| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00444/И |
| Дугаар | 308/ШШ2025/00487 |
| Огноо | 2025-08-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 308/ШШ2025/00487
| 2025 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 308/ШШ2025/00487 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, М н 5, ***в байрны * тоотод оршин суух, Т овогт Огийн Э,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, **-** тоотод оршин суух, Х овогт Бын М,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: О.Э,
Хариуцагч: Б.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Э нь Б.Мд холбогдуулан гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
О.Э миний бие 2013 онд Б.Мтай танилцан үерхэж 2021 оны 09 дүгээр сарын 02-нд гэрлэлтийн 4425****** бүртгэлийн дугаарт бүртгэгдэн гэр бүл болсон. Бид 2020 оноос тусдаа гарч байр түрээслэн амьдарсан. Энэ хугацаанд 2021 оны 07 дугаар сарын 07-нд хүү М.Е төрсөн.
Бид 2023 оноос хойш маргалдаж зан харилцааны хувьд зөрчилдөж, тусдаа амьдрах болсон. Одоо хэн хэн нь буцаж нийлэх бодолгүй өөр өөрийн амьдралтай болсон. Хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж, хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдээ би өөрөө л хардаг. Нэхэмжлэгч хүүхэд бид хоёрыг асарч хамгаалах нь бага байсан. Ер нь салах болсон шалтгаан нь ойлголцож хамт амьдрах боломжгүй болсон.
Хэн хэн нь тусдаа байх болсон. Хүүхэд аав ээжийнхээ хэн хэн дээр ирэн очин байдаг. ... Төрөөд 14 хоносны дараа бууз хийгээд өгөөч гэсэн чинь өгөөгүй. Тэгээд л гомдол хуримтлагдаж эхэлсэн. Тэгээд тусдаа байгаад үзье гээд 6 сарын хугацаатайгаар Турк улс руу циркийн ажлаар яваад ирсэн ч гэсэн өмнөх шигээ байсан болохоор нь дахин эвлэрэх нөхцөл үүсээгүй. Мөн турк явахаас өмнө согтуудаа над руу хутга далайгаагүй ч гэсэн би их айсан энэ мөн салах шалтгаан болсон.
Би энэ хүнийг хэвтэрт байхад давхар хөхүүл байсан. Тэгээд 42 кг жинтэй болтлоо хажууд нь асарсан ч энэ хүний надад хэлсэн үг нь чи байгаагүй байсан ч гэсэн би өөрөө босох байсан гэсэн. Тэр үг нялх биетэй надад хүнд туссан. Өдөр болгон хүүхдийнх нь нэрийг асуусан ч санадаггүй байсан. Тэгээд эрүүл болохоор нь надад ийм ийм асуудал байна гэхэд надад ч гэсэн хэцүү байсан чи байсан байгаагүй би хүүгээ бодоод босоод ирсэн байсан гэсэн. Хажуудаа байсан намайг хэзээ ч үнэлж байгаагүй. Би сүүлд нь буруутан болж байгаа. Өөрийнх нь энэ хайнга байдлаас болж хөндийрсөн. Өвдөж байх хугацаанд нь надад араар тавих зав ч байгаагүй хүний үгээр л үг хийж байна. Би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.
Хариуцагч Б.М хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх 2013 онд танилцаж, хамт амьдраад 2021 онд хүүхэдтэй болсон. 2022 оноос эхлээд харилцааны асуудалтай байж байгаад тусдаа амьдарч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. 2022 оны 06 сараас тархины цус харвалт өгөөд унтаж чадахгүй байсан.
Гэртээ хэвтрийн байдалтай байхад энэ хүний доторх зан чанар нь гарч ирсэн. Араар тавих асуудал гарч байсан. Турк яваад ирснээс хойш салах шийдвэрт хүрсэн. Гэрлэлтээ цуцлуулмаар байна. Хүүхдээ 100 хувь ээжийнх нь асрамжид үлдээмээргүй байна гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдүүдийн эрүүл мэндийн тодорхойлолт, Д аймаг, Ө сумын * дүгээр багийн Засаг даргын албан бичиг, У т зын Х цэцэрлэгийн албан бичиг, Д аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн ***/ШЗ2024/0**** дугаартай захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Хариуцагчтай зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдийг өөрийн асрамжид үлдээнэ гэж,
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч О.Э, Б.М нар 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болсныг 4425****** бүртгэлийн дугаарт бүртгүүлсэн, Тэдний хамтын амьдралын хугацаанд 2021 оны 07 дугаар сарын 07-нд хүү М.Е төрсөн, хүүхэд цэцэрлэгт суралцаж, эрүүл бойжиж байгаа болох нь гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, У т з Х цэцэрлэгийн албан бичиг, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
6.Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдал, шүүхээс өмнө шатанд эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, нэхэмжлэгч 2024 онд шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүх талуудыг эвлэрүүлэх арга хэмжээ авч байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримталж цуцлах нь зүйтэй байна.
7.Хариуцагч хүү М.Ег эхийн асрамжид үлдээх шаардлагыг зөвшөөрч байх тул талуудыг тохиролцсон гэж үзэж Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү М.Ег эхийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Эт олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Т овогт Огийн Э, Х овогт Бын М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар хүү А овогт Мн Ег эх О.Эын асрамжид үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4.Гэрлэгчид нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд бие биедээ саад учруулахгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Эт олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ