| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/04437/И |
| Дугаар | 192/ШШ2025/04751 |
| Огноо | 2025-06-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/04751
2025 06 03 192/ШШ2025/04751
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, * тоотод оршин суух, */-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, * тоотод оршин суух, *,
Хариуцагч: Баянгол дүүрэг, *оршин суух, *нарт холбогдох
Гуравдагч этгээд:Баянгол дүүрэг, * тоотод оршин суух, *
Худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *, хариуцагч *, түүний өмгөөлөгч *, гуравдагч этгээд *, хариуцагч * цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: * миний бие өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, * тоот хаягт байрлах 29 м.кв орон сууцыг өөрийн ач болох * болон түүний эхнэр * нарыг түр хугацаагаар амьдруулж байсан юм. Учир нь *ын ээж*ийн * миний төрсөн эгч бөгөөд 1995 бурхан болсон тул эгчээ бодож үр хүүхдүүд нарт нь тус болох үүднээс байрандаа амьдруулах болсон. Гэвч * болон түүний эхнэр * нар нь гэрчилгээг өөрсдийн нэр дээрээ авч тус хаяг руу шилжихгүй бол сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг гэх мэт үйлчилгээ авч чадахгүй байна нэр дээрээ болгоод хаяг руугаа шилжих шаардлагатай байна гээд байхаар нь төрөл садангийн харилцаагаа эрхэмлэж шилжүүлж өгөх болсон. Мөн бид өмнө нь орон сууц авч байгаагүй тул анх удаа орон сууц авсан гэж төрөөс буцаалт авах юм байна гэхээр нь залуу гэр бүл хэдэн төгрөг нь хаа юм гэж бодоод хүлээн зөвшөөрч 2021 оны 02 сарын 2-ны өдөр 0086 тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах" гэрээ байгуулж шилжүүлж өгсөн юм.
Дээрх гэрээг зөвхөн улсын бүртгэлийн байгууллагад худалдан авч, худалдаж байгаа мэт харагдах үүднээс байгуулсан бөгөөд бодит байдал дээр миний бие орон сууцаа худалдаагүй, *, *нар худалдаж аваагүй юм. Үүнээс хойш орон сууцны гэрчилгээгээ авъя шилжүүлж өг, та нар зүгээр манай компанид ажиллаж хөдөлмөрлөөд амьдарч бай гэхэд за удахгүй өгнө төрөөс авах буцаалт удаан ордог юм байна гэх зэргээр явсаар сүүлдээ хоорондоо салах болсон байсан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд * нь гэрлэлт цуцлуулж гэр бүлийн дундын эд хөрөнгө болох орон сууцыг хуваалгах /миний байр/ шаардлага гаргасан байсан. Тус гэрлэлт цуцлуулах маргаанд миний бие гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ өгч улмаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 16-ны өдрийн *тоот захирамжаар *ийн нэхэмжлэлтэй *т холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууц нь *, * нарын эд хөрөнгө биш тул гэрлэлт цуцлуулах маргаанаас тусгаарлаж тусдан шийдвэрлэх нь зүйтэй гэж хүсэлт гаргаж улмаар уг хүсэлтийн дагуу 2023 оны 10 сарын 11-ны өдрийн * тоот захирамжаар гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах *ийн нэхэмжлэлийг тусгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байсан боловч *, * нар нь хуйвалдаж орон сууцыг өгөхгүй гэх үүднээс шүүх дээр гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж тус хүсэлтийг шүүх хүлээн авч 2024 оны 3 сарын 18-ны өдрийн * захирамжаар "Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамж гарсан байдаг. Үүнийг миний бие 2024 оны 05 сарын сүүлээр шүүх хурал яагаад товлогдохгүй байгаа талаар асууж тодруулах үүднээс шүүхийн туслахаас мэдсэн.
Бидний хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т төлбөр тооцоо бүрэн дууссан мөн гэрээний 3.1-т 38,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон бүгд дүр үзүүлж буй худал зүйл бөгөөд миний бие байраа 38,000,000 саяд зараагүй тэр үед төлбөр тооцоо төлөгдсөн төлөх асуудал яригдаагүй болно. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 “дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх”-аар заасан байх бөгөөд миний бие энэ үндэслэлээр шүүхийн байгууллагад хандаж байна. Учир нь шүүх дээрх нэхэмжлэлээ татсанаас хойш хариуцагч нар нь холбоогүй миний орон сууцыг өгөхгүй байгаа болно. Иймд 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 0086 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: Тус шүүхэд 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 0086 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу дараах байдлаар өөрчилж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа 98,000,000 төгрөг гаргуулахаар өөрчилж байна.
Тухайн үед * * нар нь үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2 хувийг бага үнээр төлмөөр байна гэрээний үнийг 38,000,000 төгрөг гээд бичүүлье гэж хэлсэн. Талуудын хооронд маргаан бүхий орон сууцанд түр амьдруулах хүсэл зориг байсан бөгөөд гэрээнд заасан төлбөр огт төлөгдөөгүй болно. * * нар нь миний өмчлөлийн орон сууцыг 2024 оны 02 сарын 22-ны өдөр * гэх хүнд 135,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан байна. Ийнхүү худалдан борлуулсныхаа дараа * нь над руу 38,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед *, * нар нь миний байранд 3 жилийн хугацаанд үнэ төлбөргүй амьдарсан тул гэрээнд заагдсан үнийг над руу шилжүүлж орон сууцыг минь эргүүлэн өгөх юм байна гэж ойлгоод өөрийн байрандаа очтол өөр хүн амьдарч байсан. Тухайн үед хэн болохыг тодруулахад миний байрыг *, * нараас 155 сая төгрөгөөр худалдан авсан манай байр гэж надад хэлсэн.
Энэ талаар *, * нараас тодруулах гээд залгасан боловч утсаа огт аваагүй, надтай холбоо тасарсан. Миний бие сайхан сэтгэл гаргаж байрны түрээсэнд төлөх мөнгөө хадгалж өөрсдийн гэсэн гэр орон байртай болох хүртлээ амьдраг гээд итгэж байраа шилжүүлсэн байтал уг орон сууцыг өөрсдийн мэт аашилж, хоорондоо булаацалдаж, бусдад зарсанд маш их гомдолтой байна. Миний бие анх 2021 оны 02 сарын 26-ны өдрийн 0086 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд нэгэнт тухайн маргаан бүхий орон сууц маань бусдад шилжсэн тул уг орон сууцны үнийг гаргуулах шаардлага гаргаж байна. * * нар нь миний орон сууцыг 155.000.000 /худалдан авагчаас очиж асуухад/ төгрөгөөр худалдсан хэрнээ гэрээгээ 135,000,000 төгрөгөөр бууруулж хийсэн нь эдгээр хүмүүс хэрхэн увайгүй хүмүүс болох нь тодорхойлогдож байгаа юм. Миний бие төрөл садны холбоогоо бодож сайхан сэтгэлээр байрандаа үнэ төлбөргүйгээр амьдруулж байхад зөрүүлж надад ингэж хандаж байгаад гомдолтой байна. *ын шилжүүлсэн 38,000,000 төгрөгийг орон сууц худалдан борлуулсан 135,000,000 төгрөгөөс хасан тооцож үлдэгдэл 98,000,000 төгрөгийг * * нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нэхэмжлэлийн тодруулсан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Баянгол дүүргийн * тоот хаягт байршилтай 29м.кв орон сууцыг хариуцагч *т дүр эсгэсэн гэрээгээр эгчийнхээ хүүд шилжүүлэн өгсөн. Тэрнээс *, * нарын дунд 135,000,000 төгрөгөөр зарах тухай хүсэлт сонирхол байгаагүй учир 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан анхны нэхэмжлэл болох гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж байна. * 2021 оны 02 сарын 02-ны өдөр 0086 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцыг *, * нарт шилжүүлж өгсөн нь зөвхөн улсын бүртгэлийн байгууллагад худалдан авч, худалдаж байгаа мэт харагдах үүднээс байгуулсан бөгөөд бодит байдал дээр * нь орон сууцаа худалдаагүй *, * нар худалдаж аваагүй юм.
*, * нарыг *ын компанид ажиллаж хөдөлмөрлөөд уг байранд амьдарч бай гэхэд байрны нэрийг удахгүй шилжүүлж өгнө гэсээр өгөхгүй, гэрлэлтээ цуцлуулж, дундын хөрөнгөө хуваах болсон байсан.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасан байх бөгөөд энэ үндэслэлээр шүүхийн байгууллагад хандаж байгаа юм. * нь 2015 онд * ХХК-д ажилд орсон. Тус компани нь манай гэр бүлийн компани юм. * нь ажилд ороод маргаан бүхий байрыг түрээсэлсэн. Дараа нь * ХХК-аас авлагаа авч чадахгүй байдал үүсгэнгүүт бартераар *хотхонд 2 өрөө байр аваад 2017 онд бартераар авсан байрандаа амьдруулж байсан. *ын зүгээс *ыг чиний наад мэргэжил чинь инженер хийхэд тохирохгүй байгаа учраас Шинжлэх ухаан технологийн их сургуульд орчих, төлбөр мөнгийг нь компаниас төлөөд өгье, чамайг дэмжээд татаад явъя гэж хэлээд 2020 оноос Шинжлэх ухаан технологийн их сургуулийн эрчим хүчний сургуулийн төлбөрийг * шилжүүлж * сургуульдаа сурсан. * бол * ХХК-ийн захирал бөгөөд *ыг дэмжиж сургалтын төлбөрийг нь төлөөд * сургуулиа амжилттай төгсөөд төгссөнөөсөө хойш хэдэн жил ажиллах уу гэхэд би хаачдаг юм би насаараа л ажиллана шүү дээ гэсэн тэгэхээр нь * чи битгий тэгж яриа наадах чинь худлаа чи 5 жил ажиллаад дараа нь гайгүй сайн инженер болоод өөрийнхөө ажил амьдралаа бодоорой гэсэн чинь тэгье гээд * ХХК, * нарын хооронд хийсэн гэрээ байдаг. Гэтэл 2023 онд * Эрчим хүчний сургуулиа төгсөөд ажиллах нь битгий хэл 2022 онд ажлаасаа гарчихсан. Тийм учраас *ын шүүхэд гаргаж байгаа тайлбар нь худлаа байгаа юм. Иймд 2021 оны 02 сарын 02-ны өдрийн 0086 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.
* ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдаад хоршоо нөхөрлөл гэж явж байгаад 2003 онд компани болж өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. Гэтэл хариуцагч *ын би орж ирээд тухайн хүмүүс хөрөнгө мөнгөтэй болсон гэдэг тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Түүний тайлбарлаж байгаа шиг зүйл огт болоогүй. Анх * нь * ХХК-д жолооч нарын ажил хуваарилдаг ажил хийдэг байхад нь * компанидаа авч ажиллуулж дэмжиж ирсэн. 38,000,000 төгрөгөөр тухайн гэрээг хийх талаар гэнэт нотариат дээр сууж байгаад л * зохиож гаргаж ирсэн юм. Анх удаа байр авч байгаа учраас буцаан олголтоо авмаар байна гэж * хэлсэн. Тэгэхэд нь би бичилд байртай биздээ гэхэд хамтран эзэмшигчээр *ийг оруулж ирээд буцаан олголтоо хэн нэгнийх нь нэр дээр авна гэж хэлсэн. Тухайн үед татварын буцаан олголт авах гээд орлого нотлогдох байсан тул аваагүй юм байна гэхдээ хариуцагч нар үүнийг мэдэж байсан юм байна. * нь сайн ажиллах нь битгий хэл эрчим хүчний сургуульд * ХХК-ийн захирал талийгаач *гийн нэрийг барьж суралцаж, инженерийн мэдлэг байхгүй байхад ажилд орсон юм.
Тийм учраас түүний тайлбар нь бүгд худлаа хүн гүтгэсэн шинжтэй байна. Өөрөө дарамтад орж байсан мэтээр худлаа тайлбар хэлээд байгаа нь үндэслэлгүй байна. *ын хүүхдүүд 4 дүгээр хороололд сургууль, цэцэрлэгт явсан нь үнэн. Өнгөрсөн хойно ингэж тайлбар хэлээд хэрэггүй. * нь тухайн гэрээг хийсэн өдөр 38,000,000 төгрөг бэлнээр өгнө гэсэн тухайн үедээ өгөөгүй. Тухайн гэрээг байгуулах үед гэрээний дүн болох 38,000,000 төгрөгийг * зохиосон. Бид тус орон сууцыг 60,000,000 орчим сая төгрөгөөр зарах саналтай байсан ч * татварын буцаан олголт авах, мөн татварын 2 хувийг төлөх учраас бага дүнгээр гэрээ байгуулъя гэж хэлээд тухайн гэрээг байгуулсан юм.
*т 38,000,000 төгрөгт байр авч өгье гэж хэлцэл хийсэн баримт байхгүй. Талийгаач * ах тухайн байрыг өгнө гэж хариуцагч нар тайлбар хэлдэг ч тийм баримт нь хэрэгт байхгүй. * * ХХК-д 8 жил ажиллаагүй, * нь тус компаниас 2024 оны 03 сард гарч байгаа харагдаж байгаа боловч 2022 онд ажлаасаа өөрийн хүсэлтээр найзынхаа компанид түр ажиллана гээд гарсан. Тэр хугацаанд нь бид дүүгээ дэмжээд нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал зэргийг нь төлж ирсэн. * ХХК нь өвлийн улиралд ажилладаггүй байсан. 2024 оны 03 сард *ын данс руу регистрийн дугаар бүхий гүйлгээний утгатай мөнгө шилжүүлснийг өмнө нь мэдэх боломж байгаагүй, тэр үед мэдэж байсан.
Миний бие *ыг тус байранд зуучлаад тус байранд ор гэж нэг ч удаа хэлээгүй. Учир нь * нь хэнд ч байр амлаж ажилд авч байгаагүй. Тухайн байрыг шилжүүлснээс хойш байраа буцаан авъя гэж хариуцагч нараас шаардаж байсан. Гэрээнд заасан 38,000,000 төгрөгийг шилжүүлснийг * 2024 оны 06 сард мэдсэн. Энэ 38,000,000 төгрөг авсан гэдэгт маргахгүй. Тухайн байрыг анх худалдах зорилго байгаагүй. * нь татвараас буцаан олголт 6,000,000 төгрөг авдаг гээд тухайн үед би 10 хувийг авдаг юм биш үү гэхэд маань хамаагүй болсон, хууль нь шинэчлэгдээд нэг удаагийн буцаан олголт 6,000,000 төгрөг авдаг гэж хэлж тухайн гэрээг байгуулсан юм. Тийм учраас * нь тухайн 38,000,000 төгрөгийг гаргаж ирсэн. Гэрээ байгуулах үед 6 хувийн буцаан олголт авдаг гэдгийг мэдэж байсан. Хариуцагч нар орлогоо нотлоод авах боломжтой байсан. Хариуцагч нар тухайн үедээ ажил хийж байсан гэв.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд * нь *, * бидэнд холбогдуулан 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0086 тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Бодит байдал дээр бид сургууль цэцэрлэгт бүртгүүлнэ, буцаан олголт авна гэж нэхэмжлэлд дурдсан шиг хэзээ ч ийм зүйл болж байгаагүй бөгөөд нэр дээр шилжүүлж өгөөч гэж гуйж байгаагүй. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эхнэр * гэрлэлт цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан байсан, түр зуурын үл ойлголцол бидний хооронд үүссэн байсан ч бид хоорондоо учраа олж гурван хүүхдийнхээ хамт элэг бүтэн амьдрах сонголтыг хийснээр гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Түүнээс бид хуйвалдсан зүйл огт байхгүй. Нэхэмжлэгч * нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан *ийн нэхэмжлэлтэй *т холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан бөгөөд одоо нэхэмжлэл гаргахдаа өмнө өгсөн тайлбар мэдүүлгээсээ тэс өөр тайлбар мэдүүлэг өгч байна. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн * тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хууль ёсны гэрээ юм. Иймд *ын гаргасан 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн * тоот үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч * шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: * миний бие нь захирал нагац ах *гийн манайд ажиллавал 3 жилийн дараа сууцтай болгоно гэсэн учир ажилд орсон. Тухайн үед ах дүү нарын итгэлийн хүрээнд аман яриагаар тохирсны дагуу гэрээ хийгээгүй ба одоогийн захирал * нь шинэ орон сууц худалдан авч, хуучин орон сууц болох БГД-ийн * тоот орон сууцыг 2021 оны 01 сард худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу хийж, төлбөрийг цалин дээрээс суутгаж явсан бөгөөд сүүлд нь гэр бүлийн маргаантай байна төлбөрөө бүрэн төл гэсний дагуу өөрийн эзэмшлийн орон сууцыг худалдан борлуулж гэрээний төлбөрийг бүрэн барагдуулсан болно. Миний бие тус байгууллагад ажиллах хугацаандаа дундаж хөдөлмөрийн хөлснөөс багаар зөвхөн тухайн онуудын 6-10 саруудад цалинжиж бусад саруудад цалин, урамшуулалгүй, ээлжийн амралтын цалингүйгээр ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд чин сэтгэлээр бүх төрлийн ажлын гололгүй хийж гадна талбай, үйлдвэрийн байр, оффисын ажлын байруудыг цэвэрлэж, бараа материал зөөх, ногоо тарих, зэрлэг зулгаах, жолооч, нярав, хүний нөөц, санхүү, инженерийн ажлууд болон ашигтай гэрээ хэлэлцээр байгуулах, үйлдвэрлэл болон угсралтын ажлуудыг бага зардлаар өндөр ашигтай ажиллуулахад бүх талын мэргэжлийн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж, сахилгын болон ирцийн зөрчилгүй удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд чанартай хийж гүйцэтгэж борлуулалтын орлогыг жил дараалан өсгөж ажилласан болно.
Сүүлд одоогийн захирал болох нагац ах *ын ажлын болон хувийн дарамт хэрээс хэтэрч согтуурсан үедээ удаа дараа зодож, загнах, доромжлох гэрт нь байхад "Төв аймагт дархан цаазтай амьтан болох хээлтэй буга согоо, чоно агнасан ангийн буугаараа толгой руу чиглүүлж тавлах зэрэг үйлдлүүд нь цаашид ажиллах боломжгүй болтол бие болон сэтгэл санааны тэвчишгүй байдалд хүргэж ажлаас чөлөөлөгдсөн билээ. Тус нэхэмжлэхийн шаардлагад тусгасан түр амьдруулах гэх яриа нь огтоос болж байгаагүй бөгөөд урьд болсон шүүх хурал дээр өгсөн тайлбараасаа зөрүүтэй зүйлсийг худал зохион бичиж байгаад харамсаж байна. Онцгойлон хэлэхэд тус шүүх хуралдааныг хүндэтгэж миний бие зөвхөн үнэн тайлбарыг хүргүүлж байгаа ба цаашид нэхэмжлэгч талаас хүн чанарыг бодсон ч, хууль шүүхийг хүндэтгэж зөвхөн үнэнийг хэлж тус шүүхэд оролцохыг хүсэж байна. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.
* би одоо 39 настай. 1995 онд 2 дугаар ангид байхдаа ээжийгээ алдсан. Энэ өдрөөс хойш миний амьдрал хар дарсан зүүд шиг байсан. Ах эгч нар маань намайг бага байхаас минь харж хандаж явсан учраас би баярладаг. Би ах эгчийнхээ багадсан хувцсыг өмсдөг байсан. Насанд хүрээгүй 14-15 настай байхдаа халуун усны газар галч, цэвэрлэгч хийж цалин авч байсан. Үүнд би баярладаг. Би ах эгч нартайгаа муудалцах үе байсан, тэглээ гээд би ах эгч нартаа гомдол тээж яваагүй. Би жилийн дараа нь ах эгч нар дээрээ буцаж эргэж очсон. Намайг найрсгаар хүлээж авсанд нь баярладаг байсан. Би ах эгч нарындаа амьдарч орой ирэхэд нь хоолыг нь хийж, хүүхдүүдийг нь цэцэрлэг сургуульд нь зөөж түүний хариуд нь намайг хоолтой байлгадаг байсан. Би тэрэнд нь байрлаж явдаг.
Би 10 жилийн сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуульд нэн ядуу өнчин гэдэг үндэслэлээр элсэн орж амжилттай төгссөн. Би өөрийн хүч чадлаараа ах дүү нар дээрээ очиж ажилласан цалингаараа төлбөрөө төлсөн. Миний ах дүү нар байгаагүй бол би их сургуулиа төгсөж чадахгүй байх байсан. 2010-2015 оны хооронд хэсэг хугацаанд би өөр компанид ажиллаж байсан. 2014 оноос хойш бурхан болсон ээжийн маань ах эгч нар маань миний амьдралыг өөд нь татах гэж санал тавьж байсан. Тухайн үед би байр оронгүй байсан тул хүн чанараа бодож, хуучин ажлаас гарч чадахгүй, надад ажлаас гарах хугацаа надад өгөөрэй гээд 1 жилийн дараа 2015 оны 09 сард * ХХК-д ажилд орсон. Ажилд орохдоо би өөр салбар луу нь орсон. Надад өөр салбар луу орлоо гээд зорилго байсан учраас би тэрнийхээ төлөө тэмцсэн. Миний урд ажиллаж байсан ажлын нөхцөлөөс шал өөр, * ХХК-д хэвийн бус нөхцөлд ажилласан. Учир нь ямар ч халаалтгүй, би өвлийн хүйтэнд доороосоо даараад ханиад хүрээд, хоолой өвдөөд явахдаа би гомдоллож байгаагүй. Ах дүү нар бүгд бие биедээ урамшууллаа тараагаад явж байх үед би ээлжийн амралт нэг удаа авсангүй, өвөл нь цалин авсангүй гэж нэг ч удаа би гомдоллож байгаагүй. Намайг сургуульд сургасан гэж байгаа ч би өөрийнхөө хөдөлмөрөөрөө суралцсан юм.
Миний сургалтын төлбөрийг төлсөн гэх баримт байна уу? байдаггүй юм. Би өөрөө сургалтын төлбөрөө ажил хийж цалингаасаа төлж байсан. Эхлээд төлсөн нь үнэн ч би сүүлд нь өөрөө төлж дуусгасан. Би тус сургуульд сурч байх үедээ үр дүнгээ маш сайн гаргасан. Учир нь би Эрчим хүчний салбарт танилын хүрээгээ тэлэх маш том боломж олдсон юм. Би тэрийгээ ч хангалттай сайн ашигласан. Хамгийн сүүлд нь Сүхбаатар аймагт одоогийн засаг дарга *тай 2-3 удаагийн биечилсэн уулзалтаар ашигтай гэрээ хэлцэл хийгээд 1 тэрбум төгрөгийн орлогыг компанидаа оруулж байсан. Компанийн удирдлага 2015 оноос хойш 2023 он хүртэл ямар ч байсан бүгд байртай, машинтай болсон. Энэ бол миний өөрийн цэвэр амжилт байсан. Говь хангай гээд үйлдвэрүүд дээр хэн ч юугаа ч тайлбарлаж чадахгүй байхад * захиралтай очоод Нямболд захирлын өмнөөс уучлалт гуйгаад би ажлуудыг зохицуулаад явдаг байсан. Энэ мэтчилэн тус компанийн төлөө хоёргүй сэтгэлээр явж байсан. Сүүлд одоогийн захирал болох *ын ажлын болон хувийн дарамт хэрээс хэтэрч согтуурсан үедээ удаа дараа зодож, загнах, доромжлох зэрэг үйлдлүүд нь цаашид ажиллах боломжгүй болтол бие болон сэтгэл санааны тэвчишгүй байдалд хүргэж улмаар ажлаас чөлөөлөгдсөн. Би худлаа хэлээгүй манай ажилчид гэрчилнэ.
Би энэ компанид ажил хийх гэж орж ирсэн болохоос биш өөрөө өөрийгөө цалинжуулах гэж ажилд ороогүй юм. 2015-2016 онд тус компанид ажиллагаагүй гэдгийг нийгмийн даатгал батлаад байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг * ХХК нь 1,500,000 төгрөгөөр тооцож төлсөн байна. Гэтэл би 2,000,000 төгрөгийн цалин авч байхад яагаад тийм дүнгээр нийгмийн даатгалын шимтгэл бодож төлөөд байгаа юм бэ? Өөрсдөө хуулиа зөрччихөөд хууль шүүхийн өмнө ийм зүйл ярьж болохгүй. Тухайн байрыг үнэгүй өгөх гэж байснаа болиод хөнгөлөлттэй нөхцөлөөр тооцож өгсөн юм. Би гурван ч байр авах ажил хийсэн. Би ганц байр авсан, ах дүү нар маань бүгд л * ХХК-ийн хувьцаатай. Би тус компаниас хувь авъя гэхгүй учир нь тус компанийн өмчлөгч биш. Би нэхэмжлэгч талыг өртэй үлдээгээгүйдээ өдөр бүр чин сэтгэлээсээ баярладаг. Би харамсахааргүй ажилласандаа баярлаж байгаа гэхдээ би 3 байтугай байр авах байтал би нэг ч удаа тэгж хэлж байгаагүй.
Би ганцхан байрыг 38,000,000 төгрөгөөр авсан. Хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу илүү мөнгө нэхэхгүйгээр тохиролцоод авчихсан юм. Би байр түрээслээд явж байсан нь үнэн. Би хүүхдээ чирээд явж байсан. Тэр болгон дээр сургууль, эмнэлгийн үйлчилгээ бүгдийг нь авч байсан. Би хүүхдийн цэцэрлэг сургуулийн асуудлыг төдийгөөс өнөөдрийг хүртэл зохицуулаад ирсэн. Тухайн гэрээг хэлцлийг хийхдээ талууд харилцан тохиролцоод нотариат дээр очоод батлуулж байгаа юм. Татварын буцаан олголт гэх зүйлийг аваагүй, тийм зүйл огт болоогүй. Бид наймаа л хийсэн. Бидний наймаа буцахгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би тухайн 38,000,000 төгрөгийг нотариатад гэрээ байгуулж байх үед зохиосон зүйл байхгүй. Намайг яаж ажиллаж байсныг 2014 оноос бүгд мэдэж байсан, ажлын хөлс, өгсөн амлалт зэрэг тэрний дагуу мөнгөн дүнгээ тохиролцоод гэрээ хийж байгаа юм. Тэр мөнгийг дараа нь надаас нэхэж байсан ч цалин суутгаад яваарай гэж тохиролцож байсан. Орон сууцны үнийг бүрэн төлчихсөн. Тухайн байрыг 2021 онд худалдах худалдан авах гэрээ байгуулж авч байгаа юм. Гэтэл би тухай компанид 2015 оноос хойш 6 жилийн хугацаанд ажилласан, ажиллаад би мөнгийг төлчихсөн юм. 38,000,000 төгрөгийг нэмж өгч байгаа юм. Аль ч талаасаа харсан хүчинтэй гэрээ юм. Насанд хүрсэн 3 хүн хууль ёсны дагуу гэрээ хийсэн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тус гэрээ нь дүр үзүүлэн хийсэн гэрээ огт биш.
Бид ах дүү нарын хооронд итгэлцлийн хүрээнд байгуулагдсан гэрээ. Дүү нь учраас ахаасаа гэрээ шаардаж чадаагүй. * компанийн байранд хэдэн жил амьдарснаа сайн санахгүй байна. Маргаан бүхий байранд хэдэнд онд шилжиж орсон гэдэг ээ сайн санахгүй байна. Хүн болгон л байраа зарж л байдаг. Тэр шалтгаанаар л байраа зарсан. 38,000,000 төгрөгийг 2024 оны 03 сард шилжүүлсэн. 2021 онд гэрээ байгуулсан ч яагаад 2024 онд мөнгийг нь шилжүүлснээ мэдэхгүй байна. Надтай адилхан инженерүүд нэг биш байрыг компанитай тохиролцож аваад амьдраад захиран зарцуулаад явж байгаа. Тэр хүмүүс үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүйтэй адил би ч бас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл байхгүй. Би 8 жил ажиллаж байж байртай болсон.
Нэхэмжлэгч талын нотлох баримтууд нь надтай холбоотой баримт байгаа юм. Өнөөдөр бүхэл бүтэн компанийн ерөнхий инженер хүнийг яаж ингэж доромжилж ярьж болдог юм бэ? Би өөрийнхөө авах ёстой юмаа бүүр дутуу авч байсан гэж бодож байна. Над шиг 1,200,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан инженер Монголд байхгүй. Би харин ах дүүгийнхээ сайхан сэтгэлээр өөрийнхөө залуу насны 8 жилээ хайхралгүй явсан юм. Би 2022 онд намайг * ХХК-аас гарсан гэж байгаа ч холбогдох баримт байхгүй байна. Надад цалин өгөөд байранд амьдруулсан гэж байна. Энэ талаар холбогдох баримт байхгүй байна. Байрны үнэлгээ яриад байгаа юм бол яагаад миний цалингийн үнэлгээ байдаггүй юм бэ? Өөрсдийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд түүнийгээ ярихгүй байгаа юм. Бүх баримтуудаа гаргаж өгөөд би чамд ийм юм өгсөн би чамд ийм цалин өгчихсөн гэж баримттай хүнийг гүтгээч гэж хэлмээр байна.
Талууд харилцан тохиролцож байхад яагаад нотариатч буруутай болчхож байгаа юм бэ? Одоо болохоор тухайн нотариатчийг яллах гээд байгаа ч юм шиг юм яриад байна. Тус компанид ажиллаж байгаа ажилтнуудаас хөдөлмөрийн чадвараа алдаад гарчихсан ажилтнууд байгаа. Хүнийг хуульд заасан журмын дагуу ажиллуулдаггүй. Хүйтэн -20 градустай орчинд 8 цагаар гагнуур хийлгэж байсан. Би өөрөө ажиллаж байсан хүний хувьд би өөрөө эрүүл мэндээрээ хохирсон. Энэ олон хүмүүс яагаад та нарыг баяжуулахын төлөө эрүүл мэндээ золиослоод явах ёстой юм бэ? Өнөөдөр надаас болж энэ компани хохирох нь битгий хэл амжилт үзүүлчихсэн юм. Амжилт үзүүлээгүй юм гэдгийг ярьсан шигээ баримтаа гаргаад ирмээр байна. 2015-2023 он хүртэл хэдэн тэрбум төгрөгийн гэрээнд хэний гарын үсэг байгаа юм бэ гэдгийг харчих хэрэгтэй. Бүх гэрээнд миний нэр байдаг. Учир нь аль ч компанийн захирал гэрээ хэлэлцээрийн агуулгыг шивээд суухгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *д бид хамаатан ч гэлээ удаа дараа би цагдаагаар явна би шоронгийн хадаас болно, чи намайг хараарай гэж хэлж байсан. Хүнийг хуулийн мэдлэггүйгээр далимдуулж доромжилж болдог юм уу? Баримт нотолгоотой яриач гэж нэхэмжлэгч талыг хэлмээр байна. Тус гэрээ нь хууль ёсны дагуу байгуулагдаж, талууд гарын үсэг зурсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч * шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие * нь *тай 2007 оноос гэр бүл болон хамт амьдарч ирсэн боловч гэр бүлийн хүчирхийлэл гэсэн үндэслэлээр 2 удаа гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргаж байсан. Анхны нэхэмжлэлээ хүүхдүүдээ бодоод буцаасан, 2 дахь нэхэмжлэлээ гэр бүл үр хүүхдээ бодоод мөн буцаасан болно. Гэвч бидний амьдрал, харилцаа улам дордсоор миний бие 2024 оны 8-р сараас хойш төрөлх өссөн нутаг буюу Дорнод аймагт 3 хүүгийн хамт оршин сууж, амьдарч байна. Улаанбаатар, БГД, * тоот байрны хувьд *ын нагац ах эгч нар бидэнд байр өгөхөд их баярлаж хүлээж авч байсан. Тухайн үед * надад өмнө нь байгууллагаас нь байр амлаж байсан гэсэн тэрэндээ хүрч өгч байгаа байр гэсэн ойлголт өгч байснаас өөр зүйл би ойлгож мэдээгүй ээ. Байрыг 155 сая төгрөгөөр худалдсан үгүйг ч би мэдэхгүй байна. Би хүүхдүүдээ авч өрх толгойлон амьдарч байгаа, мөн *тай ямар ч холбоогүй байгаа тул энэ шүүх үйл ажиллагаанаас чөлөөлж өгөхийг нэхэмжлэгч талаас хүсэж байна.
Бид 17 жил амьдрахдаа ийм байдалтай болно гэж бодсонгүй. *тай 17 жил хамт амьдарч 3 хүүхдийг нь төрүүлсний төлөө шүүх хуралдаанд хариуцагчаар татагдаад явж байгаад гомдолтой байна. Би хүнийг хуураад дүр эсгээд гэрээ хэлцэл хийх надад тийм хүмүүжил байхгүй. Надад тухайн байрны нарийн зүйлийг * надад хэлээгүй. Миний ойлгосноор тус байрыг *ын ах эгч нар бидний амьдралд тус дэм болоод олон жил сайн ажилласных нь төлөө тусалж өгч байна гэж ойлгож ирсэн. 38,000,000 төгрөгийн гэрээг дүр үзүүлэн хийж болдог юм уу гэдгийг мэдэхгүй байна. 38,000,000 төгрөгийн гэрээний дүнг төлөөгүй учраас бид яаж татварын байгууллагаас буцаан олголтоо авах юм бэ? тийм учраас буцаан олголт аваагүй. Сүүлд нь ингэж бие биедээ гомдож байхаар тухайн үедээ бэлэглэлийн гэрээ хийсэн бол амар байж гэж бодогдож байна. Би тус байрны тухай юу ч мэдэхгүй. 38,000,000 төгрөгийн гэрээ нь нэхэмжлэгчийн төлөөлөгч *, * нар нь бид нарыг тусалж дэмжиж байгаа гэдэг байдлаар тус байранд оруулж байгаа гэж ойлгож ярьсан болохоос биш татварын буцаалт гэдэг зүйл огт яригдаагүй. Тухайн байранд * болон түүний эхнэр * нар амьдарч байсан. * ах нь тухайн байрыг өгөөд сайхан амьдраарай гээд бэлэгтэй ерөөлтэй үг хэлчхээд бид нар их баярлалдаад нотариат ороод гэрчилгээгээ шилжүүлье гээд шууд нотариат ороод гэрчилгээгээ 38,000,000 төгрөгт тохирох уу гээд ярилцаад би сайн оролцоогүй. Тухайн үед байрны зах зээлийн ханш доогуур байсан үе. Тэр төлбөрийг буюу 38,000,000 төгрөгийг * бид 2 гэрээнийхээ дагуу төлнө ч гэж ойлгоогүй, буруу ойлгосон ч байж магадгүй. Тухайн төлбөрийг төлөх төлөхгүй гэдгээ тухайн үедээ тохиролцоогүй. Дараа нь бид татварын буцаан олголт авах гэтэл гэрээний төлбөрийг төлөөгүй, дээрээс нь орлого нотлох боломжгүй гэдэг юм байна гээд авч чадаагүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тус байрнаас би нэг ч төгрөг аваагүй. Мөн * бид хоёрын гэрлэлт цуцлуулах маргаанд * нь гуравдагч этгээдээр оролцсон. Би тус хэрэгт үр хүүхдээ бодоод айгаад нэхэмжлэлээсээ татгалзсан. Надад тус байрнаас юу ч хэрэггүй. Би тус хэрэг маргаанд ямар ч хамааралгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Би амьдралдаа татварын 6 хувийн буцаан олголт авч үзээгүй, мэдээгүй байсан. * эгчийн гэрт * бид 2 очоод татварын буцаан олголт авах гэж ярьж, өгөөд үзье гэж ярьсан ч орлого нотлогдох байсан учраас татварын буцаан олголт авч чадаагүй. 38,000,000 төгрөгийг тухайн үедээ төлөөгүйн үнэн. 38,000,000 төгрөгөөр байр авч байна гэж ах дүү нарын хоорондын тохироо болоод *ын тус компаниас цалиндаа тооцуулж байр авч байна гэж тухайн үедээ би ойлгож байсан. Тэрийг нь нотлох баримт байхгүй байгаа юм. * нь анх Тэнүүн огоо ХХК-д ажиллаж байгаад * ХХК-д ажилд орсон нь үнэн. * ХХК-д 8 жил ажилласан байна. Тухайн үед байранд оруулах үед талийгаач * ахын амлалтыг гүйцээж байгаа юм байна гэж бодож дотроо баярлаж байсан. *ын 3 хүүхэд буюу түүний үр удам амьдарч байгаа шүү. Яагаад байрны мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна гэв.
Гуравдагч этгээд * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ байрыг үл хөдлөх зуучлагчтай ярьж байгаад хууль ёсны 2 өмчлөгч буюу *, * нараас авсан. Дүр эсгэсэн гэрээ хийгээгүй мөнгөө өгч авсан. Байрыг худалдаж авсан үнийн дүнг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тодорхой хэлээгүй. Тэр хавьцаанд худалдаж авсан гэж хэлсэн. 135,000,000 төгрөгөөр худалдан авсан. Байрыг худалдан авах үед үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагааг шалгаж үзээгүй. Эрхийн доголдолтой гэж хэлж байгаагүй. Би ямар ч эрхийн зөрчилгүй байрыг нотариатаар ороод гарын үсэг зураад хууль журмын дагуу тус байрыг худалдан авсан. Нотариатад ямар нэгэн зөрчилтэй гэсэн юм гарч ирээгүй. Тус байранд бүтэн завсар хийчихсэн, бүх юмыг сольчихсон байгаа учраас байраа өгч чадахгүй. Хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлээд авсан, мөнгө төгрөгөө төлөөд авсан учраас байраа өгч чадахгүй гэх байр суурьтай байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтын хувьд:
Нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл, итгэмжлэл, гэрээслэл, *ын хүсэлт, * ХХК-ийн ажилтан *ын цалингийн хуулбар, *гийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.
Хариуцагч нараас итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тодорхойлолт, *ын ХААН банкны депозит дансны хуулга, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, орлогын мэдүүлэг, *ийн ХААН банкны депозит дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Гуравдагч этгээдээс дансны хуулга, иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар Улсын бүртгэлийн Ерөнхий газраас баримт бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *, * нарт холбогдуулан худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.
Баянгол дүүргийн * тоот 29 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй, * дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 2 өрөө орон сууцыг *, * нарын өмчлөлд 2021 оны 02 сарын 03-ны өдөр бүртгүүлж, гэрчилгээ олгогдсон байна. /хх-ийн 8-р хуудас/
Тус орон сууц нь хариуцагч *, * нарын өмчлөлд шилжин бүртгэгдэхээс өмнө 2020 оны 02 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч *, *г, Н.* нарын өмчлөлд бүртгэгдэн гэрчилгээ олгогдсон болох нь хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн * дугаартай албан бичиг түүнд хавсарган ирүүлсэн орон сууцны түүхчилсэн лавлагаа баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч * болон түүний эхнэр Н.* нар нь хариуцагч *, * нартай 2021 оны 02 сарын 02-ны өдөр Худалдах худалдан авах гэрээг байгуулж, 9Б байрны 44 тоот 29 м.кв талбайтай, 2 өрөө дээрх орон сууцыг 38,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрийг мөн өдрөө төлөх, төлбөрийг төлж дууссанаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр тохиролцсон байна.
Шүүхэд нэхэмжлэгч * уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа 98,000,000 төгрөг гаргуулах болгон өөрчилсөн, дахин уг шаардлагаа өөрчилж тодруулан, хариуцагч нартай байгуулсан 2021 оны 02 сарын 02-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд анх гаргасан шаардлагаа дэмжиж оролцсон. Шүүх нэхэмжлэгчийн сүүлчийн буюу шүүхэд гаргасан анхны шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч * худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа анхнаасаа худалдан борлуулах хүсэл зориг байгаагүй, орон сууц өгөх тухай амлалт болон гэрээ хэлцэл, гэрээслэл байхгүй, хариуцагч нарын амьдралд дэм туслалцаа болж түр байлгахаар тохиролцсон, энэ хугацаанд хариуцагч нарын хүүхдүүдийг харьяаллын дагуу сургууль цэцэрлэгт хамруулах шаардлагатай болсон гэж хариуцагч нар гуйсан учраас нэр дээр шилжүүлэхээр болсон, мөн гэрээг 38,000,000 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулсан нь Орон сууц худалдан авсан бол татварын буцаан олголт авах боломж олгож, туслалцаа үзүүлсэн, 38,000,000 төгрөгийг огт төлөөгүй нь уг гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл тул өгсөн зүйлээ буцааж авна гэж тайлбарладаг.
Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч * нь нэхэмжлэгч * болон түүний гэр бүлтэй төрөл садангийн холбоотой, нэхэмжлэгч * болон түүний гэр бүлийн компани болох * ХХК-д ажилд орж, улмаар уг компанийг үүсгэн байгуулсан өөрийн ээжийн төрсөн дүү талийгаач ах *ийн удирдлага дор ажиллахаар болж 3 жил тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд уг байрыг шилжүүлэн өгөхөөр тохиолцсон. Байрны хөлсийг *од бүрэн төлж барагдуулсан, ажлын хөлснөөс суутгуулж байсан, үлдэх 38,000,000 төгрөгийг нь данс руу шилжүүлж төлсөн тул уг байрын өмчлөгч мөн, гэрээ хэлцэл талуудын хооронд байгуулагдахад ямар нэгэн өөр дүр үзүүлж хийсэн зүйл байхгүй, гэрээг *, түүний эхнэр, бид 4 нотариат дээр хамт очиж хийсэн, гэрээ байгуулаад бидэнд аз жаргал ерөөж байсан, би * ХХК-д 2017 оноос 2023 он хүртэл инженер хүртлээ ажиллаж байсан. Байрыг татварын буцаан олголт авахын тулд гэрээ байгуулж, шилжүүлнэ гэж байхгүй, татварын буцаан олголт аваагүй, орлого хүрэхгүй, нотолж чадаагүй учраас аваагүй, сургууль цэцэрлэг ойрхон шилжүүлээд өгөөч гэж хэлээгүй. Өөр байдлаар би өөрөө зохицуулсаар ирсэн гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
Хариуцагч нар нь маргаан бүхий байранд 2021 оны 2 сараас хойш 2024 оны 02 сарын 22-ны өдөр иргэн *тай худалдах худалдан авах гэрээ байгуулан орон сууцыг бусдад худалдах хүртэл хугацаанд амьдарч, эзэмшил өмчлөлдөө байлгаж байсан талаар маргадаггүй.
Хариуцагч нар болон * нар уг орон сууцыг 135,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, өмчлөх эрхийг түүний нэр дээр шилжүүлэн өгч, орон сууцыг хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан тоот лавлагаагаар тогтоогддог.
Өмчлөх эрх гуравдагч этгээдэд шилжсэн тул талуудын хүсэлтээр шинэ өмчлөгч болох *г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдээр оролцуулсан.
Гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч өмчлөгч нараас эрхийн зөрчилгүй, доголдолгүй эд хөрөнгө худалдан авсан, гэрээ хүчин төгөлдөр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан тул буцаан шилжүүлэх боломжгүй гэх тайлбарыг гаргадаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудад эвлэрэн хэлэлцэх боломжоор шүүхээс хангаж, чиглүүлэн холбогдох ажиллагааг явуулсан боловч хэн аль нь эвлэрэн хэлэлцэхээс татгалзсан тайлбарыг гаргадаг.
Хариуцагч * болон * нар нь 2009 онд гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 2009, 2016, 2018 онд тус тус 3 хүүхэд төрүүлж өсгөсөн, гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2024 онд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч * гаргасныг шүүхээс иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байх хугацаанд гэрлэгчид эвлэрсэн гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн тус шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/* дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар болон хуралдааны тэмдэглэл, гуравдагч этгээд оролцуулах тухай * дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Уг гэрлэлт цуцлуулах тухай маргаанд нэхэмжлэгч * орон сууцнаас ногдох хэсэг гаргуулах шаардлагатай холбогдуулан эрх ашиг нь хөндөгдөж буй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж байсан болох нь мөн тогтоогддог. Нэхэмжлэгч * тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцох тухай хүсэлтийг гаргахдаа хүсэлтийн үндэслэлээ “...миний бие 2019 онд *, * нарт өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн* тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцыг төлбөрийг дараа төлөх нөхцөлтэйгөөр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. ...өнөөдрийг хүртэл орон сууцны төлбөрөөс нэг ч төгрөг төлөөгүй тул өөрийн орон сууцыг буцаан авах хүсэлтэй байна..” гэж тайлбарлажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт нь талуудын тайлбар, бичмэл баримт нь нотолгооны хэрэгсэлд хамаарах бөгөөд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дээрх байдлаар удаа дараа өөрчилж, өөр өөрөөр тайлбарладаг. Дээрх бүгдээс дүгнэн үзэхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ хангалттай нотолж чадахгүй байгаагийн зэрэгцээ хариуцагч нарын гаргаж буй “...талийгаач ах чиний орон сууцны асуудлыг шийдэж өгье, манай компанид ажилла гэсэн санал тавьсны дагуу тус компанид ажилд орсон, ...2021 онд хамаатны ах болох * болон эгч Цэндсүрэн нараас худалдан авсан, Батбаярын цалингаас мөнгийг суутгасан, ...байрны төлбөрийг төлсөн...” гэх тайлбарыг анхнаасаа тогтвортой гаргаж, татгалзаж байгаа үндэслэлийг нэхэмжлэгч баримтаар хангалттай няцааж чадахгүй байна гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөр өөрөөр зөрүүтэй тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн гаргаж өгсөн 2015 оны 06 сарын 08-ны өдрийн талийгаач *гийн гэрээслэл түүний хуулбарт дурдагдсан хөрөнгөд маргаан бүхий * тоот орон сууцны өмчлөлтэй холбоотой асуудлыг гэрээслэлд дурдагдаагүй байгаа нь хариуцагч *ыг талийгаач *тай энэ талаар тохиролцоогүй гэдгийг шууд нотлохгүй байхаас гадна, уг гэрээслэл нь 2014 оны 10 сарын 08-ны өдөр гараар үйлдэгдэж, 2015 оны 06 сарын 08-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн байгаа цаг хугацаа нь хариуцагч *ын тус компанид ажиллаж эхэлсэн 2015 оны 8 сараас өмнө үйлдэгдсэн, *ыг ажиллаж эхэлснээс хойш нас барах хүртэл хугацаанд дээрх үйл баримт үүссэн байж болохыг үгүйсгэж чадахгүй, худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн, талууд хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн гэдгийг няцааж, шууд нотлох баримт болохгүй юм.
Хариуцагч нарын хоорондын гэрлэлт цуцлуулах маргаан хожим шийдвэрлэгдсэн гэх тайлбарыг талууд гаргадаг бөгөөд уг маргаанд хамтран өмчлөх дундын эд хөрөнгө буюу Баянгол дүүргийн * м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн *дугаарт бүртгэлтэй, * дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, 2 өрөө орон сууцтай холбоотой маргаан шийдвэрлэгдээгүй гэх тайлбарыг талууд хэн аль нь гаргаж энэ талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж энэ талаар хэн аль нь нотлох баримт бүрдүүлж цуглуулах талаар хүсэлт санал гаргаж байгаагүй болно.
Хариуцагч * нь * ХХК-д 2015 оны 8 сард ажилд орж, 2024 оны 03 сар хүртэл ажиллаж байсан болох нь түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа тодорхойлолт, 2024 оны 03 сарын 21-ний өдрийн ажлаас гарах тухай өргөдлийн хуулбар хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч * нэхэмжлэгчтэй байгуулсан худалдах худалдан авах гэрээний төлбөрт тооцон 2024 оны 03 сарын 06-ны өдөр 38,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь хэрэгт авагдсан түүний дансны хуулга, ХААН банкны орлогын мэдүүлгээр тогтоогддог. Уг мөнгийг нэхэмжлэгч тал хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.
Нэхэмжлэгч нь хариуцагч *ыг * ХХК-д 2022 он хүртэл ажиллаж байгаад гарсан, анхнаасаа орон сууцыг тус компанид ажиллаж байх хугацаанд нь дэмжлэг болох зорилгоор түр эзэмшүүлж, ашиглуулж байсан гэх тайлбарыг гаргадаг ч энэ нь мөн баримтаар нотлогдон тогтоогддоггүй, хэрэв 2022 онд * ямар нэгэн байдлаар тус компанид ажил эрхлээгүй бол тухайн цаг хугацаанаас эхлэн тус орон сууцыг чөлөөлөхийг шаардах, өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах зэргээр зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах боломжтой байжээ. Энэ талаар шүүхэд хандаж шийдвэрлүүлж байгаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогддог.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэж заасан.
Нэхэмжлэгч тал хариуцагч нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор түр хугацаагаар өөрийн өмчлөлийн байранд амьдруулсан бол зайлшгүй өмчлөх эрхийг худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлэхгүй байх, татгалзах эрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчид байсан, өөр гэрээ хэлцлийн үндсэн дээр эзэмшүүлж, ашиглуулах боломж байсан. Мөн талууд гэрээний үнийг тодорхой тохиролцсон, орон сууцны үнийн тухайн зах зээлийн үнээс доогуур бага дүнгээр тохиролцсон нь талуудын тохиролцоог үгүйсгэх боломжгүй, худалдах худалдан авах гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан, дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Гэрээ хоёрдмол утга санаагүй талуудын хүсэл зориг нэгдсэний үндсэн дээр байгуулагддаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан шаардлага үндэслэлээ нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10-т хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхойлсон ба 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар зохицуулсан байна. Тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гэх зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцлийг дүр үзүүлсэн хэлцэл гэнэ.
Дээрх бүгдээс дүгнэн үзвэл хариуцагч нь гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийг бүрэн төлөөгүй байсан нөхцөл байдал нь гэрээнээс татгалзах үндэслэлд хамаарч болох боловч энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй гэж үзэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч *ын хариуцагч *, * нарт холбогдуулан гаргасан 2021 оны 02 сарын 02-ны өдрийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 347,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2025 оны 01 сарын 30-ны өдрийн өөрчилсөн шаардлага гаргахдаа төлсөн 647,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *од олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө авах ба гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН