Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2025/0813

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,                                                                             Нэхэмжлэгч: Н.Д******* /РД:НЮ*******/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргад холбогдох газрын маргааныг хянан хэлэлцэв.                                  

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.У*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ундрал нар оролцов.                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:                                                                     1.1.Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дугаартай “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээнийa тухай” захирамжийн нэгдүгээр хавсралтын 51 дүгээрт иргэн Н.Д*******гийн өмчлөлийн Б******* 15 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 13 дугаар хороолол 6 дугаар байрны хойд талд байрлах гарааш буулгасан захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгож, илт хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 37,866,333.60 төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар гаргуулах.           

Хоёр.Хэргийн үйл баримт талаар:                                                

2.1.Нэхэмжлэгч Н.Д******* нь иргэн М.Ч*******тай Б******* 15 дугаар хороо, 6 дугаар байрны баруун хойд талд байрлах 18 м.кв талбай бүхий гараашийг 6.500.000 төгрөгөөр худалдан авах гэрээг 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр байгуулжээ.

2.2.Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх гараашийн байршлыг  дүгээр хавсралтаар баталсан бөгөөд уг хавсралтын 51 дүгээр хэсэгт Б******* 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах миний өмчлөлийн гараашийг буулгаж газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.                                                                                 

2.3.Б******* Газрын албанаас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж, газар чөлөөлөх ажиллагааг хийжээ.

2.4.Н.Д*******гаас 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд нөхөн төлбөр олгуулах талаар гомдол гаргасан бөгөөд тус албаны 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01-07/2024 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох боломжгүй талаар хариу хүргүүлжээ.

2.5.Нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дүгээр “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн нэгдүгээр хавсралтын 51 дэх хэсэгт Б******* 15 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 13 дугаар хороолол 6 дугаар байрны хойд талд 18 м.кв талбай бүхий гараашийг буулгах иргэн Н.Д*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:                                                                                               3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З*******эс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаартай “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” Нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралтад Б******* 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Д*******гийн өмчлөлийн гараашийг буулгаж газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь Газрын тухай хууль болон бидний үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших ашиглах өмчлөх эрхэд ноцтой халдсан. Тус захирамжийн хуулийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 хэсгийг удирдлага болгон газрыг албадан чөлөөлөхөөр болсон. Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн гэсэн үндэслэлээр газрыг албадан чөлөөлөхийг илэрхийлсэн байна. Нэхэмжлэгч уг гараашийг дур мэдэн эзэмшсэн зүйл байхгүй. Зохих зөвшөөрөлтэй баригдсан гараашийг худалдах, худалдан авах гэрээгээр авч эзэмшиж өмчилж, өөрийн харьяа газрын албатай гэрээ байгуулж, гэрээний үндсэн дээр газар эзэмшиж байсан. Газрын тухай 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу газрыг энэ хуульд заасан хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр ашиглана гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу гарааш нураалтын ажиллагаа явуулахдаа гарааш эзэмшигч надад мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, нөхөн төлбөр олгох талаар шийдвэрт хүрээгүй байхад гараашийг буулгаж эд хөрөнгийг минь устгасан. Гарааш нурааж газрыг нийтийн эзэмшил болгож байгаатай холбогдуулан нөхөн төлбөр авах талаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хариу ирүүлэхдээ гарааш өмчлөгч газар эзэмшигч хууль ёсны эзэмшигч, өмчлөгч биш хэмээн нөхөн төлбөр авах эрхгүй этгээд гэж хариу ирүүлсэн. Газрын тухай хуулиар эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээний дагуу гараашийн зориулалтаар эзэмшиж байсан газрыг чөлөөлөхдөө газраас үл салгаж болох шударгаар олж авсан эд хөрөнгийг минь зөвшөөрөлгүй хэмээн үзэж нураасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших эрхийг хөндсөн. Дээрх захиргааны актын улмаас учирсан хохирол болох 37 866 333.60 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү” гэв.

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх бодит нөхцөл байдалд тохирсон байх, зорилгодоо нийцсэн байх, бусдын хууль ёсны итгэл хамгаалах зэргийг захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцсэн гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч Н.Д*******гийн иргэний эрх, хууль ёсны сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэн захиргааны эрх зүйн актыг илт хууль бус болон тогтоолгон үүний улмаас учирсан хохирлыг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу шаардаж байна. Хариуцагчийн зүгээс хохирлын хэмжээний үнийн дүнтэй маргаж байгаа. Зөвхөн газрын зөвшөөрөлгүй явсан учраас бидний зүгээс нөхөн төлбөр төлөхгүй гэсэн тайлбар хэлээд байгаа үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Газар зохион байгуулалтын албаны хариу тайлбарт эрх зүйн харилцаа байсан эсэхийг тодорхойлоод өгчихсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 51 дүгээрт Б******* 15 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны баруун хойд талд байрлах төмөр гараашийг буулгаж, газрын зөрчлийг арилгах тухай захирамж гаргасан байна. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагч нь газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасан бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд маргаантай захирамжийг гаргасан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан бөгөөд нэхэмжлэлд дурдсан тухайн гарааш нь зөвшөөрөлгүй газар дээр баригдсан тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. Газрын тухай хуулийн 57.4-т зааснаар мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг өмгөөлөгч этгээдээс гаргуулна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан бөгөөд тус маргаан бүхий газар дээр баригдсан гарааш нь зөвшөөрөлгүй газар дээр баригдсан тул газар чөлөөлөх арга хэмжээг авах талаар Нийслэлийн Засаг дарга нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд дээрх зөрчлийг арилгах тухай А/211 дугаар захирамж гаргасан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, мөн тус хуулийн 27.4 дэх хэсэгт “Хүчингүй, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус заасан бөгөөд иргэн Н.Д******* нь Б******* 15 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны хойд талд байрлах 18 м.кв талбай бүхий газрын хууль ёсны эзэмшигч байх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 нь иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд захиргааны акт илт бус байх зохицуулал юм. Уг заалтын хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэгт захиргааны акт гаргахдаа хуульд үндэслээгүй хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй хуульд заагаагүй үндэслэлээр иргэн хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхолд халдсан зэрэг илэрхий алдаа гаргасан тохиолдлыг ойлгоно. Төлбөрийн тухайд нэхэмжлэгчийн зүгээс 2010 онд газрын төлбөр төлсөн баримт уг хавтаст хэрэгт авагдсан. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмших хүчин төгөлдөр эрхтэй гэдэг нь баримтаар тогтоодоогүй , захиргааны байгууллагын зүгээс дээрх нөхцөл байдлыг нэг бүрчлэн шалгаж Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газрын зөвшөөрөлгүй маргаан бүхий гараашуудийг албадан чөлөөлж газар чөлөөлөх захирамж гаргасан нь үндэслэлтэй. Нөхөн олговрын асуудлыг Газрын тухай хуулийн 42, 43 дугаар зүйл, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Засгийн газрын 2018 оны 222 тогтоолоор батлагдсан Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмаар зохицуулдаг бөгөөд тус журмын 3.1 өмчлөх, эзэмших эрх бүхий газар Иргэний хуулийн 85.2 заасан газрын үндсэн бүх хэсэгт хамаарах тухайн газар дээр хамаарах тухайн газар дээрх үл хөдлөх буюу барилга байгууламж газар чөлөөлөх зэрэг харилцааг нөхөн олгохоор заасан. Газар өмчлөх, эзэмших эрх үүссэн тохиолдолд тухайн эзэмших, өмчлөх газар, эд хөрөнгө түүний чөлөөлөхтэй холбоотой зардлыг нөхөн олгох асуудлыг тус журмаар зохицуулсан. Нэхэмжлэгчийн тухайд газар эзэмших, өмчлөх эрхгүй этгээд бөгөөд  Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмын үйлчлэлд хамаарахгүй этгээд байна. Газрын тухай 43 дугаар зүйлийн 43.6-д нөхөн олговор нь газар ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгжид хамаарахгүй байхаар,  Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д газар ашиглах, эзэмших хугацаа дууссан зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн аж ахуй нэгжийн газар чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий байгууллагаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага заасан хугацаанд газар чөлөөлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгчид  нөхөн олговор олгох эрх үүсээгүй байна. Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй. Тиймээс сонсох ажиллагааг явуулах шаардлагагүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Газрын тухай хуулийн  27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасны дагуу газрыг зөвхөн хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх зохицуулалттай.

3.Мөн Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлөх үүрэгтэй. /энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх зохицуулалт/

4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Н.Д******* нь Б******* 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны баруун хойд талд байрлах 18 м.кв талбай бүхий гараашийг иргэн М.Ч*******аас худалдан авсан, уг гараашийн доорх газрын газар ашигласны төлбөрт М.Ч******* 2009 онд 11.000 төгрөг, нэхэмжлэгч Н.Д******* 2010 онд 77.760 төгрөг тус тус төлж байсан болох нь 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Гарааш худалдах худалдан авах гэрээ, Газрын төлбөрийг тодорхойлох тухай 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1-41 тоот, 2009 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15-6 тоот акт, 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Мемориалын баримтаар тус тус тогтоогдож байх боловч энэ нь газар эзэмших, ашиглах эрх үүссэн болохыг нотлох баримт болохгүй тул нэхэмжлэгчид маргаан бүхий гараашийн доорх 18 м.кв газрыг хуульд заасны дагуу эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлж, газар эзэмших эрх хууль ёсны үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

5.Тодруулбал, маргаан бүхий Б******* 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхтайваны өргөн чөлөө, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны баруун хойд талд байрлаж байсан гараашийн доорх газрыг нийслэлийн болон дүүргийн Засаг даргын шийдвэрээр хэн нэгэн этгээдэд эзэмших, ашиглах эрх олгоогүй болох нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01-05/5403 тоот албан бичгээр тогтоогддог.

6.Хэрэгт авагдсан 2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн нэгж талбарын 18644311990181 дугаартай 764 м.кв газрын кадастрын зургийг М.Ч*******ын эзэмшиж байсан гэх 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 19.7 м.кв газрын кадастрын зурагтай харьцуулан үзвэл маргаан бүхий 18 м.кв гараашийн доорх газар “А*******” ХХК-ийн эзэмшил газарт багтаагүй, тусдаа байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “маргаан бүхий газар нь “А*******” ХХК-ийн эзэмшил газар байсан” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

7.Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 20.2.2-т заасан “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхийн хүрээнд газар ашиглалтад хяналт тавих үүрэгтэй, хэрэв зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т зааснаар уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх, мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах эрхтэй байна.

8.Өөрөөр хэлбэл, хуульд заасан журмын дагуу газар эзэмших эрх олж аваагүй этгээдийн хувьд хүн өөрийн хувийн өмчийн гараашийг төрийн өмчийн газар дээр бэхэлснээр тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх шууд дагаж үүсэхгүй, төрийн өмчийн газар дээр баригдсан хувийн өмчийн гараашийг өмчлөх, эзэмшихдээ хуульд заасан журмын дагуу төрийн өмчийн газрын эзэмших, эрхийг олж авах, хадгалах үүрэгтэй, хэрэв хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй тохиолдолд тухайн гараашны доорх газрыг эзэмших, ашиглах эрх хамгаалагдахгүй бөгөөд газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшсэн тохиолдолд Засаг дарга газрыг чөлөөлөх арга хэмжээ авах бүрэн эрхтэй.

9.Иймд иргэн М.Ч*******аас худалдан авсан Б******* 15 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 13 дугаар хороолол, 6 дугаар байрны хойд талд байрлах гараашийн доорх 18 м.кв газар эзэмших эрх нэхэмжлэгч Н.Д*******д хууль ёсны дагуу үсээгүй байх тул нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд тухайн газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамж нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна.

10.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, харин маргаан бүхий энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 51 дэх хэсэг буюу нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь дээр дүгнэсэнчлэн хууль зүйн үндэслэлтэй байх тул маргаан бүхий гараашийг албадан буулгаснаас учирсан хохирол 37,866,333.60 төгрөгийг хууль бус захиргааны шийдвэр, үйл ажиллагаанаас учирсан хохирол гэж үзэхгүй, хариуцагчаас шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй байна.

11.Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан аль нэг хэлбэрээр сонсох ажиллагаа явуулах үүрэгтэй. Маргаан бүхий 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамж гарахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдсэн баримт байхгүй, харин захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Б******* Газрын албанаас 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд үүнийг сонсох ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн байна.

12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сонсох ажиллагаа хийгээгүй үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол” гэсэн үндэслэлээр тайлбарладаг боловч Нийслэлийн Засаг даргаас 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/211 дүгээр захирамж гарахаас өмнө нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр ямар бодит нөхцөл байдал үүссэн болохыг баримтаар нотлоогүй тул хариуцагчийн энэ талаарх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

13.Захиргааны ерөнхий хуульд захиргааны актын алдааг илт хууль бус, хууль бус, хэлбэрийн төдий буюу засаж болох илэрхий алдаа гэж үр дагавраар нь ялгаатай зохицуулсан, энэ тохиолдолд сонсох ажиллагаа явуулаагүйн шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн хууль бус алдаатай захиргааны акт гэж үзэх үндэслэлд хамаарах хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэнд хамаарахгүй юм.

14.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 27 дүгээр зүйлийн 27.1, 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалтад тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д*******гаас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/211 дугаартай “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн нэгдүгээр хавсралтын 51 дүгээрт иргэн Н.Д*******гийн өмчлөлийн Б******* 15 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө 13 дугаар хороолол 6 дугаар байрны хойд талд байрлах гарааш буулгасан захиргааны актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус болохыг тогтоолгож, илт хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол болох 37,866,333.60 төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              А.ГАНЗОРИГ