Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 305/ШШ2025/00492

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 1-р багт оршин суух, Д-ийн Н-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын ***-д холбогдох,

ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Н  (цахимаар), хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Э  (цахимаар), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие Д-ийн Н  нь Говь- Алтай аймгийн *** сумын ***-д 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүрэг, даалгаврыг хангалттай биелүүлэн үнэнч шударгаар ажиллаж байсан. Гэтэл тус *** төвийн дарга Ц*** нь 2025 оны 05 дугаар 16-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлснөө мэдэгдсэн Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд *** сумын ***-ийн даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хянан үзэж, ажилд эгүүлэн тогтоож, ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдрөөс шүүх хуралдаан болох өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн хариу тайлбар: 2024 оны 09 дүгээр сарын 23-нд *** сумын ***-д орж байсан. Төрийн албаны хуулийн дагуу энэ хүнд зохих шаардлагыг тавьж баййсан. Өглөө ирж цэвэрлэгээ хийчихээд хүүхдээ эргэж ирнэ гэж хэлээд алга болчихдог байсан. Би явуулдаг байсан. Сүүлдээ явахаараа ирдэггүй. Би амаар шаардлага тавьж байсан. 3 дугаар сараас хойш ажилдаа ирэх нь багасаад өглөө ирчихээд л гараад явдаг. Үдээс хойш ирдэггүй байсан. Тэгээд сахилгын шийтгэл ногдуулж байсан. Ажлаа хийдэггүй гэж яриад байсан зүйл байхгүй гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн *** сумын ***-ийн даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дугаартай “Д.Н г ажлаас чөлөөлөх тухай” тушаалын Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарсан хуулбар,

-Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 3/104 дугаартай тодорхойлолтын хуулбар, хүүхдийн гэрэл зураг, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /*** овогтой Н-д ...хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувиар хугацаагүй тогтоосон/,

-Д-ийн Н-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн төлөөрх тодорхойлолт.

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт, тайлбар:

-*** сумын ***-ийн ажилчдын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэл,

- *** сумын ***-ийн ажилчдын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл,

-*** сумын ***-ийн ажилчдын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл,

-Говь-Алтай аймгийн *** сумын ***-ийн даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/06 дугаартай “Журам батлах тухай” тушаалын эх хувь,

-*** сумын ***-ийн хөдөлмөрийн дотоод журмын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-*** сумын ***-ийн цагийн бүртгэл.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхээс зохигчдын нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотолж буй байдалд эрх зүйн дүгнэлт хийж, энэхүү шийдвэрийг гаргасан болно.

2. Нэхэмжлэгч Д.Н  нь Говь-Алтай аймгийн *** сумын ***-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.Э  нь “...Д.Н гийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. ***ын төвийн ажилчдад ажлын цаг баримтлах, ажлын байран дээрээ үр бүтээлтэй, чанартай ажиллахыг үүрэг болгон ажилласан. Үйлчлэгчээр ажиллаж байсан Д.Н  нь ажлын цаг баримталдаггүй, өглөө ирж цэвэрлэгээ хийгээд ажил таслаад явдаг байсан. Миний бие удирдлагын зүгээс удаа дараа аман шаардлагыг өгч ажилласан. 2025 оны 04 сараас ажил тасалдаг явдал даамжирч өгдөө ирээд явчихдаг, утсаар дуудахаар утсаа авдаггүй, би гэртээ байна, хүүхдээ харж байна гэх тайлбар тоочдог болсон. Ийм учир 2025 оны 04 дүгээр сарын 30-ны ажилчдын хурлаар сануулах сахилгын шийтгэл авагдсан. Д.Н г дуудсан боловч тухайн хуралд ирээгүй. Ажлын цаг баримтлах, ажлын байран дээрээ үр бүтээлтэй, чанартай сайн ажиллах шаардлагыг биелүүлээгүй, алдаа дутагдал давтан гаргасан тул Хөдөлмөрийн харилцааг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгосон” гэж татгалзжээ.

4. Нэхэмжлэгч  Д.Н  нь Говь-Алтай аймгийн *** сумын ***-д 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Улмаар Говь-Алтай аймгийн *** сумын ***-ийн даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” бол шүүхээр шийдвэрлэхээр заасан байх тул нэхэмжлэгч Д.Н  нь уг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хэргийн харъяалал зөрчөөгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор хандах эрхтэй гэж заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д заасан журмын баримтлан нэхэмжлэгч Д.Н  нь 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дугаартай тушаалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэлээ шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

 

5. Нэхэмжлэгч нь “...Ажиллаж байх хугацаандаа ажил үүргийн ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан эрх үүрэг, даалгаврыг хангалттай биелүүлэн үнэнч шударгаар ажиллаж байсан. Гэтэл тус *** дарга Ц.Э нь 2025 оны 05 дугаар 16-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар намайг үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлснөө мэдэгдсэн Миний бие уг тушаалыг үндэслэлгүйгээр гаргасан гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байна....” гэж мэтгэлцжээ.

6. Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Ц.Э  нь “...Үйлчлэгчээр ажиллаж байсан Д.Н  нь ажлын цаг баримталдаггүй, өглөө ирж цэвэрлэгээ хийгээд ажил таслаад явдаг байсан. Миний бие удирдлагын зүгээс удаа дараа аман шаардлагыг өгч ажилласан. 2025 оны 04 сараас ажил тасалдаг явдал даамжирч өгдөө ирээд явчихдаг, утсаар дуудахаар утсаа авдаггүй, би гэртээ байна, хүүхдээ харж байна гэх тайлбар тоочдог болсон. Ийм учир 2025 оны 04 дүгээр сарын 30-ны ажилчдын хурлаар сануулах сахилгын шийтгэл авагдсан. Д.Н г дуудсан боловч тухайн хуралд ирээгүй. Ажлын цаг баримтлах, ажлын байран дээрээ үр бүтээлтэй, чанартай сайн ажиллах шаардлагыг биелүүлээгүй, алдаа дутагдал давтан гаргасан” гэж татгалзжээ.

7. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Э  шүүх хуралдаанд “...Д.Н тай хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй байгаа. Бусад хүмүүс нь 2024 оны 09 дүгээр сард хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа. Д.Н тай байгуулах боломж болоогүй” гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй” гэж, 48.2 дахь хэсэгт “Хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж тус тус заажээ.

Хэдийгээр Говь-Алтай аймгийн *** сумын ***-ийн дарга Д.Н  хөдөлмөрийн гэрээ байгууллаагүй гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч Д.Н  нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс Говь-Алтай аймгийн *** сумын ***-д үйлчлэгчээр томилогдон ажиллаж эхэлснээр зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.

8. Хариуцагч нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.4, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2, 6.3, 10.6 дахь заалтуудыг үндэслэн Д.Н-г ажлаас чөлөөлжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт “...ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон. Энэ тухай ажилтанд өмнө нь анхааруулж, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлээ сайжруулах боломжит хугацаа олгосон байвал зохино” бол ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно гэж,

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.4 дэх хэсэгт “төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх” гэж,

Говь-Алтай аймгийн *** сумын ***-ийн дотоод журмын 8.8.2-т “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан, тасалсан цагийн тоо нийлээд ажлын 3 өдөр буву 24 цаг болсон бол ажлаас чөлөөлнө” гэж,

10.6-д “Соёлын төвийн даргаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь, чанартай шуурхай биелүүлэх, ажлын зөрчил дутагдлыг давтан гаргахгүй байх” гэж тус тус заасныг үндэслэн ажлаас чөлөөлжээ.

9. Ажил олгогчоос  Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэгт “...ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон” гэх үндэслэлээр албан тушаал бууруулжээ.

Хуулийн дээрх заалтад дурдсан ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөх үндэслэл нь “...ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон байх урьдчилсан нөхцөлтэй.

Үүнээс “...ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон” байх гэсэн урьдчилсан нөхцөл “Говь-Алтай аймгийн *** сумын ***-ийн дарганы 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дугаартай тушаалын хувьд хангагдахгүй байна.

10. Хэдийгээр хариуцагч *** сумын ***-ийн ажилчдын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар ирүүлсэн боловч Д.Н-г мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болохыг тогтоогдсон нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон гэдэгт салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгох бөгөөд үүнийг Улсын дээд шүүхийн тогтоолд тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар нэхэмжлэгч Д.Н-г мэргэжлийн хувьд ажлын байрны шаардлага хангахгүй, мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадвар, ажлын гүйцэтгэлийн хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсныг тогтоосон салбарын болон тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт “Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заажээ.

Хариуцагчаас Говь-Алтай аймгийн ***-ийн даргын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/11 дугаартай “Д.Н-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсгийг баримталсан атлаа ажлаас чөлөөлөх талаар Д.Н-д хэзээ, хэрхэн, яаж гардуулж, мэдэгдсэн талаарх баримтыг хариуцагчаас хавтаст хэргийн материалд нотлох баримтаар гаргаж ирүүлээгүй байна.

Ажил олгогч буюу хариуцагч шүүх хуралдаанд “…амаар мэдэгдсэн. Цаасаар өгөөгүй. Ажлаа таслаад олон удаа болж байна. Би хүүхдээ эргээд ирье, пампарс солиод ирье гэхэд би явуулдаг. Пампарс солиод ирэхэд бүтэн өдөр болохгүй. Тэгэхээр яваад бүтэн өдөр ирдэггүй. Д.Н  өглөө 8 цагт ирээд буцаж яваад эргээд ажилдаа ирдэггүй. Ганцхан Д.Н-г ажил тасаллаа гээд ганцхан Д.Н  дээр арга хэмжээ авсан юм биш. Хоёр хүн дээр хоёулан дээр нь арга хэмжээ авч байсан. Би тавих ёстой шаардлагаа тавьж байсан” гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

12. Ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэл хүргүүлэх журмыг баримтлалгүйгээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлээр мөн хуулийн 80.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Б.Н-г ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй буюу хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо хөдөлмөрийн хуульд заасан журмыг баримтлаагүй байна. Хуулийн дээрх заалт нь ажлаас халагдах болсны үр дагавар буюу тухайн үндэслэлийг судлах, дараагийн ажлын байраа олох зэргээр үр дагаварыг шийдвэрлэх боломжийг ажилтанд олгох зорилготой ба энэхүү байдлыг нотолгоожуулах замаар ажилтны эрх ашгийг хамгаалсан зохицуулалт юм.

13. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Н-г Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.4, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.8.2, 6.3, 10.6 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Д.Н-г Говь-Алтай аймгийн *** сумын ***-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь үндэслэлтэй байна.

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг тооцож, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-д ...ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Н-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөхөөс өмнөх гурван сарын хугацааны цалин 2025 оны 2, 3, 4 сарын цалин 1,305,472.73+1,885,200+1,495,600=4,686,272.73 төгрөг байх бөгөөд уг хугацааны ажлын нийт өдөр болох 63 өдөрт хувааж, нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцоход 4,686,272.73:63=74,385.28 төгрөг байна.

Д.Н-гийн ажилгүй байсан хугацааг 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажлын 55 өдрөөр тооцож үзвэл Д.Н-д олгох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нийт 74,385.28*55= 4,091,190.4 (дөрвөн сая ерөн нэгэн мянга нэг зуун ерөн төгрөг дөрвөн мөнгө) төгрөг байх тул үүнийг Говь-Алтай аймгийн *** сумын ***өөс гаргуулан нэхэмжлэгч Д.Н-д олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй гэж зааснаар дээрх олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Д.Н-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Говь-Алтай аймгийн *** сумын ***-д даалгах үндэслэлтэй байна.

15. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 4,091,190.4 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 80,409 төгрөг, нийт 150,609 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын ***өөс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч *** овгийн Д-ийн Н г урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн *** сумын ***-ийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын ***өөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,091,190.4 (дөрвөн сая ерөн нэгэн мянга нэг зуун ерөн төгрөг дөрвөн мөнгө) төгрөгийг гаргуулан *** овгийн Д-ийн Н-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан дээрх олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Д.Н-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөхийг Говь-Алтай аймгийн *** сумын ***-д даалгасугай.

4. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 4,091,190.4 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 80,409 төгрөг, нийт 150,609 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн *** сумын ***өөс гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

                        

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ