| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/06775/И |
| Дугаар | 191/ШШ2025/04267 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ... байрлах, ******* констракшн ХХК /рд:5934273/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... байрлах, Мэско ХХК /рд:5395712/-д холбогдох,
77,484,220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Гантулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Болортуяа, Н.Батчимэг, хариуцагчийн төлөөлөгч П.Одгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* констракшн ХХК нь Хан-Уул дүүргийн 11-р хороонд баригдаж буй Вилла Верде барилгын үл хөдлөх эд хөрөнгийн цогц судалгаа, төлөвлөлт, зөвлөх үйлчилгээг авахаар 2022 оны 1 сараас эхлэн******* консалтинг ХХК-ийн захирал П.Одгэрэлтэй уулзалт хийсэн бөгөөд 2022 оны 1 сарын 27-ны өдөр, 2022 оны 2 сарын 21-ний өдөр*******@mesco.mn имэйл хаягнаас үнийн санал ирүүлсэн байдаг. Тус үнийн санал (хамтран ажиллах санал)-д заасан ажлын хүрээнд бүх ажил үйлчилгээг цогц байдлаар авахаар 2022 оны 2 сарын 17-ны өдөр*******/102 тоот Үл хөдлөх хөрөнгийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулсан. Гэрээний дагуу хариуцагч нь хамтран ажиллах саналд дурдсан 8 бүлэг (гэрээгээр 13 болгож задалсан) нийт 70 төрлийн нэрлэсэн ажлыг нийт 64,570,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон бөгөөд гэрээний 3.2 дахь хэсэгт Төлбөрийн хуваарь: Мэско ХХК-ийн үйл ажиллагааны онцлог, патент, нууцлал нь зэрэг онцлогийг харгалзан гэрээний урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 70 хувийг 2 хуваан төлөх бөгөөд гэрээний төлбөрийг дараах хуваарийн дагуу гүйцэтгэгч талын дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу манай компани гэрээний үүргээ биелүүлж, эхний урьдчилгаа төлбөр 32,285,000 төгрөгийг 2022 оны 2 сарын 21-ний өдөр, хоёр дахь урьдчилгаа төлбөр 12,914,000 төгрөгийг 2022 оны 3 сарын 17-ны өдөр, нийт 45,199,000 төгрөгийг урьдчилгаа төлбөр шилжүүлсэн байдаг. Гэвч******* ХХК нь гэрээ байгуулснаас хойш 3 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нэг ч бүлгийн ажлыг бүрэн дуусгавар олгож, актаар хүлээлгэн өгөөгүй бөгөөд бид энэ тухай 2022 оны 3 сарын 31-ний өдрийн Б-87/22 тоот албан бичгээр мэдэгдэж, хавсралтаар дутуу ажил, үйлчилгээг нөхөн хийх шаардлагыг хүргүүлсэн боловч гэрээт ажлыг бүрэн дуусгавар болгож хүлээлгэн өгөлгүйгээр 2022 оны 04 сарын 11-ний өдрөөс хойш гэрээт ажлыг зогсоосон.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д үйлчилгээг бүлгээр багцалж үнэлгээг тогтоосноос гадна хавсралт №1-д заасан тухайн бүлэгт заасан үйлчилгээний нэг үйлчилгээг гүйцэтгээгүй нь тухайн ажлыг бүхэлд нь гүйцэтгээгүйд тооцохоор заасан байдаг. Гэтэл хариуцагч нь гэрээний хавсралтад заасан 13 бүлэг, 70 төрлийн ажлаас нэг ч бүлэг ажлыг бүрэн хийж дуусгаагүй болохыг манай 2022.06.24-ний өдрийн/22 дугаартай албан бичгийн хавсрапт гэрээний дүгнэлтээс харж болно. Уг бичгийн хариуд******* ХХК-ийн 2022.07.01-ний өдрийн*******/007 тоот албан бичгээр шүүхээр асуудлыг шийдвэрлэх хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Үүнээс үзвэл******* ХХК нь манай компанид үл хөдлөх хөрөнгийн цогц судалгаа, төлөвлөлт, зөвлөх үйлчилгээг шаардлагад нийцүүлэн, мэргэжлийн өндөр түвшинд, үр дүнтэй үзүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, урьдчилгаанд төлсөн 45,199,000 төгрөгт дүйцэхүйц хэмжээний ажил, үйлчилгээ үзүүлээгүй хийсэн болон хийгээгүй ажил, ажлын үр дүнгээс нь тодорхой байх тул гэрээний хэрэгжилтийг дүгнэх сонирхолгүй, төлбөр авах сонирхолтой гэж үзэж байна.******* Консалтинг ХХК нь гүйцэтгэвэл зохих зөвлөх үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүйн улмаас бид маркетинг, борлуулалтын нэгдсэн системгүй, бодлогогүй борлуулалтын ажлыг эхлүүлсэн, цаг хугацааны хувьд хэмжээшгүй хохирсон бөгөөд зарим ажлыг өөр компаниар нэмэлт төлбөр гарган гүйцэтгүүлсэн зэргээр алдагдалд хүрсэн тул гэрээний 3.7-д уг гэрээний 2.2, 3.1 дэх хэсэгт заасан хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар хоног тутамд алданги тооцож үйлчлүүлэгч талд төлнө эсхүл төлбөрөөс суутгана гэж заасны дагуу 2022 оны 9 сарын 19-ний өдрийг хүртэлх 182 хоногийн алдангийг тооцоход 35,255,220 төгрөг болж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алдангийн хэмжээг хуульд нийцүүлэн 50 хувиар бодож 32,285,000 төгрөгөөр нэхэмжилж байна. Иймд******* Консалтинг ХХК-иас гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 45,199,000 төгрөг, хугацаа хоцроосны 32,285,000 төгрөгийн алданги , нийт 77,484,220 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Аливаа хөлс гэдэг нь цаг хугацаа, хүн хүчинд шаардагддаг.******* ХХК-тай байгуулсан гэрээ манайх шүүхдэх гэж маргах нь гол нь биш. Гэрээ үр дүнд хүрээгүй тул манайхаас авсан мөнгийг буцааж авъя гэж байгаа. Би******* өөрт чинь итгэсэн. Гэрээний дагуу гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байхад******* ХХК-ийн захирал гэрээний дагуу ажлаа өглөө гэдэг хязгаарлагдмал цаас өгчхөөд тэрийгээ ажил хийсэн гэж байна. Шийдвэр нь албажаагүй, үр дүн гараагүй, хэрэгжүүлэх боломжгүй. Гэрээний асуудлыг та сайн ойлгож байгаа. Тийм учраас манай байгууллагаас авсан мөнгийг буцаагаад өгчхөөч...гэв.
Хариуцагчийн төлөөлөгч П.Одгэрэл шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2022 оны 2 сарын 20-ны өдөр ажил эхэлсэн. Ажил эхлээд эхний тайлан 2022 оны 3 сарын 8-ны өдөр тавихад бид нар товчхон танилцуулаад ном шиг материалууд өгч байсан. Сая нимгэн цааш шиг гэж ярьж байгаа нь худал байна. 3 сарын*******-ны өдөр дараагийн тайлан тавьсан. Энэ тайлангууд дандаа амжилттай явж байсан. Ямар нэгэн маргаан гараагүй. Үүний дараа 3 сарын 23, 24-ний өдрийн хавьцаа Гантулга захирал холбогдоод санал тавиад энэ ажлыг эхэлж байсан. Бүх гэрээ дээр Гантулга захирлын гарын үсэг байдаг. 3 сарын 26-ны өдөр гэдэг ерөнхий захирал гэдэг хүнийг оруулж ирээд, танилцаад материалын сонголт асууна гэсэн. Тэр үед дөнгөж судалгаа хийгээд явж байсан, шууд материалын сонголт гээд төлөвлөгөөгүй гэнэтийн уулзалт хийсэн. захирал нэлээн сонин ярианууд хийж байгаад манай эрэгтэй захирлууд чамайг сонгосон юм байна гэж ажил хэрэгч бус үг хэлэхэд би гайхаж хүлээж авч байсан. Гантулга захирлын хувьд энэ нь гоё гээд тоноглолууд болон хавтангийн сонголтууд хийж байсан, 2 захирал өөр сонголттой байхад захирал огцом уурлахад миний захирал ухаантай даа гээд Гантулга захирлыг тайвшруулахад би гайхаад өнгөрсөн. Тэрний дараагаас эхлээд манай бүх юмыг өөлж, гоочилж эхлээд маргаан эхэлсэн. 2022 оны 3 сарын 28-ны өдөр тайлангийн хурал болсон. болон Гантулга хоёр компанийг төлөөлөх ёстой менежерүүд уулзалтын тов гаргадаг. Гантулга захиралтай холбогдоход хариу өгөөгүй, 4 сарын 14-ний өдөр ажил их байгаад байна уу, хэзээ уулзах вэ, боломжтой цагаа хэлээрэй гээд хүлээж байсан. Энэ хооронд судалгааны ажлуудаа бэлдээд байсан. 2022 оны 4 сарын 14-ний өдөр Гантулга захирлаас ирсэн мессеж дээр сайн байна уу, би өнөөдөр болон маргааш хоёр өдөр барилгын улсын комисс дээр байна, уулзаж амжихгүй. Даваа гарагт ажлын гүйцэтгэлийн талаар манай ажил дээр уулзалт хийе гэсэн. Энэ уулзалт дээр маш том маргаан болсон. Бид нар материалуудаа өгөөд тайлан болчихлоо гэж боддог байсан. Энэ талаас тайлан хүлээж аваагүй гэдэг нь илт худал хэлж байна. 2022 оны 4 сарын 19-ний өдөр хоёулаа ажлаа тохиролцоод эхэлсэн, дуусгах талаас нь хичээх болов уу гэдэг утгатай мессеж явуулсан. Огт хариу байхгүй байж байгаад 6 сард манай дээр ирэхдээ бичлэг хийгээд, шүүхэд өгөх гэж байгаа юм байна гэж ойлгосон. Намайг заваардаг гэдэг зүйл ярьж байна. Миний хувьд шүүхийн туршлага байхгүй. Материалыг, сүүлийн тайлангуудыг хавтаслаж аваачиж өгөөд нэхэмжлэгч компанийн жижүүрт хүлээлгэж өгөөд зураг авсан байдаг. 6 сард өөр газар сонгоод гэрээгээ хийсний дараа манайд ирээд шүүхэд өгөх байгаа талаар хэлсэн. Миний хувьд үл хөдлөх хөрөнгийн чиглэлд 15 жил ажиллаж байна. Үл хөдлөх хөрөнгийн зөвлөх үйлчилгээ хийгээд үүний төлөө залуу насаа зориулаад явж байхад саяны хэлж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Компанийн борлуулалтын ажлыг хийж явж байгаа, зөвлөх үйлчилгээ гэдэг нь энэ асуудлыг шийдэж байж дараа дараагийн ажлуудыг хийнэ гэж байгаа. Танайхтай ажиллахаас өмнө Гантулга захирал байгаа манай туршлагатай танилцаад гэрээ хийсэн. Эдний асуудлыг шийдэж байж дараагийн ажилдаа оръё гэж ажлаа зогсоосон байгаа. Энэ хугацаанд борлуулалттай холбоотой ажлуудыг хийж байгаа. Шаардлагагүй зардлууд байгаа гэж байна. Судалгааны ажлын хамгийн гол зардал нь хүн хүчний зардал байдаг. ******* констракшн ХХК-иас бид нар 45,119,000 төгрөгийн төлбөр авсан. 8 хүнтэй байгууллагын хувьд зардал сардаа 20-22 сая төгрөг гардаг, хүмүүсийн цалинд 60-70 хувь нь явдаг. Бусад зардал нь тухайн судалгаатай холбоотой хүмүүсийг уулзалт хийж суулгахад ундаа ус, самар тавих гэдэг зүйл хэрэгтэй болдог, тэгж байж уран санаа гардаг. Материалд тусгагдсан байгаа шинэ санааны хурлаас эхлээд үл хөдлөх салбарын үзэл санааг гаргасан. Энэ хотхон хүнд ээлтэй, хүнд зориулсан хотхон гэдэг концепцээр явъя, 3 чулуу дээр Бат ханы түүхийг оруулъя гээд Бат ханыг дүрслээд Human tower гэдэг байдлаар гарсан. Батлуулсны дараа дэлгэрэхгүй хүрээнд авдаг. 6,7 нэр байсан. Нэгийг нь сонгоод албан бичиг ирж байгаагүй. Актаа үйлдье гэхэд холбогдохоо больсон. Эхэндээ шүүх гэж мэдэхгүй байсан тул тайлангаа тавиад болчихлоо гээд яваад байсан. Зардлуудын хувьд 3 сар бид нар танайхыг хүлээгээд 6 сар хүртэл хүлээлттэй байсан. Энэ хугацаанд би өөрөө өрөнд орж эхэлсэн. Тийм учраас эвлэрэх боломжгүй гэж харагдаад байгаа. Бид нарт хохирол харагдаад байгаа учраас сөрөг нэхэмжлэл өгөх төлөвлөгөөтэй байна. Ерөнхий захирал хүрч ирээд энэ ажил өөрчлөгдлөө, ерөнхий захирлын үзэмжээр асуудал эвгүй болчихлоо гэж ойлгосон. Тухайн үед Гантулга захиралтай маргаж байсан ч дараа нь ажил нь сайн биз дээ гээд би мессеж явуулсан. Би таныг ойлгож байна. Тэр нь ай мессеж байсан, тэрэн дээр та баярлалаа гээд хариу өгч байсан, над дээр ирээгүй гэж худлаа ярьж байна. Хуульчид уурласан, хэрүүл маргаан хийсэн гэж байна. Анхнаасаа та нар залуу хүмүүсийг буруу ажиллуулаад энэ ажлыг яаж хүлээж авахгүй байх вэ гэдэг байдлаар хүнд заалтууд оруулж байсан. Тэрэн дээр би хэрүүл хийгээгүй, манай менежерүүд гэрчилнэ. Гэрээг цуцлуулъя гэж би хэлж байгаагүй. А-Б-В гэсэн ажил явах ёстой гэсэн бэ гэхээр 7 хоногийн хугацаатай ажлууд явж байгаа. Энэ ажлууд дээр нэг ч лого батлаагүй, та нар муу ажиллаад байна, наадахаа сайжруул гэж хариу хэлж байгаагүй. Бид нар юм хийгээд өгнө. Тэрэнтэй танилцдаггүй. Дахиад бид нар үнээ нарийвчилж гаргах гээд зөндөө ажлууд байхад хугацаа нь болоогүй байхад захирал борлуулалт яагаад хийгдэхгүй байгаа юм бэ гэдэг зүйл ярьсан. Лого нь батлагдаад материал нь бэлэн болсны дараа сурталчилгаа борлуулалт нь амархан зүйл. Та нар дараа нь олон компаниудад мөнгө хаяж байж арай гэж борлуулсан. Хэрвээ бид нар энэ дээрээ эвлэрээд явсан бол борлуулалт бол барилга баригдаж дуусахаар амархан зарагдана. Энэ хотхонуудад манай компани ажиллаж байсан гэдгээ оруулж ирж, мэргэжлийн гэдгээ нотолмоор байна. Ерөнхий захирал Германд амьдардаг ч гэл үү, Герман нөхөртэй ч гэл үү Европ чиг хандлагад дуртай гээд сүүлдээ тэр хүний үзэмжийг л харах ёстой юм байна гэж ойлгоод сүүлдээ манай зөвлөх салхи, шуурга ч юм уу Европ маягийн зүйл өгчих гээд бид нар зөв юм өгөөд концепц нь зөв байвал маркетинг маш сайн болно гэж Гантулга захиралтай тохиролцож байсан. Гэтэл явцын дунд бүх юм өөрчлөгдөөд ажлаа үнэлж чаддаггүй. Сурталчилгаа нь яваагүй байхад яаж борлуулалт хийгдэх вэ. Та нар дүгнэлтээ уншаад хариу хэлдэггүй байсан. Дандаа шүүхийн материал бэлдээд байсан юм байна. Сүүлдээ бид нар аргаа бараад судалгааг нь болиод сурталчилгааг нь явуулаад борлуулалтыг нь хийе гэж байсан ч эд нар таг болчихсон. Борлуулалтын үнэ зөндөө гаргаж өгсөн, эднийхээс хариу байхгүй. Гэнэт логогоо хурдан явуул гэж байснаа тэр үед хийсэн ажил дутуу юм шиг болгоод маргаанд ерөнхий захирал нөлөө үзүүлсэн. Гэнэт борлуулалтаа нэхсэн, үүнээс болоод маш олон ойлгомжгүй зүйл болсон гэв.
Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 4-35, 40-52, 2-р хавтаст хэргийн 112-189, 232, 250-р тал.
Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 61-65, 94-251, 2-р хавтаст хэргийн 1-99, 3-р хавтаст хэргийн 11-152-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: 2-р хавтаст хэргийн 242-244-р хуудсанд авагдсан үзлэгийн тэмдэглэл.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* констракшн ХХК хариуцагч Мэско ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн 45,199,000 төгрөг, алдангид 32,285,220 төгрөг, нийт 77,484,220 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч тал гэрээгээр 13 ажил тохирсон, 9 ажлыг хийсэн, маркетинг борлуулалт концепцийн танилцуулга хийх хурлыг Гантулга захирал 2-3 удаа хойшлуулсан, захирлын үзэмжээр ажил явахгүй болсон, акт үйлдье гэхэд үйлдээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
4. Зохигчдын хооронд 2022 оны 02 сарын 17-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулагдсан байх бөгөөд ажил гүйцэтгэгч тал захиалагчийн хэрэгжүүлж буй төслийн барилгын үл хөдлөх эд хөрөнгийн цогц судалгаа, төлөвлөлт, зөвлөх үйлчилгээг 2022 оны 02 сарын 17-ны өдрөөс 2022 оны 10 сарын 17-ны өдрийн дотор үзүүлэх, судлах, төлөвлөх, гүйцэтгэх, захиалагч 64,570,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь үл хөдлөх хөрөнгийн зөвлөх үйлчилгээний гэрээ, хавсралтаар тогтоогдож байна. /хх-40-50/
Зохигчдын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
4.1. Талууд гэрээний 3.1 дэх хэсэгт 13 төрлийн ажлыг хийх, нэг бүрийн үнийг зааж, нийт үнийг 64,570,000 төгрөг байхаар тохирчээ.
4.2. Ажил гүйцэтгэгч тал гэрээ байгуулсанаас хойш гэрээний 3.1-ийн 1 төслийн судалгаа, 3.1-ийн 2 борлуулалтын менежмент, төлөвлөгөө боловсруулах, үнийн судалгаа 3.1-ийн 3 орчны судалгаа, 3.1-ийн 4 өрсөлдөгчийн судалгаа гэх 4 ажлыг хийж, захиалагчид танилцуулсан болох нь зохигчдын тайлбар, ******* констракшн ХХК-ийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Б-87/22 тоот албан бичиг, 2022.02.17-ны өдрийн*******/102 тоот гэрээний дүгнэлт гэх нэртэй баримт, Мэско ХХК-ийн 2022 оны 04 сарын 04-ний өдрийн*******/93 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна. /1хх-7-10, 12, 18/
4.3. ******* констракшн ХХК-аас Мэско ХХК-д 2022.02.21-нд 32,285,000 төгрөг, 2022.03.21-нд 12,914,000 төгрөг, нийт 45,199,000 төгрөгийг шилжүүлж өгсөн болох Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэлээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй. /1хх-51-52/
4.4. Эхний хийсэн ажлуудад зарим нь дутуу байгаа талаар захиалагчаас ажил гүйцэтгэгчид албан бичиг хүргүүлсэний дагуу Мэско ХХК нь ******* констракшн ХХК-д албан бичгээр хариуг өгсөн, үүнээс хойш ажил гүйцэтгэгчийн төлөөлөгч П.Одгэрэлийн зүгээс гэрээгээ үргэлжлүүлж хамтран ажиллах саналаа захиалагчийн төлөөлөгч В.Гантулгад илэрхийлсэн боловч уулзалт хийгээгүй, гэрээ цаашид хэрэгжихгүй, гэрээний хугацаа дууссан болох нь зохигчдын тайлбар, ******* констракшн ХХК-ийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн Б-87/22, Мэско ХХК-ийн 2022 оны 04 сарын 04-ний өдрийн*******/93 тоот албан бичиг, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /1хх-12, 18, 2хх-242-244/
4.5. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар Захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасны дагуу гэрээний 3.1-д заасан төслийн судалгаа, борлуулалтын менежмент, төлөвлөгөө боловсруулах, үнийн судалгаа, орчны судалгаа, өрсөлдөгчийн судалгаа гэх ажлыг захиалагч тал хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй.
4.6. Хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байх ба ажил гүйцэтгэгч гэрээний 3.1-ийн 1, 2, 3, 4-т заасан ажлыг хийсэн, 3.1-ийн 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13-д заасан ажлыг хийгээгүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээ бүрэн хэрэгжээгүй гэж үзэхээргүй байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж зааснаар захиалагч тал гэрээ цуцлах санал гаргах эрхтэй байна.
4.7. Гэрээ ёсоор ажил гүйцэтгэх хугацаа 2022 оны 10 сарын 17-ны өдөр дуусахаар байсан хэдий ч захиалагч тал 2022 оны 6 сард гэрээг цуцлах санал гаргасан, захиалагч тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардаагүй,******* ХХК нь захиалагчийн гэрээ цуцлах мэдэгдлийг хүлээн аваад гэрээ дуусгавар болох, гэрээтэй асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх хариу өгсөн болох нь ******* констракшн ХХК-ийн 2022 оны 06 сарын 24-ний өдрийн Б-149/22, Мэско ХХК-ийн 2022 оны 07 сарын 01-ний өдрийн*******/007 тоот албан бичгээр тогтоогдож байна.
4.8. Гэрээний 3.1-ийн 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13-д заасан ажлыг хийгдэхээс өмнө захиалагч тал гэрээг цуцлах саналыг гаргасан болох нь зохигчдын тайлбар, ******* констракшн ХХК-ийн 2022 оны 06 сарын 24-ний өдрийн Б-149/22, Мэско ХХК-ийн 2022 оны 07 сарын 01-ний өдрийн*******/007 тоот албан бичиг, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.
4.9. Иймд нэхэмжлэгч тал ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсаны үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу шардах эрхтэй гэж дүгнэв.
5. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй гэж заажээ.
5.1. Нэхэмжлэгч тал ....гэрээнд заагдсан ажлыг өөр компаниар хийлгүүлсэн... гэж тайлбарлаж байх боловч захиалагч талын саналаар гэрээ цуцлагдсан болох нь тогтоогдсон.
5.2. Ажил гүйцэтгэгчийн хийсэн төслийн судалгаа, борлуулалтын менежмент, төлөвлөгөө боловсруулах, үнийн судалгаа, орчны судалгаа, өрсөлдөгчийн судалгаа зэргийг захиалагч тал ашиглах боломжтой байх тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д зааснаар ажил гүйцэтгэгч тал гүйцэтгэсэн ажлын хөлсөө авах эрхтэй.
5.3. Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2-т Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заасан байна.
5.4. Талууд гэрээний 3.1-д ажлын хөлс тус бүрийн үнийг харилцан тохиролцсон байх тул борлуулалтын менежмент, төлөвлөгөө боловсруулах, үнийн судалгаа 3,500,000 төгрөг, орчны судалгаа 400,000 төгрөг, өрсөлдөгчийн судалгаа 2,200,000 төгрөг, нийт 6,100,000 төгрөгийн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгч авах эрхтэй байна.
5.5. Хариуцагч талын ...гэрээний 3.1-ийн 5, 6, 7, 8, 9-д заасан ажлыг хийсэн... гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байна.
5.6. Ажил гүйцэтгэгчийн захиалагчаас гэрээний төлбөрт авсан 45,199,000 төгрөгөөс хийсэн ажлын хөлс 6,100,000 төгрөгийг хасвал харицагчаас 39,099,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
5.7. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжих явцад захиалагч гэрээнээс татгалзсан тул алданги шаардах үндэслэлгүй гэж дүгнэж, алдангид нэхэмжилсэн 32,285,220 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
5.8. Иймд хариуцагч******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт төлсөн төлбөрөөс 39,099,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлээс ажил гүйцэтгэх гэрээний хөлс 6,100,000 төгрөг, алданги 32,285,220 төгрөг, нийт 38,385,220 төгрөгт холбогдох хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545,371 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* ХХК-аас 39,099,000 /гучин есөн сая ерэн есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* констракшн ХХК-д олгож, нэхэмжлэлээс 38,385,220 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 545,371 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 353,445 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
5. Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 2023 оны 01 сарын 16-ны өдрийн 101/ШЗ2023/01995, 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 101/ШЗ2024/04887 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ