| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2024/06124/И |
| Дугаар | 191/ШШ2025/06704 |
| Огноо | 2025-08-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/06704
| 2025 08 04 | 191/ШШ2025/06704 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ********** тоотод байрлах, О ц ХХК /Регистрийн дугаар:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******** тоотод байрлах, У т ХХК /Регистрийн дугаар:********/,
Хариуцагч: ******** тоотод оршин суух, Ш овогт Ш-ийн О /Регистрийн дугаар:********/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээнээс татгалзаж, орон сууц захиалан бариулах гэрээг шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Э, хариуцагч У т ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ш.У, хариуцагч Ш.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн нар оролцов. Гуравдагч этгээд Т п ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч нь У т ХХК, Ш.О нарт холбогдуулан О ц ХХК, У т ХХК нарын хоорондох 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Ш.О, Т п ХХК нарын хоорондох 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** тоот орон сууц захиалгын гэрээг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Манай байгууллага 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр ******** тоот Тагтны хаалт суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг Т П ХХК-тай байгуулж, Х дүүрэг, ******** хотхоны барилгад гадна тагтны шилэн хаалт нийлүүлж, суурилуулах ажлыг 353.014.200 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцож, гэрээний үнийн дүнд 137.488.000 төгрөгт тус баригдаж буй хотхоны ******** тоот, 8 давхрын 52.88 мкв, 2 өрөө орон сууцыг мкв нь 2.600.000 төгрөгөөр тооцож авахаар тохиролцсон.
Т П ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажил гүйцэтгэх бараа материалыг У т ХХК-с авахаар тохиролцож 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******** тоот Вакум цонхны материал, Цонхны шил бартер нөхцөлөөр худалдах худалдан авах гэрээг хариуцагч У т ХХК-тай байгуулсан. Тус гэрээгээр хариуцагч компани нь гэрээнд заасан бараа материалыг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нийлүүлэхээр тохиролцож, гэрээний үүрэгт Т п ХХК-с шилжүүлэн авахаар тохиролцсон Х дүүрэгт баригдаж буй Т хотхоны ******** тоот 52.88 мкв 2 өрөө орон сууцыг 1 мкв-г 2.600.000 төгрөгөөр тооцож бартер өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.
У т ХХК-н захирал Ш.У нь бараа материал нийлүүлэх нь ойлгомжтой, баталгаа болгож тус орон сууцны захиалгын гэрээг шилжүүлж өгөхийг хүссэн. Манай байгууллагын зүгээс татгалзаагүй, бараа материалаа гэрээнд заасан хувиар болон тоо ширхгийн дагуу нийлүүлнэ гэж итгэсэн. Захирал Ш.У нь бартерт авах орон сууцны захиалгын гэрээг өөрийн компани дээр хийхгүй, ажилтан Ш.О дээр хийж өгөхийг хүссэн. Хариуцагч У т ХХК-ийн хүсэлтийн дагуу Ш.О-ийн нэр дээр гэрээ байгуулах албан тоотыг гэрээ байгуулсан өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Т п ХХК-д гаргасан. Дээрх албан тоотыг үндэслэн 2023 оны 11 сарын 20-ны өдөр У Т ХХК-ийн ажилтан Ш.О-тэй ******** тоот орон сууц захиалгын гэрээг байгуулсан байдаг. Гэтэл хариуцагч У т ХХК нь нэхэмжлэгчтэй байгуулсан вакум цонхны материал, цонхны шил бартер нөхцөлөөр худалдах худалдан авах гэрээний үүргээ огт биелүүлээгүй.
Бид удаа дараа бараа материал нийлүүлэхийг шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул өөр байгууллагаас бараа материалаа татан авч Т П ХХК-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсэн болно. У т ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт бартерт өгсөн орон сууцны захиалгын гэрээг шилжүүлж авъя гэхэд өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөхгүй, худал шалтаг хэлсээр байна. Иймд У т ХХК-тай байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** тоот вакум цонхны материал, цонхны шил бартер нөхцөлөөр худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт Т П ХХК-тай байгуулсан ******** тоот орон сууц захиалгын гэрээг О Ц ХХК-д шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэв.
Хоёр.Хариуцагч У т ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Ш.У миний бие 2018 онд У Т ХХК-г байгуулж одоог хүртэл эхнэр Б.О-тэй хоёулаа гагнуурын ажил хийж амьдардаг. 2016 оноос одоог хүртэл ажил авч хийхдээ зөвхөн эхнэр Б.О нь бүх гэрээн дээр гарын үсэг зурсаар ирсэн. Би өөрөө нэг ч гэрээн дээр гарын үсэг зурж байгаагүй. Би өөрийн компани нэр дээр "О ц" ХХК-тай ямарваа нэгэн гэрээ хэлцэл огт хийгээгүй бөгөөд гэрээ хийсэн гэх Ш.О нь манай компанид ажилладаггүй бөгөөд огт танихгүй, урьд нь уулзаж харж байгаагүй. Манай байгууллагын нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хуурамчаар миний гарын үсгийг дуурайлган зурж залилан хийж байна гэж үзэж байна. Иймд "О ц" ХХК болон Ш.О нарыг цагдаагийн байгууллагаар шалгуулж өгнө үү гэв.
Гурав. Хариуцагч Ш.О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Ш.О нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Б.Г-той Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн ******** улсын дугааap, ******** арлын дугаартай Форд мустанг /ford mustang/ маркийн автомашин, ******** улсын дугаap, ******** арлын дугаартай Ягуар /Jaguar/ маркийн автомашинуудыг нийт 140.000.000 төгрөгөөр худалдахаар тохирч худалдан авагч Б.Г-д уг автомашинуудыг шилжүүлэн өгсөн. Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.2-т Худалдан авагч тал нь гэрээний зүйлийг худалдан авахаар худалдагч талтай тохиролцож өөрийн гэрээт авлага болох Улаанбаатар хот, Х дүүрэг, баригдаж буй Т хотхоны ******** тоот 52.88 м.кв 2 өрөө орон сууц /1м2=2.6сая төгрөг/ нийт 137.488.000 дүн бүхий 2024 оны 2 сард ашиглалтад орох орон сууцны захиалгын гэрээг үүргийн гүйцэтгэл хангуулахаар /барьцаа/ шилжүүлэн өгснөөр худалдан авагч тал худалдан авч буй гэрээний зүйлийг хүлээн авах эрх үүснэ гэж, гэрээний 2.3-т Худалдан авагч тал худалдагч талд гэрээний зүйлийн үнийг 2024 оны 02-р сарын 29-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулан, үүргийн гүйцэтгэлд бариулсан байр захиалгын гэрээг буцаан суллаж авахаар харилцан тохиролцов гэж тус тус заасны дагуу автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг орон сууцны захиалан бариулах гэрээг хариуцагч Ш.О нь Т п ХХК-тай байгуулсан.
Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний 2.3-т заасны дагуу худалдан авагч Б.Г нь автомашины үнийг төлж барагдуулаагүй учир дээрх орон сууцны өмчлөх эрх хариуцагч Ш.О-д шилжсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.
Нэхэмжлэлд дурдагдсан шиг хариуцагч Ш.О нь хариуцагч У т ХХК-д ажилладаггүй. Мөн тус орон сууцыг У ХХК нь нэхэмжлэгч О ц ХХК-д ажил гүйцэтгэсэн хөлсөнд авч байгааг Ш.О нь мэдэхгүй бөгөөд гагцхүү автомашин худалдан авсан Б.Г нь Т п ХХК-д очиж орон сууц захиалан бариулах гэрээг байгуулаарай гэж хэлсний дагуу хариуцагч Ш.О нь Т п ХХК дээр очиж 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ******** дугаартай Х дүүргийн баригдаж буй Т хотхонд орон сууц захиалах гэрээ-г байгуулсан. Т п ХХК нь Ш.О-д орон сууц захиалгын гэрээг шилжүүлж түүнтэй гэрээ байгуулах гол үндэслэл нь О ц ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот албан бичгийг үндэслэж уг гэрээг байгуулсан байдаг.
Нөгөөтэйгүүр, автомашин худалдан авсан Б.Г, хариуцагч "У" ХХК, нэхэмжлэгч "О ц" ХХК нар нь хоорондоо ямар харилцан холбоо хамааралтай болохыг хариуцагч Ш.О нь огт мэдэхгүй болно. Тухайн цаг үед дээрх нэр бүхий хүн, хуулийн этгээд нар бүгд зөвшөөрч орон сууц захиалгын гэрээг хариуцагч Ш.О-д шилжүүлсэн атлаа удаан хугацааны дараа дээрх орон сууц нь ашиглалтад орох гэж буй энэ цаг үед шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагч Ш.О-ийн шударгаар олж авсан өмчлөх эрхэд хууль бусаар халдаж буйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Дөрөв.Гуравдагч этгээд Т п ХХК-иас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Т п ХХК нь "О ц" ХХК-тай 2023 оны 9 дүгээр сарын 22-ний өдөр Тагтны хаалт суурилуулах ажил гүйцэтгэх тухай ******** тоот гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.1-д ... ажлын хөлсөнд Төгс Орчин-2 хотхоны 1 мкв-2.600.000 төгрөгт тооцож орон сууц /бартер/-д олгоно гэсэн. /2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******** албан бичиг байгаа/.
"О ц" ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот албан бичгээр ...тус компанид бартерт өгсөн Т хотхон, ******** тоот, 52.88 мкв байрыг Ш овогт О-ийн нэр лүү шилжүүлж өгнө үү гэсний дагуу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** тоот орон сууц захиалгын гэрээг Ш овогт О гэх хүний нэр дээр байгуулсан болно.
Т п ХХК нь "О ц ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээн байгуулсаны үндсэн дээр ажлын хөлсөнд /бартерт/ дээрх байрыг өгсөн. Манай компани У т ХХК болон Ш.О-тэй ямар нэгэн хамааралгүй болно. Тус шүүхээс гарах шийдвэрийн дагуу уг байрыг дээрх этгээдүүдийн аль нэгэнд олгоход татгалзах зүйлгүй тул цаашид шүүх хуралд оролцохгүй болно гэжээ.
Тав.Нэхэмжлэгчээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т п ХХК, "О ц" ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн ******** тоот Тагтны хаалт суурилуулах ажил гүйцэтгэх тухай, Т п ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ******** тоот албан бичиг, Т п ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** тоот Х дүүрэгт баригдаж буй Т хотхонд орон сууц захиалах гэрээ, О ц ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** тоот албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** тоот Вакум цонхны материал, цонхны шил бартер нөхцөлөөр худалдах худалдан авах гэрээ, Ш.О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, У т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл зэргийг ирүүлжээ. /1хх 4-15, 53-55/
Хариуцагч У т ХХК-иас баримтаар: Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Ш.У, Б.О нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ш.У, Б.О нарын Х банкны ******** тоот, Ш.У-ын Х банкны ******** тоот, Т банкны ******** тоот, ******** тоот, ******** тоот дансны хуулга зэргийг ирүүлжээ. /1хх 115-250, 2хх 1-125/
Хариуцагч Ш.О-ээс баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Т п ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** тоот Х дүүрэгт баригдаж буй Т хотхонд орон сууц захиалах гэрээ, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******** тоот итгэмжлэл, Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ зэргийг ирүүлжээ. /1хх 28, 59-63/
Гуравдагч этгээд Т п ХХК-иас баримтаар: Шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг ирүүлжээ. /1хх 77, 79/
Шүүхийн журмаар: Тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ******** тоот захирамжийн дагуу Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ******** тоот, Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ******** тоот, Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ******** тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /2хх 126-219/
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч О ц ХХК нь хариуцагч У т ХХК, Ш.О нарт холбогдуулж О ц ХХК, У т ХХК нарын хоорондох 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн Ш.О, Т п ХХК нарын хоорондох 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** тоот орон сууц захиалгын гэрээг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: гэрээний дагуу төлбөрт тооцон У ХХК-тай вакум цонхны материал худалдах худалдан авах гэрээг байгуулсан, үнэд тооцож Т п ХХК-аас төлбөрт авсан орон сууцыг шилжүүлэхээр тохирч эрхийг шилжүүлсэн. Гэвч худалдагч тал цонхны материалаа нийлээгүй тул гэрээнээс татгалзаж төлбөрт тооцож өгсөн орон сууцны гэрээг буцаан авна, У ХХК-иас байрны эрхийг Ш.О-ийн нэр дээр шилжүүл гэсний дагуу бичиг хийж өгсөн. Манайх Ш.О-тэй эрх зүйн харилцаанд оролцоогүй, У ХХК-ийг төлөөлж манай компанитай н.А, н.Б нар харилцсан, н.А компанийн захирал гэж ойлгосон, оффис байрыг үзүүлж байсан гэж тайлбарлав.
Хариуцагч У ХХК-иас татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгч О ц ХХК-тай эрх зүйн харилцаанд ороогүй, ямар ч гэрээ байгуулаагүй. Гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш, хуурамч байна. Харин компанийн тамга мөн байна. Ш.О, Т п ХХК, Б.Г нарыг огт танихгүй, н.А нь миний хамаатны хүн ч манай компанид ажилладаггүй. Нэг хэсэг эхнэрээсээ салаад очих газаргүй, ажилгүй байхдаа манай оффисийг ашигласан. н.Б гэгчийг н.А-тай хамт явахыг хэд хэд удаа харснаас мэдэхгүй гэв.
Хариуцагч Ш.О-ээс татгалзлын үндэслэлээ: нэхэмжлэгч О ц ХХК, хариуцагч У ХХК нарыг танихгүй, тэдэнтэй аливаа хэлцэл хийгээгүй. Иргэн Б.Г-той зээлээр автомашин худалдах худалдан авах гэрээг байгуулсан, гэрээний барьцаа болгож Т п ХХК-ийн орон сууцыг авсан, тээврийн хэрэгслийн үнэ болох 140.000.000 төгрөгөө төлөөгүй тул орон сууцыг төлбөрт тооцож авсан, шударга эзэмшигч. Нэхэмжлэгч нь У ХХК-иас орон сууцыг бус харин үнийг шаардах нь зүйтэй гэж тайлбарлаж байна.
Гуравдагч этгээд Т п ХХК-иас тайлбартаа: У ХХК, Ш.О нартай манайх эрх зүйн харилцаанд ороогүй, харин О ц ХХК-д өөрийн барьж буй орон сууцнаас төлбөртөө тооцож өгсөн, О ц ХХК-ийн манайд гаргасан хүсэлтийн дагуу гэрээг Ш.О-ийн нэр дээр шилжүүлсэн, шүүхийн шийдвэрийн дагуу орон сууцыг шилжүүлж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.
3.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын маргаангүй тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1.Т п ХХК, О ц ХХК нар 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тагтны хаалт суурилуулах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь ажлын хөлсөд тооцож, Х дүүрэгт баригдаж буй Т хотхоны барилгаас нэг мкв талбайг 2.600.000 төгрөгөөр тооцож орон сууцыг өгөхөөр тохирч, ******** тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. /1хх 6-7/
3.2.О ц ХХК, У т ХХК нар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тохиролцож, Худалдагч болох У ХХК нь вакум цонхны материал, цонхны шилийг худалдан авагчид нийлүүлэхээр, Худалдан авагч болох О ц ХХК нь 2024 оны 02 дугаар сард ашиглалтад орох Х дүүрэгт баригдаж байгаа Т хотхоны ******** тоот, 52,88 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг үнэд тооцож өгөхөөр тохирч ******** тоот гэрээг байгуулжээ. /1хх 12/
3.3.О ц ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот албан бичгээр бартерт өгсөн Т хотхоны ******** тоот 52,88 мкв байрыг Ш-ийн О-ийн нэр дээр шилжүүлэх талаар Т п ХХК-д хандсан, улмаар Т п ХХК, Ш.О нар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дээрх барилгаас ******** тоот 52,88 мкв талбайтай 137.488.000 төгрөгний үнэ бүхий орон сууцыг худалдахаар ******** тоот орон сууц захиалгын гэрээг байгуулжээ. /1хх 53-55/
4.Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1-д Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж, 274 дүгээр зүйлийн 274.1-д Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж, мөн зүйлийн 274.3-д Арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан.
Хариуцагч У ХХК-ийн зүгээс гэрээг байгуулаагүй, нэхэмжлэгч О ц ХХК, хамтран хариуцагч Ш.О нарыг танихгүй, гэрээ дэх гарын үсэг өөрийнх биш гэж тайлбарласан. Мөн н.А нь миний хамаатны хүн ч манай компанид ажилладаггүй, нэг хэсэг манай оффисийг ажилгүй, гэр бүл салах гээд орох газаргүй байхдаа түр ашигласан, ингэж ашиглахдаа компанийн тамга тэмдгийг хуурамчаар ашигласан бололтой гэж тайлбарласан. /2025.04.22, 2025.08.04-ний өдрүүдийн хуралдааны тэмдэглэл/
Нэхэмжлэгч У ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.У-ыг харж байгаагүй, тус компанийг төлөөлж н.А, н.Б хоёр холбогдож байсан, компанийн байранд хүртэл очсон гэж тайлбарлав.
Компанийн тамга тэмдэг болоод ажлын байраа бусдад ашиглуулсан үйл баримт тогтоогдсон тул түүнээс үүсэх үр дагавраа хариуцагч У ХХК өөрөө хариуцах нь зүйтэй. Мөн нэхэмжлэгч тус хуулийн этгээдтэй эрх зүйн харилцаанд оролцсон гэж ойлгож гэрээ хэлцэл байгуулсныг энэ тохиолдолд буруутгах боломжгүй.
Мөн худалдах худалдан авах гэрээг байгуулахад заавал бичгээр хийх хэлбэрийн шаардлагыг хуулиар тавиагүй тул энэ тохиолдолд хуулийн этгээдүүд болох О ц ХХК, У т ХХК нарын хооронд гэрээ байгуулагдсан, эрх зүйн харилцаанд оролцсон гэж шүүх үзэв.
5.Худалдагч тал болох У ХХК гэрээний дагуу арматур төмөр нийлүүлээгүй үйл баримтад хариуцагч нар маргаагүй.
Ийнхүү хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээ цуцлагдсан гэж үзнэ. Хэргийн баримтаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээг цуцалж болохгүй нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй, хариуцагч У ХХК буцаан төлөх үүргийг хүлээнэ.
6. Хамтран хариуцагч Ш.О-ээс О ц ХХК, У ХХК нартай эрх зүйн харилцаанд оролцоогүй, орон сууц захиалгын гэрээний эрхийг Б.Г-той байгуулсан гэрээний дагуу шударгаар олж авсан гэж тайлбарлаж маргасан.
6.1.Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, мөн зүйлийн 211.2-т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан.
Хариуцагч Ш.О-ийн өөрийн тайлбараар О ц ХХК-тай мөн У ХХК гэсэн хоёр хуулийн этгээдтэй аливаа эрх зүйн харилцаанд ороогүй болохоо хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан. Энэ тохиолдолд дээрх 2 компанитай хэлцэлд ороогүй, түүнчлэн хэргийн баримтаар нэхэмжлэгч О ц ХХК ашиг олсон байдал тогтоогдоогүй тул дээрх хоёр компанийн төлбөрт тооцсон хөрөнгийг гуравдагч этгээдийн хувиар өөртөө шилжүүлж авсан нь үндэслэлгүй.
6.2.Иргэн Б.Г болон Ш.О нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Автомашин зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан, гэрээгээр Ford mustang, jaguar маркийн хоёр ширхэг автомашиныг 140.000.000 төгрөгт тооцон төлбөрийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлөхөөр тохирчээ. /1хх 62-63/
Энэ гэрээний 2.2-т маргааны зүйл болсон дээрх 2 өрөө орон сууцны захиалгын гэрээний эрхийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар /барьцаа/ шилжүүлэн өгсөн талаар тусгажээ.
Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ш.О-ээс Б.Г-д олгосон итгэмжлэлийн дагуу дээрх хоёр тээврийн хэрэгсэл ******** улсын дугаартай ******** маркийн/ бусдын өмчлөлд шилжиж бүртгэгдсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдсон. /1хх 61, 2хх 126-183/
Дээрхээс үзвэл орон сууцны захиалгын эрхийг барьцаа болгосноос эрхийг анхнаасаа худалдах арилжих хүсэл зориг агуулаагүй, хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шударга өмчлөгч тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэж, 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, мөн зүйлийн 154.4.-т Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ гэж заасан тул харин Б.Г, Ш.О нарын хооронд байгуулагдсан дээрх орон сууцны өмчлөх эрхийг барьцаалсан барьцааны гэрээ хүчинтэйг дурдав.
6.3.Хариуцагч Ш.О-ийн зүгээс орон сууцны эрхийг биет байдлаар буцаан өгөх боломжгүй, харин У ХХК-иас мөнгөөр тооцон авах ёстой гэж тайлбарласан.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2-т дараах тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлнө гэж, үүнээс 205.2.2-т үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тал нь түүнийг ашиглаж байгаа буюу бусдын өмчлөлд шилжүүлсэн, эсхүл бусдын эрхээр хязгаарласан бол мөнгөөр нөхөн төлөхөөр зохицуулжээ.
Шүүх эрх шилжүүлсэн тухайн хөрөнгө өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, дуусаагүй барилга дах орон сууц болох үйл баримт тогтоогдсон, мөн бусдын эрхээр хязгаарлагдсаны улмаас үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар буцаах боломжгүй гэж үзэх үндэслэл бүрдээгүй гэж үзлээ.
Иймд хамтран хариуцагчаас мөнгөн хэлбэрээр гаргуулах тухай хариуцагч Ш.О-ийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
Дээрхийг нэгтгээд шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
7.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Х дүүрэг, 21 дүгээр хороо, Архивын ерөнхий газрын хойд талд байрлах дуусаагүй барилгын ******** тоот 52,88 мкв талбай бүхий 137.488.000 төгрөгийн үнэ бүхий орон сууцанд Ш.О, Т п ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******** тоот орон сууц захиалгын гэрээг нэхэмжлэгч О ц ХХК-д буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч У ХХК, Ш.О нарт даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 845.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид нийт 845.390 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ