| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/00424/И |
| Дугаар | 305/ШШ2025/00474 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 305/ШШ2025/00474
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** хороо *** тоотод оршин суух, Б овгийн О-ийн Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** газарт холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие О овогтой Д би 2024 оны 01 дүгээр сарын 24-с эхлэн Говь-Алтай аймгийн *** газарт нягтлан бодогчийн ажилд томилогдож ажилласан юм. Ажиллаж байх хугацаандаа ажлын үүргийн ямар нэгэн дутагдал гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүргийн дагуу ажиллаж байсан болно. Гэтэл Говь-Алтай аймгийн *** газрын дарга 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/16 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/16 дугаартай тушаалыг хянаж үзэж намайг Говь-Алтай аймгийн *** газрын нягтлан бодогчоор эгүүлэн тогтоож ажлаас гарсан өдрөөс шүүх хурал болох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.
3. Хариуцагчийн тайлбар: О.Д гийн нэхэмжлэхийн шаардлага, үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн *** газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/16 дугаартай “О.Д-гийн хөдөлмөрийн харилцааг цуцлах тухай” тушаал,
-2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хуулбар,
-О.Д-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,
5. Хариуцагч иргэний хэрэгт ирүүлсэн нотлох баримт:
-2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *** газрын хурлын 06 дугаартай тэмдэглэл,
-Говь-Алтай аймгийн *** газрын дэргэдэх ёс зүйн дэд хорооны хурлын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэл,
-О.Д-гийн Говь-Алтай аймгийн *** газрын даргад гаргасан тайлбар,
-Говь-Алтай аймгийн *** газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/42 дугаартай “О.Д-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал,
-Говь-Алтай аймгийн *** газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 01-ний А/39 тоот тушаалаар баталсан хөдөлмөрийн дотоод журам,
6. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн *** газрын цагийн бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч О.Д нь хариуцагч Говь-Алтай аймгийн *** газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгч тал ... Ажиллаж байх хугацаандаа ажлын үүргийн ямар нэгэн дутагдал гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн гэрээнд заасан эрх, үүргийн дагуу ажиллаж байсан болно. Гэтэл Говь-Алтай аймгийн *** газрын дарга 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/16 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/16 дугаартай тушаалыг хянаж үзэж намайг Говь-Алтай аймгийн Худалан авах ажиллагааны газрын нягтлан бодогчоор эгүүлэн тогтоож ажлаас гарсан өдрөөс шүүх хурал болох өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М ...О.Д нь Говь-Алтай аймгийн **** нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа удаа дараа алдаа дутагдал гаргаж архи согтууруулах ундаа хэрэглэж ажлын байрыг удаа дараа орхиж байсан. Үүнээс шалтгаалан 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр О.Д нь өөрийн гараар худалдан авах ажиллагааны газарт хариу тайлбар гаргаж байсан. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн шалтгаанаар ажлын байр таслаад энэ нь Говь-Алтай аймгийн *** дэргэдэх ёс зүйн дэд хорооны хурлаар ороод хурлын тэмдэглэлээр тогтоогдсон гэж үзсэн. 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр О.Д-д сахилгын шийтгэл ногдуулах тушаал гарч байсан. Дараа нь согтууруулах ундаа хэрэглэж ажлын байр тасалсан энэ зөрчил давтан үйлдэгдсэн гэж үзэж О.Д-г 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/16 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал гарсан байна ... гэж тайлбарлаж татгалзжээ.
5.Үйл баримтын талаар:
Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч О.Д нь Говь-Алтай аймгийн *** газрын нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь тушаалууд болон О.Д-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
6. Улмаар Говь-Алтай аймгийн *** газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/16 дугаартай тушаалаар ...нягтлан бодогч О.Д г нь зөрчлийг давтан үйлдэж ажилдаа ирэхгүй, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа тул 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.
Талуудын маргааны зүйл нь О.Д нь зөрчил давтан үйлдэж, ажил тасалсан, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар маргаж байна.
7. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О.Д нь 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс Говь-Алтай аймгийн *** газарт нягтлан бодогчоор томилогдон ажиллаж эхэлснээр зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж заажээ. Тус аймагт хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комисс байгуулагдаагүй байна.
Иймд О.Д ажлаас үндэслэлгүй халагдсан гэх агуулга бүхий нэхэмжлэлийг шүүх харьяалан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй,
154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдол гаргана гэж заажээ.
Энэхүү ажлаас чөлөөлсөн Говь-Алтай аймгийн *** газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/16 дугаартай тушаалыг нэхэмжлэгч О.Д нь эс зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
10. Нотолгооны хувьд:
Монгол улсын Үндсэн хуульд зааснаар Монголын улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй гэж заасан.
Ажилтны энэ эрхэд ажил олгогч халдахдаа буюу хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр, хуулийг зөв хэрэгжүүлэн цуцлах юм. Өөрөөр хэлбэл үндэслэлийг бодитой тогтоож, гэрээ цуцлах үйл явцаа зөв хэрэгжүүлэх явдал юм.
Талууд хөдөлмөрийн маргааны талаар шүүхэд мэтгэлцэхдээ нотолгооны хуваарийн хувьд хариуцагч буюу ажил олгогч өөрийн гаргасан шийдвэр тушаалын хууль зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн байдлыг тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй.
Шүүх хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ талуудын гаргасан нотолгооны хэрэгслүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай байх шалгуураар авч үзнэ. Энэхүү шаардлагыг хангаж байгаа нотлох баримтыг Иргэний хуулийн 40.1-д зааснаар тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.
Нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл баримт буюу ажилтанг ажлаас чөлөөлсөн үйл явц, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хууль зүйн үндэслэлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл ажил олгогч 2025 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн Б/16 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.2.3 дахь хэсэг, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг, 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг, *** газрын дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нягтлан бодогч О-ийн Д-г зөрчлийг давтан үйлдэж ажилдаа ирэхгүй, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа тул 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт “ажил олгогч дараах эрхтэй. 43.2.10 дахь хэсэгт “хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах” гэж,
мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно, 78 дугаар зүйлийн 78.1.9-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан” гэж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмыг шинээр баталсан, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд нийт ажилтанд танилцуулж, харагдахуйц газар байршуулах үүрэгтэй. Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл болон хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хөдөлмөрийн дотоод журамд тусгайлан заана” гэж,
Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” 123.2.5-д “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” гэж,
*** газрын дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй төрийн үйлчилгээний албан хаагчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123-д зааснаар сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны эсвэл ажил олгогчийн санаачилгаар цуцална.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт:
- ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан,
- хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх 2 үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болохоор заажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Ажиллах хугацаандаа согтууруулах ундаа хэрэглэж ажлын байрыг орхиж явж байсан. Дараа нь энэ байдал зөрчигдсөн гэж үзээд ажлаас чөлөөлөх тушаал гарсан байдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэн ажлын байрыг орхисон. Тэр нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байгаа” гэж тайлбарлаж байна.
Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нотлох баримтаар гаргаж ирүүлсэн Говь-Алтай аймгийн *** газрын цагийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхэд 2025 оны сард ажлын цаг бүрэн бүртгэгдсэн, 2025 оны 02 дугаар сард бүрэн бүртгэгдсэн, 2025 оны 03 дугаар сарын 03-нд ажилд ирсэн БНА, завсарласан БНА, завсарлаад ирсэн БНА, тарсан БНА гэж, 03 дугаар сарын 04, 05-нд зураас татсан, 03 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд тарсан цаг бүртгээгүй, 2025 оны 04 дүгээр сарын 25-нд ажилд ирсэн “ч”, завсарласан “ч”, завсарлаад ирсэн “ч”, тарсан “ч” гэж тэмдэглэсэн байх бөгөөд өмнөх тэмдэглэгээг штрикээр дарж “ч” тэмдэглэгээг хийсэн, 2025 оны 04 дүгээр сарын 28, 29, 30-ны өдрүүдэд ажилд ирсэн “т”, завсарласан “т”, завсарлаад ирсэн “т”, тарсан “т” гэж тэмдэглэсэн байна.
О.Д-д Говь-Алтай аймгийн *** газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/42 дугаартай “О.Д-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар …байгууллагын ёс зүйн хорооны дүгнэлтээр зөрчил гаргасан нь тогтоогдсон нягтлан бодогч О-ийн Д-д үндсэн цалингийн 20 хувиар 3 сарын хугацаагаар бууруулж, сахилгын шийтгэл ногдуулжээ.
11. Үүнээс үзэхэд 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зөрчил давтан үйлдэж ажилдаа ирэхгүй, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэж сахилгын арга хэмжээ авч хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ойлгомжгүй байна.
Өөрөөр хэлбэл 2025 оны 01, 02 дүгээр сард О.Д-гийн ажлын цаг бүрэн бүртгэгдсэн боловч 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *** газрын хурлын тэмдэглэлээр О.Д-г ажлаас чөлөөлөх арга хэмжээ ав гэж тэмдэглэсэн нь хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр ажил тасалж, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзсэн болох нь ойлгомжгүй байна. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “…О.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн ажил тасалсан байгаа” гэж тайлбарлаж байх бөгөөд ажилдаа ирэхгүй, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Мөн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан боловч цаг бүртгэлд 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдийг тасалсан гэж бүртгэсэн нь ойлгомжгүй байна.
*** газрын дотоод журмын 7.3 дахь хэсэгт “ажлаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хожимдсон, тасалсан тохиолдолд цагийн бүртгэлийг үндэслэн тооцож цалингаас суутгал хийнэ. Хүндэтгэн үзэх шалтгаангүй бүтэн 5 өдрийн ажил тасалсан бол ажлаас халах хүртэл сахилгын арга хэмжээ авна” гэж заажээ.
*** газрын цагийн бүртгэлийн дэвтэрт үзлэг хийхэд О.Д нь 1, 2, 3, 4 дүгээр саруудад хүндэтгэн үзэх шалтгаангүй бүтэн 5 өдрийн ажил тасалсан байдал мөн тогтоогдоогүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч О.Д-г зөрчил давтан үйлдэж ажилдаа ирэхгүй, ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх зөрчлийг эргэлзээгүйгээр нотолж, тогтоолгүйгээр тушаал гаргасан нь хуульд нийцээгүй байна.
12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч О.Д-г Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.2.3 дахь хэсэг, 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэг, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг, 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэг, *** газрын дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч О.Д-г Говь-Алтай аймгийн *** газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.
13. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцож, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д ...ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Д-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнөх гурван сарын хугацааны цалин 2025 оны 01, 02, 03 сарын цалин 2,497,880+2,457,880+2,477,880 =7,433,640 төгрөг байх бөгөөд уг хугацааны ажлын нийт өдөр болох 64 өдөрт хувааж, нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 7,433,640:64=116,150 төгрөг байна.
2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийг дуустал ажлын 62 өдрөөр тооцож үзвэл О.Д-д олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 116,150*62= 7,201,338.75 (долоон сая хоёр зуун нэг мянга гурван зуун гучин найман төгрөг далан таван мөнгө) төгрөг байх тул үүнийг Говь-Алтай аймгийн *** газраас гаргуулан нэхэмжлэгч О.Д-д олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар дээрх олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч О.Д гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Говь-Алтай аймгийн *** газарт даалгах үндэслэлтэй байна.
14. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 7,201,338.75 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 130,171 төгрөг, нийт 200,371 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн *** газраас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Б овгийн О-ийн Д-г урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн *** газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн *** газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7,201,338.75 (долоон сая хоёр зуун нэг мянга гурван зуун гучин найман төгрөг далан таван мөнгө) төгрөгийг гаргуулан Б овгийн О-ийн Д-д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан дээрх олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч О.Д-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөхийг Говь-Алтай аймгийн *** газарт даалгасугай.
4. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 7,201,338.75 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 130,171 төгрөг, нийт 200,371 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн *** газраас гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ