| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2202 00650 0280 |
| Дугаар | 2024/ДШМ/475 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.7.2., |
| Улсын яллагч | Г.Билгүүн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ДШМ/475
Г.Т, Э.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүн,
шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Н.Нарантуяа,
шүүгдэгч Э.Аийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Т, Э.А нарт холбогдох 2202 00650 0280 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Г-ийн Т, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Орхон аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... нарын хамт .... дүүргийн ... дугаар хороо, ...ны ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 218 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн;
2. Б овгийн Э-ны А, 20... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-д борлуулалт үйлчилгээний ажилтан ажилтай, ам бүл ... нарын хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/723 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн;
Г.Т нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гадна 3 таблет 30 ширхэг Морфин буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад хамаарах “Моrphine” гэх нэршилтэй эм, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/184 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”-ын А.Мансууруулах эмийн жагсаалтын 14-т багтсан “Трамадол” гэх олон улсын нэршилтэй, “Трамадол-2% 2мл” гэсэн бичиглэлтэй 12 ширхэг эмийг Э.Ат 200.000 төгрөгөөр худалдсан,
Э.А нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гадна 3 таблет 30 ширхэг Морфин буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад хамаарах 14 ширхэг “Могрhine” гэх нэршилтэй эм, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/184 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”-ын А.Мансууруулах эмийн жагсаалтын 14-т багтсан “Трамадол” гэх олон улсын нэршилтэй, “Трамадол-2% 2мл” гэсэн бичиглэлтэй 12 ширхэг эмийг хууль бусаар олж авсан, улмаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 137 тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,
мөн гэртээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг Дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай, 102.2 грамм цэвэр жин бүхий “өвс” гэх нэршилтэй бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Э.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, худалдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Э.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Тт 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ат 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Т, Э.А нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Аийн урьд цагдан хоригдсон нийт 7 /долоо/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй цус мэт зүйлээр бохирлогдсон цаас 1 ширхэг, шар, улбар шар өнгийн эмийн хоосон капсул 1 ширхэг, натрийн хлорид 100 мл гэсэн бичиглэлтэй хоосон сав, “Трамадол-2% 2мл” гэсэн бичиглэлтэй 12 ширхэг эм, шар, улбар шар өнгийн эмийн хоосон капсул 4 ширхэг, “Моrphine sulphate” гэсэн бичиглэлтэй таблеттай эм 14 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн тариур 1 ширхэг, цус мэт улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цэнхэр өнгийн тариур 1 ширхэг, хуванцар савтай, цэвэр жин 102.2 грамм ургамал мэт зүйл, шар, хүрэн улаан өнгийн капсултай эм 8 ширхэг, “Коmix” гэсэн бичиглэлтэй шингэн зүйл 1 ширхэг зэрэг зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдэж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тээс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Т, Э.А нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.А гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2001 онд төрсөн, 22 настай, өөрийн ээж, дүү болон эхнэрийн хамт амьдарч, “Скайтел” ХХК-д борлуулалт үйлчилгээний ажилтнаар ажилладаг байсан. Өөрийн эрүүл мэндийн байдлаасаа болон ухамсаргүй үйлдэл гарган Трамадол, Морфин зэрэг эмийг хууль бусаар худалдан авч хэрэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ хүнд байдалд үлдээсэн. Ид ажиллаж, хөдөлмөрлөх насан дээрээ өөрийн ухамсаргүй үйлдлээсээ болж яллуулж, эрхээ хасуулсан надад ээж болон эхнэрийн өмнө хариуцлага хүлээж, дүүдээ үлгэр дуурайлал болж чадахгүй байгаа минь намайг өдөр бүр зовоож байна. Хэрэгт хүндрэл учруулаагүй, хийсэн хэргээ нуун далдлаагүй үнэн зөвөөр хүлээсэн, хохирол гомдолгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ялыг минь хөнгөрүүлж, тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Би Монгол Улсын шүүх байгууллага үнэн зөв ажилладаг гэдэгт итгэж байна. Эргэн гэр бүлдээ болон нийгэмдээ хариуцлагатай иргэн болж ажил хөдөлмөр эрхэлж, үнэн шударга амьдрах боломж олгож өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Э.Аийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.А нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хаанаас, хэрхэн, яаж олж авснаа үнэн, зөвөөр мэдүүлдэг бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа ойлгож, гэмших байр суурьтай оролцсоныг харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар бие махбодын байдлаас болоод гэмт хэрэг үйлдсэн. Шүүгдэгч Э.А нь чонон үлд гэх өвчтэй бөгөөд эмнэлэгт үзүүлэхийн оронд ийм байдлаар эдгээж, өвчнөө намдааж байсан тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу Э.Ат оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү.” гэв.
Прокурор Г.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Н.Нарантуяа “Г.Т нь морфин худалдаалаагүй” гэж үзсэн байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 9 дүгээр хуудаст энэ талаар дүгнэлт хийсэн. Э.А нь Тоби буюу Г.Тээс морфин, трамадол авсан гэдгээ мэдүүлдэг. Э.А, Г.Т нарын гар утсанд үзлэг хийхэд Г.Ттэй “10 ширхэгтэй, 1 хавтгай нь 25к” гэж харилцсан мессеж байдаг. Морфин нь шахмал эм, трамадол нь шингэн байдаг бөгөөд Э.Аийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэлээр шахмал эм буюу морфин, шингэн трамадол хураагдсан. Иймд шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Н.Нарантуяагийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Морфин худалдан борлуулсан гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Трамадол нь Эм судлалын салбар зөвлөлийн 2003 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4 дүгээр шийдвэр, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/284 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтын б ангиллын 33-т бичигдсэн байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэнэ” гэж заасан. Трамадолтой холбоотой үйлдлийг шалгах шаардлагатай гэж үзэж 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Э.Аийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан “бие махбодын, сэтгэл санааны албадлагын, эд хөрөнгийн, албан тушаалын, бусад байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэх, мөн хэсгийн 1.5 дахь заалтад заасан “өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Э.Аийн гэрт үзлэг хийж, хураан авсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаагаар хэргийн үйл баримт тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын хүрээнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэм буруугийн болон шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Т нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гадна 3 таблет 30 ширхэг Морфин буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад хамаарах “Моrphine” гэх нэршилтэй эм, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/184 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”-ын А.Мансууруулах эмийн жагсаалтын 14-т багтсан “Трамадол” гэх олон улсын нэршилтэй, “Трамадол-2% 2мл” гэсэн бичиглэлтэй 12 ширхэг эмийг Э.Ат 200.000 төгрөгөөр худалдсан,
шүүгдэгч Э.А нь 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны гадна 3 таблет 30 ширхэг Морфин буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад хамаарах 14 ширхэг “Могрhine” гэх нэршилтэй эм, Эрүүл мэнд, спортын сайдын 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/184 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”-ын А.Мансууруулах эмийн жагсаалтын 14-т багтсан “Трамадол” гэх олон улсын нэршилтэй, “Трамадол-2% 2мл” гэсэн бичиглэлтэй 12 ширхэг эмийг хууль бусаар олж авсан, улмаар 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 14 дүгээр байрны 137 тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,
мөн гэртээ 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг Дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай, 102.2 грамм цэвэр жин бүхий “өвс” гэх нэршилтэй бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
гэрч Э.Б-ийн “...Э.А нь хааяа Тепадин гэх эм судсаараа шахаж хэрэглэдэг талаар хальт мэднэ. ...” /1хх 105-106/,
шүүгдэгч Э.Аийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр морфин, трамадолоо Тоби ахаас авснаа санаж байна. Трамадолыг тарианд хийж байгаад судас руугаа шахаж, морфиныг нь амандаа хийж залгиж хэрэглэдэг. Харин савтай өвсийг гэртээ хадгалсан байснаа мартсан байна. ...Би хууль бус гэдгийг нь мэдэж байсан. Сонирхоод хэрэглэж үзмээр санагдаад Тоби ахаас худалдаж авсан байсан юм. ...” /2хх 31-33/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5142 дугаартай “...“Трамадол-2%” гэсэн бичигтэй 12 ширхэг шингэн зүйлээс мансууруулах сэтгэцэт нөлөөт бодис илрээгүй. Morphine sulphate гэсэн 14 ширхэг таблеткан эмээс морфин илэрсэн. “4” гэж дугаарласан хуванцар савтай ургамал мэт зүйлээс тетрагидроканнабинол илэрсэн. НҮБ-ын 1961 оны Мансууруулах эмийн тухай конвенцийн жагсаалтад хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 119-123/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5143 дугаартай “...Э.Аийн шээсний дээжээс морфин илэрсэн. ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 126-128/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14534 дугаартай “...Э.Аийн биед 2 гарын бугалга, шуу, сарвуунд нийт 42 ширхэг тариурын зүүний хатгагдсан ором тогтоогдлоо. Дээрх хатгагдсан ормууд нь 1 болон түүнээс дээш хоногуудад үүссэн байх боломжтой. ...” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 131-132/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 12-18/,
Э.Аийн биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгахад МОР, ОРI, ТМL хэсэгт эерэг буюу тухайн төрлийн бодис хэрэглэсэн тухай тэмдэглэл /1хх 19-24/, Г.Тийн биед үзлэг хийж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг тестээр шалгахад ТМL гэсэн хэсэгт эерэг гэсэн утгыг илэрхийлсэн тухай тэмдэглэл /1хх 31-35/,
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 78 дугаар байрны 56 тоотод 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн нэгжлэг хийсэн тэмдэглэл, нэгжлэгээр 26 ширхэг Трамадол гэх зүйлс хураан авсан болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 41-43/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 44-46, 80-82, 227-228/,
Г.Тийн эзэмшлийн Төрийн банкны 102200293027 тоот дансны гүйлгээний хуулганд үзлэг хийхэд Э.Аээс 200.000 төгрөг шилжүүлсэн тухай тэмдэглэл, дансны хуулга /1хх 48-79/,
Эрүүл мэндийн сайдын 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/28 дугаартай тушаалаар “Трамадол” гэж Сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтын 33-т нэмсэн тухай тушаал /2хх 7/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хэрэгт авагдсан нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан шүүгдэгч, гэрч нарын тайлбар, мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Г.Тийг “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, худалдсан” гэмт хэргийг,
шүүгдэгч Э.Аийг “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, олж авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Тийн Морфин буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад хамаарах “Моrphine” гэх нэршилтэй 3 таблет 30 ширхэг эм, Эрүүл мэнд, спортын сайдын А/184 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”-ын А.Мансууруулах эмийн жагсаалтын 14-т багтсан “Трамадол” гэх олон улсын нэршилтэй “Трамадол-2% 2мл” гэсэн бичиглэлтэй 12 ширхэг эмийг Э.Ат худалдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Э.Аийн Морфин буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай конвенц”-ын жагсаалтад хамаарах 14 ширхэг “Могрhine” гэх нэршилтэй 3 таблет 30 ширхэг эм, Эрүүл мэнд, спортын сайдын А/184 дугаартай тушаалаар батлагдсан “Монгол Улсын хүн амын эмчилгээнд хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалт”-ын А.Мансууруулах эмийн жагсаалтын 14-т багтсан “Трамадол” гэх олон улсын нэршилтэй, “Трамадол-2% 2мл” гэсэн бичиглэлтэй 12 ширхэг эмийг хууль бусаар олж авсан, улмаар өөрийн гэртээ худалдаалах зорилгогүйгээр хадгалсан,
мөн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын II дугаар жагсаалтад багтдаг Дельта-9 тетрагидроканнабинол бодисын агууламжтай, 102.2 грамм цэвэр жин бүхий “өвс” гэх нэршилтэй бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан шүүгдэгч Г.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нар “...хорих ялыг өөрчилж, тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. ...”,
шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Н.Нарантуяа “...оногдуулсан 4 жилийн хорих ялыг хөнгөрүүлэх, эсвэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Шүүх хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо нотлох баримт нэг бүрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэт бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр гэмт хэрэг гарсан байдал, сэдэлт, зорилго зэрэг нотолгооны зүйлийн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт өгөх үүрэгтэй.
Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн мөрдөгч нараас гаргасан мэдээллийн дагуу гомдол мэдээллийг шалгахад шүүгдэгч Э.Аийн шээсний дээжээс морфин /morphine/ илэрсэн, 1 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар хуудсанд “Tobi Ganaa гэх иргэнтэй Э.А нь фэйсбүүк чатаар харилцсан мессеждээ “хоёр хавтгай морфин бол 160-д нь авчеөө, дараа нь дахиад авнаа гэнээ” гэсний хариуд “Мхм ок” гэсэн хариу чат илгээсэн” баримт болон 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Э.Аийн яллагдагчаар өгсөн “Тоби буюу Т морфин, трамадол гэх зүйл олж авах санаатай байна, чамд мөнгө байна уу гэж надаас асуухаар нь надаа хэдэн ширхэгийг зарах юм уу? Өгөх юм уу ? гэж асуухад Тоби ах болно асуудалгүй гэж хэлсэн. ...би гэрээсээ гараад очиход 2 милграммын буюу 15 ширхэг шингэн трамадол гэх тариа, 3 таблет 30 ширхэг морфин гэх жижиг савтай эм өгөхөөр нь би аваад гэрлүүгээ орсон.” гэсэн мэдүүлэг, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Г.Тийн гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдөр Г.Тийн эзэмшлийн 102200293027 дугаартай Төрийн банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгч Г.Т нь шүүгдэгч Э.Ат морфин зарсан гэх үйл баримт хангалттай нотлогдож байх тул худалдах зорилго бүхий гэмт санаа буюу субьектив талын шинж хангалттай тогтоогдсон гэж үзлээ.
Баримтат мэдээлэлд шүүгдэгчийн мэдүүлэг хамаарах бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэх ба Э.Аийн яллагдагчаар өгсөн дээрх мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, энэхүү мэдүүлэг нь бусад баримтат мэдээллээр нотлогдож байх тул шүүгдэгч Г.Тийг гэм буруутай гэж дүгнэсэн нь зөв байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Шүүгдэгч Г.Т, Э.А нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийнх нь хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, өөрчлөх, тэнсэн харгалзах ялаар солих үндэслэл байхгүй байна.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан ял хөнгөрүүлэх талаарх давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан заалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөлд хамаарахгүй.
Анхан шатны шүүх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хамаарах тул эд мөрийн баримт устгах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иймд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Т, Э.А нар нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 23-ны энэ өдрийг хүртэл тус бүр 83 хоног цагдан хоригдсон хоног хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2024/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
5 дахь заалтын “...устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдсүгэй.” гэснийг “...устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Г.Тийн өмгөөлөгч Н.Нарантуяа, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, Э.А нарын 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон тус бүр 83 /наян гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ