Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 305/ШШ2025/00476

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, С овгийн Н-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

мал маллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

Нэхэмжлэгч Н.Б нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** багт мал маллаж байсныг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1970 оны 03 сарын 28-нд төрсөн. 1990-өөд оноос өдийг хүртэл мал маллаж байгаа. Малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл 2013-2014 оны малын А данс мал бүхийгээр малчны А данс бүртгэгдсэн. 2013 оноос 2014 оны 12 сарын 31 хүртэл 2 жилийн А дансны мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Нэхэмжлэгч Н.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-Н.Б-ийн төрсний бүртгэлийн лавлагаа,

-Үндэсний архивын сан хөмрөгийн 2010 оны хүн ам тооллогын лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 320 дугаартай архивын лавлагаа,

-Н-ийн Б-ийн 2013, 2014 онуудын мал, тэжээвэр амьтад хашаа, хулгийн тооллогын бүртгэлийн Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-Н-ийн Б-ийн 2013, 2014 оны татвар төлөлтийн тодорхойлолт,

-Н-ийн Б-ийн Говь-Алтай аймгийн *** сумд ***, Өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа.

-Н-ийн Б-ийн Говь-Алтай аймгийн *** сумд *** толгод, Өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, газрын кадастрын систем, газрын төлбөр тушаасан судалгаа.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Н-ийн Б нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4. Н.Б нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн *** сумын *** багт мал маллаж байсан болох нь: 

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 373 дугаартай “...тус аймгийн *** сумын *** багийн малчин, өрхийн тэргүүлэгч Ж-ийн Ц-ын мал маллаж байсан хугацаа (1992-1994 он) хүртэлх” гээд 1992, 1993, 1994 онуудын малын тоог тодорхойлсон архивын лавлагаа, 1992, 1993, 1994 онуудын малын А дансны архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

2013 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын бүртгэлд өрхийн тэргүүлэгч Н-ийн Б, ам бүлийн тоо 5, малчдын тоо 2, 35-59 насны 2, мал бүхий өрх хэсгийг тэмдэглэсэн,

2014 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын бүртгэлд өрхийн тэргүүлэгч Н-ийн Б, ам бүлийн тоо 5, малчдын тоо 2, 35-59 насны 2, мал бүхий өрх, малчин өрх, бусад өрх хэсэгт тэмдэглэгээ хийгээгүй,

Архивын Ерөнхий газрын Үндэсний төв архивын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 03-08/4184 дугаартай Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 59 дүгээр хуудсанд Говь-Алтай аймгийн *** сумын *** 1-р багийн оршин суугч өрхийн тэргүүлэгч *** ургийн овогт Н-ийн Б, эрэгтэй, 1970 оны 03 сард төрсөн, 40 настай, эхнэр Д-ын Н, 1972 оны 12 дугаар сард төрсөн, 37 настай, охин Б-ийн Б 2001 оны 09 дүгээр сард төрсөн, 9 настай, охин Б-ийн Д 2005 оны 08 дугаар сард төрсөн, 5 настай, хүү Б-ийн Б 2006 оны 11 дүгээр сард төрсөн, 3 настай гэж бүртгэгдсэн байна гэх лавлагаа,

8201001334 гэрчилгээний дугаартай Н-ийн Б-ийн Говь-Алтай аймгийн *** сумд ***, Өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, 

8201000691 гэрчилгээний дугаартай Н-ийн Б-ийн Говь-Алтай аймгийн *** сумд *** толгод, Өвөлжөө, хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хэдийгээр 2013 онд мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын бүртгэлд мал бүхий өрх хэсгийг тэмдэглэсэн, 2014 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын бүртгэлд мал бүхий өрх, малчин өрх, бусад өрх хэсэгт тэмдэглэгээ хийгээгүй байгаа боловч малчин өрх 1, малчдын тоо 2 гэж бүртгэсэн байгаагаар Н.Б-ийг мал маллаж байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

5. Иймд С овгийн Н-ийн Б-ийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын *** багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар С овгийн Н-ийн Б-ийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн *** сумын *** багт мал маллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ