| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/04984/И |
| Дугаар | 191/ШШ2025/00577 |
| Огноо | 2025-01-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 191/ШШ2025/00577
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* *******, *******, *******, ******* *******, ********, ******* ******* / /Бүртгэлийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,********* тоот хаягт оршин байрлах, ХХК/РД:/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 409,927,487.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., өмгөөлөгч Б.Очбадар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь ХХК-тай 2021.11.10-ны өдөр №Irdp-21/12 тоот Үйлчилгээний гэрээ байгуулсан. Хариуцагч тал болох Үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь ачааны хагас вагоноор Дархан-Уул аймгийн ээс БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл 46,853.5 тонн төмрийн хүдрийн нунтаг болон бүхэл баяжмал бүтээгдэхүүнийг тээвэрлэн, буулгахаар тохиролцсон. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 476,000 ам.долларыг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлсэн бөгөөд, 2021 оны 11-р сарын 16-ны өдрөөс 26-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 6 удаагийн ачилт буюу 362,250 ам.долларын гүйцэтгэл /ачилт тус бүр 3,450 тонн төмрийн хүдэр буюу нийт 20,700 тонн төмрийн хүдрийн ачилт/ хийгдсэн, 2021 оны 12-р сараас эхлэн төмрийн хүдрийн ачилт огт хийгдээгүй. Иймд бидний зүгээс Гэрээний дагуу төлсөн төлбөрийн үлдэгдэл болох 113,750 ам.долларыг буцаан авахаар удаа дараа шаардаж албан бичиг цахим шуудан явуулж, уулзалт хийж, утсаар ярьсан боловч бидэнд албан бичгээ мэйлээр илгээчих гэснээс өөр хариу өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Гэрээний 8.2-р заалтад Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учирсан хохирол, зардлыг барагдуулна, гэж тусгасан бол 9.4-р заалтад Талууд гэрээг дуусгавар болгох, цуцлах тохиолдолд аль нэг талын буруутай үйлдлээс нөгөө талд учирсан хохирол, зардлыг буруутай тал хариуцна хэмээн заасан байна. Энэхүү хэрэг маргааныг шийдвэрлүүлэх үйл ажиллагаанд Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгч хөлслөн авсан тул өөрийн Өмгөөлөгчид олгосон 15,000,000 төгрөгийн зардлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар мөн гаргуулна. 113,750 ам.долларыг Монгол банкны 2023.09.05-ны өдрийн албан ханш 3,471.89 төгрөгөөр тооцон 394,927,487.5 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 15,000,000 төгрөг нийт 409,927,487.5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: замын институт ХХК нь 2021.11.10-ны өдрийн №Irdp-21/12 тоот гэрээг Блэсс ******* лимитэд / интерпрайсэс/ компанитай байгуулсан. Гэрээний 1.1-д зааснаар өөрийн өмчлөлийн вагоноо Блэсс ******* лимитэд компанийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх замаар бүтээгдэхүүн тээвэрт шаардлагатай вагоноор хангах үүрэг хүлээсэн ба үүргээ хангалттай хэрэгжүүлсэн. Блэсс ******* лимитэд компани нь вагон эзэмшил, ашиглалтдаа шилжүүлэн авах замаар гэрээний 1.2-т заасан . компанийн худалдан авсан бүтээгдэхүүнийг тээвэрлэх зорилгоор хариуцагчтай дээрх гэрээг байгуулсан. Нэхэмжлэлд 2021 оны 12 дугаар сараас эхлэн төмрийн хүдрийн ачилт огт хийгдээгүй гэжээ. Хариуцагчийн тухайд бүтээгдэхүүний ачилт хийх үүрэг хүлээгээгүй, аливаа хэлбэрээр вагон шилжүүлэн өгөхгүй гэж өөрийн буруугаас шалтгаалсан үүргийн зөрчил гаргаагүй. Гагцхүү гэрээний 1.2-т заасан нийлүүлэгдэх бүтээгдэхүүн нь ачихад бэлэн, хариуцах этгээд нь ачилт хийх тохиолдолд вагоноо шилжүүлэх боломжтой. Гэвч 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын хил хаагдаж экспорт зогссоноор гэрээний талуудын хэн алинаас үл шалтгаалсан давагдашгүй хүчин зүйл бий болсон. Үүнтэй залгуулаад ХК-ийн экспортын тээвэр эрх бүхий байгууллагын шийдвэрээр зогссон нь нэхэмжлэгч, хариуцагчаас үл шалтгаалсан давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал болно. Улмаар 2022.04.13-ны өдрөөс Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн удирдлага солигдсоноор "И-Коммодитие . компани бүтээгдэхүүнээ тус компаниас гаргуулан авч чадаагүй нөхцөл байдал үргэлжлэн үүссэн ба дараалсан үйл явдлууд нь хариуцагчийн буруугаас шалтгаалаагүй. Иймээс хариуцагч нь өөрөөс шалтгаалах үүргээ хангалттай хэрэгжүүлсэн. Нэхэмжлэгчийн шаардсан төлбөрийн хэмжээнд үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Блэсс ******* лимитэд компанитай байгуулсан гэрээнд заасан бүтээгдэхүүн нь вагонд ачигдахад бэлэн биш байхад вагон тээвэр хийгдэх боломжгүй. Үүний улмаас бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай вагонууд ачилт хийгдэх тэй өртөөнд гэрээний 1.2-т заасан бүтээгдэхүүнийг ачихыг хүлээн сул зогсож их хэмжээний алдагдал хүлээсэн. Дээрх нөхцөл байдлын улмаас хариуцагчийн олох ёстой байсан орлого тасалдсан бөгөөд вагон хүлээн авах үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бол хүлээн аваагүй буюу бүтээгдэхүүн бэлэн байлгаагүй тал хэтэрсэн хугацаанд вагон сул зогсоосны хариуцлагыг хүлээх үр дагавартай. Энэ талаар Гэрээний 8.8-д талууд ...вагон хүлээлгэх, вагон хүлээн авах үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол... үүсэх хариуцлага буюу алдангийн нөхцөлийг харилцан тохиролцсон ч вагон хүлээн авагч талын бүтээгдэхүүн ачилтад бэлэн биш, бусдаас бүтээгдэхүүн гаргуулан авч чадахгүй байгаа нөхцөл байдалд хариуцагчийн зүгээс хүндэтгэлтэй хандаж үүссэн нөхцөл байдалд гэрээг нийцүүлэх, гэрээний 1.2-т заасан Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих үед гэрээг үргэлжлүүлэх нөхцөлийг санал болгож байсан болно. Энэ нь Иргэний хуулийн 220.3-д Талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй гэж заасан үүргээ биелүүлэх хүрээнд тавьсан санал юм. Гэвч хоёр талын гэрээний өөрчлөгдсөн нөхцөл байдал, харилцан тэгш хүлээх үүрэг, хариуцлага, шударга ёсны зарчмыг ухамсарлаагүй, нэг талын хариуцлага мэтээр хариуцагчийг буруутган төлбөр нэхэмжилсэн нь харамсалтай хэрэг тул хариуцагч нь цаашид хариу шаардлага гаргах үр дагавар үүсэхээр байна. Гэрээний төлбөрийг ам.доллароор илэрхийлсэн ч Төлбөр тооцоог үндэсний мөнгөн .. тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх... гэж заасанд нийцүүлж Блэсс ******* компанийн шилжүүлсэн төлбөрийг хоёр тал төлбөр төлөх үеийн Монголбанкнаас зарласан ам.долларын ханшаар тооцон төгрөгөөр бүртгэж баталгаажуулсан. Иймээс анхнаасаа төгрөгөөр илэрхийлэгдэн бүртгэгдэж төлөгдсөн төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханшаар тооцон нэхэмжлэх үндэслэлгүй ба нэхэмжилсэн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Иргэний хуулийн 218.1-д зааснаар ам.доллартай харьцах мөнгөний ханш буурсан тул анх төлбөр төлөх үеийн талуудын баримталсан ханш нь шаардах эрх үүсэх үеийн төгрөгийн ханш тул энэхүү маргаанд хамаатай болно. Хариуцагч үүргийн зөрчил гаргаагүй, нэхэмжлэгчийг хохироогоогүйгээс гадна өмгөөллийн зардал нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хамаатай зардал тул өмгөөллийн зардал нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Үйлчилгээний гэрээ, нэхэмжлэх, вагоны хүснэгт, төлбөрийн баримт, ХХК-д, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Б-11/679 дугаар албан бичиг, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөр төлөхийг шаардсан цахим шуудан, итгэмжлэл, компанийн гэрчилгээ, Апостиль гэрчилгээ, компанийн дүрэм, нэр өөрчлөгдсөн тухай гэрчилгээ, орчуулга, санамж бичиг, компанийн дүрэм, албан тушаалын гэрчилгээ орчуулгын хамт, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, шилжүүлгийн мэдээлэл, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хариу хүргүүлэх тухай, цахим шуудангаар харилцсан захидлуудын хуулбар, төлөөллийн гэрээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, үйлчилгээний гэрээ зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүгчийн захирамжаар: 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 10/282 дугаар албан бичиг хавсралтын хамт, 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 4-155/19748 дугаар албан бичиг хавсралтын хамт, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн албан бичиг зэрэг баримтууд авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
ХК нь ХХК-тай Үйлчилгээний гэрээ байгуулсан. Уг гэрээгээр үйлчилгээ үзүүлэгч нь ачааны хагас вагоноор Дархан-Уул аймгийн ээс БНХАУ-ын Эрээн өртөө хүртэл 46,853.5 тонн төмрийн хүдрийн нунтаг болон бүхэл баяжмал бүтээгдэхүүнийг тээвэрлэн буулгахаар тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 476,000 ам.долларыг шилжүүлсэн боловч 362,250 ам.долларын тээвэрлэлт хийгдсэн, харин үлдэх 113,750 ам.долларын тээвэрлэлт хийгдээгүй тул мөнгөн төлбөрийг буцаан авахаар удаа дараа хариуцагчаас шаардсан боловч үлдэгдэл мөнгөн төлбөрийг буцаан шилжүүлээгүй. Улмаар шүүхэд хандахаас аргагүй болсон, хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчтэй оролцох шаардлагатай болсон тул өмгөөллийн хөлсөнд 15,000,000 төгрөгийн зардал төлснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулна, тээвэрлэлтийн гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс үлдэх 113,750 ам.доллар буюу 394,927,487.5 төгрөг, өмгөөллийн зардал 15,000,000 төгрөг, нийт 409,927,487.5 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба татгалзлын үндэслэлийг дараах байдлаар тайлбарласан. ХХК нь 2021.11.10-ны өдрийн Үйлчилгээний гэрээгээр харилцан тохирсон үүргээ бүрэн биелүүлсэн. Хариуцагч нь бүтээгдэхүүний ачилт хийх үүрэг хүлээгээгүй, ачихад бэлэн, хариуцах этгээд нь ачилт хийх тохиолдолд вагоноо шилжүүлэх боломжтой байсан. Гэвч 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн БНХАУ-ын хил хаагдаж экспорт зогссоноор гэрээний талуудын хэн алинаас үл шалтгаалсан давагдашгүй хүчин зүйл бий болсноос гадна ХК-ийн экспортын тээвэр эрх бүхий байгууллагын шийдвэрээр зогссоноос тээвэрлэлт зогсоон нь хариуцагчид хамааралгүй. Хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэл нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн анхнаасаа төгрөгөөр илэрхийлэгдэн бүртгэгдэж төлөгдсөн төлбөрийн үлдэгдлийг нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын ханшаар тооцон нэхэмжлэх үндэслэлгүй. Мөн анх төлбөр төлөх үеийн талуудын баримталсан ханш нь шаардах эрх үүсэх үеийн төгрөгийн ханш тул уг ханшийг баримтлах ёстой. Хариуцагч үүргийн зөрчил гаргаагүй, өмгөөллийн зардал нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд хамаатай зардал тул өмгөөллийн зардлыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч нь өмнө ******* нэртэй үйл ажиллагаа явуулдаг байсан Британийн виржинийн арлын нутаг дэвсгэрт 2015.10.08-ны өдөр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн нэрийг болгож өөрчилжээ. /хх-97-98/ /хх42-143/
6. ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хуулийн этгээдийн нэрийг болгож өөрчлөхөөс өмнө Монгол Улсын хуулийн этгээд болох ХХК-тай ******* нэрээрээ 2021.11.10-ны өдөр Үйлчилгээний гэрээг байгуулсан байх тул нь тухайн гэрээний хувьд эрх, үүрэг хүлээх этгээд, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй бөгөөд зохигч тухайн асуудлаар маргаангүй байна.
7. Нэхэмжлэгч /хуучин нэрээр ******* / нь Монгол Улсын ээс төмрийн хүдрийн нунтаг болон бүхэл баяжмал бүтээгдэхүүнийг худалдан авах зорилгоор бүтээгдэхүүний тээвэрлэлтийн ажиллагааг гүйцэтгүүлэхийн тулд ХХК-тай харилцан тохиролцож, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №Irdp-21/12 Үйлчилгээний гэрээ-г байгуулсан, уг гэрээний ерөнхий нөхцөлөөс дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-т заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүсжээ. Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
7.1. Энэхүү гэрээний ерөнхий нөхцөлөөр дараах үндсэн зүйлүүдийг харилцан тохиролцсон байна. Тодруулбал,
а/ Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн өмчлөлийн ачааны хагас вагоныг Үйлчилгээ авагчийн эзэмшил, ашиглалтад тээврийн хугацаанд шилжүүлэх замаар гуравдагч этгээдээс хүлээн авах бүтээгдэхүүнийг тээвэрлэх үйлчилгээг хариуцах, Үйлчилгээ авагч нь үйлчилгээний төлбөр төлөх, /гэрээний 1.1./
Жич: Хэдийгээр гэрээнд Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн өмчлөлийн ачааны хагас вагоныг Үйлчилгээ авагчийн эзэмшил, ашиглалтад тээврийн хугацаанд шилжүүлэх гэж заасан боловч ийн эзэмшил, ашиглалтад ачааны вагонийг шилжүүлж өгсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, тээвэрлэгчийн хувьд ХХК нь биечлэн гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон, тухайн гэрээний заалтыг анх гэрээг байгуулахад өөрчлөх боломжгүй гэсэн шаардлагыг тээвэрлэгч гаргасны үндсэн дээр нэхэмжлэгч гэрээний загварын дагуу гэрээг шууд байгуулсан гэсэн тайлбар гаргасантай хариуцагч шүүх хуралдаанд маргаагүй тул ХХК тээвэрлэлтийн үүргийг бүрэн хариуцсан, харин Монгол Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын Эрээн боомт хүртэлх тээвэрлэлтийн ажиллагаанд оролцоогүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан Улаанбаатар хууль зүйн алба-наас ирүүлсэн баримтаар тогтоогджээ. /2 хх-38-79/
б/ ХК болон . компанийн хооронд байгуулагдсан Бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнд заасан төмрийн хүдрийн нунтаг болон бүхэл баяжмал бүтээгдэхүүнийг тээвэрлэх, /гэрээний 1.2/
в/ 1 сард 4-өөс багагүй цуваа/1 цуваанд дунджаар 50 ширхэг вагоныг тооцно/ вагоноор гэрээгээр тохирсон 46,853.5 тонн төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмал бүтээгдэхүүн тээвэрлэх, /гэрээний 2.1/
г/ Тээвэрлэлтийн маршрут нь Монгол Улсын Дархан-Уул аймаг, Дархан өртөөнөөс Эрээн хүртэл бүтээгдэхүүн тээвэрлэж, Эрээнээс Дархан өртөө хүртэл хоосон тээвэрлэж буцаан хүлээлгэн өгөх /2.2./
д/ Гэрээний дагуу тээвэрлэх 1 тонн бүтээгдэхүүний төлбөр 17,5 ам.доллар уг үнэд үйлчилгээний хөлс, төмөр тээврийн төлбөр багтсан байх,
е/ Гэрээний төлбөр болох 819,936.25 ам.долларыг тухайн сарын тээвэр эхлэхээс өмнө 4 цуваа вагонд тээвэрлэгдэх бүтээгдэхүүний дундаж хэмжээгээр тооцож нийт гэрээнд заагдсан 4 хуваарь, хэмжээний дагуу Худалдаа хөгжлийн банкны 2600101716 тоот дансанд урьдчилж төлөхөөр тус тус харилцан тохирчээ. /4 дүгээр зүйл/
8. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №Irdp-21/12 Үйлчилгээний гэрээ-ний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй бөгөөд гэрээний талууд тээвэрлэлтийн гэрээнд заасан нөхцөлүүдээр санал нэгдсэн, хууль ёсны этгээдүүд гэрээг байгуулсан гэж үзэх тул талуудын хэн алин нь гэрээнд заасан эрх эдэлж, үүргийг хүлээнэ.
нь гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу харилцан тохирсон хөлсийг дараах байдлаар тээвэрлэгчид шилжүүлжээ. Үүнд:
а/ 2021.11.15-ны өдөр 234,782.94 ам.доллар. /13,400тонн х 17,50 ам.доллар/
б/ 2021.11.23-ны өдөр 7,056.24 ам.доллар. /400 тонн х 17,50 ам.доллар/
в/2021.11.26-ны өдөр 234,782.94 ам.доллар./13,400тонн х 17,50 ам.доллар/ буюу нийт 476,622.12 ам.долларыг ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банкны 2600101716 дансанд нэхэмжлэл ирүүлсний дагуу шилжүүлсэн, хариуцагч ХХК мөнгөн хөрөнгийг хүлээн авсныг зөвшөөрсөн тул нэхэмжлэгч тал гэрээний дагуу тээвэрлэлтийн хөлсийг урьдчилан төлөх гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /хх-7-10, 22-23, 24-29/
9. Нэхэмжлэгч нь ХХК-тай 2021.11.10-ны өдөр байгуулсан Үйлчилгээний гэрээ-гээр нийт 46,853.5 тонн төмрийн хүдрийг 1 тонн тутамд 17.5 ам.доллараар, нийт 819,936.25 ам.долларын /46,853.5х17,5=819,936.25/ тээвэрлэлтийг хийлгэхээр харилцан тохирсон, үүнээс 27,200 тоннд ногдох тээвэрлэлтийн хөлс 476,000 ам.долларыг нэхэмжлэгчээс хариуцагчид 3 удаагийн шилжүүлгээр урьдчилан шилжүүлсэн байсан боловч 2021 оны 11 дүгээр сарын 16-26-ны өдрүүдэд нийт 6 удаагийн ачилтаар 20,700 тонн буюу 362,250 ам.долларын тээвэрлэлтийн үүргийг гүйцэтгэсэн, энэхүү үйл баримтын талаар зохигчдын хэн алин нь мөн маргаагүй байна.
10. Иймд /476,000-362,250/ 113,750 ам.долларт ногдох /113,750:17,5/ 6,500 тонн бүтээгдэхүүн тээвэрлэх үүрэг гэрээний дагуу бүрэн гүйцэтгэгдээгүй байсан гэж үзэх үндэслэлтэй юм.
11. Гэтэл, 2021 оны 11 дүгээр сард төмрийн хүдрийг хагас вагоноор тээвэрлэлт хийлгэхгүй гэсэн шийдвэрийг БНХАУ-ын Эрээн боомтоос гаргасан, улмаар ХК-ийн экспортын тээвэрлэлтийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр зогсоосонтой холбоотойгоор төмрийн хүдрийн ачилт хийх боломжгүй болсон нь тээвэрлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй тул гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах нөхцөл байдал бий болсон гэж үзэх боломжгүй юм.
12. Дээр дурдсан нөхцөл байдлаас шалтгаалан цаашид зохигчдын хооронд байгуулсан тээвэрлэлтийн гэрээний үүрэг бүрэн хэрэгжих боломжгүй болсонтой холбоотойгоор гэрээний хэрэгжилтийг дүгнэх зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэх үндэслэлтэй.
13. Нэхэмжлэгч нь ХХК-д нийт 476,000 ам.долларыг шилжүүлснээс, 362,250 ам.долларын тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэгдсэн, бусдын хөндлөнгийн шийдвэр, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цаашид гэрээний дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагааг гүйцэтгэх боломжгүй болсон нөхцөл байдал илэрхий болсонтой холбоотойгоор шилжүүлсэн тээвэрлэлтийн хөлснөөс үлдэгдэл 113,750 ам.долларыг буцаан гаргуулахаар шаардсан боловч хариуцагч төлөөгүй байна.
14. Зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааны хувьд үлдэгдэл 113,750 ам.долларын тээвэрлэлт гүйцэтгэгдээгүй, улмаар уг мөнгөн дүнгийн үлдэгдэл тооцоо байгаа талаар хариуцагч маргаагүй боловч тээвэрлэгч нь гэрээний аливаа үүргийн зөрчил гаргаагүй, мөн ам.долларын ханш өссөн тул ам.долларыг буцаан шилжүүлэхэд хүлээн авсан үеийн ханшаар үүрэг тооцох шаардлагатай гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн нь маргах шалтгаан болжээ.
15. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-т Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн хуулийн 221.2-т Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ гэж заасан, зохигчдын хооронд байгуулсан гэрээний харилцаа нь хөндлөнгийн нөлөөллөөс шалтгаалан цаашид үргэлжлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул уг үндэслэлээр гэрээг цуцалсан гэж үзэх бөгөөд гэрээний талууд нь үүрэг зөрчсөний улмаас гэрээг цуцлах, татгалзах нөхцөл байдал үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
16. Иймд тээвэрлэгч ХХК нь Тээвэрлэлтийн гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч гэрээнээс татгалзах, цуцлах нөхцөл байдал бий болсон гэж үзэх, мөн уг гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх үүрэг хариуцлага үүсэхгүй, улмаар хохирол шаардах эрх үүсэхгүй.
17. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 227.2-т Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэж заасан, нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд тооцон өмгөөлөгчид төлсөн 15,000,000 төгрөгийг шаардсан боловч талуудын хооронд байгуулсан гэрээ нь зөрчлийн улмаас цуцлагдсан гэх үндэслэл тогтоогдоогүй тул хохиролд 15,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхгүй.
18. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд тээвэрлэлтийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрт ногдох тээвэрлэлтийг гүйцэтгэж дуусгах боломжгүй нөхцөл байдал бий болсон, гэрээний дагуу тээвэрлэлт хийгдэх ёстой мөнгө хөрөнгөөс 113,750 ам.долларын тээвэрлэлт бүрэн гүйцэтгэгдэхгүйгээр гэрээ цуцлагдсан, уг мөнгөн төлбөрийн талаар зохигч маргаагүй тул хариуцагч ХХК нь нэхэмжлэгчид 113,750 ам.долларыг буцаан төлбөл зохино.
19. Иймд урьдчилгаа мөнгөн төлбөр 476,000 ам.доллароос захиалагчид нийлүүлсэн төмрийн хүдрийн тээвэрлэлтийн хөлс 362,250 ам.долларыг хасаж, илүү төлөгдсөн төлбөр 113,750 ам.долларыг нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзэв.
20. Зохигчдын хооронд 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан №Irdp-21/12 Үйлчилгээний гэрээ-ний 3 болон 4 дүгээр зүйлд тээвэрлэлтийн хөлсийг ам.доллароор тохирсон, тээвэрлэгчид ам.доллароор шилжүүлэхээр тус тус харилцан тохиролцсон, нэхэмжлэгч нь хариуцагчид тээвэрлэлтийн хөлсийг ам.доллароор шилжүүлсэн үйл баримт тус тус тогтоогдсон, төлбөр тооцоог шилжүүлэхэд мөнгөн тэмдэгтийн ханш тооцох, бусад мөнгөн тэмдэгтэд хувирган ханшийг тогтоох талаар гэрээнд хэлэлцэн тохирсон үйл баримт тогтоогдоогүй, мөн хариуцагч нь тухайн ам.долларыг шилжүүлэн авахдаа мөнгөн хөрөнгөөр нягтлан бодох бүртгэлд бүртгэсэн тул уг бүртгэгдсэн ханшаар төлөх ёстой гэж маргасан боловч нэхэмжлэлийн татгалзлыг баримтаар няцаах үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч нь шаардах эрхийг хэрэгжүүлэх үеийн ханшаар тооцон нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй байна.
21. Нэхэмжлэгч нь ам.долларын ханшийг 2023.09.05-ны өдрийн 3,471.89 төгрөгт ногдох ханшаар тооцсоныг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн ханшаар 3,450.39 төгрөгөөр тооцон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж заасантай нийцүүлэн хариуцагчаас гаргуулах үндэстэй гэж дүгнэв. /хх-34,/ /https://www.mongolbank.mn/mn/currency-rates/
22. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Зураг ХХК-иас /113,750 х 3,450.39/ 392,481,862 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,445,625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар хариуцагч ХХК-иас 392,481,862 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,445,625 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч -ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,207,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 2,120,359 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД