Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 305/ШШ2025/00481

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын *** баг, *** хороолол *** тоотод оршин суух, Н овгийн Б-ийн Б-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** газарт холбогдох,

өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Өмчлөгчөөр тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн үндэслэл: Би өөрийн орон сууцыг улсын бүртгэлийн газарт бүртгүүлж албан ёсоор өмчлөлийн гэрчилгээ гаргуулж авах гэсэн юм. Гэтэл холбогдох баримт нь аймгийн архив болон улсын бүртгэлийн орон нутгийн өмчийн газар байхгүй байсан. Тэгээд шүүхийн байгууллагад хандсан байгаа гэв.

3. Хариу тайлбарын агуулга: Холбогдох материалыг тамгын газар болон архивын газарт хүргүүлсэн байгаа. Архивын газраас 1991-1996 онд хувьчлагдсан хөрөнгө, машины бүртгэлд хамрагдсан тэмдэглэл дээр 17000 төгрөгөөр худалдан авсан тухай бичигдсэнээс бусад материал олдоогүй байгаа. Тухайн хөрөнгө нь төрийн өмчийн хөрөнгө эсэх талаар ямар нэгэн маргаан байхгүй гэв.

4. Нэхэмжлэгч цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Өмч хувьчлалын аймгийн комиссын 1991 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар баталсан Зарим байр, орон сууцыг эзэмшигчдэд нь худалдах жагсаалтын Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-42 дугаартай гэрчилгээ,

-Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн албаны 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай албан бичиг,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 292 дугаартай тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаартай албан бичиг.

5. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн албан бичиг,

-Говь-Алтай аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаартай албан бичиг, Хувьчлагдсан хөрөнгө, машины бүртгэлийн жагсаалтын архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б.Б  нь хариуцагч Говь-Алтай аймгийн *** газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч Говь-Алтай аймгийн *** газар нь “…нэхэмжлэгч Б-ийн Б нь аймгийн Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа өмч хувьчлалын комиссын 1991-1996 оны баримтын “Хувьчлалын хөрөнгө, машины бүртгэл”-д (пасспортын дугаар ***) *** тоот орон сууцыг 17,000 төгрөгөөр худалдаж авсан байна. Иймд тухайн иргэний орон сууц нь орон нутгийн өмчийн хөрөнгө бүртгэл, мэдээллийн санд бүртгэлгүй болно” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Б ын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий хариу тайлбар гаргажээ.

4. Нэхэмжлэгч Б-ийн Б нь Говь-Алтай аймгийн *** сумын *** баг *** хороолол *** тоот (хуучнаар НААҮГ-ын харъяа *** тоот) хаягт байршилтай орон сууцыг шударгаар эзэмшиж байгаа болох нь:

-Говь-Алтай аймгийн Алтай хотын харъяат иргэний пасспорттай Б-ийн Б нь 1991 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотын нутаг дэвсгэрт явуулсан дуудлага худалдаагаар 13-2-р орон сууцыг худалдан авсан тул уг хөрөнгийн өмчлөх эрх олгов гэх 42 дугаартай гэрчилгээ,

-Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2005 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 15 дугаартай “…аймгийн төвд байршилтай хуучнаар НААҮГ-ын харъяа 13-2 тоот орон сууцны барилгыг 1992 онд өмч хувьчлалын 42-р гэрчилгээгээр иргэн Б-ийн Б авсан байна” гэх албан бичиг,

-Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 250 дугаартай “…Б-ийн Б нь 1987-2025 он хүртэл *** багийн *** хороолол *** тоотод одоог хүртэл амьдарч байгаа нь үнэн болно” гэх тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “…нэхэмжлэгч Б-ийн Б нь аймгийн Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа өмч хувьчлалын комиссын 1991-1996 оны баримтын “Хувьчлалын хөрөнгө, машины бүртгэл”-д (пасспортын дугаар ***) *** тоот орон сууцыг 17,000 төгрөгөөр худалдаж авсан байна. Иймд тухайн иргэний орон сууц нь орон нутгийн өмчийн хөрөнгө бүртгэл, мэдээллийн санд бүртгэлгүй болно” гэх албан бичиг,

Говь-Алтай аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 66 дугаартай “…тус аймгийн Төрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа өмч хувьчлалын комиссын 1991-1996 оны баримтын “Хувьчлалын хөрөнгө, машины бүртгэл”-д иргэн Б-ийн Б (пасспортын дугаар ***) 13-2 тоот орон сууцыг 17,000 төгрөгөөр худалдаж авсан тухай баримтыг баталгаажуулан хүргүүлэв” гэх албан бичиг, Хувьчлагдсан хөрөнгө, машины бүртгэлийн 42 дугаарт Балдандоржийн Болд юу худалдаж авсан гэх хэсэгт “орон сууц НАА ***” үнэ 17000, олгосон гэрчилгээний дугаар 42 гээд хүлээлгэж өгсөн, хүлээн авсан хүний гарын үсэг зурагдсан жагсаалтын архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

5. Дээрх амины орон сууц нь улсын болон орон нутгийн өмч, бусад байгууллага, иргэдийн өмчлөл эзэмшилд байхгүй буюу бусдын зүгээс өмчлөлийн маргаангүй, эрхийн доголдолгүй болох нь тогтоогдож байна.

6. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэжээ.

Иймд Н овгийн Б-ийн Б-ыг Говь-Алтай аймгийн *** сумын *** баг *** хороолол *** тоот (хуучнаар НААҮГ-ын харъяа *** тоот) хаягт байршилтай орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Н овгийн Б-ийн Б-ыг Говь-Алтай аймгийн *** сумын *** баг *** хороолол *** тоот (хуучнаар НААҮГ-ын харъяа *** тоот) хаягт байршилтай орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Н.ОЮУНБИЛЭГ