Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 356

 

                                                                                                                                                                                     

                              

 

 

 

 

 

                                 

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч  Р.Энх-Оюун,

хохирогч “Г” ХХК-ын өмгөөлөгч С.Батбилэг /ҮД:1314/,

шүүгдэгч М.Х, түүний өмгөөлөгч Ж.Ганболд /ҮД:2152/, Т.Отгонсүрэн /ҮД:0026/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокуророос 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Мын Хд холбогдох  201726011154 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Норовлин суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ээж, дүү, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Махын ...тоотод  оршин суух, урьд ял шийтгэлгүй, Л овогт Мын Х /РД:.../. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг: Яллах талын нотлох баримтууд.

 

            1.1.Хохирогч “Г” ХХК-г төлөөлж Э.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Цамбагарав тооцооны төвийн захирлаар 2015 оны 08 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Намайг уг албан тушаалд томилогдон очиход манай тооцооны төвийн теллерээр Х гэх эмэгтэй ажиллаж байсан. Тэгээд 2016 оны 04 дүгээр сард манай банкин дээр нэг гадаадын иргэн гомдол гаргаснаар манай салбар шалгахад харилцагч өөрөө гарын үсэг зураад мөнгөө авсан байна гээд хэрвээ гомдолтой байгаа бол аудитад гомдол гарга гэсэн. Тэгээд Гны аудитаар дүгнэлт гаргуулахад манай салбарын ажилтан М.Х гадаадын 8 иргэний данснаас 20 удаагийн гүйлгээгээр 121,953,278 төгрөгийг завшсан байсан. Үүнийг мэдээд тухайн 8 иргэний дансанд мөнгийг буцаан шилжүүлсэн. ...Гүйцэтгэх захиралын итгэмжпэлээр хуулийн хэлтсээс намайг хохирогчоор оролцуулахаар итгэмжпэл гарсан тул би хохирогчоор мэдүүлэг өгч байна. ...Хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. ...Х 40.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл  81,953,278 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /2 хх 118-119 х/

 

             1.2.Шүүгдэгч М.Хгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 03 дугаар сарын үед хавар байсан, хятад хүн банкинд орж ирж үйлчлүүлэхээр данснаасаа мөнгө авъя гэсэн. ...тэр данс нь бараг 5 жил ашиглаагүй данс байсан. ...би их гүйлгээ хийгээд хүүг нь орсон нь мэдэхгүй явчихсан данс байдаг юм байна, энэ хятад хүн залуу байсан, хэрэв хөгшин хүн байсан бол ирэхгүй мартчих юм байна даа гэж бодоод ингээд удчихсан хүү нь ороод нэмэгдчихсэн данс байна уу гээд 2014 онд тавигдсан программ дээр хайж үзсэн, тэгэхэд зөндөө данс олдсон гүйлгээ хийгдээгүй удсан данснуудаас хөгшин хүн байна уу гэдгийг ч хайж үзсэн, эхлээд юаны данс хайж үзсэн 5, 6 юаны данс гарч ирээд нэг данснаас нь эхэлж гүйлгээ хийж үзье гээд 5 жил гүйлгээ хийгээгүй эзэн нь бас хөгшин хүн байсан ба хүү нь бодогдоод 20.000 юань болчихсон байсан дансны дугаарыг тэмдэглэж авсан. Тэгээд 2015 оны 04 сарын дундуур уг данснаас гүйлгээ хийж бүх мөнгийг нь авсан, уг гүйлгээг хийхдээ анзаарахгүй гүйлгээ багатай хүн цөөнтэй үед уг гүйлгээг хийж үзсэн ба гарын үсгийг нь дуурайлган зурсан. ...уг юаныг монгол төгрөг болгож зээлийнхээ сарын төлөлтыг хийж тэгээд идэж уух зүйл аваад бага багаар үрж дуусгасан. 20.000 юань тухайн үедээ 5 сая төгрөг болж байсан юм. ...Юаны данснаас 4 удаа юань авч байсан, 2015 оны 05 сард хятад хүний данснаас 40.000 юаны үлдэгдэлтэй үлдээгээд ашиглахаа болчихсон хүү нь бодогдоод 50.000 юань болчихсон данснаас бүгдийг нь авчихсан. ...25.000 юаныг нь монгол төгрөгт шилжүүлээд данснаас дансанд шилжүүлэг хийж тэр өдрийнх нь ханшаар төгрөг болгоод ээжийн дансруу оруулсан дараа нь үлдсэн 25.000 юаныг 2 хувааж өдөрт нь шилжүүлж авсан, ээжийн карт надад явдаг байсан. ...15 сая төгрөгийг аваад Төрийн банкны нөүтбүкний зээлээс 900.000 төгрөгийг хасуулж 1 сая төгрөг үлдээсэн, ээждээ шагнуулсан мөнгө гээд 1 сая төгрөг өгсөн, үлдсэн төгрөгийг өөртөө гэрийхэндээ нөхөртөө хувцас хунар, хоол хүнсэндээ хэрэглээд тогны мөнгө сард 200.000 төгрөг гардаг байсан тэрийгээ тушаагаад, аав ээж 2 маань Хэнтий аймаг руу явах гэж байхад нь замын зардлыг оруулаад 500.000 төгрөг өгч явуулсан. ...1.800.000 төгрөгөөр машин авна гэхээр нь би 1 сая төгрөг аавдаа өгсөн, дүүдээ хичээлийн хэрэглэл 200.000-300.000 мянган төгрөг өгсөн, хадамынхаа гэрт хоол хүнсний мөнгийг нь бэлддэг байсан, загас акуриумтай нийт 500.000 төгрөгөөр авч өгч байсан. Төрийн банкинд хугацаагүй хадгаламж нээж 3 сая төгрөг хийсэн. ... би үүнээс хойш 2 хүний данснаас юань авч үрсэн. Юаны данс эзэмшдэг ашиглахаа байсан данс сүүлдээ ашиглах боломжтой данснууд нь дууссан учир долларын дансыг үзье гэж бодсон. Тэгээд долларын данс хайсан, 4 дансыг мөнгө авах боломжтой гэж тэмдэглэж 17.000 ам.доллараар болон 20.000 ам.доллараар гүйлгээ хийж мөнгийг нь авсан уг долларын эзэмшигчид нь хятад хүмүүс л байсан, дараа нь хэдэн доллар авснаа санахгүй байна ямар ч байсан 3 данснаас л доллар авсан. Эдгээр доллараас ээждээ 2 сая төгрөг өгсөн ба аав маань өмнөх машинаа зарсан ба ээжид өгсөн 2 сая төгрөгийг нэмээд 4 сая төгрөгөөр Террано-3 маркийн авто машин авсан, Гин дахь цалингийн зээлийн 4 сая орчим төгрөг байсныг дарсан, ээжийн нэр дээр СХД 19-р хороо 21-р хороололд байрлалтай Залуус-2 орон сууцанд 54 метр кв 2 өрөө байрыг 8 хувийн зээлээр авсан зээлийн урьдчилаа 18 сая төгрөгийг би 3 хувааж шагнуулсан цуглуулаарай гэж хэлсэн. Аав машинаа зараад мөн 4 сая төгрөг өгсөн, байрыг 54 сая төгрөгөөр авахаар гэрээ хийж аав ээж 2-ийн орлого нь хүрэхгүй байсан болохоор 22 сая төгрөгийг урьдчилгаанд өгөөд 32 сая төгрөгийг нь Төрийн банкнаас ээж зээл авч зээлэнд хамрагдсан. ...хэрэглээний зүйлдээ хангалттай үрсэн, одоо лизингээр авсан байраа зарчихсан. ...10 сая төгрөгөөр хашаа байшингаа зараад Гинд 8 сая төгрөг шилжүүлсэн 2 сая төгрөгийг манай нөхөр Ж өөрийнхөө машиныг зараад нэмж өгсөн, одоо нийт 40 сая төгрөг төлсөн байгаа. ...миний 100 хувийн буруу бүгд миний буруу Г дуудах үед ээжид банкинд очихоосоо өмнө үнэнээ хэлсэн. ...өөрийн хийсэн үйлдлийн хариуд гэр бүлээ орон гэргүй болгож ээж, аав, хүү, нөхөртөө ачаа үүрүүлж ажлын хамт олондоо хохирол учруулсандаа харамсдаг. ...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, 2 удаа өгсөн мэдүүлэгтээ үнэн зөвөөр мэдүүлсэн. ...Гны теллер болгонд тус банкинд данс эзэмшдэг харилцагчдын мэдээллийг харах эрх байдаг. 2014 онд Финаншиел гэх програм хэрэглэж эхэлсэн бөгөөд уг програм дээр харагдаж байсан. ...би нууцлаагүй дансыг нь гаргаж ирээд ашиглаагүй удсан байвал гадаад хүн хэдэн оных зэргийг нь харж байгаад сонгодог байсан, миний гүйлгээ хийсэн данснууд бүгдээрээ нууцлагдаагүй байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 70-92, 97, 222 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс /

 

            1.3.Гэрч Т.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 сард би ээлжийн амралтаа аваад амарч байхад гэнэт Цамбагарав салбараас дуудаад “салбарын хуралтай учир ир” гэсэн, тэгээд тэр хуралд нь очиж суухад Хг харилцагч гадаадын иргэний данснаас их хэмжээний мөнгө авсан талаар мэдсэн. ...Хгын авсан гэх уг гарч байгаа зарлагууд нь бэлэн бусаар хийгддэг, мөн хяналтын гүйлгээ буюу давхар хяналт хийгдэхгүй гүйлгээнүүд байсан. ...Хгийн авсан мөнгө нь 10 сая төгрөгөөс доош хэмжээтэй болохоор тухайн үед нь хянахгүй маргааш нь хянадаг, хянахдаа баримтыг нь хянаад гарын үсгийг нь харж хянадаг, гарын үсэг нь яг л зурчихсан байдаг байсан. ... “ гэх мэдүүлэг /1 хх 52-54 х/

 

1.4.Гэрч С.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...7 сард Гны төвөөс эхэлж хүмүүс ирж баримтууд шалгасан, дараа нь банкны аудитын шалгалтаар орсон. Тэр шалгалтын дүнгээр Хг гадаадын хүний данснаас мөнгө төгрөг авсан байна гэж мэдсэн. Нилээн их хэмжээний мөнгө авсан байна гэж байсан, энэ асуудлаас болж Х ажпаасаа халагдсан. ...Теллер Финаншиел Финкоре программыг ашиглан нэр хийгээд ижил нэртэй хүмүүсийн данс болон бүх мэдээллийг харах боломжтой, мөнгө авахгүй удсан хүү нь орсон зэрэг бүхий л мэдээлэл орж ирдэг. ...” гэх мэдүүлэг /1 хх 56-58, 224 х/

 

1.5.Гэрч Т.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны сүүлээр нэг гэрт орцгоосон юм. ...Тэгээд гэрлэлтээ батлуулаагүй байсаар 2016 оны 06 сарын 06-ны өдөр хүүтэй болсон, гэхдээ одоог хүртэл гэрлэлтээ батлуулаагүй байна. ...Гны Цамбагарав салбарт 2016 оны хавар хүртэл ажиллаж байгаад жирэмсний амралтаа авч 06 сард төрж хүүтэй болсон. Хүү маань надаар овоглодог. Бид салаагүй, одоо ч гэсэн хамт амьдарч байгаа. ...хэргийн талаар анхандаа мэдээгүй байж байгаад 2016 оны 07 сард Гнаас дуудагдсаны дараахан мэдсэн. Миний дуулж мэдсэнээр банкинд ажиллаж байхдаа мөнгө завшсан хэрэгт холбогдсон гэж сонссон. ...Манайх түрээсийн орон сууцанд амьдардаг, манай хадам аавынх хүртэл түрээсийн орон сууцанд амьдардаг, бүгд хашаа байшингаа зарчихсан. Би уг төлбөрт нь зориулж 2 сая, 2,5 сая, 1 сая, 1,5 сая төгрөгөөр гээд нийт 7 сая төгрөг олж өгсөн. Х нь сүүлийн 2 жилийн хугацаанд мөнгө их олдог байсан. Би ч өөрөө хуучин машин авч засвар хийж зараад 2 талаасаа л тодорхой хэмжээний мөнгө олдог байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 60-62 х/

 

          1.6.Гэрч Т.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг ажил дээрээ байхад Х надруу залгаад “ээжээ Гнаас яриад байна, шалгах юм байна гэнэ” гээд уйлаад байсан. ...Гны төв дээр очих байх гэхээр нь уг газарт нь очиход БЗД-ын Сансарын үйлчилгээний төвийн орчим тус банкны Аудитын газар байдаг гээд тэр газар нь Хтай хамт очсон. Хг гадаадын иргэдийн данснаас 29 сая төгрөг авсан байна гэж байсан, охин Х маань юм ярихгүй уйлаад байсан, би тэгээгүй биз дээ гэж асуухад юм хэлэхгүй уйлаад байсан. Х “хүнд туслаад том ажил хийж байгаа” гээд байсан болохоор нь тэр нь л юм байх гэж бодож байтал тэр хүүхэн “гадаадын иргэний данснаас мөнгө авсан байна” гэж хэлсэн. Түүний дараагаар Гны хуулийн хэлтсийн Баяраа гэдэг захирал дуудаад “одоо Г хариуцахгүй, манай хуулийн хэлтэс наад асуудлыг чинь хариуцна” гээд түүнээс Хг нийт 120 сая төгрөг төлөх ёстой гэж мэдсэн. Байраа 50 сая төгрөгөөр зараад лизингийг нь хасуулаад 2 хувийн татвараа төлөөд 10 сая төгрөг өгсөн санагдаж байна. 2017.01,16-нд би 10 сая төгрөгийн цалингийн зээл аваад Г руу шилжүүлсэн. Хашаа байшингаа 4 сарын сүүлээр 9 сая төгрөгөөр зараад цувуулж өгье гэж гуйгаад тэр мөнгийг нь аваад 8 сая төгрөг хийж Голомт  банкнаас  шаардсан  мөнгөнөөс  нийт  40  сая  төгрөгийг  хийсэн. Сүүлд Х нь надад “та цалин бага авдаг юм чинь та хувиараа юм хийх үү, би мөнгө хуримтлуулчихсан” гэхээр нь би “чи хэдэн төгрөг хуримтлуулсан юм бэ” гэхэд “гайгүй юм байгаа, өшөө би таньд нэмээд олоод зээлээд өгчихнө” гэхээр нь би түүнийг гэртээ цувуулж увуулж юм аваад л дүүгийнгээ төлбөрийг төлөөд сургуулийн хэрэгслийг нь авч өгөөд гайгүй яваад байхад нь миний ачаалал хамаагүй хөнгөрсөн, тэгээд би “чи яаж хаагуур нь мөнгө хуримтлуулдаг байна даа” гэж хэлж байсан. ...байр судалж эхэлсэн. Тэгэхэд би сарын 400 гаран мянган төгрөгний цалин авдаг, тэгээд цалин авдаг банкнаасаа асуухад Төрийн банкнаас “танд 30 сая төгрөгний зээл гарах боломжтой” гэж хэлсэн. Банкин дээр очоод 30 сая төгрөгөөр 12 жилийн хугацаанд төлөх боломжтой байсныг гуйж байгаад 14 жил болгуулаад 32 сая төгрөг авахаар болсон. Тэгээд охиндоо хэлэхэд Х нь “надад ээж 15 сая төгрөг байгаа, өөр 3 сая төгрөг хүнээс орж ирнэ” гээд 18 сая төгрөг болгосон, охиноосоо мөнгө авч байгаагаа нөхөртөө хэлсэн, тэр үед охин маань “ээж хүнд хэлээд яах вэ, дүүгийнхээ байрыг барьцаалаад зээл авч байгаа гэж хэлээрэй” гэж байсан. ...би мөнгө өгөхөөр нь л авахдаа баярлаад байснаас биш ийм хэрэг хийгээд мөнгө өгөөд байгааг нь мэдсэнгүй. Х надад хэлэхдээ хүний мөнгийг хувааж данснаас гаргаж байгаа юм, “ээж таны данс руу хийчихлээ та банкнаас аваад хүрээд ирээч” гэдэг байсан. ...Х гэртээ хөргөгч унтлагын өрөөний шүүгээ компьютерийн ширээ буйдан, хатгамал зураг гэх зүйлс худалдаж авсан, хохиролд 40 сая төгрөг барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 64, 227 х/

           1.7.Камерийн бичлэгийг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай Мөрдөгчийн тогтоол /1 хх 182 х/

          1.8.Камерийг бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 183 х/

 

Хоёр:Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.М.Хгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 171 х/

2.2.М.Хгийн оршин суугаа газрын тодорхойлолт /1 хх 173 х/   2.3.Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1 хх 174 х/

2.4.Хувийн байдлын тодорхойлолтууд /1 хх 175-179 х/

2.5.Иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 181 х/

2.6.Хүүхдийн төрсний гэрчилгээ /2 хх 199 х/

2.7.Эмнэлгийн магадлагаа /2 хх 198 х/

 

Гурав:Хохирлын баримтууд.

         3.1.Монгол банкны ханшийн лавлагаанууд /1хх 121-134 х/

         3.2.Хохирол төлсөн баримтууд /1 хх 19-27 х/

         3.3.Хохирлын баримтууд /1 хх 38-120 х/

          3.4.Г гадаадын иргэдийн дансанд хохирол барагдуулсан баримтууд /1 хх 250, 2 хх 1-13 х/

          3.5.Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын тогтоол, тэмдэглэл /1 хх 201-204 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Гэм буруугийн талаар.

М.Х нь Гны Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав” дахь тооцооны төвд теллер буюу харилцагчийн үйлчилгээний ажилтнаар ажиллаж байхдаа 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд, тус банкинд БНХАУлсын юанын болон АНУлсын ам долларын харилцах данстай гадаадын иргэдийн хадгаламжийн данснаас гарын үсгийг нь дуурайлган зурж 20 удаагийн үйлдлээр 85,003.58 юань, 47,693.96 ам долларын гүйлгээ хийн өөрт нь итгэмжпэн хариуцуулсан бэлэн мөнгөнөөс болон бусдын дансаар шилжүүлэн өөртөө завшиж Г” ХХК-д 122,493,444.00 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

          Шүүгдэгч М.Хгийн “...2015 оны 04 дүгээр сарын 15-аас 2016 оны 04 дүгээр сарын хооронд нийт 20 удаагийн үйлдлээр гадаадын иргэдийн ашиглаагүй удсан данснаас 85,003.58 юань, 47,693.96 ам доллар нийт 122,493,444.00 хувьдаа авч хэрэглэсэн нь үнэн. ... миний хувьд өдөрт 10 сая төгрөг хүртэлх мөнгийг бэлнээр захиран зарцуулах эрхтэй байдаг тул нэг удаад дээд тал нь 10 сая, түүнээс доош гүйлгээ хийж бэлнээр болон дансаар шилжүүлэн авч завшсан, хохирлоос 40 сая төгрөгийг төлсөн, үлдсэн 82,493,444 төгрөгийг төлнө, маргах зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /1 хх 70-92, 97, 222 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

           Хохирогч “Г” ХХК-г төлөөлж Э.Бын: “...Би Цамбагарав тооцооны төвийн захирлаар 2015 оны 08 дугаар сараас эхлэн ажиллаж байна. Намайг уг албан тушаалд томилогдон очиход манай тооцооны төвийн теллерээр Х гэх эмэгтэй ажиллаж байсан. Тэгээд 2016 оны 04 дүгээр сард манай банкин дээр нэг гадаадын иргэн гомдол гаргаснаар манай салбар шалгахад харилцагч өөрөө гарын үсэг зураад мөнгөө авсан байна гээд хэрвээ гомдолтой байгаа бол аудитад гомдол гарга гэсэн. Тэгээд Гны аудитаар дүгнэлт гаргуулахад манай салбарын ажилтан М.Х гадаадын 8 иргэний данснаас 20 удаагийн гүйлгээгээр 121,953,278 төгрөгийг завшсан байсан. Үүнийг мэдээд тухайн 8 иргэний дансанд мөнгийг буцаан шилжүүлсэн. ...Гүйцэтгэх захиралын итгэмжпэлээр хуулийн хэлтсээс намайг хохирогчоор оролцуулахаар итгэмжпэл гарсан тул би хохирогчоор мэдүүлэг өгч байна. ...Хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. ...Х 40.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл  81,953,278 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /2 хх 118-119 х/

 

          Гэрч Т.Өийн “...Хгын авсан гэх уг гарч байгаа зарлагууд нь бэлэн бусаар хийгддэг, мөн хяналтын гүйлгээ буюу давхар хяналт хийгдэхгүй гүйлгээнүүд байсан. ...Хгийн авсан мөнгө нь 10 сая төгрөгөөс доош хэмжээтэй болохоор тухайн үед нь хянахгүй маргааш нь хянадаг, хянахдаа баримтыг нь хянаад гарын үсгийг нь харж хянадаг, гарын үсэг нь яг л зурчихсан байдаг байсан. ... “ гэх мэдүүлэг /1 хх 52-54 х/

 

          Гэрч Т.Бгийн “...намайг ажил дээрээ байхад Х надруу залгаад “ээжээ Гнаас яриад байна, шалгах юм байна гэнэ” гээд уйлаад байсан. ...Гны төв дээр очих байх гэхээр уг газарт нь очиход БЗД-ийн Сансарын үйлчилгээний төвийн орчим тус банкны Аудитын газар байдаг гээд тэр газар нь Хтай хамт очсон. Хг гадаадын иргэдийн данснаас 29 сая төгрөг авсан байна гэж байсан, охин Х маань юм ярихгүй уйлаад байсан, би тэгээгүй биз дээ гэж асуухад юм хэлэхгүй уйлаад байсан. Х “хүнд туслаад том ажил хийж байгаа” гээд байсан болохоор нь тэр л юм байх гэж бодож байтал “гадаадын иргэний данснаас мөнгө авсан байна” гэж хэлсэн. Түүний дараагаар Гны хуулийн хэлтсийн Баяраа гэдэг захирал дуудаад “одоо Г хариуцахгүй, манай хуулийн хэлтэс наад асуудлыг чинь хариуцна” гээд түүнээс Хг нийт 120 сая төгрөг төлөх ёстойг мэдсэн. Байраа 50 сая төгрөгөөр зараад лизингийг нь хасуулаад 2 хувийн татвараа төлөөд 10 сая төгрөг өгсөн санагдаж байна. 2017.01,16-нд би 10 сая төгрөгийн цалингийн зээл аваад Г руу шилжүүлсэн. Хашаа байшингаа 4 сарын сүүлээр 9 сая төгрөгөөр зараад цувуулж өгье гэж гуйгаад тэр мөнгийг нь аваад 8 сая төгрөг хийж Голомт  банкнаас  шаардсан  мөнгөнөөс  нийт  40  сая  төгрөгийг  хийсэн. ... Х надад хэлэхдээ хүний мөнгийг хувааж данснаас гаргаж байгаа юм, “ээж таны данс руу хийчихлээ та банкнаас аваад хүрээд ирээч” гэдэг байсан. ...Х гэртээ хөргөгч унтлагын өрөөний шүүгээ компьютерийн ширээ буйдан, хатгамал зураг гэх зүйлс худалдаж авсан, хохиролд 40 сая төгрөг барагдуулсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 64, 227 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хэргийн зүйлчлэл, оногдуулах ял шийтгэлийн талаар.

М.Хд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар хууль буруу хэрэглэсэн, уг гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд үйлдэгдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хууль түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байгаа учраас 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү? гэснийг шүүх хүлээн авах  хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.

 

2002, 2015 онуудын Эрүүгийн хуулийн ял шийтгэлийг харьцуулахад:

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.Энэ гэмт хэргийг:

2.1.албан тушаалын байдлаа ашиглаж;

2.2.бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж тус тус зааснаас үзэхэд 2015 оны Эрүүгийн хуулийн ял хөнгөн байгаа боловч,

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1.Шүүх анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн жирэмсэн эмэгтэй, түүнчлэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1.”Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. ...” гэж тус тус заасан, дээрх гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, 2015 оны Эрүүгийн хуулийн ял хойшлуулах зохицуулалт нь зөвхөн хөнгөн гэмт хэрэгт, 2002 оны Эрүүгийн хуулийн ял хойшлуулах зохицуулалт “хүнд” гэмт хэрэгт хамаарахаар байгаа зэргээс үзэхэд 2002 оны Эрүүгийн хууль оногдуулах ял шийтгэлийн хувьд хүндэрч байгаа боловч хүнд гэмт хэргийн ялыг хойшлуулах зохицуулалтай, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “..., гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ

2.“Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул М.Хд холбогдох хэрэгт 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхэд түүний эрх зүйн байдал дордохоор байгаа тул прокуророос М.Хд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилснийг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсэн болно.

            М.Хд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа ойлгож гэмшсэн зэргийг харгалзан шүүхээс 06 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эмнэлгийн магадлагаа, хүүхдийн төрсний гэрчилгээ зэргээр шүүгдэгч М.Х нь 08 сартай жирэмсэн, 02 настай хүүхэдтэй болох нь тус тус тогтоогдсон.

            М.Х нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, жирэмсэн, түүнчлэн 3 хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь тогтоогдсон тул түүнд 06 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтанд байлгах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн болно.

 

            Хохирлын талаар:

            “Г” ХХК-д нийт 122,493,444 төгрөгийн хохирол учруулснаас 40,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 82,493,444 төгрөгийг М.Хувьязаяагаас гаргуулж “Г” ХХК-д олгуулах нь зүйтэй байна.

 

             Бусад асуудлын талаар.

             Хэрэгт хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд тус тус дурьдаж,

  Эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, М.Хгаас гэмт хэрэгт хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор битүүмжилсэн Ханын хатгамал зураг, буйдан, тошиба брендийн хөргөгч, хувцасны шүүгээ компьютерийн ширээ зэргийг хурааж хохирол нөхөн төлөхөд зарцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Сонгинохайрхан дүүргийн Прокуророос М.Хд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2.Л овогт Мын Хг Бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийг онц их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар М.Хг 06 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар М.Хд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  5.2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар М.Хд 06 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

            6.М.Хгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар М.Хгаас 82,493,444.00 төгрөг гаргуулж хохирогч “Г” ХХК-д олгосугай. 

8.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг камерийн бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсгүүдэд зааснаар М.Хгаас ханын хатгамал зураг 1 ш, буйдан 1 ш, тошиба брендийн хөргөгч 1 ш, хувцасны шүүгээ компьютерийн ширээ зэрэг эд зүйлсийг хурааж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, Прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн тухай 2017 оны 09 сарын 11-ний өдрийн 04 тоот тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй..                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

          10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ