Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/444

 

 

Б.Л, Н.А, Г.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Хулан,

шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

шүүгдэгч Б.Л, Н.А нарын өмгөөлөгч Х.Баатарбилэг,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Д.Сувд-Эрдэнэ, шүүгч Г.Ууганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Л, Н.А, Г.Ц нарт холбогдох 2201 00051 0372 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Б-ийн Л, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Архангай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч, кадастрын зураглалын инженер мэргэжилтэй, .... дүүргийн газар зохион байгуулалтын ..... ажилтай, ам бүл .... хамт ... дүүргийн .... дүгээр хороо, .... дүгээр хороолол ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч .... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:...../;

2. С овгийн Н-гийн А, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Завхан аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, байгаль орчны үнэлгээчин мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ... хамт ... дүүргийн ... дүгээр хороо, ... дүгээр хороолол ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:....../;

3. Х овгийн Г-ийн Ц, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Увс аймагт төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

Б.Л нь ... дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зөрчлийг хориглоно” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж,

өөрийн эхнэр Н.Атай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, хахууль өгөгч Г.Цгийн өөртөө газар эзэмших болон иргэн ... нарт газар эзэмшүүлэх ашиг сонирхлын үүднээс тэдгээрийн газар эзэмших өргөдлийг хүлээн авч, холбогдох албан тушаалтанд шилжүүлж, ... дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/784 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар дээрх 12 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд бусдаар дамжуулан нийт 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

Н.А нь Г.Цгийн өөртөө газар эзэмших болон иргэн ... нарт газар эзэмшүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс, уг ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, бусдад давуу байдал бий болгох зорилгоор, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, өөрийн нөхөр болох ... дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лтой гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, хахууль өгөгч Г.Цгаас нэр бүхий 12 хүний газар эзэмших өргөдлийг хүлээн авч, Б.Лид дамжуулан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд бусдаар дамжуулан нийт 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хахууль авах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,

Г.Ц нь өөртөө болон өөрийн хамаарал бүхий хүмүүст газар эзэмшүүлж давуу байдал бий болгох зорилгоор ... дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд бусдаар дамжуулан нийт 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Лийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Н.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Г.Цгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Бн овогт Б-ийн Лийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хахууль авах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

шүүгдэгч С овогт Н-ийн А-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хахууль авах” гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,

шүүгдэгч Х овогт Г-ийн Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Лийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.Аг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгж буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л, Н.А, Г.Ц нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л, Н.А, Г.Ц нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж,

шүүгдэгч Н.А, Г.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лийн саатуулагдсан 2 хоногийг нь ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож түүний торгох ялыг 9.970.000 /нэг сая есөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л, Н.А нарын Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн 100900033401 дугаарын дансанд байршуулсан 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун/ төгрөгийг улсын орлого болгож,

2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1566 дугаартай прокурорын зөвшөөрлөөр Б.Лийн өмчлөлд бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-2201033434 дугаартай ... дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Толгойт гудамжны 108 дугаар байрны 43 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1567 дугаартай прокурорын зөвшөөрлөөр Н.Агийн өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802105376 дугаартай ... дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр, орон сууц, хашааны зориулалттай 400мк газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, ..... нарын өмчлөлд бүртгэлтэй нэгж талбарын 1802630458 дугаартай газруудын шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны нууцын магадлал 31 хуудас, хавсаргагдаж ирсэн 2 ширхэг СД-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн нууцын ажилтанд хэрэгт хавсаргахыг даалгаж,

шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л, Н.А, Г.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ц давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй бөгөөд тухайн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Манай 2 дүү Солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөд Монгол улсад өөрсдийн гэсэн өмчлөх газартай болоё гэж ярилцсан. Ингээд манай дүү Ц нь А гэдэг хүнтэй холбож өгсөн. А нь өөрөө над руу чат бичиж холбогдсон. Ингээд би 2 дүүдээ газар авч өгнө гэж ойлгоод эхлээд “хоёр газар авах хүсэлтэй байна” гэхэд “дахиад газар байна, зэргэлдээ газрууд байгаа авах уу” гэхээр нь зэргэлдээ газрууд юм бол аав, ээж, ах, дүү нартайгаа цуг нэг газарт газар авчих юм бол сайхан юм байна гэж бодоод авахаар болсон. А нь өөрийгөө надад ямар ажил хийдэг талаар хэлээгүй. Бид 2 нэг л удаа уулзсан. Бусдаар бол фэйсбүүк чат болон утсаар холбогддог байсан. Миний хувьд аав, ээж, ах, дүү, хамаатан садан нартайгаа нэг дор цуг газартай болох юм байна гэж бодож 43.200.000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ үйлдэлдээ маш их харамсаж байна. Миний хувийн байдлын хувьд ам бүл тавуулаа, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 3-7 насны 3 хүүхэдтэй учраас ажилгүй байж байгаад саяхнаас ажилд орсон учраас 10.000.000 төгрөгийн торгуулийн ялыг төлөхөд бэрхшээлтэй байгаа. Би өөрөө хүний их эмч мэргэжилтэй. Одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд дадлагажигч эмчээр /ресидент эмч/ ажилладаг. Миний бие гэрээсээ ганцаараа ажил хийж гэр бүлээ авч явдаг. Иймд миний дээрх хувийн байдал, ар гэрийн байдлыг харгалзан үзэж, надад торгуулийн ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Цгийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Г.Цгийн хувьд гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Г.Цгийн хувьд 38 настай, ам бүл 4, 3-8 насны гурван бага насны хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, одоо Гэмтэл согог судлалын үндэсний төвд дадлагажигч эмчээр /ресидент эмч/ ажилладаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан.

Г.Цгийн үйлдэлд Эрүүгийн хуульд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хэд хэдэн үндэслэл тогтоогдсон байдаг. Үүнд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүнчлэн Г.Ц нь гэрээсээ ганцаараа ажил хийж бага насны 3 хүүхдээ өсгөдөг бөгөөд түүний дээрх хувийн байдлыг харгалзан үзэж, торгох ялын хэмжээг багасгах боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн эхэнд “...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болно.” гэж тунхагласан бөгөөд энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч Г.Цгийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учруулсан хор уршигийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан үзэж, Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус харгалзан Г.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйл 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын хамгийн доод хэмжээ буюу 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Л, Н.А нарын өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нарын зүгээс гэм буруу дээр маргадаггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангасан, үндэслэлтэй гарсан тул өмгөөлөгчийн зүгээс санал нийлж байна. Шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү гэж дурдсан байна. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолд санал байхгүй. Ялыг хөнгөрүүлэх нь шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал учраас хэлэлцэж шийдвэрлэх байх. Хэрэв торгуулийн ялыг хөнгөрүүлсэн тохиолдолд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаад явах боломжтой. Түүнээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.” гэв.

Прокурор Ц.Хулан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг нь харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч нарт оногдуулсан ял нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Л нь ... дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа:

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “...шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг,

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх зөрчлийг хориглоно” гэж заасныг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.13-т “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг тус тус зөрчиж,

өөрийн эхнэр Н.Атай гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, хахууль өгөгч Г.Цгийн өөртөө газар эзэмших болон иргэн ... нарт газар эзэмшүүлэх ашиг сонирхлын үүднээс тэдгээрийн газар эзэмших өргөдлийг хүлээн авч, холбогдох албан тушаалтанд шилжүүлж, ... дүүргийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/784 дугаартай “Газар эзэмших эрх олгох тухай” захирамжаар дээрх 12 иргэнд газар эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд бусдаар дамжуулан нийт 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хахууль авсан гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

шүүгдэгч Н.А нь Г.Цгийн өөртөө газар эзэмших болон иргэн ... нарт газар эзэмшүүлэх гэсэн ашиг сонирхлын үүднээс, уг ашиг сонирхлыг гүйцэлдүүлж, бусдад давуу байдал бий болгох зорилгоор, гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, өөрийн нөхөр болох ... дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лтой гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж, хахууль өгөгч Г.Цгаас нэр бүхий 12 хүний газар эзэмших өргөдлийг хүлээн авч, Б.Лид дамжуулан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд бусдаар дамжуулан нийт 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хахууль авах гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,

шүүгдэгч Г.Ц нь өөртөө болон өөрийн хамаарал бүхий хүмүүст газар эзэмшүүлж давуу байдал бий болгох зорилгоор ... дүүргийн газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Лийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд бусдаар дамжуулан нийт 43.200.000 /дөчин гурван сая хоёр зуун мянга/ төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлджээ.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн, шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Үүнд:

.... нарын мэдүүлэг /3хх 65/, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр М.Э-аас гаргаж өгсөн баримт бичгийг хүлээн авч, хавтаст хэрэгт тусгасан мөрдөгчийн тэмдэглэл, иргэний газар эзэмших эрхийн .... дугаартай гэрчилгээнүүдийн хуулбар /1хх 42-109/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 185-205/, Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Н-29/399 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2хх 14, 36/, Голомт банкны 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2720 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2хх 53, 58, 60/, ... дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/1173 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2хх 136-147/, ... дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 22/1172 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2хх 150-203/, шүүгдэгч Н.Агийн Голомт банкны .... дугаарын, Ж.Б-ын Хаан банкны ... дугаарын, Д.С-ийн Хаан банкны ... дугаарын, М.Э-ын Хаан банкны ... дугаарын дансны хуулгануудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /3хх 66-74/, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Лийг “үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн хахууль авах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

шүүгдэгч Н.Аг “үргэлжилсэн үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн хахууль авах” гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,

шүүгдэгч Г.Цг “үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгч нарын гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Лийн дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Н.Агийн дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.Цгийн дээрх үйлдлийг шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Л, Н.А нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан шүүгдэгч Б.Лид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Н.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгж буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нар “торгуулийн ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.Цгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдын нэрийн өмнөөс баримт бүрдүүлэн гэмт хэрэгт оролцсон байдал шүүгдэгч нь бага насны 3 хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн Г.Цд оногдуулсан торгуулийн ялыг багасгаж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/112 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 4.000 нэгж буюу 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсугай.

 

            3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ        

ШҮҮГЧ                                                Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ