Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2025/0789

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Нэхэмжлэгч: “Т*******” ХХК /РД:*******/,

          Хариуцагч: Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч М.О*******, Ө.Ө******* нарт холбогдох татварын маргааныг хянан хэлэлцэв.                                                                                            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц*******, Ч.Б*******, хариуцагч М.О*******, Ө.Ө*******,  хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1.Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч М.О*******, Ө.Ө******* нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000113 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1 дэх хэсэгт заасан, уг зөрчилд тавигдсан 90,731,520 төгрөгийн нөхөн татвар, 36,292,608 төгрөгийн торгууль, 28,744,652.85 төгрөгийн алданги, нийт 155,768,780.85 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах.

          Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

          2.1.Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч М.О*******, Ө.Ө******* нар “Т*******” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд хийж, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000113 тоот нөхөн ногдуулалтын актаар 1,979,233,927.26 төгрөгийн зөрчилд 183,285,252.72 төгрөгийн нөхөн татвар, 64,058,727.82 төгрөгийн торгууль, 65,871,405.36 төгрөгийн алданги, нийт 313,215,385.9 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

          2.2.Нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор НА-21240000113 тоот Нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          2.3.Уг тогтоолыг татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 50 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлснийг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гардан авсан байна.

          2.4.“Т*******” ХХК-иас Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч М.О*******, Ө.Ө******* нарын тавьсан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000113 тоот Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар 2025 оны 08 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

          2.4.Нэхэмжлэгчийн зүгээс “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээгээр 1775 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах үед газар нь үл хөдлөх эд хөрөнгөө дагалдах бүрдэл хэсэг болж тухайн газарт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн, дахин давхардуулж ногдуулсан нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “2020 онд төлсөн татвар нь зөвхөн үл хөдлөх хөрөнгөд хамаарах нэмэгдсэн өртгийн албан татвар бөгөөд газрын эзэмших эрх шилжүүлсний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй, уг татвараас чөлөөлөгдөхгүй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:                   

3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц*******, Ч.Б******* нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Таван Богд Холдингс” ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Татварын улсын байцаагч М.О*******, Ө.Ө******* нар хийж гүйцэтгэсэн байдаг.    Хяналт шалгалтын үр дүнд 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр НА-21240000113 тоот нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байх ба тухайн актыг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр татвар төлөгч гардан авсан. Энэхүү нөхөн ногдуулалтын актыг нэхэмжлэгч нь хүлээн авч хуульд заасны дагуу Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг татварын маргаан таслах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 тоот тогтоолоор 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр НА-21240000113 тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан/ шалгалт Татварын хяналт шалгалтаар нийт 1.979.233.927.26 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд, Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.2.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2-т заасныг тус тус үндэслэн 183.285.252.72 төгрөгийн нөхөн татвар, 64.058.727.82 төгрөгийн торгууль, 65.871.405.36 төгрөгийн алданги, нийт 313.215.385.90 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэсэн. “Таван Богд Холдингс” ХХК нь НА-21240000113 тоот нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчлийн 2 болон 3 дахь зөрчлийг хүлээн зөвшөөрч 92.553.732.72 төгрөгийн нөхөн татвар, 27.766.119.82 төгрөгийн торгууль, 37.126.752.51 төгрөгийн алданги нийт 157.446.605.05 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр татварын албаны үүсгэсэн нэхэмжлэхээр төлсөн. Харин НА-21240000113 тоот нөхөн ногдуулалтын актаар Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 2022 онд 907.315.200 төгрөгийн газар эзэмших эрх шилжүүлсэн орлогын дутуу тайлагнасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 он/-ийн 4 дүгээр зүйлд Хуулийн нэр томьёоны тодорхойлолт тусгагдсан, 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг, 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөөс бусад бүх төрлийн хөрөнгийг,  7 дугаар зүйлийн 7.1-т “Хуульд өөрөөр  заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна, 7.1.1-д Монгол Улсын хутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 13 дугаар зүйлийн 13.9-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж заасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.  Иймд “Таван Богд Холдингс” ХХК  НА-21240000113 тоот нөхөн ногдуулалтын актын 1 дүгээрт дурдсан зөрчил, уг зөрчилд тавигдсан 90.731.520 төгрөгийн нөхөн татвар, 36.292.608 төгрөгийн торгууль, 28.744.652.85 төгрөгийн алданги нийт 155.768.780.85 төгрөгийн төлбөрийг доорх үндэслэлээр төлөх боломжгүй гэж дүгнэж байна. Үүнд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр тоот “Таван Богд Холдингс” ХХК /өмнө нь оноосон нэр “Таван Богд Трейд” ХХК байсныг өөрчилсөн/ өөрийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, С*******, 1-р хороо, 13-р хороолол, Олимпын гудамж 138 тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг “Таван Богд” ХХК-д үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар 000319240 тоот эзэмших эрхийн гэрчилгээ бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 тоот шийдвэрийг үндэслэн олгогдсон мөн С*******, 1-р хороонд байрлах нэгж талбарын 146002/0109/18644310072151 дугаар бүхий Үйлчилгээний зориулалттай 16,073 м.кв талбайтай газар нь үл хөдлөх хөрөнгийг дагалдан шилжихээр заасан байдаг.  Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 85 дугаар зүйлийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж заасны дагуу Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу хуульд заасан үл хөдлөх хөрөнгийн албан татварыг тогтоосон журмын хүрээнд бүрэн төлсөн.  Дээрхээс үзэхэд бидний хувьд газар нь үл хөдлөх эд хөрөнгөө дагалдан бүрдэл хэсэг нь болоод шилжсэн, төрийн захиргааны байгууллагаас олгосон газар эзэмших эрх шилжүүлсний орлогыг тодорхойлон холбогдох татварыг төлсөн байх тул татварын хяналтын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актын зөрчил хэсэгт дурдаж буй Нэмэгдсэн өртийг албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т заасан “... бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн барааг... Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж заасантай огт хамааралгүй буюу үндэслэлгүй байна.  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1.1-д “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг”, 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг, 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд” албан татвар ногдуулахаар заасан. Газрын тухай хуульд заасны дагуу аж ахуйн нэгж байгууллагад газрыг өмчлүүлдэггүй бөгөөд Монгол Улсад газар өмчлөх эрх бүхий этгээд нь зөвхөн Монгол Улсын иргэн байдаг. Харин аж ахуйн нэгж, байгууллагууд газрыг Газрын тухай хуульд заасан нөхцөл болзлын дагуу хугацаатайгаар эзэмших болон ашиглах эрхтэй болно. “Борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэхийг хэлнэ гэх заалт хангагдахгүй байх тул газар эзэмших эрх шилжүүлсний орлого нь Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бараа борлуулсан гэх үндсэн шаардлагыг хангахгүй байна. Дээрх үндэслэлүүдээр нөхөн ногдуулалтын актын зөрчил хэсэгт дурдсан 1 дэх зөрчлийг татвар төлөгч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч М.О*******, Ө.Ө******* нарын гаргасан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр HA-21240000113 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.                                3.4.Хариуцагч М.О*******, Ө.Ө******* нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Бид Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална”, 76.1.1-д “хууль дээдлэх” гэж зааснаар бид татварын хяналт шалгалтаар хүчин төгөлдөр үйлчилж байсан журам, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, журмуудыг баримтлан ажилласан. Татвар төлөгч дараах хууль тогтоомжийн заалтуудыг зөрчиж татварын ногдлоо үнэн зөв тодорхойлоогүй нь хяналт шалгалтаар тогтоогдсон. Үүнд “Т*******” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээнд “худалдагч нь өөрийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Y- дугаартай, Авто зогсоолын зориулалттай, С*******, 1-р хороо, 13-р хороолол, О, Г38 тоот хаягт байрлах 1775 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдах, энэхүү барилыг худалдан авснаар дээрх үл хөдлөх хөрөнгө байрлах худалдагчийн эзэмшлийн 000319240 тоот гэрчилгээ бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 тоот шийдвэрийг үндэслэсэн олгогдсон мөн С*******, 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 146002/0109/18644310072151 дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 16073 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар нь үл хөдлөх хөрөнгийг дагалдан шилжинэ. Худалдаж буй барилгын нийт үнэ 2.692.500.000.00 төгрөг болно” гэж заасан. Иймд “Т*******” ХХК нь 2020 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /ТТ-02/-д үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого болох 2.692.500.000.00 төгрөгийн НӨТ-гүй 2.447.727.272.73 төгрөгөөс 2 хувийн татвар ногдуулж төлсөн байна. “Т*******” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1 тоот газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээнд эрх шилжүүлэгч тал нь эрх шилжүүлэн авагч талд өөрийн эзэмшилд байгаа Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн A/103 тоот захирамжийн дагуу Улаанбаатар хот, С*******, 1 дүгээр хороонд байрлах эрхийн Э-22030009471 улсын дугаартай 15.656 м.кв /1.57 га/ талбай бүхий газар /нэгж талбарын дугаар 1460700330, гэрчилгээний дугаар 000017837/-ын газар эзэмших эрхийг бүхэлд нь шилжүүлэх, газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлэгч тал шилжүүлэн авагч талд үнэ төлбөргүй шилжүүлнэ гэж заасан.                                 

          “Т*******” ХХК нь төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлогыг 2021 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /ТТ-02/-гийн 33 дугаар мөрд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу тус газрын дуудлага худалдааны анхны үнээс /907.315.200.00 төгрөг/ ААНОАТ тооцон тайлагнаж, төсөвт төлсөн. Дээрх гэрээний дагуу “Т” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн A/444 тоот захирамжийн дагуу Улаанбаатар хот, С*******, 1 дүгээр хороонд байрлах эрхийн Э-22030009471 улсын дугаартай 15.656 м.кв /1.57 га/ талбай бүхий газар /нэгж талбарын дугаар 1460700330 гэрчилгээний 000017837 дугаартай газар эзэмших эрхийг бүхэлд нь шилжүүлэн авсан байна.                                       

Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2,  7 дугаар зүйлийн 7.1.1, 7.2.1,  7.2.1, 13 дугаар зүйлийн 13.9-д заасны дагуу 907.315.200.00 төгрөгийн зөрчилд, 90.731.520.00 төгрөгийн нөхөн татвар, 36.292.608.00 төгрөгийн торгууль, 28.744.652.85 төгрөгийн алданги, нийт 155.768.780.85 төгрөгийн төлбөр ногдуулсан болно. Татвар төлөгч дээрх зөрчлийг Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандсаныг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолоор татвар төлөгчийн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж зөвлөлийн бүрэлдэхүүн дүгнэсэн байна. Иймд татвар төлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын хэрэгжилтийг хангуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ маргаан бүхий Нөхөн ногдуулалтын актын 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар дурдаж, “актад дурдсан 2 болон 3 дахь зөрчлийг хүлээн зөвшөөрч 92,553,732.72 төгрөгийн нөхөн татвар, 27,766,119.82 төгрөгийн торгууль, 37,126,752.51 төгрөгийн алданги, нийт 157,446,605.05 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр татварын албаны үүсгэсэн нэхэмжлэхээр төлсөн” гэж тэмдэглэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******эс шүүх хуралдааны явцад хүлээн зөвшөөрөхгүй байгаа дээрх дүнгээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул шүүх маргаан бүхий Нөхөн ногдуулалтын актын

2 дахь хэсэг “нэмэгдсэн өртөгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 2021 онд 559,727,272.72 төгрөг, 2022 онд 349,545,454.54 төгрөгийн суудлын автомашин худалдаж авахад төлсөн албан татварыг албан татварын суутган төлөгчийн төлөх нийт дүнгээс хасаж тооцсон”,

3 дахь хэсэг “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланд 2021 онд 81,323,000.00 төгрөг, 2022 онд 81,323,000.00 төгрөгийн С*******,  8 дугаар хороонд байрлах Таванболд плаза дах байгууламж болон гадна талбайн зогсоолд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулаагүй” зөрчилд дүгнэлт хийгээгүй болно.

3.Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч М.О*******, Ө.Ө******* нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000113 тоот Нөхөн ногдуулалтын актын 1 дэх заалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн тайланд 2022 онд 907,315,200.00 төгрөгийн газар эзэмших эрх шилжүүлсэн орлогыг дутуу тайлагнасан зөрчилд 90,731,520.00 төгрөгийн нөхөн татвар, 36,292,608.00 төгрөгийн торгууль, 28,744,652.85 төгрөгийн алданги, нийт 155,768,780.85 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

4.1.“Т*******” ХХК /2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “Т*******” ХХК болж хуулийн этгээдийн оноосон нэрийг өөрчилсөн бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн/-иас өөрийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаартай, авто зогсоолын зориулалттай, С*******, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, О, Г38 тоот хаягт байрлах 1,775 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр “Т” ХХК-д худалдан борлуулсан байна.

4.2.Дээрх гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний 2,447,727,272.73 төгрөгийн орлогыг аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд тайлагнаж, үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан татварт  48,954,545.45 төгрөг төлсөн болох нь 2020 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2020 оны 4 дүгээр улирлын тайлангаар (хавтаст хэргийн 34 дэх тал), 244,772,727.27 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварт суутган төлсөн болох нь 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөрийн баримтаар тус тус тогтоогдож байна.

5.1.2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр “Т*******” ХХК /хуулийн этгээдийн оноосон нэр “Т трейд” ХХК байхдаа/ өөрийн эзэмшлийн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 14607000330 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-2203009471 дугаарт бүртгэлтэй 15,656 м.кв газар эзэмших эрхийг бүхэлд нь “Т” ХХК-д шилжүүлсэн, улмаар нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/444 дүгээр захирамжийг үндэслэн дээрх газрыг “Т” ХХК-д Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 0000055997 дугаартай аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.

5.2.Мөн тухайн 15,656 м.кв газар дээр байрлах 6,277 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эрх улсын бүртгэлийн Ү- дугаарт, 2,543 м.кв талбай бүхий автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эрх улсын бүртгэлийн Ү- дугаарт, 392 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эрх улсын бүртгэлийн Ү- дугаарт тус тус бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

5.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.4.3-т “хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого”-д албан татвар ногдохоор; 10 дугаар зүйлийн 10.1.2-т “төрийн байгууллагаас олгосон эрх борлуулсан, шилжүүлсний орлого” нь хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод хамаарахаар заасан ба мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ... тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно”, 30.6-д “Энэ хуулийн 30.4-т заасан орлогод албан татвар ногдуулах журам, газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлалыг тус тус санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж,

Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 303 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам”-ын 2.5-д “Газрын эзэмших, ашиглах эрхийг борлуулах, шилжүүлэхэд уг газар дээр үл хөдлөх эд хөрөнгөтэй тохиолдолд тухайн газрын талбайн хэмжээнээс уг газарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий үл хөдлөх хөрөнгийн суурийн талбайн хэмжээг хасаж үнэлгээ тооцож, албан татвар ногдуулна” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас дээрх 15,656 м.кв газарт байрлаж буй 3 үл хөдлөх хөрөнгийн нийт суурийн 9,212 м.кв талбайн хэмжээг хасаж, үлдэх 6,444 м.кв газрын эрхийн үнэлгээнд тодорхойлогдох газрын суурь үнэ 907,315,200.00 төгрөгийг 2021 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлсөн болох нь аж ахуйн нэгжийн оорлогын албан татварын ТТ-02 тайлангаар тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 34 дэх тал)

6.Дээрх 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1.2-т заасан “000319240 тоот гэрчилгээ бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 тоот шийдвэрийг үндэслэн олгогдсон С*******, 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 146002/0109/18644310072151 дугаартай, үйлчилгээний зориулалттай 16,073 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай” газар болон 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнд заасан “Нийслэлийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/103 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 14607000330 дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Э-2203009471 дугаарт бүртгэлтэй 15,656 м.кв” газар нь байршлийн хувьд нэг газар бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь тухайн газрыг өөр байршилтай, хоёр өөр газар гэж маргаагүй, нэг газар гэж ойлгож тайлбар гаргасан тул шүүхээс энэ талаарх баримтыг цуглуулах шаардлагагүй гэж үзэж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэв.

7.2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээний 1.2-т “Энэхүү барилгыг худалдан авснаар дээрх үл хөдлөх хөрөнгө байрлах худалдагчийн эзэмшлийн 000319240 тоот гэрчилгээ бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 тоот шийдвэрийг үндэслэн олгогдсон С*******, 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 146002/0109/18644310072151 дугаартай, үйлчилгээний зориулалттай 16,073 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газар нь үл хөдлөх хөрөнгийн дагалдан шилжинэ”, 2.1-д “Энэхүү гэрээний дагуу худалдаж буй барилгын нийт үнэ нь 2,692,500,000 төгрөг байна. Энэ үнэд НӨАТ болон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой бүх зардал орсон дүн болно” гэж тус тус зааснаас үзвэл 2020 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгасан 2,447,727,272.73 төгрөг нь С*******, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, О, Г38 тоот хаягт байрлах  1775 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэ байх бөгөөд уг барилгын доорх үйлчилгээний зориулалттай 16,073 м.кв газрыг худалдагч тал “Т*******” ХХК үнэ төлбөргүйгээр худалдан авагч талд /Т ХХК-д/ шилжүүлсэн гэж үзэхээр байна.

8.Түүнчлэн хариуцагч татварын улсын байцаагч нараас “Т*******” ХХК-ийн нягтлан бодогч Д.Ж 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн ярилцлагад тэрээр “2021 онд  Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу СБД-ийн 1-р хороонд байрлах Э-2203009471 улсын бүртгэлийн дугаартай газрын эрхийг үнэ төлбөргүй шилжүүлсэн... Гэрээний дагуу үнэ төлбөргүй шилжүүлсэн, хэлцлийн үнэ 0 төг тул НӨАТ ногдох орлого олоогүй гэж үзэж байна“ гэх тайлбар, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хийсэн ярилцлагад “Газар эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлсэн... Гэрээний дагуу үнэ төлбөргүй шилжүүлэн, хэлцлийн үнэ 0 төгрөг тул НӨАТ ногдох орлого олоогүй гэж үзэж байна” гэх тайлбарыг тус тус гаргасан байх бөгөөд ярилцлагыг баталгаажуулж “Т******* “ХХК-ийн захирал Ц.Б, ерөнхий нягтлан бодогч Д.Ж нар гарын үсэг зурсан байна.

9.Үүнээс үзвэл 1,775 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн үндсэн үнэ (2,447,727,272.73 төгрөг)-д уг үл хөдлөх хөрөнгийн доорх 16,073 м.кв газрын үнэ хамаарахгүй байх тул 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн төлбөрийн баримтаар төлсөн 244,772,727.27 төгрөгийг маргаан бүхий газрын эрх шилжүүлсний орлогод төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын дүн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээгээр 1,775 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах үед газар нь үл хөдлөх эд хөрөнгөө дагалдах бүрдэл хэсэг болоод газарт ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

10.Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна”, 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэж зааснаар тухайн газартай салшгүй бэхлэгдсэн, газраас салмагц  зориулалтын дагуу ашиглах боломжгүй, байнгын зориулалттай, байшин, барилга, байгууламж болох үл хөдлөх хөрөнгө нь газрын үндсэн бүрдэл хэсэг болохоос бус газар өөр үл хөдлөх хөрөнгийн бүрдэл хэсэг болохгүй.

11.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөд /цаашид “үл хөдлөх эд хөрөнгө” гэх/ албан татвар ногдуулах, уг татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хотын Зөвлөл тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна” гэж,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны /-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ыг ногдуулах, төсөвт төвлөрүүлэх, буцаан олгох, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн монгол улсад импортоор оруулсан, эсхүл монгол улсаас экспортод гаргасан болон монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “борлуулалт” гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг”; 4.1.2-т “бараа” гэж мөнгөн хөрөнгөнөөс бусад бүх төрлийн хөрөнгийг” ойлгохоор, 7 дугаар зүйлийн 7.1-д “хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:” гээд 7.1.1-д “монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ” гэж тус тус заасан.

12.Үл хөдлөх хөрөнгийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь татварын өөр төрөл бөгөөд албан татвар ногдуулах үндэслэл, хувь хэмжээг хууль тогтоогч дээрх хуульд заасанчлан ялгаатай байдлаар хуульчилсан, нэг төрлийн /үл хөдлөх хөрөнгийн албан татварыг 2 хувиар/ албан татварыг төлсөн байх нь нөгөө төрлийн албан татвар /нэмэгдсэн өртгийн албан татварыг 10 хувиар/ ногдуулахгүй байх үндэслэл болохгүй, татвар төлөгч холбогдох хуульд заасны дагуу тухайн татварын төрлөөр албан татварыг төлөх үүрэгтэй, хэрэв албан татварыг төлөөгүй бол татварын байгууллагаас хийсэн хяналт шалгалтын хүрээнд тавигдсан татварын актаар тухайн татварыг нөхөн төлөх үүргийг хүлээнэ.

13.Нөгөөтэйгүүр Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага нь газар эзэмших, ашиглах эрхтэй, өмчлөх эрхгүй боловч тухайн газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглах, газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй, энэхүү эрхийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшил газрыг бусдад шилжүүлэх боломжтой тул ийнхүү шилжүүлсэн үйлдэл нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “барааг бусдын өмчлөлд шилжүүлэх” буюу “борлуулалт” гэх агуулгад хамаарна.

14.Өөрөөр хэлбэл дээрх “барааг бусдын өмчлөлд шилжүүлэх” ойлголтод аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх буюу төрийн байгууллагаас олгосон эрхийг бусдад шилжүүлэх байдлаар өөртөө ашиг орлого олж борлуулах болон шилжүүлэн авсан этгээд тухайн газрыг эзэмших, ашиглах эрхийг хэрэгжүүлэх агуулга хамаарах бөгөөд газрыг өмчлөх эрхийн агуулгаар явцууруулж тайлбарлах нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зорилгод нийцэхгүй, иймд  нэхэмжлэгчийн “газар эзэмших эрх шилжүүлсний орлого нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах бараа борлуулсан гэх үндсэн шаардлагыг хангахгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.

15.Дээр дүгнэсэнчлэн нэхэмжлэгч “Т*******” ХХК 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах худалдан авах гэрээгээр С*******, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, О, Г38 тоот хаягт байрлах 1,775 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг “Т” ХХК-д худалдахдаа уг үл хөдлөх хөрөнгө байрлах 000319240 тоот гэрчилгээ бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/91 тоот шийдвэрийг үндэслэн олгогдсон С*******, 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 146002/0109/18644310072151 дугаартай, үйлчилгээний зориулалттай 16,073 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай газрыг үнэ төлбөргүй шилжүүлсэн, энэ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн дотоод эргэлтэд ашигласнаас бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн буюу хувийнхаа хэрэгцээнд ашигласан бол нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй” гэж заасныг зөрчсөн байх тул хариуцагч татварын улсын байцаагч нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000113 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд тавигдсан 90,731,520 төгрөгийн нөхөн татвар, 36,292,608 төгрөгийн торгууль, 28,744,652.85 төгрөгийн алданги, нийт 155,768,780.85 төгрөгийн төлбөр нь үндэслэлтэй байна.

16.Иймд  дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

17.Шүүх хуралдаанд хариуцагч нар “Т*******” ХХК, “Т” ХХК нарыг харилцан хамаарал бүхий этгээд бөгөөд татварын хяналт шалгалтын явцад хамаарал бүхий этгээд хооронд хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нөхцөл, үнийг бодит үнэ тодорхойлох зарчмын дагуу тодорхойлох асуудал яригдсан боловч маргаан бүхий нөхөн ногдуулалтын актад энэ үндэслэл хамаарахгүй гэж тайлбарласан тул шүүхээс тухайн асуудлаар тусгайлан дүгнэлт хийгээгүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.1, 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас гаргасан “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч М.О*******, Ө.Ө******* нарын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НА-21240000113 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгийн 1 дэх хэсэгт заасан, уг зөрчилд тавигдсан 90,731,520 төгрөгийн нөхөн татвар, 36,292,608 төгрөгийн торгууль, 28,744,652.85 төгрөгийн алданги, нийт 155,768,780.85 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ГАНЗОРИГ