2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/01634

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* тоот хаягт оршин суух ******* ******* овогт *******гийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ******12 давхарт хаягт байрлах, ******* ******* ХХК /РД: *******/-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, орон сууцны талбайн дутуу хэмжээнд ногдох 16,386,204.4 төгрөгийг гаргуулах, орон сууц хөлсөлсөн төлбөрт төлсөн 13,200,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Орон сууцны талбайн хэмжээ, үнийн дүнгийн зөрүү төлбөрт 8,052,000 төгрөг, захиалагчийн өмнөөс сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн 950,364 төгрөг, орон сууцны конторт төлсөн 179,278 төгрөг, гэрээний дагуу тооцогдсон алданги 25,974,948 төгрөг, нийт 35,156,590 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******, Ч., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2021 оны 06 сарын 23-ны өдөр ******* ******* ХХК-тай Хан-Уул дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах төсөл орон сууцны нийт талбай 69,12 м2 ашигтай талбай 61,38 м.кв нийт үнэ 187,209,000 төгрөгийн байрыг захиалж гэрээ хийсэн. Урьдчилгаа төлбөрийн 93,604,500 төг хуваарийн дагуу ашиглалтад ортол төлж, үлдэх 93,604,500 төгрөгийг мэдэгдэл авсны дараа төлөхөөр тохирсон. Ингээд ******* ******* ХХК-ийн борлуулалтын албанд 2023.12.25-ны өдөр байрны мөнгөө эдийн засагч Бурмаатай тооцоо нийлэн нэхэмжлэхийн дагуу төлж дуусган байраа хүлээн авч түлхүүрээ авах хүсэлт гаргахад танай байрны м.кв нэмэгдсэн гэдэг шалтгаанаар 4 сар орон сууцыг минь хүлээлгэн өгөлгүй намайг хохироож байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлсэн байхад хийсэн гэрээндээ 2 жил 10 сарын хугацаанд талбайн өөрчлөлтийн тухай мэдэгдээгүй байна. Гэрээнд тусгаагүй талбайн мөнгийг хууль бусаар нэхэмжилсэн 187,209,000 төгрөгийг маань 4 сарын хугацаанд үнэгүйдүүлж орон байранд минь оруулахгүй 4 сар гаруй хугацаанд сэтгэл санааны болон эд материалын хохирол учруулж буй тул гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоон орон сууцыг олгуулж өгнө үү.

 

1.1. Нэхэмжлэгч 2024.06.10-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 хороо, Мандала гарден хотхон 1486 байрны 44 тоот 63,07 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай бримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулна гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгч нь 2024.06.18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Гүйцэтгэгч нь 69.12 м.кв талбай бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байтал гэрээнд заасан хаяг, байршил бүхий захиалагчийн орон сууцыг 63.07 м.кв хэмжээгээр барьж, ашиглалтад оруулсан байгаа нь түүний гэрээгээр хүлээсэн гүйцэтгэгчийн үүргээ ноцтой зөрчсөнийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл захиалагчийн захиалсан орон сууцны талбай 6.05 м.кв хэмжээгээр дутуу байх тул талбайн зөрүүнд 16,386,204.4 төгрөгийг захиалагчид мөнгөн хэлбэрээр буцаан төлөх үүрэг гүйцэтгэгчид үүсч байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3 дахь заалт болон талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний 1.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу орон сууцны талбайн 6.05 м.кв дутуу хэмжээнд ногдох 16,386,204.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.3. Нэхэмжлэгч нь 2024.12.05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний 1.1 -т ...гүйцэтгэгч тал нь орон сууцыг барьж ашиглалтад оруулж захиалагч талд хүлээлгэн өгөх... гэж, мөн гэрээний 2.5-д Гүйцэтгэгч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн баримтыг үндэслэн орон сууц хүлээлцсэн акт үйлдэж орон сууцны түлхүүрийг Захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж, мөн 2.6-р,3ахиалагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахад шаардлагатай Гүйцэтгэгчийн зүгээс бүрдүүлбэл зохих бичиг баримтыг Захиалагчид гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан. Гэтэл хариуцагч ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл ноцтой зөрчсөөр байгаа бөгөөд улмаар нэхэмжлэгч Д.******* нь орон байрандаа хугацаандаа орж чадаагүйгээс шалтгаалан 12 сар гаруй хугацаанд бусдын хөлсний байранд амьдарч байна. Тодруулбал, тэрбээр 2024 оны 01 дүгээр сараас өнөөдрийг хүртэл Б.Баянмөнхтэй Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, нийслэлийн Баянгол дүүргийн 28-р хороо, 10-р хороолол, 45-р байр, 6/24 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг сар бүр 1,100,000 төгрөгөөр хөлсөлж байна. Түүнчлэн, дээрх нь орон сууцны хөлсийг төлөх зорилгоор 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Голомт банктай Дижитал зээлийн гэрээ-г байгуулж 14,840,000 төгрөгийг зээлсэн тул үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. Тодруулбал, хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой байсан хугацааг хэтрүүлснээс болж нэхэмжлэгч өөрийн ашиг сонирхлыг хангахын тулд гаргасан зардлаа, мөн олж болох байсан орлогоо шаардах эрхтэй байна. Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасны дагуу Д.*******ийн 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд орон сууцны хөлсөд төлсөн 13,200,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.******* болон ******* ******* ХХК-иудын хооронд 2021 оны 06 сарын 23-ны өдөр МГ-W-21/70 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Гэрээг байгуулагдах явцад гэрээний 1.2 дахь заалтад бичигдэх м.кв хэмжээнд механик алдаа гарч ашигтай талбайн хэмжээг батлагдсан зураг төслийн дагуу 64.02 м.кв гэж бичих байсныг 61.38 м.кв гэж алдаатай бичсэн байдаг. Бид уг үүссэн асуудлын талаар захиалагчид 24/54 тоот албан бичгээр мэдэгдсэн. Захиалагч нь 2024 оны 01 сарын 02-ны өдөр гар өргөдлөөр А-аас хэмжилт хийлгэж гэрээнд 61.38 м.кв гэж зааснаар их буюу 63.07 м.кв хэмжээтэй болох дүгнэлтийг гаргуулсан бөгөөд ямарваа нэгэн төлбөр тооцоо нэмж төлөхгүйгээр орон сууцыг хүлээн авах хүсэлт гаргасан. Уг өргөдлийн хариуд М...ХХК нь 24/148 тоот албан бичгээр магадлалаар орсон зураг төслийн дагуу 64.02 м.кв талбайн хэмжээгээр төлбөр тооцоог авахгүйгээр захиалагчийн өөрийн гаргасан 63.07 м.кв-ийн дагуу зөрүү төлбөр тооцоог бодож 5,154,500 төгрөгөөр төлбөрийг төлж орон сууцаа хүлээн авах тухай хариуг хүргүүлсэн.Гэтэл захиалагч нь өнөөдрийг хүртэл орон сууцны зөрүү төлбөр тооцоог төлөөгүй. МГ-W-21/70 тоот Орон сууц захиалгын гэрээний 6.1-т барилга ашиглалтад орсны дараа орон сууцны ашигтай талбайн хэмжээ өөрчлөгдөж болох хүлцэх алдааг 1.8% байхаар тодорхойлсон боловч Д.*******ийн захиалсан орон сууцны ашигтай талбайн хэмжээ 2.75%-аар нэмэгдсэн байх тул зөрүү төлбөрийг төлөхгүйгээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: а/ ******* Констракшн ХХК болон захиалагч Д.******* нарын хооронд 2021 оны 06-р сарын 23-ны өдөр МГ-W-21/70 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж захиалагч Хан-Уул дүүргийн 23-р хороо, төслийн 304-р блок, 4-р давхрын 44 тоот 3 өрөө орон сууцыг захиалсан. Манай зүгээс тус орон сууцны талбайн хэмжээг батлагдсан зураг төслийн дагуу 64.02 м.кв хэмжээтэй барьж гүйцэтгэсэн. Талууд гэрээний 1.2 дахь хэсэгт ашигтай талбайгаар буюу 61.38 м.кв талбайн хэмжээгээр 1 м.кв үнийн 3,050,000 төгрөгөөр тохирч гэрээлсэн болох нь ******* Констракшн ХХК-ийн 2024 оны 01 сарын 08-ны өдрийн 24/54 тоот албан бичиг, 2024 оны 01 сарын 30-ны өдрийн 24/158 тоот албан бичиг, захиалагч Д.*******ийн гар өргөдөлд энэ хэмжилтээ тооцоход 63.07 м.кв-61.38 м.кв=1.69 м.кв зөрүү гарч үүнээс гэрээний 6.1-д заасан хүлцэх алдаа 1.1 м.кв хасч (1.69 м.кв-1.1 м.кв=0.59 м.кв) зөрүү 0,59х3,050,000=1,799,500 төгрөг төлөх тооцоо гарч байна гэх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдоно. Орон сууцны талбайн хэмжээ анх гэрээ байгуулсан хэмжээнээс илүү болохыг захиалагч Д.******* мэдсээр байж орон сууцны талбайн 6.05 мкв дутуу хэмжээнд ногдох 16,386,204.4 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин төлөгдөөгүй үлдсэн 2.64 м.кв талбайн төлбөр 8.052,000 төгрөгийг захиалагч Д.******* нь 2024 оны 12 сарын 13-ны өдөр орон сууц ашиглалтад орсноос хойш гүйцэтгэгчид төлөөгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

б/Гүйцэтгэгч нь орон сууц ашиглалтад орсон тухай мэдэгдлийг захиалагчид албан бичгээр мэдэгдсэн. Тэрхүү хугацаанаас хойш захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр тооцоогоо төлж орон сууцаа бүрэн хүлээн авах боломжтой боловч илүү байгаа м.кв төлбөрийг төлөхгүй орон сууцыг авна гэх зорилгоор өнөөдрийг хүртэл шүүх, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гарган орон сууцаа хүлээн аваагүй байна. Үүнээс болоод орон сууцны ашиглалтын зардлууд сар болгон гарч байна. Захиалагч нь хүлээн аваагүй орон сууцны төлбөрийг СӨХ болон контор нь гүйцэтгэгч байгууллагаас нэхэмжилдэг ба бид СӨХ-ийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг Омоте Проперти Менежмент ХХК-д 950,364 төгрөг, Конторын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг Вайз Майнд Сольюшн ХХК-д 179,278 төгрөгийг төлсөн байна. Захиалагч нь орон сууцын үлдэгдэл төлбөр тооцоог санаатайгаар төлөлгүйгээр орон сууцаа хүлээн аваагүйгээс болоод уг зардлыг захиалагчийн өмнөөс бид СӨХ болон Конторын байгууллагад төлсөн тул нэхэмжилж байна.

в/ Захиалагч Д.******* нь МГ-1Ү-21/70 тоот Орон сууц захиалгыг гэрээний 1.3-т заасны дагуу орон сууцны урьдчилгаа 50% болох 96,604,500 төгрөгийг Хавсралт 1-т заасны дагуу төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний 4.2-т захиалагч нь гэрээний 1.3-т заасан урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алдангийг гүйцэтгэгч талд төлнө гэж харилцан тохирч гэрээлсэн. Гэвч захиалагч Д.******* нь гэрээний хавсралтад заасан төлбөр төлөх хугацааг тогтмол зөрчиж ирсэн ба гэрээний дагуу алдангийг тооцож үзэхэд 25,974,948 төгрөгийн алданги тооцогдсон байна. Иймд энэхүү алдангийг захиалагчаас нэхэмжилж байна.

Мандала гарден төслийн захиалагч Д.*******ээс МГ-W-21/70 тоот Орон сууц захиалгын гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 23-р хороо, төслийн 304-р блок, 4-р давхрын 44 тоот байрны талбайн хэмжээ үнийн дүнгийн зөрүү төлбөр болох 8,052,000 төгрөг, захиалагчийн өмнөөс сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн 950,364 төгрөг, орон сууцны конторт төлсөн 179,278 төгрөг, гэрээний дагуу тооцогдсон алданги болох 25,974,948 төгрөг нийт 35,156,590 төгрөг гаргуулж ******* Констракшн ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.1. Хариуцагч ******* контсракшн ХХК нь 2025.02.19-ний өдөр сөрөг нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Хариуцагч ******* ******* ХХК нь Орон сууц захиалгын гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, төслийн 304-р блок, 4-р давхрын 44 тоот байрны 2.64 м.кв талбайн төлбөр 8,052,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн 950,364 төгрөг, орон сууцны конторт төлсөн 179,278 төгрөг, гэрээний алданги 25,974,948 төгрөг нийт 35,156,590 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлээр алданги 25,974,948 төгрөгийг нэхэмжилсэн. Захиалагч Д.******* нь Орон сууц захиалгын гэрээний хавсралтад заасан урьдчилгаа төлбөрийн хуваарийг зөрчсөн тул 958,684 төгрөгийн алданги гэрээний дагуу тооцогдсон байна. Үүн дээр нэмээд захиалагч Д.******* нь зөрүү м.кв төлбөрийг мэдэгдэл авсан хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл 402 хоног төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Гэрээний дагуу алданги тооцож үзэхэд 16,184,520 төгрөг нийт 17,143,204 төгрөгийг алдангийг нэхэмжилж байгаа тул дараах байдлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Үүнд: Д.*******ээс МГ-W-21/70 тоот Орон сууц захиалгын гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, төслийн 304-р блок, 4-р давхрын 44 тоот байрны 2.64 м.кв талбайн төлбөр 8,052,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн 950,364 төгрөг, орон сууцны конторт төлсөн 179,278 төгрөг, гэрээний алданги 17,143,204 төгрөг, нийт 26,324,846 төгрөг гаргуулах тухай болгон тодруулж байна гэжээ.

 

3.2. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: а/ Хан-Уул дүүргийн 23-р хороо, төслийн 304-р блок, 4-р давхрын 44 тоот байрны 2.64 м.кв талбайн төлбөр 8,052,000 төгрөг гаргуулах шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц захиалгын гэрээ-ний 1.2 дахь хэсэгт орон сууцны ашигтай талбай 61,38 м.кв гэж тохиролцсон ба Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Мандала гарден хотхон, 3-р ээлж /304 блок/-ийн барилгын ажлын зурагт 304-р блок, 4-р давхрын 44 тоот орон сууцны талбайг 64.02 м.кв-аар хэмээн баримт гаргаж өгсөн. Уг барилгын ажлын зураг төсөл нь орон сууцыг барих зураг төсөл болохоос маргаан бүхий орон сууцны талбай 64.02 м.кв гэсэн ойлголт биш юм. Харин Ардим Лайн ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хэмжилтээр орон сууцны талбай 63.07 м.кв /ХХ-ийн 81 дэх тал/ болох нь тогтоогдсон. Хариуцагч ******* ******* ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 24/148 дугаар өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг /ХХ-ийн 75 дахь тал/, хуралдаанд гаргасан тайлбартаа Ардим лайн ХХК-ийн хэмжилтийг хүлээн зөвшөөрч, орон сууцны талбайн зөрүү 1.69 м.кв ногдох 5,154,500 төгрөгийг шаардсан байдаг. Хариуцагчийн шаардсан орон сууцны зөрүү 8,052,000 төгрөгөөс 5,154,500 төгрөгийг зөвшөөрч, үлдэгдэл 2,897,500 төгрөгийг эс зөвшөөрч байна.

б/ Сууц өмчлөгчдийн холбоонд төлсөн 950,364 төгрөг, Орон сууцны конторт төлсөн 179,278 төгрөгийг гаргуулах шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Үүнд: Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 950.364 төгрөгийг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө, мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт "сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг гэж тус тус заасны дагуу уг орон сууцны өмчлөгч нь Сууц өмчлөгчдийн холбоонд сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг төлөх ёстой байдаг. Гэтэл хариуцагч ******* ******* ХХК нь Хан-Уул дүүргийн 23-р хороо, төслийн 304-р блок, 4-р давхрын 44 тоот орон сууцны талбайг 64.02 м.кв орон сууцыг нэхэмжлэгч Д.*******ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүй, орон сууцыг хүлээлгэж өгөөгүй тул 304-р блок, 4-р давхрын 44 тоот орон сууцны өмчлөгч нь одоогоор Д.******* биш юм. Өөрөөр хэлбэл Д.******* нь СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлыг өнөөдрийн байдлаар төлөх үүрэггүй юм. Мөн нэхэмжлэгч Д.******* нь маргаан бүхий орон сууцанд амьдраагүй буюу өмчлөгч, эзэмшигч биш тул орон сууцны конторт төлсөн гэх 179,278 төгрөгийг төлөх үүрэггүй юм.

в/ Гэрээний алданги 29,974,948 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Үүнд: Хариуцагч ******* ******* ХХК сөрөг нэхэмжлэлдээ Орон сууц захиалгын гэрээний 1.3-т заасны дагуу орон сууцны урьдчилгаа 50% болох 93,604,500 төгрөгийг Хавсралт 1-т заасан хугацаанд төлөх үүргээ зөрчсөн гэжээ. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч Д.*******ийг Орон сууц захиалгын гэрээний Хавсралт 1-т заасан хугацаандаа орон сууцны төлбөр төлөх тухай баримтыг гаргаж өгөөгүй, гэрээний алданги 29,974,948 төгрөгийг хэрхэн тооцсон тухай баримтаа гаргаж өгөөгүй байна. Нэхэмжлэгч Д.******* нь ******* ******* ХХК-тай Орон сууц захиалгын гэрээний Хавсралт 1-т заасан хугацаанд орон сууцны урьдчилгаа төлбөр 93,604,500 төгрөгийг давуулан буюу 95,443,250 төгрөгийг төлж, хугацаандаа төлбөрөө төлсөн тухай тооцоо нийлж, үлдэгдэл 91,765,750 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх үйлдсэн Мөн хариуцагч ******* ******* ХХК нь Орон сууц захиалгын гэрээний 1.4-т заасны дагуу 2023 оны 3-р улирал буюу 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор уг орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Гэтэл хариуцагч нь уг орон сууцыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад оруулсан. Өөрөөр хэлбэл хариуцагч ******* ******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг гэрээгээр хүлээсэн хугацаанд ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэж өгөх үүргээ зөрчсөн нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт зааснаар 224.2.3-т зааснаар алданги шаардах эрхгүй. Мөн гэрээний 4.3-т Хэрвээ захиалагч гэрээний 1.3-т заасан урьдчилгаа төлбөр болон үлдэгдэл төлөх аль нэг хуваарийг зөрчсөн тохиолдолд гүйцэтгэгч тал алданги төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан нь хариуцагч алданги төлөх үүргээс чөлөөлөх зохицуулалт юм. Үүнтэй адил талуудын хооронд гэрээнд заагаагүй боловч гүйцэтгэгч тал гэрээний үүргээ зөрчсөн бол захиалагч тал алдангиас чөлөөлөгдөхөөр тохиролцсон. Иймд өрөг нэхэмжлэлийн шаардлагаас 30,002,090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:

 

Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн хуулбар, Орон сууц захиалгын гэрээ, Урьдчилгаа төлбөр төлөх хуваар, Гүйлгээний баримт, нэхэмжлэх, ******* ******* ХХК-ийн 2024.01.08-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024.01.30-ны өдрийн Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Тэтгэврийн зээлийн өргөдөл /2023.11.24/, Төрийн банк ХК-тай байгуулсан 2023.11.24-ний өдрийн Тэтгэврийн зээлийн гэрээ, зээлийн дансны төлбөрийн хуваарь, Ариг банк ХХК-тай байгуулсан 2023.12.14-ний өдрийн Бизнесийн зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл зээлийн хүү төлөх хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, ШӨХТГ-ын 2024.03.14-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны даалгавар, мөнгөн шилжүүлэг, шилжүүлгийн мэдээлэл, Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Орон сууцны урьдчилгаа төлсөн дансны хуулга, 2024.01.04-ний өдрийн өргөдөл, Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай, Ардим Лайн ХХК-н Сууц өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тухай тэмдэглэл, дүгнэлт, Ардим Лайн ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл,шилжүүлгийн мэдээлэл, 2024.03.01-ний өдрийн №01 дугаар Орон сууц хөлслөх гэрээ, 2024.03.25-ны өдрийн №02 дугаар Орон сууц хөлслөх гэрээ, 2024.06.29-ний өдрийн №03 дугаар Орон сууц хөлслөх гэрээ, 2024.09.29-ний өдрийн №04 дугаар Орон сууц хөлслөх гэрээ, 2024.03.01-ний өдрийн бэлэн мөнгөний баримт, Хаан банкны 2024.10.20-ны өдрийн шилжүүлгийн баримт, Хаан банкны 2024.11.23-ны өдрийн шилжүүлгийн баримт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Голомт банкны 2024.06.17-ны өдрийн ЗГ-R180012001 дүгээр Дижитал зээлийн эрх нээх гэрээ, Голомт банкны 2024.09.17-ны өдрийн ЗГ-R180012001-202492 дугаар Дижитал зээлийн гэрээ,дижитал зээлийн эрхийн нөхцөл, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, зээлийн хүсэлтийн мэдээлэл зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

Хариуцагчаас: Итгэмжлэл, хариу тайлбар, орон сууц захиалгын гэрээ, урьдчилгаа төлбөр төлөх хуваарь, орон сууц захиалгын хуудас, 2024.01.08-ны өдрийн 24/54 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, өргөдөл, ажлын зураг, 2024.01.29-ны өдрийн 24/148 тоот Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг 2024.01.30-ны өдрийн 24/158 тоот Өргөдлийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Ээлжийн амралт олгох тухай, Ашиглалт, үйлчилгээний гэрээ, Тооцоо нийлсэн акт, Орон сууцны ашиглалтын төлбөр, Вайз майнд Солюшн ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд тооцоо нийлсэн акт, Мөнгө шилжүүлсэн баримт, Нэхэмжлэх, Эмпати хаус ХХК буюу одоогоор Вайз майнд Солюшн ХХК-н улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрөл, ЭГЭ ХХК-ийн гаргасан Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, ЭГЭ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ЭГЭ ХХК-ийн тусгай зөвшөөрөл, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын болон ЭГЭХХК нарын хооронд 2024.11.25-ны өдөр байгуулагдсан ЗТ19-607/21 тоот гэрээ, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох асуудлыг гэрээний үндсэн дээр хариуцагч, барилгын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын хооронд байгуулсан гэрээ, ******* ******* ХХК-ийн Нэхэмжлэлийн шаардлага багасгах тухай 2025.02.19-ний өдрийн албан бичиг, 2021.06.23-ны өдрийн МГ-W-21/70 тоот гэрээний хуваарьт төлбөрийн алданги тооцсон тооцоолол зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэв.

 

2.  Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 2021 оны 06 сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууцны захиалгын гэрээний дагуу 187,209,000 төгрөгийг бүрэн төлсөн боловч орон сууцны өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул Нийслэлийн Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Мандала гарден хотхон 1486 байрны 44 тоот 63,07 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулна, мөн гүйцэтгэгч нь 69,12 м.кв талбай бүхий орон сууцыг гэрээнд зааснаар барьж захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байхад 63.07 м.кв хэмжээгээр барьж, ашиглалтад оруулж, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, орон сууцны талбай нь 6.05 м.кв хэмжээгээр дутуу байх тухайн 6.05 м.кв дутуу хэмжээнд ногдох 16,386,204.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулна,

******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, нэхэмжлэгч Д.******* нь орон сууцандаа тохирсон хугацаандаа орж чадаагүйгээс шалтгаалан 12 сар гаруйн хугацаанд бусдын хөлсний байранд амьдарч байгаа, 2 өрөө орон сууцыг сар бүр 1,100,000 төгрөгөөр хөлсөлж, 2024.01-2024.12 сар хүртэлх хугацаанд орон сууцны хөлсөнд 13,200,000 төгрөгийг төлснийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлжээ.

 

2.1. Харин нэхэмжлэгч нь орон сууцны талбайн 6.05 м.кв дутуу хэмжээнд ногдох 16,386,204.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа шүүх хуралдаанд татгалзжээ.

 

3. Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэж татгалзсан. Талуудын хооронд 2021 оны 06 сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээ байгуулагдах явцад гэрээний 1.2 дахь заалтад бичигдэх м.кв хэмжээнд механик алдаа гарч ашигтай талбайн хэмжээг батлагдсан зураг төслийн дагуу 64.02 м.кв гэж бичих байсныг 61.38 м.кв гэж алдаатай бичсэн. Бид уг үүссэн асуудлын талаар захиалагчид албан бичгээр мэдэгдсэн. Захиалагч нь 2024 оны 01 сарын 02-ны өдөр гар өргөдлөөр хэмжилт хийлгэж гэрээнд 61.38 м.кв гэж зааснаар их буюу 63.07 м.кв хэмжээтэй болох дүгнэлтийг гаргуулсан боловч ямарваа нэгэн төлбөр тооцоог нэмж төлөхгүйгээр орон сууцыг хүлээн авах хүсэлт гаргасан. ******* ******* ХХК нь магадлалаар орсон зураг төслийн дагуу 64.02 м.кв талбайн хэмжээгээр төлбөр тооцоог авахгүйгээр захиалагчийн өөрийн гаргасан 63.07 м.кв-ийн дагуу зөрүү төлбөр тооцоог бодож 5,154,500 төгрөгийг төлж орон сууцаа хүлээн авах тухай хариуг хүргүүлсэн боловч татгалзсан. Гэрээний 6.1-т барилга ашиглалтад орсны дараа орон сууцны ашигтай талбайн хэмжээ өөрчлөгдөж болох хүлцэх алдааг 1.8% байхаар тодорхойлсон боловч орон сууцны ашигтай талбайн хэмжээ 2.75%-аар нэмэгдсэн байх тул зөрүү төлбөрийг төлөхгүйгээр орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

                                                                              I.        Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

5. Нэхэмжлэгч Д.******* нь ******* ******* ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр №МГ-W-21/70 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулжээ.

6. Энэхүү гэрээний ерөнхий нөхцөлөөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Мандала гарден хотхоны 304 блок, 4 давхрын 4В-3 загварын 3 өрөө орон сууцны нийт талбай 69,12 м.кв, ашигтай талбай 61,38 м.кв орон сууцыг барьж, 2023 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь нийт үнэ 187,209,000 төгрөгөөр санхүүжүүлж, орон сууцыг хүлээн авахаар тус тус харилцан тохирчээ.

7. Захиалагч Д.******* нь гэрээний дагуу 187,209,000 төгрөгийг бүрэн төлсөн асуудлаар зохигч маргаагүй боловч орон сууцны ашигтай талбай нь бодит байдалд гэрээгээр тохиролцсоноос илүү хэмжээтэй байсан, улмаар гүйцэтгэгч илүү талбайн хэмжээнд ногдох төлбөрийг захиалагчаас нөхөн шаардсантай холбоотойгоор гэрээний үүргээ харилцан дуусгавар болгохоос өмнө зохигчийн хооронд маргаан үүсжээ.

8. Гэрээний ерөнхий нөхцөл, зохигчийн хооронд хийгдсэн тохиролцоо зэргээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

9. Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгчийг орон сууцны дахин хэмжилтээр илэрсэн илүү м.кв талбайд ногдох төлбөрийг нөхөн төлөх үүргээ биелүүлээгүй учир үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох эрхгүй гэж маргасан боловч нэхэмжлэгч нь хэлцлийн шинжийг тодорхойлоход ач холбогдол бүхий үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүн болох 187,209,000 төгрөгийг бүрэн төлсөн, гагцхүү үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байгаа шалтгааныг зохигчийн гэрээний үүрэгтэй холбогдуулан тайлбарласныг хариуцагч ******* ******* ХХК няцаагаагүй байна.

10. Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон төлбөрийг бүрэн төлсөн үйл баримт тогтоогдсон, харин гэрээгээр харилцан тохирсон орон сууцны м.кв талбай нь бодит байдалд илүү байгаагийн улмаас нэмж мөнгөн төлбөр төлөх, эсхүл анхны байгуулсан гэрээний дагуу төлбөрийг төлөх ёстой эсэх асуудал нь талуудын хооронд маргаан болсонтой холбоотойгоор гэрээний үндсэн үүрэг биелэгдээгүй гэх шалтгаан, үндэслэл болжээ.

11. Ажил гүйцэтгэх гэрээний талууд гүйцэтгэгдсэн ажлын хүрээнд сүүлд илүү талбайн хэмжээний ногдох хэсэгт маргасан боловч гэрээний анхны тохиролцсон үнийн дүнгийн талаар маргаагүйгээс гадна орон сууц захиалгын гэрээг цуцлах, татгалзах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, орон сууц нь ашиглалтад бүрэн орсонтой холбоотойгоор ******* ******* ХХК-ийн зүгээс хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3 болон гэрээнд зааснаар хариуцагч ******* ******* ХХК нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

12. Дээр дурдсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Мандала гарден хотхоны 304 блок, 4 давхрын 4В-3 загварын 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр иргэн Д.*******ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

13. Нэхэмжлэгч Д.******* нь ******* ******* ХХК-тай 2021.06.23-ний өдөр байгуулсан Орон сууцны захиалгын гэрээ-ний 1.3-т ...3 өрөө орон сууцны нийт талбай 69,12 м.кв ашигтай талбай 61,38 м.кв байна гэж зааснаар 69.12 м.кв талбай бүхий орон сууцыг барьж ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч бодит байдалд орон сууцыг 63.07 м.кв хэмжээгээр барьж, ашиглалтад оруулсан тул орон сууцны талбай 6.05 м.кв хэмжээгээр дутуу баригдсан. Иймд орон сууцны талбайн 6.05 м.кв дутуу хэмжээнд ногдох 16,386,204.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх хуралдаанд уг шаардлагаасаа татгалзсан байх тул нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй юм.

14. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, хугацаа хэтрүүлсний улмаас 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд орон сууц хөлсөлсний төлбөрт 13,200,000 төгрөгийг төлсөн учир үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний улмаас учирсан хохиролд тооцон хариуцагчаас гаргуулна гэж шаардлагаа тодорхойлсон.

15. Талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 1.4-т орон сууцны барилгыг 2023 оны 03 улиралд багтаан иж бүрэн чанартай барьж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгохоор харилцан тохирсон, хариуцагч нь 2023 оны 12 дугаар сард барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулсан болох нь нэхэмжлэгч Д.*******т хүргүүлсэн мэдэгдэл, албан бичгүүд, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар тогтоогджээ.

16. Иймд хариуцагч нь гэрээний дагуу орон сууцыг боломжит хугацаанд ашиглалтад оруулсан гэж үзнэ. Харин зохигчдын хооронд орон сууцны м.кв-ын зөрүүтэй байдлын улмаас маргаан үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон тул орон сууц захиалгын гэрээний дагуу ашиглалтад оруулах хугацааг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл болохгүй.

17. Нэхэмжлэгч нь орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх талаар шаардлага гаргасныг хариуцагч татгалзсан тул хугацаа хэтрүүлсэн буруутай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч бусдын орон сууцыг хөлсөлсний улмаас 13,200,000 төгрөг төлснийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д заасан үндэслэлээр шаардах эрхгүй гэж үзэв.

18. Нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор өөрийн төрсөн хүү болох Б.Баянмөнхтэй байгуулсан орон сууц хөлслөх гэрээнүүдийг баримтаар өгчээ.

а/ 2024.03.01-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээгээр Баянгол дүүргийн 10 хороолол, 28 хороо 45 байр 6/24 тоот орон сууцыг 2024.01.01-2024.03.31 хүртэл хөлслөхөөр тохирсонтой холбоотойгоор 2024.03.01-ний өдрийн 3,300,000 төгрөгийн Бэлэн мөнгөний зарлагын баримтыг, 2024.03.25-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээгээр орон сууцыг 2024.04.01-2024.06.30-ны өдрийг хүртэл хөлслөхөөр тохирсонтой холбоотойгоор 2024.10.20-ны өдрийн 6,500,000 төгрөгийн шилжүүлгийн баримт, 2024.09.29-ний өдрийн Орон сууц хөлслөх гэрээгээр орон сууцыг 2024.10.01-2024.12.31-ний өдрийг хүртэл хөлслөхөөр тохирсонтой холбоотойгоор 2024.11.23-ны өдрийн 3,400,000 төгрөгийн шилжүүлгийн баримтыг хавсарган өгсөн, орон сууц хөлсөлсний төлбөрийг төлөх зорилгоор 14,840,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж, зээл авсан гэх боловч гэрээ байгуулсан хугацаа болон орон сууц хөлслөх төлбөр төлсөн гэх хугацаа, зээл авсан гэх хугацаанууд хоорондоо зөрүүтэй, мөн 2023.12.14-ний өдрийн 68,500,000 төгрөгийн Бизнесийн зээлийн гэрээнд Б.Баянмөнх, Д.******* нар нь хамтран зээлдэгч, үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээний харилцаанд орсон, уг үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Б.Баянмөнх, Д.*******, Д.Баяндорж нар нь хамтран барьцаалсан зэргээс дүгнэхэд Д.******* нь орон сууц хөлслөх гэрээний үүрэгт төлбөр төлж бодитоор хохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв./хх-25-30, 193-212/

19. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-т Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зааснаас гадна хугацаа хэтрүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэрээний харилцан тохиролцсон нөхцөл биелэгдэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгч өөрт хамаарах үүргийг урьдчилан гүйцэтгэхээс татгалзах эрхтэй, талууд үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор маргасныг хугацаа хэтрүүлсэн, уг үр дагаврын улмаас хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

20. Иймд нэхэмжлэгч Д.******* нь бусдын орон сууцыг хөлсөлсний улмаас учирсан хохиролд 13,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

                                                                              II.        Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

1.а/ Хариуцагч ******* Констракшн ХХК нь Д.******* нарын хооронд 2021 оны 06-р сарын 23-ны өдөр байгуулсан МГ-W-21/70 тоот Орон сууц захиалгын гэрээний дагуу 64,02 м.кв орон сууцыг ашиглалтад оруулсан тул үлдсэн 2.64 м.кв талбайн төлбөр 8.052,000 төгрөгийг гаргуулна гэж,

б/ Гүйцэтгэгч нь орон сууц ашиглалтад орсон тухай мэдэгдлийг захиалагчид албан бичгээр мэдэгдсэн боловч орон сууцны үлдэгдэл төлбөр тооцоогоо төлж орон сууцаа бүрэн хүлээн аваагүй, өнөөг хүртэл орон сууцаа хүлээн аваагүйгээс шалтгаалан орон сууцны ашиглалтын зардлууд сар болгон үүсч, СӨХ-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг Омоте Проперти Менежмент ХХК-д 950,364 төгрөг, Конторын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг Вайз Майнд Сольюшн ХХК-д 179,278 төгрөгийг төлсөн, захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр тооцоог санаатайгаар төлөлгүйгээр орон сууцаа хүлээн аваагүйгээс болоод уг зардлыг захиалагчийн өмнөөс бид СӨХ болон Конторын байгууллагад төлсөн тул гаргуулна гэж,

в/ Захиалагч Д.******* нь МГ-W-21/70 тоот Орон сууц захиалгын гэрээний 1.3-т заасны дагуу орон сууцны урьдчилгаа 50% болох 96,604,500 төгрөгийг Хавсралт 1-т заасны дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс 4.2-т зааснаар 958,684 төгрөгийн алданги гэрээний дагуу тооцогдсон. Мөн зөрүү м.кв төлбөрийг мэдэгдэл авсан хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл 402 хоног төлөлгүй хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор 16,184,520 төгрөг, нийт 17,143,204 төгрөгийн алдангийг гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

2. Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээ-ний ерөнхий нөхцөлөөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Мандала гарден хотхоны 304 блок, 4 давхрын 4В-3 загварын 3 өрөө орон сууцны нийт талбай 69,12 м.кв, ашигтай талбай 61,38 м.кв орон сууцыг барьж, 2023 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулан захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нийт үнэ 187,209,000 төгрөгөөр санхүүжүүлж, орон сууцыг хүлээн авахаар харилцан тус тус харилцан тохирчээ. /гэрээний 1.2/

3. Гэрээний 6.1-т Батлагдсан орон сууцны ажлын зургийн дагуу анхны зохион байгуулалтын зурагт заасан хэмжээг үндэслэн орон сууцны талбайн хэмжээг тодорхойлно. Талбайн хэмжээ нь бодит байдал дээр гэрээний 1.2-т заасан хэмжээнээс 1,8 хувиар их эсвэл бага байж болохыг, мөн түүнчлэн энэхүү хүлцэх алдаанаас хэтрээгүй тохиолдолд талуудын аль аль нь гомдлын шаардлага гаргах эрхгүй болно гэж заажээ.

4. Орон сууц захиалгын гэрээний дагуу хариуцагч ******* Констракшн ХХК нь хэлэлцэн тохирсон орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу, мөн барьсны дараа дахин хэмжилт хийхэд ашигтай талбайн хэмжээ нь 64,02 м.кв болсонтой холбогдуулан гэрээний 6.1-т зааснаар 2,64 м.кв талбайн зөрүү мөнгөн төлбөрийг 1 м.кв 3,050,000 төгрөгөөр тооцон 8.052,000 төгрөгийг гаргуулахаар шаардсантай холбоотойгоор маргаан үүсжээ. /хх-2-87/

5. Захиалагч Д.******* нь 2023.12.27-ны өдөр Ардим лайн ХХК-иар хэмжилт хийлгэхэд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Мандала гарден хотхоны 304 блок, 4 давхрын 4В-3 загварын 3 өрөө орон сууцны нийт талбайн хэмжээг Стандартчилал, хэмжил зүйн газрын Үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан МNS 6058:2009 орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал-аар хэмжилт хийхэд нийт талбайн хэмжээ нь 63,07 м.кв болохыг тодорхойлжээ. /хх-81-82/

6. Хариуцагч ******* ******* ХХК нь хавтаст хэргийн 84 дүгээр талд авагдсан Ардим лайн ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул тус хуулийн этгээдийн хэмжилт нь үнэлэгдэх боломжгүй гэж маргасан боловч барилгын салбарын нэгдсэн системийн цахим хуудас болох https://mcis.gov.mn/storage/uploads/process/202305/metavalue/file/file_1685341176205431.pdf цахим сайтад байршуулсан мэдээллээр Барилгын тусгай зөвшөөрлийг шинээр олгох, нэмэлт ажлын төрлөөр олгох, сунгах тухай Барилга, хот байгуулалтын сайдын 2023.05.29-ний өдрийн №129 тушаалын Нэгдүгээр хавсралтын 16-д Ардим лайн ХХК нь Зураг төсөл, ЗТ-2.1 заалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшдэг болох нь тогтоогдсон тул орон сууцны талбайн хэмжээг тогтоосон Ардим лайн ХХК-ийн 2023.12.27-ны өдрийн Дүгнэлт хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

7. Хариуцагч ******* ******* ХХК нь маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээг ЭГЭ ХХК-иар хэмжилт хийлгэхэд талбайн хэмжээг нийт 63,25 м.кв гэж дүгнэлт гаргасныг үндэслэн, мөн анх батлагдсан барилгын зураг төслийн зургаар нь 64,02 м.кв байсныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлжээ. /хх-2-116-122, хх-2-87/

8. Зохигчдын хэн алин нь орон сууцны талбайн хэмжээг магадлуулах, хэмжилтийг дахин хийлгэх талаар шүүхийн журмаар шинжээч томилуулах, хүсэлтийг гаргаагүй, нэхэмжлэгч Д.******* нь 2024.12.06-ны өдөр шүүхэд гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтээсээ 2025.01.16-ны өдрийн шүүх хуралдаанд татгалзсан байхаас гадна нэхэмжлэгч нь ******* ******* ХХК-ийн орон сууцны талбайн зөрүү төлбөрт 8.052,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1,69 м.кв талбайд ногдох 5,154,500 төгрөгт холбогдох Ардим лайн ХХК-ийн хэмжилтээр батлагдсан хэсгийг хүлээн зөвшөөрчээ.

9. Түүнчлэн Өргөдлийн хариу хүргүүлэх тухай ******* ******* ХХК-ийн 2024.01.30-ны өдрийн 24/158 дугаартай албан бичиг, 2024.01.29-ний өдрийн 24/148 дугаартай албан бичгүүдээр захиалагч таны 2024.01.02-ны өдөр манай компанид ирүүлсэн өргөдлийн хавсралтад дурдсан Ардим лайн ХХК-иар хийлгэсэн хэмжилтийн дүгнэлтээр ч мөн тухайн орон сууцны ашигтай талбайн хэмжээ 63,07 м.кв болохыг тодорхойлжээ.... Иймд Та захиалсан орон сууцны ашигтай талбайн мкв-ын зөрүү төлбөр болох 5,154,500 төгрөгийг 2024.02.10-ны өдрийн дотор төлнө үү. Талбайн хэмжилтийг Ардим лайн ХХК-ийн хэмжилтээр тооцоход манай зүгээс татгалзахгүй болно гэсэн хариуг ******* ******* ХХК нэхэмжлэгчид өгч байсан болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т зааснаар гүйцэтгэгч нь нэхэмжлэгчийн Ардим лайн ХХК-иар гүйцэтгүүлсэн орон сууцны талбайн хэмжээ болох 63,07 м.кв хэмжээг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. /хх-22, 75/

10. Нэхэмжлэгч Д.******* нь Ардим лайн ХХК-ийн хэмжилтээр тогтоогдсон 63,07 м.кв-аас гэрээнд заасан 61.38 м.кв-аас илүү гарсан 1,69 м.кв талбайд ногдох 5,154,500 төгрөгт холбогдох хэсэгт маргахгүй буюу төлөхөд татгалзахгүй, нэхэмжлэлийн шаардлагаас тухайн хэсгийг зөвшөөрсөн, мөн хариуцагч нь Ардим лайн ХХК-иар гүйцэтгүүлсэн орон сууцны талбайн хэмжээ болох 63,07 м.кв хэмжээг хүлээн зөвшөөрсөн саналыг нэхэмжлэгчид гаргасан зэрэг үйл баримтад үндэслэн ******* ******* ХХК-ийн орон сууцны талбайн зөрүү төлбөр 8.052,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1,69 м.кв талбайд ногдох 5,154,500 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******ээс гаргуулж, үлдэх 2,897,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11. Гүйцэтгэгч нь орон сууц ашиглалтад орсон тухай мэдэгдлийг захиалагчид албан бичгээр өгсөн боловч орон сууцны үлдэгдэл төлбөр тооцоогоо төлж орон сууцаа бүрэн хүлээн аваагүй, өнөөг хүртэл орон сууцаа хүлээн аваагүйгээс шалтгаалан орон сууцны ашиглалтын зардлууд сар болгон үүсч, СӨХ-ийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг Омоте Проперти Менежмент ХХК-д 950,364 төгрөг, Конторын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг Вайз Майнд Сольюшн ХХК-д 179,278 төгрөгийг төлсөн, захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр тооцоог санаатайгаар төлөлгүйгээр орон сууцаа хүлээн аваагүйгээс болоод уг зардлыг захиалагчийн өмнөөс СӨХ болон Конторын байгууллагад төлсөн төлбөрийг Иргэний хуулийн 222 дугар зүйлийн 222.7-д зааснаар гаргуулна гэжээ.

12. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.5.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй буюу ажил гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах үйлдэл хийх энэ хуулийн 351.1-д заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлоо нөхөн төлүүлэх;-ээр гүйцэтгэгч шаардлага гаргах эрхтэй боловч хэрэгт цугласан баримтаар эдгээр нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

13. Захиалагч орон сууцыг хүлээн авах хугацааг хуульд заасан үндэслэлээр хэтрүүлсэн тохиолдолд хохирол шаардах эрх үүсэх боловч талуудын хооронд үүссэн маргаантай харилцаа нь гэрээний үүргийн зөрчлөөс шалтгаалаагүй, харин зохигчдын хооронд орон сууцны м.кв-ын зөрүүтэй байдлын улмаас маргаан үүссэн нь гэрээний үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгч нар хугацаа хэтрүүлснээс учирсан хохирол шаардах эрхийг үгүйсгэх тул орон сууц захиалгын гэрээний дагуу үүргийн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

14. Иймд Д.*******т холбогдуулан орон сууцаа хүлээн аваагүйгээс шалтгаалан орон сууцны ашиглалтын зардалд төлсөн СӨХ-ийн үйл ажиллагааны 950,364 төгрөг, Конторын үйл ажиллагаанд холбогдох 179,278 төгрөг гаргуулах ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

15. Захиалагч Д.******* нь МГ-W-21/70 тоот Орон сууц захиалгын гэрээний 1.3-т заасны дагуу орон сууцны урьдчилгаа 50% болох 96,604,500 төгрөгийг Хавсралт 1-т заасны дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс гэрээний 4.2-т зааснаар 958,684 төгрөгийн алданги гэрээний дагуу тооцогдсон. Мөн зөрүү м.кв төлбөрийг мэдэгдэл авсан хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл 402 хоног төлөлгүй хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор 16,184,520 төгрөг, нийт 17,143,204 төгрөгийг алдангийг гаргуулах сөрөг шаардлагыг хариуцагч гаргасан байна.

16. Нэхэмжлэгч Д.******* нь хавтаст хэргийн 2-124 дүгээр талд авагдсан 2021/06/23 өдрийн орон сууц захиалгын гэрээний хуваарь төлбөрийн алданги тооцсон тооцооллын хүснэгт-эд тусгагдсан хуваарьт төлбөр төлбөл зохих өдрөөс нийт 44 хоног хэтрүүлсэн үйл баримт, гэрээний дагуу алданги тооцсон шаардлагын талаар маргаагүй боловч төлбөр төлөх графикт хугацааг хэтрүүлсэн 958,684 төгрөг нь бага зэргийн тооцооллын алдаатай гэж маргажээ.

17. Талуудын хооронд 2021.06.23-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээний 4.2-т захиалагч Хавсралт-1-т заасан урьдчилгаа төлбөр төлөх хуваарь болон үлдэгдэл төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг гүйцэтгэгч талд төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцжээ.

18. Хариуцагч талаас шүүхэд гаргасан алдангийн тооцооллыг мөнгөн төлбөр шилжүүлсэн хугацаа, хэмжээ зэрэгт харьцуулан тооцоход хуваарь төлбөрөөс нийт 44 хоног хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор үүссэн алдангийн хэмжээ нь тухайн тооцоололтой нийцсэн буюу нийт 958,684 төгрөгийн алданги шаардах эрх үүссэнийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох эрх зүйн үндэслэлтэй байна.

19. Хариуцагч ******* ******* ХХК нь 2024.01.08-ны өдрөөс хойш орон сууцны дутуу төлөгдсөн м.кв-ын төлбөр болох 8,052,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.******* нь төлөөгүй 402 хоног хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр 16,184,520 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэлгүй юм.

20. Учир нь нэхэмжлэгч 8,052,000 төгрөгийг төлбөл зохих гэрээгээр тохирсон хугацааг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй, маргааны үндэслэл болсон м.кв-ын зөрүү мөнгөн төлбөр болох 8,052,000 төгрөгийг зохигч анхнаасаа гэрээгээр харилцан тохиролцоогүй, гэрээгээр тохирсон төлбөр төлөх ёстой графикийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн гэх үйл баримт нотлогдоогүй тул уг мөнгөн төлбөрийг мэдэгдэл хүргүүлснээс хойш төлөөгүй гэх үндэслэлээр алданги тооцсон нь үндэслэлгүй юм.

21. Иймд ******* ******* ХХК-ийн нэхэмжлэгч Д.*******т холбогдуулан гаргасан ******* Констракшн ХХК нь Д.******* нарын хооронд 2021 оны 06-р сарын 23-ны өдөр байгуулсан МГ-W-21/70 тоот Орон сууц захиалгын гэрээний дагуу 64,02 м.кв орон сууцыг ашиглалтад оруулсан тул үлдсэн 2.64 м.кв талбайн төлбөр 8.052,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 5,154,500 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******ээс гаргуулж, үлдэх 2,897,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

СӨХ-ийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг Омоте Проперти Менежмент ХХК-д төлсөн 950,364 төгрөг, Конторын үйл ажиллагааг хэрэгжүүлдэг Вайз Майнд Сольюшн ХХК-д төлсөн 179,278 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Орон сууц захиалгын гэрээний 4.2-т зааснаар алданги 958,684 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.*******ээс 958,684 төгрөг гаргуулж, хариуцагчид олгож, алдангид холбогдох 16,184,520 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 222.7-д заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Мандала гарден хотхоны Ватер гарден төслийн 304 дүгээр блок, 4 давхрын 4В-3 загварын 3 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр нэхэмжлэгч Д.*******ийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж, хохирол 13,200,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.5.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ээс 6,113,184 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлээс 29,043,406 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар орон сууцны талбайн 6.05 м.кв дутуу хэмжээнд ногдох 16,386,204.4 төгрөгийг ******* ******* ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Д.******* татгалзсаныг баталж, энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /1,093,995+223,950/ 1,317,945 төгрөг, хариуцагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 333,733 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-иас 1,093,995 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Д.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 112,760 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч хариуцагч ******* ******* ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД