| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2305 03557 2119 |
| Дугаар | 2024/ДШМ/476 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ДШМ/476
Х.Е, С.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Намжил,
шүүгдэгч Х.Е, С.Б нарын өмгөөлөгч Б.Мөнхтөр,
нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Намжилийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлээр Х.Е, С.Б нарт холбогдох 2305 03557 2119 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Б овгийн Х-ийн Е, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа арьс, шир бэлтгэн нийлүүлдэг ажил эрхэлдэг гэх, ам бүл ... хамт ... аймгийн ... сумын ... хорооллын ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;
2. У овгийн С-ийн Б, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, хувиараа такси үйлчилгээнд явдаг гэх, ам бүл ... хамт ... аймгийн ... сумын ... дугаар багийн ... дүгээр байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
Х.Е, С.Б нар нь бүлэглэн Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 96.4 килограмм Сибирь хушны үр идээ /самар/-ыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын эцэс орчмоос 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ашиг олох зорилгоор бусдаас худалдан авч, 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 90-05 ТӨВ улсын дугаартай “Тоёота филтэр” загварын тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, ойн санд 28.601.880 төгрөгийн хохирол учруулан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Х.Е, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Х-ийн Е, У овогт С-ийн Б нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
шүүгдэгч Х.Ет Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
шүүгдэгч С.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж,
шүүгдэгч С.Бд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан оршин суух газар, ажлаа солих, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ет оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч С.Бд мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Х.Е нар нь хохиролд 1.301.400 /нэг сая гурван зуун нэг мянга дөрвөн зуун/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Е, С.Б нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 90-05 ТӨВ улсын дугаартай “Тoyota Fielder” маркийн 14.509.688 төгрөгөөр үнэлэгдсэн тээврийн хэрэгслийг худалдан борлуулж хохиролд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий Газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 96.4 килограмм Сибирь хуш модны самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
шүүгдэгч Х.Е, С.Б нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Х.Е, С.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Г.Намжил бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Е, С.Б нарыг бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан Сибирь хушны үр идээ /самар/-ыг ашиг олох зорилгоор бусдаас худалдан авч, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцсон атлаа гэмт хэргийн улмаас Байгаль орчинд учруулсан хохирлыг 1.301.400 төгрөгөөр тооцож, уг хохирлыг төлсөн байна гэж шийдсэн нь хуульд нийцээгүй байна.
Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар Сибирь хушны нэг килограмм самарын экологи эдийн засгийн үнэлгээг 98.900 төгрөгөөр тогтоосон ба уг үнийг гэм буруутай этгээдээр төлүүлэхээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх шаардлагатай бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-т зааснаар ойн санд учруулсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлж буруутай этгээдээс гаргуулах талаар салбар хуульд тодорхой зохицуулсан байхад шүүх байгаль орчинд учирсан хохирлыг “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлсэн үнэлгээгээр тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлд хамаарч байна.
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдсэн зөрчил болон гэмт хэргийн улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээг салбар хууль, түүнд нийцүүлэн гаргасан журам, тушаалаар экологи эдийн засгийн үнэлгээг хэрхэн тогтоох талаар нарийвчлан зохицуулсан ба Ойн тухайн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно.” гэх хуулийн заалтыг агуулгын хүрээнд зөрчлийн шинжтэй үйлдлийг байгаль орчны байцаагч экологи эдийн засгийн үнэлгээг тогтоож, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар хохирлыг нэмэгдүүлэн тогтоохоор хуульчилсан.
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан нь хэрхэн хөрөнгийн үнэлгээний эх сурвалж болох талаар зохицуулсан хууль, журам, тушаалыг шүүх шийдвэртээ дурдаагүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт “Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж заасан ба шүүх хуралдааны явцад хөрөнгө үнэлгээг 1.301.400 төгрөгөөр тооцох ач холбогдол бүхий үндэслэл тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл “Дамно” ХХК нь Байгаль орчинд учруулсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээ гаргах эрх олгогдоогүй, хохирлыг тогтоох хууль эрх зүйн нөхцөл бүрдээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Ховор ургамлыг хууль бус аргаар зохих зөвшөөрөлгүйгээр, хориглосон цаг хугацаанд бусдаас худалдан авч, тээвэрлэж, зарж борлуулж, ашиг олох зорилготой явж байгаад цагдаагийн байгууллагад саатуулагдсан. Иймд хохирлыг буруу тооцсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Х.Е, С.Б нарын өмгөөлөгч Б.Мөнхтөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. Ойн дагалдах баялгийг хамгаалах тухай журмыг нарийвчилсан зохицуулалт буюу Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.12 дахь заалтад самар нь ойн дагалт баялагт хамаарахаар зохицуулсан. Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Х.Е, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Е, С.Б нар нь бүлэглэн Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 96.4 килограмм Сибирь хушны үр идээ /самар/-ыг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын эцэс орчмоос 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ашиг олох зорилгоор бусдаас худалдан авч, 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 90-05 ТӨВ улсын дугаартай “Тоёота филтэр” загварын тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, ойн санд 28.601.880 төгрөгийн хохирол учруулан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-23/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 30-32/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Т-ийн мэдүүлэг /хх 41-43/, гэрч Б.О-ын мэдүүлэг /хх 62-63/, шинжээч Д.А-ийн мэдүүлэг /хх 98-99/, шүүгдэгч Х.Е, С.Б нарын яллагдагчаар өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 101, 106, 134-135/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 3497 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 66-71/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Анхан шатны шүүх, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.Е, С.Б нарыг бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Х.Е, С.Б нарын бүлэглэн Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 96.4 килограмм Сибирь хушны үр идээ /самар/-ыг ашиг олох зорилгоор бусдаас худалдан авч, тээврийн хэрэгслээр зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж, ойн санд 28.601.880 төгрөгийн хохирол учруулан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Е, С.Б нарын үйлдсэн гэмт хэрэг, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан С.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа солих, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Х.Ет Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжээр торгох ял оногдуулсан нь тэдний хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар Сибирь хушны нэг килограмм самрын экологи эдийн засгийн үнэлгээг 98.900 төгрөгөөр тогтоосон бөгөөд шүүгдэгч Х.Е, С.Б нар нь 96.4 килограмм Сибирь хушны үр идээ /самар/-ыг хууль бусаар ашиг олох зорилгоор бусдаас худалдан авч, тээвэрлэж, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн тул Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно.” гэж заасны дагуу шүүгдэгч нараас /96.4 х 98.900 = 9.533.960 х 3 = 28.601.880 төгрөг/-ийг гаргуулах нь зүйтэй гэж үзээд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолын 8 дахь заалтад зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
8 дахь заалтын “Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Х.Е нар нь хохиролд 1.301.400 /нэг сая гурван зуун нэг мянга дөрвөн зуун/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурдсугай.” гэснийг “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар 28,601,880 /хорин найман сая зургаан зуун нэг мянга найман зуун ная/ төгрөгийг шүүгдэгч С.Б, Х.Е нараас хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлүүлсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Прокурор Г.Намжилийн бичсэн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ