Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 124/ШШ2025/0044

 

      

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: .................................тоотод оршин суух, Т овогт Л-ийн Б,

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал,

            Гуравдагч этгээд: ........................ оршин суух, З овогт Л-ын Н нарын хооронд үүссэн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Увс аймгийн Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн Засаг даргыг сонгох дахин санал хураалтыг хууль бус зохион байгуулсан гэх маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сумъяабазар, нэхэмжлэгч Л.Б, гуравдагч этгээд Л.Н, гэрч Ч.Б нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Нэхэмжлэгч Л.Б тус шүүхэд “2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан Увс аймгийн Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгуулийг хүчингүйд тооцож, тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг иргэдийн Нийтийн Хуралд даалгах тухай” нэхэмжлэлийг гаргажээ.

            1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Увс аймгийн Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай “Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгож, тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай” гэж өөрчлөн тодорхойлсон.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1. Увс аймгийн Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж, багийн Засаг даргад Л.Б, Л.Н, Б.Б, Б.Б, Б.Ц нар нэр дэвшсэн.

            2.2. Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тооллогын комиссын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Санал хураалтын дүнгийн тухай” тогтоолоор санал хураалтад оролцсон 492 хүчинтэй саналын хуудсыг тоолж, Л.Б 186 санал буюу 37,42 хувь, Л.Н 143 санал буюу 28,77 хувь, Б.Б 70 санал буюу 14,8 хувь, Б.Б 66 санал буюу 13,27 хувь, Б.Ц 27 санал буюу 5,43 хувийн саналыг тус тус авчээ. Нэр дэвшигчдээс аль нь ч олонхын санал аваагүй гэж үзэж дахин санал хураалт явуулсан байна.

            2.3. Дахин санал хураалтын тооллогын комисс санал хураалтад оролцсон 422 хүчинтэй саналын хуудаснаас Л.Н 225 санал буюу 52,32 хувь, Л.Б 197 санал буюу 45,81 хувийн саналыг авч, Увс аймгийн Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар “Улаангом сумын 10 дугаар багийн Засаг дарга сонгох тухай” тогтоолоор тус багийн Засаг даргад Л.Нг томилуулахаар Улаангом сумын Засаг даргад уламжилжээ. (Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас)

            2.4. Улмаар, нэхэмжлэгч 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул захиргааны хэрэг үүсгэсэн.

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд: “...Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргыг сонгох сонгууль нь 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 13:00 цагт Улаангом сумын 6, 7, 9, 10 дугаар багийн төвд болсон. Сонгуулийн санал хураалтаар: Л-ийн Б /МАН/ 186 иргэний санал, Л-ын Н /АН/ 143 иргэний санал, Б-ийн Б /бие даагч/ 70 иргэний санал, Б-ийн Б /бие даагч/ 66 иргэний санал, Бат-Очирын Ц /бие даагч/ 27 иргэний санал, хүчингүй 5 санал тус тус авч ирц хүчин төгөлдөр болж, Лхагвасүрэнгийн Б миний бие хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналыг авч ялалт байгуулсан байсаар байтал 50+1 хувь гэж дахин санал хураасныг хүлээн зөвшөөрөхгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд иргэдийн олонхын санал гэх ойлголт байхаас бус “50 хувь дээр нэмэх нь 1” гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Энэ нь хуульд үндэслэх талаарх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан гол зарчмыг зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Мөн 50+1 хувийн дахин санал хураалтыг шөнийн цаг буюу 22:05-00:30 цагт явуулсан нь буруу, сонгогч дэмжигч иргэдийн эрхийг зөрчсөн, үүгээрээ миний сонгогдох эрхэд нөлөөлсөн, миний хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна. Ийнхүү иргэдийн амрах цагаар буюу шөнийн цагаар сонгууль явуулсан нь шийдвэр бодитой зорилгодоо нийцэж гарах нөхцөлийг бүрдүүлээгүй, нэг талаас иргэдийн сонгох эрх, нөгөө талаас иргэн миний сонгогдох эрхэд халдсан гэж үзэж энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргыг сонгох сонгуулийг зэрэгцүүлэн явуулж, санал хураахдаа хамтад нь буюу нэг дор санал авсан хууль бус гэж үзэж байна. Хуулиас давсан журам тогтоож хуульд үндэслэх зарчим зөрчсөн. Хуралдаан даргалагч Ч.Б ах гарч ирээд санал хураалт яах вэ гэсэн. Тэнд 60-70 хүн л байсан. Юун маргааш, нөгөөдөр вэ, одоо цугласан дээрээ хүмүүсийн санал хураалтыг дахин авъя гээд орилолдоод л санал хураалтыг дахин авахаар болсон. Санал хураалт дахин авахаар болсон юм чинь би нэр дэвшиж, өрсөлдөж байгаа хүний хувьд айлуудаар явж хүмүүс цуглуулаад ирсэн. Тэгэхээр дахин санал хураалт авах талаар иргэдээс санал аваагүй. Энэ нь хурлын протоколд тусгагдаагүй байгаа. Сонгуулийн тухай хуулийн 10.1-д жил, өдөр, сар, цаг минутаар яг сонгууль авахыг шийддэг. Зүгээр л 2, 3 хүн хоорондоо ярьж байгаад шийдчихдэг асуудал биш учраас Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Хуулиас дээгүүр дэг журам батална гэж байхгүй. Хуульдаа захирагдаж бид нар явах ёстой. Манай энэ дэг журам баталсан тохиолдол хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Иймд миний нэхэмжлэлийг хангаж, зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эрхийг хамгаалан шийдвэрлэж өгнө үү.” гэж маргасан.

3.2. Хариуцагч Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга шүүхэд гаргасан тайлбартаа: “...Улаангом сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нийт багуудын иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах товын дагуу 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 13.00 цагаас “Дэвшил” 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааг Улаангом сумын 10 дугаар багийн төвийн байранд иргэдийн маш их идэвх оролцоотой өндөр ирцтэйгээр эхэлж хэлэлцэх асуудал, хуралдааны дэгээ иргэд нийтээрээ Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 хэсэгт заасны дагуу хамтын удирдлагын зарчмаар батлан нийт иргэдийн 100 хувийн саналаар иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргаа сонгох үйл ажиллагааг зэрэг явуулахаар шийдвэрлэсэн юм. Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаа хамтын удирдлагын зарчимд үндэслэгдэж шийдвэр гардаг тул бүгдээрээ гаргасан энэ шийдвэр болон дэгээ баримталж хурлын үйл ажиллагаа төрийн ажил тасралтгүй үргэлжлэх зарчмаар хэвийн үргэлжилж шийдвэрээ гаргасан. Тухайн үед нэр дэвшигч нараас хурлын дэг болон үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн гомдол санал гаргаагүй бөгөөд хурал хэвийн үргэлжилж дууссан. Багийн иргэдийн нийтийн хурлын даргад нийт 3 нэр дэвшигч, багийн Засаг даргад 5 нэр дэвшигч оролцсон бөгөөд нэр дэвшигч нарыг бүгдийг нь зохих шаардлага шалгуурыг хангасан гэж үзэж өрсөлдүүлэх шийдвэр гарч нэрсийг бичиж саналын хуудсыг хэвлэж эхэлсэн. Ингэж явуулсан санал хураалтаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56.5.2 заасны дагуу нэр дэвшигч нараас дийлэнх олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул дахин санал хураалт явуулахад АН намаас нэр дэвшигч А.А би 248 буюу 57,67 хувийн саналаар ялалт байгуулж, иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдож, багийн Засаг даргад Ардчилсан намаас нэр дэвшиж нийт 225 буюу 52,32 хувийн саналаар ялалт байгуулсан Л.Нг тус багийн Засаг даргад томилуулахаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.1, 32.8.4, 48 дүгээр зүйлийн 48.1, 48.2 дахь заалт болон тоолгын комиссын шийдвэрийг үндэслэн тогтоол шийдвэрээ гаргасан юм. Мөн хурлаараа бид зөвлөлөө байгуулж баталсан. Багийн хурлаас гарсан тухайн шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56.5.3 заалтын дагуу хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх гэсэн заалтаар хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэгдсэн асуудал юм. Тухайн үед тус багийн иргэдийн Нийтийн Хурал товлосон цагтаа эхэлсэн бөгөөд иргэдийн Нийтийн Хурлын дарга, багийн Засаг даргаа сонгох сонгуулийг зохион байгуулахаар хамтын удирдлагын зарчмын дагуу дэгээ хэлэлцэж тус хуралд оролцсон иргэдийн 100 хувийн саналаар шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны үйл ажиллагаа хууль дээдлэх, шуурхай тасралтгүй байх зарчмын дагуу төрийн ажил ямар нэгэн маргаан гомдол саналгүй зохион байгуулагдаж явагдсан юм. Харин тухайн үед санал хураалтыг зохион байгуулж байсан Улаангом сумын ЗДТГ-ын ажилчдын ур чадвараас болж саналын хуудас хэвлэх болон иргэдийн нэрс шүүх хүмүүсийн ажлын ачааллаас болж тэд нар дээр оочир дараалал үүсэх зэргээс цаг хугацаа оройтсон асуудал гарсан гэж үзэж байгаа бөгөөд 00.00 цагт хаалга барьж хаасан.” гэж тайлбарлаж байна.

            3.3. Гуравдагч этгээд Л.Н шүүхэд болон шүүх хуралдаанд: “...Миний бие Ардчилсан намын зүгээс намайг багийн Засаг даргад нэр дэвших тухай саналын дагуу багийн Засаг даргад дэвшсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал тухайн өдрөө хуралдаад заалнаас нэр дэвших боломжтой байдаг учраас хурал товлоод, дэгээ хэлэлцсэний дараа нэр дэвшигч нар тодорсон. Ингээд Монгол Ардын намаас 3 нэр дэвшигч, бие даагч 1, Ардчилсан намаас миний бие нийт 5 нэр дэвшигчтэй багийн Засаг даргын сонгууль болсон. Хурлын даргад нь 3 нэр дэвшигч өрсөлдсөн. Энэ бүх үйл ажиллагааг хурлаараа хэлэлцээд, иргэдээсээ асуугаад, дэгээ батлаад явуулсан. Иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргын сонгуулийг хамтад нь явуулъя гэдэг саналаар эхний санал хураалтыг зэрэг явуулж дуусгасан. Эхний санал хураалт ямар нэгэн маргаангүй болсон. Эхний санал хураалтыг хурлаас 3 цагийн хугацаанд авъя, шаардлагатай бол сунгана гэсэн. Сунгах үндэслэл нь санал хураалтын хуудас дутах зэрэг асуудал үүсэхэд нэмэлт цаг гаргаж саналын хуудас хэвлэх гэсэн асуудал гарсан учраас тэр хугацаанд сонгогчид ирж саналаа өгөх боломжийг нь хангаж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэж тухай бүрд нь хэлж хурлыг удирдаж байсан Ч.Б даргалагч 20 минут сунгасан. Ер нь хүмүүсээс асуугаад л цааш үргэлжлээд л явсан. Тэнд 400-500 гаруй багийн иргэд байсан. Ингээд эхний санал хураалт яваад дууссан. Эхний санал хураалтын дүнгээр Монгол Ардын намаас нэр дэвшсэн Л.Б надаас илүү санал авсан. Хурлын даргад А.А гэдэг хүн илүү санал авсан. н.Отгонжаргал гэдэг хүн 3 санал дутуу аваад унасан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.3-т заасны дагуу санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй ба 50+1 гэдэг ойлголт байхгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаад байх шиг байна. Хуульд бол 50+1 гэдэг ойлголт байхгүй ч олонхын санал гэдэг ойлголт л байгаа. Хэрэв санал хураалтаар хэн ч олонхын болоогүй бол хамгийн олон санал авсан 2 хүний талаар дахин санал хураалт явуулаад шийдвэрээ гаргана гэсэн хуультай. Маш олон нэр дэвшигч нар заалнаас нэр дэвших боломжтой байдаг. 2 хүн байсан бол 1 удаа санал хураагаад шийдвэрээ гаргачихна. Олон хүн байсан болохоор олонхын санал гэж талаас дээш, 50 хувиас дээш санал гэж би ойлгоод байгаа юм. Хуралдаан даргалагч тухайн үед нийт санал өгсөн хүмүүсийн 50-аас дээш хувийн санал авах ёстой гэж хэлсэн. Тиймээс дахин санал хураалт явуулах ёстой, ийм заалт байгаа гээд үзүүлж байсан. Тэгээд дахиж санал хураалт явуулахаар болсон. 2 дахь санал хураалтад болсон процессуудыг би бүгдийг нь ярьчихъя. Би Ч.Боос “энэ хурал дахиж үргэлжлэх юм уу, тараах юм уу, оройн цаг болж байна, хүмүүс амарчихсан байна гэхэд үүнийг иргэдээс асууна” гэсэн. Яг энэ үед Ч.Бын утас дуугарсан ба 99459192 гэдэг дугаар залгасан. Ч.Б бид 2 зааланд дотор суугаад яах талаараа ярьж байсан. Тэнд н.Ариунболд гэж залуу байсан, нэг настай ах сууж байсан, тэр зааланд хүмүүс чөлөөтэй юм яриад, санал бодлоо ярилцаад байж байсан. 99459192 гэдэг дугаараас яриад “наад хурлаа шууд явуул, одоо манайх бэлэн байна, дахиж иргэдийг чирэгдүүлэх шаардлага байхгүй тиймээс хуралдаанаа үргэлжлүүлье” гэсэн. Тэгтэл Ч.Б даргалагч надад Л.Н “та хүмүүсээ бэлд, Монгол ардын намынхан бэлэн байгаа юм байна, хурлаа үргэлжлүүлж хийе” гэхэд нь би манай хүмүүс бүгд тараад явчихсан, Монгол Ардын намынхан хүч түрээд хийх л юм байна л даа, за яах вэ гэхэд  Дахин санал хураалтыг иргэд хүлээн зөвшөөрч байгаа үргэлжлүүлээд хийе гэдэг саналаа хэлсэн. Эхний санал хураалтад иргэд зааланд орж ирчхээд эндээс өгчихье гээд бөөн асуудал, дараалал үүсээд өдрийн сонгууль нь сунжирчихсан юм. Тэгэхээр нь Ч.Б даргалагч шийдвэр гаргаад “гадна хүмүүс бэлэн байна, гараад би зарлаад бүх хүмүүсийн саналыг сонсоно, үргэлжлүүлэхээр бол заалны энэ талын хаАр оруулаад нөгөө хаАр нь гаргаж шийднэ. Иргэдийг оруулах юм бол цаг хугацаа алдана, замбараа алдах гээд байна, хурлаа дэгтэй явуулна” гээд хуралдаан даргалагч гарч шийдвэрээ танилцуулсан. Эхний сонгуульд ялалт байгуулсан Монгол Ардын намынхан багийн төвийн үндсэн зогсоол, таван од, гандангийн тийшээ бүгд машинтайгаа бөөгнөрчихсөн байсан. Эхний удаагийн ялалт дээр нэлээн шуугиантай л юм болсон. Хариугаа сонсчхоод баярлацгаагаад л, алга ташицгаагаад, их л баярлаж байсан. Баярлаад ер нь юмаа хийчихье гэж шийдсэн юм шиг байсан. Эд нарын саналаар л болсон. Сонгуулийн дүнг зарлахад хүмүүс бүгд орилж баярласан, тэнд ихэнх нь Монгол Ардын намын гишүүд дэмжигчид байсан. Заалны гадна 8 хүний дэмжигчид гэж дор хаяж 200-300 хүн байсан. Үргэлжлүүлээд Монгол Ардын намынхан бэлэн байна, та нар хүмүүсээ бэлд, 30 минутын дараа санал хураалтаа дахин хийнэ гэсэн шийдвэрийг даргалагч хүмүүст танилцуулахад хүмүүс зөвшөөрсөн. Бүгд гараа өргөөд “одоо хийе, хийхгүй бол дахиж ирж чадахгүй, өнөөдөр оройтдог байсан ч энэ асуудлыг шийдэж багийн Засаг даргаа сонгоно, хурлын даргаа сонгоно” гээд ард түмэн шуугилдаж эхэлсэн. Ингээд сонгууль дахин явуулахаар болж, 30 минутын дотор хүмүүсээ цуглуул, дуудах хүмүүсээ дуудаж цуглуул гэж хэлээд санал хураалтын хуудсыг хэвлэж эхэлсэн. Хүмүүс ер нь дахин санал хураалт болон гээд бүх сонгогчид тэнд бэлэн байсан. 2 дахь санал хураалт маш дэг журамтай эхэлсэн. 2 цагийн дотор 2 дахь санал хураалтыг явуулъя гээд амжаад хийсэн. 2 цагийн дотор явуулахдаа гаднаас дэмжигч, сонгогч нар орж ирээд саналаа өгөөд арын хаАр гараад явж байсан. 1 цаг орчмын дараа хүмүүс нэлээн шингэрээд, гадна бужигнаантай, зөөлт, ачилт, энд тэнд цай, бууз, хуушуур гэх мэт янз бүрийн арга хэмжээнүүд явагдаж байсан. 2 дахь санал хураалтыг Монгол Ардын намынхан саналаа гаргаад, шаардаад явуулсан шүү гэдгийг тодруулж хэлмээр байна. 2 дахь санал хураалтын дунд хавиас хойш зааланд хүмүүс чөлөөтэй явж эхэлсэн. 23 цагийн үед Монгол Ардын намынхан орж ирээд тэр буланд цай, бууз, хуушуур, савтай хоол аваад ирчихсэн өөрсдөө идэж уугаад байж байсан. Ерөнхийдөө багийн Засаг даргын сонгууль, иргэдийн нийтийн хурал нээлттэй болдог юм байна. Тэр хүмүүс нэг нэгэн рүүгээ ирмэсэн, дохисон, орж ирж байгаа хүмүүс рүү гүйж очиж цай, хоолоо амсуулсан, дуудаж уулзсан тийм л юм болж байсан. Би энэ бүхэнд ач холбогдол өгөөгүй. Нэг аяга цайнаас болоод, нэг ширхэг буузнаас болоод саналаа худалдчихдаг ч юм болов уу, яадаг ч юм бол гэсэн надад тийм хардах сэрдэх зүйл байгаагүй. Сонгууль болж байна, үр дүн нь гарах байх, ялагдсан ч тоохгүй, хэн нэгэн нь ялах байх гэж бодоод л би байж байсан. 23 цаг өнгөрөөд хүмүүс нэлээн шингэрээд, гадна гишүүд дэмжигчид байж байх үед манай найз зАд “манай эхнэр машинаа барьж явж чадахгүй байна чи очоод авчих” гэж хэлсэн. 23 цаг 50 минутын үед би тэр хүний авч ирсэн. Авч ирж буулгаж байхад манай хөрш “намайг ирээд авчих” гэж ярьсан. Тэгтэл миний хажууд манай намын н.Цэдэнбалжир төлөөлөгч “12 цаг гэж хаана гэсэн та орж саналаа өг би яваад аваад ирье” гэсэн. Яг энэ үед “цагдаа хаалга барилаа шүү, одоо орцгоо” гэсэн. Хуралдаан даргалагч ч гарч ирээд “хаалга барилаа шүү 12 цагаас хойшоо санал хураалт өгөх хүмүүс нь орчихсон байх ёстой, 12 цагтаа хаА барьцгаая” гэсэн. Тэгээд би 23 цаг 50 минутад яваад ороход миний урд 10 гаруй хүн байсан. Хамгийн сүүлд би өөрийнхөө төлөө саналаа өгөөд хайрцаг руу хийгээд санал хураалт дууссан. Зааланд цай уусан, хоол идсэн, хоолоор үйлчилсэн замбараагүй байсан. Зааланд байсан бүх хүмүүсийг гаргаад тооллогын хүмүүс ажлаа хийнэ гээд тооллогын комисс ажлаа хийж эхэлсэн. Би заалны арын хаалга талд машинтай зогсож байсан. Монгол Ардын намын гишүүд дэмжигчид багийн төвийн яг үндсэн зогсоол дээр нэлээн олон машинтай олуулаа байсан. Санал хураалтын тооллогыг цонхоор ил харагдаж байсан. Хүмүүс очиж сонирхоод л их чөлөөтэй байсан. Ингэж байтал тооллогын дүн гарсан. Энэ үед Монгол Ардын намын гишүүд, дэмжигчид бүгд машинтайгаа яваад өгсөн. Тэнд зөвхөн Ардчилсан намын гишүүд дэмжигчид, ах дүү хамаатан садан, миний найз нөхөд, надад саналаа өгсөн болов уу гэсэн иргэд үлдсэн. Монгол Ардын намын гишүүд дэмжигчид дотроос мэдээлэл аваад явчихсан. Л.Н ялсан, А.А ялсан гэсэн мэдээллийг би ч гэсэн авсан. Дүн танилцуулна гэхээр нь яваад ороход Монгол Ардын намын хүмүүсээс ямар ч хүн байгаагүй. Дандаа ард иргэд, намайг дэмжсэн Ардчилсан намын дэмжигч нар байсан. Монгол Ардын намынхан хариугаа сонсчхоод, ялагдлаа гээд яваад өгсөн. Ийм л үйл ажиллагаа болсон. Тэгээд орж ирэхэд Ч.Б дарга тогтоолуудаа танилцуулсан. Сонгууль тасралтгүй явагдах ёстой, ард түмэн тэгж шаардсан, өнөөдөр Засаг даргаа сонгоно гэсэн саналаар дүрэм журмаа батлаад иргэдийн 100 хувийн саналаар энэ асуудлыг хийсэн. Дүнгээ танилцуулсан, миний бие ялалт байгуулсан. Иргэдийн Нийтийн Хурлын даргад А.А гэдэг хүн ялалт байгуулсан байсан. Тэгээд мөн зөвлөл гэдэг юм байгуулах ёстой гэсэн зөвлөлд нь Засаг дарга орох ёстой гэсэн. Ч.Б надад та зөвлөлөө өөрөө мэдэж байгуулах ёстой гэсэн. Зааланд байгаа хүмүүсээс нэр дэвшүүлж баталъя гэсэн. Тэгээд 5 хүний нэр өгөөд А.А дарга, миний бие нийлээд 7 хүн зөвлөл болох юм байна. Тэгтэл та нар ингэж болохгүй, нэг хүнийг үлдээ. Монгол Ардын намын нэг хүн зөвлөлд оруулах ёстой шүү гэсэн асуудлыг тавиад 1 хүнийг дараа сонгоно гээд зөвлөлд 1 хүнийг сонгохгүй үлдээсэн. Сонгууль зохион байгуулсан ажилтнууд техник тоног төхөөрөмжөө авч явах гээд сумын захиргаанаас машин ирчихсэн, энэ чинь яг тухайн өдөр төлөвлөөд хийнэ гээд бүх юм төлөвлөгөөний дагуу явсан ажил. Ингээд тэр хүмүүс бүх зүйлээ авч яваад саналын хуудсыг үлдээсэн. Саналын хуудсыг яах юм бэ, гэхэд А.А дарга энийг авч явж тэр хүнд тушаах ёстой гэж хэлсэн. А.А дарга саналын хуудсыг аваад явсан. Саналын хуудас, бүх материалыг хурлын дарга нь аваад явсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хамтын удирдлагын зарчмаар асуудлыг шийднэ гээд шийдсэн. Сонгуулийн тухай хууль тогтоомж үүнд ямар ч хамааралгүй. Яг сонгуулийн тухай хуулиар явах юм бол өглөө 07 цагаас 22 цаг хүртэл явна гээд хатуу заачихсан байдаг. Тэгээд хурлынхаа дэгээр тухайн үед яг ийм процесс болсон. Миний бие ялалт байгуулаад намайг уламжлахаар тогтоол нь гарсан. Тэгтэл Л.Б ийм маргаан үүсгэсэн байна. Багийн Засаг дарга, иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтыг хамт нь явуулсан. Хамт явуулахыг нь ард түмэн шийдсэн. Оройтсоныг нь бас л ард түмэн шийдсэн” гэж тайлбар гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч Л.Б тус шүүхэд “Увс аймгийн Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын (цаашид “Дэвшил” гэх) 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай “Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгож, тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

            3. Нэхэмжлэгч талаас “...миний бие хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналыг авч ялалт байгуулсан байхад 50+1 хувийн санал аваагүй гэж дахин санал хураалт явуулсан нь хууль зөрчсөн. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд иргэдийн олонхын санал гэх ойлголт байхаас бус “50 хувь дээр нэмэх 1” гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Мөн дахин санал хураалтыг шөнийн цаг буюу 22:05-00:30 цагт явуулсан нь сонгогч, дэмжигч иргэдийн эрхийг зөрчихөөс гадна миний сонгогдох эрхэд нөлөөлсөн. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга болон багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг зэрэгцүүлэн буюу хамтад нь нэг дор явуулсан нь хууль бус бөгөөд хуулиас давсан журам тогтоосон” гэж маргаж байна.

            4. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Дэвшил багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга “...багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаанд иргэд маш их идэвх оролцоотой, ирц өндөртэйгөөр эхэлж хэлэлцэх асуудал, хуралдааны дэгээ нийтээрээ баталж, хамтын удирдлагын зарчмаар нийт иргэдийн саналаар хуралдааны дарга болон багийн Засаг дарга сонгох санал хураалтыг зэрэг явуулахаар шийдвэрлэсэн. ...Тухайн үед нэр дэвшигч нараас хурлын дэг болон үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн гомдол санал гаргаагүй ба иргэд бүгдээрээ гаргасан шийдвэр болон дэгээ баримталж хурлын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн үргэлжлүүлж дууссан” гэж тайлбарлав.

            5. Гуравдагч этгээдийн зүгээс “...багийн Засаг даргыг сонгох сонгууль хуулийн дагуу зохион байгуулагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэх байр суурийг илэрхийлсэн.

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Увс аймгийн Улаангом сумын Дэвшил багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр багийн төвийн байранд зохион байгуулагдаж, иргэдийн Нийтийн Хурлын зөвлөлийн гишүүн сонгох, багийн Нийтийн Хурлын хуралдааны дарга болон багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг хамтад нь явуулахаар шийдвэрлэж, тооллогын комисст О.М, Б.Т, Н.Э, У.З, Н.Ш, Б.Б, З.Г нар томилогдож, багийн Засаг даргад Л.Б, Л.Н, Б.Б, Б.Б, Б.Ц нар нэр дэвшин өрсөлдсөн. Эхний санал хураалтад нийт 497 иргэн санал өгснөөс 5 саналын хуудсыг хүчингүйд тооцож, Л.Б 186 санал буюу 37,42 хувь, Л.Н 143 санал буюу 28,77 хувь, Б.Б 70 санал буюу 14,8 хувь, Б.Б 66 санал буюу 13,27 хувь, Б.Ц 27 санал буюу 5,43 хувийн санал авснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч Л.Б, Л.Н нарын дунд 2 дахь удаагийн санал хураалт зохион байгуулагджээ. Дахин санал хураалтад 430 иргэн оролцсоноос 8 саналын хуудсыг хүчингүйд тооцож, Л.Н 225 буюу 52,3 хувь, Л.Б 197 буюу 45,8 хувийн саналыг тус тус авч, Увс аймгийн Улаангом сумын Дэвшил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар тогтоолоор тус багийн Засаг даргаар Л.Нг нэр дэвшүүлж, Улаангом сумын Засаг даргад уламжилсан болох нь тооллогын комиссын дүн, хурлын хуралдааны тэмдэглэл, багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон ба энэхүү үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй. (Хавтаст хэргийн 18-30 дугаар хуудас)

7. Мөн Увс аймгийн Улаангом сумын Дэвшил багийн тооллогын комисс багийн Засаг дарга сонгох санал хураалтыг тоолохдоо эхний санал хураалтын дүнг нэгтгэж тогтоол гаргасан атлаа дахин санал хураалтын дүнг нэгтгэхдээ тооллогын комисс тогтоол гаргаагүй ба дахин санал хураалтын тооллогыг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй тоолж, эхний санал хураалтын тогтоолын ард талд нэр дэвшигч Л.Б 195 санал буюу 52,3 хувь, нэр дэвшигч Л.Н 225 санал буюу 45,8 хувь гэж гараар тэмдэглэсэн нь хэрэгт авагдсан тооллогын комиссын “Санал хураалтын дүнгийн тухай” гэх тогтоолоор тогтоогдож байна. (Хавтаст хэргийн 26 дугаар хуудас)

7.1. Харин тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэлд нийт 430 иргэн санал өгснөөс 8 саналын хуудас хүчингүйд тооцож, нэр дэвшигч Л.Б 197 санал буюу 45,81 хувь, нэр дэвшигч Л.Н 225 санал буюу 52,32 хувийн санал авсан гэж тэмдэглэжээ.

7.2. Ийнхүү тооллогын комисс дахин саналтын дүнг нэгтгэн тогтоол гаргасан эсэх талаар хуралдаан даргалагч гэрч Ч.Б-оос асуухад “...хуралдааны явцад тооллогын комиссын тогтоолын төслийг нэг хувь хэвлэж бэлтгэсэн байсан бөгөөд дахин санал хураалтын дүнг тооллогын комисс эхний тогтоолын ард гараар тэмдэглэж, комиссын дарга иргэдэд өөрөө уншиж танилцуулсан...” гэж мэдүүлсэн.

7.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эхний санал хураалтын тогтоолын ард талд нэр дэвшигч Л.Б 195 санал буюу 52,3 хувь, нэр дэвшигч Л.Н 225 санал буюу 45,8 хувь гэж тэмдэглэсэн нь хуралдааны тэмдэглэлтэй зөрүүтэй бичигдсэнийг тодруулах зорилгоор дахин санал хураалтын саналын хуудсыг тоолоход 9 ширхэг хүчингүй саналын хуудас, нэр дэвшигч Л.Н 223 санал, нэр дэвшигч Л.Б 198 санал авсан гэх үйл баримт шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн.”, 32.8 дахь хэсэгт “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.4 дэх заалтад “баг, хорооны Засаг даргад нэр дэвшүүлэх”, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56 дугаар зүйлийн 56.5.2 дахь заалтад “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”, 56.5.3 дахь заалтад “хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж тус тус хуульчилсан.

8.1. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаангом сумын Дэвшил багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас дахин санал хураалтаар иргэдийн олонхын санал авсан Л.Нг багийн Засаг даргаар томилуулахаар сумын Засаг даргад уламжилжээ.

9. Харин нэхэмжлэгч Л.Б “...миний бие эхний санал хураалтаар иргэдийн олонхын саналыг авч ялалт байгуулсан байхад 50+1 хувь санал аваагүй гэж үзэн дахин санал хураалт явуулсан нь хууль зөрчсөн” гэж маргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

9.1. Учир нь, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн иргэдийн Нийтийн Хурлаар тухайн багийн Засаг даргад нэр дэвшигч нь иргэдийн санал хураалтаар олонхын санал авч чадаагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж, санал хураалтын дүнгээр олонхын санал авсан хүнийг багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр сумын Засаг даргад саналыг уламжлах гэж зохицуулснаас үзвэл, нэр дэвшигч нь Засаг даргаар сонгогдох урьдчилсан нөхцөл бол хуралд оролцсон иргэдийн олонх буюу сонгогчдын 50+1 хувийн санал авсан байх агуулгыг илэрхийлнэ.

Тодруулбал, нэхэмжлэгчийн “...хуульд иргэдийн олонхын санал гэх ойлголт байхаас бус 50 хувь дээр нэмэх 1 гэсэн хуулийн зохицуулалт байхгүй” гэж тайлбарлаж буйгаар нэр дэвшигчдээс хамгийн олон иргэний санал авсан нэг нэр дэвшигчийг шууд Засаг даргаар нэр дэвшүүлэн томилох байсан бол хууль тогтоогчийн зүгээс уг хуулийн зүйл хэсэгт “...хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх” гэж энэхүү харилцааг нарийвчлан хуульчлах шаардлагагүй байсан.

9.2. Нөгөө талаас, “Олонх” гэх үгний утга агуулгыг “Монгол хэлний их тайлбар толь”-цахим хувилбар болон Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-д “Ямар нэгэн зүйлийн хагасаас илүү хувийг эзэлж байгаа”-г хэлнэ гэж тайлбарласан бөгөөд хуульд заасан “олонхын санал” гэдгийг хуралдаанд оролцсон нийт иргэдийн талаас илүү буюу “50+1” саналыг ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, Засаг даргад нэр дэвшигч нь нийт санал өгсөн иргэдийн талаас илүү хүний саналыг авсан байхыг хуулиар шаарджээ.

10. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-т “...Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж заасан.

10.1. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд ...доор дурдсан зарчмыг баримтална”, 12.1.6-д “нутгийн өөрийн удирдлага нь тухайн нэгжид оршин суугаа иргэдийн хүсэл зоригийг илэрхийлж, иргэдийн саналыг харгалзан үздэг байх”, 32 дугаар зүйлийн 32.3-т “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй”, 32.4-т “Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно”, 32 дугаар зүйлийн 32.8-д “Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараах нийтлэг бүрэн эрхтэй”, 32.8.2-т “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж тус тус зохицуулсан.

10.2. Хуулийн энэхүү зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, багийн иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмаар хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага бөгөөд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дэг, хурлын зохион байгуулалтын бусад асуудлыг тухайн Нийтийн хурал өөрөө тогтоох агуулгыг илэрхийлдэг бөгөөд иргэн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирснээр оролцогч болж асуудлыг шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцдог тул 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны дарга болон багийн Засаг даргын санал хураалтыг хамтад нь зохион байгуулахаар хуралд оролцсон иргэдийн олонхын саналаар шийдвэрлэж, санал хураалтыг зэрэг явуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

11. Улмаар, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад гурван нэр дэвшигч, багийн Засаг даргад таван нэр дэвшигч нарын дунд тус тус санал хураалтыг зэрэг явуулсан ба эхний санал хураалтад нийт 497 иргэн санал өгснөөс 5 саналын хуудсыг хүчингүйд тооцож, Л.Б 186 санал буюу 37,42 хувь, Л.Н 143 санал буюу 28,77 хувь, Б.Б 70 санал буюу 14,8 хувь, Б.Б 66 санал буюу 13,27 хувь, Б.Ц 27 санал буюу 5,43 хувийн санал авснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч Л.Б, Л.Н нарын дунд 2 дахь удаагийн санал хураалт зохион байгуулагдахаар болж тус багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргын зүгээс “...дахин санал хураалтыг тухайн өдрөө үргэлжлүүлэн буюу 22:00-00:00 хооронд явуулах эсэх талаар санал асуухад” тухайн хуралдаанд оролцогч иргэдийн олонх дэмжсэн үйл баримт хэргийн оролцогч тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

11.1. Энэ тохиолдолд багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцогч иргэдийн олонх нь дахин санал хураалтыг хамтад нь 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөө 22 цагаас 00 цаг хүртэл явуулахыг дэмжсэн, багийн Засаг даргад нэр дэвшигч Л.Б болон Л.Н нарын хэн аль нь уг шийдвэр, үйл ажиллагаанд тухайн үед маргаагүй тул дахин санал хураалт явуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

 Учир нь багийн Засаг даргад нэр дэвшигчийг хэрхэн тодруулах талаарх харилцааг хуульд нарийвчлан зохицуулаагүй тул багийн иргэдийн Нийтийн Хурал нь хуралдааны санал хураалт явуулах хугацаа, дэгээ өөрөө тогтоон шийдвэрлэх эрхтэй.

          12. Түүнчлэн, нэхэмжлэгч “Сонгуулийн тухай хуульд саналыг 07:00 цагаас 22:00 цаг хүртэл хугацаанд авахаар заасан, ...мөн шөнийн цаг буюу 22:05-00:30 цагт явуулсан нь сонгогч иргэдийн эрхийг зөрчихөөс гадна миний сонгогдох эрхэд нөлөөлсөн” гэж маргаж байгаа боловч бүх шатны Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах буюу тухайн шатны иргэдийн Нийтийн Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас Засаг даргыг нэр дэвшүүлэхтэй холбоотой харилцаа нь бүх нийтийн сонгуульд хамаарахгүй ба зөвхөн тухайн шатны хурлын хуралдааны дэг, хуралдаанд оролцогчдын саналаар тодорхойлогдох тул энэхүү тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

          13. Нөгөө талаас, эхний санал хураалтад 497 иргэн оролцож санал өгч байсан бол дахин санал хураалтад нийт 430 иргэн оролцсоноос үзэхэд, тус иргэдийн Нийтийн Хуралд оролцсон иргэдийн олонх нь дахин санал хураалтыг дэмжсэн гэж үзэхээр байгаа бөгөөд тус санал хураалтаас Л.Н нь 223 санал буюу 51.8 хувь, Л.Б нь 198 санал буюу 46.04 хувийн санал авсан гэх үйл баримт тогтоогдсон.

14. Харин хуралдаан даргалагчийн зүгээс иргэдэд хуралдаан явуулах дэгийг танилцуулж, батлуулсан боловч дэгийг тогтоолоор албажуулаагүй байна. Ингэж албажуулаагүй нь багийн иргэдийн Нийтийн Хурал хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага бөгөөд хурлын зохион байгуулалтын бусад асуудлыг өөрөө тогтоох эрхтэй гэсэнтэй харшлаагүй байх тул хуралдааны дэгийг тогтоолоор баталж албажуулаагүй гэх үндэслэлээр багийн Засаг дарга сонгох санал хураалт хуулийн дагуу явагдаагүй гэж үзэн нэхэмжлэл шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.

15. Мөн нэхэмжлэгч “...багийн Засаг дарга сонгох дахин санал хураалтын саналын хуудас болон санал өгсөн иргэдийн гарын үсэг зөрүү үүссэн” гэж маргасан боловч дахин санал хураалтад оролцсон иргэдийн жагсаалтад дахин санал хураалтын багийн Засаг дарга хэсэгт 406 иргэн гарын үсэг зурсан, лавлагаа дахин хэсэгт 12 иргэн гарын үсэг зурсан ба харин дахин санал хураалтын иргэдийн Нийтийн Хурлын дарга гэсэн хүснэгтэд гарын үсгээ зурсан боловч хойд талд байрлах дахин санал хураалт багийн Засаг дарга хэсэгт гарын үсэг зураагүй 12 иргэн тэмдэглэгдсэн нь хэрэгт авагдсан дахин санал хураалтад оролцсон иргэдийн жагсаалтаар тогтоогдож байна.

15.1. Эдгээр дахин санал хураалтын иргэдийн Нийтийн Хурлын дарга гэсэн хүснэгтэд гарын үсгээ зурсан боловч хойд талд байрлах дахин санал хураалт багийн Засаг дарга хэсэгт гарын үсэг зураагүй 12 иргэн хуралдаанд оролцож ямар санал өгсөн байхаас үл хамаарч багийн Засаг даргад нэр дэвшигчдийн саналын дүнд нөлөөлөхгүй, өөрөөр хэлбэл нэр дэвшигчдийн саналын зөрүү 25 байх тул санал хураалтын дүн хүчинтэй тул Увс аймгийн Улаангом сумын Дэвшил багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай “Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргыг сонгох тухай” тогтоолыг хүчингүй болгох, улмаар тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах үндэслэл тогтоогдохгүй байна.

16. Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын иргэдийн Нийтийн Хурлын дарга А.А өөрийг нь оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх хуралдааны өмнө бичгээр ирүүлсэн ба нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй талаар санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.8 дахь хэсэг, 32.8.4 дэх заалт, 56 дугаар зүйлийн 56.2, 56.5 дахь хэсэг, 56.5.2, 56.5.3 дахь заалтуудад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б-ны Увс аймгийн Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “Увс аймгийн Улаангом сумын “Дэвшил” 10 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Улаангом сумын 10 дугаар багийн Засаг даргыг сонгох тухай” 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг Дэвшил багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Б-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.БАТДОРЖ