2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/03407

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүгч Т.Энхтуяа, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

  Нэхэмжлэгч: ... тоотод байрлах,******* /рд:2830892/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4-р хороонд байрлах,******* /рд:9097856/-т холбогдох,

Гэм хорын хохиролд 49,795,576 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одонпүрэв, иргэдийн төлөөлөгч С.Энхбулаг, нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Мэнд-Оюут шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2022 оны 10 сарын 03-ны өдөр манай байгууллагын БНХАУ дахь нийлүүлэгчээс ирүүлж байсан******* болон дугаартай чингэлэгт ачигдсан Цонхны шил нийт 29 авдар барааг Хил байгууллагаас Замын-Үүдийн 0 цэгээс Ложистикийн талбай хүрэх хооронд автомашин дээрээс унагаж осол гаргасан хохирлын дүнг Ашид билгүүн ХХК-аас 49,795,576 төгрөгөөр тогтоосон. Үүссэн хохирлын асуудлаар Замын-Үүд сум дахь холбогдох албан тушаалтануудтай утсаар холбогдоход анхан шатны нэгж буюу албан тушаалтанууд нь бие даан шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн. Ингээд*******т 2023 оны 05 сарын 30-ны өдөр гомдол гаргасан ба хилгазраас хохирлын асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэнэ үү гэх агуулгатай албан бичгийг ирүүлсэн. Ослын улмаас үүссзн хохирол 49,795,576 төгрөгийг хариуцагч Хилгазраас гаргуулж өгнө үү ... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлээ дэмжиж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор 2022 оны 10 сарын 03-ны өдөр манай байгууллагын БНХАУ дахь нийлүүлэгчээс ирүүлж байсан чингэлгийн болон дугаартай чингэлэгт ачигдсан цонхны шил нийт 29 авдар барааг Хил байгууллагаас Замын-Үүдийн 0 цэгээс ложистикийн талбай хүртэл буюу хилээс Зам-Үүд рүү орж ирэх хооронд автомашин дээрээс унагаж осол гаргасан хохирол учруулсан. Тухайн газар дээр цагдаагийн байгууллагаас үзлэг хяналт хийсэн. Мөрдөн байцаагчийг газар дээр ажилласан дүгнэлтээр цонхны шилүүд бүгд хагарсан гэдгийг тогтоосон. Машин жолоодож явсан Батзаяа гэх Хил газраас томилогдсон жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол болсон гэж дүгнэсэн. Манай байгууллагын зүгээс 2022 оны 10 сарын 12-ны өдөр тухайн асуудал болсныг мэдсэн. Цагдаагийн байгууллагад хандсан. Цагдаагийн байгууллагаас үзлэг шинжилгээ явуулан тогтоосон. Хохирлын хэмжээг тогтоолгохоор Ашид билгүүн ХХК-г шинжээч томилуулаад ослын улмаас 49,795,576 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч талд тогтоосон. Энэ баримт хавтаст хэрэгт байгаа. Тухайн үүссэн хохирлын асуудлаар Замын үүд сум дахь холбогдох албан тушаалтнуудтай утсаар холбогдоход анхан шатны нэгж буюу албан тушаалтнууд нь бие даан шийдвэрлэх боломжгүй тухай мэдэгдсэн. Ингээд*******т 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргасан ба хилгазраас хохирлын асуудлыг хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ үү гэх агуулгатай ярьдаг боловч шийдэж өгөөгүй. Ийм учраас шүүхэд хандсан. Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан тул Хилгазрыг хариуцагчаар татсан. Төрийн байгууллага шат шатандаа Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх анги,*******т гомдол гаргаад хүлээж авсан Мягмарбаяр хурандаа, хариуцагч талын төлөөлөгч нар иргэн аж ахуйн нэгжид тодорхой хохирол учруулсан байхад хариуцах эзэнгүй гээд өөрсдөөсөө зайлуулсан. Олон удаа Хил газартай очиж Мягмарбаяр хурандаатай уулзсан. Гомдол өгөөд ярихаар удаад шийдэж өгдөггүй. Хэлээд үзье, яриад үзье гэдэг мөртлөө шийдэж өгдөггүй. Хариу явуулсан гэдэг ч хариу нь албан бичгээр ирдэггүй. Хариуцах эзэн байгаагүй тул бид нар шүүхэд хандсан. Төрийн байгууллага байж шүүх хуралдаанд тодорхой бодитой мэдээлэл өгөх ёстой. Хаа хаанаа буруугаа хүлээх зарчмын асуудал байдаг. Энэ компани цаг хугацаа явж байх явцад хохирч байдаг. Бид нар буруугүй гэдэг. Үүний цаана аж ахуй нэгж, компанийн удирдлага эмэгтэй хүн байгаа. Ашиг хийх гэхээр ковидын үе таарсан. Төлбөр мөнгөө авч чадахгүй хохироод өнөөдрийг хүрсэн. Төрийн байгууллага албан хаагчид дарамтлуулсан цагдаа гарын үсэг зур гэхээр зурдаг юм байхгүй. Шүүх хуралдаанд үнэн тайлбар яригдах ёстой. Юу ч мэдэхгүй хөдөөний хүн гэж байна.******* яагаад хөдөөний хүн ажилд авдаг юм. Сайн чадварлаг албан хаагч, жолооч нараа Хил газраас томиллоо гэдэг асуудал яригдаж байсан. Мөрдөгчийн магадалгаа хуулийн хүчин төгөлдөр болсон. Яагаад хүчин төгөлдөр гэж байгаа вэ гэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дэх хэсэг, Улсын дээд шүүхийн 2023 оны 4 сарын 14-ний өдрийн нийт шүүгчдийн шүүх хуралдааны 16 дугаар тогтоолын 5.2.1-д мөрдөгч хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх эсвэл эзэмшсэн тусгай мэдлэгийнхээ хүрээнд тогтоож гаргасан баримтыг мөрдөгчийн магадалгаа гэнэ, 5.2.2-д мөрдөгч нь өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан магадалгаа шинжээчийн дүгнэлттэй адилтгана үзнэ гэж тус тус заасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 8.2.3.төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн шинжилгээ хийх эрхтэй байхаар заасан. Шинжээчийн дүгнэлтийг гаргах эрхтэй тогтоол шийдвэрийг гаргасан. Тогтоолд 7 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй. Гомдол гаргасан хуулийн хүчин төгөлдөр болсон. Төрийн байгууллага мэдсэн. 30 хоногийн дотор барагдуулах ёстой хохирол төлбөрийг өнөөдрийн дотор барагдуулаагүй учраас гомдлын журмаар Иргэний шүүхэд хандсан. Харах боломжгүй байна гэж тайлбарлаж байна. Тухайн цаг хугацаанд ковидын үед түр журам байгаа. Замын-Үүдэс бараа нэвтрүүлэх түр журам байгаа. Энэ журам 2022 оны 9 сарын 15-ны өдөр А/570 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Хүчингүй болсон тохиолдолд нийтээр тогтоосон хэм хэмжээгээ баримталж явах ёстой. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Замын хөдөлгөөний дүрэм, Иргэний хуульд заасны дагуу байх ёстой. Хариуцагч талаас хүчингүй болсон журам хамааралтай мэтээр ярьж байна. Журмууд хүчингүй болсон. Хүчингүй болсны дараа осол аваар болсон. Стандарт бус ачигдсан гэдэг. Стандартын дагуу ачигдсан. Мөрдөгчийн тогтоолд Батзаяа гэх жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 24.1-д заасны дагуу хурд хэтрүүлсний улмаас осол болсон гэж дүгнэсэн. Мөрдөгчийн тогтоолын дагуу шийтгэлийн хуудсаар******* ажилтан Батзаяад Зөрчлийн тухай хуулийн 14.7, 51 дүгээр хэсэгт заасны дагуу торгох арга хэмжээ авсан. Хариуцагч төрийн байгууллагын албан тушаалтан байна. Иргэний хуулийн 498.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан. Хохирол төлбөрийг хариуцагч талаас гаргаж өгнө үү. Энэ асуудал эрт шийдэгдэж болох байсан. Төрийн байгууллагын шат шатын албан хаагчид асуудлыг өөрөөсөө холдуулсан шүүхийн шийдвэр гарвал хамаагүй гэсэн байдлаар хандсан. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Дорноговь аймгийн Замын -Үүд боомтоор 20222 оны 10 сарын 03-ны өдөр БНХАУ-аас чингэлэгт ачигдан ирж байсан цонхны шил /цаашид бараа/-г Замын-Үүд боомтын хилийн 0 цэгээс ложистикийн талбай хүрэх хооронд унагаж осол гаргасан үйлдэл нь тухайн үед Замын-Үүд дахь Цагдаагийн байгууллага шалгаж тус газрын прокурорын байгууллага хянаж эцэслэн шийдвэрлэсэн. Тухайн үед Монгол улс даяар коронавируст цар тахлын идэвхитэй үе байсан бөгөөд хөл хорио тогтоож тусгай дүрэм журмаар бүхий л үйл ажиллагаа явагдаж байсан. Монгол улсын засгийн газрын 2022 оны 01 сарын 12-ны өдрийн 27 тогтоол Замын-Үүд авто замын боомтод авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол улсын шадар сайдын 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 58 тоот тушаалд Монгол улсын Засгийн газрын боомтын онцгой бүрэн эрхэт захиргаа байгуулах тухай 2021 оны 07 сарын 16-ны өдрийн 209 дүгээр тогтоол, Дорноговь аймгийн Засаг даргын 2022 оны 01 сарын 19-ний өдрийн А/44 тоот Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам батлах тухай захирамж бусад тогтоол шийдвэр дүрэм журмыг удирдлага болгон зорчигч, ачаа тээвэр улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг явуулж байсан байна. Тухайн үед тээврийн хэрэгсэл нь цуваанд явж, тээврийн хэрэгслийн жолооч нь жолоочийн бүхээгт гаднаасаа лацтай байсан бөгөөд хурд хэтрүүлэх, ачигдсан ачаа, чингэлэгт юу байгаа, хэрхэн бэхэлж тогтоосныг мэдэх ямар ч боломжгүй байсан. Иймд тухайн үед тээвэр хийж байсан ДГО улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэл, ГЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч хувь байгууллага болон тухайн үед ачаа шилжүүлэн ачиж, бэхэлгээ хийж байсан албан байгууллагад хандаж шийдвэрлэх нь зүйтэй. Хил байгууллагын буруутай үйлдэл огт байхгүй тул тухайн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү. Иргэний хуульд иргэн, байгууллагад учирсан хохирлыг өмчлөгч хариуцахаар заасан байна. Тухайн автомашин тээврийн хэрэгслийн бэхэлгээ бүрэн байсан эсэх, түүнийг шилжүүлэн ачиж байсан байгууллага, иргэд тогтоож бэхэлсэн эсэхийг бүрэн гүйцэд шалган тогтоох, цувааны яваа тээврийн хэрэгсэл яаж хурд хэтрүүлсэн байх зэрэг зайлшгүй тогтоох асуудал байгааг дурдах нь зүйтэй.

Хилгазрын зүгээс хохирлыг манай байгууллагад хамааралгүй гэж үзэж байгаа. Ковид цар тахлын халдвар хамгааллын үүднээс жолоочийг кабинаас буух боломжгүй гаднаас лацдаж явуулж байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 24.2. жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэснийг үндэслэж Замын-Үүдийн цагдаагаас жолоочид арга хэмжээ авснаас үндэслэж Хил байгууллагад буруутай байна гэж үзэж хохирлыг нэхэмжилж байгаа. Тухайн үед цар тахлын үе байсан. Машин хувь компанийн машин байдаг. Зөвхөн жолооч 0 цэгээс ложистикийн талбай хүртэл нийтдээ 400 метр газар байгаа. Тухайн тээврийн хэрэгсэл цагдаагийн хамгаалалтад явж байгаа. Жолооч лацтай цагдаагийн цуваанд явж байсан. Хурд хэтрүүлсэн, ачаа бэхлээгүй гэх ямар нэгэн үндэслэл байхгүй байхад арга хэмжээ авсан. Батзаяа жолооч Хил газар ажиллахгүй байгаа. Ажлаасаа гарсан байдаг. Батзаяатай холбогдоход 400 терт газар явахаас ачаа ачаад 200 метр явахад кавин унасан, лацтай байсан. Ачигдсан ачаа яаж бэхлэгдсэн талаар мэдээлэл байхгүй. Хөдөл гэхээр хөдөлдөг байсан. Тухайн үед Монголын төмөр замаас тусгай хүмүүс ирж тусгай бэхэлгээчин 4 талаас очиж бэхэлдэг байсан хурд хэтрэх нөхцөл байдаггүй гэдэг. Тухайн цонхны шил стандартын бус байдалтай ачигдсан байсан. Кантенарын дагуу тавих ёстой байтал шилийг хазгай байрлуулсан нөгөө тийш таллаж тавьсан тул нөгөө талдаа ачаа ихдэж унасан байх үндэслэлтэй. Контейнарыг тавцан дээр бэхэлсэн үгүйг мэдэхгүй. Миний хувьд хурд хэтрүүлж явсан нь үндэслэлгүй байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь Хил газрын тээврийн хэрэгсэл биш гэдэг тайлбарыг өгдөг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох Монголын төмөр зам болон тухайн Контейнарт шилийг стандартын дагуу байрлуулаагүй аж ахуй нэгжүүдээс гаргуулах нь зүйтэй байх. Шилийг ачсан компани хариуцах ёстой. ******* ХХК-ийн худалдан авсан компани хариуцах ёстой гэж үзэж байна. Аж ахуй нэгжийн хувьд мөнгийг нэхэмжилсэн. Гэм буруутай байж тухайн хохирлыг төлөх нь зүйтэй. Нэхэмжлэлийн шаардлага буруу байна. Хил газарт хамааралгүй учир нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалдаг. Ачаа нь тэмдэг тэмдэглэгээ байхгүй эргэлтэд савж унасан гэдэг. Гэтэл 2 кантенар шил байхад яагаад хоёулаа унаагүй нэг нь унасан юм. Цуваанд лацтай явсан. Жолооч хариуцлагагүй гэж байна. Батзаяа жолооч хот хооронд тээврийн жолооч хийдэг юм байна лээ. Улаанбаатар хотод орж ирж үзээгүй. Харьцах харьцааны тухайд хүмүүстэй харьцахдаа айсан гэдгээ хэлсэн байдаг.Хилийн 0 цэгээс тухайн осол гарсан газар хүртэл 400 метр газар цуваанд хамгаалалтад явж байсан тул хурд хэтрүүлэх боломжгүй. Төрийн байгууллага учир танайх байгууллага гаргаж өгч болно гэдэг байр сууриас ярьдаг. Төрийн төсөв мөнгө боловч гэм буруутай этгээд гаргах ёстой. Мөрдөгчийн дүгнэлт буруу байдаг. Хил газар мөнгөтэй учраас авчиж болно гэж үзэж байгааг хэлэх зүйтэй байх. Манай байгууллагатаа хэд хэдэн удаа очиж уулзсан байдаг. Гэм буруутай байгууллага нь хуулийн дагуу буруугаа хүлээх ёстой. Хил байгууллага ачаа тээвэрлэж хурд хэтрүүлсэн нөхцөл байдал байсан. Тухайн ачсан, буулгасан, фото зургаас харагдаж байгаа байдлаас болон хэргийн газар болсон газар зэргээс үзэхэд гэм буруугүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч тал өөр байгууллага буюу Төмөр зам эсвэл цаад худалдан авсан байгууллагаас гаргуулах нь зүйтэй. Үнэлгээний асуудалд хилийн 0 цэгээс 200 метр газарт 5,000,0000 төгрөгөөр тээвэр хийсэн байна гэж үнэлсэн байдаг гэдэг нь бодит бус үнэлгээ байна, санал нийлэхгүй байна... гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...******* буруутай. Яагаад гэвэл хилгазрын жолооч хурд хэтрүүлж зам тээврийн осол гаргасан. 10-15 миллтэй явж байхад осол гарах боломжгүй. Хүнд ачаа, жолоочийн хариуцлагагүй байдлаас осол гарсан гэж үзэж байна... гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-25-р тал.

 

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 46-48, 84-126, 161-175-р тал.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: хавтаст хэргийн 137-158-р тал.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч*******т холбогдуулан гэм хорын хохиролд 49,795,576 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч тал Монголын төмөр зам ТӨХК контейнарыг машинд байруулахдаа стандарт зөрчсөн, ойрхон газарт жолооч хурдтай явах боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.

4. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 27 тоот тогтоолоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүс, Замын-Үүд сумын нутгийн захиргааны байгууллага болон Замын-Үүд боомтын хилийн хяналт, шалгалтын байгууллагыг 2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тусгай горим тогтоож, тусгай горим тогтоосон чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүсэд нэвтрэх эрх бүхий ажилтан, жолооч, алба хаагчдыг тусгаарлах, тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлэх, чингэлэг тээвэрт ашиглах тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах, ачаа тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Онцгой байдлынгазар (Г.Ариунбуян), Цагдаагийнгазар (Ж.Болд)-т тус тус даалгаж, тусгай горим тогтоосонтой холбогдуулан шаардлагатай тохиолдолд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын зарим аж ахуйн нэгж, байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэх, нийгмийн дэг журмыг сахиулах арга хэмжээг хууль тогтоомжийн хүрээнд авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нарт үүрэг болгож, хилийн боомтод нийтийн эмх замбараагүй байдал бий болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүсэд Монгол Улсын хилийн тухай хуульд заасны дагуу тусгай дэглэм тогтоож, мөрдүүлэх арга хэмжээ авахыг******* (Х.Лхагвасүрэн), Тагнуулынгазар (П.Одонбаатар), Цагдаагийнгазар (Ж.Болд)-т үүрэг болгосон болох нь нийтэд илэрхий үйл баримт байх ба легалинфо вэб сайтад уг тогтоол байршсан байна.

 

4.1. Хариуцагч тал Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 58 дугаартай тушаал, хавсралт болох Коронавируст халдварын цар тахлын үед хилийн боомтоор зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх журмыг хэрэгт өгчээ. /хх-84-107/

 

4.2. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай тогтоолыг үндэслэн Хилгазрын дарга тушаал гаргаж, Улс хоорондын ачаа тээвэрлэлтийг чингэлэг шилжүүлэн ачих журмаар зохион байгуулах үед Замын-Үүд боомтод мөрдөх түр журам баталсан болох нь Хилгазрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай тушаал, хавсралтаар тогтоогдож байна. /хх-161-163/

 

4.3. Дорноговь аймгийн Засаг дарга 2022 оны 01 сарын 19-ний өдөр захирамж гарган Замын-Үүд боомтоор нэвтрэх ачаа тээврийг зохицуулах түр журам баталж мөрдөж байсан, уг захирамжаа 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүчингүй болгосон болох нь Дорноговь аймгийн Засаг даргын 2022 оны 01 сарын 19-ний өдөр А/44, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дугаартай захирамжуудаар тогтоогдож байх боловч энэ захирамжууд болон Хилгазрын даргын 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай журам батлах тухай тушаал, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/30 дугаартай журам батлах тухай тушаалууд нь хариуцагчийн татгалзалтай холбоогүй, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт биш байх тул шүүх үнэлээгүй /хх-149-158, 164-170/

 

5. Хилгазрын харьяа 0245-р ангийн жолооч нь Замын Үүд дэх 0108 дугаар ангид томилолтоор ажиллаж байсан болох нь зөрчлийн хэрэгт өгсөн гэрчгийн мэдүүлэг, зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй.

 

5.1. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаартай тогтоол, Хилгазрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн дугаартай тушаалаар батлагдсан Улс хоорондын ачаа тээвэрлэлтийг чингэлэг шилжүүлэн ачих журмаар зохион байгуулах үед Замын-Үүд боомтод мөрдөх түр журамд заасны дагуу Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ ДГО улсын дугаартай Норд бенз маркийн авто машиныг ачаа ачихад зориулж хилийн бүсэд байрлуулсан, Хилгазраас томилогдсон жолооч уг авто машиныг жолоодож чингэлэгийг хилийн 0 бүсээс 3-ын хаалт хүргэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

 

5.2. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ДГО улсын дугаартай Норд бенз маркийн авто машинаар 20 тоннын даацтай 2 ширхэг контейнарыг 0 цэгээс 3-ын хаалт уруу хүргэхээр тээвэрлэх явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 24 дүгээр зүйлийн 24.1 Ачааны жин болон тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна, 24.2 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө болон замд явахдаа ачааны татлага, бэхэлгээ, даруулга, байрлал, битүүмжлэлийг сайтар шалгах бөгөөд энэ дүрмийн 24.3-т заасан шаардлага бүрэн хангагдаагүй тохиолдолд хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, 24.3. Ачааг дараах шаардлагыг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлж битүүмжилсэн байна, а/ унаж, асгарч, чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод аюул, саад учруулахгүй гэх заалтуудыг зөрчиж, асфалтан замаас шороон зам уруу орохдоо 1 контейнарыг унагааж, чингэлэг дотор байсан ******* ХХК-ийн БНХАУ-аас ачуулсан цонхны шилүүдийг хагалсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрчгийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны магадлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-9-14, 17, 20/

 

5.3. Жолоочгийн дээрх үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байсныг прокурор хүчингүй болгож, улмаарг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоол, 0297595 дугаартай шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдож байна. /хх-15, 21/

5.4. Хариуцагч тал ...хурд хэтрүүлээгүй... гэх тайлбараа баримтаар нотлоогүй ба уг тайлбар нь Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар няцаагдаж байна.

5.5. Хариуцагч тал ...Монголын төмөр зам ТӨХК бэхэлгээг стандартын дагуу хийгээгүй тул хариуцах ёстой ... гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

5.6. Улс хоорондын ачаа тээвэрлэлтийг чингэлэг шилжүүлэн ачих журмаар зохион байгуулах үед Замын-Үүд боомтод мөрдөх түр журмын 2.7-д зааснаар чингэлэг өргөгчийг Монголын төмөр зам ТӨХК хариуцахаар байх боловч чингэлэгийг автомашинд байрлуулсан тохиолдолд жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтуудыг мөрдөх үүрэгтэй, Монголын төмөр зам ТӨХК бэхэлгээг стандартын дагуу хийгээгүй гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж,

510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзвэл, гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байхаас гадна гэм буруу нь тогтоогдсон байхыг шаардна.

6.1. Төрийн албан хаагч, жолоочгийн илтэд болгоомжгүй үйлдлээр ******* ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсан ба түүний зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдэл нэгэнт тогтоогдсон, энэхүү үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг төрийн албан хаагч, жолоочг томилолтоор ажиллуулсан төр буюу******* хариуцан төлөх, ингэхдээ тухайн эд хөрөнгийг өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.

6.3. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирсан хохирол болох чингэлэгт байсан цонхны шилийг 44,795,576 төгрөгөөр, тээврийн зардлыг 5,000,000 төгрөгөөр, нийт 49,795,576 төгрөгөөр үнэлсэн болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-924/4831 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* ХХК-ийн 44,795,576 төгрөгийн үнэ бүхий цонхны шилний хохирлыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. /хх-22-23/

6.4. Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-924/4831 тоот шинжээчийн дүгнэлтэд дурдсан тээврийн зардал гэх 5,000,000 төгрөгийг ******* ХХК хэнд, хэрхэн төлсөн болох нь тодорхойгүй, энэ талаарх баримт байхгүй байх тул хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

7. Иргэдийн төлөөлөгчийн******* буруутай. Яагаад гэвэл хилгазрын жолооч хурд хэтрүүлж зам тээврийн осол гаргасан. 10-15 миллтэй явж байхад осол гарах боломжгүй. Хүнд ачаа, жолоочийн хариуцлагагүй байдлаас осол гарсан гэж үзэж байна гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

8. Иймд хохирлын хэмжээг тооцохдоо хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эд хөрөнгөд учирсан бодит хохирол 44,795,576 төгрөгийг хариуцагч Хилгазраас гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 44,795,576 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

10.******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар буруутай этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдав.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Хилгазраас гэм хорын хохиролд 44,795,576 /дөчин дөрвөн сая долоон зуун ерэн таван мянга таван зуун далан зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,927 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 381,928 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Д.БАТЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА

 

ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ