| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2302 00535 0340 |
| Дугаар | 2024/ДШМ/501 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/501
Ц.Эт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ч.Батзориг,
шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2302 00535 0340 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн Ц-ын Э, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... ажилтай байсан, ам бүл ... хамт ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;
Ц.Э нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/1880 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалаар Н дүүргийн хэсгийн байцаагчаар томилогдон ажиллахдаа албан тушаалын тодорхойлолтын 1.2 “Цагдаагийн байгууллагад хуулиар харъяалуулсан зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шалган шийдвэрлэхэд”-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код-812 “Шийтгэлийн хуудас болон тооцоот маягтаар хангах, хадгалах, олгох, зарцуулах, тооцох, бүртгэх”-ын 812.4.111-д заасныг тус тус зөрчиж, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “согтуу хүнд зодуулсан” гэх 3-690 дугаартай зөрчлийн шинжтэй гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх, хүний биед халдах гэсэн 2 зөрчил үйлдсэн холбогдогч Г.Дид 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 0487994 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний биед халдсан” зөрчил үйлдсэн гэж 100.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичсэн атлаа 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр торгуулийн 200.000 төгрөгийг Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэлтсийн гадна бэлнээр өгснийг авч, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр торгуулийн дансанд тушааж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ц.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогт Ц-ын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эын Налайх дүүргийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ,,,, тоотод оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний үйлдсэн гэмт хэргийн хувьд хохирол, хор уршиг нь бүрэн арилсан, гэмт хэргийн шинж нь маш бага хэмжээний бөгөөд тухайн холбогдогчийн өгсөн мөнгийг миний бие өөрт байлгаж байхдаа ажлын алдаа гаргаж алга болгосны улмаас уг үр дагавар үүссэн юм. Тиймээс гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэл маань надад хүндэдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулахаас өөрөөр шийдвэрлэх, тохирсон ял шийтгэл оногдуулах бүрэн боломжтой байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасан үндэслэлээр надад тэнсэж үүрэг хүлээлгэх боломжтой байсан бөгөөд миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байсан нөхцөл байдлыг минь огтоос харгалзалгүйгээр шийдвэрлэсэн нь хүндэдсэн гэж үзэж байна.
Миний хувьд ажил мэргэжлийн алдаа гаргасан болохоос санаатайгаар огтоос тухайн шийтгэврийг боловсруулаад шийдсэн зүйл байгаагүй. Чухамдаа надад албаны байгууллагаас сургалт, мэдээлэл огт өгч ажиллуулж байгаагүй атлаа шууд надад зааварчилгаа өгч байсан мэтээр тайлбар мэдүүлсэн нь бодит нөхцөл байдалд нийцээгүй мэдүүлсэн гэж үзэж байгаа. Миний хувьд тухайн алдаа дутагдлаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ шууд зөрчлийн холбогдогчид ашигтайгаар шийдвэр гаргахын тулд санаатайгаар хуурамч шийтгэвэр бичээгүй, ажлын туршлага, ажлын нөхцөл байдлаас болоод мэргэжлийн алдаа дутагдал гаргасаны улмаас тус үйл явдал бий болсон. Тус нөхцөл байдлыг шүүх дүгнээгүйгээр шийдвэр гаргасан байх тул шүүхийн шийтгэх тогтоол, хэрэгт цугларсан бүхий л баримтуудыг судлан надад хөнгөн ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгч Ц.Эын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахаас өөрөөр тэнсэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх бүрэн боломжтой байсан гэсэн гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад тусгайлан заасан тул дээрх шаардлагыг хангасан гэж үзэж байх тул давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Прокурор Ч.Батзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах буюу зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Авлига, албан тушаалын гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь авч байгаа мөнгөн дүнгээр илэрхийлэгдэхгүй бөгөөд нийгмийн аюулын шинж чанар нь өөр тодорхойлолтоор тодорхойлогддог. Тиймээс анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим болон мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилтод бүрэн нийцсэн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ц.Э нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/1880 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалаар ..... дүүргийн хэсгийн байцаагчаар томилогдон ажиллахдаа албан тушаалын тодорхойлолтын 1.2 “Цагдаагийн байгууллагад хуулиар харъяалуулсан зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шалган шийдвэрлэхэд”-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код-812 “Шийтгэлийн хуудас болон тооцоот маягтаар хангах, хадгалах, олгох, зарцуулах, тооцох, бүртгэх”-ын 812.4.111-д заасныг тус тус зөрчиж, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр “согтуу хүнд зодуулсан” гэх 3-690 дугаартай зөрчлийн шинжтэй гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх, хүний биед халдах гэсэн 2 зөрчил үйлдсэн холбогдогч Г.Дид 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 0487994 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний биед халдсан” зөрчил үйлдсэн гэж 100.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичсэн атлаа 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр торгуулийн 200.000 төгрөгийг ... дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэлтсийн гадна бэлнээр өгснийг авч, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр торгуулийн дансанд тушааж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
гэрч Г.Дийн “...Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очоод Э байцаагчид Цогтбаярын бичиж өгсөн баталгаа болон өөрийн торгуулийн 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үедээ хэсгийн байцаагч надад ямар нэг баримтад гарын үсэг зуруулаагүй. Харин нэг дэх өдөр нь зуруулахаар миний араас Даваа гарагт ирээрэй гэж хэлснийг нь би сонсоогүй яваад өгсөн юм билээ. Налайх дүүргийн Прокурорын газраас над руу утсаар залгаад “чи Ц-ын хаалгыг эвдсэн байна, 200,000 төгрөгөөр торгуулсан уу” гэж асуухаар нь би “тиймээ 200,000 төгрөгөөр торгуулсан, бас Цогтбаярт 200,000 төгрөг өгч хохиролгүй болгосон” гэдгээ хэлсэн. ...Ц.Э байцаагч манай гэрийн гадаа ирж надтай уулзаад “чамайг хуулийн 5-ын хэдээр 100,000 төгрөгөөр л торгох юм байна, чиний илүү өгсөн 100,000 төгрөг сейфт байсан, тиймээс одоо буцааж өгч байна” гэж хэлээд надад 100,000 төгрөгийг буцааж өгсөн. ...” /1хх 49-51/,
гэрч Н.Б-ийн “...нөхөр Г.Д өөрт байсан 200,000 төгрөгөө цагдаад өгөөд бид нар яваад өгсөн. ...” /1хх 53-55/ гэсэн мэдүүлгүүд,
мөнгө шилжүүлсэн зарлагын баримт /1хх 70/, ажлаас чөлөөлөх, томилох тухай тушаал /1хх 90/, зөрчлийн хэрэг шалгасан материалын хуулбар /1хх 145-163/, шийтгэлийн хуудас /1хх 164/, тооцоо бүртгэх журам /1хх 180/, мөнгөн шилжүүлгийн баримт /1хх 15/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 78/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ц.Эыг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Ц.Эын .... дүүргийн хэсгийн байцаагчаар ажиллаж байхдаа зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх, хүний биед халдах гэсэн 2 зөрчил үйлдсэн холбогдогч Г.Дид 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр .... дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний биед халдсан” зөрчил үйлдсэн гэж 100.000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичсэн атлаа 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр торгуулийн 200.000 төгрөгийг ..... дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэлтсийн гадна бэлнээр өгснийг авч, 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр торгуулийн дансанд тушааж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ц.Э “...оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн өөрчилж, тэнсэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Ц.Э нь Цагдаагийн байгууллагад хуулиар харъяалуулсан зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шалган шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...” гэсэн заалтууд болон хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх зарчмыг баримтлаагүй байх тул ялыг хөнгөрүүлэх, тэнсэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй байна.
Шүүгдэгч Ц.Э нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг тул шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн аваагүй болно.
Мөн шүүхээс шүүгдэгч Ц.Эт тухайн зүйл, хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялын хамгийн бага буюу 1 жилийн хугацаагаар тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.
Иймд, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ