| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 181/2021/01178/И |
| Дугаар | 210/МА2021/01670 |
| Огноо | 2021-11-19 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2021/01670
| 2021 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 210/МА2021/01670 |
М.Бийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01675 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Бийн хариуцагч З.Т.ГОНӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 176 750 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Онон, хариуцагчийн өмгөөлөгч Т.Анхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь З.Т.ГОНӨААТҮГазрын даргын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч албан тушаалд томилогдсон. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/212 тоот тушаалаар З.Т.ГОНӨААТҮГ-ын даргаар О.Ганбаатар гэж хүн томилогдсон. Улмаар 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ажлаас халах тухай мэдэгдэл өгсөн. Тус мэдэгдэлд ажлын хариуцлага алдсан тул Хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон гэсэн байсан. Гэтэл 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр даргын зөвлөлийн хурал зарлан, тус хурлаар эрх мэдлээ урвуулан ашиглаж, өөртөө илүү цалин бодож авсан гэсэн үндэслэлээр ажлаас халах болсноо хэлж, даргын зөвлөлийн хурлын гишүүдээс санал хураасан. Улмаар 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/48 тоот ажлаас халсан тушаалд Эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл гаргасан нь баримтаар нотлогдсон тул гэх үндэслэлээр гарсан. Энэ тушаал гарахаас өмнө ажил олгогчийн зүгээс үндэслэлгүй буруутгасан үйлдлийг тэвчилгүй, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр З.Т.ГОНӨААТҮГ-ын дарга О.Ганбаатарт биечлэн өргөдөл гаргаж хүргүүлсэн бөгөөд уг өргөдөлдөө намайг буруутгасан үйлдлүүдийг хууль эрх зүйн үүднээс тайлбарласан. Санхүү бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан, эсхүл гэрээгээр тохиролцсон ноцтой зөрчил гаргаж байгаагүй. ймд ажлаас халах үндэслэлийг дараах байдлаар эс зөвшөөрч байна. Үүнд:
1.2021 оны 2 дугаар сарын 2-ны өдөр байгууллагын санхүүгийн нөхцөл бололцооноос шалтгаалан захиргааны ажилчдын 01 дүгээр сарын сүүлийн хугацааны цалинг олгоогүй байсан. Дарга О.Ганбаатараар тус хугацааны цалинг олгоход гарын үсэг зуруулахдаа 2 дугаар сарын цалингаасаа суутгуулан тооцуулахаар 500 000 төгрөгийг өөрийн 1 дүгээр сарын сүүлийн цалин дээр нэмж бичүүлсэн. Энэ талаараа даргад амаар хэлж зөвшөөрсний дагуу гарын үсэг зуруулсан. Гэтэл хэсэг хугацааны дараа тэр өдрөө намайг дахин дуудаж, гарын үсэг зурсан цалингийн цэсийг буцаан авч, чамд цалингийн урьдчилгаа өгөхгүй, чи ингэж байгаа бол чамтай өөрөөр ярина гэх мэт учир битүүлэг зүйл ярьж, загнаж зандарсан байдлаар намайг буруутгасан. Цалингийн урьдчилгаа авах бол аль ч байгууллагад байдаг асуудал, энэ нь эргээд цалингийн урьдчилгаа авсан хүн дээр авлагаар бүртгэгдэж, дараагийн сарын цалин дээрээс суутгагдан тооцогддог журамтай. Хэрвээ хэлэлгүй, цалин миний дансанд орсон ч, урьдчилгаа авсан миний нэр дээр авлага үүсэн, дараагийн сарын цалингаас автоматаар суутгагдан данс бүртгэлд тусгагдана. Гэхдээ цалингийн урьдчилгаа миний дансанд ороогүй, би байгууллагаас илүү цалин авч хохироогоогүй болно.
2.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйл, Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаал, 2006 оны 292 тоот тушаалаар батлагдсан Төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийн ажилтныг шагнах журмын дагуу 2019 оны ажлын үр дүнгээр нягтлан бодох бүртгэлийн ажилтнуудад балансын шагналыг 2020 оны 6 дугаар сард олгосон. 2020 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангийн үр дүнгээр мөн Цахилгаан автобусны парк шинэчлэлт төслийн ажилд оролцсон хувь нэмрээр нь 2020 оны 11 дүгээр сард байгууллагын үндсэн цалингийн 50 хувиар шагналт цалинг мөн олгосон. Шагналт цалинг олгохдоо тушаал гаргаагүй гэж буруутгасан. Гэтэл тушаал гаргах эрх бүхий этгээд буюу тухайн үед даргаар ажиллаж байсан Б.Цолмон өөрийн эрх хэмжээний хүрээнд тушаал гаргах шаардлагагүй гэсний дагуу балансын шагналыг жагсаалтаар баталж, гарын үсэг тамгыг үндэслэн олгосон. Энэ нь хууль журам зөрчсөн асуудал биш. Намайг буруутгасан балансийн шагналыг би ганцаараа аваагүй нийт санхүүгийн ажилтнууд бүгд авсан болно.
3.Миний бие тус байгууллагад ажилласан цагаас эхлэн ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ сайн гүйцэтгэсэн боловч шинэ удирдлагууд ээлжийн амралтаа биеэр эдлээгүй ажилласан цагийн цалин давхар авсан гэж мөн л буруутгасан. Би 2020 оны ээлжийн амралтыг хуваарийн дагуу 8 дугаар сард бодуулж авсан бөгөөд ажлын шаардлагаар биеэр эдэлж чадаагүй.
Тухайн үед тус байгууллагын өмнөх удирдлагаас санаачлан боловсруулсан Цахилгаан автобусны парк шинэчлэлт төслийн Засгийн газрын хуралдаанд оруулах танилцуулгыг бэлдэх, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулга бэлдэх ажлыг гардан зохион байгуулах, энэ төслийн санхүүжилт шийдэгдэх хүртэл амралтгүй ажиллах үүргийг байгууллагын даргын зүгээс өгсний дагуу ажилласан. Төслийн ажлыг гардан зохион байгуулах ажиллагаанд оролцсоны үр дүнд Ерөнхий сайдын 92 дугаар захирамж, Засгийн 2020 оны 57 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 140 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1062 тоот захирамжийн дагуу Монгол улсын хөгжлийн банкны зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэхээр дэмжигдсэн. Ингээд Хөгжлийн банкны тавьсан шаардлагын дагуу материал бүрдүүлж, хүргүүлсэн. Хөгжлийн банкны зүгээс Зээлийн хорооны хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд шаардлагатай материалуудыг тухай бүр бүрдүүлж, хүргүүлэх ажлыг миний бие болон Санхүү бүртгэлийн ажилтнууд хамтарч хийж гүйцэтгэсэн. Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ын хурлын 41 дүгээр тогтоол гарч манай төсөл дэмжигдсэн боловч Нийслэлийн Засаг даргын газар, Монгол Улсын Хөгжлийн банк, З.Т.ГОНӨААТҮГ-ын гурвалсан зээлийн гэрээ нь 12 сарын 01-ний өдөр зурагдаж, албажсан. Миний бие 12 сард жилийн эцсийн тайлан балансын бэлтгэл ажил, жилийн эцсийн тооллого гээд ээлжийн амралтаа биеэр эдлэх нөхцөл гараагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу энэ асуудлыг шийдвэрлэсэн. Хэрэгт баримтаар нэхэмжлэгч ээлжийн амралт эдлэх ёстой байсан тухай баримтыг хэрэгт ирүүлсэн, гэтэл энэ хугацаанд ажлын шаардлагаар ажиллаж амралтаа биеэр эдэлж чадаагүй тул цалингаа авсан нь үнэн.
Уг тушаал эрх зүйн үндэслэлийн хувьд тушаалд маш бүрхэг итгэл алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон тул гэж бичсэн нь ямар үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т хамааруулсан, ямар үйлдэл 40.1.5-д хамаарах нь тодорхой бус байна. Удирдлагын зөвлөлийн хурлаар нэхэмжлэгчийг дээр дурдсан гурван үндэслэлээр халсан гэж тухайн үед хэлсэн байдаг. Нэхэмжлэгчийг чөлөөлөх болсон дээрх гурван үндэслэлийн улмаас Гэрээний 4.5.2-т зааснаар байгууллагад хохирол учирсан зүйл байхгүй болно. Түүнчлэн аудитын тайлангаар тус байгууллагыг зөрчилгүй хэмээн дүгнэсэн болно. З.Т.ГОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам"-ын 7.18.7-т "Мөнгө буюу эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл алдсан, нууц задруулсан, данс бүртгэлийн алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл, эс үйлдэл гаргасан, байгууллагын эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй, дур мэдэн авч явсан бусдад дамжуулан ашиглуулсан гэж заажээ. Энэ заалтанд хамаарах нэг ч үйлдэл, эс үйлдэл гаргаагүй болно.
Ажил олгогч өөрийн санаачилгаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар цуцлахад хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалтаар тогтоогдсон байхыг шаардана. Гэтэл хэрэгт зөрчлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон гэх баримтгүй, даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр тогтоосон гэж үзэх боломжгүй болно. Хэрэгт авагдсан аудитын дүгнэлт тушаал гарснаас хойшхи цаг хугацаанд бичгээр гарсан тул тушаалын үндэслэлд хамаарах ёсгүй. Шагналт цалингийн хувьд аудитаас зөвлөмж өгснөөс харин М.Бэд холбогдуулж акт тавигдаагүй, тавигдсан акт өөр асуудлаар буюу холбогдох эрх бүхий даргад холбогдуулж гаргасан болно.
Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт тушаал гарснаас өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл ажлын 131 хоног, нэг өдрийн дундаж цалин 85.250 төгрөгөөр тооцон нийт 11.176.750 төгрөг гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэр бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн дотоод журмын 7.18.7-д Мөнгө буюу эд хөрөнгө гардан хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэл алдсан, нууц задруулсан, данс бүртгэлийн алдаа гаргасан буюу эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл, эс үйлдэл гаргасан, байгууллагын эд хөрөнгийг зохих зөвшөөрөлгүй дур мэдэн авч явсан, бусдад дамжуулан ашиглуулсан, Хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т энэ гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахиж, ажлын байранд заагдсан ажил, үүргээ хугацаанд нь чанартай биелүүлнэ, мөн гэрээний 4.5.2 шунахайн сэдлээр үйлдвэрийн газрын болон бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг үрэгдүүлсэн, ашигласан, хулгайлсны улмаас хохирол учруулсан зэрэг үйлдэл нь баримтаар нотлогдсон гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан.Үүнд:
1.2021 оны эхээр тэрээр ажилчдын цалинг байгууллагын даргаар гарын үсэг зуруулахаар оруулж ирсэн. Ингэхдээ тэрээр өөрийн цалинд 500.000 төгрөг нэмж бичиж оруулж ирсэн. Ямар учраас 500.000 төгрөг бодсон юм хэмээн цалингийн нягтлан бодогчоос асуухад М.Б бич гэснээр нэмж бичсэн гэдэг. Тэрээр даргаас амаар зөвшөөрөл авсан байсан гэдэг ч хэрэгт хавсаргаж өгсөн түүний 2021 оны 2 дугаар сарын өргөдөлд зөвшөөрөлгүй өөртөө цалин нэмж бичсэндээ уучлалт гуйсан талаар дурдагдсан.Тус байгууллагад мөрдөгдөж буй цалин хөлсний журмаар ажилтанд цалингийн урьдчилгаа олгож болох ч ийнхүү бодохдоо удирдлагаас бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэдэг. Гэтэл нэхэмжлэгч өөрөө тус байгууллагын ерөнхий нягтлан, уг журмыг хэрэгжүүлэх, хяналт тавих үүрэгтэй этгээд хэрнээ өөрийн цалинд бичгээр авсан зөвшөөрөлгүйгээр нэмж бичиж оруулж ирсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил, 40.1.5-д заасан итгэл алдсан үйлдэл. Энэ зөрчлийн тухайд дарга өөрөө шууд илрүүлсэн.
2.Улмаар дээрх асуудлаас үүдэлтэйгээр түүний 2020 онд авсан цалин хөлсийг удирдлагын зүгээс шалгасанд 2020 оны 6 дугаар сард, 11 дүгээр сард тус тус санхүүгийн ажилчдад Балансийн шагналыг байгууллагын даргын тушаалгүйгээр жагсаалтаар олгосон байсан. Хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлсний журмаар тус байгууллага ажилтанд 4 төрлийн нэмэгдэл олгоно. Үүнд ажилласан жилийн, ур чадвараас хамаарах нэмэгдэл, ажлын онцлогоос шалтгаалсан нэмэгдэл, даргын урамшуулалт нэмэгдэл гэж заасан. Гэтэл энд заагдаагүй урамшуулал, нэмэгдлийг авснаас гадна аль ч журмаар байгууллага ашигтай ажилласан тохиолдолд шагнал урамшуулал олгоно, ийнхүү олгохдоо заавал даргын тушаалаар олгохоор заасан. Гэтэл 2020 онд байгууллага ашигтай ажиллаагүй, харин 2 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Түүнчлэн балансийн шагналт цалинг даргын тушаалгүйгээр жагсаалт гаргаж батлуулан олгосон байдаг. Шагналт цалинг санхүүгийн ажилтнууд бүгд авсан хэдий ч нэхэмжлэгч тус байгууллагын ерөнхий нягтлан, уг журмыг мөрдүүлэх, хяналт тавих үүрэгтэйгээс гадна санхүүгийн бүх баримтад хоёрдугаар гарын үсэг зурдаг этгээдийн хувьд түүнд итгэл үзүүлэх боломжгүй гэж үзсэн тул ялгаварлан гадуурхсан, бусад ажилтан авсан тухай тайлбар үндэслэлгүй. Аудитын дүгнэлтээр санхүүгийн бүртгэлийн хэлтсийн ажилтнууд байгууллагын даргын тушаал шийдвэргүйгээр балансийн шагналт цалин авч байсан талаар дурдаж зөвлөж өгснөөс гадна Сангийн сайдын 2012 оны хүчингүй болгосон тушаалыг баримталсан байна хэмээн аудитын дүгнэлтэд дурдсан байдаг.
3.Нэхэмжлэгч ээлжийн амралтын олговор авсан хэрнээ тухайн сардаа ажилласан цалингаа мөн бодож авсан байсан. Тус байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 8.2.6-д зайлшгүй шаардлагаар ажилласан тохиолдолд ээлжийн амралтыг нөхөн эдлүүлэхээр хойшлуулж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл ээлжийн амралтыг мөнгөн урамшууллаар тооцох талаар журамд заагаагүй, харин заавал биеэр эдлүүлэх талаар заасан. Нэхэмжлэгч цахилгаан автобусны төсөлтэй холбоотой ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй гэдэг ч түүнээс бусад уг ажлыг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийн бүх гишүүд ээлжлэн ээлжийн амралтаа амарсан байдаг. Үүнээс гадна төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг нэхэмжлэгч бус харин гэрээгээр бусдаар гүйцэтгүүлсэн талаарх баримт хэрэгт авагдсан болно. Иймд тэрээр биеэр амрах бүрэн боломжтой байтал ажилласан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тус байгууллагад зэрэг 2 аудит хийгдсэн. Аудит хийгдэхдээ холбогдох ажилтнуудаас тодруулга авч дуудаж асууж байсан бөгөөд нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд аудит хийгдчихсэн байсан, харин бичгийн тайлан сүүлд нь гарсан болно. Аудит хийгдэх явцад удирдлагад гарсан алдаа зөрчлийг тухай бүрд амаар танилцуулж байсан. Дээрх гурван үйлдлийг бүгдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар итгэл алдсан үйлдэл гэж үзсэн. Түүнчлэн 500.000 төгрөг нэмж бичсэн, балансийн шагналт цалин тушаалгүйгээр олгосон асуудлыг ноцтой зөрчилд мөн тооцсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан З.Т.ГОНӨААТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 176 750 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэгч М.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхны шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, бодитой талаас нь үнэлээгүй буюу Аудитын шалгалтын дугнэлтийг унэн зөв унэлээгуй байна. Шүүх хавтаст хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын Нийслэл дэх аудитын газрын 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 01/88 тоот төлбөрийн акт, 2021 оны 3 дугаар сарын 15- ны өдрийн 01/279, 01/280, 01/281 тоот албан шаардлагуудыг нотлох баримтаар үнэлээгүй.
Мөн шүүх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зөрчлийг тогтоосон үйл баримт гэгдэх Үндэсний аудитын газрын Нийслэл дэх аудитын газрын тайлан нь нэхэмжлэгч М.Бийг ажлаас халснаас 15 хоногийн дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гарсан болохыг бодитой үнэлээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан зохицуулалт нь сахилгын зөрчлийг илрүүлж буй субъектээрээ ялгагддаг. Шүүх Үндэсний аудитын газрын Нийслэл дэх аудитын газрын дүгнэлтийг үнэлэхдээ энэхүү дүгнэлт нь хэзээ гарсан, аудитын дүгнэлтээр хэрхэн үнэлэгдсэн үйл баримтыг үнэлээгүй болно. Өөрөөр хэлбэл, ажил олгогчийн ажлаас халах үед ажилтны тухайн зөрчилд гэм буруутай эсэхийг урьдчилж тогтоогоогүй. Төлбөрийн акт болон албан шаардлага нь М.Бийн ажлаас халсан тушаал, маргааны зүйл болох хариуцагчийн тайлбарлаж буй зөрчлүүдтэй огт холбоогүй. Шүүхээс Аудитын зөвлөмжид дурьдагдсан үйл баримтыг зөрчил гэж тооцсон нь хуульд нийцэхгүй. Тухайлбал, Төрийн аудитын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар зөвлөмж өгч байгаа нь зөрчил гэж үзэх үндэслэлгүй болно. Шүүх 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн даргын зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгуй болгосон боловч Даргын зөвлөлийн хурал нь ажилтны сахилгын зөрчлийн талаар хэлэлцэх эрхтэй эсэх, сахилгын зөрчлийг тогтоосон үйл баримт болох эсэх нь тодорхойгүй.
Даргын зөвлөлийн хурлын журмаар хэлэлцэх асуудлыг хэрхэн оруулах, ямар асуудлуудыг хэлэлцэх, цаашлаад сахилгын зөрчлийн талаар ярилцах эсэх, саналын эрхтэй гишүүд нь хэн, хэн байгаа эсэх, сахилгын зөрчлийг санал асуулгаар тогтоох эрхтэй эсэхийг дүгнэхийн тулд Даргын зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулсан журмыг нотлох баримтаар үнэлэх шаардлагатай байсан. Түүнчлэн, сахилгын зөрчлийг тогтоох, ажилтнаас тайлбар мэдүүлэг авах хурал бус урьдчилж тогтоосон хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх хурал байсан. Дээрх зөрчлийг Үндэсний аудитын газрын Нийслэл дэх аудитын газраас тогтоогоогүй, зөрчил гэж үзээгүй баримт болно. Нөгөө талаар зөрчлийг хэрхэн илрүүлсэн талаарх баримт байхгүй. Зөвхөн З.Т.ГОНААТҮГ-ын даргын хуралд хэлсэн баримтаар нотлох баримт гэж үзсэн нь хуульд нийцэхгүй, хэрэв дээрх тайлбарыг үнэн бодитой гэж үзэх бол Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт заасан хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөр тоолж хэрэглэнэ.
Анхан шатны шүүхээс Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 2000 оны Ээлжийн амралт олгох заавар-ын 13-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, мөнгөн урамшуулал гэдэг нь биеэр эдлээгүйн төлөө ээлжийн амралтын олговороос гаднах урамшууллыг хэлж буй болохоос биш биеэр эдлээгүй хүн давхар цалин хөлс авч болохгүй гэсэн зохицуулалт биш юм.
Шүүхээс нэхэмжлэгчийг тушаал гаргаагүй гэх байдлаар зөрчил гаргасан гэж үзсэн бөгөөд нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тушаал гаргах нь нэхэмжлэгчийн ажил үүрэг мөн эсэхийг үнэлээгүй. Тухайлбал, цалин хөлсийг З.Т.ГОНӨААТҮГ-ын даргын тушаалаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр цалин хөлсний журмыг шинэчлэн баталсан, мөн цалин хөлс олгосон баримтад компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд баталж, гарын үсэг зурсан байдал зэргийг нотлох баримтаар үнэлээгүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. З.Т.ГОНӨААТҮГ-т орсон Үндэсний аудитын газрын Нийслэл дэх аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Аудитын дүгнэлтээр зөрчилгүй дүгнэлт гарсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг шүүхээс Санхүүгийн аудитаас зөрчилгүй дүгнэлт гарсан, ажил олгогчийн маргаж буй маргааныг аудитаас зөрчил гэж үзэн албан шаардлага, төлбөрийн акт тогтоогоогүй байхад 40.1.5-д заасныг зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн хуульд нийцэхгүй юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.
Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч З.Т.ГОНӨААТҮГ-т холбогдуулан тус газрын Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт /тушаал гарснаас шүүх хуралдаан хүртэл ажлын 131 хоног, нэг өдрийн дундаж цалин 85 250 төгрөгөөр тооцон/ 11 176 750 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэр бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч М.Б нь З.Т.ГОНӨААТҮГ-ын даргын 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/15 тоот тушаалаар Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд Ерөнхий нягтлан бодогч албан тушаалд томилогдон ажиллаж байсан. /хх21/ Улмаар ажил олгогч нь ажилтан М.Бэд 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ажлын хариуцлага алдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаар мэдэгдэл өгч, 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдөр даргын зөвлөлийн хурлын гишүүдийн хурлаар хэлэлцэж, З.Т.ГОНӨААТҮГ-ын даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/48 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Хөдөлмөрийн гэрээний 2.2.2, 4.5.2, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.4, 7.18.7-д заасныг тус тус үндэслэн мөн өдрөөс гэрээг цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ. /1хх-7/
Хариуцагч нь нэхэмжлэгчийг 3 төрлийн, нийт 4 удаагийн зөрчил гаргасанд буруутгаж, талууд уг үйлдлүүд зөрчил мөн эсэх асуудлаар маргажээ. Үүнд:
1. Нэхэмжлэгч нь 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ажилчдын цалинг тавьж олгох хүснэгтийг удирдлагад оруулахдаа өөрийн цалинд 500 000 төгрөгийг нэмж оруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд уг 500 000 төгрөгийг нэхэмжлэгч цалингийн урьдчилгаа, даргын аман зөвшөөрлөөр бичиж гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан бол хариуцагч нь 2021 оны эхээр тэрээр ажилчдын цалинг байгууллагын даргаар гарын үсэг зуруулахаар оруулж ирэхдээ өөрийн цалинд 500 000 төгрөг нэмж бичиж оруулж ирсэн. Ямар учраас 500 000 төгрөг бодсон юм хэмээн цалингийн нягтлан бодогчоос асуухад М.Б бич гэснээр нэмж бичсэн гэдэг. Тэрээр даргаас амаар зөвшөөрөл авсан байсан гэдэг ч хэрэгт хавсаргаж өгсөн түүний 2021 оны 02 дугаар сарын өргөдөлд зөвшөөрөлгүй өөртөө цалин нэмж бичсэндээ уучлалт гуйсан. Тус байгууллагад мөрдөгдөж буй цалин хөлсний журмаар ажилтанд цалингийн урьдчилгаа олгож болох ч ийнхүү бодохдоо удирдлагаас бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэдэг гэж маргасан. /2хх29/
Уг цалингийн урьдчилгаа гэх 500 000 төгрөг нэхэмжлэгчийн дансанд ороогүй, хариуцагчид бодитой хохирол учраагүй ч удирдлагын бичгийн зөвшөөрөлгүй үйлдэгдсэн нь Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.4, Цалин хөлсний журмын 11.1-т заасныг зөрчсөн гэж үзнэ.
2. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 2020 оны 6 дугаар сард, мөн оны 11 дүгээр сард тус тус санхүүгийн ажилчдад балансийн шагналыг байгууллагын даргын тушаалгүйгээр жагсаалтаар олгосон зөрчил үйлдсэн гэж буруутгажээ.
Хэрэгт 2020 оны 6 дугаар сард санхүү бүртгэлийн хэлтсийн 10 ажилтан 2019 оны жилийн эцсийн балансын шагналт цалинд 650 000 төгрөг, нэхэмжлэгч мөн сард 1 100 000 төгрөгийг, 2020 оны 11 дүгээр сард санхүү бүртгэлийн хэлтсийн ажилтнууд 2020 оны эхний хагас жилийн балансын шагналт цалин авсан баримт авагдсан. /хх162/
Дээрх балансын шагналт цалин олгосон гэх үйлдлийг анхан шатны шүүхээс хохирлын талаарх баримтгүй гэж дүгнэсэн хэдий ч энэ үйлдэл нь мөн хариуцагч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, цалин хөлсний журмын 9.1.1-т зааснаар даргын тушаалгүй олгогдсон нь уг журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн ...нэмэгдлүүдийг даргын тушаалгүйгээр, байгууллага ашигтай ажиллаагүй, 2 тэрбум төгрөгийн алдагдалтай байхад олгосон гэх тайлбарыг баримтаар үгүйсгэж чадаагүй.
3. Мөн нэхэмжлэгчийг ээлжийн амралтын олговор авсан хэрнээ тухайн сардаа ажилласнаар цалин давхардуулж авсан зөрчил үйлдсэн гэж хариуцагч буруутгасан.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь 2020 оны ээлжийн амралтыг хуваарийн дагуу 8 дугаар сард бодуулж авсан. Ажлын шаардлагаар биеэр эдэлж чадаагүй, Цахилгаан автобусны парк шинэчлэлт төслийг Засгийн газрын хуралдаанд оруулах танилцуулгыг бэлдэх, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд танилцуулга бэлдэх ажлыг гардан зохион байгуулах, төслийн санхүүжилт шийдэгдэх хүртэл амралтгүй ажиллах үүргийг байгууллагын даргын зүгээс өгсний дагуу ажилласан гэж тайлбарласнаас гадна 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цагийн бүртгэлээс нэхэмжлэгч энэ хугацаанд ажилласан, ээлжийн амралтаа биеэр эдлээгүй, 2020 оны 8 дугаар сард ээлжийн амралтын олговорт нэхэмжлэгч 1 760 703 төгрөг, тухайн сард цалинд 2 192 973 төгрөг авсан үйл баримт тогтоогдсон. /хх 54,172,174,176,178,180,182,184/
Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна гэж заасан.
Нэхэмжлэгч 2 192 973 төгрөг авсан үйлдлээ Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд олгох мөнгөн урамшуулал биш, цалин гэж маргажээ. Нэхэмжлэгч нь ээлжийн амралт биечлэн эдлээгүй ажилласан нь тогтоогдсон. Энэ тохиолдолд ажилласан хугацааны цалинг авахаас гадна хамтын гэрээтэй бол амралтыг биечлэн эдлээгүй бол урамшуулал өгөх, харин хамтын гэрээгүй бол байгууллагын шийдвэрээр мөнгөн урамшуулал авахаар хуульд заасныг зөрчсөн буруутай байна. Нэхэмжлэгч ээлжийн амралтын олговор, цалинг 2020 оны 8 дугаар сард давхар авсныг зөрчил гэж үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар өнгөрсөн, уг үйлдэлд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх юм.
Нэхэмжлэгч нь санхүү бүртгэл хариуцсан ажилтны хувьд 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр удирдлагын бичгийн зөвшөөрөлгүйгээр цалингийн урьдчилгаа гэх 500 000 төгрөгийг цалингийн цэсэнд өөртөө нэмж бичсэн, 2020 оны 11 дүгээр сард санхүүгийн ажилтнуудад балансийн шагналыг байгууллагын даргын тушаалгүйгээр жагсаалтаар олгосон зөрчил үйлдсэн. Энэ нь хэдийгээр ноцтой, итгэл алдсан зөрчилд хамаарахгүй ч хөдөлмөрийн сахилгын давтан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зөрчилд хамаарч байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.
Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байх юм.
Иймд анхан шатны шүүхийн хариуцагчийн үйлдүүд зөрчил мөн боловч, ноцтой, ажилтан ажил олгогчийн итгэл алдсан зөрчилд хамаарахгүй гэсэн агуулгаар дүгнэж, сахилгын давтан үйлдсэн зөрчлүүдийн талаар дутуу хийсэн дүгнэлтийг нөхөн дүгнэж, шүүхийн шийдвэрийг агуулгын хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2021/01675 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ
Ш.ОЮУНХАНД