2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 191/шш2025/06373

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025о 07 с 28ө

Дугаар 191/ШШ2025/06373

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

  Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, ************** /рд:ХЗ74040653/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...тоотод байрлах,******* /рд:5542308/,

 

Хариуцагч: ... тоотод оршин суух,************** /рд:ШВ83120463/ нарт холбогдох,

 

36,640,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч*******, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...1. Иргэн******* би Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн дугаартай, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооныын-7-гийн дугаартай байршилд хувийн орон барихаар болсон юм.******* миний бие энэ газар дээр орон сууцны барилга барихтай холбогдуулан 2022 оноос эхлэн Дулааны эрчим хүчний хангамжийн техникийн нөхцөл, Цэвэр бохир усны техникийн нөхцөл, цахилгаан хангамжийн техникийн нөхцөл зэргийг зохих байгууллагаас гаргуулан авах ажлыг хийх явцдаа*******-ийн гүйцэтгэх захирал гэхтэй Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвгэрт баригдах зоорины давхартай 2 давхар орон сууцны барилгын зураг төсөл ажлыг 2022 оны 06-р сарын 23-наас эхэлж загвар зураг батлагдсанаас хойш 45 хоногийн хугацаанд боловсруулах ... Монгол Улсын Барилгын тухай хууль болон барилгын зураг төсөл зохиох ажилд мөрдөж буй норм дүрэм, бусад холбогдох техникийн баримт бичгийн дагуу чанартай боловсруулан 2 хувь зургийг хүлээлгэн ... өгөх ... нөхцөлтэй дугаартай Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан болно.

Гэвч*******-ийн гүйцэтгэх захирал гэж өөрийгөө танилцуулсан дугаартай Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ!-нд заасан 45 хоногийн хугацаанд загвар зураг хийж өгснөөс өөрөөр Монгол Улсын Барилгын тухай хууль болон барилгын зураг төсөл зохиох ажилд мөрдөж буй норм дүрэм, бусад холбогдох техникийн баримт бичгийн дагуу чанартай боловсруулан, эрх бүхий байгууллагаар барилгын зураг, төсөлд магадлал хийлгэж, хянагдаж баталгаажсан 2 хувь зургийг хүлээлгэн өгөөгүй даруй 600 гаран хоногоор хэтрүүлсэн болно.

Гэтэл Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ-нд заасан барилгын ажлын зураг, төсөв хийгдээгүйгээс шалтгаалан барилгын ажил үргэлжлэх ямар ч боломжгүй байхад*******-ийн гүйцэтгэх захирал гэх иргэн надтай*******ын зоорьтой 2 давхар орон сууцны барилгын ажилд зохиогчийн хяналт хийх гэрээ-г 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдөр байгуулж, гэрээний урьдчилгаа гэж нийт үнийн дүнгийн 90 хувьтай тэнцэх урьдчилгааг иргэн надаас гаргуулан авсан. Иймд Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооныын-7-гийн дугаар хашаанд иргэн******* миний захиалгаар баригдаж байгаа зоорины давхартай 2 давхар орон сууцны барилгын зураг, төсөл нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль тогтоомж зөрчиж барилгын зураг, төсөлгүй цаашид баригдах нь маш эрсдэлтэй бөгөөд алдсан цаг хугацааг нөхөх боломжгүйгээр хохирч байгаа тул*******-ийн гүйцэтгэх захирал гэх иргэнтэй байгуулсан дугаартай Барилгын зураг төсөл боловсруулах гэрээ 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн,*******ын зоорьтой 2 давхар орон сууцны барилгын ажилд зохиогчийн хяналт хийх гэрээ-г 2022 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн гэрээ тус бүрээс татгалзаж, дугаартай 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний үүрэгт урьдчилан төлсөн 23,080,500.00 /хорин гурван сая наян мянга таван зуу/ төгрөгийг, 2022 оны 08 дугаар сарын 29- ны өдрийн гэрээний үүрэгт урьдчилан төлсөн 12,560,000.00 төгрөг, хариуцагч, хамтран хариуцагч******* нараас нийт 35,640,500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд 2022 оны 6 сарын 23-ны өдөр барилгын зураг төсөл боловсруулах гэрээ дугаар гэрээ 2022 оны 8 сарын 29-ний өдөр зохиогчийн хяналт хийх гэрээ тус тус байгуулагдсан байдаг. Уг гэрээ байгуулагдсан талаар талууд маргаагүй. Үнийн дүнгийн талаар нэхэмжлэлд дурдсан. Барилгын зохиогчийн ажил 23,080,500 төгрөг хяналт хийх гэрээнд 12,000,000 төгрөг хүлээж авсантай хариуцагчийн зүгээс маргадаггүй. Дээрх зураг төсөл боловсруулах буюу эхний гэрээний дагуу гүйцэтгэгч буюу нэхэмжлэлтэй******* гэрээнд иж бүрэн зураг төслийг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон. Үнийн дүнд нь 23,080,500 төгрөгийг хүлээж авсан. Гүйцэтгэгчийн зүгээс загвар зураг болон иж бүрэн зураг болох барилгын ажлын товчлуур барилга архитектурын зураг, цахилгаан ба холбоо дохиоллын зураг, халаалт дулааны цугларалтыг боловсруулна захиалагчид хүлээлгэн өгсөн. Эдгээр зургууд нийлж байж нэг цогц болно. Цахилгаан халаалт, архитектурын зураг зэрэг нь нийлж нэг зураг болдог. Эдгээр зургуудыг хариуцагчийн зүгээс зурж нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Нийслэлийн онцгой байдлын газарт энэ зургуудыг хүргүүлж онцгой байдлын газраас 2022 оны 9 сарын 14-ний өдрийн дугаар хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан. Энэ нь гүйцэтгэгчийн зүгээс тухайн барилгын ажлын зургийг гүйцэтгэсэн байна. Гүйцэтгээд тухайн гүйцэтгэсэн ажилд нь Нийслэлийн онцгой байдлын газраас дүгнэлтийг гаргасан байна гэж үзэж байгаа. Барилгын ажлын зургийг барилгын хөгжлийн төвөөр тогтоолгох ёстой нэхэмжлэгчийн зүгээс хэлж байна. Барилга хөгжлийн төв бол эцсийн магадлан дүгнэлт гаргадаг. Энэ байгууллага магадлан дүнг гаргахын тулд гүйцэтгэгчийн зүгээс бол бүх зургуудаа боловсруулаад шат шатын Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл ахуйн газар мэргэжлийн хяналтын газар ч гэдэг юм уу холбогдох тухайн барилгын зориулалттай холбоотой холбогдох байгууллагуудаас нь зөвшөөрөл авдаг. Энэ нь зөвхөн гүйцэтгэгч буюу зургийн компанийн ажил бол биш. Зургийн компанийн болон гүйцэтгэгч захиалагч аль аль нь бол энэ ажлыг хариуцсан зургаа батлуулах ажлыг хийдэг. Энэ талаар гэрээн дээр гүйцэтгэгчид үүрэг өгсөн зохицуулалт байхгүй. Гэхдээ хариуцагчийн зүгээс онцгой байдлын ерөнхий газраар батлуулах ажлыг хийлгэж байсан. Улмаар дараа Нийслэлийн эрүүл мэндийн газраас эрүүл ахуйн хяналтын байцаагчийн дүгнэлтийг 2023 онд гаргуулсан байна. Хариуцагчийн зүгээс гэрээ байгуулснаас хойш удаашралтай байсан бэ гэхээр зөвхөн ажлын зургаас гадна захиалагчийн хүсэлт болон захиалагчийн холбогдох зөвшөөрөл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байх ёстой байдаг. Гэтэл нэхэмжлэгийн зүгээс уг баримтуудаа хангалттай гаргаж өгөөгүйгээс зөвшөөрлийн ажлууд удааширсан байдаг. Захиалагчийн зүгээс зургийн компанид мэдэгдээгүйгээр бүрэн гүйцэт батлагдаагүй байхад барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Зургийн ажлыг батлуулах ажиллагааны явцад барилгын суурийг тавиад зургийн ажлыг эхэлсэн байдаг. Энэ талаар зургийн компани мэдэгдээд шаардлага тавиад зураг батлагдаагүй байхад барилгын ажлыг эхлэх нь хууль зөрчсөн талаар хэлэхэд зургийн компани хуульд заасны дагуу хяналтаа хэрэгжүүлнэ үү гээд 2023 оны 8 сарын 29-ны өдөр зохиогчийн хяналтын гэрээ байгуулсан. Хяналтын гэрээний дагуу төлбөрийг төлсөн. Барилгын инженерүүд зохих зөвлөгөө өгөөд барилгын ажил нэгэнт эхэлсэн тул зөвлөгөө өгөөд явж байсан. Энэ талаар хяналтын гэрээний 6.7-д заасан байдаг. Хяналтын гэрээнд барилгын ажил эхэлсэн, зөвшөөрөлгүй барилгын ажлыг эхлүүлсэн талаар дурдсан байдаг. Энэ талаар баримтыг нэхэмжлэгч талаас баримт өгсөн. Зөвшөөрөлгүй байж барилгын ажил эхлээд хяналтын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч холбогдох ажиллагаа тухай бүрд өгч байна. Зураг батлагдсан. Сая нотлох баримтаар өгсөн зураг харагдаж байна. Хариуцагчийн зүгээс зурсан зургийг бүгдийг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн учраас хариуцагч талд гүйцэтгэсэн ажлын талаар холбогдох материал байхгүй байгаа. Үүнийг үндэслэж нэхэмжлэгч нь барилгаа ашиглалтад оруулах буюу 85 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын гэрчилгээ гаргасан байгаа. Дуусаагүй барилгын гэрчилгээ гаргахад тухайн барилгын зураг болон холбогдох баримтууд зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ баримтыг үндэслэж Улсын бүртгэлийн байгууллага 85 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээ гаргасан болов уу гэж бодож байна. Гүйцэтгэгчийн зүгээс барилгын ажлын зургийг бүрэн хийгээд хүлээлгэж өгсөн. Хяналтын ажлыг ч гэсэн цаг тухай бүрд нь хэрэгжүүлж явж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийг гэрээнд зааж өгсөн. Барилгын ажил зураг төсөл боловсруулах гэрээний төлбөрийг бүрэн төлсөн байдаг. Энэ нь хариуцагчийн зүгээс гэрээнд заасан ажлын гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзээд төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс барилгын зураг төсөл боловсруулах гэрээ болон зохиогчийн хяналт тавих гэрээний үүргээ биелүүлсэн. Нэхэмжлэгч нь нэгэнт биелэгдсэн гэрээнээс татгалзах үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээнээс татгалзах зохицуулалтыг барилгын ажлын зураг төсөл боловсруулах гэрээнд нарийвчлан зохицуулаагүй. Иргэний хуульд заасны дагуу нөгөө талдаа мэдэгдэх байх ёстой байдаг. Нөгөө талаараа гэрээнээс татгалзаж болохгүй зохицуулалтууд бий. Гэтэл гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн байгаа. Ямар үндэслэлээр гэрээнээс татгалзаж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч нь гүйцэтгэгч*******-ийн ажлын гүйцэтгэсэн зургийг хүлээж авсан. Нэхэмжлэлийн шаардлага буюу гэрээний үүрэгт төлсөн төлбөрийг буцаан гаргуулна гэж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 1-33, 86-91, 139-140-р тал.

 

4. Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 70-р тал.

 

5. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 81-85, 92, 95-97, 102-137-р тал.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Нэхэмжлэгч******* хариуцагч*******-д холбогдуулан 2 гэрээнээс татгалзаж, нийт 36,640,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

7.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Л.Сэлэнгийг татсан ба нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

8. Хариуцагч тал гэрээ байгуулаагүй,******* 2 гэрээ байгуулсан, гэрээний үүргээ биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

9. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.31-д зураг төсөл зохиогч гэж барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ.

 

9.1.******* 2018.10.15-ны өдрөөс 2023.10.15-ны өдрийг хүртэл Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй байсан болох нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 03/1605 дугаартай албан бичиг, хавсралтаар тогтоогдож байх тул*******-ийг зураг төсөл зохиох эрхтэй гэж үзнэ.

 

9.2. Иргэн*******,*******-ийн хооронд 2022 оны 06 сарын 23-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ажил гүйцэтгэгч******* нь*******ын зоорьтой 2 давхар орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах ажлыг 2023 оны 06 сарын 23-наас эхэлж загвар зураг батлагдсанаас хойш 45 хоногийн хугацаанд боловсруулан иж бүрэн зураг төслийг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч******* 21,645,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, барилгын зураг төсөл боловсруулах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-7-8/

 

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

9.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу зургийг 2022 оны 06 сарын 23-наас хойш 45 хоногийн хугацаанд буюу 2022 оны 8 сарын 6-нд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр байсан байх ба нэхэмжлэгч хугацаандаа зургаа зураагүй гэж маргаж байна.

 

9.4. Ажил гүйцэтгэгч барилгын зургийг 2022 оны 07 сард хийж гүйцэтгэн*******ад өгсөн, уг зургийг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын ерөнхий архитекторын ажлын алба 2022.07.06-нд баталсан, уг зургийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар дүгнэлт гаргасан болох нь зохигчдын тайлбар, Нийтийн орон сууцны барилгын загвар зураг, Нийслэлийн Онцгой байдлын газрын Барилгын зураг төслийн хяналтын байцаагчийн 2022 оны 09 сарын 14-ний өдрийн 009/122 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна. /хх-82-83, 140/

 

9.5. Захиалагч******* 2022.06.24-нд 8,835,000 төгрөг, 2022.06.28-нд 1,987,500 төгрөг /зөрүү/, 2022.08.12-нд 8,658,000 төгрөг, 2023.06.08-нд 2,100,000 төгрөг, 2023.12.08-нд 1,500,000 төгрөг, нийт 23,080,500 төгрөгийг Бармега сервис ХХК-ийн захирал данс уруу шилжүүлэн өгсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. /хх-9-13/

 

9.6. Иргэн******* нь барилгын эрүүл ахуйн дүгнэлт гараагүй, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл гараагүй байхад Чингэлтэй дүүргийн 18-р хороо нэгж талбарын дугаартай 694 м.кв газартаа барилгын ажлаа 2022 оны 7 сард эхлүүлж, 2022 оны 10 сард зогсоосон болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч уг үйл баримтыг хүлээн зөвшөөрч торгуулсан гэж тайлбарлаж байна.

 

9.7. Хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх ба ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн зургийг захиалагч хүлээн авсан, уг зургийг ашиглан барилгаа барьж эхэлсэн, дуусаагүй барилгын гэрчилгээ авсан нь Газар зохион байгууллатын албаны 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 01-10/2321 дугаартай албан бичиг, хавсаргасан баримтуудаар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжсэн гэж үзнэ. /хх-102-134, 140/

 

9.8. Иймд захиалагчид ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн мөнгөө шаардах эрх үүсээгүй, гэрээ хэрэгжсэн гэж дүгнэн, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, төлсөн 23,080,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

10. Барилгын тухай хуулийн 38 дугаар 38.1.4-т зохиогчийн техникийн хяналтыг барилгын ажлын үе шатанд гэрээний үндсэн дээр гүйцэтгэх гэж заасны дагуу**************ын зоорьтой 2 давхар орон сууцны барилгын ажилд зохиогчийн хяналт тавих гэрээ хийх эрхтэй байна.

 

10.1. Иргэн*******,*******-ийн хооронд 2022 оны 08 сарын 29-ний өдөр гэрээ байгуулагдаж, ажиллагч Бармега сервис ХХК*******ын зоорьтой 2 давхар орон сууцны барилгын ажилд зохиогчийн хяналт тавих цогц ажлыг хийх ажиллуулагч******* 15,700,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар,*******ын зоорьтой 2 давхар орон сууцны барилгын ажилд зохиогчийн хяналт хийх гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-14-20/

 

Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 359.2-т гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно гэж заажээ.

 

10.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т зураг төсөл, техникийн нөхцлийг үндэс болгоно гэж заасан ба******* нь*******ын барилгын зургийг зурсан тул Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т зааснаар барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсгийг боловсруулсан зохиогч тухайн зураг төслийг баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээх үүрэгтэй байна.

 

10.3.******* нь*******ын барилгын зургийг Барилгын хөгжлийн төвөөр батлуулаагүй болох нь зохигчдын тайлбар, Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 07 сарын 28-ны өдрийн 01/1931 тоот албан бичгээр тогтоогдож байх тул хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

 

10.4. Талууд 2024 оны 01 сарын 29-ний өдөр уулзалт хийж, хийсэн ажлын тайланг 2024 оны 01 сарын 31-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч ажиллагч******* хөлсөөр ажиллах гэрээний дагуу хийсэн ажлын тайланг хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

10.5. Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт*******аас 12,560,000 төгрөгийг 2022 оны 08 сарын 30-нд*******-ийн захирал данс уруу шилжүүлэн өгсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй. /хх-21/

 

10.6. Барилга 2022 оны 10 сард зогссон, Барилгын зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийсэн дүгнэлт 2023 оны 12 сарын 13-нд гарсан, барилгын зургийг Барилгын хөгжлийн төвөөр батлуулаагүй зэрэг нөхцөл байдлаас, хөлсөөр ажиллах гэрээний нэг тал болох ажиллагч******* нь*******ын зоорьтой 2 давхар орон сууцны барилгын ажилд зохиогчийн хяналт тавих цогц ажлыг хийж гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

10.7. Гэрээ хэрэгжээгүй, барилгын зургийг Барилгын хөгжлийн төвөөр батлуулж барилгыг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй 3 жилийн хугацаа өнгөрсөн байх тул******* гэрээнээс татгалзаж, төлсөн мөнгөө шаардах эрхтэй гэж үзэв.

 

10.8. Иймд нэхэмжлэгч*******ыг хөлсөөр ажиллах гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэн,*******-аас төлсөн 12,560,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

11.******* барилгын зураг зурах, барилгын ажилд зохиогчийн хяналт тавих тусгай зөвшөөрлийн дагуу талууд гэрээ байгуулсан, иргэн гэрээ байгуулсан болох нь тогтоогдохгүй байх тулд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

12. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-аас 12,560,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******-аас 12,560,000 /арван хоёр сая таван зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч*******ад олгож, нэхэмжлэлээс 23,080,500 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагчд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336,152 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-аас 215,910 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ