Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/502

 

 

З.Б, Д.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Д.Н,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/0132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Нн гаргасан давж заалдах гомдлоор З.Б, Д.Н нарт  холбогдох 2308 00000 1910 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С овгийн З-гийн Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн,... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа засварчин ажилтай, ам бүл ... хамт ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

2. Б овгийн Д-ын Н, 19... оны ... дугаар сарын ..9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, менежер ажилтай, ам бүл -ийн хамт .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

З.Б нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойт 63 дугаар гудамжны 2 тоотын гадна хохирогч Д.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Д.Н нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойт 63 дугаар гудамжны 2 тоотын гадна хохирогч З.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, буйлны цус хуралт, уруулд язрал, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: З.Б, Д.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овгийн З-ийн Б, Б овгийн Д-ын Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бөд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Нд 1.300 /нэг мянга гурван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Бөд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Нд оногдуулсан 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н, З.Б нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Д.Н, З.Б нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Н, З.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би өөрийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийнхээ хүрээнд хойд айлын хүнд аюулгүй байдлаа хангах талаар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын газар өргөдөл гаргасны улмаас гэр бүлээрээ зодуулж, доромжлуулсан байтал өөрөө сэжигтэн болж улмаар шүүхээр орж зодсон хүнээсээ илүү торгуулийн ял авсандаа гомдолтой байна. Шүүх хэн нь анх санаатайгаар цохисон, түүнчлэн нөгөө хүн нь хэргээ хүлээсэн байтал анх хүнийг зодсон хүнд нь бага торгуулийн ял оногдуулж, надад 1.300.000 төгрөгийн торгууль оногдуулсан. Гэмт хэргийг эхэлж өдүүлж намайг зодсоны улмаас би гар хүрэхэд хүрсэн. Иймээс надад оногдуулсан торгуулийн хэмжээг бууруулж, шударгаар шийдэж өгөхийг хүсч байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрййн 2024/ШЩТ/0132 тоот тогтоолд гомдолтой байна.” гэв.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Н нь анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, маргаж оролцсон. Тухайн цаг хугацаанд улсын яллагчаас Д.Нд хандан “Та ямар ажил эрхэлдэг вэ” гэхэд “эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, ажил хийхгүй байгаа” гэсэн хариулт өгсөн учраас 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс З.Бтэй адил торгох ял оногдуулж өгөөч гэж мэтгэлцсэн. Шүүх хэргийг хянан хэлэлцэж, ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч З.Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсныг харгалзан 500,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Нд 1,300,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан. Иймд ахан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт шүүгдэгч Д.Нгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч З.Б нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойт 63 дугаар гудамжны 2 тоотын гадна хохирогч Д.Нтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, зүүн тавхай, нуруунд цус хуралт, зүүн нүдний гадна булан, хөмсөгт зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

          шүүгдэгч Д.Н нь 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойт 63 дугаар гудамжны 2 тоотын гадна хохирогч З.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, буйлны цус хуралт, уруулд язрал, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Д.Нн “...2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ...21 цагийн үед гэртээ ирэхэд манай хамар хашааны зүс таних Б гэх залуу хашааныхаа хаалганы ойролцоо зогсож байсан. Би хашааны хаалгаа онгойлгох гээд машинаасаа буусан чинь намайг Б гэх залуу дуудаад байхаар нь би яваад очих үед хэл амаар доромжлоод миний нүүр хэсэгт 7-8 удаа цохиод, нүүр хэсэгт 3-4 удаа мөргөөд миний өмсөж явсан куртикны захнаас бариад миний хоолойг боох үед би жаахан манарчихсан байсан чинь намайг ахиж цохих гээд байсан. Тэгсэн манай эхнэр Солонго гарч ирээд намайг өмөөрөөд салгах үед миний баруун талын шанаа хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. ...” /1хх 14-15/,

гэрч С.С-ын “...би машинаас буугаад очиход Б гэх залуу манай нөхрийн нүүр рүү гараараа нэг удаа цохиж, гарыг нь мушгиж газарт унагаасан. Тэгээд манай нөхөр босож чадалгүй хэсэг сууж байгаад боссон ба босоод ирэнгүүт Б дахин барьж аваад зодоод эхэлсэн. Тухайн үед би салгах гээд очиход Б миний баруун талын шанаа хэсэгт гараараа нэг удаа цохисон ба манай нөхрийг зодоод байсан. ...” /1хх 21-22/,

гэрч З.О-гийн “...2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 21 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойт 63-3 тоотод байх ах Бийн гэр рүү алхаад явж байх үед ах Б болон Н нар 2 талаас машинаасаа буугаад барьцалдаж аваад цохилдоод эхэлсэн. Тэгээд би салгах гээд Нн эхнэр Солонго бид хоёр голоор нь орж хүч хүрээгүй болохоор цагдаад дуудлага өгсөн. Ах Б болон Н хоёр барьцалдаж байгаад бие биеэ гараараа хэд хэдэн удаа цохиж салсан. ...” /1хх 26-27/,

насанд хүрээгүй гэрч Н.М-гийн “...тухайн үед хажуу айлын зүс таних ах манай хашааны үүдэнд ирж манай аавыг заамдаж бариад авсан. Би машины урд талын сандал дээр сууж байсан ба манай ээж хойд талын сандал дээр сууж байхаар нь хойшоо эргэж ээж рүү хараад ээжид хандан “аавыг хүн зодоод байна” гэж хэлээд эргэж харахад аав машины хажуу талд байх жалганд газар унасан байсан. ...Би машины баруун талд зогсож байхад зүс таних ах аавыг цохиод байх шиг байсан. ...” /1хх 31/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13206 дугаартай “...Д.Нн биед тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус харвалт, зүүн тавхай, нуруунд цус хуралт, зүүн нүдний гадна булан, хөмсөгт зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 40-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13094 дугаартай “...З.Бийн биед баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, буйлны цус хуралт, уруулд язрал, баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, буйлны цус хуралт, уруулд язрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. ...” /1хх 46-47/ гэх дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 3/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-10/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн, шүүгдэгч З.Б, Д.Н нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч З.Б, Д.Н нарын 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойт 63 дугаар гудамжны 2 тоотын гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодолдож, харилцан хэн хэндээ хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Б, Д.Н нарын үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлууд зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Нд 1.300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Д.Н “...надад оногдуулсан торгуулийн ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч Д.Н нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэгт оногдуулсан ял тохирсон байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмтэл учруулсан байдлууд зэргийг харгалзан торгуулын ялыг ялгамжтай оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/0132 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Нн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/0132 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Нн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

                         ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ