| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2023/02896/И |
| Дугаар | 192/ШШ2025/04710 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/04710
2025 06 02 192/ШШ2025/04710
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, *-р хороо, * тоот хаягт байрлах, *ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * дугаар хороо, * байр, * тоотод оршин суух, *-т холбогдох
87,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч*, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, гэрч*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * ХХК болон* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *" ХХК болон "*" ХХК-иуд нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр * тоот "Хамтран ажиллах гэрээ"-г байгуулж А тал болох “*" ХХК-ийн гүйцэтгэх захирал*ын зүгээс СХД-т баригдах 3 давхар оффисын зориулалт бүхий 1ш барилга, 16 давхар 1ш орон сууц барих барилга угсралтын ажилд хөрөнгө оруулалт хийх замаар энэхүү гэрээг байгуулсан.
Гэрээний явцад "*" ХХК-ийн зүгээс 2021 оны 06 сарын 16-ны өдөр Иргэний хуульд заасны дагуу хамтран ажиллах гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Өөрөөр хэлбэл талууд хооронд байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-г 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр дүгнэж, тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зурснаар гэрээг дуусгавар болгосон байдаг. Улмаар "*" ХХК-ийн зүгээс гэрээг цуцалсантай холбоотойгоор учирсан гэрээний төлбөрт *талбай бүхий орон сууцны зориулалт бүхий 87.000.000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “*" ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцож "*" ХХК-ийн гүйцэтгэх захирал * болон "*" ХХК-ийн гүйцэтгэх захирал* нар нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр * тоот "Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ" байгуулсан.
Гэтэл "*" ХХК-ийн зүгээс гэрээнд заасан орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг манай байгууллагад шилжүүлж өгөлгүй байсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд “*" ХХК-ийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэж өгөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл бидэнд шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй.
Иймд *талбай бүхий орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “*" ХХК-ийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч * ХХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхболд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “*” ХХК нь "*" ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр * тоот "Хамтран ажиллах гэрээ"-г байгуулж СХД-т баригдах 3 давхрын оффиссын зориулалт бүхий барилга болон 16 давхар орон сууцны барилга угсралтын ажилд хөрөнгө оруулалт хийхээр харилцан тохиролцсон. Улмаар талууд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрээг "*" ХХК-ийн хүсэлтээр татгалзсан хүсэлтээр дуусгавар болгосон.
Ийнхүү гэрээг дуусгавар болгосонтой холбогдуулан "*" ХХК-ийн зүгээс гэрээний хохиролд тооцож Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, * аппартмент хотхоны 2 дугаар орцны 2 давхрын 43.7 м.кв талбай бүхий 87,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг "*” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцож 2021 оны 6 сарын 24-ний өдөр "Орон сууц захиалгын гэрээ"-г байгуулсан байна.
Улмаар * нь “*" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа хүлээлгэн өгч тус байгууллагад зөвхөн хувьцаа эзэмшигчийн хувиар хамаарах болсныг шүүхийн журмаар нотлох баримт цуглуулах явцад Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтаас олж мэдсэн. Мөн “*" ХХК-ийн гүйцэтгэх захирал* болон иргэн * нар нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр №1 тоот "Хэлцэл" байгуулсан. Дээрх хэлцэлд дурдсанаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан* тоот орон сууц захиалгын гэрээний төлбөр тооцоог * бүрэн хариуцаж барилга ашиглалтад ормогц захиалагч талд хүлээлгэн өгөхөөр, энэхүү байрны төлбөр тооцоо нь Хамтран ажиллах гэрээний хохиролд * нь “*" ХХК-д олгохоор болов гэжээ.
Өөрөөр хэлбэл иргэн * нь энэхүү хэлцэл байгуулагдах үед * ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажлаа бусдад хүлээлгэн өгчихсөн байсан болох нь хэрэгт авагдсан бүртгэлийн байгууллагын баримтаар нотлогддог бөгөөд хуулийн этгээдийн өмнөөс иргэн * * ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн болох нь нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд хуулийн этгээдийн өмнөөс иргэн * нь хохирлыг хувь иргэний хувиар барагдуулахаар зөвшөөрсөн болох нь түүний гарын үсэг болон байгууллагын тамга дарагдаагүй зэрэг нөхцөл байдлаас тодорхой харагдана.
Нэгэнт * нь хуулийн этгээдийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шууд захиран зарцуулах эрхгүй бөгөөд харин талуудын хүсэл зоригийн илэрхийлэл буюу иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн бичгээр байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл мөн.
Энэ утгаараа гэрээний нэг тал болох "*" ХХК нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасан иргэний эрх зүйн хамгаалалтын аргын хүрээнд хариуцагчаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй болно. Иймд хариуцагч *ээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хэлцлийн үүрэгт 87,400,000 төгрөг гаргуулж өгнө үү.
* ХХК,* нар нь 2022 оны 05 сарын 03-ны өдөр тус шүүхэд анх нэхэмжлэл гаргаж үүнтэй холбоотой тус шүүх хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа бидний зүгээс 2025 оны 02 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Шүүхэд гаргасан өөрчилсөн шаардлагаа дэмжиж оролцож байна.
*,* нарын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаад явж байхад үл ойлголцол гарч гэрээгээ цуцлахад хүрсэн. * нь захиалгын гэрээ хийе, захиалгын гэрээний байрыг хохиролд тооцон өгье гэдэг байдлаар хэлцэл хийгдсэн. Бид хэлцлийг байгуулах үед *ийг гүйцэтгэх захирал биш болсныг мэдээгүй ч * өөрөө мэдэж байсан бөгөөд өөрөө иргэн * гэж гарын үсэг зурсан. Хүчин төгөлдөр хэлцийн дагуу шаардаж байгаа учраас үүргээ * биелүүлэх ёстой. Хэлцлийн 1-5 дахь заалтыг хэрэгжүүлж хүлээн зөвшөөрч явж байснаа 5А гэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж болохгүй. Хариуцагч татгалзлаа зөвхөн хүч хэрэглэж дарамталж зуруулсан гэж ганцхан зүйл хэлдэг. Бидний нэхэмжлэлийн шаардлага хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа тул хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа бол төсөөллөөр явдаг ажиллагаа биш, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөтөлбөргүйгээр тогтоосон олон нийтийн хүрээнд явагддаг ажиллагаа юм. Хэлцэл гэх баримт нь хавтаст хэргийн 81 дүгээр хуудас байгаа. 2021 оны 11 сарын 09-ний өдөр энэ хэлцэл дээр гарын үсэг зурсан * гэдэг хүний гарын үсэг биш гэдгийг тогтоосон үйл баримт хавтаст хэрэгт байхгүй. Өөрөөр хэлбэл хэлцэл гэх зүйлийг зөвшөөрөөд гарын үсэг зурсан гэж ойлгож байна. Тус хэлцлээр зөвхөн Сонгинохайрхан дүүрэгт байрлах оффисын үйлчилгээтэй 16 давхар орон сууцны асуудлыг шийдчихсэн юм биш. Өмнө нь байсан өглөг авлагын харилцаагаа бүгдийг нь нэг мөр шийдэж, хэлцэл дээр гарын үсэг зурсан үйл баримтаас харахаар * ерөөсөө өмнө нь* гэдэг хүнд залилуулж байсан юм уу эсвэл энэ хүнд ямар нэгэн байдлаар хохиролтой үлдээд ирсэн гэдэг ойлголт харагдахгүй байгаа юм.
Өмнө нь байсан өглөг авлагын асуудлаа цэгцэлчихсэн, *,* нарын хооронд шийдэгдээгүй үлдсэн асуудал 87,400,000 төгрөгийн асуудал байгаа юм. Тухайн хэлцлийг дараа нь нөхөн байгуулсан гэдгийг тогтоосон үйл баримт ч хэрэгт байхгүй. Бүх өглөг авлага санхүүгийн анхан шатын баримтаар тогтоогдох ёстой гэсэн тийм хуулийн заалт ч мөн хэрэгт байхгүй. Байрыг анхнаасаа үнэ төлбөргүй өгөх ёстой байсан юм гэдгийг хэрэгт авагдсан орон сууц захиалгын гэрээнээс харж болно. Уг асуудал нь цэвэр залилангийн шинжтэй байгаад байна. Захирлаараа байж нэг гэрээ хийчхээд захирлаасаа гарчихсан хойноо буцаагаад хэлцэл гээд 2021 онд дахиад байгуулчихсан. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх захирал биш байж компанийн өмнөөс асуудлыг шийдвэрлэнэ гэж хэлж байгаа нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй ойлголт байхыг үгүйсгэхгүй. Талууд 2021 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Түүнтэй холбоотой* гэдэг хүн бас өөр этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад ажлаа эхэлье гээд тодорхой зардал гаргаад явж байсан. Гэнэт * гэрээгээ цуцалъя гэж гэсэн. Энэ нь үзлэгээр тогтоогдсон. Хэлцэл гэх зүйлээр тогтоогдож байгаа. Харин эсрэгээрээ тус хэлцэл гэх баримтыг няцаах баримт хэрэгт байдаггүй.
Иргэний хуулийн Ерөнхий ангид хэлцэл бүхэн гэрээ биш, гэрээ бүхэн хэлцэл гэх заалт байдаг. Манай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болоод байгаа 2021 оны 11 сарын 09-ний өдөр байгуулсан хэлцлээр * буюу * ХХК-даа шаардах эрх үүсэж байгаа. Тус хэлцэл нь * гэх хүнд хариуцлага оногдуулах хэлцэл байгаад байна. Бид хариуцагч * ХХК-аас яагаад татгалзсан юм бэ гэвэл 2021 оны 11 сарын 09-ний өдөр буюу хэлцэл байгуулагдах үед * гэдэг хүн гүйцэтгэх захирал байхаа больчихсон. * ХХК-ийн зөвхөн гүйцэтгэх захирал бусдын өмнө хүлээх хариуцлагыг буюу зөвхөн гүйцэтгэх удирдлага зохицуулж явахаас биш хувьцаа эзэмшигч компанийн өмнөөс бусдын өмнө хүлээх хариуцлагыг компани хүлээхгүй гэсэн тодорхой заалт байж байгаа. Компанийн тухай хуулийн 87 дугаар зүйлд компанийн гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж бусадтай хэлцэл байгуулах эрхийг бүрэн төлөөлнө гэсэн заалт байгаа. Энэ хүрээнд * нь * ХХК-ийн гүйцэтгэх захирал байгаагүй учраас * гэдэг иргэнээрээ хохирол учруулсан. Энэ хохирлын хүрээнд тус орон сууцыг аваарай гэсэн хэлцэл байгаа юм. Тус хэлцэлд гэрээний хохирол болгоод өгчихье гээд үзлэгээр хийгдсэн баримт дээр тов тодорхой байж байгаа. Хэрвээ тус хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзээд машинд хүчээр суулгаад хүчээр гарын үсэг зуруулсан гэж байгаа бол энэ талаар нотолсон баримт, гэрч байх ёстой. Гэтэл тус хэлцлийг няцааж байгаа баримт хэрэгт байхгүй байна. Өөрөөр хэлбэл аман төсөөллөөр яриад байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх баримт болж чадахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж харж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч * ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхэд "* трейт" ХХК болон* нарын нэхэмжлэлтэй, "*" ХХК-д холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, * аппартмент хотхоны 2 дугаар орцны 2 дугаар давхрын 43.7м.кв талбай бүхий орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Хамтран нэхэмжлэл гаргасан талууд нь нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлохдоо *" ХХК нь "*" ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр * тоот хамтран ажиллах гэрээг байгуулж "*" ХХК-ийн гүйцэтгэж захирал*ын зүгээс СХД-т баригдах 3 давхар оффисын зориулалт бүхий 1ш барилга, 16 давхар 1ш орон сууц барих барилга угсралтын ажилд хөрөнгө оруулалт хийх замаар энэхүү гэрээг байгуулсан." гэж тайлбарласан. "*" ХХК-ийн гүйцэтгэх захирал*той "*" ХХК нь ажил хэргийн шугамаар тогтмол харилцаатай байсан бөгөөд зарим төсөлд хамтран ажиллан, өмнө нь үүссэн ажил хэргийн харилцаатай байсан. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баригдах 3 давхар оффисын зориулалт бүхий 1ш барилга, 16 давхар 1ш орон сууц барих барилга угсралтын ажилд хамтран ажиллахаар хэлэлцэж байсан боловч "*" ХХК болон "*" ХХК нар нь үйл ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг нэхэмжлэгч тал үүсгэн ажил хэргийн хүрээнд тохиролцоонд хүрч чадаагүй учир хамтран ажиллах боломжгүй болсон тухай мэдэгдсэн байдаг бөгөөд "* болон* нь нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт тусгасан хөрөнгө оруулалтыг хийгээгүй болно. Өмнө нь үүссэн ажил хэргийн харилцааг алдахгүй, бусад төсөлд хамтран ажиллах зорилгоор хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулах саналыг тавин талууд 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр * дугаартай "орон сууц захиалгаар бариулах тухай" гэрээг байгуулсан боловч өнөөдрийн хүртэл гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ* нь биелүүлээгүй. Мөн нэхэмжлэгч иргэн* нь иргэн н.*-г дарамтлан * дугаарт "Хамтран ажиллах гэрээ"-г 1 хувь үйлдэж, хамтран ажиллах гэрээтэй танилцуулахгүйгээр, гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж энэхүү гэрээ болон бусад бичиг баримтад гарын үсэг зурсан тул "*" ХХК-ийн хүсэл зорилгыг илэрхийлээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд хамтран ажиллах гэрээг цуцалсныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, илэрхийлсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч *ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд "*" ХХК-ийн нэхэмжлэлтэй * холбогдох 87,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбар гаргаж байна. "*" ХХК-ийн Гүйцэтгэх захирал*той миний бие 2019 онд бетоны үйлдвэр худалдан авах зорилгоор анх танилцаж байсан бөгөөд тухайн үед ажил хэргийн шугамаар хамтран ажиллаж байсан болно. Хамтын ажиллагаатай холбоотой миний бие бизнес хийж дөнгөж эхэлж байсантай холбоотойгоор барилга угсралтын ажил гүйцэтгэдэг танилтайгаа 700,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий бетон зуурмаг нийлүүлэлтийн гэрээг байгуулж,*той хамтран бетон нийлүүлэхээр болсон боловч тухайн үед үйлдвэрлэл хариуцсан* нь 350,000,000 төгрөгийн бетон нийлүүлж, үлдэх үнийн дүнд бетон нийлүүлэхээс татгалзсан, 350,000,000 төгрөгийн ажлын ашиг болох 70,000,000 төгрөгийн 50 хувь буюу 35,000,000 надад хүлээлгэн өгөөгүй байдаг.
Мөн 2019 онд "*" ХХК нь "*" ХХК-тай /Г.* 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал/ бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд тус гэрээгээр арматур, цемент, нэмэлт, тээвэр гэсэн ажил болон барааг "*" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх арилжааны гэрээг байгуулсан бөгөөд гэрээний үнийн дүн 590,750,000 төгрөгөөс миний бие тухайн үед 40,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий нэг ширхэг авто машин, 140 сая төгрөгийн үнэлгээ бүхий 215,5 м² хувийн сууц гражийн зориулалттай* тоот гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн*ын өөрийн болон бусад шилжүүлэхийг зөвшөөрсөн Б.Оюу-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн. Гэвч “*” ХХК нь гэрээгээр хүлээсэн бараа болон ажил нийлүүлэх үүргээ гүйцэтгээгүй бөгөөд манай компанийн зүгээс тухайн төсөлд бүрэн хохирсон. Энэ дагуу миний бие байгуулсан гэрээний дагуу шилжүүлсэн байр болон машинаа буцаан шаардахад машин бусдын өмчлөлд шилжсэн, байрыг "*" ББСБ-аас 54,000,000 зээл авч, зээлийн барьцаанд тавьсан байсан. Барьцааг чөлөөлүүлэхийг шаардахад* нь “надад мөнгө байхгүй чи төлөөд буцаагаад ав" гэсний дагуу 140,000,000 төгрөгийн хохирол өөрт учруулах, эсхүл "Рояал фанд" ББСБ-аас*ын авсан 54,000,000 төгрөг болон түүний хүү, нэмэгдэл хүүгийн хамт төлөх сонголт ирсний дагуу "Рояал фанд" ББСБ-д*ын төлбөрийг бүхэлд нь төлж байрыг өөрийн өмчлөлд буцаан шилжүүлж хохирсон болно.
Мөн дээрх харилцаа явагдаж байх үед буюу 2021 онд "*" ХХК-ийн үйл ажиллагаа дэлхий дахинаа дэгдсэн цар тахлын улмаас удааширч барилгын салбарын түүхийн эд, болон санхүүжилтэд авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнд бөгөөд компанийн хувьцаагаа шилжүүлэх замаар хөрөнгө оруулалт татах, Геологи 210 төслийг хэрэгжүүлэх зорилгоор*оос санхүүжилт авч хамтран ажиллах тохиролцоог хийсэн байдаг. Энэхүү хамтын ажиллагаа 7 хоног үргэлжилсэн бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 03-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 10-ний өдөр хүртэл үргэлжилж хамтын ажиллагааг цуцалсан. Энэ хугацаанд "Өндөр сэнтийн трейд" ХХК-ийн зүгээс төсөлд 20,145,481 төгрөгийн ажил хийсэн бөгөөд "*" ХХК-ийн компанийн зүгээс 21,260,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр "*" ХХК-д буцаан шилжүүлж өглөгийг бүрэн дуусгасан бөгөөд авлагын асуудал үлдсэн. Чухам энэ л үеэс* нь намайг болон * төсөлтэй холбоотойгоор дарамталж, заналхийлж эхэлсэн бөгөөд өөрийн нөхрийн хамтаар машиндаа суулгаж, дарамтлан 1 хувь, "хэлцэл" гэх баримтад гарын үсгийг нөхөн зуруулж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна. Миний бие дээрх ажил хэргийн харилцааг таарамжгүй нөхцөл байдалд хүргэхгүйг хичээж өнөөдрийг хүрсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс үндэслэлгүйгээр байр, эсхүл 87,400,000 төгрөг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд талуудын хооронд үүрэг үүсээгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж оролцож байна. Талуудын хооронд анх хамтран ажиллах хүсэл зориг байсан ч*ын үйлдлээс шалтгаалан цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Хамтын ажиллагаагаар * нь бетон зуурмаг болоод сангийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон байсан боловч* нь дээрх ажлуудыг өөр компанитай гэрээ байгуулж, мөн *ийн найзад * бацааныг энэ төслөөс нь зайлуулна компанийг нь би өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ, энэ төслийг нь би дээрэмдэнэ энэ төслийг нь би өөрөө хэрэгжүүлнэ гэсэн харилцаа үүсгэж, улмаар * нь бизнесийн ёс зүйд харш байна энэ хүнтэй хамтарч ажиллах боломжгүй байна гээд 7 хоног ч бололгүй хамтын ажиллагааг цуцалсан. Тухайн үед барилгын суурийн ажлыг эхлүүлчихсэн, зөвшөөрөлгүй нь гараагүй байсан.
Хамтран ажиллах гэрээгээр * интернэйшнлээс санхүүжилт орж ирээгүй тохиолдолд*оос санхүүжилт авах нөхцөлтэй байсан. Өөрөөр хэлбэл санхүүжилтийн 2 эх үүсвэртэй байсан гэсэн үг. * болон*оос ямар нэгэн санхүүжилт, хөрөнгө оруулалт оруулсан бол ашиг, орлогын асуудал яригдах байсан. Гэтэл Өндөр сэнтийг болон* нь ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй, 21,0 сая төгрөгийн зардал гаргасныг төлчихсөн.
Г.*той хамтран ажиллах гэрээг цуцалсны*ын зүгээс *д танай компанийн энэ зөвшөөрөлгүй барилгыг чинь мэдэгдэнэ гэдэг байдлаар дарамт сүрдүүлээд Циркийн хажууд өөрийн нөхрийн хамтаар машиндаа суулгаж, 2 цаг гаруй хугацаанд дарамтлан 1 хувь, "хэлцэл" гэх баримтад гарын үсгийг нөхөн зуруулж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгосон байна.
Сэтгэл санааны хохирол болгож орон сууц захиалгын гэрээ хийе гэдэг нь тухайн үед хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу 1 м.кв-ыг нь 2,0 сая төгрөгөөр гэрээ байгуулсан. Тухайн үед орон сууцны үнэ 2,3-2,5 сая төгрөгийн үнэтэй байсан. * ХХК-ийн анхан шатны санхүүгийн баримтад өглөг авлагатай холбоотой асуудлыг заавал данс тайлан тооцоондоо тусгах ёстой байдаг. Энэ талаар баримт байхгүй. Бодит байдал дээр ийм асуудал үүссэн байгаа. Хэлцэл хүчин төгөлдөр бус, хэлцлээр талуудын хооронд үүрэг үүсээгүй учраас нэхэмжлэгч шаардах эрхгүй. Дээрх нөхцөл байдлуудын улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан бичгийн баримтуудын тухайд:
Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, хамтран ажиллах гэрээ, тооцоо нийлсэн акт, * ХХК-иас * ХХК-д хүргүүлсэн албан бичиг, * ХХК-иас*т ирүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ажил гүйцэтгэх гэрээ, орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, мессенжер чат, бэлэн мөнгөний орлогын баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл зэрэг бичгийн баримтуудыг гаргасан байна.
Хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, * ХХК-иас*т хүргүүлсэн гэрээ цуцлах тухай албан бичиг, шуудангийн төлбөрийн баримт, * ХХК-иас *д мэдэгдэл хүргүүлсэн албан бичиг, * ХХК-иас*т ирүүлсэн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, * ХХК-иас * ХХК-д хүргүүлсэн хүсэлт, хэлцэл, тодруулга, компанийн дүрэм, зээл төлөлтийн дансны хуулга, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, түрээсийн гэрээ, хуулийн этгээдийн хаягийн лавлагаа, Аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт, итгэмжлэл, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, кредит картын гэрээ, барьцааны гэрээг, бэлтгэн нийлүүлэх гэрээ, зэрэг бичгийн баримтуудыг гаргасан байна.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн бичгийн баримтуудын тухайд*ын гар утсанд үзлэг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, * ХХК, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Худалдаа хөгжлийн банк ХК зэрэг газруудаас нотлох баримт бүрдүүлж, гэрч *ийг гэрчээр асуусан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * ХХК нь хариуцагч *т холбогдуулан 87,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шүүхэд анх нэхэмжлэгч *ХХК,* нар нь * ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, * апартмент хотхон, 2 дугаар орц, 2 дугаар давхар, 43,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч* нь нэхэмжлэгчээс оролцохоос татгалзаж, нэхэмжлэгч * трейд ХХК нь хариуцагч * ХХК-ийг хариуцагч иргэн *ээр сольж оролцуулах хүсэлтийг гаргаж, улмаар хариуцагч *т холбогдуулан түүнээс хохирол 87,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Маргааны үндэслэл болж буй нэхэмжлэгч * ХХК болон түүний гүйцэтгэх захирал*, хариуцагч * болон * ХХК-иуын хооронд байгуулагдсан гэрээ, хэлцлийн тухайд:
-* нь * трейд ХХК-ийн захирал бөгөөд хариуцагч * ХХК-тай 2021 оны 6 сарын 03-ны өдөр * дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулж, хариуцагч компанийн *-тай байгуулсан гэрээний дагуу хэрэгжүүлэх 3 давхар оффис, 16 давхар орон сууцын зориулалттай барилгын ажилд хамтран ажиллахаар тохиролцжээ. /хх-ийн 7-10/
-Г.* нь хариуцагч * ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр*дугаартай Орон сууц захиалгаар барих бариулах гэрээ байгуулж Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, * апартмент хотхон, 2 дугаар орц, 2 дугаар давхар, 43,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон 1м.кв талбайн үнийг 2,0 сая төгрөгөөр тооцон нийт 87,400,000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон байна. /хх-ийн 16/
Зохигчид 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн * дугаартай хамтран ажиллах гэрээг хариуцагч * ХХК-ийн санаачилгаар цуцалсан тухайд маргаагүй бөгөөд талууд өмнөх харилцаанаас үүссэн тооцоогоо харилцан нийлж хариуцагч нь нэхэмжлэгчид 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 88,505,481 төгрөгийн төлбөртэй болох талаар дүгнэсэн баримт үйлдэж,*, хариуцагч компанийн захирал * нар гарын үсэг зуржээ. /хх-ийн 10/
Дээрх гэрээнүүдтэй холбоотой талууд хоорондын төлбөр тооцоог нийлж 2021 оны 11 сарын 09-ний өдөр хэлцэл байгуулсан байна. Уг хэлцлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийг дүгнэсэн гэж үзэхээр байна.
Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдлийг хэлцэл гэх бөгөөд хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.
Хэлцлээр талууд 5 нөхцөлөөр тохиролцож уг хэлцлээр өглөг авлага, хамтын ажиллагаанаас үүссэн харилцааг тодорхой болгож тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Уг хэлцлийн 5а хэсэгт талууд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Г-21/02 дугаартай Орон сууц захиалгаар барих бариулах гэрээний төлбөр тооцоог * бүрэн хариуцаж барилга ашиглалтад ормогц*т хүлээлгэн өгөхөөр тохиролцсон байна. Энэ тохиролцоо нь хамтран ажиллах гэрээний хохиролд *ээс хариуцагч*т олгохоор тохиролцсон тохиролцоо байна. Уг гэрээний хохирлын дүнг талууд 87,400,000 төгрөг гэж тохиролцсон ба уг дүнд тооцон Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, * апартмент хотхон, 2 дугаар орц, 2 дугаар давхар, 43,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байна.
Хэлцлээр хохиролд тооцон өгөхөөр тохиролцсон үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууц нь хэрэгт авагдсан баримтаар * ХХК нь захиалагчаар бүртгүүлсэн, тухайн тоот орон сууцанд өмчлөгч бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна.
Мөн уг хэлцлийг байгуулах үед хариуцагч * нь * ХХК-ийн гүйцэтгэх удирдлага биш, 2021 оны 09 сарын 08-ны өдрийн байдлаар идэвхтэй бүртгэлтэй хувьцаа эзэмшигч байсан болох нь УБЕГ-ын лавлагаагаар тогтоогдож байна.
Уг хэлцлийг байгуулагдах үед нэхэмжлэгч тал *ийг тус компанийн гүйцэтгэх удирдлага биш, хувьцаа эзэмшигч байсан болохыг мэдэх, өөрөө олж авах боломжгүй баримт бөгөөд харин энэ талаар хариуцагч * өөрөө мэдэж байсан тул түүний хуулийн этгээдийг төлөөлж бус хувьцаа эзэмшигчийн тухайд учирсан хохирлыг барагдуулахаар орон сууцны үнийг төлж өмчлөлийг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-д зааснаар төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хэлцлийн дур мэдэн хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талдаа учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.
Хариуцагч татгалзлын үндэслэлээ орон сууц захиалгын гэрээний дагуу нэхэмжлэгч төлбөрөө төлөөгүй гэж маргадаг бол уг хэлцлээр орон сууцны үнийг хариуцагч * төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байхаар заасан бөгөөд талууд өмнөх харилцаагаа дүгнэн тооцоо нийлж төлбөрийн хэмжээг тогтоож, уг төлбөрийн хэмжээнд дүйцүүлэн үл хөдлөх эд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.
Гэрч Алтанхуягийн мэдүүлгээр тус * ХХК нь нэхэмжлэгч * ХХК-тай ямар нэгэн төлбөр тооцоо, санхүүгийн өр авлага байхгүй гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч * нь нэхэмжлэгчтэй төлбөр тооцоо нийлж, хохиролд тооцон орон сууц өгөхөөр тохиролцсон тохиролцоог үгүйсгэж чадахгүй, татгалзлыг нотолж чадахгүй байна.
Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй бөгөөд хариуцагчийн хэлцлийг хүч хэрэглэж, айлган сүрдүүлж, заналхийлж хийлгэсэн гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна. Хариуцагч уг хэлцлийг хүч хэрэглэж хийсэн гэх агуулгаар татгалзаж байгаа боловч уг хэлцэлд гарын үсэг зурж баталгаажуулсан, хэрэв хүч хэрэглэсэн, заналхийлсэн, айлган сүрдүүлсэн тохиолдолд энэ талаар холбогдох байгууллагад гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй байсан.
Хариуцагч * нь гэрээнээс татгалзсантай холбогдуулан хохиролд орон сууцаар барагдуулахаар тохиролцсон бөгөөд уг орон сууцыг биет байдлаар өгөх боломжгүй, * ХХК-иас орон сууц захиалгын гэрээний дагуу орон сууцны төлбөрийг төлөөгүйн улмаас гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан * ХХК-иас*т хүргүүлсэн мэдэгдлүүдээр тогтоогдож байна.
* ХХК нь орон сууц захиалгын гэрээнээс татгалзсан нь хариуцагч *ийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд тохиролцсон хэлцлийн дагуу хохирлыг мөнгөн дүнгээр барагдуулах үүрэгтэй гэж үзлээ.
Учир нь хариуцагч * 2021.11.09-ний өдрийн №1 “Хэлцэл”-ийн 5а хэсэгт “2021-06-24-ны өдөр байгуулсан III-21/02 тоот орон сууц захиалгын гэрээний төлбөр тооцоог * бүрэн хариуцаж барилга ашиглалтад ормогц*т хүлээлгэн өгнө. Энэхүү байрны төлбөр тооцоо нь бидний хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний хохиролд * нь*т олгохоор болов. Гэрээний хохирлын үнийн дүнг тооцож барьж буй барилгын 2 дугаар давхрын 2 өрөө 43,7 м.кв 87,400,000 орон сууцаар барагдуулна” гэж тохиролцсон байна. Энэхүү хэлцлээс үзэхэд орон сууцны төлбөрийг хариуцагч * бүрэн хариуцаж төлөхөөр тохиролцсон боловч төлбөрийг төлөөгүй, улмаар орон сууны үнийг 87,400,000 төгрөг гэж тохиролцон уг дүнгээр хохирлыг барагдуулахаар тохиролцсон үүргээ гүйцэтгээгүй гэж үзэв.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсанаас учирсан хохирлыг шаардах эрхтэй тул шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч *ээс 87,400,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан бол хариуцагч улсын тэмдэгтийн хураамжийг хариуцна. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 595,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ээс улсын тэмдэгтийн хураамжид 595,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 206 дугаар зүйлийн 206.1-т заасныг баримтлан хариуцагч *ээс 87,400,000 /наян долоон сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч * ХХК-д олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 595,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *ээс улсын тэмдэгтийн хураамжид 595,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр бичгээр үйлдэгдэж гарын үсэг зурагдсаны дараа зохигч шийдвэрийг 14 хоногийн дотор ирж гардан авах, энэ хугацаанд зохигч ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН