| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2305 00838 1042 |
| Дугаар | 2024/ДШМ/443 |
| Огноо | 2024-04-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2024/ДШМ/443
А.Цид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Цэнгэлбаяр,
шүүгдэгч А.Ц,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Цийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2305 00838 1042 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ө овгийн А-гийн Ц, 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр УлаанБ хотод төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Э” төмрийн үйлдвэрт ажилладаг, ам бүл ганцаараа, Б аймгийн Б сум, ... дугаар баг ... оршин суух бүртгэлтэй, /РД:..../,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/843 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;
А.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гарьд” нэртэй биллиардын газарт байхдаа тухайн газраар үйлчлүүлж байсан хохирогч Х.Бын өмчлөлийн биллиардын ширээн дээр түр тавьсан байсан “Samsung А80” загварын 400.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: А.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө овгийн Аийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Цийг 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.Цид оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/843 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 11 сар 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Цид оногдуулсан 11 сар 3 хоногийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Цийн цагдан хоригдсон 23 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Ц гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Цид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие учруулсан гэмт хэрэгтээ чин үнэнчээр гэмшиж, мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд гэмт үйлдлээ үнэнчээр хүлээн зөвшөөрч, мөн хохирогчид учирсан хохирлыг бүрэн барагдуулж ямар нэгэн гомдолгүй болгосон. Би дахин давтан гэмт хэрэг үйлдэхгүй, сайн сайхан амьдрах хүсэлтэй байгаа. Иймд дээрх байдлуудыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү.” гэв.
Прокурор Н.Цэнгэлбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, оргон зайлсан үндэслэл тогтоогдсон тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг хянан шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч А.Цийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн боловч торгох ял төлөгдөөгүй буюу шүүхийн шийдвэр биелэгдээгүй байсан. Тиймээс хувийн байдал, үйлдсэн гэмт хэргүүдийн шинжүүдийг харгалзан үзэж, түүнд хорих ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч А.Цийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гарьд” нэртэй биллиардын газарт байхдаа тухайн газраар үйлчлүүлж байсан хохирогч Х.Бын өмчлөлийн биллиардын ширээн дээр түр тавьсан байсан “Samsung А80” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогч Х.Бын “...Би 2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 12 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гарьд” нэртэй биллиардын газар тэмцээн болоод би тэр тэмцээнд оролцсон. Тэгээд тэмцээн тэр өдрийнхөө 21 цагт дууссан. Тэгээд тэмцээнд түрүүлсэн хүмүүс тэр дотроо архи уусан. ...би тэндээсээ гарах гэж байгаад үүдэнд хүнтэй маргалдаад гартаа барьж байсан гар утсаа ширээн дээр тавиад нөгөө залуутайгаа маргалдаж байгаад бид хоёр учраа олоод гарах гээд ширээн дээр тавьсан гар утсаа авах гэсэн чинь миний гар утас байгаагүй. Тэр хавиар хайгаад олдохгүй болохоор цагдаагийн байгууллагад хандсан. ...” /хх 9-10/,
иргэний нэхэмжлэгч М.Д-ын “...2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн үед би өөрийн ажил болох Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ноён төгрөг” нэртэй ломбардад сууж байхад гаднаас 30 орчим насны зүс таних залуу орж ирээд гар утсаа барьцаанд тавих гэсэн юм гэж хэлсэн ба улмаар би тухайн залуугийн барьцаанд өгөх гэж байгаа гар утсыг үзэж шалгахад шаргал өнгийн Samsung А80 загварын гар утас байсан бөгөөд ажиллагаа нь хэвийн байсан. ...тухайн залуу өмнө нь манай барьцаалан зээлдүүлэх газар удаа дараа мөнгөн гинжээ барьцаанд тавьж байсан болохоор би юм бодолгүй 150.000 төгрөгт барьцаанд авсан. ...Тухайн залуу өөрийнхөө бичиг баримттай явж байсан бөгөөд Д овогтой Т гэх залуу өөрөө байсан. Би өмнө нь тухайн залуугийн эд зүйлсийг бас барьцаанд авч байсан учраас зүс танина. ...” /хх 15-16/,
гэрч Д.Т-ын “...Би тухайн үед дөрвөн найзын хамт биллиард тоглож байхад Цээгий гэх залуу надад нэг гар утас байна, мөнгөний хэрэг болчихоод ломбардад тавих хэрэг байна гэхээр нь бид хэд чи өөрөө тавиач гэхэд надад бичиг баримт алга байна, ах та бичиг баримтаараа тавиад өг гээд гуйгаад байхаар нь би уг гар утсыг өөрийнхөө бичиг баримтаар ломбардад тавьсан. ...Цээгий надад хэлэхдээ миний гар утас гэж хэлсэн. Би тухайн гар утсыг 150.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...” /хх 28-29/,
шүүгдэгч А.Цийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зүс таних Б ах Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Гарьд” биллиардын газар үл таних хүнтэй муудалцаж улмаар ширээн дээр гар утсаа гаргаж тавихаар нь би Б ахын гар утсыг үл таних хүнтэй муудалцаж байх хооронд нь нууцаар аваад халаасандаа хийсэн. ...Би Бт хэлээгүй гар утсыг нь нууцаар авсан. Аваад хоёр хоногийн дараа Гандангийн ломбардад 150.000 төгрөгөөр зүс таних Т-д “миний гар утас байгаа юм, миний бичиг баримт байхгүй учраас та бичиг баримтаараа ломбардад тавиад өг” гэж хэлээд тавиулаад надад 150.000 төгрөгийг өгсөн. Тэгээд би 150.000 төгрөгөөр покер тоглоод дуусгасан. ...” /хх 45/ гэсэн мэдүүлгүүд,
эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 18/, “Ноён төгрөг” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /хх 20/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.Цийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч А.Цийн хохирогч Х.Бын өмчлөлийн биллиардын ширээн дээр түр тавьсан байсан “Samsung А80” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч А.Ц “...хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч А.Ц нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт оногдуулсан ял тохирсон байх тул хорихоос өөр төрлийн ялаар солих үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг тул шүүгдэгч А.Цийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн аваагүй болно.
Иймд, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Цийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч А.Ц нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 57 /тавин долоо/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/124 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Цийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ