Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01516

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01516

 

 

 

 

Практикал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/01810 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Практикалдаатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Батцоожид холбогдуулан гаргасан даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагч төлсний улмаас учирсан хохирол 4 028 387 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Д.Батцоож нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цалингийн зээл болон барьцааны гэрээгээр 7 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэйгээр Улаанбаатар хотын банк ХХК-аас зээлж авсан. Тухайн үед тэрээр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын гуравдугаар баазын тээвэрлэлт, үйлчилгээний албанд мөнгө хураагчаар ажиллаж байсан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн.

Зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь манай компанитай 2014 оны 06 сарын 26-ны өдөр цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба зээлдэгч Д.Батцоож нь 2016 оны 02 дугаар сарын 08-ний өдрөөс хойш зээлийн төлбөрөө төлөхөө байж зээлийн хугацаа хэтрэлт 90 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон.

Улаанбаатар хотын банк ХХК-ийн нөхөн төлбөр хүссэн 6-ё/2591 дүгээр албан тоотыг хүлээн авч компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 3011602296 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөр тооцож 4 028 387 төгрөгийг Улаанбаатар хотын банк ХХК-д төлсөн. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх Улаанбаатар хотын банк ХХК-д олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ. Иймд Д.Батцоожоос 4 028 387 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр цалингийн зээл болон барьцааны гэрээгээр 7 000 000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Би байгууллагын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгож ажлаас чөлөөлөгдсөн. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын банкны зээлийн эдийн засагч ирж зээл хаасан гэж гарын үсэг зуруулсан. Гэтэл 4 жилийн дараа буюу 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба зээлийг хаасан байхад одоо мөнгө нэхэмжилж байгаад гайхаж байна. Хэрэв зээлтэй байсан бол 4 жил гаруй хугацаанд нэхээгүй байж хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэгт одоо нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Миний хүү П.Цэрэнтогтох хөлний төв мэдрэлийн судас тасарснаас болж явж чадахгүй хэвтэрт байдаг. Хагалгааг Монголд хийх боломжгүй гэсэн ба амьдралын хүнд нөхцөлд амьдарч байна. Манай нөхөр бид хоёр өөрсдийн идэх хоолоо хасан байж тэтгэврийн зээл авч хүүгийнхээ эмчилгээнд зарцуулж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасны дагуу нэхэмжлэгч Практикалдаатгал ХХК-ийн хариуцагч Д.Батцоожоос 4 028 387 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч Практикалдаатгал ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Практикалдаатгал ХХК нь 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотын банк ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээ, зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ, барьцаа эд хөрөнгийн даатгалын гэрээ гэсэн 3 бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын банк ХХК-ийн харилцагч нарт санал болгохоор анх тохиролцсон. Хамтран ажиллах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 болон 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар Улаанбаатар хотын банк ХХК нь харилцагч болон зээлдэгчтэй даатгалын гэрээг байгуулсан тохиолдолд дэд даатгуулагчид даатгалын баталгаа олгох ёстой, даатгагч нь даатгалын хураамжийн орлогоос банк буюу төлөөлж гэрээ байгуулсан хүнд урамшуулал олгох зохицуулалттай.

Гэвч дээрх зохицуулалт нь зээлийн эрсдлийн даатгалын гэрээ нь барьцаа эд хөрөнгийн даатгалын гэрээг байгуулсан тохиолдолд хамаарах юм. Учир нь хамтран ажиллах гэрээг байгуулах явцад Улаанбаатар хотын банк цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээг харилцагч, зээлдэгч нартаа өгөлгүйгээр банк өөрт учрах эрсдэлээ даатгуулахыг хүссэн учраас цалингийн зээлийн эрсдлийн даатгалын гэрээг өөрчилж, банктай уг гэрээг байгуулсан. Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний даатгуулагч нь Улаанбаатар хотын банк ХХК болохыг тус гэрээний 7 дугаар зүйлийн 7.3. 10 дугаар зуйлийн 10.3 дах заалтад заасан дэд даатгуулагчаас зээл болон 3 сарын хүүг буцаан нэхэмжлэх эрхийг даатгагчид шилжүүлэх тухай заалтуудаас харж болно.

Улаанбаатар хотын банк ХХК-ийн 2016 оны 05 сарын 26-ны өдрийн 6-е/2591 албан тоотод Д.Батцоож нь даатгалын шимтгэлд 70 000 төгрөг төлсөн ... гэх үйл баримтын тухайд Д.Батцоожийн 7 000 000 төгрөгийн цалингийн зээл нь цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээнд хамаарч байгаа гэдгийг тодотгохын тулд бичсэн болно. Хэрэв Д.Батцоожийг даатгалын хураамж төлсөн, гэрээний даатгуулагч гэж үзэж байгаа бол хариуцагчаас даатгалын гэрээ, хураамж төлсөн баримтыг шүүх гаргуулах ёстой байсан гэж үзэж байна. Дээр дурдсан үйл баримтуудаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/01810 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 410 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Ч.ЦЭНД