| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Мөнхөө |
| Хэргийн индекс | 2205 03370 1744 |
| Дугаар | 2024/ДШМ/503 |
| Огноо | 2024-04-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Баянмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2024/ДШМ/503
Ч.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Т.Баянмөнх,
шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч П.Дэлгэр,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2205 03370 1744 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Ч-ын Б, 20... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... хамт ... тоотод түр оршин суух хаягтай, /РД:..../,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 639 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 329 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;
Ч.Б нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рояал Хаус” нэртэй зочид буудлын 406 тоот өрөөгөөр хамт үйлчлүүлж байсан иргэн С.Нгийн өмчлөлийн “Айфоне икс” маркийн 500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар авч, улмаар тухайн гар утсан дахь хохирогчийн “Хаан” банкны ...... тоот данстай интернет банкнаас 3.000.000 төгрөгийг хууль бусаар, нууцаар бусдын данс руу шилжүүлж авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд хамт үйлчлүүлж байсан Э.Тгийн эзэмшлийн утасны сим картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар өөрийн гар утсанд хийж 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Э, Э.Т нарын “Хаан” банкны .... дугаарын данснаас иргэн Б.Пын “Хаан” банкны эзэмшлийн ..... дугаарын дансруу 2 удаагийн гүйлгээгээр нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ч.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Ч-ын Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ч.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Баас 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Нд олгож, гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ам бүл хоёр, хөгшин настай ээжийн хамтаар амьдардаг. 2 жилийн хорих ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хэргээ анхнаасаа өдийг хүртэл хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргаагүй. Мөн хохирогч Тгийн 2.000.000 төгрөгийн хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгч Энхтуяад төлж барагдуулсан. Хохирогч Нямсүрэнд 3.500.000 төгрөгийн хохирлоос 500.000 төгрөгийг төлж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Энэ бүхнийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлаж, ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгч П.Дэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа шүүгдэгч Ч.Бгийн зүгээс Хууль зүйн туслалцааны төвд улсын өмгөөлөгч авах хүсэлт гаргасан. Үүний дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд миний бие шүүгдэгч Ч.Бгийн өмгөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Миний үйлчлүүлэгч Ч.Б нь мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн. Хохирогчдод учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасны дагуу анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж, түүний эдэлсэн хорих ялыг уг ялаас хасаж тооцож өгнө үү. Хэдийгээр миний үйлчлүүлэгч урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгч урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ялаа эдэлж дууссан тул энэ гэмт хэрэгт хамааралгүй юм. Иймд түүнийг анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх бүрэн боломжтой гэж үзэж байна.” гэв.
Прокурор Т.Баянмөнх тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэн. Хэдийгээр шүүгдэгч Ч.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг бүрэн төлж барагдуулсан боловч урьд нь 3 удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгүүлж байсан. Үүнээс дүгнэхэд тэрээр үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, зан үйлээ засаагүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч Ч.Бгийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагааг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ч.Б нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рояал Хаус” нэртэй зочид буудлын 406 тоот өрөөгөөр хамт үйлчлүүлж байсан иргэн С.Нгийн өмчлөлийн “Айфоне икс” маркийн 500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар авч, улмаар тухайн гар утсан дахь хохирогчийн “Хаан” банкны ..... тоот данстай интернет банкнаас 3.000.000 төгрөгийг хууль бусаар, нууцаар бусдын данс руу шилжүүлж авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2022 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд хамт үйлчлүүлж байсан Э.Тгийн эзэмшлийн утасны сим картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар өөрийн гар утсанд хийж 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Энхтуяа, Э.Т нарын “Хаан” банкны ..... дугаарын данснаас иргэн Б.Пын “Хаан” банкны эзэмшлийн ..... дугаарын дансруу 2 удаагийн гүйлгээгээр нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсны улмаас бага хэмжээнээс дээш буюу 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч С.Нгийн “...2022 оны 8 дугаар сарын 12-нд зүс таних Б мөн түүний найз гэх нэрийг нь мэдэхгүй хүмүүстэй уулзаад хорооллын ар талд хоолонд орсон. Тэндээсээ гарч ирээд Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Рояал Хаус” гэх зочид буудлын 4 давхрын 406 тоотод буудалд ороод, тэндээсээ Бтай хамт гараад дэлгүүр орж 2 ширхэг, 2 литртэй Сэнгүр пиво аваад буцаж ороод би жоохон ууж байгаад харуулаас буусан байсан тул ядраад унтаад өгсөн. Унтаад сэрэхэд миний “Айфоне икс” маркийн гар утас байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...Өглөө нь банк ороод дансаа шалгуулсан чинь данснаас 3.000.000 төгрөг алга болсон байсан. Миний дансанд нийт 3.413.000 төгрөг байсан. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 15 цаг 06 минутанд ..... гэх данс руу миний ..... гэх данснаас маань гаргаж шилжүүлэн авсан байсан. Энэ данс нь хамт явсан хүнийх нь аавынхан данс байсан. ...” /1хх 24-25/,
хохирогч Э.Тгийн “...Хамгийн сүүлд өөрийн “Самсунг А6” маркийн гар утсаа Баянбүрдийн орчим пабад байхад байсан. Түүнээс хойш анзаараагүй надад байгаа гэж бодоод явж байсан. ...Би өөрийн гар утсаа 2022 оны 12 дугаар сарын 25-ны өглөө алдсан гэдгээ мэдсэн. ...5027419378 дугаарын Хаан банкны данс нь манай ээж болох Д.Э бид хоёрын дундын хамтран эзэмшдэг данс. Би данснаас мөнгө алга болсон гэдгийг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай ээж хүн рүү мөнгө шилжүүлэх гэж байгаад мэдсэн. 5039382364 дугаарын Пүрэвдулам гэдэг хүний данс руу хоёр удаагийн гүйлгээгээр нийт 2 сая төгрөгийн зарлага гарсан байсан. ...миний гар утсанд сануулаастай байсан интернет банкаар хүн орж мөнгө авсан асуудлаар би гомдол гаргасан. ...” /1хх 130-131, 134-135/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-гийн “...Миний хүү 2022 оны 12 дугаар сарын дунд үед согтуу явж байгаад өөрийн гар утсаа хулгайд алдсан байсан юм. Уг этгээд миний хүүгийн гар утсаар орж бид хоёрын дундын мөнгө байршуулсан данс руу нэвтэрч хадгалсан байсан 2.600.000 төгрөг авсан байсан. ...Намайг орж ирэхэд П гээд нэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй “манай багийн найз Б миний данс руу мөнгө хийлгэсэн юм, одоо үлдэгдэл 1.280.000 төгрөг байна, таны мөнгийг би одоо гаргаад өгье” гээд П гэх эмэгтэй цуг Тэнгис кино театрын хажуу талд байрлах Хаан банк руу ороод миний ... тоот данс руу 1.280.000 төгрөг хийж байсан. ...” /1хх 138-139, 141/,
гэрч Б.Пын “...2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нисэхэд Б гэх найзынхаа гэрт Т ах, Г, Э, Г гэх найз нарын хамт байж байсан. Тухайн өдрийн 12 цагт Т ах, Г, Э нар яваад Бгийн гэрт би, Г бид 3 үлдэж пиво уугаад сууж байтал Б надад “чамд карт байгаа юу, данс руу чинь мөнгө шилжүүлье” гэхээр нь би юм бодолгүй өөрийн ..... дугаартай дансаа өгч өөрийн Хаан банкны картыг хамт өгсөн. Картаа өгөхөд Б өөрийн гар утаснаас миний Хаан банкны дансруу мөнгө шилжүүлэхээр би Бгийн өөрийн мөнгө надруу шилжүүлж байна гэж бодоод бид хэд гарч хоол идээд Нисэхийн дэнж гэх газар Ариука гэх найзындаа очиж ууж идсэн. 2022 оны 12 дугаар сарын 26-ны орой өөрийн гэртээ байж байхад Э надруу “Тэмка ахын данснаас чиний дансруу баахан мөнгө орсон байна, Тэмка ахын ээжтэй яриад асуудлаа шийд” гэж хэлэхээр нь Тэмка ахын ээжтэй яриад би болсон зүйлийн талаар мэдэж, Бгийн мөнгө биш Т ахын мөнгө байсныг мэдсэн. ...” /1хх 144-145/ гэсэн мэдүүлгүүд,
гэрч Б.Пын эзэмшлийн Хаан банкны ... дугаартай дансны хуулга /1хх 158/, хохирогч Д.Энхтуяа, Э.Т нарын эзэмшлийн Хаан банкны ..... дугаартай дансны хуулга /1хх 122/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.
Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгож үнэллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ч.Бг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Шүүгдэгч Ч.Бгийн иргэн С.Нгийн өмчлөлийн “Айфоне икс” маркийн 500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг нууцаар авч, улмаар тухайн гар утсан дахь хохирогчийн “Хаан” банкны 5152211739 тоот данстай интернет банкнаас 3.000.000 төгрөгийг хууль бусаар авсан,
мөн Э.Тгийн эзэмшлийн утасны сим картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар өөрийн гар утсанд хийж иргэн Д.Энхтуяа, Э.Т нарын “Хаан” банкны .... дугаарын данснаас иргэн Б.Пын “Хаан” банкны эзэмшлийн .... дугаарын дансруу 2 удаагийн гүйлгээгээр нийт 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Ч.Б “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Ч.Б нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол төлбөрийг төлж барагдуулсан хэдий ч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт оногдуулсан ял тохирсон байх тул хорих ялыг хөнгөрүүлэх, өөрчлөх үндэслэлгүй байна.
Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг тул шүүгдэгч Ч.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Мөн шүүгдэгч Ч.Б нь өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлж, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүний засрал хүмүүжил олоогүй хувийн байдлыг илтгэж байна.
Иймд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Ч.Б нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 116 /нэг зуун арван зургаа/ хоног цагдан хоригдсон бөгөөд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бгийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 116 /нэг зуун арван зургаа/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ