| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00316/И |
| Дугаар | 308/ШШ2025/00472 |
| Огноо | 2025-08-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 308/ШШ2025/00472
| 2025 оны 08 сарын 05 өдөр | Дугаар 308/ШШ2025/00472 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, М гудамж *-** тоотод оршин суух Т овогт Гийн А,
Хариуцагч: Д аймаг, С сум, 3 дугаар баг, М, *-** тоотод байрлах, “И г” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: 87,981,324 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ гэж заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.А “И г” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Г.А миний бие “И г” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Орон сууц захиалан бариулах тухай” ** тоот гэрээ байгуулж Д аймгийн С сумын *-р хэсэг, А тийн үндэсний төвийн хойд талд баригдаж байгаа “** А” хотхонд * давхарт *** тоот хаягт байрлах 60.87 мкв 2 өрөө орон сууцыг захиалсан.
Гэрээнд заасны дагуу 32,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр 12 удаагийн тушаалтаар 43,991,000 төгрөгийг тус компанийн харилцах дансанд тушаасан. Тус компани нь орон сууцны барилгыг 2022 оны 04 дүгээр сарын 01-нд ашиглалтад оруулна гэсэн боловч одоо болтол ороогүй хохироож байна. Хамгийн сүүлд 2022 оны 08 дугаар сарын 13-нд 3,000,000 төгрөг тушаасан ч барилга зогссон тул дахин мөнгө тушаагаагүй болно. Орон сууцны үнийг бэлэн тушаасан 43,991,000 төгрөг дээр гэрээний 5.10-д зааснаар ашиглалтад ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,1 хувиар алданги тооцно гэсний дагуу 716 хоногийн алданги 43,990,324 төгрөг бүгд 87,981,324 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү. 8 удаагийн гүйлгээгээр сар болгон төлбөрөө төлж байсан. “И г” ХХК-иас гэрээний хавсралт буюу төлбөрийн графикийг гаргаж өгөөгүй байгаа. Сар бүр 785,516 төгрөгийг 5 жилийн хугацаатай төлөхөөр гэрээ байгуулсан. Нийт 79,000,000 төгрөгөөс 56 хувийн төлбөрийг төлж барагдуулсан. Сар бүр төлбөр төлөхдөө илүү төлөлтөөр төлж байсан. Иймд алдангиа нэхэмжилнэ. “И г” ХХК нь тус орон сууцыг 8 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар гэрээндээ заасан. 8 сарын хугацаа буюу урьдчилгаа төлбөрөө төлсөн хүмүүсийн төлбөрөөр орон сууцыг ашиглалтад оруулах боломжтой байсан гэж үзэж байна гэв.
Хариуцагч тал хариу тайлбартаа: Ажил гүйцэтгэгч “И г” ХХК болон захиалагч Г.А нар нь орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан барилгын материалын үнэ нэмэгдэж манай компанид хүнд нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн захиалагч нар болон нэхэмжлэгч Г.Агийн зүгээс сар бүр төлөлт хийх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс санхүүжилт зогсож барилга угсралтын ажил 85 хувьд хүрээд зогссон. Мөн орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 43,991,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Алданги 43,990,324 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн ** дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, гараар бичсэн календарь, алданги тооцсон хүснэгт, мөнгө тушаасан баримт, Итгэмжлэл олгосон тухай баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас: “И г” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, хариу тайлбар, Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, Мын Бгын материал үйлдвэрлэгчдийн холбооны тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх 65,986,500 төгрөгийн шаардлагыг хангаж 21,994,824 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:
2.Нэхэмжлэгч Г.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а.”И г” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ** дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсны дагуу шилжүүлсэн 43,991,000 төгрөг, алданги 43,990,324 төгрөг нийт 87,981,324 төгрөг гаргуулна гэж,
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С-Э татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
а.Нэхэмжлэгч Г.А 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ** дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагч нарын гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокийн ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч тал 43,991,000 төгрөг төлснийг зөвшөөрч байна. Алданги 43,990,324 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
“И г” ХХК болон Г.А нар 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ** дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж Д аймгийн С сумын * дугаар баг, А тийн үндэсний төвийн хойд талд баригдаж байгаа “** А” орон сууцны хотхоны * давхарт *** тоот бүхий 60,87 м2 2 өрөө орон сууцыг “И г” ХХК 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх Г.А нь орон сууцны үнэ 79,131,000 төгрөгөөс 32,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрт, үлдэгдэл мөнгийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 30-ны өдрүүдэд 60 сар буюу 5 жилийн хугацаанд хуваан төлөхөөр тохиролцжээ.
Нэхэмжлэгч Г.А нь гэрээний дагуу 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 17,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 01-ний өдөр 791,000 төгрөг, 09 дүгээр сарын 29-ний өдөр 800,000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 800,000 төгрөг, 11 дүгээр сарын 22-ны өдөр 15,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 800,000 төгрөг, 02 дугаар сарын 25-ны өдөр 800,000 төгрөг, 04 дүгээр сарын 27-ны өдөр 2,000,000 төгрөг, 05 дугаар сарын 24-ний өдөр 1,000,000 төгрөг, 08 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг нийт 43,991,000 төлсөн, энэ талаар талууд маргахгүй байна.
Талуудын хооронд нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан.
Захиалагч нь 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр урьдчилгаа төлбөр 32,000,000 төгрөг, сар бүрийн төлбөрийг гэрээ байгуулснаас хойш сар бүрийн 30-ны өдрүүдэд 60 сар буюу 5 жилийн хугацаанд төлөхөөр, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд ажлын 1 хоногтоо хэвээр хадгалж уг хугацаанд төлбөрөө төлөөгүй бол гэрээг хүчингүйд тооцохоор, захиалагч нь төлбөрөө хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнд 0,1 хувийн алданги тооцож төлөхөөр,
Ажил гүйцэтгэгч уг орон сууцыг 2022 оны 1 дүгээр улирал дуустал буюу 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж хүлээлгэн өгөхөөр, уг хугацаанд ашиглалтад ороогүй тохиолдолд гүйцэтгэгч тал нь хугацаа хэтрүүлсэн 31 дэх хоногоос эхлэн буюу 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувийн алданги тооцож захиалагч талд төлөхөөр харилцан үүрэг хүлээжээ.
Хариуцагч “И г” ХХК нэхэмжлэгчийн төлсөн 43,991,000 төгрөгийг төлнө, маргаан бүхий орон сууц нь 85 хувийн гүйцэтгэлтэй, ковид-19 цар тахал өвчин гарсны улмаас барилгын ажил гүйцэтгэх боломжгүй хүнд нөхцөл байдал бий болсон бол гэх үндэслэлээр бүрэн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч нь ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхээр, төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчлэхээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-343.4 дэх хэсгүүдэд зохицуулсан.
Талуудын хооронд байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний зүйл нь 60,87 м2 талбайтай орон сууц байхаар тохиролцжээ.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж,
222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1-д үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсэн байна.
Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Агийн захиалан бариулахаар тохиролцсон *** тоот 60,87 м2 талбайтай орон сууц багтах орон сууцны барилга нь 85 хувийн гүйцэтгэлтэй улсын бүртгэлийн гэрчилгээ авсан тул энэ хэмжээгээр үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байна.
Гэрээний зүйл болох 301 тоот орон сууцны хувьд гүйцэтгэсэн ажлын хувиар орон сууцны гүйцэтгэлээр үүргийг гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй.
Учир нь нийтийн зориулалттай орон сууцыг Барилгын тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээд ашиглалтад оруулах эсэхийг шийдвэрлэдэг, тухайн орон сууцыг ашиглалтад оруулаагүй байхад нэхэмжлэгчид тусд нь салган гүйцэтгэсэн үүргийн хэмжээнд хүлээлгэн өгөх боломжгүй юм.
Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д зохицуулсан.
Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасан.
Нэхэмжлэгч гэрээний дагуу 43,991,000 төгрөгийг хариуцагчид өгсөн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдож байх тул энэ мөнгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Хариуцагч ковид-19 цар тахал өвчин гарсны улмаас бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн, хөл хорио тавигдаж байсан, хил гааль хаагдсан гэх тайлбараа нотолж Х а ү танхимын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн **/*** дугаартай хүнд нөхцөл байдлын гэрчилгээг нотлох баримтаар гарган өгсөн.
Талууд хариуцагчийн тайлбарт дурдсан хүнд нөхцөл байдлын үед *** тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа тул хариуцагч талын хүнд нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэх боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.
Түүнчлэн хариуцагч талаас Хүнд нөхцөл байдлын гэрчилгээг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн боловч тухайн барилгын төсөв хэдэн төгрөг байсан нь хэдэн төгрөг болж үнэ нэмэгдсэн талаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж зохицуулсан.
Хариуцагч хүнд нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлах боловч хуульд заасны дагуу гэрээ цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгийг хүлээн авсаар байсан тул дээрх тайлбар үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.
Гүйцэтгэгч тал гэрээг зохих ёсоор гүйцэтгээгүй байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг “И г” ХХК-д өгсөн 43,991,000 төгрөгийн алдангид 43,990,324 нэхэмжилсэн.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн шаардсан 14,801,550 төгрөгийн алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагыг зөрчсөн байх тул алдангид 21,995,000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагчаас гэрээний дагуу шилжүүлсэн 43,991,000 төгрөг + алданги 21,995,000 төгрөг нийт 65,986,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 21,994,824 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Г.Агийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 597,857 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И г” ХХК-иас 487,882.2 төгрөгийг гаргуулж Г.Ад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8, 236 дугаар зүйлийн 236.2, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “И г” ХХК-иас 65,986,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,994,824 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Агаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 597,857 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 487,882 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ