 668 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн дүгнэлт нь хэт нэг талыг барьсан, хариуцагч нарын тайлбар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад тулгуурлаагүй. Хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд зээлийн харилцаа үүссэн, Иргэний хуульд заасан хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж гэрээ байгуулагдсан, гэрээнд заасан 11 000 000 төгрөгийг хариуцагч Д.М нь увуулж цувуулж өөрийн бодит эзэмшилдээ авсан талаараа үнэн бодит тайлбар гаргасан байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Д.Мтэй байгуулсан 53 тоот зээлийн гэрээний дагуу түүний хүсэлтээр охин М.Э, Ц.С нарт шилжүүлсэн юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хэрэгсэхгүй болгосон 7 160 561 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ё нь хариуцагч Д.М, Ц.С, М.Э нарт холбогдуулан зээл 11 000 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр олгосон 2 000 000 төгрөгийн хүү 200 000 төгрөг, /зээлийн хүү нь сарын 10 хувь буюу 1 өдрийн 0,33 хувь /, 2020 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр олгосон 1 655 100 төгрөгийн хүү 5 461 төгрөг, /нийт хүү 205,461 төгрөг/, зээл 11 000 000 төгрөгөөс тооцсон алданги 5 500 000 төгрөг нийт 16 705 461 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

Нэхэмжлэгч Д.Ё нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Д.Мтэй бичгээр зээлийн гэрээ байгуулж 11 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сар бүр 10 хувийн хүүтэй, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүрэг хүлээж, гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг нотариатаар гэрчлүүлжээ. /хх3/ Хариуцагч Д.М дээрх нөхцлөөр бичгийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан үйл баримтад маргаагүй.

 

Зээлийн гэрээг байгуулсан өдрөө нэхэмжлэгч нь Хаан банк дахь Ц.Сын 50242120591 дугаартай дансанд 2 000 000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан. /хх77/

Мөн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банк дахь М.Эийн 5059160346 дугаартай дансанд 2 211 300 төгрөг, мөн өдөр бэлнээр 1 800 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 5 133 600 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан, хариуцагч хүлээн зөвшөөрсөн. /хх80/

М.Э, Ц.С нар нь хариуцагч Д.Мийн хүргэн, охин болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, уг үйл баримтыг Д.М үгүйсгээгүй.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Мийн өмчлөлийн 000113339 гэрчилгээний дугаартай газрыг барьцаалж гэрээ байгуулсан. /хх-4/ Уг барьцааны гэрээг анхан шатны шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзэж үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

Зээлийн гэрээний үүргийг хариуцагч талаас удаа дараа шаардсан боловч төлөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй буюу төлбөрөө төлсөн гэж батлаагүй.

Хамтран хариуцагч Ж.Сүхбаатар нэхэмжлэгчээс бодитоор хүлээж авсан 2 000 000 төгрөгийг, хариуцагч М.Э нь 7 543 930 төгрөгийг тус тус буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн буюу нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн. /хх91/

 

Нэхэмжлэгчийн 11 000 000 төгрөгийн зээл, хүү, алдангийг Д.М нараас гаргуулах шаардлагын хувьд хариуцагч Д.М зээлдүүлэгч гэрээний үүргээ зөрчиж зээлийн мөнгийг гэрээнд заасан хугацаанд нь миний дансанд шилжүүлэлгүй хугацаа хэтрүүлж, сарын турш цувуулж өгсний улмаас 11 000 000 төгрөгөөр авах ёстой байсан машин нь зарагдаж үнэ нь өссөн тул машинаа авч чадаагүй. Зээлдүүлэгч 11 000 000 төгрөгөөс хэдэн төгрөгийг миний дансанд хийсэн нь тодорхойгүй гэж маргаж байна. Өөрөөр хэлвэл хариуцагч Д.М зээлийг аваагүй гэж тайлбарлаагүй, харин бүрэн шилжүүлээгүй, хугацаа хэтрүүлэн шилжүүлсэн, өөрийнх нь дансанд шилжүүлээгүй тухайд маргасан.

Мөн нэхэмжлэгчийн хүү, алданги гаргуулах шаардлагын хувьд бичгийн гэрээгүй тул төлөхгүй гэж хариуцагч М.Э, Ц.С нар маргасан.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

Талууд зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч зохих ёсоор шилжүүлсэн эсэх, бүрэн шилжүүлсэн эсэх, гүйцэтгэвэл зохих үүргийн хэмжээ, хэн хариуцаж төлөх ёстой зэрэгт маргаж байхад анхан шатны шүүхээс маргаантай, маргаангүй үйл баримтыг зөв зааглан ялгаагүй, нотлох баримтыг зөв дүгнээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Нэгэнт зээлдэгч Д.М, зээлдүүлэгч Д.Ё нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан нь нотлогдсон, зээлийн тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг өөрийн хүргэн, охин нараар дамжуулан авсан үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй тул зээл буцаан төлөх үүргийн гүйцэтгэлийг Д.М нь Д.Ёгийн өмнө гүйцэтгэх ёстой юм.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд зааснаар Д.М нь Д.Ё үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн гэж маргаагүй, М.Э, Ц.С нар тодорхой мөнгөн хөрөнгийг хүлээн авсан ашиг олсон гэж үзэх тул Ц.Сын шилжүүлэн авсан 2 000 000 төгрөг, М.Эийн шилжүүлэн авсан 7 544 900 нийт 9 544 900 төгрөгийг буцаан төлөх үүрэг гэрээний тал болох Д.Мд үүсэх юм. Д.М ч дээрх мөнгөн хөрөнгийг хүүхдүүддээ машин авч өгөхөөр зээлсэн талаараа тайлбарлажээ.

 

Иймд анхан шатны шүүх Ц.Саас 2 000 000 төгрөг, М.Эээс 7 543 930 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчилж, зээлийн гэрээний үүргийг хариуцагч Д.Мт хариуцуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. Хүү тогтоосон гэрээгээр зээлийн хүү шаардах эрх зээлдэгчид үүсэх хэдий ч Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд нэхэмжлэгчид хүү, анз шаардах эрх үүсэх юм.

 

Талуудын гэрээ нь 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл нэг сарын хугацаатай байхад зээлдүүлэгч Д.Ё нь гэрээ байгуулсан өдрөө зөвхөн 2 000 000 төгрөгийг Ц.Ст шилжүүлсэн тул 2 000 000 төгрөгт ногдох хүү, алдангийг хангах нь зүйтэй. Харин М.Эт 7 544 900 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр буюу гэрээний хугацаа дууссанаас хойш шилжүүлсэн. Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үр дагавар үүсэх юм.

 

Иймд хугацаандаа шилжүүлсэн 2 000 000 төгрөгт ногдох анзыг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 2 200 000 төгрөгөөс тооцвол 1 200 000 төгрөг, хүү 200 000 төгрөг нийт 3 3000 000 төгрөг болно. Үүн дээр 7 544 900 төгрөгийг нэмээд нийт 10 844 900 төгрөгийг хариуцагч Д.Мөөс гаргуулан нэхэмжлэгч Д.Ёд олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. Харин нэхэмжлэгч нь зээл гэх 1 655 100 төгрөгийг шилжүүлэн өгснөө нотолж чадаагүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2021/02105 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Мөөс 10 844 900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ёд олгож, нэхэмжлэлээс 5 860 561 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ц.С, М.Э нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтын ... хариуцагч Ц.Саас 46,950 төгрөг, хариуцагч М.Эээс 135,668 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. гэснийг хариуцагч Д.Мөөс 188 468 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД